| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ийшээгийн Ганбат |
| Хэргийн индекс | 187/2024/0149/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/164 |
| Огноо | 2024-02-28 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | М.Билгүүтэй |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 02 сарын 28 өдөр
Дугаар 2024/ШЦТ/164
2024 02 28 2024/ШЦТ/164
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч И.Ганбат даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Жавхлан, улсын яллагч М.Билгүүтэй, шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлтэй хийсэн шүүх хуралдаанаар;
Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ***д холбогдох эрүүгийн 2310006761397 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, *** төрсөн, 19 настай, эрэгтэй, Бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 8, эмээ, өвөө, ах эгч 3 дүү нарын хамт *** тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, *** /РД.***/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч *** нь Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Кассо давинчи хотхон 101 д байрны гаднаас 2022 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс 14-нд шилжих шөнийн 02 цагийн үед “macbook air m1” нөүтбүүкийг хохирогч ***оос бие даалтаа үзүүлчхээд эрүүлээд өгье гэж хуурч, бие даалт хийх санаа зорилгогүйгээр зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хохирогч барьцаалан зээлдүүлэх газар барьцаалж 1.400.000 төгрөгийг авч, хохирогчид 2.700.000 төгрөгийн хохирол учруулан залилсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг:
Шүүгдэгч ***: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэг өгөхгүй...” гэв.
Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:
Хохирогч ***: “Би 2022 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр гэртээ байж байтал манай найз *** гэх эрэгтэй ирээд надаас Макбүүкийг чинь зээлээд дараагийн тав дахь өдөр бие Даалтаа үзүүлчхээд эрүүлээд өгье гэж хэлээд аваад явсан юм. Тэгээд 5 дахь өдөр нь залгах гэснээ төрсөн өдөр нь байсан болохоор хойшлуулаад дараа долоо хоногт нь чат бичтэл *** нь “манай эмээ нас барсан би хөдөө явж байна, долоо хоногийн дараа очно” гэж хэлсэн. Тэгээд дараа долоо хоногт нь залгатал “би чиний макбүүкийг алга болгочихсон, мөнгийг нь төлчихнө гэж хэлсэн. ...Тэгээд би цагдаад хандсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12 дахь тал)
Гэрч ***ийн “...Тухайн үед *** миний *** дугаартай хар өнгийн кровн маркийн тээврийн хэрэгслийн ард зогсож байсан машиныг ухарч байгаад мөргөөд засварын 1.700.000 орчим төгрөгийн хохиролд 1.200.000 төгрөг өгсөн. Уг мөнгийг *** гэдэг охиноос Макбүкийг нь аваад ломбардад тавиад гаргаж авсан. ...Тухайн үед би ***д “чи хүний юм аваад болж байгаа юм уу? Асуудал гарвал чи өөрөө учраа олоорой” гэхэд *** “ямар нэгэн асуудалгүй баталгаатай” гэж хэлж байсан. гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16 дахь тал)
Гэрч *** “...2022 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр *** нь 1.400.000 төгрөгөөр макбүүк эйр 2020 спү, рам 8 хурд 256 инч 13 цэнэглэгч, уут, 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр буцаан авахаар 80 хувь хүүтэй барьцаанд тавьсан байна. гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17 дахь тал)
“Дамно” ХХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн ХУ2-23-152 дугаартай ...macbook air m1...загварын нөүтбүүкийг 2.700.000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 17 дахь тал)
Ялагдагчаар ***н “...би 2022 оны 12 сарын эхээр өөрийн найз Хантүшигийн машиныг унаж ухарч байгаад шон мөргөөд арын гэрэл багаж, гүпер хэсгийг нь эвдчихсэн юм. Тэгээд би 1.700.000 төгрөг төлөхөөр болсон. Тухайн үед би мөнгөгүй байсан болохоор фейсбүүкээр харилцдаг *** гэх охины нөүтбүүкийг бие даалт хийчхээд өгье гэж авсан юм. Тэгээд барьцаалуулан зээлдүүлэх газар барьцаанд тавиад буцаан авч чадахгүй үхүүлчихсэн юм. Тэр цагаас хойш би ***той харилцаагүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 42 дахь тал)
Яллагдагч ***н хувийн байдлыг тодорхойлсон баримтууд (хавтаст хэргийн 45-47 дахь тал),
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 53 дахь тал) зэрэг болно.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
1. Шүүгдэгч *** нь Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Кассо давинчи хотхон 101 д байрны гаднаас 2022 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс 14-нд шилжих шөнийн 02 цагийн үед “macbook air m1” нөүтбүүкийг хохирогч ***оос бие даалтаа үзүүлчхээд эрүүлээд өгье гэж хуурч, бие даалт хийх санаа зорилгогүйгээр зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хохирогч барьцаалан зээлдүүлэх газар барьцаалж 1.400.000 төгрөгийг авч, хохирогчид 2.700.000 төгрөгийн хохирол учруулан залилсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч *** шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч, гэрч нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлгүүд,
“Дамно” ХХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн ХУ2-23-152 дугаартай ...macbook air m1...загварын нөүтбүүкийг 2.700.000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 17 дахь тал) зэрэг хавтас хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Залилах гэмт хэрэг нь хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авах шинжтэй үйлдэгддэг бөгөөд шүүгдэгчийн хувьд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй, хагасыг нь хийнэ гэсэн санаа зорилго, сэдэлтээр дээрх шинжүүдийн аль нэгээр нь хохирогчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авснаараа энэхүү гэмт хэргийн шинж хангагдана.
Шүүгдэгч ***н дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...хуурч, ...эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг ...шилжүүлэн авсан” гэмт хэргийн шинжийг хангасан, шууд санаатай, шунахай сэдэлттэй байна.
Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан өмчлөх эрхийн эсрэг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч ***, хохирогч ***од 2.700.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Өмчлөх эрхийн эсрэг ... хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нууц замаар залилах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Иймд Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Улсын яллагч гэм буруугийн дүгнэлтдээ: “...шүүгдэгч ***г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, мөн хуульд зааснаар 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг шүүхэд гаргаж байна. Шүүгдэгч хохирогчид 2.700.000 төгрөгийн төлөх төлбөртэй... гэсэн саналыг шүүхэд гаргажээ.
2. Шүүгдэгч *** нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 2.1-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.
Иймд дээр дурдсан нөхцөл байдлууд болон шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хохирол, хор уршгийн хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, прокурорын гаргасан санал дүгнэлтийг шүүх харгалзан үзэж, шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд шүүгдэгч ***д 300 цагийн нийтэд тустай ажил хийх ял оногдуулж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч ***д нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарлан,
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, “гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлсон.
“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хорыг хариуцан арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байсан байдалд сэргээх үүрэгтэй бөгөөд Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй бол гэм хорын мөнгөөр нөхөн төлнө, ” гэж Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэг, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.
Гэмт хэргийн улмаас хохирогч ***од 2.700.000 төгрөгийн төгрөгийн хохирол учирсан бөгөөд эдгээр баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа, хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүгдэгч нь хохирол төлбөр төлөгдөөгүй тул шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ***г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нууц замаар залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***д 300 цагийн нийтэд тустай ажил хийх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч ***д нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарласугай.
4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
5. Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэг, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэч ***гаас 2.700.000 (хоёр сая долоон зуун мянга) төгрөгийг гаргуулж, хохирогч ***од олгосугай.
6. Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч ***д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгосугай.
8. Тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ И.ГАНБАТ