| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ийшээгийн Ганбат |
| Хэргийн индекс | 187/2024/0152/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/165 |
| Огноо | 2024-02-28 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Бат-Орших |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 02 сарын 28 өдөр
Дугаар 2024/ШЦТ/165
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч И.Ганбат даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Жавхлан, улсын яллагч С.Бат-Орших, шүүгдэгч ***, *** нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлтэй хийсэн шүүх хуралдаанаар;
Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн ***, *** нарт холбогдох эрүүгийн 2310013840780 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, *** төрсөн, 18 настай, бүрэн бус дунд боловсролтой, оюутан, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамтаар *** тоотод оршин суух хаягтай, урьд
Чингэлтэй дүүргийн анхан шатны эрүүгийн шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 159 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаанд зорчих эрх хязгаарлах ялаар шийтгүүлж байсан, *** (РД:***),
2. Монгол Улсын иргэн, *** төрсөн, 18 настай, бүрэн бус дунд боловсролтой, оюутан, ам бүл 6, эцэг, эх, 3 дүүгийн хамтаар *** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, *** (РД:***),
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ***, *** нар нь бүлэглэн, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Энхтайвны гүүрэн доор 2023 оны 03 дугаар сарын 17-ны орой насанд хүрээгүй хохирогч ***ыг “утсаар ярихад томорлоо гэх үл ялиг зүйлээр шалтаглан, гараараа цохих, өшиглөх зэргээр хохирогчийн биед зулайд няцарсан шарх, хацар, шанаа, уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хацарт зулгаралт, уруулын салстад цус хуралт, хүзүү, эгэмд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч нарын мэдүүлэг:
Шүүгдэгч *** “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн тул мэдүүлэг өгөхгүй...” гэв.
Шүүгдэгч *** “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн тул мэдүүлэг өгөхгүй...” гэв.
Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:
Насанд хүрээгүй хохирогч *** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Хан-Уул дүүргийн 15-р хороо Энхтайваны гүүрний доод талын дугуй засвар дээр ***, ***, *** нартай дээд ангийнхыг хүлээж байсан чинь ***, ***, *** нар нь таксидаад хүрч ирсэн. Тэгээд миний сууж байсан талын хаалгыг *** татаж онгойлгоод чи намайг зодно гэсэн үү хөөе, чи намайг чи гэдэг бил үү, одоо ахаа гэж дуудна, би галзуу шүү, танай анги давраад байгаа шүү, би зөөлхөн хандаад байхад давраад байх юм гэсэн, тэгэхээр нь би тийм зан гаргадаггүй шүү дээ гэж хэлсэн чинь *** чи буугаад ир гэж намайг хэлсэн. Тэгээд би буугаад зогсож байсан чинь *** нь миний урд, зүүн талд нь ***, баруун талд маань *** зогсож байсан *** ална шүү бацаан минь гэж надад хэлсэн чинь *** миний баруун хацар луу цохисон, тэгсэн чинь *** нь болохоор та нар одоо яадаг бацаанууд юм хүмүүсээ дууд чи та нар ямар овоо юм бэ гэж хэлсэн. Тэгээд *** нь намайг цохиж эхэлсний дараа тэр гурав нийлээд намайг цохиж зодсон. Хэн хэн нь хаашаа хаашаа цохисныг би сайн анзаараагүй, тухайн үед би доошоо өвсөн дээр хэвтээд зодуулсан, тэгээд миний хаашаа ч хамаагүй цохиод өшиглөөд байсан, тэгээд миний толгой хэсэгт аягүй хүчтэй цохилт орж ирээд миний нүд харанхуйлсан чинь *** босоод ир муу бацаан минь гэж надад хэлээд тамхи амандаа зуучихсан намайг далдируулаад цохих гэж байгаа юм шиг далайгаад, тэгсэн чинь ахиад цаанаас нь ***, *** нь яадаг бацаан бэ чи гээд ахиад 3-лаа зодож цохиод газар чирсэн...” (хавтас хэргийн 13-14 дэх тал) гэсэн,
Гэрч Ц.*** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Тэгээд *** ирээд шууд урд талын суудал дээр сууж байсан *** нүүр лүү нь цохиод авсан. ...Тэгээд маргаан болоод байхаар нь бид хоёр араас нь гараад харсан чинь ***ыг *** хөл рүү нь өшиглөсөн. Дараа нь ***риг ***ы нүүр лүү нь буюу баруун талын хацар луу гараараа нэг удаа цохисон. Тэгээд *** түүний дараа гараараа ***ы нүүр лүү нь 2-3 удаа цохисон. *** сүүлд ***ы нүүр лүү нь цохисны дараа *** газар сөхрөөд унаж байсан харагдсан, ... *** миний анзаарснаар өшиглөсөн болохоос сүртэй зодоод шалиагүй ээ. Угаасаа ч нээх хүнтэй зодолдоод байдаг хүүхэд биш байгаа юм...” (хавтас хэргийн 60-61 дэх тал) гэсэн,
Гэрч П.*** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...*** болохоор дийлэнхдээ олон удаа нүүр рүү нь, толгой, тархи руу нь цохиод байсан...*** ***ы гэдэс рүү өшиглөөд унагаасны дараа би ***ыг хамгаалаад дээр нь дараад хэвтсэн юм. дараад хэвтэж байхад *** хүрч ирээд толгой руу нь өшиглөөд байсан. Тэгээд нэг харсан чинь ***ы толгой нь хагарсан цус гарчихсан байсан. Тэгээд би *** л толгойг нь хагалчихлаа даа гэж бодсон...” (хавтас хэргийн 58 дахь тал) гэсэн,
Гэрч Э.*** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...***риг ***ы нүүр лүү гараараа хоёр удаа цохисон. Цохилт нь их хүчтэй санагдсан. ***ийн цохилт ч гэсэн ялгаа байхгүй хүчтэй байсан. ***, ***риг хоёр гол төлөв ***ыг зодсон. *** нэг удаа жийх шиг болсон...” (хавтас хэргийн 63 дахь тал) гэсэн,
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн шинжээчийн 3895 дугаар “....***ы биед зулайд няцарсан шарх, хацар, шанаа, уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хацарт зулгаралт, уруулын салстад цус хуралт, хүзүү, эгэмд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” (хавтаст хэргийн 26-27 дахь тал) гэсэн дүгнэлт,
Шинжээч Н.Туяа мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...зүүн хацарт зулгаралт, уруулд цус хуралт, эгэмд цус хуралт гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн зэрэгт хамаарахгүй, Бусад гэмтлүүд нь тус бүрдээ гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...
... тухайн хамрын мурийлт нь хуучин гэмтэл байсан тул дүгнэлт хэсэгт тусгахгүй, тархины хавангаар тархи доргилт тогтоогдохгүй. Зөөлөн эдийн хаван нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” (хавтас хэргийн 36, 38 дахь тал) гэсэн,
102 тусгай дугаарт дуудлага мэдээлэл өгсөн тэмдэглэл (хавтаст хэргийн 6 дахь тал)
Шүүгдэгч ***ийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд (хавтаст хэргийн 114-119 дэх тал),
Шүүгдэгч ***ийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд (хавтаст хэргийн 82-97 дахь тал),
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 120, 126 дахь тал), шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 123-125 дахь тал)
Хохирогчид хохирол төлбөр төлсөн баримт (хавтаст хэргийн 100 дахь тал) зэрэг болно.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
1. Шүүгдэгч ***, *** нар нь бүлэглэн, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Энхтайвны гүүрэн доор 2023 оны 03 дугаар сарын 17-ны орой насанд хүрээгүй хохирогч ***ыг “утсаар ярихад томорлоо гэх үл ялиг зүйлээр шалтаглан, гараараа цохих, өшиглөх зэргээр хохирогчийн биед зулайд няцарсан шарх, хацар, шанаа, уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хацарт зулгаралт, уруулын салстад цус хуралт, хүзүү, эгэмд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-т заасан бүлэглэн хүндрүүлэх нөхцөл байдлаар үйлдсэн болох нь гэрч, насанд хүрээгүй хохирогч *** болон шүүгдэгч ***, *** нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн шинжээчийн 3895 дугаар дүгнэлт, Хохирогчид хохирол төлбөр төлсөн баримт (хавтаст хэргийн 100 дахь тал) болон хавтас хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хохирогч ***ыг зодож эрүүл мэндэд нь “...биед зулайд няцарсан шарх, хацар, шанаа, уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хацарт зулгаралт, уруулын салстад цус хуралт, хүзүү, эгэмд цус хуралт...” бүхий гэмтэл нь шүүгдэгч ***, *** нар урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн түүнийг толгой, нүүр хэсэгт гараараа, хөлөөрөө цохих үед үүссэн бөгөөд шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч ***, *** нар бүлэглэн, хохирогч ***ыг зодож эрүүл мэндэд нь зулайд няцарсан шарх, хацар, шанаа, уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хацарт зулгаралт, уруулын салстад цус хуралт, хүзүү, эгэмд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч ***, *** нарын дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч ***, *** нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.
Улсын яллагч гэм буруугийн дүгнэлтдээ: ...шүүгдэгч ***, *** нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, Иймд шүүгдэгч ***т 240 цагийн нийтэд тустай ажил хийх ял, шүүгдэгч ***т 2 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах саналыг шүүхэд гаргаж байна. Шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй... гэсэн саналыг шүүхэд гаргасан.
Шүүгдэгчийн өмгөөлөгч: ...Шүүгдэгч нар өөрсдийн болчимгүй алдаанаас болж гэмт хэрэгт холбогдсон. Шүүгдэгч нар одоо оюутан тул торгох ял оногдуулж өгнө үү... гэж тус тус мэтгэлцэв.
2. Шүүгдэгч ***, *** нарыг гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлсөн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.
Шүүхээс шүүгдэгч ***, *** нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал, прокурорын гэм буруугийн хуралдаанд гаргасан санал, шүүгдэгч нарын өмгөөлөгчийн өмгөөллийн дүгнэлтийг харгалзан, шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд шүүгдэгч ***, *** нарт 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж шийдвэрлэв.
Шүүгдэгч ***, *** нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар торгох ялын шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 сарын хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар ***, *** нарт оногдуулсан торгуулийн ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэв.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, “гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлсон.
“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хорыг хариуцан арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байсан байдалд сэргээх үүрэгтэй бөгөөд Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй бол гэм хорын мөнгөөр нөхөн төлнө ” гэж Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэг, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч хохирогч ***ыг зодож эрүүл мэндэд нь зулайд няцарсан шарх, хацар, шанаа, уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хацарт зулгаралт, уруулын салстад цус хуралт, хүзүү, эгэмд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан, хохирогчийн гэмтэлтэй холбоотой хохиролд шүүгдэгч нар төлбөр төлсөн баримт (хавтаст хэргийн 100 дахь тал) 1.000.000 төгрөгийн баримт авагдсан нь үндэслэлтэй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Болормаа нь шүүх хуралд оролцохгүй, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тэмдэглэн шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн 2310013840780 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч ***, *** нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
1. Шүүгдэгч ***ийг бүлэглэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
- шүүгдэгч ***ийг бүлэглэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***т 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялаар,
Шүүгдэгч ***т 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч ***, *** нарыг торгох ялын шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 сарын хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч ***, *** нарт оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч ***, *** нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгосугай.
7. Тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч нарт урд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ И.ГАНБАТ