Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэндийн Наранчимэг |
Хэргийн индекс | 134/2021/00014/И |
Дугаар | 134/ШШ2021/00046 |
Огноо | 2021-02-25 |
Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 02 сарын 25 өдөр
Дугаар 134/ШШ2021/00046
Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Наранчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: 1996 онд төрсөн, 25 настай, эмэгтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 1 дүгээр баг, ХБ-ийн 24-5 тоотод оршин суух, Дашдоо овогт Балжиннямын Мөнхзул /регистрийн дугаар:ЕЙ..............., утас:............/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: 1995 онд төрсөн, 26 настай, эрэгтэй, малчин, Хэнтий аймаг, Дэлгэрхаан сумын 4 дүгээр баг, Хэрлэн тооно гэх газар оршин суух, Хуладуут овогт Х-ын Н /регистрийн дугаар:СЛ................., утас:................/-д холбогдох
Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагч*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Гэрэлтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
******* миний бие*******тай 2015 онд танилцаж хамтран амьдарсан ба хамтран амьдрах болсноос хойш 2016 оны 10 дугаар сарын 30-нд хүү******* төрсөн.******* нь хамтран амьдарч байх хугацаанд ааш зан нь хувирч хэрүүл, маргаан тасрахгүй, амар тайван амьдрах орчин бүрдэхгүй байсан тул 2017 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүртэл би тэвчиж амьдарч байгаад өөрийнхөө төрөлх гэр орондоо ирсэн. Түүнээс хойш хүү*******тойгоо өдий хүртэл амьдарч байна. Энэ хугацаанд*******аас хүүхдийн тэтгэлэг болон өөр зүйл авч байгаагүй. Тус тусын гэр бүлтэй болсон тул хамтран амьдрах боломжгүй. Иймд хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү. Миний хүүхдийн ирээдүй болон оюутан болоход хэрэгтэй бөгөөд тэр мөнгийг би хэрэглэхгүй, хадгаламж нээгээд хийж болно. Хүүхдийн тэтгэлгийг сар сард нь аваад явбал сайн байна гэв.
Хариуцагч Х.Намнанбаяр шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Х.Намнанбаяр миний бие *******тай 2016 оны 01 дүгээр сард утсаар танилцаж ярьж байгаад 2016 оны 01 дүгээр сарын 28-нд манайд ирж бид анх уулзаад 7 хонооод буцсан. Сар орчмын дараа ирсэн ч ирэн, очин явдаг байсан. Ингээд 2016 оны 10 дугаар сарын 30-нд хүү******* төрсөн. Түүний нэхэмжлэлд бичсэн шигээр бидний дунд хэрүүл маргаан байгаагүй. 2017 оны 03 дугаар сарын 25-нд хүүгээ аваад ахын бие муудаад байна. Ахыгаа эргэчихээд ирье гэж яваад буцаж ирээгүй. Сарын дараа ирэхгүй юм уу гээд утсаар хэлэхэд би хөдөө амьдарч чадахгүй гээд ирээгүй. Энд цуг байх хугацаандаа ямарч ажилгүй гэртээ байдаг байсан. Хоолоо хүртэл хийдэггүй байсан. Чи ирэхгүй бол би хүүгээ явъя гэтэл чиний хүүхэд биш гэж надад хэлсэн. Ингээд бид салсан. ******* миний хүүг надтай уулзуулаад аав гэх хүн ийм хүн байдаг гэдгийг таниулаад явбал би оюутан болоход нь төлбөр мөнгөн дээр нь боломжоороо туслалцаа үзүүлнэ. Хүүхдийн тэтгэлгийг би сар болгон төлөх чадваргүй учраас малынхаа хагасыг ч болтугай өгөх, эсхүл зараад хадгаламжид мөнгийг нь хийгээд өсгөөд явбал хэрэгтэй гэж бодож байна. Одоо бол мал туранхай байгаа, жаахан тарга тэвээрэг аваад ирэхээр нь малаа зараад дансанд хийе гэсэн бодолтой байна гэв.
Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч*******т холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
*******,******* нар 2016 оноос хамтран амьдрах хугацаанд 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүү******* төрсөн бөгөөд эрүүл бойжиж байгаа болох нь зохигчийн тайлбар, 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Төрсний бүртгэлийн лавлагаа, Энхтусдэм өрхийн эрүүл мэндийн төвийн 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн тодорхойлолт зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна.
Хүү******* эцэг*******аар овоглосон байх ба эцэг******* нь түүнийг өөрийн хүү мөн гэж тайлбарлаж, хүүхдийн тэтгэлэг төлөхийг зөвшөөрсөн боловч сар бүр тогтмол төлөх чадваргүй, малынхаа хагасыг өгөх, эсхүл малаа худалдан борлуулаад тэтгэлэг төлөх талаар санал гаргасан.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д зааснаар хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ, 21.5-д зааснаар гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ гэснээр хуульд заасан эрх, үүргийн харилцаа үүссэн байна.
Хариуцагч тэтгэлгийг сар бүр төлөх боломжгүй гэж тайлбарлан амьжиргааны түвшний босго шугамаас доогуурт багтсан, нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн гэх агуулга бүхий 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн тодорхойлолтыг шүүх хуралдаанд гаргаж өгсөн ба энэ нь түүнийг хүүхдийн тэтгэлэг төлөхөөс чөлөөлөх үндэслэл болохгүй юм.
Нөгөөтэйгүүр шүүх Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан хувь хэмжээгээр тэтгэлэг тогтоох бөгөөд харин тэтгэлгийг олгохдоо мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1, 41.1.2-т зааснаар мөнгөн хэлбэрээр болон эд хөрөнгөөр, 41.2.1, 41.2.2-т зааснаар сар, улирал, хагас жил, жилээр, нэг удаа олгож болохыг хуульчилсан.
Хариуцагч нь өөрийн өмчлөлийн малтай болох нь Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын 4 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолтоор нотлогдож байх тул тэтгэлгийг олгохдоо эд хөрөнгөөр, эсхүл мөнгөн хэлбэрээр олгож болно.
Иймд шүүх Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2, 35 дугаар зүйлийн 35.1, 38 дугаар зүйлийн 38.1-д тус тус зааснаар эцэг, эх хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй тул хуульд заасан журмын дагуу хүүхдийн насны байдлыг харгалзан хуульд заасан хэмжээгээр тэтгэлгийг тогтоож, эцэг*******аар тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.
Түүнчлэн Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.-т зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүй болохыг дурдах нь зүйтэй.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 26.6-д зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах, хүүхэдтэйгээ уулзах болон эцэг, эхийн бусад эрх, үүрэг нь хэвээр үлдэх тул эрхээ эдэлж, үүргээ биелүүлэхэд хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг, эх хэн хэндээ саад учруулахгүй байх үүрэгтэй.
Нэхэмжлэгч нь 1 жилд төлөгдөх тэтгэлгийн нийлбэр дүнгээс улсын тэмдэгтийн хураамжийг тооцож, 33,105 төгрөг төлсөн тул үүнийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хүүхдийн тэтгэлэг тогтоож шийдвэрлэсэн тул хариуцагчаас 33,105 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар хүү*******ыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, эцэг Х.Намнанбаяраар сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.
2.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг, эхийн хэн аль нь хүүхдээ хүмүүжүүлэхэд эдлэх тэгш эрхийг хязгаарлаж, хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байхыг мэдэгдсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.-т зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч *******аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 33,105 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч*******аас 33,105 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгосугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.НАРАНЧИМЭГ