| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ийшээгийн Ганбат |
| Хэргийн индекс | 187/2024/0082/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/173 |
| Огноо | 2024-03-04 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Өлзийжаргал |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн
2024 оны 03 сарын 04 өдөр
Дугаар 2024/ШЦТ/173
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч И.Ганбат даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Жавхлан, улсын яллагч Б.Өлзийжаргал, шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлтэй хийсэн шүүх хуралдаанаар;
Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн ***д холбогдох эрүүгийн 2310000002150 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол улсын иргэн *** төрсөн, эрэгтэй, 53 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, барилга дээр хувиараа ажилладаг, ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамт *** тоотод оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, *** (РД:***)
Холбогдсон хэргийн талаар яллах:
Шүүгдэгч *** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Хан- Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Хөдөө аж ахуйн их сургуулийн багш ажилчдын байрны 319 тоотод байрлах гэртээ хохирогч гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох ***г согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хэмээн уурлахад маргаан үүсгэж түүний нүүр хэсэгт цохих үйлдлээр хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нуруунд цус хуралт бүхий гэмтлүүд үүсгэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг:
Шүүгдэгч *** “...мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн тул мэдүүлэг өгөхгүй...” гэв.
Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:
Хохирогч *** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр өглөө манай хүүхдүүд ажил, хичээл сургуульдаа явсан ба манай гэрт манайд амьдардаг оюутны хамаатны хүүхэд *** болон манай хүүхэд ***, манай нөхөр гэртээ согтуу хэвтэж байсан ба би өглөө ажил руугаа 8 цаг 05 минутын үед гарах гээд “нөхөртөө хандаад чи архи уусан үедээ , хүүхдүүдээ ч тамлаад унтуулахгүй, хүүхдүүд чинь залхаж байна” гэж хэлтэл...” “...п..да минь гэж хэлээд гараа атгаж байгаад миний хамар хэсэг рүү нэг удаа цохитол миний хамар хугарсан байсан. Тухайн үед намайг цохихыг оюутан охин *** болон манай төрсөн охин хоёр харж байсан... тэгээд миний хамар хугарч гэмтэл учирсан тул, хөрш эмэгтэй дуудлага өгсөн. Хамрын хугарлын хагалгаанд 6 сарын дараа орохоор төлөвлөгдсөн, би эрүүл мэндийн баримт нэхэмжлэл гаргаж өгөхгүй учир нь миний хүүхдүүд бид хоёрын хооронд болсон асуудлыг сонсоод эмчилгээний зардлыг хүүхдүүд гаргаад өгсөн, хүүхдүүд шүүхэд нэхэмжлэхгүйгээр хуулийн хариуцлагыг нь хүлээлгэх талаар бид гэр бүлийн хүрээнд ярилцаж тохирсон, харин хамрын хугарлын нөхөн сэргээх хагалгааны төлбөрийг нөхрөөрөө гаргуулна...” (хавтас хэргийн 11-14 дэх тал) гэсэн мэдүүлэг,
Гэрч *** мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр би Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Дүнжингаравын гудамж Багш ажилчдын 3-р байрны 319 тоотод байх хүргэн ах ***гийнд байх үед өглөөгүүр ах, эгч хоёр хоорондоо маргалдаад байсан. Ер нь хүргэн ах ***гийн байнга архи уугаад гэрээсээ орж, гараад амраахгүй холхиод байдаг юм. Тэгээд маргааныг сонсоод хичээлдээ явах бэлтгэлээ хангаад явах гэтэл тэдний бага насны 3 дугаар ангийн охин нь айгаад уйлаад байсан учраас гутлаа өмсөөд гарах гэж байснаа би болиод уйлаад байгаа охин ***ийг өргөөд аргадаж байх үед хүргэн ах *** нь эгч ***гийн нүүр рүү нь гараараа цохисон. Тэгээд хамраас нь цус гараад, хүргэн ах *** нэмж цохих гэхэд эгч *** гараад зугтсан. Тэгээд хөрш айлын үл таних эмэгтэйг эгч *** дагуулж орж ирээд цагдаа дуудсан. Тэр үед *** өөрөө зугтаад явсан байсан... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15-16 дахь тал)
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн шинжээчийн 144875 дугаар “...***гийн биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нуруунд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэн байх боломжтой гэмтлүүд байна. 3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” (хавтаст хэргийн 31-32 дахь тал) гэсэн дүгнэлт,
Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл (хавтаст хэргийн 39-40 дэх тал)
Яллагдагчаар *** мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...гэм буруугаа ухаарч, гэмшиж байна. Хэргийн хялбаржуулан журмаар шийдэж өгнө үү...” (хавтас хэргийн 23 дахь тал) гэсэн мэдүүлэг,
102 тусгай дугаар өгсөн гомдол мэдээллийн тэмдэглэл (хавтаст хэргийн 08 дахь тал),
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтас хэргийн 24 дэх тал),
Шүүгдэгч ***гийн хувийн байдлыг тодорхойлсон баримт (хавтас хэргийн 26-30 дахь тал) зэрэг болно.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
1. Шүүгдэгч *** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Хан- Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Хөдөө аж ахуйн их сургуулийн багш ажилчдын байрны 319 тоотод байрлах гэртээ хохирогч гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох ***г согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хэмээн уурлахад маргаан үүсгэж түүний нүүр хэсэгт цохих үйлдлээр хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нуруунд цус хуралт бүхий гэмтлүүд үүсгэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн шинжээчийн 144875 дугаартай дүгнэлт, Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл (хавтаст хэргийн 39-40 дэх тал) болон хавтас хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хохирогч ***гийн биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нуруунд цус хуралт бүхий гэмтлийг нь шүүгдэгч *** нь түүний нүүрэн тус газар гараараа цохих үед үүссэн бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн хүндрүүлэх шинж нь:
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8-д зааснаар “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн бол хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжид тооцож “гэр бүлийн хүчирхийлэл” гэдгийг хэрхэн ойлгох талаар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд нарийвчлан зохицуулжээ.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно гэж, 3 дугаар зүйлийн 3.1.1-д “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд ...энэ хуулийн үйлчлэлд хамаарна” гэж, мөн зүйлийн 3.2-д “...энэ хуулийн зохицуулалтад гэрлэлтээ цуцлуулсан эхнэр нөхөр, хамтран амьдарч байсан, эсхүл хамтран амьдарч байгаагүй ч гэр бүлийн харилцаатай байсан ...этгээд нэгэн адил хамаарна” гэж тус тус заасан.
Биеэ хамгаалж чадахгүй хүнд өндөр настай, өвчин эмгэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй, биеийн ерөнхий хөгжлөөр илтэд сул дорой, хүчтэй мансуурсан, согтуурсан болон бусад шалтгаанаар өөрийгөө хамгаалах, хянах чадваргүй зэрэг хүн хамаарна.
Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг, зөрчил үйлдэж гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсныг ойлгоно. Энэ тохиолдолд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг /Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйл/-ээр давхар зүйлчлэхгүй.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг /Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйл/-ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг /Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйл/-ээс обьектив талын үндсэн шинж болох хохирлын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүн, халдлагад өртөгчөөр нь ялгаж зүйлчилнэ.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг /Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйл/ нь хүний биед халдах зөрчил /Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйл/-тэй обьектив талын үндсэн шинж болох үйлдэл, субьектив талын үндсэн шинж болох гэм буруугийн хэлбэрээрээ төстэй боловч хохирол, хор уршгаар нь ялгаж зүйлчилнэ.
Өөрөөр хэлбэл хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн тухайд хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан байдаг бол хүний биед халдах зөрчлийн тухайд хохирогчид халдаж зодсон боловч эрүүл мэндэд хохирол учруулаагүй байдаг.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч ***, хохирогч гэр бүлийн хамаарал бүхий ***гийн биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нуруунд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн зэргээр гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Мөн прокурор яллах дүгнэлтдээ Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.7-д зааснаар “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд, жирэмсэн болохыг мэдсээр байж” үйлдсэн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжид тооцсон боловч хавтаст хэрэгт дээрх хүндрүүлэх шинжид хамаарах нотлох баримтууд тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй.
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч ***гийн дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч *** нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.
Улсын яллагч гэм буруугийн дүгнэлтдээ: “.... шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, мөн хуульд зааснаар Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах саналыг шүүхэд гаргаж байна. Шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй байна... гэсэн санал дүгнэлтийг шүүхэд гаргасан.
2. Шүүгдэгч ***д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.
Шүүхээс шүүгдэгч ***г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгч хувийн байдал, прокурорын гэм буруугийн хуралдаанд гаргасан санал дүгнэлтийг харгалзан шүүгдэгч ***д 01 (нэг) сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг нэг сараас таван жил хүртэл хугацаагаар хүлээлгэхийг зорчих эрхийг хязгаарлах ял гэнэ” гэж тодорхойлжээ.
Иймээс шүүгдэгч ***д оногдуулсан 01 (нэг) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний амьдарч байгаа Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах байдлаар хэрэгжүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар ***д оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэв.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, “гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлсон.
“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хорыг хариуцан арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байсан байдалд сэргээх үүрэгтэй бөгөөд Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй бол гэм хорын мөнгөөр нөхөн төлнө ” гэж Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэг, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч ***гийн биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нуруунд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан, Хохирогч ***гаас баримтаар нэхэмжилсэн зүйлгүй тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хохирогч нв мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ ... Хамрын хугарлын хагалгаанд 6 сарын дараа орохоор төлөвлөгдсөн, ...харин хамрын хугарлын нөхөн сэргээх хагалгааны төлбөрийг нөхрөөрөө гаргуулна...” (хавтас хэргийн 11-14 дэх тал) гэсэн мэдүүлэг авагдсаныг шүүх үндэслэн гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлын нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй.
Эрүүгийн 2310000002150 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч *** нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
1. Шүүгдэгч ***г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***д 01 (нэг) сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***гийн эдлэх 01 (нэг) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах байдлаар хэрэгжүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялыг нэг хоногоор тооцон хорих ялаар сольж болохыг шүүгдэгчид сануулж, оногдуулсан ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
6. Хохирогч гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлын нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч ***д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
8. Тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ И.ГАНБАТ