| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ийшээгийн Ганбат |
| Хэргийн индекс | 187/2024/0150/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/175 |
| Огноо | 2024-03-05 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Билгүүтэй |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 03 сарын 05 өдөр
Дугаар 2024/ШЦТ/175
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч И.Ганбат даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Жавхлан, улсын яллагч М.Билгүүтэй, шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;
Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн ***т холбогдох эрүүгийн 2410002380112 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *** төрсөн, 59 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, Дархан арис ширний цогцолборын бүтээн байгуулалт ХХК-д хэлтсийн дарга ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт *** тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, *** (РД:***)
Холбогдсон хэргийн талаар:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг:
Шүүгдэгч *** “...мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул мэдүүлэг өгөхгүй...” гэв.
Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:
Хохирогч *** мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тухайн газарт манай байгууллага шинэ жил эхлээд хоол унд идээд баярлаж байгаад тухайн амралтын газрын караоке руу захирал ***, Бичиг хэргийн ажилтан ***, инженер *** гэх 3 хүний хамтаар ороод дуулаад сууж байтал гаднаас *** гэх манай байгууллагын инженер техникийн хэлтсийн дарга залуу орж ирээд миний нүүр лүү өшиглөсөн. Тэгээд тухайн газарт намайг зодсон тэгээд би тухайн үед түр зуур ухаан алдсан юм шиг байна лээ би зарим зүйлийг санахгүй байна...” (хавтас хэргийн 13 дахь тал) гэсэн,
Гэрч Э.*** мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2023 оны 12 дугаар сарын 15-16-нд шилжих өдөр Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр болох Кувэтын амьд байрлах Тойрол хааны хүрээ нэртэй амралтын газарт манай байгууллага шинэ жилийн арга хэмжээ болсон бөгөөд тус арга хэмжээний үед шөнийн 01 цагийн орчимд би хамт ажилдаг ***, ***, ***, *** нарын хамт караокены өрөөнд дуу дуулж байхад гаднаас *** орж ирээд үгийн зөрүүгүй шууд Бат-Эрдэнийг түлхэж унагаагаад хөлөөрөө өшиглөснөөр тул би хамт ажилдаг хүмүүс рүү залгаж дээрх хэрэг учралын талаар хэлснээр хамт ажилдаг залуучууд гаднаас орж ирээд ***, *** нарын зодооныг салгасан...” (хавтас хэргийн 17 дахь тал) гэсэн,
Гэрч Д.*** мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр буюу 2023 оны 12 дугаар сарын 15-16-нд шилжих өдөр Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр болох Кувэтын амьд байрлах Тойрол хааны хүрээ нэртэй амралтын газарт манай байгууллага шинэ жилийн арга хэмжээ болсон бөгөөд тус арга хэмжээний үед шөнийн 01 цагийн орчимд би дуу дуулахаар хамт ажилдаг ***, ***, *** нарын хамт караокены өрөөнд ороод дуу дуулж байхад гаднаас *** орж ирээд үгийн зөрүүгүй шууд ***г зодсон тухайн үед хэрхэн яаж цохисон талаар надад мэдэх зүйл байхгүй бөгөөд тус зодооныг хамт ажилдаг залуучууд орж ирээд салгасан. Өөр ямар нэгэн зодоон цохион болоогүй...” (хавтас хэргийн 19 дэх тал) гэсэн,
Гэрч *** мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр болох Кувэтын амьд байрлах Тойрол хааны хүрээ нэртэй амралтын газарт манай байгууллага шинэ жилийн арга хэмжээ зохион байгуулсан бөгөөд тус арга хэмжээний үед шөнийн 00 цагийн орчимд надтай хамт ажилдаг ах нар болох ***, *** нар хоорондоо маргалдах үед би дундуур нь орж хоёр тийш нь салгасны дараа би караокены өрөөнд ороход *** инженер нь *** даргыг зодсон байдалтай байсан. Өөр ямар нэгэн зодоон цохион болоогүй...” (хавтас хэргийн 15 дахь тал) гэсэн,
Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 532 дугаар: “...***н биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун нүдний зовхи, хацар, эрүүнд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хамрын нуруунд цус хуралт, дээд уруулд зулгаралт, зүүн талын завьжинд цус хуралт, шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт (хавтас хэргийн 23 дахь тал)
Цагдаагийн байгууллагад ирүүлсэн дуудлагын лавлагааны хуудас (хавтас хэргийн 9 дэх тал),
Шүүгдэгч ***ын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд (хавтаст хэргийн 31-38 дахь тал)
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтас хэргийн 29 дэх тал)
Хохирогч *** гомдол, санал нэхэмжлэх зүйгүй гэх хүсэлт (хавтаст хэргийн 56 дахь тал) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, ***т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
1. Шүүгдэгч *** нь 2023 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Куветын аманд байрлах Тойрол хан нэртэй амралтын газарт согтуурсан үедээ хамт ажилладаг ***тэй хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, улмаар нүүрэн тус газар нь өшиглөх, гараараа цохих зэргээр биед халдаж, эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун нүдний зовхи, хацар, эрүүнд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хамрын нуруунд цус хуралт, дээд уруулд зулгаралт, зүүн талын завжинд цус хуралт, шарх бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч ***, шүүгдэгч *** нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад болсон хэргийн талаар хүлээн мэдүүлэг мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 532 дугаартай дүгнэлт (хавтас хэргийн 23 дахь тал), зэрэг хавтас хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хохирогч ***н эрүүл мэндэд нь “...биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун нүдний зовхи, хацар, эрүүнд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хамрын нуруунд цус хуралт, дээд уруулд зулгаралт, зүүн талын завьжинд цус хуралт, шарх...” бүхий гэмтэл нь шүүгдэгч *** түүний нүүрэн тус газар өшиглөх, гараараа цохих үед үүссэн бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.
Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч ***, хохирогч ***н биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун нүдний зовхи, хацар, эрүүнд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хамрын нуруунд цус хуралт, дээд уруулд зулгаралт, зүүн талын завьжинд цус хуралт, шарх бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн ***т ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч *** нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.
2. Шүүгдэгч *** нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо төлсөн, хохирогч шүүхэд гомдол саналгүйгээ илэрхийлсэн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.
Шүүхээс дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, учруулсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал, прокурор гаргасан санал дүгнэлт зэргийг харгалзан үзэж, шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд шүүгдэгч ***ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүгдэгч ***т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар торгох ялын шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 сарын хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар ***т оногдуулсан торгуулийн ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэв.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, “гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлсон.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ч.Бат-Эрдэнийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогчоос эмчилгээний зардалд хавтаст хэрэгт баримтаар нэхэмжилсэн нэхэмжлэлгүй байх ба Хохирогч *** гомдол, санал нэхэмжлэх зүйгүй гэх хүсэлт (хавтаст хэргийн 56 дахь тал) гаргасан зэргийг харгалзан шүүгдэгч ***ыг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн 2410002380112 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ***ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***т 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч ***т торгох ялын шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 сарын хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч ***т оногдуулсан 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
5. Эрүүгийн 2410002380112 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч ***т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
7. Тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ И.ГАНБАТ