Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 2024/ШЦТ/144

 

 

 

 

 

 

 

   2024         02           20                                    2024/ШЦТ/144

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч И.Ганбат даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Жавхлан, улсын яллагч Б.Энх-Амгалан, хохирогч *****, шүүгдэгч *****, түүний өмгөөлөгч Б.Шихихутаг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай шүүхэд ирүүлсэн *****т холбогдох эрүүгийн 2310005930610 дугаартай хэргийг ердийн журмаар  хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *** оны *** дугаар сарын ***-ны өдөр *** аймгийн *** суманд төрсөн, *** настай, яс үндэс халх, эрэгтэй, ***оловсролтой, *** мэргэжилтэй, хувиараа үл хөдлөх хөрөнгийн борлуулагч ажилтай, ам бүл *** хүүхдийн хамт *** хот, *** тоот хаягт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ***** (РД:***)

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ***** нь 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр ***** тоотод хохирогч *****тай маргалдаж улмаар түүний хоолойг хоёр гараараа боох, шанаа хэсэг рүү нь гараар цохих зэргээр эрүүл мэндэд нь уруулд зулгаралт цус хуралт, хүзүүнд цус хуралт зөөлөн эдийн няцрал, цээжинд цус хуралт, тархи доргилт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг: 

 

Шүүгдэгч ***** “...Тухайн үед машины түлхүүр хувцас хоёр булаацалдсан. Надад цохиж зодсон зүйл байхгүй, гэмтэл учруулаагүй...

...Миний машины түлхүүр байсан. Энхзаяа унаж явдаг. Би түлхүүрээ авъя гэж булаацалдаж маргалдсан...” гэв.

Хохирогч *****: “...Тухайн өдөр гэрт орж ирж машины түлхүүр булаацалдаж нэлээн зүйл болсон. Урьд өдөр нь би воллейбол тоглож байгаад бөмбөгөөр толгой руугаа цохиулсан. Толгой өвдөөд байсан. Маргалдах үед намайг паар луу ширвэсэн. Тухайн үед би ууртай, сэтгэл санаа тавгүй байсан тул гараад цагдаа дуудаж намайг зодчихлоо гэж мэдүүлэг өгсөн. Цагдаа шүүх эмнэлгийн дүгнэлт гаргуулах уу гэхэд нь гаргуулна гэж хэлсэн. Толгойн гэмтэл нь воллейбол тоглож байгаад учирсан. Би гомдол саналгүй гэж 2 удаа хүсэлт өгсөн. Прокурорт мөн гомдол саналгүй гэж хүсэлт өгсөн... гэв

 

Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

Хохирогч ***** мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр ***** тоотод гэртээ 16 цагийн үед байхад манай хамтран амьдрагч согтуу орж ирээд надтай маргалдаад намайг том өрөөнд байхад хоолойноос хоёр гараараа боогоод, шанаа руу нэг удаа цохингуут нь би гэрийн шал дээр унаад босож ирээд гэрээсээ гараад цагдаа дуудсан...” (хавтас хэргийн 14 дэх тал) гэсэн,

 

Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн ***** дугаар: “...*****гийн биед уруулд зулгаралт цус хуралт, хүзүүнд цус хуралт зөөлөн эдийн няцрал, цээжинд цус хуралт, тархи доргилт, хуйх, шилбэнд сорви гэмтлүүд тогтоогдлоо. ...Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтас хэргийн 22-23 дахь тал)

 

Яллагдагчаар ***** “...Би өөрийн гэмт бурууг хүлээн зөвшөөрч байгаа тул миний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” (хавтаст хэргийн 36 дахь тал)

 

*** тусгай дугаарт дуудлага мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 11 дэх тал),

Шүүгдэгч *****ийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд (хавтаст хэргийн 40-44 дэх тал)

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтас хэргийн 48 дахь тал) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, *****т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

1. Шүүгдэгч ***** нь 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр ***** тоотод хохирогч *****тай маргалдаж улмаар түүний хоолойг хоёр гараараа боох, шанаа хэсэг рүү нь гараар цохих зэргээр эрүүл мэндэд нь уруулд зулгаралт цус хуралт, хүзүүнд цус хуралт зөөлөн эдийн няцрал, цээжинд цус хуралт, тархи доргилт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч *****, шүүгдэгч ***** нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад болсон хэргийн талаар хүлээн мэдүүлэг мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн ****ны өдрийн ***** дугаар дүгнэлт (хавтас хэргийн 22-23 дахь тал) зэрэг хавтас хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Улсын яллагч гэм буруугийн: ... Шүүгдэгч *****т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах...дүгнэлтийг шүүхэд гаргасан.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүдэгч, түүний өмгөөлөгч нараас ...гэмтэл учруулаагүй цохиж зодоогүй, цагаатгаж өгнө үү... гэж мэтгэлцсэн ба шүүх доор дурдсан гэмт хэргийн шинж бүрийн үндэслэлээр хүлээн авах боломжгүй юм.

 

Хохирогч *****гийн эрүүл мэндэд нь “...биед уруулд зулгаралт цус хуралт, хүзүүнд цус хуралт зөөлөн эдийн няцрал, цээжинд цус хуралт, тархи доргилт...” бүхий гэмтэл нь шүүгдэгч ***** түүний хоолойг хоёр гараараа боох, шанаа хэсэг рүү нь гараар цохих үед үүссэн бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.

 

Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.  

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч *****, хохирогч *****гийн биед уруулд зулгаралт цус хуралт, хүзүүнд цус хуралт зөөлөн эдийн няцрал, цээжинд цус хуралт, тархи доргилт... бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. 

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн *****т ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч ***** нь өнөөдрийн шүүх хуралдаанд “...гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрөхгүй...” гэж мэдүүлж байх боловч энэ нь Эрүүгийн эрх зүй дэх өөрийн гэм бурууг нотлох үүрэг хүлээхгүй байх зарчим нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх Үндсэн хуулийн баталгаагаар давхар хамгаалагдсан хүний үндсэн эрх ба энэхүү эрхээ эдлэх хэмжээ хязгаартай байна.

 

Ингэснээр Үндсэн хуулийн баталгаагаар давхар хамгаалагдсан хүний үндсэн эрхийг эдлэхийг хүссэн тохиолдолд “мэдүүлэг өгөхгүй байх” эсхүл “дуугүй байх” эрх гэж үзэж заавал хангах ёстой бөгөөд харин мэдүүлэг өгөхийг зөвшөөрсөн бол мэдүүлэг нь үнэн зөв байхыг шаардах нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бодит үнэнийг тогтоох зорилгод нийцэх ёстойг анхаарах нь зүйтэй.

 

Улсын яллагч: “...Шүүгдэгч *****т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг шүүхэд гаргаж байна. гэж,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Улсын яллагчийн санал шүүгдэгчид таарахгүй байна. Үйлчлүүлэгч нь компанийн захирал хийдэг тодорхой ажилтай хүн. Тиймээс 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү. Бага хэмжээгээр санал гаргаж байгаа учир нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн... гэж тус тус мэтгэлцэв

 

            2. Шүүгдэгч ***** нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогч гомдол саналгүй зэргийг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар  зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.

Шүүхээс дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, учруулсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал, прокурор гаргасан санал дүгнэлт зэргийг харгалзан үзэж, шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд шүүгдэгч *****т хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 500 цагийн нийтэд тустай ажил хийх ял оногдуулж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч ***** нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарлан,

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, “гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлсон.

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хорыг хариуцан арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байсан байдалд сэргээх үүрэгтэй бөгөөд Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй бол гэм хорын мөнгөөр нөхөн төлнө, ” гэж Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэг, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан. 

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч *****гийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогчоос эмчилгээний зардалд хавтаст хэрэгт баримтаар нэхэмжилсэн нэхэмжлэлгүй байх ба хохирогч шүүх хуралдаанд гомдол саналгүй гэснийг харгалзан шүүгдэгч *****ийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн 2310005930610 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч *****ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *****т 500 цагийн нийтэд тустай ажил хийх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч *****т нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарласугай.

 

4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

5. Эрүүгийн 2310005930610 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *****т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай. 

 

7. Тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         И.ГАНБАТ