Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 2020/ДШМ/807

 

Б.Ад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Б.Батзориг, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Ганчимэг,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

            Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өлзий-Отгон даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 2020/ШЦТ/52 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Н.Энхтуяагийн бичсэн 2020 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн 08 дугаартай дээд шатны прокурорын эсэргүүцлээр Б.Ад холбогдох 2004000000042 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Х овгийн Бын А, 1994 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 3, эцэг, эхийн хамт Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Жаргалантын 22 дугаар гудамжны 3 тоотод оршин суух бүртгэлтэй;

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 320 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнссэн,

            Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 152 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн;

            Б.А нь 2019 оны 8 дугаар сарын 25-наас 27-ны өдрийн хооронд Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Рашаантын 8 дугаар гудамжны 5 тоот хашаанд оршин суух хохирогч П.Пын байшингийн цонхоор дотогш орж “BSB” загварын, хар өнгийн, 32 инчийн зурагтыг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 230.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Багануур дүүргийн прокурорын газраас: Б.Аын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Х овгийн Бын Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Харчууд овгийн Батболдын Аыг 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Ад оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар Б.А нь хохирогч П.Пд “BSB” загварын, 32 инчийн зурагтыг биет байдлаар буцааж өгсөн ба хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Ад урьд авсан хувийн баталгаа гарах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж түүнд энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор Н.Энхтуяа бичсэн эсэргүүцэлдээ: “...Анхан шатны шүүхээс Б.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хорих ял оногдуулж шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтыг ноцтой зөрчсөн гэж үзэх дараах үндэслэл тогтоогдож байна. Үүнд: анхан шатны шүүхийн шийдвэрийн “Удиртгал” хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д зааснаар шүүх хуралдаанд оролцсон “талууд”-ыг дурдахдаа шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Б.Оюунцэцэгийг бус, шүүх хуралдааны мэтгэлцээнд оролцоогүй “Б.Буяндэлгэр”-ийг оролцсон мэтээр бичсэн болох нь шүүх хуралдааны тэмдэглэл болон дуу дүрсний бичлэгээр тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан шаардлагад нийцээгүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалт, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасныг ноцтой зөрчсөн байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 2020/ШЦТ/52 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар дээд шатны прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэжээ.

Прокурор Н.Ганчимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Дээд шатны прокурорын эсэргүүцлийг дэмжин томилолтоор оролцож байна. Прокурорын зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.” гэснийг зөрчсөн гэж үзэж байх тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах саналтай байна. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар дээд шатны прокуророын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

Б.А нь 2019 оны 8 дугаар сарын 25-наас 27-ны өдрийн хооронд Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Рашаантын 8 дугаар гудамжны 5 тоот хашаанд оршин суух хохирогч П.Пын байшингийн цонхоор дотогш орж “BSB” загварын, хар өнгийн, 32 инчийн зурагтыг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 230.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч П.Пын “...Хажуу айлын Д.Эрдэнэбат ах утсаар залгаж “Байшингийн болон хашааны хаалга онгорхой” байна гэхээр нь “Гэрийн түлхүүр танайд байгаа юм чинь ороод үзчих” гэж хэлсэн. 32 инчийн, хар өнгийн “Би Эс Би”-гийн зурагт, удирдлагын хамт алдагдсан байсан. ...Найз Батцэцэгээс 250.000 төгрөгөөр худалдаж авсан. Байшингийн баруун хойд талын салхивчаар ороод гарахдаа зүүн талын гал тогооны цонхоор гарсан байсан...” /хх 7-8/,

гэрч Д.Эрдэнэбатын “...Өглөө босоод хажуу айл руу харахад гадна хашааны хаалга онгорхой, байшингийн зүүн талын гал тогооны цонх нь онгорхой байхаар нь хажуу айлын эзэн рүү утасдаж “Танай хашааны хаалга болон цонх онгорхой байна” гэхэд “гэрийн түлхүүр байгаа юм чинь ороод үзчих” гэж хэлсэн. Түлхүүрээр нь онгойлгоод ороход зурагт нь байхгүй байсан. ...” /хх 9/,

гэрч Ж.Өнөболдын “...Би оюутан болоод хот явахаасаа өмнө Б.А ахын гэрт очиж уулзахдаа “сурахаар хот явлаа, ээж аавтай хамт явна, гэр эзгүй, хүн үлдэхгүй, гэр харж байгаарай гэж хэлсэн. ...” /хх 13/,

гэрч Э.Чулуунзоригийн “...Манай хүүгийн найз А гэдэг залуу байдаг. Манай хүү Улаанбаатар хот явахдаа хүнгүй байгаа талаараа хэлсэн гэж байсан. ...Манай хорооны цагдаа байцаагч Ганбаатар 25 дугаар байранд үйл ажиллагаа явуулдаг ломбардны дотор талын хяналтын камер шүүгээд А гэдэг залуу зурагт тэвэрчихсэн явж байхыг нь анх мэдсэн. Тэгээд Аыг 4 дүгээр хороон дээр дуудаж асуухад эхлээд мэдэхгүй гэж байснаа дараа нь байгаа газраа зааж өгье гэсэн. Тэгээд хорооны цагдаа байцаагч Д.Ганбаатар бид хоёрыг дагуулаад А рашаантын 7-2 тоот хашаанд дагуулж очсон. Тухайн хашааны дотор талаас өвсөн дундаас гаргаж өгсөн. ...” /хх 15-17/,

гэрч Д.Ганбаатарын “...Би ... 25 дугаар байрны 1 дүгээр орцонд байрлах Ломбардын хяналтын камерыг шүүж байгаад А гэх залууг зурагт барьж орж ирж байгааг олсон. Тэгээд А гэдэг залууг 4 дүгээр хороон дээр дуудсан ... тухайн зурагт хаана байна гэж асуусан чинь эхэндээ мэдэхгүй гэж байснаа сүүлдээ хашаанд байгаа гэж зааж өгсөн. Тэгэхээр нь 4 дүгээр хорооны хэсгийн байцаагч Чулуунзориг бид хоёр Атай хамт яваад Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Рашаантын 7-2 тоот хашаан дотроос өвсөн дундаас гаргаж өгч байсан. ...” /хх 18-19/,

Б.Аын яллагдагчаар өгсөн “...Тухайн үед би ажилгүй дээр нь тухайн тээврийн хэрэгслийн эзнийхэн банкны зээлийг нь төлөх гээд мөнгө хэрэгтэй болоод мөнгө хайгаад олдохгүй байсан. ...Хуурай дүү Өнөө буюу Өнөболдтой Багануур дүүргийн 4 дүгээр хороо Рашаантын 8 дугаар гудамжны баруун талын үзүүрт тааралдсан. Тэгсэн Өнөболд дүү “Улаанбаатар хотод сурахаар явж байгаа манайхан бүгд өнөөдөр Улаанбаатар хот явна манай гэрийг эргэж тойрч байгаарай” гэсэн. Тэгээд би тухайн орой нь Өнөболдыг хот явж байгааг санаад тэгээд Өнөболдын гэрт нь очсон. Тэгсэн тухайн гэр нь цоожтой хүнгүй байсан болохоор нь би цонхоор нь ороод гэрийнхэн том өрөөнд нь байсан 32 инчийн зурагтыг нь аваад гараад явсан. ...” /хх 39-40/ гэх мэдүүлгүүд,

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 3/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 41-44/, “Сэлэнгээстимэйт” ХХК-ийн үнэлгээний тайлан /1хх 28-29/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгч оролцогч нарыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Б.Аыг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Б.Аын хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар бусдын эд хөрөнгө хулгайлан, бусдад 230.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцүүлэн тухайн зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага оногдуулсан нь үндэслэл бүхий болжээ.

Хавтас хэргийн материалыг шинжлэн судлахад, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэл, улсын яллагчийн санал зэрэгт шүүх хуралдаанд улсын яллагчаар тус дүүргийн прокурор Б.Оюунцэцэг оролцсон атал анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын удиртгал хэсэгт “... улсын яллагч Б.Буяндэлгэр ...” оролцсон мэтээр шийтгэх тогтоолд бичигджээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд шүүх хуралдаанд оролцсон прокурорын нэрийг буруу бичсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэх нөхцөл байдалд хамаарахгүй бөгөөд техникийн шинжтэй алдаа байна.

Шүүгдэгч Б.Ад холбогдох хэргийн шийтгэх тогтоолд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн үйл баримт, хэргийн зүйлчлэл, оногдуулсан эрүүгийн хариуцлага зэрэг нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй бичигдсэнээс гадна оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдохгүй байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүх шийтгэх тогтоолынхоо удиртгал хэсэгт “улсын яллагч Б.Буяндэлгэр” гэж буруу бичигдсэн техникийн шинжтэй алдааг цаашид гаргахгүй байхыг онцгойлон анхаарвал зохино.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурор Н.Энхтуяагийн бичсэн дээд шатны прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 2020/ШЦТ/52 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурор Н.Энхтуяагийн бичсэн дээд шатны прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                        ШҮҮГЧ                                                                       Б.БАТЗОРИГ

                        ШҮҮГЧ                                                                       Г.ЕСӨН-ЭРДЭНЭ