| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сосорын Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 128/2025/1048/З |
| Дугаар | 221/МА2026/0741 |
| Огноо | 2026-10-28 |
| Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 10 сарын 28 өдөр
Дугаар 221/МА2026/0741
Э.Гийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 128/ШШ2026/0802 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагч болон хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч М.Цэцэгмаа
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Т.Энхмаа
Илтгэгч шүүгч С.Мөнхжаргал
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч: Э.Г
Хариуцагч: Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар,
Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Э.Г
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.
Хариуцагч Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.
Хариуцагч Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.
Хэргийн индекс: 128/2025/1048/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 128/ШШ2026/0802 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар “Газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2, 18.1.3, 42 дугаар зүйлийн 42.1, 42.2, Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Э.Гийн нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хангаж, ХХХ нэгж талбарын дугаар бүхий 10 га газрыг бүхэлд нь улсын тусгай хэрэгцээнд авсны нөхөн олговор авах Э.Гийн хүсэлтийг Монгол Улсын Засгийн газарт хүргүүлэхгүй байгаа Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын болон Барилга, хот байгуулалт, орон сууцжуулалтын яамны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, “Г” ХХК-ийн үнэлгээний дагуу Э.Гийн нөхөн олговор авах хүсэлтийг шийдвэрлүүлэхээр Монгол Улсын Засгийн газарт хүргүүлэхийг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газарт болон Барилга, хот байгуулалт, орон сууцжуулалтын яаманд, тус газрыг улсын тусгай хэрэгцээнд авсны улмаас учирсан хохирлыг гаргуулах Э.Гийн хүсэлтийг холбогдох нотлох баримтуудад үндэслэн Монгол Улсын Засгийн газарт хүргүүлэхийг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газарт тус тус даалган” шийдвэрлэжээ.
Давж заалдах журмаар гаргасан гомдлын үндэслэл:
2. Хариуцагч Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч нар дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан байна. Үүнд:
“Нэг. Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 09 дүгээр сарын 09-ны өдрийн 128/ШШ2026/0802 дугаартай шийдвэрийн ТОГТООХ хэсгийн нэгдүгээр заалтын талаар:
Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 140 дүгээр тогтоол, 2016 оны 154 дүгээр тогтоолоор Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшигийн хөндийд баригдах “Олон улсын нисэх онгоцны буудал”-ын зориулалтаар 12084.9 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авсан. Иргэн Э.Гт Төв аймгийн Сэргэлэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 5/20 дугаар тогтоолоор батлагдсан газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу Сэргэлэн сумын Засаг даргын 2014 оны 189 дүгээр захирамжаарт олгосон 10 га газар нь Засгийн газрын 2016 оны 154 дүгээр тогтоолоор улсын тусгай хэрэгцээнд авсан газартай давхацсан. Засгийн газрын 2010, 2016 оны дээрх тогтоолоор улсын тусгай хэрэгцээнд авсан газарт иргэн, хуулийн этгээдийн эзэмшиж, ашиглаж, өмчилж байгаа газрыг холбогдох хууль тогтоомжийн дагуу солих, эргүүлэн авахад шаардагдах хөрөнгийн судалгаа, тооцоо гаргаж, Засгийн газарт танилцуулах үүргийг Зам, тээврийн сайд, Барилга, хот байгуулалтын сайд (одоогийн Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам), Сангийн сайд нарт даалгасан байдаг.
Газар зохион байгуулалт, гөодөзи, зураг зүйн ерөнхий газар нь Засгийн газрын 2017 оны 287 дугаар тогтоолоор батлагдсан “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах, түүний хэмжээ, заагийг тогтоох, ашиглах журам”-ын дагуу газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах, ашиглахтай холбоотой өөрийн эрх хэмжээний хүрээнд хуулиар олгогдсон чиг үүргийг хэрэгжүүлж ирсэн. Тухайлбал, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн А/25 дугаар тушаалаар ажлын хэсэг байгуулж, улсын тусгай хэрэгцээний газартай давхцаж буй газар олголтын судалгааг гаргасан. Улмаар Төв аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Сэргэлэн сумтай хамтран хийсэн нэмэлт судалгааг 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 07/973 дугаартай албан бичгээр хүлээн авч одоогийн Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яаманд уламжилсан ба уг судалгаагаар нэхэмжлэгчийн 10 га газар нөхөх олговор олгох шаардлагатай нэгж талбарт хамрагдсан байсан.
Мөн Барилга, хот байгуулалтын яам, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар, Төв аймгийн Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/180 дугаартай улсын тусгай хэрэгцээний газрыг ашиглах гурвалсан гэрээг байгуулж, улсын тусгай хэрэгцээний газрын гэрчилгээг одоогийн Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яаманд олгосон. Нэхэмжлэгчийн 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн байршил шилжүүлэх тухай хүсэлтийг 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 1/494 дугаартай албан бичгээр тусгай хэрэгцээний газрын ашиглалтыг хариуцаж байсан одоогийн Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яаманд уламжилж, нэхэмжлэгчийн 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн өргөдөлд 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 2/1537 дугаартай албан бичгээр хариу хүргүүлсэн. Улсын Их Хурлын 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн “Хот байгуулах тухай” 76 дугаар тогтоолоор нийслэлийн дагуул Хүннү хот байгуулагдаж, Хүннү хотын эрх зүйн байдлын тухай хуулиар хотын эдэлбэр газрын ашиглалтын асуудлыгХүннү хотын захиргаа хариуцахаар болсон. Иймд нэхэмжлэгчийн гомдлыг тус газрын 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 1/380 дугаартай албан бичгээр Шинэ Зуунмод хотын захирагчийн чиг үүргийг хэрэгжүүлэх хотын бүтээн байгуулалт, хөгжлийн асуудал хариуцсан бүрэн эрхт төлөөлөгч М.Батбаярт уламжилсан. Иймд Газар зохион байгуулалт, геодөзи, зураг зүйн ерөнхий газар нь нэхэмжлэгчийн хүсэлт, гомдлыг хүлээн авч, тухайн үед эрх бүхий байгууллагад уламжилж, өөрт хамаарах чиг үүргийн хүрээнд шаардлагатай ажиллагааг тухай бүр хийж ирсэн нь баримтаар тогтоогдсон.
Захиргааны ерөнхий хуулийн 37.3-т эс үйлдэхүй гэж захиргааны байгууллага иргэний өргөдөл, гомдлыг хуульд заасан хугацаанд шийдвэрлэх үүргээ биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгохоор заасан. Гэтэл анхан шатны шүүх Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар нь нэхэмжлэгчийн хүсэлтийг Засгийн газарт хүргүүлэх хуульд заасан ямар үүргийг, ямар хугацаанд биелүүлээгүй болохыг тогтоогоогүй байна. Мөн уг үүргийг хариуцагчид хүлээлгэсэн хуулийн тодорхой заалтыг шийдвэртээ үндэслэлтэй тайлбарлаагүй байна.
Нөгөө талаар нэхэмжлэгчийн 10 га газар нь Улсын Их Хурлын 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 76 дугаар тогтоолоор байгуулагдсан Хүннү хотын эдэлбэр газарт хамаарах бөгөөд Хүннү хотын эрх зүйн байдлын тухай хуулиар уг газрын ашиглалтын асуудлыг Хүннү хотын захиргаа хариуцна. Харин улсын тусгай хэрэгцээний газрын ашиглалтыг хариуцсан байгууллага нь Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам байна. Газрын тухай хуулийн 42.2-т Засгийн газар нөхөх олговортойгоор газар солих буюу эргүүлэн авах асуудлыг газар эзэмшигчтэй хийсэн урьдчилсан тохиролцоог харгалзан шийдвэрлэхээр заасан.
Мөн Засгийн газрын 2025 оны 138 дугаар тогтоолоор батлагдсан журмын 4.25-д нөхөх олговорт шаардагдах хөрөнгийн үнэлгээ, тооцоо, судалгаа болон нөлөөлөлд өртөгчтэй тохиролцсон дүнгийн талаар санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын санал авахаар, 4.29-д хотын захирагч, Засаг дарга нөлөөлөлд өртөгчтэй урьдчилан тохиролцсоны дагуу газрыг нөхөх олговортойгоор эргүүлэн авах, эсхүл дүйцүүлэн олгох шийдвэр гаргахаар тус тус заасан. Эдгээр зохицуулалтаас үзэхэд нөхөх олговор нь нэг талын үнэлгээгээр бус, хуульд заасан ажиллагаа болон талуудын урьдчилсан тохиролцоонд үндэслэн шийдвэрлэгдэх харилцаа байна. Гэтэл хэрэгт нэхэмжлэгч болон эрх бүхий байгууллагын хооронд нөхөх олговрын хэмжээ болох 405,900,000 төгрөгийг урьдчилан тохиролцох ажиллагаа хийгдээгүй, зөвхөн нэхэмжлэгчийн ирүүлсэн “Г” ХХК-ийн үнэлгээ бөгөөд хариуцагч байгууллага уг үнэлгээг хүлээн зөвшөөрсөн эсэх нь тодорхой бус байна.
Түүнчлэн Засгийн газрын 2017 оны 287 дугаар тогтоолоор батлагдсан “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах, түүний хэмжээ, заагийг тогтоох, ашиглах журам”- ын 3.13.1-д аймаг, нийслэлийн Засаг дарга нөлөөлөлд өртөж буй иргэн, ажахуйн нэгж, байгууллагатай улсын тусгай хэрэгцээнд газар эргүүлэн авах, солих гэрээ байгуулж, тухайн газрын өмчлөх, эзэмших эрхийг дуусгавар болгохоор, 3.13.2-т улсын тусгай хэрэгцээний газрыг ашиглах гэрээ байгуулахаар заасан. Мөн Газрын тухай хуулийн 43.1-д газар эзэмшигч нь 42.3-т заасан гэрээ байгуулсны дараа газрыг чөлөөлж, тухайн шатны Засаг даргын мэдэлд шилжүүлэхээр заасан. Энэ нь газар солих, эргүүлэн авах ажиллагаанд газрыг хүлээн авах, газар чөлөөлөхтэй холбоотой эрх хэмжээ тухайн шатны Засаг дарга болохыг хууль зүйн хувьд зохицуулсан байна. Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 13 дахь заалтад А/180 дугаартай гэрээ болон 000000006 дугаартай “Улсын тусгай хэрэгцээний газрын гэрчилгээ”-ний дагуу тусгай хэрэгцээнд авсан газар Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны ашиглалтад байгааг тогтоосон. Түүнчлэн Засгийн газрын 2010, 2016 оны тогтоолоор нөхөх олговорт шаардагдах хөрөнгийн судалгаа, тооцоог гаргаж Засгийн газарттанилцуулах үүргийг Зам, тээврийн сайд, Барилга, хот байгуулалтын сайд (одоогийн Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам), Сангийн сайд нарт даалгасан байна.
Газрын тухай хуулинд 2024 онд нэмэлт өөрчлөлт орж “Газрын тухай хуулийн 42.1.Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь гэрээний хугацаа дуусахаас өмнө иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшил газрыг улсын тусгай хэрэгцээнд бүгдийг буюу зарим хэсгийг нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авах саналыг тухайн газар эзэмшигчтэй урьдчилан тохиролцсоны дараа Засгийн газарт гаргаж болно" гэсэн заалт нэмэгдсэн бөгөөд Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь энэ заалтын дагуу 2024 оноос тус чиг үүргийг хэрэгжүүлэх болсон. Энэхүү нэмэлт, өөрчлөлт орохоос өмнө хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Газрын тухай хууль эрх зүйн хүрээнд Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь тус асуудлыг шийдвэрлэх чиг үүрэггүй байсан болно.
Түүнчлэн Засгийн газрын 2017 оны 287 дугаар тогтоолоор батлагдсан “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах, түүний хэмжээ, заагийгтогтоох, ашиглах журам”- ын 3.13.2-т заасны дагуу Төв аймгийн Засаг дарга, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, тус газар хамтран 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/180 дугаартай “Улсын тусгай хэрэгцээний газрыг ашиглах гэрээ”, 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 2023/134 дугаартай “Улсын тусгай хэрэгцээний газрыг ашиглах гэрээ”-г баталж, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яаманд “Улсын тусгай хэрэгцээний газрын гэрчилгээ”-г олгосон байдаг. Үүний дараа Монгол Улсын Их Хурлын 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн “Хот байгуулах тухай” 76 дугаар тогтоолоор нийслэлийн дагуул Хүннү хот байгуулагдаж, хотын эдэлбэр газрыг тогтоосон мөн Хүннү хотын эрх зүйн байдлын тухай хууль батлагдсантай холбогдуулан Засгийн газрын 2025 оны 138 дугаар тогтоолоор батлагдсан "Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах, түүний хэмжээ, заагийг тогтоох, ашиглах журам"-ын 3.15-д заасан "Улсын тусгай хэрэгцээний газрын ашиглалтыг хариуцах гэрээ"-г Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, Хүннү хотын захирагч нар гэрээг шинэчлэн байгуулахаар санал солилцож, гэрээ байгуулах асуудал нь төслийн шатандаа явж байна.
Учир нь Засгийн газрын 2025 оны 138 дугаар тогтоолоор батлагдсан "Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах, түүний хэмжээ, заагийгтогтоох, ашиглахжурам"- ын 4.23.Нөхөх олговорт шаардагдах хөрөнгийг улсын төсвийн төсөлд тусгах саналыг газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага болон улсын тусгай хэрэгцээний газрын ашиглалтыг хариуцах байгууллага хамтран санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад, орон нутгийн төсвийн төсөлд тусгах саналыг холбогдох аймаг, нийслэлийн Засаг даргад хүргүүлж шийдвэрлүүлнэ гэж заасан байдаг бөгөөд тус заалтыг хэрэгжүүлэхийн тулд улсын тусгай хэрэгцээний газрын ашиглалтыг хариуцах байгууллагыг холбогдох хууль, журмын хүрээнд тодорхой болгох шаардлага үүссэн тул дээрх гэрээг шинэчлэн байгуулахаар болсон.
Тус гэрээ байгуулагдсанаар Хүннү хотын захиргаа “Улсын тусгай хэрэгцээний газрын нөлөөлөлд өртөж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газрыг нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авах, газар чөлөөлөхтэй холбоотой асуудлаар хууль. журамд заасан эрх, үүргийг хэрэгжүүлэх, нөхөх олговорт шаардагдах хөрөнгийг орон нутгийн төсвийн төсөлд тусгах саналыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид хүргүүлж шийдвэрлүүлэх чиг үүргийг хүлээх юм. Иймд тус гэрээ шинэчлэн байгуулагдах шатандаа явж байхад буюу Тусгай хэрэгцээний газрын ашиглалтыг хариуцах байгууллага тодорхой болоогүй байхад ямар нэгэн хэлцэлгүйгээр шууд нэг талын санаачилгаар Газрын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д заасны дагуу асуудлыг шийдвэрлэсэн нь журманд нийцэхгүй байна.
Мөн Монгол Улсын Их Хурлын 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн “Хот байгуугах тухай” 76 дугаар тогтоолоор нийслэлийн дагуул Хүннү хот байгуулагдаж, хотын эдэлбэр газрыг тогтоосон бөгөөд Нийслэл Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.Нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд төвлөрлийг сааруулах зорилгоор ерөнхий болон хэсэгчилсэн өрөнхий төлөвлөгөө, Засгийн газрын шийдвэрийн дагуу улс, орон нутгийн төсвийн хөрөнгө, төр, хувийн хэвшлийн түншлэл, гадаад улсын зээл, тусламжийн хөрөнгөөр хийгдэх төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхэд нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн энэ хуулийн 10.7-д заасан журмын дагуу газар чөлөөлнө гэж заасан бөгөөд Засгийн газрын 2024 оны 91 дүгээр тогтоолоор батлагдсан "Нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн газар чөлөөлөх журам"-ын дагуу Хүннү хотын эдэлбэр газарт газар чөлөөлөх үйл ажиллагаа хийгдэх юм. Иймд Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн зүгээс Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газарт нөхөх олговор, хохирлын асуудлыг Засгийн газарт хүргүүлэх үүрэг хүлээлгэсэн нь Засгийн газрын 2017 оны 287 дугаар тогтоолоор батлагдсан “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах, түүний хэмжээ, заагийг тогтоох, ашиглах журам”-ын дагуу ашиглалтыг хариуцсан байгууллагын санал, шийдвэрггүйгээр тусгай хэрэгцээний газрыг ашиглах, нөхөх олговортойгоор чөлөөлөх үйл ажиллагааг дангаараа хэрэгжүүлэх чиг үүрэггүй байгууллагад, хууль журамд заасан үйл ажиллагааг бүрэн хэрэгжүүлээгүй байхад шууд даалгах нь үндэслэлгүй байна гэж үзэж байна.
Улсын Их Хурлын 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 76 дугаар тогтоолоор нийслэлийн дагуул Хүннү хот байгуулагдаж, хотын эдэлбэр газрыг 31501.3 га байхаар тогтоосон бөгөөд нэхэмжлэгчийн 10 га газар уг эдэлбэр газарт хамаарч байгааг Захиргааны хэргийн анхан шатны шүүх тогтоосон. Тус газрыг улсын тусгай хэрэгцээнд авсан үндсэн зорилго нь Нисэх онгоцны буудлыг дагасан хот байгуулах зорилготой байсан бөгөөд Хүннү хотын эрх зүйн байдлын тухай хуулиар хотын эдэлбэр газрын ашиглалтын асуудлыг Хүннү хотын захиргаа хариуцан шийдвэрлэхээр байхад уг байгууллагыг хэргийн хариуцагчаар татаж оролцуулаагүй нь маргааныг шийдвэрлэх эрх бүхий этгээдийг зөв тогтоогоогүй, хэргийн нөхцөл байдлыг бүрэн тогтоогоогүй гэж үзэх үндэслэлтэй. Захиргааны хэргийн анхан шатны шүүх Засгийн газрын 2025 оны 138 дугаар тогтоолоор батлагдсан журмын 3.3, 3.12, 3.23, 4.1, 4.3, 4.23, 4.25, 4.29-д заасныг үндэслэн Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар болон Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамыг хариуцна гэж дүгнэсэн боловч эдгээр заалт нь Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газарт нэхэмжлэгчийн нэг талын үнэлгээ болон хохирлын шаардлагыг Засгийн газарт хүргүүлэх ямар хуулиар хүлээсэн тодорхой үүрэг байгааг тогтоогоогүй байна. Тухайлбал, уг журмын 3.3-т газрыг улсын тусгай хэрэгцээнд авах хүсэлт гаргасан байгууллагын хүсэлтийн дагуу явуулах ажиллагааг зохицуулсан бөгөөд 2016 онд тусгай хэрэгцээнд авсан газрын эзэмшигч бүрийн тусдаа шаардлагыг Засгийн газарт хүргүүлэх үүргийг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газарт хүлээлгэсэн зохицуулалт байхгүй байна.
Харин тус байгууллага нь хуулиар хүлээсэн чиг үүргийн хүрээнд Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн А.25 дугаар тушаалаар ажлын хэсэг байгуулж, улсын тусгай хэрэгцээний газартай давхцаж буй газар олголтын судалгааг гаргаж, улмаар нэхэмжлэгчийн байршил шилжүүлэх тухай хүсэлтийг тухайн үеийн газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болох Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яаманд уламжилж, 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 2/1537 дугаар албан бичгээр нэхэмжлэгчид хариу хүргүүлсэн байна.
Мөн Захиргааны ерөнхий хуулийн 100.1-д Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй гэж заасан. Өөрөөр хэлбэл хохирол гаргуулахын тулд тухайн захиргааны байгууллагын хууль бус үйлдэл, эс үйлдэхүй болон уг үйлдэл, эс үйлдэхүйгээс шууд шалтгаалсан бодит хохирол тогтоогдсон байх шаардлагатай гэж үзэж байна. Нэхэмжлэгч 55,100,000 төгрөгийн хохирлыг газрыг улсын тусгай хэрэгцээнд шилжүүлснээс хойш газраа зориулалтын дагуу ашиглаж чадаагүйтэй холбон тайлбарласан. Гэтэл уг нөхцөл байдал нь Засгийн газрын 2010 оны 140 дүгээр тогтоол, 2016 оны 154 дүгээр тогтоолоор газрыг улсын тусгай хэрэгцээнд авсантай холбоотой шийдвэр байх бөгөөд тус тогтоолын үйлчлэх хүрээг Зам, тээврийн сайд, Барилга, хот •байгуулалтын сайд (одоогийн Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам), Сангийн сайд нарт даалгасан байдаг. Иймд Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс 55,100,000 төгрөгийн хохирол учирсан гэх шалтгаант холбоо тогтоогдоогүй байхад тус байгууллагад холбогдох хохирлын шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 100.1-д нийцэхгүй, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газарт хуулиар олгогдоогүй үүрэг хүлээлгэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Хоёр. Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 09 дүгээр сарын 09-ны өдрийн 128/ШШ2026/0802 дугаартай шийдвэрийн ТОГТООХ хэсгийн хоёрдугаар заалтын талаар: Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгчийн 70,200 төгрөгийг гаргуулах тухай анхан шатны шүүхийн шийдвэрийн Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газарт хамаарах хэсгийг хүчингүй болгож өгнө үү. Дээр дурдсан тайлбар, үндэслэлээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу дараах гомдлыг шийдвэрлэж өгөхийг хүсэж байна. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 128/ШШ2026/0802 дугаартай шийдвэрийн Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газартай холбогдох хэсгийг хүчингүй болгож, тус газрыг хариуцагчаас хасаж, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хангахаас татгалзаж өгнө үү” гэжээ.
3. Хариуцагч Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Г нар дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан байна. Үүнд:
“... иргэн Э.Гийн Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт олгогдсон 10 га газар нь Газрын тухай хуулийн 16.1-д “Монгол Улс тусгай хэрэгцээний газартай байна. Улсын тусгай хэрэгцээний газарт дараахь газар хамаарна: 16.1.13.үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулалт, дэд бүтцийн төсөл, хөтөлбөр болон төр, хувийн хэвшлийн түншлэлийн төсөл хэрэгжүүлэх газар” гэж заасныг үндэслэсэн Засгийн газрын “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” 2016 оны 154 дүгээр тогтоолоор улсын тусгай хэрэгцээнд авах газрын нөлөөлөлд өртсөн байдаг. Энэхүү тогтоолыг Зам, тээвэр, хөгжлийн яамнаас санаачлан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлсэн бөгөөд тус яамны зүгээс уг тогтоолыг дэмжихгүй гэх саналыг хүргүүлж байсан.
Мөн Монгол Улсын Засгийн газар нь Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.13 дахь заалтыг үндэслэн иргэдийн газрыг улсын тусгай хэрэгцээнд авч, Газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “Засгийн газар газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 18.1.3.улсын тусгай хэрэгцээнд авахтай холбогдуулан газрыг солих буюу эргүүлэн авах тохиолдолд нөхөх олговор олгох;” гэж зааснаар нөхөн олговор олгох асуудлыг шийдвэрлэх бүрэн эрхтэй байна. Газрын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д “Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь гэрээний хугацаа дуусахаас өмнө иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшил газрыг улсын тусгай хэрэгцээнд бүгдийг буюу зарим хэсгийг нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авах саналыг тухайн газар эзэмшигчтэй урьдчилан тохиролцсоны дараа Засгийн газарт гаргаж болно.” гэж, 42 дугаар зүйлийн 42.2-д “Засгийн газар нь бусдын эзэмшил газрыг нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авах тухай газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын санал, газар эзэмшигчтэй түүний хийсэн урьдчилсан тохиролцоог харгалзан зохих шийдвэр гаргана.” гэж тус тус зааснаас үзэхэд нөхөн олговортойгоор газрыг улсын тусгай хэрэгцээнд авах харилцаанд Хот байгуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага оролцох эрхгүй байна.
Шүүх шийдвэрээ гаргахдаа Засгийн газрын 2025 оны 138 дугаар тогтоолоор батлагдсан журмын 4.23-д “Нөхөх олговорт шаардагдах хөрөнгийг улсын төсвийн төсөлд тусгах саналыг газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага болон улсын тусгай хэрэгцээний газрын ашиглалтыг хариуцах байгууллага хамтран санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад, орон нутгийн төсвийн төсөлд тусгах саналыг холбогдох аймаг, нийслэлийн Засаг даргад хүргүүлж шийдвэрлүүлнэ.” гэж заасныг үндэслэн журмыг буруу тайлбарлаж, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамыг газрыг ашиглагч байгууллага гэж үзэн шийдвэрлэсэн байдаг. Гэтэл Хүннү хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Хот нь Хөшгийн хөндий дэх олон улсын нисэх онгоцны буудлыг түшиглэн Төв аймгийн Сэргэлэн, Алтанбулаг сумын нутаг дэвсгэрт байрлана. 5.2-д “Хотын эдэлбэр газрын хэмжээг Улсын Их Хурал тогтооно.” гэж зааснаар Монгол Улсын Их Хурал 2024 онд “Хот байгуулах тухай” 76 дугаар тогтоолыг баталсан байдаг. Уг тогтоолын 2-д “Хүннү хотын эдэлбэр газрын хэмжээг 31501.3 га-аар тогтоож, эдэлбэр газрын хил заагийг хавсралтаар баталсугай.” гэж заасан тул тухайн газрыг ашиглагч нь Хүннү хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 4.2-д “Хүннү хот /цаашид "хот" гэх/ нь нийтийн эрх зүйн этгээд байх бөгөөд эрх зүйн харилцаанд хуулийн этгээдийн нэгэн адил оролцоно., 4.3-д “Эрх зүйн харилцаанд хотыг Хотын захирагч төлөөлнө.” гэж зааснаар Хүннү хот байна. Иймд дээр дурдсан нөхцөл байдлыг харгалзан үзэж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасан үндэслэлээр зураг зүйн ерөнхий газарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хангахаас татгалзаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтыг дутуу бүрдүүлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлага хангаагүй байх тул хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.
1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тухайд:
1.1. Анх нэхэмжлэгч Э.Г Хүннү хотын захирагч, ... Ажлын хэсэгт тус тус холбогдуулан “... газрыг тусгай хэрэгцээнд авсантай холбоотой нөхөх олговор болон хохирлыг олгох шийдвэрийг гаргахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, нөхөн олговор болон хохирлыг тооцон гаргаж, Засгийн газарт уламжлах, хохирол 55,000,000 төгрөг гаргуулах тухай шийдвэр гаргахыг хариуцагч нарт даалгах” нэхэмжлэл гаргаж, уг нэхэмжлэлээр 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр захиргааны хэрэг үүсгэжээ (1 хавтас-44-45 хуудас).
1.2. Улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2026 оны 05 дугаар сарын 05-ны өдөр анхан шатны шүүгчийн захирамжаар Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба болон Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрыг, харин 2026 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Хот байгуулалт, барилга орон сууцжуулалтын яамыг тус тус хамтран хариуцагчаар татсан байна. (2 хавтас-1-4, 118-120 хуудас)
1.3. Үүний дараа нэхэмжлэгч 2026 оны 08 дугаар сарын 27-ны өдөр “Э.Г миний эзэмшил бүхий нэгж талбарын ХХХ дугаартай 10 га газрыг бүхэлд нь тусгай хэрэгцээнд авах зориулалтаар төрийн мэдэлд шилжүүлэн авсны нөхөн олговор олгох хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгох; “Г” ХХК-иас үнэлсэн 405,900,000 төгрөгийн нөхөн олговрыг олгох асуудлыг Газрын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт заасны дагуу Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэхээр зохих журмын дагуу хүргүүлж, шийдвэрлүүлэхийг хариуцагч Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар болон Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яаманд даалгах, Тусгай хэрэгцээнд авсантай холбогдуулан 55,100,000 төгрөгийн хохирол гаргуулах асуудлыг зохих журмын дагуу хүргүүлж, шийдвэрлүүлэхийг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газарт даалгах" гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан байна (2 хавтас- 168 хуудас).
1.4. Анхан шатны шүүх 2026 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн шүүх хуралдааны үед уг тодруулсан нэхэмжлэлийг хариуцагч тус бүрт гардуулж бичгээр тайлбар авалгүй хэргийг шийдвэрлэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргажээ. (2 хавтас-187-230 хуудас).
1.5. Нэхэмжлэгч Э.Г нь анх нэхэмжлэл гаргах үед нөхөн олговрын хэмжээг тодорхой заагаагүй байсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2026 оны 08 дугаар сарын 27-ны өдөр “Г” ХХК-иар үнэлгээ гаргуулж, нөхөн олговрыг 405,900,000 төгрөг гэж тогтоолгон уг хэмжээгээр нэхэмжлэлээ тодруулсан байхад анхан шатны шүүх хариуцагч нарт гардуулж, хариу тайлбар бичгээр гаргах боломж олгоогүй атлаа шууд тухайн хэмжээгээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д “... шүүх нэхэмжлэлийг хариуцагчид гардуулна”, 57.2-т “Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөх эсэх талаар бичгээр хариу тайлбар гаргах бөгөөд тайлбартаа үндэслэлийг зааж, нотлох баримтаа хамтад нь гаргаж ирүүлнэ” гэж тус тус заасны дагуу хариуцагч нар тодруулсан нэхэмжлэлийг гардан авч, шаардлагыг зөвшөөрөх эсэх талаар бичгээр хариу тайлбар гаргах, тайлбарын үндэслэлтэй холбоотой нотлох баримт гаргах эрхийг зөрчжээ.
1.6. Мөн анхан шатны шүүх 2026 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн хэргийг шийдвэрлэсэн шүүх хуралдааны үед хариуцагч Хүннү хотын захирагч, ... Ажлын хэсэг, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албыг хамтран хариуцагчаас шууд хассан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 24, 25 дугаар зүйлд заасанд нийцээгүй байна.(2 хавтас-187-230 хуудас).
1.7. Нэхэмжлэгч хэдийгээр нэхэмжлэлээ тодруулахдаа хариуцагчаар Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамыг тодорхойлсон боловч тухайн газрыг нөхөх олговортойгоор солих буюу эгүүлэн авахтай холбоотой нөхөн олговрын хэмжээг тооцож тохиролцох, шинээр байгуулагдах Хүннү хотын нутаг дэвсгэрт нэхэмжлэгчид газрыг эзэмшүүлэх боломжтой эсэх зэргийг холбогдох хууль, журамд заасан бүрэн эрхийн хүрээнд нэг захиргааны байгууллага шийдвэрлэж, Засгийн газарт санал хүргүүлэх боломжгүй байх тул энэ талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийхгүйгээр хариуцагч нарыг хассан нь буруу болжээ.
1.8. Тодруулбал, Газрын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д “Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь гэрээний хугацаа дуусахаас өмнө иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшил газрыг улсын тусгай хэрэгцээнд бүгдийг буюу зарим хэсгийг нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авах саналыг тухайн газар эзэмшигчтэй урьдчилан тохиролцсоны дараа Засгийн газарт гаргаж болно”,
Хүннү хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т “Эрх зүйн харилцаанд хотыг Хотын захирагч төлөөлнө”, 9 дүгээр зүйлийн 9.9-д “Хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, хотыг хөгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний дагуу Засгийн газрын шийдвэрээр улс, орон нутгийн төсвийн хөрөнгө, төр, хувийн хэвшлийн түншлэл, гадаад улсын зээл, тусламжийн хөрөнгөөр хийгдэх төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхэд нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн газар чөлөөлж болно. Энэ тохиолдолд Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн[9] 10, 11, 12 дугаар зүйлийг баримтална.”,
28 дугаар зүйлийн 28.1-д “Хотын удирдлага нь Засгийн газар, төрийн захиргааны төв байгууллага, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн бусад нэгжтэй нийслэлийн Засаг даргаар дамжуулж харилцана”
Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Газар чөлөөлөлтийн нөлөөлөлд өртөж байгаа иргэн, хуулийн этгээдийн газар, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг эрх бүхий этгээд Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 7.2.4-т заасан газар, үл хөдлөх эд хөрөнгийн нөхөх олговрын зориулалттай үнэлгээний аргачлалын дагуу үнэлгээ хийх тусгай зөвшөөрөлтэй этгээдээр хийлгэнэ”,
Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 138 дугаар тогтоолоор баталсан “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах, түүний хэмжээ, заагийг тогтоох, ашиглах журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.10-д “Аймаг, нийслэлийн газрын алба нь газар чөлөөлөлтийн нөлөөлөлд өртөгчид мэдэгдэж газар, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 7.2.4-т заасан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ, нөхөх олговрын үнэлгээний журам, аргачлалын дагуу эрх бүхий этгээдээр гүйцэтгүүлнэ” гэж тус тус заажээ.
Эдгээрээс үзвэл аль хариуцагч ямар чиг үүрэгтэйгээр оролцох ёстой, уг чиг үүргээ хэрхэн биелүүлэхгүй байгаа хууль бус эс үйлдэхүй байгааг тодорхой заахгүйгээр 2 байгууллагад “... уламжлах”-ыг даалгасан нь хууль зүйн үндэслэлгүй, биелүүлэх боломжгүй шийдвэр болжээ.
1.9. Мөн Газрын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д “Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага... ” гэснийг 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар “Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага” гэж өөрчлөгдсөнтэй холбоотой уг асуудалд оролцох эрхгүй болсон гэж хариуцагчаас тайлбарласан нь үндэслэлтэй эсэхэд дүгнэлт өгөөгүй байна.
Энэ талаарх хариуцагч нарын гомдолд “…Тус газрыг улсын тусгай хэрэгцээнд авсан үндсэн зорилго нь Нисэх онгоцны буудлыг дагасан хот байгуулах зорилготой байсан бөгөөд Хүннү хотын эрх зүйн байдлын тухай хуулиар хотын эдэлбэр газрын ашиглалтын асуудлыг Хүннү хотын захиргаа хариуцан шийдвэрлэхээр байхад уг байгууллагыг хэргийн хариуцагчаар татаж оролцуулаагүй нь маргааныг шийдвэрлэх эрх бүхий этгээдийг зөв тогтоогоогүй, хэргийн нөхцөл байдлыг бүрэн тогтоогоогүй гэж үзэх үндэслэлтэй…” гэснийг хүлээж авахаар байна.
1.10. Түүнчлэн нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ тухайн хариуцагч нарын хэн нь ямар хууль бус эс үйлдэхүй гаргасныг чиг үүрэг тус бүрийнх нь хүрээнд тогтоож, тус бүр шаардагдах ямар акт гаргахыг даалгах шаардлагатай бөгөөд ингэснээр биелэгдэх боломжтой шийдвэр болно.
1.11. Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д “Захиргааны үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан нь тогтоогдвол нөхөн төлүүлэх ба хохирлын хэмжээний талаар маргаан гарч хамтатган нэхэмжлээгүй бол иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлнэ”, 52 дугаар зүйлийн 52.5-д “Энэ хуулийн 52.2.4-т заасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд дараахь зүйл хамаарна: ... 52.5.2.хохирол гаргуулах нэхэмжлэлийн хувьд захиргааны байгууллага ямар үүргээ биелүүлээгүйгээс, эсхүл захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид ямар хохирол учирсан, түүнийг хэрхэн шийдвэрлүүлэх;” гэж тус тус заасны дагуу шууд шүүхэд хохиролтой холбоотой нэхэмжлэл гаргалгүй, “55,100,000 төгрөгийн хохирлыг олгохыг Засгийн газарт уламжлахыг даалгах” гэж тодорхойлсон нь ойлгомжгүй байх тул энэ талаар нэхэмжлэгчээс тодруулах шаардлагатай байна.
2. Нотлох баримт дутуу цуглуулсан тухайд:
2.1. Нэхэмжлэгч Э.Гт анх Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргын 2014 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 189 дүгээр захирамжаар “Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29.2, Газрын тухай хуулийн 33.1.2, Монгол Улсын Засгийн газрын 2003 оны 28 дугаар тогтоолын “Газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалт явуулах журам”-ын 7-р хавсралтаар сумын ИТХ-ын 2013 оны 12 сарын 18-ний өдрийн 5/20 дугаар тогтоолоор батлагдсан 2014 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг, Сэргэлэн сумын засаг даргын 2014 оны 03 сарын 13-ний өдрийн 90 тоот захирамжийг тус тус үндэслэн сумын 2014 оны 05 сарын 15-ний өдрийн 183 тоот захирамжийн ажлын хэсгийн гишүүдийн шийдвэрийн дагуу Оорцогийн баруун Дундговийн засмалын баруун 10 га газрыг 60 айлын орон сууц үйлчилгээний төвийн зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлжээ.
2.2. Үүнээс өмнө Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 140 дүгээр тогтоолоор Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшигийн хөндийд баригдах “Олон улсын нисэх онгоцны буудал”-ын дэвсгэр нутагт орших 12084.9 га газрыг тусгай хэрэгцээнд авснаас үзвэл тухайн сумын Засаг дарга нь нэхэмжлэгч Э.Гийн тухайн газар орчимд 10 га газрыг шинээр эзэмшүүлсэн үндэслэл буюу нэхэмжлэгчийн газар эзэмших эрх хууль ёсоор үүссэн эсэх талаар тодруулах нь энэ хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой байна.
2.3. Учир нь нэхэмжлэгч тухайн 10 га газрыг эзэмших эрхээ хэрэгжүүлэх боломж олдоогүй, тухайн нисэх онгоцны буудлын орчимд Монгол Улсын Засгийн газраас тусгай хэрэгцээний газрыг томсгож өөрчлөх, ..... Хүннү хотыг байгуулах зэрэг суурьшлын бүс байгуулж, хөгжүүлэх талаар үргэлжилсэн тогтоолууд гаргасан байх ба нэхэмжлэгчийн 10 га газар тухайн тусгай хэрэгцээний газрын нөлөөлөлд өртсөн гэх шалтгаанаар 405.900.000 төгрөгийн нөхөх олговрыг олгох үүргийг Газрын тухай хуулийн 42 дугаар зүйлд зааснаар хэрэгжүүлэхтэй холбоотой маргаж байна.
2.4. Энэ тохиолдолд Газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “Засгийн газар газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: ... 18.1.3.улсын тусгай хэрэгцээнд авахтай холбогдуулан газрыг солих буюу эргүүлэн авах тохиолдолд нөхөх олговор олгох; ... 18.1.7.улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг батлах.” гэж заасан бүрэн эрхийн хүрээнд тухайн газар орчмыг газар зохион байгуулалтын улсын ерөнхий төлөвлөгөөнд хэрхэн тусгасан, мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-т зааснаар түүнд нийцүүлэн гаргасан Төв аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө гарсан эсэх, тухайн аймгийн төлөвлөгөөнд болон Сэргэлэн сумын иргэдийн төлөөлөгчдийн Хурлаас баталсан 2013 оны 05/20 дугаар тогтоолоор тухайн газар нь хэрхэн тусгагдсан талаар тодруулах шаардлагатай.
2.5. Үүнээс гадна Засгийн газрын 2010 оны 140, 2016 оны 154 дүгээр тогтоолын дагуу тус тусгай хэрэгцээний газрын хилийн цэс, координатад орсон өөрчлөлтийн түүхчилсэн лавлагаа болон зураг зэрэг нь хэрэгт авагдаагүйгээс дээрх 2010 оны 140 дүгээр тогтоол болон 2016 оны 154 дүгээр тогтоолоор баталсан тусгай хэрэгцээний газрын аль хэсгийн нөлөөлөлд нэхэмжлэгчийн эзэмших эрх олгогдсон гэх 10 га газар хэрхэн өртсөн талаар баримт байхгүй байх тул кадастрын зурган түүхчилсэн лавлагааг нотлох баримтаар авах шаардлагатай.
2.6. Мөн Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д “Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг дараахь журмыг баримтлан шийдвэрлэнэ: ... 33.1.1.энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргана;” гэж, 33.5-д “Энэ хуулийн 33.1.2-т заасны дагуу төсөл шалгаруулах хэлбэрээр газар эзэмших эрхийг зөвхөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар эсхүл гадаад улс, олон улсын байгууллагын буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрт зориулж олгоно” /тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан заалт/ гэж тус тус заасны дагуу төсөл шалгаруулалтын хэлбэрээр нэхэмжлэгчид газар эзэмшүүлэхдээ улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх хэний гаргасан, ямар төсөлд зориулж тухайн газрыг олгохоор шийдвэрлэсэн, улсын болон аймаг, сумын төлөвлөгөөнд тусгагдсан эсэх, төсөл сонгон шалгаруулалт хэрхэн нээлттэй явагдсан, хичнээн этгээд оролцож нэхэмжлэгчийн төсөл хэрхэн шалгарсантай холбоотой баримт авагдаагүй байна.
2.7. Хэрэгт авагдсан анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 01/1952 дугаар албан бичгээр (1 хавтас- 156 хуудас) шаардсаны дагуу ирүүлсэн маргаан бүхий газрын хувийн хэрэгт Төв аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас 157-198 дугаар хуудас хүртэл баримтуудыг ирүүлсний дотор нэхэмжлэгч нь 2014.05.01-ний өдөр “... Уг сонгон шалгаруулалтын талбай №8-д заагдсан 10 га газарт дээрх төслийг хэрэгжүүлэх хүсэлтэй байгаа тул хүсэлтийг хүлээн авна уу” гэж хүсэлт гаргасан (1 хавтас-171 хуудас)-аас өөр төсөл сонгон шалгаруулалтын баримт, мөн аймаг болон сумын Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд уг газар хэрхэн тусгагдсан зэрэг баримтуудыг ирүүлээгүй байх тул энэ талаарх баримтыг цуглуулах шаардлагатай.
2.8. Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар захиргааны байгууллагын эс үйлдэхүй хууль бус гэж үзвэл түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн эсэхийг тогтоож, нэхэмжлэгчийн зөрчигдсөн гэх хууль ёсоор үүссэн газар эзэмших эрх нь тусгай хэрэгцээнд авсан шийдвэрийн нөлөөлөлд өртсөнөөс нөхөх олговор авах эрх нь хамгаалагдах учиртай.
2.9. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т зааснаар даалгах тохиолдолд нөхөх олговор олгох хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа хариуцагч тус бүрийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, үүний улмаас нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхол зөрчигдсөн болохыг тогтоосны үндсэн дээр тухайн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий бүхий шаардлагыг хангана.
2.10. Харин нэхэмжлэгчид газар эзэмших эрх үүсгэсэн Засаг даргын шийдвэр хууль бус гарсан тохиолдолд нэхэмжлэгчийн захиргааны байгууллагын шийдвэрт итгэж байсан “хууль ёсны итгэл” хамгаалагдах бөгөөд энэ тохиолдолд нөхөх олговор шаардах эрх үүсэхгүй, харин буруутай этгээдээс учирсан хохирлоо шаардах эрхтэй.
2.11. Гэтэл анхан шатны шүүх дээр дурдсан баримтуудыг цуглуулаагүй, энэ талаар дүгнэлт өгөөгүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ”, 34 дүгээр зүйлийн 34.1-т “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заасныг зөрчсөн байна.
3. Дээрх үндэслэлүүдээр нотлох баримтыг бүрэн цуглуулж, анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зохих журмаар явуулсны үндсэн хариуцагч тус бүрийн эс үйлдэл хуульд нийцсэн эсэх, түүний улмаас нэхэмжлэгчийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэхэд дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх шаардлагатай байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 128/ШШ2026/0802 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т тус тус заасныг баримтлан хариуцагч нар нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах; хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн; хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн; эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж заасан үндэслэлээр Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ М.ЦЭЦЭГМАА
ШҮҮГЧ Т.ЭНХМАА
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ