Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 123/ШШ2022/0004

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Одсүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч: М ТӨХК,

Хариуцагч: Чингис Хаан Олон Улсын нисэх буудал дахь Гаалийн газрын Гаалийн зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэх албаны Гаалийн улсын байцаагч Ц.Э,

Гомдлын шаардлага: Чингис хаан Олон улсын нисэх буудал дахь Гаалийн газрын Гаалийн зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэх албаны Гаалийн улсын байцаагч Ц.Эын 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн "Зөрчилд шийтгэл оногдуулах тухай" 0012635 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай гомдолтой захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г, Э.Р, хариуцагч Ц.Э, гэрч Ө., Г.Б, Л.Ж, Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Саранчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Гомдол гаргагч М ТӨХК нь Чингис хаан Олон улсын нисэх буудал дахь Гаалийн газрын Гаалийн зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэх албаны гаалийн улсын байцаагч Ц.Эын 2021 оны 12 сарын 27-ны өдрийн Зөрчилд шийтгэл оногдуулах тухай" 0012635 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах-аар гомдол гаргасан байна.

2. Чингис хаан Олон улсын нисэх буудал дахь Гаалийн газрын гаалийн зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэх албаны ахлах байцаагч С.Ганбаатараас 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр гаалийн хяналтад байгаа барааг гаалийн байгууллагын зөвшөөрөлгүй, гаалийн хилээр гаргасан зөрчил гаргасан байна гэх мэдээллийн дагуу шалган 2021 оны 12 сарын 08-ны өдөр 18 цаг 30 минутад явах Улаанбаатар-Сөүл чиглэлийн ОМ7303 аяллын дугаартай ачааны онгоцонд гаалийн хяналтад байгаа Катализаторын хаягдал гэх барааг гаалийн байгууллагын зөвшөөрөлгүй, гаалийн хилээр гаргасан үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар зөрчилд холбогдогч Нью Улаанбаатар интернэйшнл айрпорт /НУБИЭ/ ХХК-д 0012636 дугаартай шийтгэлийн хуудсаар, М ТӨХК-д 0012635 дугаар шийтгэлийн хуудсаар тус бүр 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний 10.000.000 төгрөгөөр торгох шийтгэлийг ногдуулжээ.

3. Гомдол гаргагч М ТӨХК нь 2021 оны 12 сарын 27-ны өдрийн 0012635 дугаартай шийтгэлийн хуудсыг хүлээн авч, 12 сарын 31-ний өдөр тус шүүхэд гомдол гаргасан.

4. Гомдол гаргагч гомдлын шаардлагын үндэслэлдээ:

Чингис хаан Олон улсын нисэх буудлын гаалийн хяналтын бүсийн Карго терминал дахь хяналтын хэсэгт 2021 оны 12 сарын 06-ны өдөр Өү Ти корес ХХК-ийн Е00521R дугаартай экспортын гаалийн мэдүүлгээр мэдүүлж гаалийн хяналтад авагдан Гаалийн ерөнхий газрын төв лаборторид барааны ангиллын код тодорхойлуулахаар шинжилгээнд хамрагдсан Катализатор хаягдал гэх барааг НУБИЭ ХХК буюу шинэ нисэх буудал, М ТӨХК нар нь 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр гаалийн байгууллагын зөвшөөрөлгүй, гаалийн хилээр бичиг баримтгүйгээр хууль бусаар нэвтрүүлсэн гэж 2103000191 дугаартай зөрчлийн хэрэг нээн, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасны дагуу арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу арван сая төгрөгөөр торгох арга хэмжээ авч шийтгэл оногдуулсныг доорх үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

Гаалийн улсын байцаагч нь Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд НУБИЭ ХХК-ийн нярав Л.Жавзмаа, М ТӨХК-ийн экспортын диспетчер Ө.Болормаа нарыг холбогдогчоор тогтоон, тайлбар мэдүүлэг авч, холбогдох баримт материалыг гаргуулж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулсан байх бөгөөд Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэлд ...холбогдогч НУБИЭ ХХК, М ТӨХК нь Гаалийн хяналтад байгаа барааг гаалийн байгууллагын зөвшөөрөлгүй 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр ОМ7303 аяллын дугаартай Улаанбаатар-Сөүл чиглэлийн онгоцонд гаалийн хилээр нэвтрүүлсэн зөрчил гаргасан болохыг тогтоосон хэмээн М ТӨХК-ийг гаалийн хяналтад байгаа барааг гаалийн байгууллагын зөвшөөрөлгүй олгосон, гаалийн хилээр гаргасан үйлдэлд буруутгасан нь үндэслэлгүй. Учир нь:

- Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэлд 2 холбогдогчийн зөрүүтэй мэдүүлэг, тайлбарын үнэн зөв, бодит байдал, харилцан хамаарлыг бүрэн тогтоогоогүй.

- Зөрчлийн хавтаст хэрэгт байгаа М ТӨХК-ийн экспортын диспетчер Ө.Болормаагийн мэдүүлэг, тайлбарыг тэмдэглэл дээр ташаа бичсэн байх бөгөөд тэмдэглэлд дурдсанчлан Ө.Болормаа нь амаар зааварчилгаа өгсөн талаар мэдүүлэг тайлбар өгөөгүй, манифестийг гарган өгсөн байсан.

- М ТӨХК-иас НУБИЭ ХХК-нд агуулахаас экспортод гарах ачаа, барааны жагсаалтыг өгч, НУБИЭ ХХК-ийн нярав агуулахаас гарах ачаан дээрээ хяналт тавьж гаргах үүргээ биелүүлээгүй. Энэ талаар тэмдэглэлд тусгагдаагүйгээс гадна зөрчлийн хэрэгт энэ талаарх баримт авагдаагүй.

- Ө.Болормаа манифестийг бэлдэж НУБИЭ ХХК-ийн нярав Л.Жавзмаад өгсөн байхад манифест бэлдээгүй хэмээн үйлдэгдээгүй зөрчилд буруутгасан...

- Гаалийн хяналтад байсан ачаа яагаад экспортын буюу ачаа гаргах хэсэгт байсан. Үүнд НУБИЭ ХХК-ийн агуулахын нярав хяналт тавих үүргээ хэрхэн биелүүлсэн талаар шалгаж тогтоогоогүй.

- Гаалийн байгууллага нь тухайн барааг гаалийн хяналтдаа байлгах үүргээ хэрэгжүүлээгүй. Гаалийн тухай хуулийн 3.1.11-д гаалийн хяналт гэж..., 9.1-д гаалийн хяналтын бүс гэж... тодорхойлсон. Мөн тус хуулийн 37.1-д Тээвэрлэгчээс бараатай холбогдсон мэдээлэл, бичиг баримтыг хүлээн авмагц гаалийн байгууллага нь барааг гаалийн хяналтын бүсэд буулгах, эсхүл шилжүүлэн ачих шийдвэр гаргана гэж заасан. М ТӨХК нь тээвэрлэгч бөгөөд Гаалийн тухай хуулийн 38-р зүйлд заасны дагуу гаалийн байгууллагын хяналт дор тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулдаг. Гаалийн тухай хуулийн 38 дугаар зүйлд тээвэрлэгч, түүний үүрэг..., 51-р зүйлд бараа, тээврийн хэрэгслийг гаалийн нутаг дэвсгэрээс гаргах..., 52 дугаар зүйлд мэдээлэл, бичиг баримт гаргаж өгөх..., 53-р зүйлд тээврийн хэрэгсэлд бараа ачих... Зөрчлийн тухай хуулийн 2.1-д Хүн, хуулийн этгээд нь хууль,захиргааны хэм хэмжээний актыг биелүүлэх боломжтой байсан боловч түүнийг биелүүлэх зохих арга хэмжээг хэрэгжүүлээгүй бол зөрчил үйлдсэнд тооцно хэмээн заасан. Гаалийн байгууллага өөрсдийн үйл ажиллагаандаа гаргасан алдаа дутагдлаа бусад руу түлхэж, тухайн зөрчил нь гэм буруугийн санаатай үйлдэл эс үйлдэхүйд тооцогдох эсэх нь эргэлзээтэй байхад тээвэрлэгч компанийг буруутган шийтгэл оногдуулах нь шударга ёсонд нийцэхгүй. Чингис хаан Олон улсын нисэх буудал дахь Гаалийн газрын Гаалийн зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэх албаны Гаалийн улсын байцаагч Ц.Эын 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн "Зөрчилд шийтгэл оногдуулах тухай" шийтгэлийн хуудастай 0012635 дугаартай зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны 56 дугаартай тэмдэглэлтэй шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Гомдол гаргагч М ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Р шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Чингис хаан Олон улсын нисэх буудал дахь Гаалийн газрын Гаалийн зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэх албаны Гаалийн улсын байцаагч Ц.Эын 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн "Зөрчилд шийтгэл оногдуулах тухай" шийтгэлийн хуудастай 0012635 дугаартай зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны 56 дугаартай тэмдэглэлтэй шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан. ...Зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа бүрэн гүйцэт, үндэслэл бүхий болж чадаагүй. 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр тээвэрлэлтийн үйл ажиллагаа явагдсан. Гааль 12 дугаар сарын 07-ны өдөр 17 нэр төрлийн ачаанд зөвшөөрөл олгосон. Тэгэхээр бид нар үндэслэл бүхий гэж юуг яриад байна вэ гэхээр хэрэг хянан шийдвэрлэх тухай тэмдэглэлийг үндэслэн шийтгэлийн хуудсаа бичиж байгаа. Зөрчлийг 7 үндэслэлээр тогтоосон гэж байгаа. Ачааг 12 сарын 08-ны өдөр явсан гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гэтэл 7 зүйлээр тогтоогдсон гээд байгаа ч 12 дугаар сарын 08-ны өдрөөс хойших үйл явдлыг бичээд яриад байгаа. Холбогдогч нарын мэдүүлгээр нотлогдож байна гэж байна. Энэ зөрчил яагаад гарах болсон бэ гэдгийг үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлтийг гаргах ёстой. Холбогдогч нарын өгч байгаа гэрчийн мэдүүлгээр ачааг гаалийн агуулахын бүснээс хэн хөшигний цаана талбайд гаргасан бэ гэдгийг нотлоогүй. Камер байлаа гэхэд түүнийг шалган тогтоох эрх бүхий албан тушаалтан байж үүнийг шалгаагүй. Зөрчил хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу бүрэн гүйцэт, хууль зүйн дагуу шалгаж тогтоогоогүй байна. Диспетчер, нярав хоёр энэ агуулахаас хэн гадаа талбайд гаргасныг тогтоогоогүй байгааг тайлбарлалаа. Үүнийг санаатай байсан уу санамсаргүй байсан уу гэдгийг тогтоогоогүй. Мөн тухайн өдөр ажиллаж байсан гаалийн улсын байцаагч цагийг нь тулгаж манифест өгсөн учир хяналт тавих боломж байгаагүй гэдэг нь улсын байцаагчийн хувьд хариуцлагагүй үг. Манифестийг өгөөгүй гэхийн оронд өөрсдөө шаардлагаа тавиад, хяналтаа тавих бүрэн боломжтой байсан. Хариуцагч 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр гаалийн бүрдүүлэлт хийсэн гэж тайлбарлаад байна. Тэгэхээр зөвшөөрөл олгосон ч гэсэн тухайн зөвшөөрөл олгогдсон ачааг явж байна уу гэдэг дээр хяналт тавих ёстой Гаалийн тухай хуульд заасан, нэхэмжлэлийн тайлбарт ч хэлсэн тээвэрлэгч өөрөө гаалийн хяналт дор үйл ажиллагаагаа явуулах ёстой, гааль мөн хяналтаа тавих ёстой. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

Гомдол гаргагч М ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Гаалийн улсын байцаагчийн зөрчилд ногдуулсан шийтгэлийг М ТӨХК-ийн хувьд хүлээн зөвшөөрөхгүй байх дараах нөхцөл байна. Гаалийн улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шийтгэл оногдуулсан. Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд зөрчлийг шалган тогтоосон үйл баримтад ач холбогдол өгөх ёстой. Гаалийн улсын байцаагч Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу зөрчлийг шалган тогтоох үйл явцын дагуу өөрөө удирдан чиглүүлж ажиллах үүрэгтэй. Гаалийн хяналтад байгаа барааг гаалийн зөвшөөрөлгүй гаалийн хилээр гаргасан уу гэдэг асуудал дээр хэн буруутай вэ? Энэ хяналтыг хэн тавьсан бэ? хяналтад байсан гэдгийг хариуцагч нотлох ёстой. Тэндээс тус барааг ямар нэгэн байдлаар хулгайлаад ч юм уу, хэн нэгэнтэй үгсэн тохиролцоод ч юм уу, эсхүл ажлын хариуцлага алдаад ч юм уу гаргасан уу гэхээр бараа хилээр гарсан, тэгэхээр энэ бараа гаалийн хяналтад байгаагүй болж таарч байна. Гаалийн тухай хууль дээр гаалийн хяналтын бүс" гэж бараа, тээврийн хэрэгслийг гаалийн хяналт дор ачих, буулгах, шилжүүлэн ачих, хадгалах, тээвэрлэх, гаалийн хяналтыг хэрэгжүүлэх зорилгоор тусгайлан тогтоосон байр, агуулах, талбайг гэж тодорхой заасан. Тэгэхээр гаалийн хяналтын бүс нь одоо яриад байгаа экспортын агуулахын хаалганаас гаргах процесс болж байгаа ч үүнд гаалийн байцаагчийн хэлж байгаагаар зөвшөөрөлгүй гаргасан гэсэн нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэхгүй байна. Гаалийн улсын байцаагч зөрчлийнхөө асуудлыг шийдэхдээ зөрчил 7 зүйлээр тогтоогдсон гэж байна. Эдгээр нь 1-рт 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн экспортын гаалийн мэдүүлгээр хяналтад авагдсан катализаторын хаягдал гэх барааг барааны ангиллын код тодорхойлуулахаар шинжилгээнд явуулж гаалийн хяналтад авагдсан гэх үндэслэл байна. Өөрөөр хэлбэл зөрчилд тодорхойлогдсон, нотлогдсон гэх үйл баримтаар тогтоосон гэж байна. 2-рт Гаалийн төв лаброторийн 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн дүгнэлт. Энэ бараа 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр ачигдсан. 3-рт 12 дугаар сарын 11-ний өдөр гааль зөвшөөрч тэмдэг дарсан гэсэн он сартай байна. Дараа нь холбогдогч НУБИЭ ХХК-ийн нярав, М ТӨХК-ийн диспетчерийн зөрчлийн хэрэгт бичгээр гаргаж өгсөн тайлбар, мэдүүлэг, мөн экспорт хариуцсан нярвын зөрчлийн хэрэгт бичгээр гаргасан тайлбар мэдүүлэг, НУБИЭ ХХК-ийн ажлын байрны тодорхойлолт, ажлын байрны зааварчилгаа, НУБИЭ ХХК-ийн бичгээр гаргаж өгсөн тайлбар, холбогдогч НУБИЭ ХХК, М ХХК-ийн 12 дугаар сарын 08-ны өдөр улсын хилээр мэдүүлж гаалийн хяналтад авагдсан ачааны байдал, 12 дугаар сарын 11-ний өдөр улсын хилээр оруулсан байдал гэсэн баримтаар зөрчил тогтоогдож байна гэжээ. Зөрчил хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу улсын байцаагч үүнийг нотлох үүрэгтэй. Ядаж л улсын байцаагч үүнийг нотлохдоо оролцогч буюу холбогдогч нарын мэдүүлгийг нотлох баримтаар аваад байна. Тэгэхээр энэ мэдүүлгүүдээр нотлохоос илүү нотолгооны ач холбогдолтой болгохын тулд энэ мэдүүлгүүд тодорхой үйл баримтаар тогтоогдох ёстой. Өнөөдрийн ярьсан асуудлаас харахад 17 цагт манифест өгч манифесттэй холбоотой асуудлаар Л.Жавзмаа ачааг гаргасан байна. Ачааг гаргасны дараа тэр онгоцонд ачигч нар трактор дээр ачиж хүргэсэн байна гэх мэт зүйл тогтоогдлоо. Тэгэхээр гаалийн байгууллага 2 аж, ахуй нэгжийг буруутгаад зөрчил гаргасан байна гэж торгуулаад өнгөрөх асуудал биш. Үүнд гаалийн хяналт хаана байна вэ гэдэг асуудлыг би анх шүүхэд ирэхдээ л ярьсан. Гаалийн хяналт байсан бол, хяналт нь тодорхой байсан бол энэ асуудал болохгүй байсан. Ядаж л гаалийн хилээр гарч байгаа бараанд гаалийн байгууллага тодорхой хэмжээний зохион байгуулалт тавьж, гаалийн хилээр зөвшөөрөлгүй бараа бүтээгдэхүүн гаргахгүй байх нөхцөл боломжийг бүрдүүлж ажиллах үүрэг байгууллагад байгаа учраас гаалийн хяналтад байгаа бараанд тусдаа агуулах байдаггүй юм аа гэхэд тэмдэглэгээтэй байх хэрэгтэй. Сүүлд гаалийн байгууллагын хяналтад байгаа зөвшөөрөл олгогдоогүй байгаа бүтээгдэхүүнүүд тусдаа тэмдэглэгээтэй болсон гэж гэрч нар ярьж байна. Өмнө нь ийм зүйл хийж байсан бол энэ асуудал гарахгүй байсан. Энэ нөхцөл байдалд хяналт тавьж байгаа байгууллага зохион байгуулалтын болоод хуулиар хүлээсэн хариуцлагаа хүлээх ёстой. Энэ тохиолдол хохиролгүй өнгөрсөн боловч хэрвээ ямар нэгэн асуудал үүссэн бол гаалийн байгууллага манай буруу байхгүй, тээвэрлэгч компани болон НУБИЭ ХХК буруутай гэж тайлбарлаж байгааг, гаалийн тухай хууль, гаалийн хяналтын бүс, гаалийн хил, гарах бараанд хяналт тавих талаар үүргээ хэрэгжүүлээгүйд М ТӨХК буруутай гэж зөрчил тогтоож байгааг зөвшөөрөхгүй байна. Энэ нөхцөл байдалд хяналт тавих үүргээ хэрэгжүүлээгүй байгууллага нь гаалийн байгууллага. Хуучин нисэх дээр гаалийн хяналт ачиж байгаа бараанд сайн тавигддаг байсан. Одоо ийм нөхцөл байгаа нь зөрчил шалган шийдвэрлэж байгаа хүний хувьд зохион байгуулалтын ажлыг муу хийж байна. Ядаж л гаалийн хяналтад байгаа бараа тэмдэглэгээ юм уу жижиг хаалттай байсан бол ийм зүйл болохгүй байсан. Тэр бараа хилээр гарах нөхцөл байдлыг та нар бүрдүүлж өгсөн байна. Энд 2 байгууллагад зөрчлийн арга хэмжээ аваад өөрсдийгөө сугалаад гарч байгаа нь шударга бус гэж үзэж байна. Гаалийн улсын байцаагч Ц.Эын 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн "Зөрчилд шийтгэл оногдуулах тухай" шийтгэлийн хуудастай 0012635 дугаартай зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны 56 дугаартай тэмдэглэлтэй шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

5. Хариуцагч Чингис Хаан Олон Улсын нисэх буудал дахь Гаалийн газрын Гаалийн зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэх албаны гаалийн улсын байцаагч Ц.Э хариу тайлбартаа: 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Карго терминал дахь Гаалийн хяналтын бүсийн экспорт хариуцсан Хяналт шалгалтын албаны гаалийн улсын ахлах байцаагч С.Ганбаатараас гаргасан НУБИЭ ХХК /3874095/ М ТӨХК /2613247/ нь 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Өү Ти корес ХХК-ний Е00521R гаалийн мэдүүлгээр мэдүүлж, мэдүүлсэн барааны дээжийг Гаалийн ерөнхий газрын төв лаброторийн дүгнэлт гаргуулахаар хүргүүлсэн НУБИЭ ХХК-ийн экспортын агуулахад гаалийн хяналтад байгаа 842,2 кг, 23 хайрцагтай Катализаторын хаягдал гэх барааг 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Улаанбаатар-Сөүл чиглэлийн ачааны ОМ7303 аяллын дугаартай онгоцонд гаалийн байгууллагын зөвшөөрөлгүй, ямар ч бичиг баримтад тусгагдаагүй, гаалийн хяналтад байгаа барааг хилээр гаргасан зөрчил гаргасан асуудалд, 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулан холбогдогч НУБИЭ ХХК болон М ТӨХК-д Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 11.21 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хуулийн этгээдийг 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэлийг 0012635, 0012336 шийтгэлийн хуудсаар оногдуулсан.

Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд: НУБИЭ ХХК-ийн нярав Л.Жавзмаа, М ТӨХК-ийн хууль ёсны төлөөлөгч Э.Р, НУБИЭ ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Э.Эрдэнэмандах, гаалийн улсын ахлах байцаагч С.Ганбаатар нарыг оролцуулан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан.

Холбогдогч НУБИЭ ХХК болон М ТӨХК нь 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр ОМ7303 аяллын дугаартай Улаанбаатар-Сөүл чиглэлийн онгоцонд гаалийн хяналтад байгаа Катализатор хаягдал гэх 842,2 кг, 23 хайрцагтай 2 подон ачааг гаалийн байгууллагын зөвшөөрөлгүй ачуулж улсын хилээр нэвтрүүлсэн зөрчил гаргасан болох нь:

1.2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн ОМ7303 аяллын дугаартай Улаанбаатар-Сөүл чиглэлийн онгоцонд М ТӨХК нь технологи ажиллагаа заавраа зөрчин зохих журмын дагуу ачааны манифест бичиж гаргаагүй, хариуцсан нярав, диспетчер нь ноорог цаас хэлбэрээр ачааны жагсаалтыг гараар бичиж, агуулахаас ачааг гаргасан, М ТӨХК диспетчер, НУБИЭ ХХК-ийн нярвыг ажлын байрандаа байхгүй байхад нь дур мэдэн ачааг агуулахаас НУБИЭ ХХК-ийн нярвын зөвшөөрөлгүйгээр гаргуулан онгоцонд ачуулж, ачуулах үйл ажиллагаанд хяналт тавих ажиллагааг хайнга хийсэн, тус диспетчер ачаа ачуулах ажиллагааг дуусгалгүйгээр мэдээ өгөх нэрээр ажлын байрыг орхисон, НУБИЭ ХХК-ийн нярвыг ажлын байрандаа ирэхэд нь ачааг ачуул гэж амаар зааварчилгааг өгсөн, Тухайн ачаанд холбогдолтой ямар ч бичиг баримтгүй, ачааны манифест бичиж гаалийн зөвшөөрөл аваагүй, үйл ажиллагааны технологи ажиллагааны зааварчилгааг зөрчин, ачааг онгоцонд ачуулж агуулахад гаалийн хяналтад байгаа барааг гаалийн байгууллагын зөвшөөрөлгүй улсын хилээр гаргасан зөрчил гаргасан.

2.НУБИЭ ХХК нь, М ТӨХК-ийн диспетчерийн амаар зааварчилгаа өгч, ачаанд холбогдох ямар ч бичиг баримт үйлдээгүй, манифест бичигдээгүй, ачааны мэдээлэл байхгүй байхад ноорог хэлбэрээр гараар бүртгэж гаалийн байгууллагын зөвшөөрөлгүй онгоцонд ачааг бэлтгэн ачуулж гаалийн хяналтад байсан ачааг гаалийн байгууллагын зөвшөөрөлгүй улсын хилээр гаргасан зөрчил тус тус гаргасан нь:

-2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр "Өү Ти корес" ХХК-ийн Е00521R дугаартай экспортын гаалийн мэдүүлгээр мэдүүлж хяналтад авагдан Гаалийн ерөнхий газрын төв лабораторид "Катализатор хаягдал" гэх барааг барааны ангиллыг тодорхойлуулахаар шинжилгээнд явуулж гаалийн хяналтад авагдсан гаалийн мэдүүлэг,

-2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Гаалийн төв лабораторийн ирүүлсэн барааны шинжилгээний 0121009680 дугаарын дүгнэлт,

-Холбогдогч НУБИЭ ХХК-ийн нярав, "М" ТӨХК-ийн экспорт хариуцсан диспетчерийн зөрчлийн хэрэгт бичгээр гаргаж өгсөн тайлбар, мэдүүлгүүд,

-НУБИЭ ХХК-ийн нярав, "М" ТӨХК-ийн гаргаж өгсөн ажлын байрны тодорхойлолт, ажлын байрны зааварчилгаа, НУБИЭ ХХК-ийн бичгээр гаргаж өгсөн тайлбар,

- Холбогдогч НУБИЭ XXK, "М ТӨХК"-ийн 2021 оны 12 дугаар сарын 08 өдөр улсын хилээр "Өү Ти корес" ХХК-ийн Е00521R мэдүүлж, гаалийн хяналтад авагдсан ачааг 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр улсын хилээр гаргасан байдал, 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр зөрчилд холбогдсон гаалийн хяналтад байсан ачааг улсын хилээр буцаан оруулсан байдал зэрэг бусад нотлох баримтаар зөрчил гаргасан болох нь тогтоогдсон тул холбогдогч НУБИЭ XXK болон "М ТӨХК-д Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг удирдлага болгон хуулийн тусгай ангийн 11.21 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар тус бүрд нь 10000 тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан гэжээ.

Хариуцагч Ц.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Тухайн үед НУБИЭ ХХК-ийн нярав байхгүй байхад Ө.Болормаа хүнтэй харьцаж аман зааварчилгаа өгсөн. Хамгийн гол нь тухайн бараа яагаад хаалганы гадаа гарсан бэ гэдгийг хэн хэн нь тайлбарлаж чадахгүй байгаа. НУБИЭ ХХК-ийн нярав Л.Жавзмаа аль эрт байж байсан гэж, н.Батхуяг гэх ачигч тухайн үед ачаалал их байсан, тэр ачаа гадаа гарчихсан байсан гэж тайлбарладаг. Манайх 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр манифест бичээд нэг ёсондоо манайхаас гарчихсан ачаа, тухайн үед манайх хяналтаа тавьсан. Энэ асуудал тухайн үед ачилт хийсэн НУБИЭ ХХК, М ТӨХК хоёрын хоорондын асуудал. Гэхдээ тухайн үед ажиллаж байсан манай хяналтын байцаагчид яг тийм ачаа ачигдаж байна гэж хэлээгүй, байцаагч орой 18 цаг 15 минутад манифестээ өөрөө очиж нэхэж авсан гэж хэлдэг. Би манифестийн бүртгэлээ харахад 12 дугаар сарын 07-ны өдөр зөвшөөрөл нь гарсан, 1 ачаа 06-ны өдөр гарсан байсан. Манайхаас бүр мөсөн гараад ачилтын түвшинд очсон байсан ачаа юм. Ийм ачаа ачна гээд гаалийн байцаагчаас зөвшөөрөл аваад ачсан бол өөр асуудал байх байсан. Гэтэл дур зоргоороо 07-ны өдөр ачих ёстой байсан ачааг 08-ны өдөр ачсан. Гаалийн хяналт тавих бололцоо нөхцөл гаргахгүй байна. Манай гаалийн хяналт сүлжээгээр хянах, ажиглалт хийх гэх зэргээр 6 төрлийн хяналт тавьдаг. Манайхаас ачилт хийх зөвшөөрөл өгсөн л бол энэ асуудлыг М ТӨХК хариуцах ёстой. НУБИЭ ХХК агуулахаас ачаа гаргаж өгөх л үүрэгтэй. Гааль ганцаараа хяналт тавьж ажилладаггүй. Хамтран ажиллаж байгаа тохиолдолд тээвэрлэгч байгууллага ч уг ажиллагаанд хяналт тавих ёстой. НУБИЭ ХХК-ийн нярав Л.Жавзмаа тухайн барааг мэдээд хүнд ачаа байна, доор нь ачаад явуул гэж хэлсэн байдаг. Тухайн үед Ө.Болормаа манифест бичиж Л.Жавзмаад өгөөгүй, гар ноорог дээр тэмдэглэж байсан ч түүнийгээ үлдээгээгүй явсан нь буруутай үйлдэл юм. Албан ёсны манифест бичиж өгөөгүй тул ямар ачаа гарч байгааг мэдэхгүй байх нь аргагүй. Тухайн ачааг гаргаад явуулчихаад гаалийн байгууллагад хандаагүй, хоёр хоногийн дараа гэнэт ороод ирсэн. Бүхэл бүтэн улс дамжиж гарч байгаа бараанд ингэж хайхрамжгүй хандаж болохгүй. Тухайн бараа гарсан учир зөрчил үйлдсэн нь тодорхой байна. НУБИЭ ХХК өөрийн хийсэн буруутай үйлдлээ ойлгоод шийтгэлээ хүлээсэн. Гаалийн хяналтад ороод лабораторид шинжилгээнд байсан барааг гаалийн байгууллага зөвшөөрөхөөс нааш хөдөлшгүй байх ёстой. Гэтэл үүнийг дур зоргоороо гаргаж явуулчихаад манайх буруугүй гэж хэлж болохгүй. Ө.Болормаагаас авсан мэдүүлгийг өөрөө уншиж үзээд гарын үсэг зурсан. Онгоц бол ачааны машин биш. Ачаа багцанд ороод ачигдаж дууссаны дараа тийм тийм ачаа орсон гэж манифест бичээд байгаа юм уу хаашаа юм. Уг ачаа бараг 1 тонн гаруй ачаа байтал тийм хүнд ачааг ачиж байхад яагаад мэдээгүй байна вэ. Бид хяналт тавиад тухайн зөрчлийг илрүүлж байна, улсын байцаагчид хяналт тавих нөхцөлийг бүрдүүлээгүй байна. Шинэ нисэхийн зохион байгуулалт муу байна. Гэхдээ тухайн нөхцөл байдалд ажиллаж байгаа хүмүүс ч хамтран ажиллаж байгаа. Хэрэв манифест бичээд Л.Жавзмаад өгсөн бол тэр ачааг ачаад гаргахгүй байсан. Ө.Болормаа тухайн үед ачааг ачуулсан бол бас ийм асуудал үүсэхгүй, ажлын мест дээрээ үүрэг гүйцэтгэж байгаад хариуцлага алдсан. Ачааг мэдэхгүй гаргах өөр асуудал, тухайн бичиг баримтыг үйлдээд ачааг гаргах бас нэг өөр асуудал. Манайх ном ёсоороо гарсан барааны жагсаалт дээр тамгаа дарсан. Тэр дундуур катализатор ачаа гарчихсан байна. Энэ тээвэрлэлтийн алдаа. Ном журмын дагуу үйл ажиллагаагаа явуулсан бол ийм зүйл болохгүй. Ө.Болормаа тэр ачааг хаана байсныг мэдэж байсан ба дараа нь түүнийгээ шалгах ёстой байсан. Онгоц нисэхийн өмнөхөн манифестээ аваад ирэхээр манайх яаж хэзээ хяналт тавих вэ? 16 цагт ачааг бэлдсэн, манифестээ бичээд ирүүлсэн бол манайх хянах боломжтой байсан. Тэр бараа зөвшөөрөл өгөөгүй байхад улсын хилээр гараад, Солонгос улсад хоёр хоноод орж ирсэн. Үүнийг зөв гэж үзээд байгаа юм уу. Энэ үйлдлийнх нь дагуу зөрчлийг шийдвэрлэхээр хууль бус зүйл хийсэн, гааль хяналтаа тавиагүй гэж байна. Тухайн онгоцонд ачуулах ачааг 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр зөвшөөрсөн байсан. Гаалиас гарсан гэсэн үг... Би буруу шийдвэр гаргаагүй гэв

6. Гэрч Д.Батхуяг шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр ажилдаа гарахад нөгөө ээлжийнхэн урд өдөр нь ачаагаа бэлдээд хонох ёстой байтал файлын континер хүрэлцэхгүй буцааж оруулсан гээд шал болон тавиураар дүүрэн ачаа байсан. Гадаа 230 ноолуур ирчихсэн байсан. Тэгээд өмнөх орой нь бэлдэх гээд тавьсан ачаагаа бүгдийг нь гадаа талбайд гаргаж заалаа чөлөөлөх ёстой гэж Мандах дарга шийдсэн. Мандах дарга 18 цагийн ачааг бэлдүүлэхээр континер бэлдүүлсэн. Ө.Болормаа диспетчер, Жавзмаа нар бүгд байж байхад бид 2 континерт ачаа бэлдсэн. Агуулахаас гаргах барааг Ө.Болормаа, Л.Жавзмаа хоёр хамт байж байгаад заасан, 2 континер авчраад Ө.Болормаа 3 ачигч дууд гээд бид ачааг бэлдсэн, 3 ачигч ирээд агуулахаас гаргасан барааг ачсан. Түүний дараа нөгөө 230 ноолуурыг би буцаагаад чөлөөлсөн заал руугаа оруулсан. би ачааг ачихад байгаагүй. Надад ийм ачаа гаргахгүй, тэр тавиурт хий гэж хэлсэн гээд байна, хэрэв надад тийм зүйл хэлсэн бол би гаргахгүй байсан. Би тэр ачааг хараагүй, зааланд байж байгаад холилдоод гарсан байх. Ө.Болормаа Сөүлийн бүх бараа гарна шүү гэж хэлж байсан. Ө.Болормаа ямар ачаа явах талаар тэмдэглэсэн баримтаа бариад Л.Жавзмаатай хамт явдаг, тэд ямар ачааг хаана тавих талаар хэлж өгдөг, тавиураас харж байгаад ачих бүх ачаагаа чеклээд гаргадаг. ...Хуучин нисэхэд байхад барааг хилээр гаргахад Гаалийн улсын байцаагч биеэр ирж шалгадаг байсан гэв.

- гэрч Л.Жавзмаа шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Улаанбаатар-Сөүл чиглэлийн нислэг нь өглөө явах байсан. Гэтэл М ТӨХК нислэгээ хойшлуулсан байсан. Тэгээд хүлээн авагчуудаас ачаануудыг хүлээн аваад бөөгнөрөл үүсгэсэн. Газрын ачаа хаагдсан гээд том том пресстэй ноолуурууд байсан учир заалны багтаамж хүрэлцээгүй байсан. Өглөө нь хуваарьт цагаараа явах ёстой байсан нислэг хойшилсон байсан учир бэлдэнэ гээд гаргасан ачаагаа буцаагаад заалны голоор тавьсан. Тэгээд дараагийн нислэгийн пресс ноолуур орох шаардлагатай болсон учир бэлдэх ачаагаа заалаа чөлөөлж перон талбай руу гаргая гээд ачааг бэлдэхээр биш заал чөлөөлөх үйл ажиллагаа эхэлсэн. Пооны жолооч нар энэ ачааг бүгдийг нь гаргах уу гэхэд гадаа гаргавал хөлдөх, гэмтэх зүйл байх вий М ТӨХК-иас асууя гэсэн, Сөүлийн ачааг бүгдийг нь гаргачих гээд заал чөлөөлсөн. 240-тэй ноолуурыг би жинлэсэн... М ТӨХК ямар ачааг ачих талаар мэдээгээ өгсний дараа манайх заалнаас ачааг гаргадаг. Тухайн өдөр манифест өгөөгүй, М ТӨХК-ийн диспетчер Ө.Болормаа гар нооргоо бариад явж байсан, ямар ачаа ачих талаар мэдээлэл надад байгаагүй. Ачааг заалнаас гаргах үед би байсан, гэхдээ ачаа жинлэж байсан тул түүнд хяналт тавьсан. Орой ачааг бэлдэж дуусах үед Ө.Болормаа би мэдээгээ өгөх гэж байгаа учир талбай дээр үлдсэн ачаагаа чи ачуулчих гэж хэлээд явсан, манифест өгөөгүй. Маргаж байгаа 23 хайрцаг ачааг бэлдэх талбай дээр гарчихсан 2 подон дээр тавиатай байсан, ачааг нэг булангаас нь өргөхөд хүнд байсан учир доор тавиарай гэж хэлсэн, тэр ачааг зөвшөөрөлтэй бараа гэж бодоод ачуулсан. Тухайн үед гаалийн улсын байцаагч ирээгүй. Тэр ачааг хэн талбайд гарга гэж хэлснийг мэдэхгүй байна. М ТӨХК технологийн дагуу манифестээ өгөөд онгоцонд ачуулах барааг зааж өгсөн бол тийм зүйл болохгүй байсан. Ачаагаа бэлдэж дуусаад 17 цагийн үед Болормаагийн өрөөнд орсон чинь манифестээ хэвлээд гаргаж байсан. Түүн дээр 41 кг жинтэй ачааг 410 кг гэж бичсэн байхаар нь манифест алдаатай байна гэж хэлээд би гараад явсан, манифест дээр гаалиар тамга даруулаагүй байсан, би орой 20-21 цагийн үед Болормаагийн өрөөнөөс нь манифестийг очиж аваад шалгахад миний бирк, кодыг нь бичиж авсан цаас дээрх 23 хайрцаг ачааны код манифест дээр байгаагүй... гэв.

- гэрч Ө.Болормаа шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар-Сөүл чиглэлийн онгоцны ачааг 1 цагаас эхлэн бэлдсэн. Тэр өдөр экспорт заал маш хариуцлагагүй байсан. Намайг очиход урд талын хөшиг нээлттэй тэндээс ачааг гаргаж байсан, ямар учиртай ачааг гаргаж байгааг асуухад НУБИЭ ХХК-ийн менежер н.Мандах гаднаас олон тонн ноолуур оруулж байгаа тул ачаа багтахгүй байна гэсэн. Цаана нь манай шуудангийн диспетчер н.Нарантуяа хоёр файлэт дээр шуудан бэлдэж байсан. Экспорт заалны нярав байгаагүй, гаалийн улсын байцаагч байгаагүй, НУБИЭ ХХК-ийн менежер н.Мандах, пооны жолооч н.Мөнхсайхан, Д.Батхуяг нар байсан. Шууданг бүртгэж ачиж дууссаны дараа би хүлээж байгаад ачигчийг нь сулрахаар нь аваад экспортын ачааг бэлдсэн. Би манифестээ албан ёсны бланк дээр хэвлээгүй, гар нооргоор бичсэн байсан. Зааланд битүү ачаатай, хүн явах нарийхан зай байсан. 23 хайрцаг барааг хүн явах зам дээр шахуу 2 подон дээр өрчихсөн байхаар нь би Мөнхсайхан, Хуягаа хоёрт энэ ачаа явахгүй шүү гэж хэлсэн, Мөнхсайхан тухайн ачааг өргөсөн, 4.1, 2.5 гэсэн тавиурын доор нь тавьсан. Ачааг НУБИЭ ХХК-ийн нярав Л.Жавзмаа нярав бид хоёр цуг байж байгаад бэлдэх ёстой байдаг, Жавзмаа дуудаад ирээгүй, сүүлд нь ирсэн. Барааг бэлдээд дуусах үед намайг яаралтай мэдээ өг гээд дуудахад нь хэдхэн ачаа тавих дутуу байсан, би мэдээгээ явуулъя чи үлдсэн ачаагаа чеклээд, чиглэлийг нь сайн хараад бэлдүүлж бай гэж Л.Жавзмаад хэлээд явсан. Ачааны гар бичмэлээ би 1 хувь илүү бэлдчихсэн байсан, Л.Жавзмаа ч надаас нэг хувийг нэхээгүй, би ч яарч байсан болохоор нөгөө хувиа өгөөгүй... 23 хайрцаг барааг би зааж ачуулаагүй, тухайн үед Л.Жавзмаа байсан бол тэр ачааг заалнаас гарахгүй гэдгийг мэдэх байсан. Том онгоц буугаад хаана хаана нь ачаалал ихтэй байсан. Ачигч, поо нэмэгдэж ирэхдээ тухайн ачааг мэдэхгүй гаргасан байх гэж би бодож байна. Би ачаагаа бэлдэж дуусаад манифестээ хэвлэж гаалиар тамга даруулаад Л.Жавзмаад нэг хувийг, гаальд нэг хувийг өгдөг. Ачааг бэлдсэнийхээ дараа хэдэн кг жинтэй ачааг бэлдсэн талаар мэдээлэл гардаг учраас манифестийг түрүүлж хэвлэж гаргах ямар ч бололцоо байгаагүй...Хэдий хэр ачааг ачих талаар тооцоолол гарсны дараа манифестээ хэвлэдэг...17 нэр төрлийн ачаагаа бүрдүүлж 12 дугаар сарын 08-ны 16 цагт гааль руу илгээсэн...Жавзмаад манифест өгсөн,...18 цаг 20 минутад онгоц хөөрсөн. 3 цагийн дараа нярав Жавзмаа айр билл барьж орж ирээд энэ ачаа явсан байна гэж хэлсэн би гайхаад биллийг харахад манайд хүлээлгэж өгөөгүй, гаалийн лабораторид шинжилгээний хариу хүлээж байгаа гааль баталгаажуулаагүй ачаа ачигдсан байсан. ...онгоцонд ачаа буруу ачигдсан гэдгийг тэр үедээ мэдэх боломжгүй байсан. Манифест дээр бичигдсэн ачааг ачигдсан гэж ойлгосон, задгай ачаан дунд холиод ачигдсан байх...Өмнө нь ачаа бэлдэхэд гаалийн улсын байцаагч цуг байгаад манифесттэй тулгаж үздэг байсан, ачааг бэлдэж байхад гаалийн улсын байцаагч байгаагүй. Манифест дээр тамга даруулахаар ороход 2 улсын байцаагч байж байсан гэв.

- гэрч Г.Байгалмаа шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: 2021 оны 12 дугаар сарын 08-ны өглөө 08 цаг 30 минутаас 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн өглөөний 08 цаг 30 минут болтол ажил үүргээ гүйцэтгэсэн, энэ өдөр манайд 2 хяналтын байцаагч, 1 гаалийн улсын ахлах байцаагч ажилласан. ОМ7303 онгоцны экспортын ачааны манифестийг урьдчилж гаалийн улсын байцаагчид экспортын диспетчер мэдэгдэх ёстой. Тухайн өдрийн ачааны манифестийг цаг тулгаж гаргаж өгсөн. Манифестийг 2-3 цагийн өмнө бидэнд гарган өгч, гаалийн улсын байцаагчид мэдэгдсэн байх ёстой.17 цаг 40 минутын үед ахлах байцаагч над руу утасдаад ОМ7303 ямар ачаатай байна вэ? мэдээлэл байна уу гэж асуусан. Тухайн үед их ачаалалтай ажиллаж байсан боловч Ө.Болормаа диспетчер дээр очиж ОМ7303 ямар ачаатай байна вэ гэхэд манифест нь гараагүй байна гэж хэлсэн. Диспетчэр ачаалал ихтэй байсан тул би 5-6 минут харж зогсож байгаад өрөөндөө орсон. Ө.Болормаа 18 цаг 15 минутын үед манифестийг хэвлэж оруулж ирсэн. Тэгээд зургийг нь аваад гаалийн ахлах байцаагч руу илгээсэн. Катализаторын хаягдал гэх барааг онгоцонд ачигдсан гэдгийг мэдээгүй. Тухайн онгоцны экспортын ачаанд хяналт тавих цаг хугацааны хувьд бидэнд боломж олгоогүй. Тухайн үед 61.73, 62.44, 62.55 гэсэн тээврийн баримт бүхий ачаануудыг сүлжээгээр хяналт тавихад 12 дугаар сарын 04-ний өдрөөс 07-ны өдрийн хооронд гаальд орсон буюу гаалийн бүрдүүлэлт хийгдсэн байсан. ОМ7303 онгоцны карго манифест ачааны жагсаалтад катализатор хаягдал гэх ачааны манифест шивэгдэж ороогүй байсан. Гаалийн бүрдүүлэлт хийхэд шаардагдах бичиг баримт болон дагалдах бичиг баримтыг иргэн, аж ахуй нэгж өөрсдөө гаргаж өгөөд бичиг баримтыг байцаагч хянаж гаалийн бүрдүүлэлт хийдэг гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримт, хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, гэрч нарын мэдүүлэг зэргийг үнэлээд дараах үндэслэлээр гомдол гаргагчийн гомдлын шаардлага үндэслэлгүй байна гэж дүгнэлээ.

2. Гомдлын үндэслэлт байдал:

2.1. хэрэгт авагдсан нотлох баримтууд:

- Өү Ти корес ХХК-ийн Катализатор хаягдал гэх 23 хайрцаг 842,2 кг жинтэй, 289-52516170 дугаар агаарын тээврийн бичигтэй барааг Чингис Хаан Олон Улсын Нисэх буудал дахь Гаалийн газрын гаалийн хяналтын бүсийн карго терминал дахь хяналтын хэсэгт 2021 оны 12 сарын 06-ны өдөр мэдүүлж гаалийн хяналтад авсан баримт[1],

- "М" ТӨХК-ийн экспорт хариуцсан диспетчер Ө.Болормаагийн 2021 оны 12 сарын 08-ны өдөр 17 барааг барааны кодоор бичсэн гар бичмэл[2] /289-52516170 тээврийн бичигтэй бараа бичигдээгүй/,

- "М" ТӨХК-ийн 2021 оны 12 сарын 08-ны өдрийн УБ-Сөүл чиглэлийн ОМ7303 аяллын дугаартай ачааны онгоцонд тээвэрлэх ачааны AIR MAII MANIFEST[3] /ОМ7303 аялалын дугаартай онгоцны ачааны жагсаалтад 17 барааны код, нэрийг бичсэн, уг жагсаалтад 289-52516170 тээврийн бичигтэй бараа бичигдээгүй/,

-гэрч, М ТӨХК-ийн экспортын диспетчер Ө.Болормаагийн шүүх хуралдаанд өгсөн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр УБ-Сөүл чиглэлийн онгоцны ачааг 1 цагаас эхлэн бэлдсэн, экспорт заал маш хариуцлагагүй байсан, гаднаас олон тонн ноолуур оруулж байгаа тул ачаа багтахгүй байна гэсэн, тэндээс ачааг гаргаж байсан...23 хайрцаг барааг хүн явах зам дээр шахуу 2 подон дээр өрчихсөн байхаар энэ ачаа явахгүй шүү гэж хэлсэн, Мөнхсайхан тухайн ачааг өргөж тавиурын доор нь тавьсан. НУБИЭ ХХК-ийн нярав Л.Жавзмаа дуудаад ирээгүй, сүүлд нь ирсэн. Барааг бэлдээд онгоцонд ачуулаад дуусах үед намайг яаралтай мэдээ өг гээд дуудахад нь үлдсэн ачаагаа чеклээд, чиглэлийг нь сайн хараад бэлдүүлж бай гэж Л.Жавзмаад хэлээд явсан, яарч байсан болохоор Л.Жавзмаад манифестийн 1 хувийг нь өгөөгүй... Би манифестээ албан ёсны бланк дээр хэвлээгүй, гар нооргоор 2 хувь бичсэн, ...буцаад ирэхэд ачаа ачаад дууссан байсан... 23 хайрцаг барааг би зааж ачуулаагүй...18 цаг 20 минутад онгоц хөөрсөн... 3 цагийн дараа нярав Жавзмаа айр билл барьж орж ирээд энэ ачаа явсан байна гэж хэлсэн би гайхаад биллийг харахад манайд хүлээлгэж өгөөгүй, гаалийн лабораторид шинжилгээний хариу хүлээж байгаа гааль баталгаажуулаагүй ачаа байсан...онгоцонд ачаа буруу ачигдсан гэдгийг тэр үедээ мэдэх боломжгүй байсан, задгай ачаан дунд холиод ачигдсан байх... гэсэн мэдүүлэг,

-гэрч, НУБИЭ ХХК-ийн нярав Л.Жавзмаагийн шүүх хуралдаанд өгсөн 2021 оны 12 сарын 08-ны өдөр ОМ7303 аяллын дугаартай УБ-Сөүл чиглэлийн ачааны онгоцонд ачигдан явах ачааны манифестыг М-ын диспетчер бичиж өгөөгүй тул ямар ачааг гаргах талаар мэдээлэл байгаагүй... ноолуур жинлэж дуусаад талбай руу очиход М-н диспетчер Болормаа зөрөөд мэдээ гарна гээд орохдоо заалнаас гарчихсан байгаа энэ ачаанууд бүгд задгай ачигдана, та нар шалгаад ачуулж байгаарай гээд орсон боловч ирээгүй, би агуулахаас гаргаж тавьсан ачааг ачуулсан...гадаа байсан картон хайрцагтай 23 ширхэг ачааг ачуулсан, агуулахаас хэн гаргасныг мэдээгүй... Би өөрөө очиж Болормаа эгчээс манифестийг 20-21 цагийн үед авсан, баримт бичигтэй тулгаж шалгаад ноорог дээр бичиж ачуулсан 2952516170 дугаартай 23 ширхэгтэй ачаа бичигдээгүй байсан... гэсэн мэдүүлэг,

-гэрч Л.Батхуягийн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр ажилдаа гарахад ...континер хүрэлцэхгүй буцааж оруулсан гээд шал, тавиураар дүүрэн ачаа байсан. Гадаа 230 ноолуур ирчихсэн байсан. Мандах дарга 18 цагийн ачааг бэлдүүлэхээр континер бэлдүүлсэн...Агуулахаас гаргах барааг Ө.Болормаа, Л.Жавзмаа хоёр хамт байж байгаад заасан, 2 континер авчраад Ө.Болормаа 3 ачигч дууд гээд бид ачааг бэлдсэн, 3 ачигч ирээд агуулахаас гаргасан барааг ачсан. Би ачааг ачихад байгаагүй. Надад ийм ачаа гаргахгүй, тэр тавиурт хий гэж хэлсэн гээд байна, хэрэв надад тийм зүйл хэлсэн бол би гаргахгүй байсан. Би тэр ачааг хараагүй, зааланд байж байгаад холилдоод гарсан байх. Ө.Болормаа Сөүлийн бүх бараа гарна шүү гэж хэлж байсан... гэсэн мэдүүлэг,

-гэрч, Гаалийн улсын байцаагч Г.Байгалмаагийн шүүх хуралдаанд өгсөн ...ОМ7303 онгоцны экспортын ачааны манифестийг урьдчилж гаалийн улсын байцаагчид экспортын диспетчер мэдэгдэх ёстой. Тухайн өдрийн ачааны манифестийг цаг тулгаж гаргаж өгсөн. 17 цаг 40 минутын үед ахлах байцаагч над руу утасдаад ОМ7303 ямар ачаатай байна вэ? мэдээлэл байна уу гэж асуусан. Ө.Болормаа диспетчер дээр очиж ОМ7303 ямар ачаатай байна вэ гэхэд манифест нь гараагүй байна гэж хэлсэн. Ө.Болормаа 18 цаг 15 минутын үед манифестийг хэвлэж оруулж ирсэн. Тэгээд зургийг нь аваад гаалийн ахлах байцаагч руу илгээсэн. Катализаторын хаягдал гэх барааг онгоцонд ачигдсан гэдгийг мэдээгүй. Тухайн онгоцны экспортын ачаанд хяналт тавих цаг хугацааны хувьд бидэнд боломж олгоогүй. Тээврийн баримт бүхий ачаануудыг сүлжээгээр хяналт тавихад 12 дугаар сарын 04-ний өдрөөс 07-ны өдрийн хооронд гаальд орсон буюу гаалийн бүрдүүлэлт хийгдсэн байсан. ОМ7303 онгоцны карго манифест ачааны жагсаалтад катализатор хаягдал гэх ачааны манифест шивэгдэж ороогүй байсан... гэсэн мэдүүлэг,

зэрэг нотлох баримтуудаар НУБИЭ ХХК-ийн ХХК-ийн гаалийн баталгаат агуулахад хадгалагдаж байсан Өү Ти корес ХХК-ийн 2021 оны 12 сарын 06-ны өдөр гаалийн мэдүүлгээр мэдүүлж, гаалийн хяналтад авсан 289-52516170 агаарын тээврийн бичигтэй, Катализатор хаягдал гэх 842,2 кг жинтэй, 23 хайрцаг барааг гаалийн хилээр гаргах зөвшөөрлийг гаалийн байгууллагаас олгоогүй байсан, мөн М ТӨХК-ийн экспортын диспетчер Ө.Болормаа нь 2021 оны 12 сарын 08-ны өдөр УБ-Сөүл чиглэлийн ОМ7303 аяллын дугаартай онгоцны ачааны жагсаалтыг НУБИЭ ХХК-ийн нярав Л.Жавзмаад өгөөгүй, Ө.Болормаа нь ...гадаа талбайд байгаа бүх ачаа ачигдана, шалгаад ачуулж байгаарай... гэж бараа ачуулах зааврыг Л.Жавзмаад өгсөн, гаалийн агуулахаас гаргаж гадаа талбайд тавьсан байсан Катализатор хаягдал гэх 842,2 кг жинтэй, 23 хайрцаг ачааг Л.Жавзмаа нь Ө.Болормаагийн зааврын дагуу М ТӨХК-ийн ОМ7303 аяллын дугаартай онгоцонд ачуулсан, уг ачааг ОМ7303 аяллын онгоцоор тээвэрлэсэн болох нь тогтоогдож байна.

2.2. Гаалийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6-д тээвэрлэгч гэж хилээр бараа, зорчигч нэвтрүүлэх, эсхүл гаалийн нутаг дэвсгэрт гаалийн хяналт дор тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхлэх этгээдийг ойлгоно гэж, 35 дугаар зүйлийн 35.3-т Улс хооронд агаарын тээврийн хэрэгслээр бараа тээвэрлэсэн тээвэрлэгч нь дараахь бичиг баримтыг гаалийн байгууллагад гаргаж өгнө: 35.3.4. ачааны жагсаалт /карго манифест/, 36 дугаар зүйлийн 36.1-д Энэ хуулийн 35 дугаар зүйлд заасан бичиг баримтыг үндэслэн ачааны манифест үйлдэнэ. гэж, 37 дугаар зүйлийн 37.1-д Тээвэрлэгчээс бараатай холбогдсон мэдээлэл, бичиг баримтыг хүлээн авмагц гаалийн байгууллага барааг нь гаалийн хяналтын бүсэд буулгах, эсхүл шилжүүлэн ачих шийдвэр гаргана. гэж, 38 дугаар зүйлийн 38.1-д Тээвэрлэгч энэ хуульд заасны дагуу барааг гаалийн хяналт дор тээвэрлэнэ. гэж, 38.2-т Тээвэрлэгч дараахь үүрэг хүлээнэ: 38.2.2.барааг гаалийн байгууллагын зөвшөөрөлтэйгээр ачих, буулгах, шилжүүлэн ачих, бусдад шилжүүлэх, 38.2.7.улсын хилээр нэвтрүүлэх барааны талаархи шаардлагатай мэдээллийг урьдчилан гаалийн байгууллагад гаргаж өгөх гэж, 53 дугаар зүйлийн 53.1-д Гаалийн мэдүүлэг, гаалийн бүрдүүлэлтийн бичиг баримтыг үндэслэн гаалийн нутаг дэвсгэрээс гаргах бараанд гаалийн хяналт, шалгалт хийсний дараа гаалийн хяналт дор ачина. гэж, 54 дүгээр зүйлийн 54.1-д Тээвэрлэгч нь улсын хилээр гаргах барааг гаалийн зорилгоор хийсэн тэмдэглэгээнд өөрчлөлт оруулалгүй гаалийн хяналт дор тээвэрлэнэ гэж тус тус заажээ.

Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны А/275 дугаар тушаалаар баталсан Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавих журам-ын 6.1-д Гаалийн байгууллагад мэдүүлсэн гаалийн хилээр гаргах бараа, тээврийн хэрэгслийг гаалийн хяналтын бүсэд оруулсан үеэс гаалийн хяналтад авна, 6.19-д Гаалийн бүрдүүлэлтийн программд гаалийн мэдүүлэг Гааль зөвшөөрөв төлөвт ороход манифест гаалийн автоматжуулсан системээс цахим хэлбэрээр үүснэ, гэж

Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны А/281 дүгээр тушаалаар баталсан Ачааны манифест нөхөн бичих, хянах, бүртгэх журам-ын 1.2-т Хилээр нэвтрүүлэх тээврийн хэрэгслийн бүртгэл, бараа, тээврийн хэрэгслийн манифестыг гаалийн байгууллагаас итгэмжлэл авсан тээвэрлэгч тээврийн хэрэгсэл, чингэлэг тус бүрт  нөхөн бичиж, барааг тээвэрлэнэ., 7.1.Тээвэрлэгч хилээр гаргах барааг гаалийн мэдүүлгийг үндэслэн гаалийн хяналтын дор тээвэрлэж, хилийн гаалийн байгууллагын хяналтын бүсэд оруулна. 7.7.Хилийн гаалийн байгууллагын гаалийн хяналт, шалгалт хариуцсан гаалийн улсын ахлах байцаагч бүртгэл, манифестын програмд Зөвшөөрөх үйлдэл хийж бараа, тээврийн хэрэгслийг гаалийн хилээр гаргах зөвшөөрөл өгнө. гэж тус тус журамласан байна.

2.3. М ТӨХК нь 2021 оны 12 сарын 08-ны өдөр Улаанбаатар-Сөүл чиглэлийн ОМ7303 аяллын дугаартай онгоцоор ачаа тээвэрлэхдээ Гаалийн тухай хууль, Гаалийн ерөнхий газрын даргын тушаалаар баталсан Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавих журам, Ачааны манифест нөхөн бичих, хянах, бүртгэх журмын дээр дурдсан заалтуудыг зөрчин Өү Ти корес ХХК-ийн гаалийн хяналтад байсан Катализатор хаягдал гэх 842,2 кг жинтэй, 23 хайрцаг барааг гаалийн байгууллагын зөвшөөрөлгүйгээр гаалийн хилээр гаргаж тээвэрлэсэн зөрчил үйлдсэн нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, зөрчилд холбогдогч, гэрч нарын мэдүүлэг зэргээр нотлогдож байна.

2.4. Зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий этгээд Ц.Э нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1-т Эрх бүхий албан тушаалтан энэ хуульд заасны дагуу зөрчил шалгах ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулж, бэхжүүлнэ., 4.8 дугаар зүйлийн 1-д Эрх бүхий албан тушаалтан зөрчил гарсан байдлыг тодруулах, зөрчил шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий баримт, мэдээллийг олох зорилгоор мэдүүлэг авна. 7.1 дүгээр зүйлийн 1-т Эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулахдаа дараахь нөхцөл байдлыг тогтоосон байна: 1.1.тухайн хүн, хуулийн этгээдийн зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн эсэх, 7.2 дугаар зүйлийн 1-т Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах шийдвэр нь шийтгэлийн хуудас хэлбэртэй байна. гэж тус тус заасны дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж, зөрчилд холбогдогч нараас мэдүүлэг авч, нотлох баримтыг цуглуулж, нөхцөл байдлыг тогтоосон байна.

Хариуцагч зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, М ТӨХК зөрчил үйлдсэн нь тогтоогдсон байх тул гомдол гаргагчийн Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэлд 2 холбогдогчийн зөрүүтэй мэдүүлэг, тайлбарын үнэн зөв, бодит байдал, харилцан хамаарлыг бүрэн тогтоогоогүй, зөрчлийн хавтаст хэрэгт байгаа М ТӨХК-ийн экспортын диспетчер Ө.Болормаагийн мэдүүлэг, тайлбарыг тэмдэглэл дээр ташаа бичсэн байх бөгөөд тэмдэглэлд дурдсанчлан Ө.Болормаа нь амаар зааварчилгаа өгсөн талаар мэдүүлэг тайлбар өгөөгүй, манифестийг гарган өгсөн байсан, М ТӨХК-иас НУБИЭ ХХК-нд агуулахаас экспортод гарах ачаа, барааны жагсаалтыг өгч, НУБИЭ ХХК-ийн нярав агуулахаас гарах ачаан дээрээ хяналт тавьж гаргах үүргээ биелүүлээгүй. Энэ талаар тэмдэглэлд тусгагдаагүйгээс гадна зөрчлийн хэрэгт энэ талаарх баримт авагдаагүй, Ө.Болормаа манифестийг бэлдэж НУБИЭ ХХК-ийн нярав Л.Жавзмаад өгсөн байхад манифест бэлдээгүй хэмээн үйлдэгдээгүй зөрчилд буруутгасан. Гаалийн хяналтад байсан ачаа яагаад экспортын буюу ачаа гаргах хэсэгт байсан. Үүнд НУБИЭ ХХК-ийн агуулахын нярав хяналт тавих үүргээ хэрхэн биелүүлсэн талаар шалгаж тогтоогоогүй гэх гомдол, тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Харин гомдол гаргагчийн Гаалийн байгууллага тодорхой хэмжээний зохион байгуулалт тавьж, гаалийн хилээр гарч байгаа бараанд хяналт тавьж, гаалийн хилээр зөвшөөрөлгүй бараа бүтээгдэхүүн гаргахгүй байх нөхцөл боломжийг бүрдүүлж ажилласан бол энэ асуудал үүсэхгүй байсан... гэх тайлбарыг хариуцагч, гэрч нар үгүйсгээгүй, гэрч нар экспортын заал бараагаар дүүрсэн,... ачаа багтахгүй байсан, ачааг зөөж гаргасан... ачааг бэлдэж байхад гаалийн байцаагч байгаагүй, ирээгүй... хэмээн мэдүүлсэн байх тул энэ талаар хариуцагч, гаалийн байгууллага нар цаашид анхаарах шаардлагатай байгааг дурдах нь зүйтэй гэж үзлээ.

2.5 Зөрчлийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д Энэ хуулийн зорилго нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцох, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах замаар шударга ёсны тогтолцоог бэхжүүлэхэд оршино., 1.2 дугаар зүйлийн 2-т 2.Зөрчил, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээг энэ хуулиар тогтооно., 3.1 дүгээр зүйлийн 2-т 1.Шийтгэлийн зорилго нь хүн, хуулийн этгээдийг зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх, зөрчил үйлдсэн тохиолдолд хариуцлага хүлээлгэх, шударга ёсыг тогтооход оршино., Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 11.21 дүгээр зүйлийн 6-т Гаалийн хяналтад байгаа барааг гаалийн байгууллагын зөвшөөрөлгүй олгосон, гаалийн хилээр гаргасан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. гэж заасны дагуу гаалийн хяналтад байсан барааг гаалийн байгууллагын зөвшөөрөлгүйгээр гаалийн хилээр гаргаж, тээвэрлэсэн зөрчил үйлдсэн М ТӨХК-д 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулсан нь Зөрчлийн тухай хуулийн зорилго, шийтгэл оногдуулах үндэслэл, журамд тус тус нийцсэн байна гэж шүүх дүгнэлээ.

Иймд М ТӨХК-ийн Чингис хаан Олон улсын нисэх буудал дахь Гаалийн газрын Гаалийн зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэх албаны Гаалийн улсын байцаагч Ц.Эын 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 0012635 дугаартай "Зөрчилд шийтгэл оногдуулах тухай" шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зөрчлийн тухай хуулийн 1.2 дүгээр зүйлийн 2, 3.1 дүгээр зүйлийн 2, 11.21 дүгээр зүйлийн 6 дахь хэсэг, Гаалийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан М ТӨХК-ийн Чингис хаан Олон улсын нисэх буудал дахь гаалийн газрын Гаалийн зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэх албаны Гаалийн улсын байцаагч Ц.Эын 2021 оны 12 сарын 27-ны өдрийн 0012635 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.1, 113.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

ШҮҮГЧ Ч.ОДСҮРЭН

 

 

 


 

 

[1] Хавтас хэргийн 68 дахь тал,

[2] Хавтаст хэргийн 53 дахь тал

[3] Хавтаст хэргийн 65 дахь тал,