Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 2024/ШЦТ/135

 

 

 

 

 

 

 

 

 2024          02          14                                    2024/ШЦТ/135

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч И.Ганбат даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго, улсын яллагч Д.Итгэл, хохирогч *****, иргэний нэхэмжлэгч, хариуцагч *****, шүүгдэгч *****, түүний өмгөөлөгч Г.Энхжавхлан нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн *****д холбогдох эрүүгийн 2303007430002 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, *** оны *** дугаар сарын ***-ний өдөр, *** хотод төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, *** ХХК-д жолооч, ам бүл ***, ээжийн хамт ****** тоотод оршин суух, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ***** (***).

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ***** нь *****өргөн чөлөө, *********** урд замд 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 18 цаг 25 минутын орчим ***** улсын дугаартай автомашиныг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. мөн дүрмийн 15.1. Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа явган зорчигч, мөн унадаг дугуйн зам буюу эгнээний огтлолцлоор хөндлөн гарч яваа унадаг дугуй, мопедод зам тавьж өгнө. гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч *****ыг мөргөж эрүүл мэндэд нь бүсэлхийн 5 дугаар нугалам, ууц 1 дүгээр нугалмын жийргэвчийн фиброзон цагирагийн урагдал, жийргэвчний цүлхийлт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***** “...Би 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр ажлаа хийж яваад энхтайваны гүүрний урдах уулзвар дээр эргэх хөдөлгөөн хийх үедээ өөрийн анхаарал болгоомжгүй үйлдэл гаргаж иргэн Отгончулууны биед гэмтэл учруулсан. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа.” гэв,

 

Хохирогч “...Би 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр ажлаасаа тарж яваад машинд мөргүүлсэн. Тэр үедээ нуруу нугасны гэмтэл авсан. Үүнээс гарсан хохирол гэхээр би өөрөө ангаахын оюутан, тэр үед сэргээх засах эмчилгээний хичээл орж байсан болохоор багш нараараа эмчлүүлсэн дараа нь 14 хоногийн дараа бариа засалд явсан. Энэ бүгдийг нэхэмжлэх боломжгүй учраас нэхэмжлээгүй. Би сэтгэл санаагаар маш их унасан. 21 хоног хичээлдээ явж чадахгүй хэвтрийн байдалтай байсан. 21 хоногийн хичээл тасарсан байгаа, би одоо хичээлээ нөхөж чадах уу, төгсөх үү үгүй дээрээ тулсан байгаа. Нууц нурууны гэмтэл авсан учраас 3 кг жингээс дээш зүйлийг өргөж болохгүй гэж хэлсэн. Залуу гэр бүлийн хувьд 3 жил дотроо жирэмслэх боломжгүй гэж хэлсэн. Шүүгдэгч 4.593.000 төгрөгийн талаар сонсоогүй гэж байна. Би  байтугай төлбөр мөнгө гарна гэж хэлж байсан. Миний хувьд дахин сэргээн засах эмчилгээнд орох шаардлагатай байгаа. гэв.

 

Иргэний нэхэмжлэгч, хариуцагч: “...Тухайн авто машиныг 2022 оны 01 сард авсан байдаг. Авто машины хувьд эвдрэл гэмтэл байгаагүй. Тухайн авто машиныг Дамдинсүрэн ашигладаг байсан. Дамдинсүрэнгээс нэхэмжлэх зүйл байхгүй гэв.

 

Хоёр. Эрүүгийн 2303007430002 дугаартай хэргээс:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч ***** хохирогчоор өгсөн “...2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 14 цагт Чингэлтэй дүүргийн 6-р хорооноос гараад гэртээ харихаар явсан. Тэгээд тухайн үед автомашины хөдөлгөөний нягтрал ихтэй түгжрэлтэй байхаар нь явган явахаар шийдээд алхаад явсан. Тэгээд Энхтайвны гүүрний баруун талын явган хүний замаар хойноосоо урагшаа даваад явганаар явж байгаад *****урд замын явган хүний явахад зориулагдсан хэсгээр хойноосоо урагшаа чиглэлтэй явганаар алхаад явж байх үед хойноосоо ирээд баруун гар тийш эргэж байсан автомашин миний хойд хэсгээс буюу нуруу орчим руу ирж мөргөсөн.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 14 дэх тал),

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад *****ы иргэний хариуцагчаар өгсөн:

“...Манай байгууллага энэ ***** улсын дугаартай автомашиныг 2022 оны 01 дүгээр сард худалдан аваад Арж капитал ХХК-ний албан ажилд унаж хэрэглэдэг. Байгууллагын автомашин болохоор албан ажилд унаж хэрэглэдэг. Уг автомашиныг манай захИрлын жолооч *****гээс өөр хүн жолооддоггүй юм.” гэсэн мэдүүлэг (хавтас хэргийн 21 дэх тал),

 

ШШЕГ-ын шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 13989 дугаартай:

“...*****ы биед бүсэлхийн 5 дугаар нугалам, ууц 1 дүгээр нугалмын жийргэвчийн фиброзон цагирагийн урагдал, жийргэвчний цүлхийлт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэсэн дүгнэлт (хавтас хэргийн 42-43 дахь тал),

 

          Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах газрын Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч М.Содномбаяр 2023.12.18-ны өдрийн 1336 дугаартай “...1. ***** улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч ***** нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. мөн дүрмийн 15.1. Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа явган зорчигч, мөн унадаг дугуйн зам буюу эгнээний огтлолцлоор хөндлөн гарч яваа унадаг дугуй, мопедод зам тавьж өгнө. гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

2. Явган зорчигч ***** нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн байх үндэслэлгүй байна.” гэх мөрдөгчийн магадалга (хавтаст хэргийн 44-46 дахь тал)

 

3ам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 5-10 дахь тал),

 

Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 11 дэх тал),

 

          Автотээврийн үндэсний төвийн Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн дүгнэлт (хавтаст хэргийн 51-55 дахь тал),

 

Жолоочийн нэгдсэн сан, автотээврийн хэрэгслийн нэгдсэн сангийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 32, 38 дахь тал),

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчоос *****-ийн эмнэлгийн нэхэмжлэх 1 хуудас, Мед траума эмнэлгийн үйлчилгээ авсан төлбөрийн баримт 1 хуудас, Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан туламж үйлчилгээний мэдээлэлийн лавлагаа 1 хуудас,

Шүүгдэгчээс Арж капитал ХХК-ийн цалингийн тодорхойлолт 1 хуудас, хөдөлмөрийн гэрээ, албан тушаалын тодорхойлолт зэрэг хэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Тухайн хэргийн хувьд мөрдөн шалгах ажиллагаанууд бүрэн хийгдэж хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд *****д гэм буруугийн асуудлыг хэлэлцэн, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.  

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

1. Шүүгдэгч ***** нь *****өргөн чөлөө, *****урд замд 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 18 цаг 25 минутын орчим ***** улсын дугаартай автомашиныг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. мөн дүрмийн 15.1. Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа явган зорчигч, мөн унадаг дугуйн зам буюу эгнээний огтлолцлоор хөндлөн гарч яваа унадаг дугуй, мопедод зам тавьж өгнө. гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч *****ыг мөргөж эрүүл мэндэд нь бүсэлхийн 5 дугаар нугалам, ууц 1 дүгээр нугалмын жийргэвчийн фиброзон цагирагийн урагдал, жийргэвчний цүлхийлт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч, шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар мэдүүлсэн мэдүүлгүүд,

ШШЕГ-ын шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 13989 дугаартай дүгнэлт (хавтас хэргийн 42-43 дахь тал),

3ам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 5-10 дахь тал),

Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 11 дэх тал),

          Автотээврийн үндэсний төвийн Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн дүгнэлт (хавтаст хэргийн 51-55 дахь тал) зэрэг болон хавтас хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдал, авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчин хүний эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулж буй гэмт үйлдэл, хохирол хоёрын хооронд шалтгаант холбоо байна.  

 

Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулах гэмт хэрэг нь жолооч авто тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож, улмаар хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, тогтоомжийг зөрчих үйлдэл хууль бус гэдгийг өөрөө ухамсарлаж, хууль бус үйлдлийн улмаас нийгэмд аюултай хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж байсан боловч түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцож, хор уршгийг хүсээгүй боловч бий болгосон буюу бусдын эрүүл мэндэд “хүндэвтэр” хохирол учруулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

 

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. мөн дүрмийн 15.1. Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа явган зорчигч, мөн унадаг дугуйн зам буюу эгнээний огтлолцлоор хөндлөн гарч яваа унадаг дугуй, мопедод зам тавьж өгнө. гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. 

 

Тээврийн прокурорын газраас шүүгдэгч *****гийн дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Улсын яллагчаас гэм буруугийн хуралдаанд “...шүүгдэгч *****г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналыг шүүхэд гаргаж байна. Шүүгдэгч *****д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай. Хохирол төлбөр хувьд мөрдөн байцаалтын шатанд хохирогчоос баримт гаргаж өгөөгүй. Өнөөдөр хохирогчоос гаргаж өгсөн баримтуудтай холбоотой зардлыг төлсөн гэж үзэж байна. Сэтгэцэд учирсан хохирлыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 15 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож олгох нь зүйтэй гэж үзэж байна. гэсэн санал дүгнэлтийг гаргасан.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч *****гийн хууль ёсны эрх ашгийг хамгаалж оролцож байна. Гэм буруу дээр маргаагүй. Хохирогчоос 4.593.000 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилж байна. Баримтаар шүүгдэгчийн зүгээс 753.000 төгрөгийг төлсөн, өнөөдөр бэлнээр 1.000.000 төгрөгийг өгсөн. Хохирогчийн нэхэмжилсэн төлбөрийг төлсөн гэж үзэж байна. Шүдний аппаратын 3.800.000 төгрөгөөр хийх гэдэг дээр заавал хийх ёстой гэсэн төлбөрийн баримт байхгүй байна. Тийм учраас төлөх үндэслэлгүй гэж үзэж байна. Улсын яллагчаас 1.000.000 төгрөгийн торгох ял оногдуулах санал гаргаж байна. Миний үйлчлүүлэгч гэм буруугаа чин санаанаасаа ухамсарлаж гэмшиж байгаа. Тийм учраас 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 3 сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож өгнө үү. Сэтгэцэд учирсан хохирлыг тогтоож өгсөн боловч хохирогчийн сэтгэцэд хохирол учирсан уу гэдгийг тогтоосон баримт байхгүй байна. Тийм учраас сэтгэцэд учирсан хохирлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэж,

 

Хохирогч: “...хэлэх зүйлгүй...” гэж.

Иргэний хариуцагч: Улсын яллагчаас төлбөрийг иргэний хариуцагчаас гаргуулна гэж байгаа нь үндэслэлгүй байна. Цаашид гарах зардлыг иргэний журмаас нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзэж байна. гэж,

Шүүгдэгч: “...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна... гэж тус тус мэтгэлцэв

 

Шүүгдэгч ***** нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.

 

2. Зам тээврийн осол хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдэх бөгөөд шүүгдэгч *****д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэрээр тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагавар буюу хор уршгийн зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад тус тус заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал тооцож, эрүүгийн хариуцлагын талаарх прокурор, өмгөөлөгч нарын гаргасан саналын харгалзан шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

Шүүхээс шүүгдэгч *****д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар торгох ялын шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй. 

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар А.Нурланд оногдуулсан торгуулийн ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэв.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, “гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлсон.

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч *****ы биед бүсэлхийн 5 дугаар нугалам, ууц 1 дүгээр нугалмын жийргэвчийн фиброзон цагирагийн урагдал, жийргэвчний цүлхийлт гэмтэл нь Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр хохирол учруулсан, хохирогчийн эмчилгээний зардалд баримтаар эмнэлгийн үйлчилгээ, шинжилгээ, зардал бусад эд зүйлс, эмнэлгийн тусламж үйлчилгээний байгууллагын нэхэмжлэл зэргээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нийт  4.593.000 төгрөгийн баримтыг шүүхэд гаргасан ба шүүгдэгч нь хохирогчийн эмчилгээ үйлчилгээний зардалд 1.400.000 сая төгрөгийг төлснийг хохирогч үгүйсгээгүй байна.

 

Шүүхээс гэмт хэргийн улмаас учирсан гэм хорин хохирол төлбөрт нотлох баримтын шаардлага хангасан эмнэлгийн тусламж үйлчилгээ бодитоор авсан зардалд шүүгдэгчийг төлсөн гэж үзэж гаргуулах хохирол төлбөргүй гэж үзлээ.

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Захиргааны хэм хэмжээний актыг үндэслэн хохирогч *****ы сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг 3 дугаар зэрэглэлээр тогтоосон байх ба хохирогч дээрх зэрэглэлийг хүлээн зөвшөөрсөн нь хавтаст хэргийн 73 дахь талд авагджээ.

Тухайн гэмт хэрэг хэргийн гарсан цаг хугацаанд мөрдөгдөж байгаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг насанд хүрсэн хүний сэтгэцэд сэтгэцэд учирсан хохирол, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг арван гурав дахин нэмэгдүүлэн тооцож /550.000х13=7.150.000/ нийт 7.150.000 (долоон сая нэг зуун тавин мянга) төгрөгөөр хохирлыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт зааснаар ...Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ...гэсний дагуу ***** нь *****-тай 2023 оны 10 дугаар сарын 28-ний өдрөөс хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаа талаарх баримтуудаар тогтоогдож байх түүний бусдад учруулсан хохирлыг ***** нь хариуцан төлөх үүрэгтэй.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг,  505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.4 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч *****-аас 7.150.000 (долоон сая нэг зуун тавин мянга) төгрөгийг гаргуулж хохирогч *****д олгох нь зүйтэй.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт *****-ийн шүдний нэхэмжлэхийг шүүх хэлэлцэхгүй орхин гэмт хэргийн улмаас учрах гэм хор, уршиг, цаашид гарах эмчилгээ, үйлчилгээний хохирол төлбөрөө нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээв.

 

Эрүүгийн 2303007430002 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. *****г Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч *****д оногдуулсан 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *****д нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.4 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч *****-аас 7.150.000 (долоон сая нэг зуун тавин мянга) төгрөгийг гаргуулж хохирогч *****д олгосугай.

 

6. Хохирогч ***** нь цаашид гарах эмчилгээний зардлын нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.

 

7. Энэ хэрэгт шүүгдэгч ***** нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг хураагдаж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэх эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *****д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай. 

 

9. Тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      И.ГАНБАТ