Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 2024/ШЦТ/113

 

 

 

 

 

 

 

  2024         02         02                                       2024/ШЦТ/113

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч И.Ганбат даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Жавхлан, улсын яллагч Б.Энх-Амгалан, шүүгдэгч **********, түүний өмгөөлөгч У.Батцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн **********холбогдох эрүүгийн 2210000000905 дугаартай хэргийг энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *** оны *** дугаар сарын ***-ний өдөр Дорнод аймагт төрсөн, 45 настай, яс үндэс халх, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл *** оршин суух хаяггүй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд *********** 4 удаагийн ял шийтгэлтэй тус тус шийтгүүлсэн ********** (РД:*****),

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ********** нь **********-ний өдөр хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу **********тоотод нэвтэрч, Samsung брэндийн 32 инчийн телевизорыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлан 250,000 (хоёр зуун тавин мянга) төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,

Мөн **********-ний өдөр ********** хорооны нутаг дэвсгэр Туул голын эрэг дээр сууж байсан хохирогч **********ийн эд зүйл бүхий гар цүнхийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэн 680,000 (зургаан зуун наян мянга) төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг: 

 

Шүүгдэгч ********** “....********** хамтран амьдраад 3 жил болж байсан. Тэгээд архи ууж байгаад ийм хэрэг хийсэн. ...Төлөөгүй байгаа, төлөхөө илэрхийлж байгаа,

            ...Дээрэмдэх гэмт хэргийн хохирогчтой хамт архи ууж байсан. ...архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэснээс болсон. хохирогчийн цүнхийг буцааж өгсөн” гэв.

 

Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

**********-ний өдөр **********тоотод нэвтэрч, Samsung брэндийн 32 инчийн телевизорыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлан 250,000 (хоёр зуун тавин мянга) төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн тухайд:

 

Хяналтын камерт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл (хавтаст хэргийн 27 дахь тал),

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 28-32 дахь тал),

 

Хохирогч **********ын “...Би 2019 оноос хойш Сонинхүү гэдэг хүнтэй хамт амьдарсан юм. Сонинхүү архины хамааралтай, өмссөн хувцас, гар утсаа архинаас өгдөг байсан юм. Явахдаа Сонинхүүд гэрийн түлхүүрээ өгөхгүй, чи 41 дүгээр байрны подволд байж байгаарай гээд түлхүүрээ өгөөд хувцсыг нь үлдээсэн юм. Тэгээд манай ихэр Мөнхжаргал над руу залгаад танай цонхоор хулгай ороод зурагт болон хөлдөөгч дотор байсан мах, орон дээр байсан зарим хувцас байхгүй байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 37-39 дэх тал),

 

Гэрч ********** “...Өнөөдөр 11,12 цагийн үед орж ирсэн чинь орц руугаа харсан цонх нь онгорхой, өрөөний дотор байсан зурагт, хөргөгч дотор байсан мах, буйдан дээр байсан хувцас зэрэг хулгайд алдагдсан байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 41 дэх тал),

 

Гэрч **********гийн “...Би байрных нь гадаа байсан Сонинхүү байрныхаа цонхоор ороод тэгээд намайг дуудахаар нь би байрных нь орцных нь хаалгыг татахад Сонинхүү 2 ууттай юм чулуудахаар нь авсан. Дотор нь хувцаснууд, аарц, мах байсан. Тэгээд Сонинхүү араас зурагт болон тортой жижиглэсэн ууттай мах аваад гараад ирсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 44-45 дахь тал),

 

Хөрөнгийн үнэлгээний “Сүлд үнэлгээ” ХХК-ийн 2022 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн ТХҮ-22/0169 дугаартай “...зурагтын үнэлгээ 250,000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 56-59 дэх тал),

**********-ний өдөр ********** хорооны нутаг дэвсгэр хохирогч **********ийн эд зүйл бүхий гар цүнхийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 680,000 (зургаан зуун наян мянга) төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн тухайд

 

Хохирогч **********ээс Цагдаагийн байгууллагад гаргасан гомдол (хавтаст хэргийн 111 дэх тал),

 

Хохирогч **********ийн “...би 2022 оны 7 дугаар сарын 14-ний өдөр найз Мандалбаяртай гэрийн гадаа уулзаад хамт Оргил супермаркет орж юм авчхаад Туул голын эрэг дээр очсон. Тухайн 3-н залуугийн нэг нь манай найз руу ахаа архинаасаа өгөөч гэж гуйхаар нь өөрсдийн авсан 0,5 литрийн архинаас хувааж өгөөд сууж байтал тухайн залуучуудын нэг нь миний хажууд уутанд хийчихсэн байсан цүнхийг ууттай нь шүүрээд булаагаад гүйсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 120-121 дэх тал),

 

Хөрөнгийн үнэлгээний “Сүлд үнэлгээ" ХХК-ийн 2022 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн ТХҮ-22/0168 дугаартай “...алдагдсан зүйлийн үнэлгээ 680,000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 125-128 дахь тал),

         

          Эд зүйлийг хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл (хавтаст хэргийн 112-115 дахь тал)

 

Яллагдагчаар ********** мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2019 оноос хойш Энхжаргал гэдэг хүнтэй Хан-Уул дүүргийн 1-р хороо 24- р байрны 0 тоотод хамтран амьдарч байгаа юм. 2010 оноос хойш архины хамаараалтай болсон ба манай хамтран амьдрагч Энхжаргал 07 сарын эхээр Архангай аймгийн Тариат сум руу явахдаа надад гэрт биш 41-байрны подвалд байж байгаарай гэж хэлээд подвалын түлхүүр өгсөн юм. Би 2022 оны 07 сарын 12-ны өдөр зүс таних Доржсүрэнтэй Саппоро дээр таараад Хан-Уул дүүргийн 2-р хороо 19-ын автобусны буудал дээр автобуснаас буугаад хүрэл хөшөөний ойролцоо хэдэн хүмүүстэй таараад архи ууж дуусаад тэгээд би Доржсүрэнг дагуулаад манай гэрлүү явий гэж дагуулж явж байгаад байрны гадаа үлдээгээд би 24-р байрныхаа жижиг цонхоор орж , хананд өлгөөтэй байсан 32 инчийн самсунг маркийн зурагт болон хөргөгчөөс цагаан өнгийн жижиглэсэн 3 уут мах болон дээр нь махан дээрээ орон дээр байсан хувцас хийгээд аваад гарч яваад 120 автобусны буудал дээрээс саарал өнгийн приүс-20 маркийн автомашинаар таксидаад хороолол орчмоор ломбард олдохгүй болохоор нь модны хоёрын автобусны буудал дээр очоод таксины жолоочид 40.000 төгрөгөөр зараад, тэгээд би таксигаа явуулчхаад, дээшээ өгсөөд Доржсүрэнтэй хамт цайны газар ороод 2 ууттай махаа 40.000 төгрөгөөр зараад бид хоёр такси бариад ХУД-ын 2-р хороо 19 автобусны буудлын хүрэл хөшөөн дээр ирээд ойролцоох дэлгүүрээс нь 2 шил 0.75 литрийн Хараа архи аваад такси бариад Зайсангийн орчим голын урд талд архи ууж байхад хажуу талд нэг ах эгч архи пиво тавьсан ууж байсан ах нь бид хоёрыг дуудахаар нь очоод хамт архи ууж байгаад тэр ах эгч нилээн согтохоор нь би цагаан тортой зүйл эгчийн хажууд байхаар нь би авч зугтаагаад дотор нь байсан бичиг баримтыг нь бургасанд нуугаад, самсунг маркийн 2 камертай утас байхаар нь Хархорин худалдааны төв дээр очоод 70.000 төгрөгөөр өгөөд явсан юм...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 64-65 дахь тал)

 

Шүүгдэгч **********гийн хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа, байнга оршин суугаа хаягийн лавлагаа, гэр бүлийн бүртгэлийг лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас зэрэг баримтууд /хавтас хэргийн 45-49, 60-64 дахь тал/, шүүхийн хэлэлцүүлэгт хохирол төлсөн баримт 1 хуудас баримт зэрэг болно.

 

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд дээрх нотлох баримтуудыг үгүйсгэсэн, няцаасан баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

1. Шүүгдэгч ********** нь **********-ний өдөр хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу **********тоотод нэвтэрч, Samsung брэндийн 32 инчийн телевизорыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлан 250,000 (хоёр зуун тавин мянга) төгрөгийн хохирол учруулсан болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч **********ын мэдүүлэг, шүүгдэгчийн сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлгүүд, мөн тухайн хэргийн талаар мэдүүлсэн гэрч Д.Мөнхжаргал, О.Должинсүрэн нарын мэдүүлгүүд,

Хөрөнгийн үнэлгээний “Сүлд үнэлгээ” ХХК-ийн 2022 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн ТХҮ-22/0169 дугаартай “...зурагтын үнэлгээ 250,000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 56-59 дэх тал) зэрэг хавтас хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хүн амьдрах орон байр, хамгаалсан байр, агуулах нь шүүгдэгчийн хувьд нэвтрэхийг зөвшөөрөгдөөгүй эсвэл тухайн цаг хугацаанд нэвтрэхийг хориглосон орон зай байх ба хориг саад, хамгаалалтыг бусдад мэдэгдэхээр байршуулсан, эсвэл хориг саадтай болохыг анхааруулсан тэмдэг, тэмдэглээтэй байх бөгөөд шүүгдэгч энэхүү хоригийг мэдсээр байж зөрчсөн үйлдэл нь түүнийг хууль бус нэвтрэлтэд буруутгах объектив болон субъектив нөхцөл байдлын үндэслэл болно.

 

Хүний орон байрны халдашгүй байдал болон хуулиар хамгаалагдсан эд хөрөнгийн хувьд эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрлөөр нэвтрэхээс бусад тохиолдолд түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах буюу ашиглахгүйгээр цонх, хаалга, түгжээг эвдэх, цуургыг сугалах байдлаар орсон бол хууль бус нэвтрэлт гэж үзэж, хохирлын хэмжээг үл харгалзан энэхүү шинжээр хүндрүүлэн зүйлчилнэ.

 

Хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдэхээс өмнө тухайн орон байранд байгаа эд хөрөнгийг гэмт этгээд урьдчилан мэдсэн, мэдээгүй эсэхээс үл шалтгаалан эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.

 

Хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, агуулахад нэвтэрч үйлдсэн гэж бусдын эд хөрөнгийг хууль бусаар авахын тулд эзэмшигч, өмчлөгчийн орон байр, агуулахад түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл, ашиглах, хаалга, цонх, түгжээг эвдэх, ...онгорхой байхад сэм орох, нуугдах зэрэг бусад аргаар нэвтрэн орсныг ойлгоно.

Орон байр гэж хүн байнга амьдрах зориулалттай төрөл бүрийн орон сууц, байшин, гэр, урц зэргийг ойлгоно.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Хулгайлах” гэмт хэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар орон байранд нэвтэрч улмаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.3-д заасан бага хэмжээний хохирол учирсан гэсэн үндсэн шинж бүрэн хангагдсан гэж үзнэ. 

 

Шүүгдэгч **********гийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “...бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийг хүндрүүлэх шинжтэй хүн байнга амьдрах, орон байрт нэвтэрч бага хэмжээний хохирол учруулж, эд хөрөнгө хулгайлсан шинжийг хангасан, шууд санаатай, шунахай сэдэлттэй байна.

 

2. Шүүгдэгч ********** нь **********-ний өдөр ********** хорооны нутаг дэвсгэр Туул голын эрэг дээр сууж байсан хохирогч **********ийн эд зүйл бүхий гар цүнхийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэн 680,000 (зургаан зуун наян мянга) төгрөгийн хохирол учруулсан болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч **********ийн мэдүүлэг, шүүгдэгчийн сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлгүүд,

Хөрөнгийн үнэлгээний “Сүлд үнэлгээ" ХХК-ийн 2022 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн ТХҮ-22/0168 дугаартай “...алдагдсан зүйлийн үнэлгээ 680,000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 125-128 дахь тал),

          Эд зүйлийг хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл (хавтаст хэргийн 112-115 дахь тал) зэрэг хавтас хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Дээрэмдэх гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар хүч хэрэглэхгүйгээр эсхүл хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авах шинжүүдээрээ ялгагддаг бөгөөд Эрүүгийн хуульд тус тусдаа хуульчлагдсан.

 

Дээрэмдэх гэмт хэргийн хувьд бодит байдалд хохирогчийн бие махбод, эд хөрөнгөд хохирол учруулсан байхыг шаардахгүй бөгөөд үйлдэл хийснээр төгсдөг  хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.

 

Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт дээрэмдэх гэмт хэрэг үйлдэх аргыг заасан учраас объектив талын үндсэн шинжийг илэрхийлж, гэмт хэргийн зүйлчлэлд нөлөөлнө.

 

Өөрөөр хэлбэл гэмт этгээд бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр авсан байна.

 

Илээр авсан гэж бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигч болон бусад хүмүүст мэдэгдэж, илээр тэдний нүдэн дээр авсныг ойлгоно.

Хүч хэрэглэхгүйгээр гэж бусдын амь нас, эрүүл мэндийн халдашгүй байдалд ямар нэгэн хохирол учруулж, халдаагүй үйлдсэнийг ойлгоно. Өөрөөр хэлбэл, хохирогчид бие махбодын болон сэтгэл санааны ямар нэг хүч хэрэглээгүй, хэрэглэхээр заналхийлээгүй, зөвхөн ил аргаар эд хөрөнгийг салган авч, тэр даруйдаа хохирогчоос зугтан зайлсхийсэн шинжтэй үйлдэл хамаарна.

 

Шүүгдэгчийн үйлдлийн тухайд тэрээр хохирогчийн эд хөрөнгө /гар цүнх/-ыг өөрийн өмчлөлд илээр буюу үнэ төлбөргүйгээр, хүч хэрэглэхгүйгээр хохирогчийн эд зүйлийг хууль бусаар авч идэвхтэй үйлдэл нь гэм буруугийн санаатай үйлдэл болно.

 

Иймд Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Улсын яллагч гэм буруугийн дүгнэлтдээ “...шүүгдэгч ********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох саналтай байна. Шүүгдэгч ********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд зааснаар нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 2 жил 6 сарын хугацаагаар тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Хулгайлах гэмт хэргийн хохиролд 250,000 төгрөг, дээрэмдэх гэмт хэргийн хохиролд 250,000 төгрөг тус тус гаргуулж хохирогч нарт олгуулах саналтай байна. Шүүгдэгч **********ийн цагдан хоригдсон хоногийг эдлэх ялаас хасаж тооцох... гэсэн саналыг шүүхэд гаргажээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч өмгөөллийн дүгнэлтдээ “...Шүүгдэгчийн өмгөөлөгчийн өмгөөллийн үгийг сонсъё гэхэд”...Миний үйлчлүүлэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээр маргаагүй, хохирол төлбөр болон эрүүгийн хариуцлагын тухайд улсын яллагчтай санал нэг байна. Хохирол төлбөрөө төлнө гэдгээ илэрхийлж байгаа.. гэж тус ус мэтгэлцэв.

 

Шүүгдэгч ********** нь хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

2. Шүүгдэгч **********д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар  зүйл,  6.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.

 

Шүүхээс дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, учруулсан хохирол, хор уршиг зэргийг харгалзан, шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан **********д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 06 (зургаа) сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 2 (хоёр) жил, 06 (зургаа) сарын хугацаагаар хорих ялаар тогтоож шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримталж,

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүнийг зургаан сараас хорин жил хүртэл хугацаагаар нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад тусгаарлаж, хугацаатай хорих ялыг эдлүүлнэ...” гэж, 4 дэх хэсэгт “...Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно...” гэж зааснаар шүүгдэгч **********гийн биечлэн эдлэх хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй.

Шүүгдэгч ********** нь 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс яллагдагчаар цагдан хоригдож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр цагдан хоригдсон нийт 120 (нэг зуун хорь) хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцох нь зүйтэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, “гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлсон.

 

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хорыг хариуцан арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байсан байдалд сэргээх үүрэгтэй бөгөөд Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй бол гэм хорын мөнгөөр нөхөн төлнө, ” гэж Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэг, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан. 

 

Гэмт хэргийн улмаас **********д Samsung брэндийн 32 инчийн телевизорыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлан 250,000 (хоёр зуун тавин мянга) төгрөгийн хохирол,

- хохирогч **********ийн эд зүйл бүхий гар цүнхийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэн 680,000 (зургаан зуун наян мянга) төгрөгийн хохирол учруулсан ба мөрдөн шалгах ажиллагаанд 180.000 төгрөгийн үнэ бүхий цүнх, 250.000 төгрөгийн үнэ бүхий хэтэвч нарыг хохирогчид Эд зүйлийг хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл (хавтаст хэргийн 112-115 дахь тал) тогтоогдож байна.

 

Иймд шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч **********д Samsung брэндийн 32 инчийн телевизорыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлан 250,000 (хоёр зуун тавин мянга) төгрөгийн хохирол,

Хохирогч **********д Samsung s9 загварын гар утасны хохиролд 250,000 (хоёр зуун тавин мянга) төгрөгийн хохирол төлөгдөөгүйг байна.

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан гэм хорийн хохирол шүүгдэгч **********гээс 500.000 төгрөгийг гаргуулж, хохирогч **********д 250,000 (хоёр зуун тавин мянга) төгрөгийн, хохирогч **********д 250,000 (хоёр зуун тавин мянга) төгрөгийн хохирлыг олгох нь зүйтэй.

 

Эрүүгийн 2210010941261 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч **********гийн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

- бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч ********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ялаар,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 06 (зургаа) сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 2 (хоёр) жил, 06 (зургаа) сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **********гийн биечлэн эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч **********гийн цагдан хоригдсон 120 (нэг зуун хорь) хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **********гээс 500.000 төгрөгийг гаргуулж,

- хохирогч **********д 250,000 (хоёр зуун тавин мянга) төгрөгийн,

- хохирогч **********д 250,000 (хоёр зуун тавин мянга) төгрөгийг тус тус олгосугай.

 

7. Эрүүгийн 2210000000905 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүйг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч **********д урьд авсан цагдан хорих арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч **********д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         И.ГАНБАТ