| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гансүхийн Есөн-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 105/2019/1779/Э |
| Дугаар | 2020/ДШМ/806 |
| Огноо | 2020-06-23 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | А.Сайнбаяр |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 06 сарын 23 өдөр
Дугаар 2020/ДШМ/806
Д.Мид холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Б.Батзориг, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор А.Сайнбаяр,
шүүгдэгч Д.Мийн өмгөөлөгч Д.Тамир,
нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 2020/ШЦТ/708 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Мийн өмгөөлөгч Д.Тамирын гаргасан давж заалдах гомдлоор Д.Мид холбогдох 1906015632008 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Б овгийн Дийн М, 1990 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, шашин судлаач мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 417 дугаар ангид ял эдэлж байгаа, ам бүл 2, эхийн хамт Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Консул 7 гудамжны 198б тоотод оршин суух бүртгэлтэй;
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 455 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 10 хоногийн баривчлах ялаар,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн 350 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 5 жил хорих ялаар тус тус шийтгүүлсэн,
Д.М нь 2019 оны 1 дүгээр сарын 30-ны өдрөөс 2019 оны 2 дугаар сарын 13-ны хооронд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Бгийн аавыг Солонгос Улс руу үнэгүй эмчилгээнд явуулж өгнө гэж биелэгдэх боломжгүй зүйлийг боломжтой мэтээр ярьж, 1.200.000 төгрөгийг хуурч авсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Д.Мийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Боржигин овогт Дашдаваагийн Мийг бусдыг хуурч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мид 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мид энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сарын хорих ял дээр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн 350 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 5 жилийн хугацаатай хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 5 жил 6 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч Д.Мид оногдуулсан 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч Д.Мийн эрүүгийн 1906015632008 дугаар хэрэгт 2019 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн цагдан хоригдсон нийт 214 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Д.Мийн өмгөөлөгч Д.Тамир гаргасан давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтаар “Эрүүгийн хуулийн 5.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мид энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сарын хорих ял дээр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн 350 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 5 жилийн хугацаатай хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 5 жил 6 сарын хугацаагаар тогтоосугай.” гэжээ. Шүүхийн шийтгэх тогтоолын энэ заалт нь Д.Мийг 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн 5 жил 6 сарын хорих ялыг эдлүүлэхээр тогтоосон гэж ойлгогдож байна. Өөрөөр хэлбэл, өмнөх шийтгэх тогтоолоор биечлэн эдэлсэн хорих ялын хугацааг орхигдуулж, шинээр дахин 5 жил 6 сарын ял эдлэхээр ойлгогдож байна. Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт: “ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно.” гэж заажээ. Дээрх хуулийн зохицуулалтаар Д.М нь 2019 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн 2019/ШЦТ/350 дугаартай шийтгэх тогтоолоор 5 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлснээс биечлэн эдлээгүй үлдсэн ял дээр тухайн 6 сарын хугацаагаар тогтоосон ялыг нэмж тооцохоор зохицуулсан байх боловч шүүх хуулийн зүйл заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцааж эсхүл зөвтгөж өгнө үү. ...” гэв.
Прокурор А.Сайнбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Өмгөөлөгч Д.Тамирын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэлтэй гэж үзэж байна. ...Иймд шийтгэх тогтоод өөрчлөлт оруулах саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хохирогчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна.
Шүүгдэгч Д.М нь 2019 оны 1 дүгээр сарын 30-ны өдрөөс 2019 оны 2 дугаар сарын 13-ны хооронд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.Бгийн аавыг Солонгос Улс руу үнэгүй эмчилгээнд явуулж өгнө гэж биелэгдэх боломжгүй зүйлийг боломжтой мэтээр ярьж, 1.200.000 төгрөгийг хуурч авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
хохирогч Б.Бгийн “...Би “аав Б.Бын элэгний хорт хавдар нь уушги руугаа үсэрхийлсэн” гэсэн гэж хэлтэл Д.М “Солонгос улс руу халим гэх сангийн шугамаар үнэ төлбөргүй эмчилгээ оношилгоо хийдэг газрыг би мэднэ” гэж хэлсэн. Тэгээд ... аав Бын компьютер томографын хариу, цусны шинжилгээг Д.Мягмбардоржид өгсөн. ...Д.Мид орчуулгын мөнгө гэж 200.000 төгрөгийг Гантуяа гэх хүний Хаан банкны данс руу шилжүүлсэн. ...Түүний дараа 2019 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр 80.000 төгрөгийг ... факсын мөнгө гээд “мобайл”-аар шилжүүлсэн. Түүний дараа 2019 оны 2 дугаар сарын 13-ны шөнө, 1 цагийн орчим Д.М өөрөө залгаад элчин сайдын яам дээр материал бүрдүүлэхэд хэрэглэнэ гэхээр нь ... 400.000 төгрөгийг дүү Отгонбаяр өөрийн Голомт банкны данснаас Энхжаргал гэх хүний данс руу шилжүүлсэн. Тэгээд 2019 оны 2 дугаар сарын 13-ны өдрөөс хойш Д.М нь сураггүй алга болсон ...” /хх 6-7/,
гэрч Д.Энхжаргалын “...2019 оны 2 дугаар сарын 13-ны шөнийн 00 цагийн орчим дүү М залгаад “дансаа өгчих, би мөнгө хийгээд буцаагаад хоёр хүний данс руу хуваагаад хийчих” гэхээр нь би Голомт банкны дансаа мессежээр явуулсан. Удалгүй миний 1905104915 дугаартай дансанд 400.000 төгрөг орж ирсэн. ...Удалгүй Д.М ирээд картаа өгчих эсвэл бэлнээр үлдэгдэл мөнгийг нэхээд ... бэлэн байсан 30.000 төгрөгийг аваад явсан. ...Б гэх эмэгтэй ... ирээд учир байдлаа хэлсэн. ...Би Д.Мийг олж өгье гэж бодсон боловч олдохгүй байсан. ...” /хх 8-9/ гэх мэдүүлгүүд,
гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх 3/, Голомт банкны “1905104915”, “2715109140” дугаартай данснуудын хуулга, баримтууд /хх 35-40/, Б.Болртуяа, Д.М нарын facebook чатад үзлэг хийсэн тэмдэглэл /хх 42-67/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж зааснаар анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгч оролцогч нарыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Б.Бг хуурч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийжээ.
Шүүгдэгч Д.Мийн хохирогч Б.Бг хуурч, үргэлжилсэн үйлдлээр, нийт 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцүүлэн тухайн зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага оногдуулсан нь үндэслэл бүхий болжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэг эргэлзээ төрүүлэхгүй бичигдсэн байхыг шаарддаг.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, ... бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно.” гэж заажээ.
Шүүгдэгч Д.М нь энэ шийтгэх тогтоол гарахаас өмнө Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн 350 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар оногдуулсан 5 жил хорих ялаас биеэр эдэлсэн ялыг хасаж тооцолгүйгээр шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзнэ.
Шүүгдэгч Д.М нь Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн 350 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 5 жил хорих ял шийтгэгдсэн бөгөөд түүнээс эдлээгүй үлдсэн 3 жил 3 сар 19 хоногийн хорих ял дээр 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 3 жил 9 сар 19 хоногийн хугацаагаар тогтоож шийдвэрлэв.
Хэдийгээр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн 350 дугаартай шийтгэх тогтоолд “шүүгдэгч Д.М нь нийт 456 хоног цагдан хоригдсон” гэж бичсэн байх боловч Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн 2019/ДШМ/895 дугаартай магадлалаар “нийт 435 хоног цагдан хоригдсон” гэж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсныг дурдаж байна.
Түүнчлэн шүүгдэгч Д.М нь энэ хэрэгт 2019 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарах хүртэл нийт 168 хоног цагдан хоригдсон байхад анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо 214 хоног гэж зөрүүтэй бичсэнийг зөвтгөх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Дээрх үндэслэлээр шүүгдэгч Д.Мийн өмгөөлөгч Д.Тамирын “...Шинээр дахин 5 жил 6 сарын ял эдлэхээр ойлгогдож байна. Иймд ... шийтгэх тогтоолыг ... зөвтгөж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах нь зүйтэй.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч Д.Мийн өмгөөлөгч Д.Тамирын гаргасан давж заалдах хүлээн авах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 2020/ШЦТ/708 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мид энэ тогтоолоор оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ял дээр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн 350 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 5 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 3 жил 3 сар 19 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, шүүгдэгч Д.Мийн нийт эдлэх ялын хэмжээг 3 /гурав/ жил 9 /ес/ сар 19 /арван ес/ хоногийн хорих ялаар тогтоосугай. ...” гэж,
шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтыг “...5 /тав/ жил 6 /зургаа/ сарын...” гэснийг “...3 жил, 9 сар, 19 хоног...” гэж,
шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтыг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч Д.Мийн эрүүгийн 1906015632008 дугаар хэрэгт 2019 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн цагдан хоригдсон нийт 168 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай. ...” гэж тус тус өөрчилсүгэй.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Мийн өмгөөлөгч Д.Тамирын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авсугай.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.СОЁМБО-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Б.БАТЗОРИГ
ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ