| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түндэвийн Энхмаа |
| Хэргийн индекс | 128/2026/0060/З |
| Дугаар | 221/МА2026/0742 |
| Огноо | 2026-10-28 |
| Маргааны төрөл | Тендер, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 10 сарын 28 өдөр
Дугаар 221/МА2026/0742
“”“АТ” ХХК-ийн
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Э.Зоригтбаатар
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч М.Цэцэгмаа
Илтгэсэн шүүгч Т.Энхмаа
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Мөнхдэлгэр;
Нэхэмжлэгч: “АТ” ХХК
Хариуцагч: Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны алба, тус газрын тендер шалгаруулалтын үнэлгээний хороо
Гуравдагч этгээд: “М” ХХК
Гуравдагч этгээд: “Д” ХХК;
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 744 дугаартай;
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э, С.Т,
Хариуцагч Хан-Уул дүүргийн худалдан авах ажиллагааны албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т,
Хариуцагч Хан-Уул дүүргийн худалдан авах ажиллагааны алба, тендерийн үнэлгээний хорооны өмгөөлөгч О.Б,
Хариуцагч Хан-Уул дүүргийн худалдан авах ажиллагааны албаны тендерийн Үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М-Э,
Хариуцагч Хан-Уул дүүргийн худалдан авах ажиллагааны албаны тендерийн Үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н нар;
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Өсөхбаяр
Хэргийн индекс: 128/2026/0060/3
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 744 дугаар шийдвэрээр:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3, 106.3.1, 106.3.3, 106.3.4. 106.3.13 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ хэсгийн
1 дэх заалтаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2.3, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, -т заасныг тус тус баримтлан ...АТ ХХК-ийн тендерт ирүүлсэн материалыг шаардлага хангахгүй гэж ХУДХАА/202501010ХХ дугаартай тендер шалгаруулахаас татгалзсан Тендер шалгаруулалтын Үнэлгээний хорооны 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 07 дугаар хурлын тэмдэглэлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж,
2 дахь заалтаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1, 28.1.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс гаргасан АТ ХХК-ийг шалгаруулахаас татгалзсан Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 481 дугаартай шийдвэр болон 01 дугаартай мэдэгдэл хүргүүлэх тухай хавсралтыг тус тус хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн мэдэгдлийг хүчингүй болгож, ХУДХАА/202501010ХХ дугаартай, ХХ дүгээр сургуулийн 480 суудалтай өргөтгөлийн барилга ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт нэхэмжлэгчтэй гэрээ байгуулах мэдэгдэл гаргаж, захиалагчид хүргүүлэхийг Хан-Уул дүүргийн Худалдах авах ажиллагааны албанд даалгах, ХУДХАА/202501010ХХ дугаартай ХХ дүгээр сургуулийн 480 суудалтай өргөтгөлийн барилгын ажил гүйцэтгэгчийг сонгох тендерт АТ ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон шийдвэр гаргахыг Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газарт даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож,
3 дахь заалтаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1, 28.1.3-д заасныг тус тус баримтлан Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 04/1836 дугаартай “М” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон шийдвэр, Тендерийн үнэлгээний хорооны 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 01 дугаартай зөвлөмжийг тус тус хууль бус байсан болохыг тогтоож,
4 дэх заалтаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1, 28.1.3-д заасныг тус тус Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газрын “М” ХХК-тай 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан Хо/97 дугаартай гэрээг хүчингүй болгож,
5 дахь заалтаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4-т заасныг баримтлан ХУДХААА/20250101062 дугаартай, Хан-Уул дүүргийн ХХ дүгээр сургуулийн 480 суудалтай өргөтгөлийн барилга ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг дахин зарлахыг Хан-Уул дүүргийн Засаг дарга, Хан-Уул дүүргийн худалдан авах ажиллагааны албанд даалгаж шийдвэрлэжээ.
2. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Мөнхдэлгэр давж заалдах гомдолдоо: “АТ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар, Хан-Уул дүүргийн худалдан авах ажиллагааны алба /ХУДХААА/, Тендер шалгаруулалтын үнэлгээний хороонд тус тус холбогдох хэргийн шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 08 сарын 19-ний өдрийн 128/ШШ2026/0744 дугаартай шийдвэрийн ТОГТООХ нь хэсгийн 1, 2, 3, 5 дахь заалтуудыг нэхэмжлэгчээс эс зөвшөөрч дараах үндэслэлээр энэхүү гомдлыг гаргаж байна.
2.1. Шүүх Үнэлгээний хорооны тэмдэглэлийг хүчингүй болгуулах шаардлагыг хүлээн авахаас татгалзсан нь үндэслэлгүй тухай:
Анхан шатны шүүх Үнэлгээний хорооны тэмдэглэлийг захиргааны актын шинжийг агуулаагүй, захиргааны акт биш гээд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль /Цаашид ЗХШХШТХ гэж товлох/-ийн 54.1.1-д заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн. Ингэж татгалзахдаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /Цаашид ТБОНӨХБАҮХАТХ гэж товчлох/-ийн 50 дугаар зүйлийн 50.2.3-т заасныг буруу тайлбарласан. Өөрөөр хэлбэл, шүүх уг заалтыг явцууруулж, хуулийн бусад зүйл, хэсэг, заалттай уялдуулж хэрэглээгүй.
ТБОНӨХБАҮХАТХ-н 50 дугаар зүйлийн 50.2.3-т “захиалагчид энэ хуулийн 28 дугаар зүйлд заасан шийдвэр гаргах зөвлөмж хүргүүлэх.” гэж заасны зөвхөн “зөвлөмж” гэсэн хэсгийг авч Үнэлгээний хороо зөвхөн зөвлөмж гаргахаар хуульчилсан мэтээр хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Уг зохицуулалтаас үзвэл 28 дугаар зүйлд заасан захиалагчийн гаргадаг шийдвэрүүдийг Үнэлгээний хороо гаргах эрх хэмжээтэй байхаар заасан. Энэхүү шийдвэр нь ТБОНӨХБАҮХАТХ-н 48 дугаар зүйлийн 48.4.6-д зааснаар “тэмдэглэл, зөвлөмж” гэсэн 2 хэлбэртэй байхаар хуульчилсан. Иймд Үнэлгээний хорооны шийдвэр гаргах процесс нь хурлын хэлбэртэй байх бөгөөд хурлаас гарах шийдвэр нь “тэмдэглэл” байдлаар хэлбэрждэг юм. Энэхүү тэмдэглэл бүхий шийдвэр нь цаашид захиалагчаас оролцогчтой гэрээ байгуулах үр дагаварт хүргэдэг үндсэн захиргааны акт болдог.
Өөрөөр хэлбэл, манай компанийг үндэслэлгүйгээр тендерт шалгаруулахаас татгалзсан, хууль зөрчсөн хуурамч баримт бичиг бүрдүүлж оролцсон “М” ХХК, “Д” ХХК-ийн түншлэлийг шалгаруулсан хууль бус үйл ажиллагаа нь Үнэлгээний хорооны хурал, хурлын тэмдэглэлд оршиж байгаа. Тухайлбал, тус түншлэлийн хүний нөөцийн чадавх нь дараах байдлаар шаардлага хангахгүй, хуурамч баримт бичиг бүрдүүлж оролцсон нь нотлох баримтаар тогтоогдсоныг дараах хүснэгтээр үзүүлж байна. Үүнд:
| № | Тендерийн Шаардлага /ТШЗ 19.1/ | Түншлэлийн тендерт мэдүүлсэн нь | Лавлагаагаар илэрсэн зөрчил | Нотлогдсон баримт |
|
1 | Төслийн удирдагч 1
Барилгын инженер
Мэргэшсэн | Г.Ц
Иргэний ба үйлдвэрлэлийн барилга Мэргэшсэн-үнэмлэх дугаар МИ-17-3326 “Д” ХХК | МИ-17-3326 дугаартай мэргэшлийн зэрэг нь өөр иргэн дээр бүртгэлтэй | Барилгын хөгжлийн төвийн 2026.02.26 өдрийн 01/370 тоот бичиг |
|
2 |
Барилгын инженер 2 | М.Э
Иргэний барилга ба үйлдвэрлэл барилга Мэргэшсэн-үнэмлэх дугаар МИ-17-3326 “Д” ХХК | МИ-17-3326 дугаартай мэргэшлийн зэрэг нь өөр иргэн дээр бүртгэлтэй. | Барилгын хөгжлийн төвийн 2026.02.26 өдрийн 01/370 тоот бичиг |
| 3 | Халаалт агаарын сэлгэлтийн инженер 1
Мэргэшсэн | З.И
Халаалт, агаар сэлгэлтийн инженер
“М” ХХК | 2024.06.11 өдрөөр мэргэшсэн хугацаа нь дууссан. 2024.06.11 өдрөөс 2026.01.30 өдрийг хүртэл хугацаанд буюу 2025.11.13 өдөр буюу тендер нээсэн мэргэшлийн зэрэггүй байсан. | Барилгын хөгжлийн төвийн 2026.02.26 өдрийн 01/370 тоот бичиг, албан бичгийн хавсралтаар ирсэн баримтаар |
|
4 | Ус хангамж, ариутгах татуургын инженер 1
Мэргэшсэн | С.Т
“М” ХХК | Мэргэшсэн инженерийн санд бүртгэлгүй. Барилгын хөгжлийн төв, Монголын барилгын инженерүүдийнх Холбооны аль алинд нь. | Барилгын хөгжлийн төвийн 2026.02.26 өдрийн 01/370 тоот бичиг, албан бичгийн хавсралтаар ирсэн баримтаар |
|
5 | Цахилгааны инженер 1
Мэргэшсэн | Л.Б
“М” ХХК | Мэргэшсэн инженерийн санд бүртгэлгүй. Барилгын хөгжлийн төв, Монголын барилгын инженерүүдийнх Холбооны аль алинд нь. | Боловсролын ерөнхий газрын 2026.02.13 өдрийн 01/423 тоот бичгийн хавсралтаар. |
| 6 | Талбайн даамал 1
Барилгын инженер эсвэл барилгын техникч | Б.Э
Барилгын инженер
“М” ХХК | Уул уурхайн ашиглалтын технологи буюу чиглэл өөр | Боловсролын ерөнхий газрын 2026.02.13 өдрийн 01/423 тоот бичгийн хавсралтаар. |
| 7 | Механик инженер 1
Механик инженер нь өргөн тээвэрлэх машин, барилгын машин, барилгын материалын үйлдвэрийн тоног төхөөрөмжийн чиглэлийн аль нэгээр мэргэшсэн байх | Ц.Н
“М” ХХК | Дээд боловсролын системд бүртгэлгүй.
Мэргэшсэн инженерийн мэдээлэлд бүртгэлгүй. | Боловсролын ерөнхий газрын 2026.02.13 өдрийн 01/423 тоот бичгийн хавсралтаар.
Барилгын хөгжлийн төвийн 2026.02.26 өдрийн 01/370 тоот бичиг, албан бичгийн хавсралтаар ирсэн баримтаар |
2.2. “АТ” ХХК-ийг шалгаруулахаас татгалзсан болон “М” ХХК-ийн түншлэлийг шалгаруулсан ХУДХААА-ын мэдэгдлүүдийг хүчингүй болгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон үндэслэлийн тухай:
Захиалагчийн худалдан авах ажиллагааг зохион байгуулагч нэгжийн мэдэгдлүүдийг шүүх хүчингүй болгохгүй гэж шүүх шийдэхдээ “АТ” ХХК-ийг Холбооны дохиоллын инженер П.Э-ын НДШ лавлагаа 34 сараар өгсөн, техник хэрэгслийн улсын дугаартай фото зураг өгөөгүй гэх 2 шалтгаанаар татгалзсаныг буруутгахгүй гэсэн. Иймд энэхүү 2 шаардлагыг хангаж байгаа тухай тайлбар болон баримтын хамт дараах хүснэгтээр үзүүлж байна. Үүнд:
| № | ТШЗ шаардлага | Нотлох баримт | ХХ дугаар |
Тайлбар |
|
1 |
19.1 Хүний нөөц хүснэгтийн 6-д 3 жил түүнээс дээш туршлага | Хүний нөөцийн хүснэгт
Тушаал, тодорхойлолт, НДШ лавлагаа, иргэний үнэмлэх | “АТ” ХХК-ийн цахим ТББ-н нэгтгэсэн файлын 71 дэх талд хүснэгт
Цахим ТББ-н нэгтгэсэн файлын 155-158 дахь талд | Холбоо дохиоллын инженер П.Э-ын НДШ төлөлтийн лавлагааг сүүлийн 3 жил буюу 2023, 2024, 2025 оноор гаргаж өгсөн. Төрийн үйлчилгээний нэгдсэн систем (emongolia)-ээс сүүлийн 3 жилийн тодорхойлолт татахад сүүлийн он нь тодорхойлолт авсан сарын өмнөх сараар гардаг. Өөрөөр хэлбэл уг тендер нь 2025.11.13 өдөр нээсэн тул П.Э-ын тодорхойлолт нь 2025.10 сар хүртэл хугацаанд гардаг бөгөөд 2025 оны 11, 12 сарын тодорхойлолт гарахгүй гэсэн үг. ТШЗ-ийн 19.1-д 3 буюу түүнээс дээш эсвэл сарын туршлагатай байхыг тодорхой заагаагүй. Жилээр заасан гэж ойлголоо гэхэд яг хуанлийн жилээр гэж ТШЗ-д тодорхой заасан зүйл байхгүй. Манай компанийн өгсөн цахим системийн тодорхойлсноор 2023, 2024, 2025 оноор гаргасан шаардлагыг бүрэн хангаж байгаа. ТШЗ 19.1-д захиалагч дээрх шаардлагуудыг төрийн мэдээллийн нэгдсэн системээс татан авч өөрсдөө шалгаж үзэх боломжтой. Өөрөөр хэлбэл, 2022 оны 11, 12 сарын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг шалгаад 36 сарыг тогтоох боломж нь захиалагчид байгаа. НДШ-н лавлагааг 2022 оноос эхлээд 36-с дээш сараар шүүхэд гаргаж өгсөн. |
| 2 | 19.1-н 2-т Улсын дугаарыг тод харуулсан фото зураг ирүүлнэ | Маягт 3 хүснэгтэд 0771 ММА, 0770 ММА бичигдсэн.
Экскеватор зураг
Ковш зураг | 301 тал
309 тал
311-312 тал | Захиалагч нь манай компанийн тендерт мэдүүлсэн улсын дугааруудаар эсэл Автотээврийн үндэсний төвийн цахим системээр “АТ” ХХК-д бүртгэлтэй үбх тээврийн хэрэгслийг шалгаж үзэх боломжтой. Эсвэл ТБОНӨХБАҮХАТХ-н 25 дугаар зүйлд зааснаар тээврийн хэрэгслүүдийн талаар манай компаниас тодруулга авах бүрэн боломжтой. Манай компанийн тендерт өгсөн машин техникүүд нь тендерийн шаардлагыг 100% хангаж байгаа. Нийслэлийн автотээврийн хэрэгслийн бүртгэл, хяналтын төвийн Автотээврийн хэрэгслийн бүртгэгч С.Б-аас баталж шүүхэд гаргаж өгсөн тээврийн хэрэгслийн лавлагаагаар нотлогдоно. |
2.3. ХУД-ын Засаг даргын Тамгын газрын “М” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон шийдвэр, Үнэлгээний хорооны зөвлөмжийг хүчингүй болгох шаардлагыг хууль бус байсан болохыг тогтоосон шийдвэрийн тухайд:
Анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх нь хэсгийн 4.1-4.10, 4.12-4.16 хүртэл зөв дүгнэлт хийсэн. Харин Үндэслэх нь хэсгийн 4.11-т буруу дүгнэлт хийсэн байна. “М” ХХК, “Д” ХХК-ийн түншлэлийн Г.Ц, М.Э нар нь ижил дугаартай мэргэшлийн зэрэгтэй биш, харин тэдний мэргэшлийн зэргийн үнэмлэхэд бичигдсэн МИ-17-3326 дугаартай мэргэшлийн зэрэг нь өөр иргэн дээр бүртгэлтэй болох нь Барилгын хөгжлийн төвийн 2026.02.26 өдрийн 01/370 тоот албан бичгээр нотлогдсон. Өөрөөр хэлбэл Г.Ц, М.Э нар нь мэргэшлийн зэрэггүй, тендерт шалгарсан түншлэгч компаниуд хуурамч баримт бичиг бүрдүүлж тендерт оролцсон гэдгийг шүүх эндүү дүгнэсэн байна.
Гэвч шүүх “М” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон шийдвэр, Үнэлгээний хорооны зөвлөмжийг хууль бус байсан болохыг тогтоосон нь үндэслэлгүй байна. Учир нь ЗХШХШТХ-н 106 дугаар зүйлийн 106.3.3-т заасны дагуу захиргааны актыг хууль бус байсан болохыг тогтоох нь өнгөрсөнд болсон үйл ажиллагаа хууль бус байсан гэж үзээд дараагийн үр дагаврыг хүлээн зөвшөөрсөн үр дагаварт хүргэдэг. Өөрөөр хэлбэл, шийдвэр, зөвлөмж нь хууль бус байсан ч тэдгээрт үндэслэн байгуулсан гэрээ хүчин төгөлдөр бөгөөд гэрээний үр дагаварыг цуцлахгүй, үргэлжлэх нөхцөл байдлыг үүсгэдэг. Түүнчлэн, Захиргааны үйл ажиллагааг өнгөрсөнд нь хууль бусаар үлдээх онцгой ашиг сонирхол нэхэмжлэгчид байх ёстой юм. Гэтэл эдгээр нөхцөл байдал нь нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхол болон шүүхийн шийдэлтэй уялдахгүй байна.
Нөгөө талаараа нэхэмжлэгч манай компани нь захиргааны актыг хууль бус байсан болохыг тогтоолгох шаардлага гаргаагүй байхад шүүх ингэж шийдэж байгаа нь ЗХШХШТХ-н 106 дугаар зүйлийн 106.5-д заасан “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй.” гэж заасныг зөрчиж байна.
Харин ХУД-ийн Засаг даргын Тамгын газар, “М” ХХК-ийн түншлэлтэй байгуулсан 2025 оны 12 сарын 15-ны өдрийн Хо/97 дугаартай гэрээг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь шүүхийн хийсэн дүгнэлтүүдтэйгээ нийцэж байгаа бөгөөд Хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.
2.4. Гэрээ байгуулах мэдэгдэл гаргаж захиалагчид хүргүүлэхийг ХУДХААА-д даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй даалгах, гэрээ байгуулах эрх олгосон шийдвэр гаргахыг захиалагчид тухай:
Шүүх уг шийдвэрийг гаргахдаа ХУДХААА/20250101062 дугаартай, ХХ дүгээр сургуулийн 480 суудалтай өргөтгөлийн барилга (14-р хороо) ажил гүйцэтгэгчийг сонгох тендерт бүх оролцогч шаардлага хангаагүй гэх товчхон дүгнэлт хийжээ.
Тус тендер нь анх 2024 онд 13.6 тэрбум төгрөгийн төсөвтэйгөөр зарлагдаж манай компаниас үндэслэлгүйгээр татгалзаж, энэ тендерийн түншлэгч “Д” ХХК-ийг шалгаруулж байсан. Манай компани шүүхэд нэхэмжлэл гаргаж, шүүх хурал дээр Үнэлгээний хорооны гишүүд “АТ” ХХК-ийн тендерт байсан материалыг байхгүй гэж үнэлснээ хүлээн зөвшөөрцгөөсөн байдаг. Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ХУД-ийн Засаг даргаас тендерийн төсвийг хассан төсвийн тодотгол өргөн барьж ХУД-ийн ИТХ-аар батлуулан хэрэгжих боломжгүй болгосон юм.
Ингээд 2025 онд зарлахдаа 21.988 тэрбум төгрөгийн төсөвтэйгөөр зарлахдаа шалгуур, шаардлагыг илт бууруулж буюу “М” ХХК, “Д” ХХК-ийн түншлэлийн чадавхид тааруулан ТББ-ийн ТШЗ-ийг боловсруулсан байдаг. Энэ талаарх тайлбарыг нэхэмжлэлд дэлгэрэнгүй бичсэн болно. Иймд хариуцагч нарын удаа дараагийн хууль бус үйл ажиллагаагаар ТББ-ын шаардлагыг 100% хангасан манай компанийн тендерийг шалгаруулахгүй байгаа тул гэрээ байгуулахыг даалгасанаар “АТ” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэх юм.
Дахин үнэлэх эсхүл дахин тендер зарласнаар манай компанийн зөрчигдөж буй эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэх боломжгүй гэдэг нь хариуцагч нарын удаа дараагийн хууль бус үйл ажиллагаагаар нотлогдож байгаа юм. Энэ тохиолдолд гэрээ байгуулах мэдэгдэл гаргаж захиалагчид хүргүүлэхийг ХУДХААА-д даалгах, гэрээ байгуулах эрх олгосон шийдвэр гаргахыг захиалагчид даалгах шаардлагыг шүүх хангаж шийдвэрлэх нь ЗХШХШТХ-н 106 дугаар зүйлийн 106.3.4-т заасан шүүхээс гарч болох шийдвэр бөгөөд хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Ингэснээр Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д баталгаажуулсан “АТ” ХХК- ийн “хууль ёсны итгэл” хамгаалагдана.
2.5. Тендерийг дахин зарлахыг хариуцагчид даалгасан нь үндэслэлгүй тухай:
Анхан шатны шүүх шийдвэрийнхээ Үндэслэх нь хэсгийн 5.4-т УДХААА/20250101062 дугаартай, ХХ дүгээр сургуулийн 480 суудалтай өргөтгөлийн барилга (14-р хороо) ажил гүйцэтгэгчийг сонгох тендерийг дахин зарлахыг ХУД-ийн Засаг дарга, ХУДХААА-д даалгах нь зүйтэй гэсэн.
Энэ нь ЗХШХШТХ-н 106 дугаар зүйлийн 106.5-д заасан “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй.” гэж заасныг шүүх ноцтой зөрчиж байгаа явдал юм.
Тус тендерийг дахин зарлах нь манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг дордуулж байгаагийн зэрэгцээ, дахин маргаан үүсэх, сургуулийн барилгын ажил сунжрах нөхцөл байдлыг үүсгэнэ гэж үзэж байна.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 08 сарын 19-ний өдрийн 128/ШШ2026/0744 дугаартай шийдвэрийн ТОГТООХ нь хэсгийн 1, 2, 3, 5 дахь заалтуудыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Үүнд:
а/ Тендер шалгаруулалтын Үнэлгээний хороонд холбогдуулан;
“тендерт ирүүлсэн материалыг шаардлага хангахгүй” гэж ХУДХАА/202501010ХХ дугаартай тендер шалгаруулахаас татгалзсан Тендер шалгаруулалтын Үнэлгээний хорооны 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 07 дугаар хурлын тэмдэглэл, мөн өдрийн 01 дугаар мэдэгдэл, “М” ХХК-д “Гүйцэтгэгч сонгох, гэрээ байгуулах эрх олгох тухай” №01 тоот зөвлөмжийг тус тус хүчингүй болгуулах,
б/ Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны албанд холбогдуулан;
“АТ” ХХК-ийг шалгаруулахаас татгалзсан Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 481 дугаартай шийдвэр болон 01 дугаартай мэдэгдэл хүргүүлэх тухай хавсралтыг тус тус хүчингүй болгож, ХУДХАА/20240101062 дугаартай, ХХ дүгээр сургуулийн 480 суудалтай өргөтгөлийн барилга /14-р хороо/ ажил гүйцэтгэгчийг сонгох тендерт “АТ” ХХК-тай гэрээ байгуулах мэдэгдэл гаргаж, захиалагчид хүргүүлэхийг Хан-Уул дүүргийн Худалдах авах ажиллагааны албанд даалгах,
в/ Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газарт холбогдуулан;
Тус тамгын газрын 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 04/1836 дугаартай “М” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгож, ХУДХАА/202501010ХХ дугаартай ХХ дүгээр сургуулийн 480 суудалтай өргөтгөлийн барилга /14-р хороо/ ажил гүйцэтгэгчийг сонгох тендерт “АТ” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон шийдвэр гаргахыг Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газарт даалгах, Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газрын “М” ХХК-тай 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан Хо/97 дугаар ХХ дүгээр сургуулийн 480 суудалтай өргөтгөлийн барилгын ажлын гэрээг хүчингүй болгуулах” гэжээ.
3. Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороонд байрлах ХХ дүгээр сургуулийн 480 суудалтай өргөтгөлийн барилга, ХУДХАА/202501010ХХ дугаартай тендерийн Үнэлгээний хорооны 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 07 дугаар хурлын тэмдэглэл /1-р хх-ийн 216 дахь тал/ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д “Үнэлгээний хорооны үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хурал байна.”, 51.7-д “Үнэлгээний хорооны хуралд оролцсон гишүүдийн олонхын саналаар асуудлыг шийдвэрлэнэ”, гэж Сангийн сайдын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/254 дүгээр тушаалаар батлагдсан “Үнэлгээний хорооны үйл ажиллагаа, урамшууллын журам”-ын 4.5-д “Үнэлгээний хорооны хурлын тэмдэглэл нь зөвлөмж (цаашид “зөвлөмж” гэх) байх”, 4.9-т “Үнэлгээний хорооны хуралд тухайлсан асуудал бүрээр санал хурааж шийдвэрлэхэд хуралд оролцсон гишүүдийн олонхын дэмжсэн саналаар шийдвэрлэх ба захиалагчид хүргүүлэх зөвлөмжийг эцэслэн батлах эсэхийг үнэлгээний хорооны нийт гишүүдийн олонхын саналаар шийдвэрлэнэ.” гэж тус тус заасны дагуу Үнэлгээний хорооны 5 гишүүдийн олонхын саналаар тендер шалгаруулалтыг шийдвэрлэн, мөн хуулийн 50 дугаар зүйлийн 50.2.2, 50.2.3-д заасан тендерийг хянан үзэх, үнэлэх чиг үүргээ хэрэгжүүлэн хуралдаанаас “тэмдэглэл” нэртэйгээр бичгээр гаргасан шийдвэр байх ба шийдвэрийн үндэслэл, тендерт шалгаруулалтын үйл явц холбогдох бүх мэдээллийг агуулсан, “эрх зүйн шууд үр дагавар бий болгосон” захиргааны актын шинжийг агуулсан байхад анхан шатны шүүхээс “...Үнэлгээний хорооны 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 07 дугаар хурлын тэмдэглэл нь захирамжилсан, эрх зүйн үр дагавар бий болгосон байх Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан захиргааны актын шинжийг агуулаагүй, захиргааны акт биш” гэж үндэслэлгүй дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасантай нийцээгүй байна.
4. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, “АТ” ХХК-иас
-Холбооны дохиоллын инженер П.Э-ын нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг 34 сараар гаргаж өгсөн нь ХУДХАА/202501010ХХ дугаартай “Ажил гүйцэтгүүлэх тендер шалгаруулалтын баримт бичиг”ийн ТШЗ 19.1-д “Ажил гүйцэтгэх хүний нөөц “шаардана””, Холбоо дохиоллын инженер, Мэргэжлээрээ ажилласан туршлага 3 болон түүнээс дээш, -Ажлын туршлагад заасан жилийн дагуу нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтыг www.e-mongolia.mn сайтаас татаж авч ирүүлнэ” гэсэн;
-Экскаватор 0771 ММА, Ковш 0770 ММА машин техникүүдийн улсын дугаарыг тод харуулсан фото зураг ирүүлээгүй нь “Ажил гүйцэтгүүлэх тендер шалгаруулалтын баримт бичиг”-ийн ТШЗ 19.1-ын 2-д “Ажил гүйцэтгэхэд ашиглагдах тоног төхөөрөмж, техник хэрэгсэл “Шаардана”, в-д “Тухайн ажилд санал болгож буй тээврийн хэрэгслийн 50-иас дээш хувь нь өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл байх бөгөөд санал болгож буй тээврийн хэрэгсэл, машин механизмын гэрчилгээ, лавлагааг ирүүлэх шаардлагагүй. Улсын дугаарыг тод харуулсан фото зургийг ирүүлнэ” гэсэн шаардлага хангаагүй болох нь тус тус тогтоогдож байна.
5. Мөн тендерийн баримт бичгийн ТШЗ 19.1.3-т “Ижил төстэй ажил гүйцэтгэсэн туршлага: “Шаардана”” гээд ижил төстэй гүйцэтгэсэн туршлагын хувьд “...Сүүлийн 2 жил /2023 он, 2024 он/-ийн аль нэг жилд доод тал нь нэг удаа 5,497,150,700 төгрөгөөс дээш үнийн дүнтэй барилга угсралтын ажлын үндсэн гүйцэтгэгчээр ажилласан байна” гэх шаардлагын дагуу “АТ” ХХК-иас ижил төстэй 3 ажлын үндсэн гүйцэтгэгчээр ажилласан болохоо нотолсон тендерт баримтаа хавсаргаж ирүүлсэн байх бөгөөд уг баримтуудаас үзвэл, Сургуулийн барилга буулгаж, шинээр барих, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 12-р хороо, 640 суудалтай 10-р сургуулийн барилга, гадна тохижилтын ажлыг 7,750,453,421 төгрөгөөр 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хийж гүйцэтгэж дуусгасан нь “....гүйцэтгэсэн аль нэг жилд доод тал нь нэг удаа 5,497,150,700 төгрөгөөс дээш үнийн дүнтэй барилга угсралтын ажлын үндсэн гүйцэтгэгчээр ажилласан байх” гэсэн шаардлагыг бүрэн хангаж байхад “ижил төстэй ажлын шаардлагыг хангаагүй” гэж үзсэн үнэлгээний хорооны шийдвэр үндэслэлгүй байна.
6. Дээрх тогтоогдсон нөхцөл байдлуудаас үзвэл, нэхэмжлэгч “АТ” ХХК-ийн тендерт ирүүлсэн “материалыг шаардлага хангахгүй” гэж үзэж ХУДХАА/202501010ХХ дугаартай тендерт тус компанийг шалгаруулахаас татгалзсан тендер шалгаруулалтын Үнэлгээний хорооны 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 07 дугаар хурлын тэмдэглэл, тендерт шалгараагүй болохыг мэдэгдсэн Үнэлгээний хорооны №1 дугаартай мэдэгдэл, хавсралт, Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн №481 дугаартай албан бичиг нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3-д “шаардлагад нийцээгүй тендер ирүүлсэн оролцогчийн тендерээс татгалзах” гэж, мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.3-д “үнэлгээний хорооны зөвлөмж, хууль тогтоомжид нийцсэн эсэхэд хяналт тавина” гэж заасныг зөрчөөгүй байна. /1-р хх-ийн 216-228 дахь тал, 2-р хх-ийн 12-16 дахь тал/
7. Иймд Үнэлгээний хорооны шийдвэр болон түүнийг үндэслэн гарсан Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны албанаас “АТ” ХХК-ийн тендерт шалгаруулалтай холбогдуулан гаргасан шийдвэрүүдийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй байна.
8. Шүүхээс Үнэлгээний хорооны Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2.2, 50.2.3-д заасан тендерийг хянан үзэх, үнэлэх чиг үүргээ хэрэгжүүлэхэд халдаж, Үнэлгээний хорооноос тендер шалгаруулалтын талаар шийдвэр гаргаагүй байхад нэхэмжлэгчийн тендерийн зөрчил нь арилаагүй тендерийн баримтуудыг үндэслэн ажил гүйцэтгэгчийг сонгох тендерт “АТ ХХК-тай гэрээ байгуулах мэдэгдэл гаргаж, захиалагчид хүргүүлэхийг Хан-Уул дүүргийн Худалдах авах ажиллагааны албанд даалгах, ХУДХАА/202501010ХХ дугаартай ХХ дүгээр сургуулийн 480 суудалтай өргөтгөлийн барилга /14-р хороо/ ажил гүйцэтгэгчийг сонгох тендерт “АТ” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон шийдвэр гаргахыг Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газарт даалгах боломжгүй.
9. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч хуулийн этгээдийн өөрт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулав.
10. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл тендерт оролцогч “М” ХХК-иас санал болгосон ажил гүйцэтгэх 7 үндсэн ажилтан болон гэрээний дагуу ажиллах ажилтны Үүнд;
-Төслийн удирдагч Г.Ц, барилгын инженер М.Э, Халаалт агаарын инженер З.И, Ус хангамж ариутгах татуургын инженер С.Т, Цахилгааны инженер Л.Б, Талбайн даамал Б.Э, Механик инженер Ц.Н нар нь мэргэжлээрээ ажилласан ажлын туршлага, мэргэжил зэрэг нь
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Захиалагч гэрээний үүрэг гүйцэтгэхэд ...оролцогчид тавигдах зайлшгүй шаардлагад үндэслэсэн....туршлагын талаар хангавал зохих доод шаардлага, шалгуур үзүүлэлтийг тендерийн баримт бичигт заана” гэж, 17 дугаар зүйлийн 17.2.3-д “гэрээний үүргийн гүйцэтгэлийг хариуцах ажилтны нэр, мэргэжлийн ур чадвар, мэдээлэл” гэж, мөн зүйлийн 17.4-д “оролцогч захиалагчийн тогтоосон техникийн болон туршлагын шаардлагыг хангасан байна” гэснийг
Тендерийн баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 19.1-д “Ажил гүйцэтгэх хүний нөөц: “Шаардана”” гээд Төслийн удирдагч 6 болон түүнээс дээш жил мэргэжлээрээ ажилласан, барилгын инженер мэргэшсэн болон түүнээс дээш зэрэгтэй байх, Барилгын инженер 5 болон түүнээс дээш жил мэргэжлээрээ ажилласан байх, Халаалт агаар сэлгэлтийн инженер 5 болон түүнээс дээш жил мэргэжлээрээ ажилласан, мэргэшсэн болон түүнээс дээш зэрэгтэй байх, Ус хангамж, ариутгах татуургын инженер, цахилгааны инженер, механик инженер нь 5 болон түүнээс дээш жил мэргэжлээрээ ажилласан, мэргэшсэн болон түүнээс дээш зэрэгтэй байх” гэж заасныг зөрчсөн шаардлага хангаагүй болох нь тогтоогдож байна.
11. Үүнээс үзвэл, “М” ХХК-ийн ажиллах хүч, хүний нөөц нь тендерийн баримт бичигт зааж тодорхойлсон шаардлага хангаагүй байхад “хамгийн сайн тендер” ирүүлсэн оролцогчоор шалгаруулж, үнэлсэн ХУДХАА/202501010ХХ дугаартай тендерийн Үнэлгээний хорооны 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 07 дугаар хуралдаанаас гаргасан /Шийдвэрлэсэн нь хэсгийн 1 дэх заалт / шийдвэр нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчсөн хууль бус шийдвэр байна.
12. Иймд Үнэлгээний хорооны тендер хянан үзэх, үнэлэх ажиллагаа зөрчсөн хууль бус шийдвэрийг үндэслэн гарсан Үнэлгээний хорооны 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн “Гүйцэтгэгч сонгох, гэрээ байгуулах эрх олгох тухай” №01 дугаартай зөвлөмж /2-р хх-ийн 7 дахь тал/, Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газрын 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 04/1836 дугаартай “М” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон шийдвэр /2-р хх-ийн 8 дахь тал/, Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газрын “М” ХХК-тай 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан Хо/97 дугаар ХХ дүгээр сургуулийн 480 суудалтай өргөтгөлийн барилгын ажлын гэрээ /2-р хх-ийн 19-20 дахь тал/ зэргийг хүчингүй болгох үндэслэл болно.
13. Дээрх тогтоогдсон үйл баримтын талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж “Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газрын “М” ХХК-тай 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан Хо/97 дугаар ХХ дүгээр сургуулийн 480 суудалтай өргөтгөлийн барилгын ажлын гэрээг хүчингүй болгосон” атлаа “Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газрын 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 04/1836 дугаартай “М” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон шийдвэр, Үнэлгээний хорооны 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 01 дугаартай зөвлөмжийг хууль бус байсан болохыг тогтоосон” нь хууль зүйн үндэслэлгүй.
14. Нэхэмжлэгч хуулийн этгээд нь “...хууль бус байсан болохыг тогтоох” нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байхын зэрэгцээ хууль бус байсан болохыг тогтоох “онцгой ашиг сонирхол“ буй эсэх талаар нэхэмжлэлийн үндэслэл болон анхан шатны шүүх хуралдаанд ч дээрх байдлаар тодорхойлоогүй байна.
15. Гэтэл анхан шатны шүүхээс “ХУДХАА/202501010ХХ дугаартай , Хан-Уул дүүргийн ХХ дүгээр сургуулийн 480 суудалтай өргөтгөлийн барилга ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг дахин зарлахыг Хан-Уул дүүргийн Засаг дарга, Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны албанд даалгаж” шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж шийдвэр гаргаж болохгүй” гэснийг зөрчсөн, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4-д заасан зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.
16. Түүнчлэн хууль болоод тендерийн баримт бичигт заасан шаардлага нийцсэн нэг ч тендер ирүүлээгүй /бүх тендер шаардлага хангаагүй/ үйл баримт тогтоогдож байгаа тухайн тохиолдолд захиалагч тухайн шалтгааныг судалж, дахин тендер шалгаруулалт зарлах эсэх нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4, 28.5-д заасан захиалагчийн чиг үүрэгт хамаарна.
17. Захиргааны байгууллагын хууль бус шийдвэрүүдийн улмаас нэхэмжлэгчийн тендерт шалгаруулалтад өрсөлдөх тэгш боломжтой байх зарчмыг хөндсөн бөгөөд энэхүү шүүхийн шийдвэр нэхэмжлэгчийн хувьд зөрчлөө арилган дахин тендерт оролцох эрхийг хязгаарлахгүй болно.
18. Дээрх тогтоогдсон үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2026/0744 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн
1, 2 дахь заалтыг нэгтгэж “1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 17 дугаар зүйлийн 17.4, 26 дугаар зүйлийн 26.4.1, 28 дугаар зүйлийн 28.1.1, 28.1.3, 28.2, 48 дугаар зүйлийн 48.2.3, 51 дүгээр зүйлийн 51.7 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан “АТ” ХХК-ийн ХУДХАА/202501010ХХ дугаартай тендер шалгаруулахаас татгалзсан тендер шалгаруулалтын Үнэлгээний хорооны 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 07 дугаар хурлын тэмдэглэл, “Мэдэгдэл хүргүүлэх тухай” мэдэгдэл №1, түүний хавсралт, Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 481 дугаартай шийдвэрүүдийг тус тус хүчингүй болгож, ХУДХАА/202501010ХХ дугаартай, ХХ дүгээр сургуулийн 480 суудалтай өргөтгөлийн барилга ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт нэхэмжлэгчтэй гэрээ байгуулах мэдэгдэл гаргаж, захиалагчид хүргүүлэхийг Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны албанд даалгах, ХУДХАА/202501010ХХ дугаартай ХХ дүгээр сургуулийн 480 суудалтай өргөтгөлийн барилгын ажил гүйцэтгэгчийг сонгох тендерт “АТ” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон шийдвэр гаргахыг Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газарт даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгосугай” гэж,
3, 4 дэх заалтыг нэгтгэж, “2. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 17 дугаар зүйлийн 17.2.3, 17.4, 28 дугаар зүйлийн 28.1.1, 28.1.3-д заасныг тус тус баримтлан Үнэлгээний хорооны “М” ХХК-д хүргүүлсэн “Гүйцэтгэгч сонгох, гэрээ байгуулах эрх олгох тухай” №01 дугаар зөвлөмж, Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 04/1836 дугаартай “М” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон шийдвэр, Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газрын “М” ХХК-тай 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан Хо/97 дугаартай гэрээг хүчингүй болгосугай.” гэж,
5 дахь заалтыг хүчингүй болгож, 6, 7 дахь заалтын дугаарыг “3, 4” болгон өөрчилж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР
ШҮҮГЧ М.ЦЭЦЭГМАА
ШҮҮГЧ Т.ЭНХМАА