Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 213/МА2018/00018

 

*******ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Т.Даваасүрэн, Г.Уламбаяр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 131/ШШ2018/00258 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Цэцэрлэгт холбогдох

Цэцэрлэгийн туслах багшийн ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 2.749.038 төгрөг, жирэмсний болон амаржсаны тэтгэмжийн 2.175.300 төгрөг, хууль зүйн туслалцаа авсны зардал 1.150.000 төгрөг нийт 6.074.338 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж баталгаажуулалт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч байгууллагын төлөөлөгч *******гийн давж заалдсан гомдлыг үндэслэн хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч шүүгч Г.Уламбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн өмгөөлөгч *******, нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов.

Нэхэмжлэгч *******ээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Хариуцагч шүүхийн шийдвэрийг нэн даруй биелүүлээгүйгээс миний нийгмийн даатгал төлөлт 2017 оны 7, 8 сард бичилт хийгдээгүй, баталгаажилт хийгдээгүй, нийгмийн даатгалын санд мөнгө нь ороогүйгээс би жирэмсэний болон амаржсаны, төрсний дараах тэтгэмжүүдээ авч чадахгүй хохирч байна. Шүүхийн шийдвэр, ажилд түр томилсон захирамж гарсан ч цэцэрлэгийн эрхлэгч надтай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, нэг өдөр ч ажлаа хийсэнгүй, цалин хөлс авсангүй.

Иймд шүүхээс ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 2.749.038 төгрөг, жирэмсний болон амаржсаны төрсний дараах тэтгэмж 2.175.300 төгрөг, хууль зүйн туслалцаа авсан зардал 1.150.000 төгрөг, нийт 6.074.338 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн дараагийн шаардлага болох ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрын тухайд 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдөр буюу шүүхийн шийдвэр гарсан өдрөөс жирэмсний амралт буюу 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэлх хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор нэхэмжилж байгаа. Дараагийн нэхэмжлэлийн шаардлага жирэмсний болон амаржсаны тэтгэмж 2.175.300 төгрөгийг нэхэмжилж байгаа. Дараагийн нэхэмжлэлийн шаардлага бол нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж холбогдох дэвтэрт бичилт хийлгэх шаардлага гаргасан. Дараагийн нэхэмжлэлийн шаардлага нь өмгөөлөл хууль зүйн туслалцаа авах зардал болох 1.1500.00 төгрөгийг нэхэмжилж байгаа, нийт 6.074.338 төгрөг болж байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

Хариуцагч Шинэжинст сумын Хүүхдийн цэцэрлэгийг төлөөлж тус цэцэрлэгийн эрхлэгч ******* шүүхэд гаргасан тайлбартаа:

*******ийг 2017 оны 08 дугаар сарын 28 -ны өдөр цэцэрлэгийн туслах багшаар түр хугацаагаар ажиллуулах тухай 27 дугаар тушаалыг албан ёсоор гаргаж ажилд эргүүлэн тогтоож тушаал гаргасан. ******* нь тушаалаа авсан боловч ажилдаа ирээгүй. Харин жирэмсний амралтаа үргэлжлүүлж авах тухай хүсэлт гаргасан байсныг үндэслэж 2017 оны 09 дүгээр сарын 26- ны өдрийн 34 тоот тушаалаар жирэмсний амралтыг олгосон.

******* нь 2017 оны 7, 8 сарын нийгмийн даатгалын шитгэл төлөгдөөгүй гэжээ. Тухайн үед шүүхийн шийдвэрийг гаргаж аваагүй байсан. Хуулийн дугаар 7, 8 дугаар сард цалин болон амралтын мөнгийг давхцуулан олгохгүй юм. ******* нь ажилд орох тушаалаа авсан боловч нэг ч өдөр ажилдаа ирээгүй тул цалин хөлс гарах боломжгүй юмаа. Иимээс ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 2.749.038 төгрөг өгөх үндсэлэлгүй. Мөн жирэмсний болон амаржсаны тэтгэмж 2.175.300 төгрөгийг өөрсдөө нийгмийн даатгалын байгууллагаас авах байх аа. Манай байгууллага хариуцдаггүй. Хууль зүйн туслалцаа авсан зардалд 1.150.000 нэхэмжилсэныг төлөх боломжгүй. Хууль зүйн туслалцаа авах нь сайн дурын асуудал учир үүний зардлыг олгох үндэслэлгүй гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 35 дугаар зүйлийн 35.1.4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагаас Баянхонгор аймгийн Шинэжинст сумын цэцэрлэгийн туслах багшийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр тэтгэмж олгох тухай хуулийн 191 дүгээр зүйлийн 191.1, 192 дугаар зүйлийн 192.1, Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.4, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан ажил эрхлээгүй байсан хугацааны буюу 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хүртэл хугацааны цалин олговорт 468.828 төгрөгийг, жирэмсний болон амаржсаны тэтгэмжтэй тэнцэх 1.727.396 төгрөг, хууль зүйн үйлчилгээ авсны зардал 1.150.000 төгрөг нийт 3.346.224 төгрөгийг хариуцагч байгууллага болох Баянхонгор аймгийн Шинэжинст сумын цэцэрлэгээс гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2.728.114 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн Нийгмийн даатгал болон эрүүл мэндийн дэвтэрт хууль, журамд заасны дагуу зохих бичилтийг хийхийг хариуцагч байгууллагад даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 112.140 төгрөгийг төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч байгууллагаас 68.489 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

******* нь Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 05 ны өдрийн 131/ШШ2017/00421 дугаар шийдвэрээр ажилд эгүүлэн тогтоогдсон. Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.2-т зааснаар цэцэрлэгийн багш нийт 48 хоногийн хугацаанд ээлжийн амрапт эдлэх учир тухайн амралтын хугацааг дуусган миний бие 2017оны 08 дугаар сарын 28-ны өдөр 27 тоот тушаал гарган *******ийг туслах багшийн ажилд эгүүлэн томилсон боловч ******* нь ид ажлын үеэр буюу тушаал гарсан өдрөөс хойш нэг ч өдөр ажилдаа ирээгүй ажил тасалж явж байгаад 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр жирэмсний амралтаа авах талаар хүсэлтээ ирүүлсэн тул тушаал гарган мөн жирэмсний амралтыг олгосон. Хөдөлмөрийн тухай хууль тогтоомж болон хөдөлмөрийн дотоод журмаар Шалтгаангүй ажил тасалсан багш ажилчдад ажилгүй байсан хугацааны цалинг олгохгүй талаар тусгасан байдаг тул энэ заалт журмын дагуу тухайн хугацаанд *******т цалин олгоогүй гэтэл ажлаа таслаад явсан хүний цалинг ажил олгогчийн буруутай үйлдлээс болж ажил эрхлээгүй байсан хугацааны цалинг гаргуулсан нь үндэслэлгүй. Бодит нөхцөл байдалд нийцсэн дүгнэлт биш гэж үзэж байна. ******* нь энэ хугацаанд намайг ажиллуулаагүй гэж худал үндэслэлгүйгээр намайг гүтгэдэг. Намайг ажиллуулахгүй байгаа гэж худал хэлчихээд түүнийгээ сайн нотолж чадаагүй байтал шүүх түүнийг хүлээн авсан нь нотлох баримтыг бүрэн дүүрэн үнэлж чадаагүй байна.

Боловсролын тухай хууль болон хөдөлмөрийн тухай хуульд зааснаар зуны 3 сар буюу 6 сараас 9 дүгээр сар хүртэл багш нар ажил хийдэггүйгээс гадна тухайн жил ******* нь 2 дугаар сард ээлжийн амралт авах тооцоогоо хийсэн байсан учир бид зуны 3 сард нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын бичиптийг хийгээгүй байж байгаад хэрэг хянан шиидвэрлэх ажиллагааны үед хийсэн. Харин тухайн нөхөн бичилттэй холбоотойгоор хуулиин дагуу жирэмсний болон амаржсаны тэтгэмжээ ******* нь Нийгмийн даатгалын газраас нэхэмжилж авах ёстой байсан гэж үзэж байна. Өөрийнхөө сайн дурын үндсэн дээр өмгөөлөгч авсан байтал надаас мөнгийг гаргуулах гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй.

Иймд шүүхийн дээрх шийдвэр хууль ёсны үндэслэлтэй байж чадаагүй учир Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 131/ШШ2018/00258 дугаар шиидвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ээс давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлага ажилдаа эргүүлэн тогтоолгох, 2017 оны 06 дугаар сарын 05-наас 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хүртэл 110 хоногийн ажилгүй байсан хугацааны цалин, 2.707.040 төгрөгийг жирэмсэний болон амаржсаны тэтгэмж, өмгөөлөлийн хөлс 1.150.000 төгрөгийг нэхэмжилсэн билээ.

Гэтэл шүүх 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс жирэмсний амралт авсан өдөр буюу 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хүртэл цалинг бодож олгосон. Ингэж олгохдоо энэ нь Цэцэрлэгийн 2017 оны 2 сарын цалин олгосон хүснэгтээр нотлогдож байна гэж дүгнэсэн.

Би дээрхи нэхэмжлэлийн шаардлагуудаа нотолсон бичгийн нотлох баримтуудыг хангалттай гаргаж мэтгэлцсэн. Жирэмсэний тэтгэмжээ авахын тулд жирэмсэний амралт авахаасаа өмнөх заасан хугацаанд, амаржсаны тэтгэмжийг мөн адил амаржихаасаа өмнө заасан хугацаанд байгууллагын нягтлангаараа дамжуулан бүрдүүлж өгөх үүрэгтэй байдаг. Гэтэл хариуцагч тал үүнийг Нийгмийн даатгалын газраас одоо нэхэмжилж болохоор тайлбарлаад байгаа нь үндэслэлгүй.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, хуулийн зүйл заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэглэх ёстой хуулийг хэрэглэн үндэслэл бүхий шийдвэр гаргасан гэж нэхэмжлэгчийн зүгээс үзэж байгаа тул шийдвэрт зохих өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 ҮНДЭСЛЭХ нь:

Гомдол гаргагч *******ээс цэцэрлэгийн туслах багшийн ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 2.749.038 төгрөг, жирэмсний болон амаржсаны тэтгэмжийн 2.175.300 төгрөг, хууль зүйн туслалцаа авсны зардал 1.150.000 төгрөг нийт 6.074.338 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж баталгаажуулалт хийлгүүлэх тухай гомдол гаргажээ.

Анхан шатны шүүх *******ээс цэцэрлэгийн туслах багшийн ажилд эгүүлэн тогтоох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийн шаардлагаас ажилгүй байсан хугацааны цалин 468.828 төгрөг, жирэмсний болон амаржсаны тэтгэмж 1.727.396 төгрөг, хууль зүйн туслалцаа авсны зардал 1.150.000 төгрөг нийт 3.346.224 төгрөг гаргуулж, үлдэх 2.727.114 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 Баянхонгор аймгийн Шинэжинс сумын хүүхдийн цэцэрлэгийн ажилтан ******* нь ажил олгогчийг миний нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй, 2017 оны 7, 8 саруудын нийгмийн даатгалын шимтгэл төлсөн тухай бичилт хийгдээгүй, баталгаажилт хийгдээгүй, нийгмийн даатгалын санд мөнгө нь ороогүйгээс би жирэмсэний болон амаржсаны, төрсний дараах тэтгэмжүүдээ авч чадахгүй хохирч байна, мөн ажил олгогчийн буруутай үйлдлээс болж өмгөөлөлийн хөлс төлж хохирсон гэж тайлбарладаг.

Ажил олгогч Шинэжинс сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч *******гаас тайлбарлахдаа манай цэцэрлэгийн үйл ажиллагаа 2017 оны 6,7,8 дугаар саруудад зогсож, ажилчидын зуны амралт эхэлдэг ийм үед, *******ийн хувьд тухайн оныхоо ээлжийн амралтын мөнгийн 2017 оны 2 дугаар сард авсан байсан, мөн манайх *******ийг ажилд эгүүүлэн тогтоосон шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй байсан зэрэг олон шалтгааны улмаас *******т 2017 оны 7,8 дугаар саруудал цалин гараагүй. Иймд ******* нь тэтгэмжээ нийгмийн даатгалын байгууллагаас авах эрхтэй гэсэн тайлбар өгдөг байна.

Ажилтан *******ийн гомдолд дурьдаад байгаа ажил олгогчийн буруутай үйлдлээс болж жирэмсэний болон амаржсаны, төрсний дараах тэтгэмжүүдээ авч чадахгүй хохирсон мөн өмгөөлөлийн хөлс төлж хохирсон гэж гомдол гаргаад байгаа нь ажилд эгүүлэн тогтоох гомдлын шаардлагаас гадна бусдын гэм буруутай үйлдлийн улмаас гэм хор, хохирлын талаар нэхэмжлэл гаргасан байхад Иргэний эрх зүйн гэрээний бус үүрэг, зөрчлийн улмаас үүсэх үүргийн харилцаа байна уу гэдгийг анхан шатны шүүх анхаарч дүгнэлт хийгээгүй байна.

Хэрэв гэм хор учруулсанаас үүсэх үүргийн харилцаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д зааснаар шүүгч дангаар шийдвэрлэх хэрэг биш тул мөн хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д зааснаар 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэй хянан шийдвэрлэх учиртай.

Анхан шатны шүүх нь хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.4, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1- дэх хэсэгт заасныг тус тус баримталж хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг хянан шийдвэрлэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагч Шинэжинс сумын хүүхдийн цэцэрлэг нь төсвийн байгууллага тул давж заалдах гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх үндэстэй атал хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 68.490 төгрөгийг төлсөн байх тул уг 68.490 төгрөгийг төрийн сангийн данснаас шүүгчийн захирамжаар буцаан гаргуулж хариуцагч байгууллагын төлөөлөгчид олгох үндэслэлтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.4-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 131/ШШ2018/00258 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар хариуцагч байгууллагын төлөөлөгч *******гаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 68.490 төгрөгийг төрийн сангийн данснаас буцаан гаргуулж хариуцагчид олгосугай.

3. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.МӨНХДАВАА

                                   ШҮҮГЧИД Т.ДАВААСҮРЭН

                                                  Г.УЛАМБАЯР