Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 2024/ШЦТ/87

 

 

 

 

 

 

 

 

       2024          01         29                                      2024/ШЦТ/87

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Есөн-Эрдэнэ хөтлөн,

улсын яллагч Г.Намжил,

шүүгдэгч Х.Е-, С.Б-, тэдгээрийн өмгөөлөгч Б.Мөнхтөр,

шинжээч Д.А /цахимаар/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Усчин овогт С-н Б, Б овогт Х-н Е нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах үгнэлт үйлдэж ирүүлсэн  эрүүгийн *** дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.       

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, У овогт С.Б /регистрийн дугаар ***/,

 

Монгол Улсын иргэн, Б овогт Х-ын Е/регистрийн дугаар ***/.

 

Шүүгдэгч нарын холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Х.Е- С.Б- нар нь бүлэглэн Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолын хавсралтын “Ховор ургамлын жагсаалт”-д багтсан 96.4 гилограмм Сибирь хушны үр идээ /самар/-ыг Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 7 буудлын эцэс орчмоос 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр ашиг олон зорилгооор бусдаас худалдан авч, 2023 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт **-**  улсын дугаартай “Тоёота филтэр” загварын хэрэгслээр  зохих зөвшөөрөлгүйгээр тээвэрлэж, ойн санд 28.601.880 төгрөгийн хохирол учруулан байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Е-ийн өгсөн: “...Эд мөрийн баримтаар нотлогдож байгаа тул хэлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Б-н өгсөн: “...2023 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр 7 буудал орчмоос танихгүй хүнээс 2 шуудай самар худалдаж аваад явж байгаад Баянгол дүүргийн замын цагдаа саатуулж баригдсан... Замын цагдаад анх саатуулагдаад экологийн цагдаагийн алба руу шилжсэн. Тухайн үед самрыг хаа хамаагүй зарж байсан учир хууль бус гэдэг талаар ойлголт байгаагүй. Мэдсэн бол самар худалдаж авахгүй байсан...” гэх мэдүүлэг,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч Д.А-н өгсөн: “...Засгийн газрын 1995 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 153 дугаар тогтоол дээр ховор ургамлын жагсаалтад  Сибир хуш модны идээ гэж шинжлэн ухааны нэршлээрээ орсон.  Тэр төрөл дотор нь олон зүйлийн моднууд ордог ба хуш мод нь хамаарч байгаа тул ховор ургамал гэж үзэж байгаа. Засгийн газрын тогтоолд өөрчлөлт оруулахдаа төрөл зүйлийг нь нэмээд сибир хуш модны үр  идээ гэж нэмж оруулсан... Финус сибирка дү түр гэдэг нь сибир хушны зүйлийн нэр юм. 153 дугаартай тогтоол дээр финусын бүх төрлийн модыг бичээгүй зөвхөн сибир хуш гэж бичсэн байсныг 410 дугаартай тогтоолоор өргөтгөж одой нарс, сибир хушны үр идээ гээд өөрчлөлт орсон...

Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан хохирлын үнэлгээ нь байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээ. Харин энэ хэргийн хохирлын нөхөн төлбөр тооцож байгаа нь Ойн сан, ургамлын сан, амьтны санд учруулсан Байгаль орчныг хамгаалах тухай хуулиар зохицуулагдаж байгаа. Сибир хушны үр идээ нь ойн сангийн баялаг учир ойн сангийн нөхөн төлбөрийн хэмжээг тооцохдоо 3 дахин үржүүлж байгаа...

Хохирлын үнэлгээ нь эвдэрсэн газар дээр хэчнээн хэмжээний ургамал байсан. Ойн санд хир хэмжээний ургамлыг үгүй хийсэн эсэх хохирлыг тооцдог шинжилгээ. Энэ нь бүрэлдэхүүн тус бүрээрээ тооцно гэдэгт орж байгаа шинжилгээ. Самар нь ойн баялаг учир Байгаль орчны тухай хуулиар ойн санд учирсан хохирол гэж үзэж нөхөн төлбөрийн хэмжээг экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин үржиж гаргаж байгаа...

...Дүгнэлтийн 9 дэх хэсэгт заасан үнэлгээг ирсэн самрын дээжийг стандартын дагуу хатаах, зууханд хатааж хуурай болон нойтон жинг үздэг. Хуурай самар нь нэг килограмм нь 76.000 төгрөг байдаг. Харин нойтон нэг килограмм самар нь 98.900 төгрөгөөр үнэлэгддэг. Тухайн самар нь нойтон байсан учир 98.900 төгрөгөөр тооцож мөрдөгчийн тогтоолд дурдсан 94.6 килограммаар үржээд нөхөн төлбөрийн хэмжээгээ Байгаль орчин хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлд зааснаар экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлж гаргасан... Зах зээлийн үнэлгээг эрх бүхий байгаль орчны улсын байцаагч тавина. Шинжээчийн хувьд мөрдөгчийн тогтоолын дагуу экологи эдийн засгийн үнэлгээг нь гаргаад нөхөн төлбөрийн хэмжээг хуульд зааснаар тооцоолно...” гэх мэдүүлэг,

 

Мөн хавтаст хэргээс мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтуудаас:

 

  • Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүдийн хамт

/хавтаст  хэргийн 12-23 дахь тал/,

  • Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /30-32 дахь тал/,

 

- Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ц.Т-н хохирогч, иргэний нэхэмжлэгчээр өгсөн: “...Би 2018 онд Солонгос улсын Сөүл хотын Меонжигийн их сургуулийг  бизнесийн удирдлага чиглэлээр төгссөн. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харъяа байгаль орчин уур амьсгалын санд 2022 оны 06 дугаар сард ажилд орсон. Түүнээс хойш уг газарт мэргэжилтнээр ажиллаж байгаа.

Засгийн газрын Тусгай сангийн тухай хуулийн 7.2.3 дахь хэсэгт иргэн аж ажуй нэгж, байгууллагаас байгаль орчин болон байгалийн нооц баялагт учруулсан хохирлын нөхөн төлбөрийн орлогыг Байгаль орчин уур амьсгалын санд тушаахаар зохицуулсан байдаг.

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын 2019 оны 04 дүгээр сарын 17. ны өдрийн А/146 дугаартай журам батлах тушаал байдаг. Уг журмын 8.2 дахь хэсэгт Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг болон захиргааны журмаар олсон, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.5-д “байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг, зөрчил үйлдэхэд ашиглаж, хураалгасан зэвсэг, тээврийн хэрэгсэn, унаа хосег, тоног төхөөрөмжийг борлуулсны орлого”, 12.1.6-д заасны дагуу хууль бусаар бэлтгэж хураалгасан байгалийн баялгийг борлуулсны орлогыг тус тус Төрийн сан банкны Байгаль орчин, уур амьсгалын сангийн *** тоот дансанд төвлөрүүлнэ гэж заасан байдаг.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол болон гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан зэвсэг, тээврийн хэрэгсэл, унаа хосог, тоног тохооромж борлуулсны орлого зэргийг Байгаль орчин, уур амьсгалын сангийн *** тоот дансанд тушаах ёстой байдаг.

Ойн тухай хуульд зааснаар ойн дагалт баялагийг тухайн жилийн 09 дүгээр сарын 20-ны өдроос дараа оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд үйлдвэрлэлийн болон ахуйн зориулалтаар бэлтгэх боломжтой. Гэвч тухайн жилд тус бүс нутгийн хуш модны самрын ургацын байдалд дүн шинжилгээ, судалгаанд ундэслэн төрийн захиргааны төв байгууллага буюу Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын тушаалаар хуш модны самрыг бэлтгэх эсэхийг тогтоож өгдөг. 2022 оны хувьд Нийслэлийн ногоон бүсээс самар бэлтгэхийг хориглосон учраас Ойн дагалт баялаг бэлтгэх зөвшөөрлийг манай байгууллагын зүгээс олгохгүй байгаа.

Ойн дагалт баялагийг ашиглах мэргэжлийн байгууллагын тусгай зөвшөөрлийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 3 жилийн хугацаатайгаар шаардлагад нийцсэн аж ахуйн нэгжүүдэд олгодог. Гэвч хориглосон бүсээс тусгай зовшооролтой аж ахуйн нэгж хуш модны самар бэлтгэж болохгуй. Тусгай зовшооролтой аж ахуйн нэгж ч Нийслэлийн ногоон бүст хамаарах газраас бэлтгэхгүй, 2022 оны хувьд нийслэлийн ногоон бүсээс хуш модны самар бэлтгэхийг хориглосон, дээрх дурдсан сайдын тушаалд заасан байгаа.

Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Ховор ургамлын жагсаалт"-д багтсан Сибирь хуш нь Монгол оронд ургадаг богоод еер торол зүйлийн хуш мод Монгол оронд ургадаггүй. Тиймдээ уг ургамлын ур идаа болох хуш модны самар нь ховор ургамлын ур, идээ болж байгаа юм. Хуш модны самарны уналгааг 2022 оны 12 сарын 22-ны өдрийн А/603 дугаартай тушаалаар Нэн хологам элбэг ургамлын экологи эдийн засгийн үнэлгээг тооцохоор журамлаж өгсөн байна.

Ойн тухай хуулийн 3.1.12. “ойн дагалт баялаг” гэж ойн сангийн газарт ургадаг жимс, жимсгэнэ, моог, самар, эмийн болон хүнс, тэжээл, техникийн ургамал, модны холтос, үйс, хусны шүүс, давирхай, ойн ховд, ховхон зэрэг ойгоос авч ашиглаж байгаа аливаа баялгийн ноөцийг гэж заасан тул хуш модны самар нь энэ ойлголтод багтаж байна.

Хуш модны самарны үнэлгээг 2022 оны 12 дугаар сарын 22-ны одрийн А/603 дугаартай тушаалаар Нэн ховор, ховор, зарим элбэг ургамлын экологи эдийн засгийн үнэлгээг тооцохоор журамлаж өгсөн.

Мөн самар нь бороо Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Ховор ургамлын жагсаалт"-д багтсан монгол оронд ургаж байгаа Сибирь хушны үр идээ мөн. Одоогоор хууль тогтоомжид заасан ойлголтоор ингэж заасан учраас оор нэмж хэлэх тайлбар байхгүй.

Шинжилгээний дугнэлтэд тусгагдсан экологи-эдийн засгийн хохирлын үнэлгээ, байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлд заасны дагуу хохирлыг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 41-43 дахь тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.О-н гэрчээр өгсөн:  “...Би Төмөр замын цагдаагийн газрын замын цагдаагийн тасагт цагдаа зохицуулагчаар 2023 оны 08 дугаар сараас хойш ажиллаж байна. Болсон үйл явдлын хувьд гэвэл 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн өдөр би тээврийн цагдаагийн албаны 348 дугаар пост буюу 10 хорооллын уулзвар дээр үүрэг гүйцэтгэж байсан. Үүрэг гүйцэтгэж байх хугацаанд **-** улсын дугаартай “Тоёота филтер” маркийн тээврийн хэрэгсэл 1 дүгээр эгнээгээр зорчиж байхаар нь зогсоон шалгахад жолооч нь Б- гэх 50 гаруй насны эрэгтэй зорчигчийн урд талын суудал дээр 30 орчим насны эрэгтэй хоёр зорчиж байсан ба ард талын суудлаа унагаачихсан дээгүүр нь цайвар өнгийн бүтээлэг бүтээчихсэн байсан. Тэгэхээр нь би багажийг нь шалгаж үзэхэд 8 ширхэг цагаан өнгийн шуудайтай самар байсан. Тус шуудайтай самарнууд нь тус бүр талаасаа доогуур зарим нь тал хэмжээтэй байсан ба жолоочоос нь асуухад жижиглэнгээр самар зардаг хүмүүст өгөх гээд жижиглээд бэлдчихсэн байгаа гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 62-63 дахь тал/,

 

Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 3497 дугаартай шинжээчийн “...Шинжилгээнд ирүүлсэн самрын дээж нь шинжилгээнд тэнцэж байна. Сибирь Хуш-Pinus sibirica Du Tour-ны цайруулсан самар байна. Самар нь ургамлын үржлийн эрхтэн буюу үр. Сибирь Хуш-Pinus sibirica Du Tour нь Засгийн газрын 1995 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 153 дугаар тогтоолын хавсралтын “"Ховор ургамлын жагсаалт”-д орсон ургамал. Шинжилгээнд ирүүлсэн Сибирь Хуш-Pinus sibirica Du Tour-ийн үрийн түүсэн цаг хугацааг тодорхойлох боломжгүй. Сибирь Хуш-Pinus sibirica Du Tour нь уулын тайгын бүслүүрийн дээд хэсгээр ургадаг. Хөвсгөл, Хэнтий, Хангай, Монгол Алтай гэсэн ургамал-газарзүйн тойрогт тархдаг. Таримал эсвэл байгалийн зэрлэг ургамал болохыг тогтоох боломжгүй. Шинжилгээнд ирсэн үрийн дундаж чийг нь 27,05 % байх тул нойтон байна. Хуш модны самрыг MNS 5786:2007, MNS 5364:2004 стандартын дагуу 1 жил хадгална. Стандартын дагуу хадгалаагүй тохиолдолд чанар байдлаа хурдан алдаж мөөгөнцөртөх, муудах боломжтой. Хуш модны самрыг MNS 5786:2007, MNS 5364:2004 стандартын шаардлага хангасан газар хадгалаагүй тохиолдолд жинд өөрчлөлт орох боломжтой. Мөрдөгчийн тогтоолд дурдсаны дагуу самрын экологи-эдийн засгийн үнэлгээг тооцвол 98,900 төгрөгх96,4кг= 9,533,960 төгрөг байна. Хэрэгт ач холбогдол бүхий бусад нөхцөл абйдал илрээгүй болно...” гэх дүгнэлт, гэрэл зүргийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 68-71 дэх тал/,

 

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний “...самар /цайруулсан Сибирь хушны үр/ 1.301.400 төгрөг...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 89-90 дэх тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.А-н шинжээчээр өгсөн:

“..Сибир хуш модны үр идээ самрын хохирлыг буюу байгаль орчинд учруулсан хохирлын нөхөн төлбөрийг ойн санд учруулсан хохирлын нөхөн төлбөрөөр буюу 3 дахин үржүүлэн дүгнэлт гаргасан байгаа. Сибирь хуш модны үр идээ самар нь хово ургамлын жагсаалта багтсан ховро ургамал тул учруулсан хохирлын нөхөн төлбөрөөр тооцвол дүгнэлтэд тусгасан 96.4 килограмм хуш модны үр идээ самарын хохирлын төлбөр нь 9.533.960х5=47.669.800 төгрөг болно...” гэх мэдүүлэг /хавтаст хэрийн 98-99 дэх тал/,

 

 Мөрдөн шалгах ажиллагааны явцад Х.Е-ийн яллагдагчаар өгсөн: “...2023 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр Төв аймагт гэртээ байж байхдаа танил ах Б- рүү залгаад уулзъя гэж хэлээд уулзсан. Тэгээд би Б- ахад цайруулсан самар бөөний үнээр худалдан аваад жижиглэнгээр зардаг хүмүүст зарвал ашигтай, хоёулаа Улаанбаатар хот руу очиж самар бөөний үнээр худалдан аваад зарья гэж хэлсэн. Ингээд Б- ах бид хоёр **-** улсын дугаартай “Toyota Fielder” маркийн тээврийн хэрэгсэлтэй Улаанбаатар хот руу очоод 7 буудлын эцэс орчимд очиход жижиглэнгээр цайруулсан самар зараад сууж байгаа хүмүүс байсан ба би очоод тэр хүмүүсээс уулнаас самар түүгээд бөөнөөр нь зардаг хүмүүс байдаг юм уу гэж асууж сургалаад явж байтал 30 гаруй насны хоёр эрэгтэй хүн ирээд бид хоёрт 100 орчим килограмм жинтэй 2 шуудай самар байна гэхээр нь би худалдан авъя гэхэд надад 700.000 төгрөгөөр зарахаар болсон. Ингээд би Б- ахаас 350.000 төгрөгийг бэлнээр авч өөрт байсан бэлэн 350.000 төгрөгийг нийлүүлээд 700.000 төгрөгийг бэлнээр тэр хоёр эрэгтэй хүнд өгөөд самрыг нь аваад машины ард багажинд ачсан. Тухайн үед Б- ах машиндаа сууж байсан болохоор яг ямар хүнээс цайруулсан самар авсан талаар хараагүй. Бид хоёр тухайн орой 5 шар очиж манай хадамын гэрт хоноод маргааш нь буюу 2023 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр худалдан авсан самраа Нарантуул зах дээр очиж зарах гээд машинтайгаа явж байгаад Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт замын цагдаагийн постон дээр цагдаад баригдсан. Бид хоёр худалдан авсан самраа үнэ нэмж зараад ашигаа хувааж авах гэж байсан.

Б- ах бид хоёр 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 7 буудлаас том 2 шуудайтай 100 орчим кг жинтэй цайруулсан самар худалдан авсан. Тэгээд тухайн  самраа гадаа суугаад жижиглэнгээр зардаг хүмүүст зарах гэж байсан тул тухайн оройноо жижиг хэмжээтэй 8 шуудайнд жижиглээд хийчихсэн юм. Сүүлд жижглэж хийсэн 8 шуудай нь дундуураа хэмжээтэй байгаа. Хууль бус болохыг мэдээгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 134-135 дахь тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны ажиллагааны явцад С.Б-н яллагдагчаар өгсөн: “...Болсон асуулын хувьд гэвэл 2023 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр би Төв аймагт таксинд явж байгаад үеэл дүү Еийг уулзъя гэж утсаар яриахаар нь уулзсан. Надад цайруулсан самар бөөний үнээр худалдан аваад жижиглэнгээр зардаг хүмүүст зарвал ашигтай, хоёулаа Улаанбаатар хот руу очиж самар бөөний үнээр худалдан аваад заръя гэхээр нь  би зөвшөөрсөн. Ингээд Е бид хоёр миний эзэмшлийн **-**  улсын дугаартай “Toyota Fielder” маркийн тээврийн хэрэгсэлтэй Улаанбаатар хот руу очоод 7 буудлын эцэс орчимд очиход жижиглэнгээр цайруулсан самар зараад сууж байгаа хүмүүс байсан. Е тэр хүмүүстэй уулзаад 2 эрэгтэй хүнээс 100 орчим килограмм жинтэй 2 шуудай самрыг 700.000 төгрөгөөр худалдан авахаар болж надаа бэлнээр 350.000 төгрөг авсан. Тухайн үед би машиндаа сууж байсан болохоор яг ямар хүнээс авсан талаар мэдэхгүй. Ингээд Е миний машины багажийг онгойлгоод худалдан авсан 2 шуудай самар худалдан авсан. Ингээд Е миний машины багажийг онгойлгоод худалдан авсан 2 шуудай самраа хийгээд бид хоёр таван шард Еийн танилын гэрт очиж хоносон. Маргааш нь буюу 2023 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр худалдан авсан самраа Нарантуул зах дээр очиж зарах гээд машинтайгаа явж байгаад Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт замын цагдаагийн пост дээр цагдаад баригдсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 143-144 дэх тал/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 100, 105 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 101, 106 дахь тал/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журмыг зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэлээ.

 

Нэг. Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүгдэгч Х.Е-, С.Б- нар нь бүлэглэн зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор нэн ховор, ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтэнийг худалдан авч,  тээвэрлэж, ойн санд 28.601.880 төгрөгийн хохирол учруулан байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэсэн гэх гэмт хэрэгт үйлдсэн болох нь тус тус нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.

 

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.Т, гэрч Б.О нарын мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Е-ийн өгсөн “...баримтаар нотлогдож байгаа тул хэлэх зүйл байхгүй...” шүүгдэгч С.Б-н өгсөн “…хууль бус гэдэг талаар ойлголт байгаагүй. Мэдсэн бол самар худалдаж авахгүй байсан...” гэх мэдүүлэг, Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 3497 дугаартай шинжээчийн дүгнэлт болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно.

 

Улсын яллагчаас “...шүүгдэгч Х.Е-, С.Б нар нь нар нь бүлэглэн зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор нэн ховор, ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтэнийг худалдан авсан,  тээвэрлэсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцуулах саналтай байна...” гэв.

 

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.М шүүх хуралдаанд “... Самар авч явсан үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй байна гэж үзэж байна. 2023 оны 09 сарын 13-ны өдөр Байгаль орчин аялал жуулчлалын сайдын А450 дугаартай тушаал гарсан. Энэ тушаалаар ахуйн хэрэгцээнд болон үйлдвэрлэлийн зориулалтаар самрыг түүхийг зөвшөөрсөн тушаал батлагдан гарсан. Энэ тушаалтай холбогдуулан 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/518 дугаартай тушаал мөн гарсан.  Худалдаж авсан нь байгаль экологид хохирол учруулсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байгаа. Байгаль орчинд уулан гарч мод бэлтгэх, зохих зөвшөөрөлгүйгээр үйлдсэн хүмүүст оногдуулахаар заасан хариуцлагыг худалдаж авч байгаа хүмүүст оногдуулж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Худалдан авсан хүмүүс экологи эдийн засгийн үнэлгээ болон Байгаль орчин учруулсан хохирлын үнэлгээг 3 дахин нөхөн төлүүлж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байгаа. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн гаргасан дүгнэлтийн хувьд шинжээч нь экологи эдийн засгийн үнэлгээг гаргасан тул шүүх хуралдаанд оролцуулж асуух гэж оролцуулсан. Ойн санд хохирол учруулсан гэж үзвэл Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 38 дугаар зүйлд зааснаар ямар хохирол учруулсныг бүрэлдэхүүнтэйгээр очиж тогтоох ёстой. Үүнийг тогтоосны үндсэн дээр нугалж төлөх асуудал яригдана... Самрыг үнэлэх үнэлгээг Ойн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсгийн 42.1.3 дахь заалтад тухайн үеийн зах зээлийн үнэлгээгээр үнэлнэ гэж заасан. Худалдан авч байгаа хүмүүс байгаль орчин ямар нэгэн байдлаар хохирол учруулж түүсэн асуудал байхгүй...” гэв.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлд “Байгалын ургамал хууль бусаар бэлтгэх” гэмт хэргийг тусган хуульчилж, мөн зүйлийн 1 дэх хэсэгт “Зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор нэн ховор, ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтнийг түүсэн, бэлтгэсэн, худалдсан, худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн, боловсруулсан” гэж уг гэмт хэргийн үндсэн шинжийг тодорхойлсон байна.

 

Ховор ургамал гэж байгалийн жамаар нөхөн сэргэх чадвар хязгаарлагдмал, тархац, нөөц багатай, устаж болзошгүй ургамал хамаарна.  Ховор ургамлын жагсаалтыг Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолоор баталжээ.

 

Байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх гэмт хэргийн үндсэн шинж нь зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор нэн ховор, ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтнийг түүсэн, бэлтгэсэн, худалдсан, худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн, боловсруулсны улмаас байгаль орчин, хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан байхыг шаардахгүй, гэмт үйлдэл хийснээр төгсдөг хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг юм.

 

Зохих зөвшөөрөлгүйгээр нэн ховор, ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтнийг түүсэн гэж эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр нэн ховор, ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтнийг байгалиас түүснийг ойлгоно.

 

Бэлтгэсэн гэж нэн ховор, ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтнийг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр эмийн түүхий эд болгох болон бусад зорилгоор бэлтгэснийг ойлгоно.

 

Худалдсан, худалдан авсан гэж нэн ховор, ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтнийг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр бусдад мөнгө болон бусад зүйлээр зарах, худалдан авах ойлгоно.

 

Хадгалсан гэж нэн ховор, ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтнийг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр өөрийн болон бусдын орон байр, агуулахад эзэмшил, ашиглалтад байлгахыг ойлгоно.

 

Тээвэрлэсэн гэж нэн ховор, ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтнийг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр нэг газраас нөгөө газарт зөөж шилжүүлснийг ойлгоно. Шилжүүлэхдээ агаарын тээвэр, авто тээврийн хэрэгсэл, галт тэрэг ашиглаж болно.

 

Боловсруулсан гэж нэн ховор, ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтнийг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр эмийн түүхий эд гарган авах, эм үйлдвэрлэх зорилгоор химийн болон физикийн шинж чанарыг өөрчлөхийг ойлгож болно.

 

Хуульд зааснаас өөр зорилгоор байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх гэмт хэргийг үйлдсэн байна. Өөрөөр хэлбэл, Байгалийн ургамлын тухай хуульд заасан байгалийн ургамлын тархац нутаг, нөөцийн хэмжээг тогтоох зорилгоор судалгаа хийх; байгалийн ургамлыг хамгаалах, удмын санг хадгалах, түүхий эд болгон ашиглах зорилгоор тарьж ургуулах, үржүүлэхээс бусад зорилгоор үйлдсэнийг ойлгоно.

 

Шүүгдэгч Х.Е-, С.Б- нар нь бүлэглэн зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор нэн ховор, ховор ургамал болох Сибирь Хуш-Pinus sibirica Du Tour-ны цайруулсан самар худалдан авч, С.Б-н эзэмшлийн тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн үйлдэл нь Байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх гэмт хэргийн үндсэн шинжийг агуулжээ.

 

Хэргийн үйл баримт, цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдалд үндэслэн хууль зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч Х.Е-, С.Б- нар нь бүлэглэн зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор нэн ховор, ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтэнийг худалдан авсан, тээвэрлэж байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэсэн байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлйн 1 дэх хэсэгт “..Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж хуульчилжээ.

 

Иймд шүүгдэгч Х.Е-, С.Б- нарын гэмт үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор нэн ховор, ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтэнийг худалдан авсан,  тээвэрлэсэн...” гэмт хэргийн шинжийг хангаж байх бөгөөд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон байх тул шүүгдэгч Х.Е-, С.Б- нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дах хэсэгт заасан бүлэглэн зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор нэн ховор, ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтэнийг худалдан авсан,  тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.

 

Шүүгдэгч нар хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргаагүй болно. 

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгч Х.Е-т Эрүүгийн хуулийн ерөхний ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 5 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, шүүгдэгч С.Б-д 2 жил 5 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулах санал,

 

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.М-с “...С.Б- нь биеийн эрүүл мэндийн байдлын улмаас Хавдар судлалын үндэсний төвд хяналтад байдаг. Төв аймгийн нутаг дэвсгэрээр хязгаарлалт тогтоосноор хотод орж ирж үзүүлэх нөхцөл нь хүнд болох болно. Хавдар нь байнгын хяналтад байж эм авч нааш цаа явж үзүүлдэг тул зорчих эрхийг хязгаарлах ял нь хувийн байдалтай нь холбоотойгоор тохиромжгүй ял байна гэж харж байх тул шүүх хохрол төлбөр төлсөн, хөнгөн гэмт хэрэгт холбогдсон зэргийг харгалзаж үзнэ үү. Харин Х.Е-ийн хувьд гадагш сургуульд сурах гэж байгаа тул хуульд заасан доод хэмжээгээр торгуулийн ял оногдуулж өгнө үү...” гэх санал, дүгнэлтийг тус тус гаргав.

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудаар мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч Х.Е-, С.Б- нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй бөгөөд энэ нь шударга ёсны зарчимд нийцнэ.

 

Шүүгдэгч Х.Е-, С.Б- нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хсэгийн 1.2 дахь заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэнэ” гэж заажээ.

 

Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн шинж чанар буюу хохирол төлбөр нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан шүүхээс шүүгдэгч С.Б-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хорих ял оногдуулахгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг баримтлан 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан оршин суух газар, ажлаа солих, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч,

 

шүүгдэгч Х.Е-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5.400 /таван мянга дөрвөн зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянган/ төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж  шийдвэрлэв.

 

Гурав. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.

 

Мөн Ойн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт “Иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага дараах үйл ажиллагаа явуулснаас ойн сан, түүний нөөцөд хохирол учруулсан бол учирсан шууд хохирлыг нөхөн төлнө” гэж заажээ.

 

Хавтаст хэрэгт “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний “...самар /цайруулсан Сибирь хушны үр/ 1.301.400 төгрөг...” гэх тайлан /хавтаст хэргийн 89-90 дэх тал/ авагдсан ба шүүгдэгч Х.Е-, С.Б- нараас 1.301.400 төгрөгийг Байгаль орчин, уур амьсгалын санд нөхөн төлснийг дурдах нь зүйтэй байна.

 

Дөрөв. Бусад асуудлын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж, 4 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна.” гэж тус тус хуульчилжээ.

 

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч С.Б-, Х.Е- нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан **-**  улсын дугаартай “Toyota Fielder” маркийн 14.509.688 төгрөгөөр үнэлэгдсэн тээврийн хэрэгслийг худалдан борлуулж хохиролд шилжүүлэхийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, Цагдаагийн Ерөнхий Газрын Экологийн цагдаагийн албаны эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж буй 96.4 килограмм Сибирь хуш модны самрыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлэхийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч С.Б-, Х.Е- нар нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

                                                    ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч У овогт С-н Б-, Б овогт Х-н Е нар нь бүлэглэн зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор нэн ховор, ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтэнийг худалдан авсан,  тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Шүүгдэгч С.Б-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хорих ял оногдуулахгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг баримтлан 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж,

 

шүүгдэгч Х.Е-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5400 /таван мянга дөрвөн зуун мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянган/ төгрөгөөр торгох ял тус тус оногдуулсугай.

 

3. Шүүгдэгч  С.Б-д тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан оршин суух газар, ажлаа солих, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Е-т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд тайлбарласугай.  

 

5.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалт зөрчсөн, дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч С.Б-д мэдэгдсүгэй.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.2, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

7. Шүүгдэгч С.Б-, Х.Е- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Ойн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бат-Эрэнэ, Х.Е- нар нь хохиролд 1.301.400 /нэг сая гурван зуун нэг мянга дөрвөн зуун/ төгрөгийг Байгаль орчин, уур амьсгалын санд нөхөн төлснийг дурдсугай.  

 

9.  Эрүүгийн хуулийн ерөнхий 7.5 дугаар зүйлийн 3,4 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч С.Б-, Х.Е- нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан **-**  улсын дугаартай “Toyota Fielder” маркийн 14.509.688 төгрөгөөр үнэлэгдсэн тээврийн хэрэгслийг худалдан борлуулж хохиролд шилжүүлэхийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

9. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, Цагдаагийн Ерөнхий Газрын Экологийн цагдаагийн албаны эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж буй 96.4 килограмм Сибирь хуш модны самрыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлэхийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

10. Шүүгдэгч С.Б-, Х.Е- нар нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

11. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч нар, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Л.ОДОНЧИМЭГ

 

24.8