| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогтбаярын Урангуа |
| Хэргийн индекс | 188/2024/0186/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/228 |
| Огноо | 2024-02-21 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Д.Ганчимэг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 02 сарын 21 өдөр
Дугаар 2024/ШЦТ/228
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж,
нарийн бичгийн дарга: Б.Хулан,
улсын яллагч: Д.Ганчимэг,
шүүгдэгч ************ /өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ************ийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ********** дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
************/регистрийн дугаар:***********/,
Монгол Улсын иргэн, ************-ны өдөр ************* суманд төрсөн 45 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, хөдөлмөрийн чадвар 80 хувь алдагдсан группт байдаг, ам бүл 5, нөхөр, зээ нарын хамт *********** дүүргийн ***************** тоотод оршин суух хаягтай, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,
Холбогдсон эрүүгийн хэргийн талаар (яллах дүгнэлтэд бичигдсэнээр):
Шүүгдэгч ************ нь Сонгинохайрхан дүүргийн ****** дугаар хорооны нутаг дэвсгэрт ************ голын замд 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдөр иргэн ************ өмчлөлийн *************** маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, улмаар бусдад 800.000 төгрөг буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1.Шүүхээс тогтоосон нөхцөл байдал, үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.
Шүүгдэгч ************ нь Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт ******* голын замд 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдөр иргэн ************ машинд сууж таксигаар үйлчлүүлж байхдаа машинд нь байсан Самсунг А-53 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, улмаар хохирогчид 800.000 төгрөг буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.
1.2 Нотлох баримтын үнэлгээ
Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал:
-Гэмт хэргийн талаарх гомдлыг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 5 дахь тал/,
-хохирогч ************ мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би ажлын бус цагаар заримдаа таксинд явдаг. Би 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдөр 21 цаг 20 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн ************* голын цэнхэр дэлгүүрээс 50 орчим насны эмэгтэй хүнийг өөрийн ******* улсын дугаартай Raw маркийн тээврийн хэрэгсэлдээ суулгаж таксинд явсан. Тэгээд цаашаа грашийн буудлын хажууд байрлах худгаас ус авч байсан эрэгтэй хүнийг замаараа аваад грашийн буудлын өргөн гудамжаар дээшээ өгсөөд уулын орой дээр гараа машинаасаа буулгасан. Тухайн үед эрэгтэй нь урд талын суудал дээр сууж, эмэгтэй нь хойд суудал дээр сууж явсан. Тухайн хүмүүс миний машинаас бууснаас 10 минутын дараа би өөрийн гар утсаа алга болсныг мэдсэн. Би хамгийн сүүлд гар утсаа тус хүнийг суухаас 10 минутын өмнө оролдож байсан...” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 11 дэх тал/,
-гэрч ********** мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би тухайн үедээ бол мэдээгүй бөгөөд хэд хоногийн дараа эхнэр маань утас олсон гээд гаргаж ирж байсан. Тэгээд хоёр сар гаруй хугацаанд ашиглаад тэгээд алга болсон. Сүүлд цагдаагийн байгууллагаас холбогдоход хулгайн утас байсан талаар мэдсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22-23 дахь тал/,
- ********** ХХК-ийн 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн *******дугаартай “Үнэлгээний дүн 800,000” үнэлсэн дүгнэлт /хавтаст хэргийн 78-79 дэх тал/,
-*********** ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн ******** дугаартай албан тоот /хавтаст хэргийн 28-55 дахь тал/,
-шүүгдэгч ************ийн яллагдагчаар өгсөн: “...2023 оны 06 дугаар сарын 29-ний өдөр өөрийн нөхөр ********** хамтаар усанд явахаар болсон бөгөөд нөхрөө би худаг дээр үлдээгээд би ганцаараа дэлгүүр орсон. Тэгээд би буцаж ирэхдээ такси барьсан бөгөөд цэнхэр дэлгүүрийн орчмоос цагаан өнгийн машинд суугаад нөхрөө замаараа аваад гэртээ ирсэн. Тэгээд гэрийнхээ гадаа буух гэтэл хойд суудал дээрээс саарал өнгийн гэртэй, хар өнгийн утас байсан бөгөөд үүнийг би аваад буусан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 89 дэх тал/,
шүүгдэгч ************ийн хувийн байдлын талаарх: эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 90 дэх тал/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 92 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 93 дахь тал/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 94 дэх тал/ зэрэг баримтуудыг шинжлэн судаллаа.
Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг бүрэн тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.
1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч ************ нь бүрэн дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болно
1.4.Хууль зүйн дүгнэлт
Монгол улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 3-д “Монгол улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно...” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “ Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус хуульчилсан.
Шүүгдэгч ************ийн үйлдэл нь өмчлөгчийн дээрх эрхийг зөрчиж, хохирогчийн эд хөрөнгө буюу “гар утсыг” нууц аргаар, шунахайн сэдэлтээр буюу өөртөө ашиг хонжоо хайх зорилгоор, хүч хэрэглэхгүйгээр авсан үйлдэл нь хууль бусаар өмчлөх эрхэд халдсан үйлдэл гэж үзэх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.3 дахь хэсэгт зааснаар “бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэж үзэх бөгөөд хохирлын хэмжээ болон дээрхийн үйлдэл нь гэмт хэргийн шинжийг бүрдүүлж байна.
Иймд хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан буюу хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул шүүгдэгч ************ийг уг зүйл ангид заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.
1.5. Хохирол, хор уршиг
Хохирогч ************ гар утасны үнэ болох 800,000 төгрөгийг барагдуулж авсан талаарх баримт /хавтаст хэргийн 103 дахь тал/-д авагдсан тул шүүгдэгч ************ийг бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагч: “...Шүүгдэгч ************ нь Сонгинохайрхан дүүргийн 35 дугаар хорооны нутаг дэвсгэрт ********* голын замд 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдөр иргэн ************ өмчлөлийн Самсунг А-53 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, улмаар бусдад 800.000 төгрөг буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байгаа тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сар хорих ял оногдуулах саналтай байна. Уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан хорих ял оногдуулах санал гаргасан. Зорчих эрхийг хязгаарлах ялын хувьд боломжгүй гэж үзэж байна. Шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэглэхэд татгалзах зүйлгүй...” гэх дүгнэлттэй.
Шүүгдэгч: “...Зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү...” гэв.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Шүүгдэгч ************ийг гэм буруутай болохыг тогтоосон гэмт хэрэг болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг нь хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хугацаагаар хорих ял шийтгэлтэй.
Шүүгдэгч ************т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн” гэсэн хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тус тус тогтоогдсон, харин 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрөө төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан...бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно.” гэж заасан нөхцөл байдал тогтоогдож байх бөгөөд түүний эрүүл мэндийн байдлыг нь харгалзан үзэж хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх нь зүйтэй гэж шийдвэрлэв.
Иймд дээрх зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ************т хорих ял оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнсэх нь эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх хийгээд нийгэмшүүлэх зорилгын хүрээнд нийцнэ гэж үзлээ.
Шүүгдэгч ************т тэнссэн 1 (нэг) жилийн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авч шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд шүүгдэгч ************ шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчвөл прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулах нь зүйтэй.
2.3. Бусад асуудлын талаар
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *********** бусдын эд хөрөнгийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан буюу хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ************т хорих ял оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Шүүгдэгч ************ нь тэнссэн 1 (нэг) жилийн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд шүүгдэгч ************ нь шүүхээс хүлээсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчвөл прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай.
6. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар , түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.УРАНГУА