| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тогтохын Гандиймаа |
| Хэргийн индекс | 102/2020/04293/И |
| Дугаар | 102/ШШ2021/00172 |
| Огноо | 2021-01-22 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 102/ШШ2021/00172
| 2021 оны 01 сарын 22 өдөр | Дугаар 102/ШШ2021/00172 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг 0 тоотод байрлах Ш СӨХ /утасны дугаар: /
Хариуцагч: Баянгол дүүрэг тоотод оршин суух Б овогт Б М /РД: , утасны дугаар: /
477,900 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.A
нарийн бичгийн дарга Н.Ундармаа нар оролцов.
Нэхэмжлэлийг 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авав.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ш-12 СӨХ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ш-12 СӨХ нь 2005 онд байгуулагдаж, үйл ажиллагаа эрхлэх дүүргийн Засаг даргаас олгосон 59 дугаар гэрчилгээтэй. Бид иргэдийнхээ ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэх үүднээс Монгол Улсын Иргэний хууль, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн дагуу үйл ажиллагаагаа хэвийн явуулсаар өнөөдрийг хүрсэн. СӨХ нь тус байранд өөрийн хөрөнгөөр 7, 8 дугаар орцны дээврийн ажлын засвар, айлуудын цэвэр, бохир усны шугам хоолой солих, байрныхаа урд хойд талын 366 м.кв талбайг зүлэгжүүлэн 21 ширхэг мод сөөг тарьж, шинээр хашаа хайс хийж будав. Мөн 3, 4, 5, 6, 7 дугаар орцнуудыг иж бүрэн засаж, Сантехникийн засвар үйлчилгээг тогтмол хийсээр ирсэн. Ш-12 СӨХ-ны төлбөрийг төлөлгүй удаж, хууль тогтоомжийг зөрчиж буй иргэн байсаар байгаа тул энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Монгол Улсын Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд тус тус төлнө., Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3-т дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 4-т Сууц өмчлөгч нь Иргэний хуулийн 148.2 болон энэ хууль, холбооны дүрмийг сахин биелүүлэх үүрэгтэй мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3-т дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд Иргэний хуулийн 147 дугаар зүйл болон энэ хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу оролцох үүрэгтэй гэж заасныг тус тус зөрчсөн. Баянгол дүүргийн 7 дугаар хороо 12 дугаар байрны 4 дүгээр орцны 123 тоотод оршин суугчаас 2018 оны 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9,10,11,12 сарын төлбөр 179,900 төгрөг, 2019 оны 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12 сарын төлбөр 178,800 төгрөг, 2020 оны 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8 сарын төлбөр 119,200 бүгд 32 сарын 477,900 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргаж байгаа тул хүлээн авч шийдвэрлэж өгнө үү.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ш-12 СӨХ-ны ажлыг аваад 2 жил болж байна. Уг орон сууц нь 35 жил засвар хийгдээгүй орон сууц юм. Засварын үйл ажиллагааг 6 орцонд 1-9 давхарт иж бүрэн хийсэн бөгөөд түүний нэг нь 4 дүгээр орц юм. Ингээд энэ айлаас үйлчилгээний төлбөр болох 477,900 төгрөгийг нэхэмжилж байна. Уг үнийн дүнгээс 250,000 төгрөгийг өнөөдөр төлсөн байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 250,000 төгрөгийг хасч 227,900 төгрөг нэхэмжилнэ. Б.М гэдэг хүн 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс хойшхи төлбөрийг хариуцна гэдэг боловч энэ орон сууцанд энэ айл амьдарч байгаа нь үнэн учраас төлбөрөө бүрэн нэхэмжилж байна. Манай СӨХ нэгдсэн байдлаар айлуудаар явж ямар айл амьдарч байгааг судласны үндсэн дээр 4 дүгээр орцны 123 тоотод Б.Мгийнх амьдар байгааг мэдсэн. Иймд 227,900 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.
Хариуцагч Б.М шүүхэд гаргасан тайлбартаа: Б.М миний бие нь Ш-12 СӨХ-ны нэхэмжлэлтэй уншиж танилцсан болно. Ш-12 СӨХ-ны нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Миний бие нь Баянгол дүүргийн 7 дугаар хороо 12 дугаар байрны 4 дүгээр орцны 123 тоот байрыг 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн түрээсэлж байгаа билээ. 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс хойшхи СӨХ-ны өрийг хүлээн зөвшөөрч байгаа боловч 2018, 2019, 2020 оны 1 дүгээр сараас 04 дүгээр сар хүртэлх өрийг хүлээн зөвшөөрөхгүй. Байрны мөнгө, цахилгааны мөнгө, СӨХ-ны мөнгө, нь бүгд Ганчимэг гэдэг хүн дээр гардаг байхад миний нэр дээр нэхэмжлэл ирсэн нь ойлгомжгүй. Ш-12 СӨХ-ноос нэг ч удаа орж ирж уулзаж байгаагүй мөртлөө миний нэр дээр нэхэмжлэл гаргасан нь ойлгомжгүй байна. Иймд дээрх асуудлыг харгалзан үзэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь үндэслэлтэй гэж үзэв. Учир нь:
Нэхэмжлэгч Ш-12 СӨХ нь хариуцагч Б.Мд холбогдуулан 2018, 2019 оны 1-12 дугаар сар, 2020 оны 1-8 дугаар сарын дундын өмчлөлийн эд зүйлийн засвар, үйлчилгээний төлбөр 477,900 төгрөг гаргуулах шаардлага гаргасан ба уг төлбөрөөс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 250,000 төгрөг төлсөн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 227,900 төгрөг гаргуулахаар шаарджээ.
Дээрх шаардлагыг хариуцагч эс зөвшөөрч тухайн орон сууцыг түрээсэлж байгаа үндэслэлээр 2018-2020 оны 4 дүгээр сар хүртэлх төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж, 2020 оны 4-8 дугаар сарын төлбөрийг төлөхийг зөвшөөрсөн байна.
Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3 дахь хэсэгт сууц өмчлөгчдийн холбоо гэдгийг нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, тухайн орон сууцны байшингийн ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг эрхлэн хариуцах зорилго бүхий, хуулийн этгээдийн эрхгүй, заавал гишүүнчлэлтэй холбоо гэж тодорхойлсон бөгөөд заавал гишүүнчлэлтэй гэдгийг Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.4 дэх хэсэгт Орон сууцанд оршин суугаа сууц өмчлөгч бусад этгээд заавал тухайн холбооны гишүүн байна гэж зааснаар ойлгоно.
Сууц өмчлөгчдийн холбоо нь нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, тухайн орон сууцны байшингийн ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг эрхлэн хариуцахдаа Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэгт заасны дагуу холбооны сангийн хөрөнгөөр үйл ажиллагаа явуулна. Уг хөрөнгө нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2.1-15.2.6 дахь хэсэгт заасан эх үүсвэрээс бүрдэнэ. Хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэх буюу санхүүжүүлэхэд орон сууц өмчлөгч нь Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.2-147.4, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2, 16.4 дэх хэсэгт заасны дагуу оролцож, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг төлөх үүрэгтэй. Өөрөөр хэлбэл сууц өмчлөгч нь орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг хангахад төлбөр төлөх хэлбэрээр оролцож өөрийн амьдарч буй орон сууцны байшингийн дангаар болон дундаа хамтран өмчлөх эд хөрөнгийн ашиглалтын хэвийн байдлыг хангах үүрэгтэй. Энэхүү үүрэг орон сууцыг эзэмшиж, ашиглаж байгаа этгээдэд нэгэн адил хамаарахыг Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.6 дахь хэсэгт зохицуулжээ. Иймд Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3 дахь хэсэгт зааснаар орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон зардлыг хариуцагч төлөх үүрэгтэй байна.
Хариуцагч нь орон сууцыг 2020 оны 4 дүгээр сараас эзэмшиж, ашиглаж байгаа гэсэн тайлбар гаргасан боловч энэхүү тайлбараа баримтаар нотлоогүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх гэж заасан үүргээ биелүүлээгүй байна. Иймд Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Мгаас дундын өмчлөлийн эд зүйлийн засвар, үйлчилгээний төлбөрт 227,900 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, 77.2 дахь хэсэгт заасан журмаар хариуцагчид шүүх хуралдааны товыг мэдэгдэж, мэдэгдэх хуудас хүргүүлсэн байх ба 2021 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр хариуцагч гарын үсэг зурж, хүлээн авсан байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ гэж заасны дагуу нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд, хэрэгт байгаа баримтыг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б овогт Б Мгаас 227,900 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ш-12 сууц өмчлөгчдийн холбоонд олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 14,963 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Б.Мгаас улсын тэмдэгтийн хураамжид 7,487 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ш-12 СӨХ-нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА