Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 2024/ШЦТ/94

 

 

   

 

 

 

 

 

    2024          02           01                                    2024/ШЦТ/94

 

 

                               

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Есөн-Эрдэнэ хөтлөн,

улсын яллагч Т.Баянмөнх,

шүүгдэгч Б.У-, түүний өмгөөлөгч Т.Баясгалан,

хохирогч Д.Н-, түүний өмгөөлөгч С.Тэгшжаргал,

иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц, түүний өмгөөлөгч Э.Шинэцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Б  овогт Б-н У-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн *** дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

     

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б  овогт Б-н У /регистрийн дугаар ***/.

 

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Б.У- *** сувилагчаар ажиллаж байхдаа Эрүүл мэндийн технологи, Эмчилгээ, оношилгооны түгээмэл үйлдлүүд MNS 4621:2008 стандартын 3.4.2 дахь заалтыг, Үр хөндөлтийн цогц тусламж үйлчилгээний MNS 5488:2019 стандартын 8.1 дэх заалтыг, мөн Э -ийн Сувилахуйн албаны 2015 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн хурлаар шинэчлэн баталсан “Үйлчлүүлэгчид эм уулгах журам”-д заасныг тус тус зөрчиж, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 09 цагийн үед Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Э  өөр үйлчлүүлэхээр ирсэн 24-25 долоо хоногтой жирэмсэн эх Д.Н-т төрөлт сэдээх /үр зулбуулах/ Мизопростол нэртэй 4 ширхэг эмийг уулгаснаар, үр зулбуулах эмийн нөлөөгөөр эх гүн дутуу төрж улмаар ураг зулбаж, нярай эндэж, жирэмслэлт тасалдсанаар эх Д.Н-ийн биед хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.У-гийн өгсөн: “...Миний ажлын байр ***”-ийн талаар зөвлөгөө мэдээллийг иргэдэд харъяалал харгалзахгүйгээр, цаг авахгүйгээр үйлчилгээ үзүүлдэг кабинет. 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр манай кабинетад Д.Н- орж ирсэн. Тухайн үед би компьютер дээр цалингаа бодоод сууж байхдаа Н-ийг орж ирснийг мэдээгүй, 5-10 минут орчим дуудуулсан юм. Тэр өдөр 2 дахь тунгаа уух Н- гэх хүн ирэх байсан боловч ирээгүй. Би тэр Н-ийг хүлээгээд сууж байсан. Үүдэнд нэг эмэгтэй зогсоод байхаар нь эм уух гэж байгаа Н- мөн үү гэхэд мөн гэж хэлэхээр нь би ямар орой ирж байгаа юм бэ, 2 дахь тун эмийг ийм орой уувал мөд зулбалт явагдахгүй шүү дээ гэж хэлсэн. Эмийн талаар зөвлөгөө өгөх гэж байгаа учир Н-ийг сандал дээр суулгасан. Тэгээд эмийн талаар мөн хэрхэн уудаг талаар зөвлөгөө өгсөн. Тухайн эмийг хэлнийхээ доор шүлсээрээ уусгаж завжны салстаар шимэгдүүлж уудаг эм учир түүнд энэ талаар зөвлөж хэлсэн. Мөн тухайн эм  ямар үйлчилгээ үзүүлдэг талаар, зулбалт явагдаж цус гарна, цусархаг ялгадас гарвал хэлээрэй гэж би хэлсэн. Эхний тун эмээ уугаад гэртээ хариад 2 дахь тун эмээ уухаар ирэхдээ зарим эмэгтэйчүүд 2 дахь тун эмээ уухаас татгалзаад хэвийн төрдөг тохиолдол байдаг учир Д.Н-ийг эргэлзэж байж магадгүй учир өөрөө шийдвэр гаргах ёстой гэсэн үндсэн дээрээс 2 дахь тун эмээ ширээн дээр тавьсан. Яагаад вэ гэхээр тухайн хүн эм уухаасаа татгалзаж болдог учир тэгж тавьсан. Тэгээд үндсэн ажлаа хийж байхад ширээн дээр байсан эмийг Д.Н- өөрөө авч уусан. Ингээд эм уусан учир амрах өрөө буюу хяналтын өрөөнд оруулсан. Хяналтын өрөөнд өглөө цагтаа ирээд эмээ уусан 4 эмэгтэй байсан. Энэ 4 эмэгтэйн зарим нь зулбах ажиллагаа эхлээд ариун цэврийн хэрэглэлээ сольж ойр ойрхон ариун цэврийн өрөө орсон байдалтай дөрвөн эмэгтэйн хамт оруулсан. Энэ дөрвөн эмэгтэйтэй Д.Н- 2 цаг хамт байсан. Тэр хугацаанд зулбалтын үйл ажиллагаа явагдсан. Эмийн үр хөндөлтийн гол хүндрэл нь цус алдах эрсдэлтэй байдаг учир доош гарч байгаа цусны хэмжээ болон гарч байгаа эдийн хэмжээг заавал шалгах ёстой байдаг. Ид дутуу гарах буюу ихсийн эндэгдэлтэй гарвал цус алдах эрсдэлтэй байдаг. Мөн их хэмжээгээр цус алдвал тухайн эмэгтэйг яаралтай эмчид үзүүлэх ёстой үйлчилгээг үзүүлдэг. 12 цаг 23 минутад миний утас дуугарч утсаа авахад эм уух ёстой байсан Н- байна, ар гэрт маань гачигдал гарсан тул одоо очиж болох уу гэхэд нь хурдан хүрээд ир гэж хэлээд би Н- гэдэг эмэгтэй дээр очоод мэдээллийг нь тодруулахад манай жирэмсний хяналтад байсан Н- гэх эмэгтэй байсан учир жирэмсний хяналтын Камара эмчид мэдэгдэж тухайн өдрийн эх барих эмчид үзүүлсэн. Яаралтай хүлээн авах тасагт аваачиж Батхишигт хүлээлгэн өгсөн...” гэх мэдүүлэг,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Н-ийн өгсөн: “...Өглөө 8 цагийн үед шинжилгээгээ өгч дуусгаад 10 цагийн үед эхо гэх бичиг харах гэсэн боловч ямар ч бичиг харагдаагүй. Тэгээд би цахимаар орсон эсэхийг асуугаад энэ өрөө нь хаана байдаг вэ гэхэд 212 гэдэг өрөөнд оч гэж хэлэхээр нь 2 давхарт байх өрөөний үүдэнд очиход Н- ороорой гэж дуудсан. Нэрийг маань дуудсан тул дотогш орсон. 10 цаг өнгөрч байхад тэр өрөө рүү орсон. Н- мөн үү гэхэд нь мөн гэж хэлсэн. Гэтэл намайг ямар удаж ирдэг юм гэж загнасан. Тэгээд тавчик ч өгөхгүй ширээн дээр байгаа эмийг хуурайгаар нь уу гээд загнаад үг хэлүүлэхгүй хурдан уу, тэгээд амралтын өрөө рүү ороод шингэн зүйл уугаарай гэж хэлсэн. Сүүлд нь их базалттай, бие чичрээд байхаар нь нэг удаа ариун цэврийн өрөө рүү орсон. Гэтэл шингэн зүйл гарсан. Би эход үзүүлэх гэж тэр өрөөнд орсон. Дахиад амралтын өрөөнд ороод цай уугаад сууж байхад хэний Н- бэ гэхээр нь Д-н Н- байна гэхэд нэр андуурсан байна гэж хэлсэн. Би эход уушигаа харуулах гэж орсон, надад өөр ямар нэгэн зорилго байгаагүй... Би сэтгэл санааны хохирлыг шүүхээс тогтоосон хэмжээгээр нэхэмжилнэ, өөр нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг ,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний хариуцагч Б.Ц-н өгсөн: “...Б.У- нь Э-д 1986 оноос ажиллаж байгаад 2023 оны 8 сард өөрийн хүсэлтээр тэтгэвэрт гарах хүсэлтээ өгч ажлаасаа чөлөөлөгдсөн. 2023 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр ажлын байрны үүрэг, Эрүүл мэндийн сайдын тушаал, журам, стандарт эмчилгээ оношилгооны түгээмэл үйлдэлд баримтлах стандартуудыг зөрчсөн гэж *-ийн эрүүл мэнд чанар, тусламж, аюулгүй байдлын албаны тодорхойлолт, дүгнэлт, тайлбар,  мэдүүлгүүдийг хүний нөөцийн албанд ноцтой зөрчил гаргасан гэж сахилгын зөрчил авхуулахаар ирүүлсэн. 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Э  ийн үр хөндөлтийн сувилагч Б.У-д үндсэн цалинг 2 сарын хугацаатай 20 хувиар бууруулах тушаал гарсан. Дээрх дүгнэлт гарсан учир иргэний хариуцагчийн хувьд шүүхийн журмаар хохирлыг шийдвэрлэсэнийг төлөхөд татгалзах зүйлгүй, төлөхөд бэлэн байгаа...” гэх мэдүүлэг,

 

Мөн хавтаст хэргээс мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтуудаас:

 

-  Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.Н-ийн хохирогчоор өгсөн:

“...2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр сарын тэмдэг ирэхгүй болохоор нь эмнэлэгт очиж Эход харуулахад 2 сартай жирэмсэн болсон байна гэж хэлсэн. 2022 оны 03 дугаар сард өөрийн амьдарч буй Сүхбаатар дүүргийн 17 дугаар хорооны өрхийн эмнэлгийн эмч дээр очиж хяналтанд орж үзлэг, шинжилгээ хийлгэхэд бойжиж буй ургийг маань ямар нэгэн асуудалгүй, хэвийн бойжиж байна гэж хэлж байсан. Мөн ургийг 5 сартай байхад нь 100 айлд байрлах хувийн эмнэлэг дээр очиж 5 Ди өнгөт эход харуулахад ургийн бүх зүйл хэвийн, бүрэн бойжиж байна гэж хэлж байсан. Би 1997 онд 8 настай байхдаа зүрхний цоорхой өвчний улмаас хагалгаанд орж байсан учир манай өрхийн эмнэлгийн эмч намайг Э -д очиж зүрхээ үзүүл гэж хэлсний дагуу 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өглөө нөхөр С-аар Э -д хүргүүлээд тус эмнэлэг рүү ороод шээс, мазок, нүд, чихний шинжилгээ өгчихөөд уушигны эход харуулах гэсэн боловч хаана хардагийг нь мэдэхгүй учир тус эмнэлэгийн үүдэнд угтах үйлчилгээний ажилтан дээр очоод уушигны эхо хэдэн тоот өрөөнд байдаг талаар асуухад угтах үйлчилгээний ажилтан эмэгтэй хоёр давхарт 212 тоот өрөөнд байгаа гэж хэлэхээр нь би тухайн эмэгтэйн хэлснээр хоёр давхарын 212 тоот өрөөний үүдэнд очиход өрөөний хаалга хаалттай байсан бөгөөд тус өрөөний хаалганы гадна ямар нэгэн хүн байхгүй байхаар нь би зогсож байтал өрөөн дотроос Н- ороорой гэж хэлэхээр нь би хаалгыг нь онгойлгоод дотогш ороход эмэгтэй сувилагч ганцаараа байж байсан. Намайг Н- мөн үү гэхээр нь би мөн гэж хариулахад “яасан удаж ирдэг юм, хувцасаа тайлаад тавчик өмс” гэж загнаад наад эмээ залгиад, уугаарай гээд дөрвөн ширхэг цагаан өнгийн дөрвөлжин дүрстэй, шахмал эм өгөхөөр нь би ямар нэгэн зүйл асуулгүйгээр өгсөн дөрвөн ширхэг эмийг нь шингэн зүйлээр даруулалгүйгээр шууд уутал надад эм өгсөн сувилагч намайг амралтын өрөөрүү ороод, шингэн зүйл уугаарай гэж хэлэхээр нь би шингэн зүйл уугаад байж байтал эм ууснаас хойш 30 орчим минутын дараа бие маань даараад, чичрээд эхэлсэн. Гэдсээр базлаад бие засмаар болоод байхаар нь би нойл орж хүндэрсэн бөгөөд тухайн үед ямар нэгэн цус, нөж гэх зүйл гараагүй. Би буцаад амралтын өрөөнд ороод байж байтал надад эм өгсөн сувилагч “чи хэний Н- юм бэ” гэхээр нь би өөрийгөө Д-н Н- гэдэг гэж хэлтэл тухайн сувилагч ямар шалтгаантай гэдгийг нь хэлээгүй ч “нэр андуурчихсан байна” гэж хэлснээ намайг амралтын өрөөнөөс гаргаад жирэмсний хяналтын картаа өгдөө гэхээр нь би өөрийнхөө жирэмсний хяналтын ягаан өнгийн картаа өгөхөд сувилагч миний хяналтын дэвтэрийг харснаа “чи чинь жирэмсэн байсан юм уу, яанаа би хүн андуурчихлаа” гээд байсан. Тэгээд байж байтал өрөөнд нэг эрэгтэй эмч орж иртэл надад эм уулгасан сувилагч тухайн эмчид хандаж “би хүнээ андуураад дөрвөн ширхэг эм уулгачихлаа” гэж хэлэхэд нөгөө эрэгтэй эмч намайг тайвшруулаад хэсэг хэвтчих гээд орон дээр хэвтүүлсэн. Гаднаас дахиад нэг эмэгтэй эмч орж ирээд намайг үзээд “энэ эмэгтэйг эмчлэх шаардлагатай” гэж хэлээд намайг тэргэнцэрт суулгаад эм уулгасан өрөөнөөс гаргаад өөр өрөөнд оруулж хэвтүүлээд хэд хоног хэвтэн эмчлэх болно гэж хэлсэн. Тухайн өдрөө болон 16-ны өдрүүдэд надад нилээн хэдэн дуслыг үргэжлүүлэн хийгээд байсан. Тэгээд 04 дүгээр сарын 17-ны өглөө миний гэдэс гэнэт маш хүчтэй базлаж өвдөөд байхаар нь би хэд хэдэн удаа нойл орж бие засахад цусархаг зүйл гарахаар нь би сувилагчид миний гэдэс базлаад, бие засахаар доошоо цус гараад байна гэж хэлтэл миний хэвлий дээр гараараа дарж үзээд чи төрөх болсон байна гэж хэлээд намайг түрдэг орон дээр хэвтүүлээд төрөх өрөө рүү авч орсон. Төрөх өрөөнд ороод хэвтэж байтал миний гэдэс маш хүчтэй базлаж өвдөж эхэлсэн. 2 сувилагч, 1 эх баригч эмч намайг төрүүлсэн бөгөөд 700 грамм жинтэй, 33 см урттай охин хүүхэд дутуу төрөөд хэсэг хугацаанд гэдсэн дээр маань тавиад байлгаж байгаад эмч авч яваад дутуу төрсөн хүүхэд хийдэг энкубатор гэх зүйлд хийсэн. Охин маань төрөхдөө ямар нэгэн дуу чимээ огт гаргаагүй бөгөөд би төрхийн орон дээр цаг гаруй хэвтэж байхад өөр өрөөнд оруулж хэвтүүлсэн. 18-ны орой би охиноо харахад энкубатор төхөөрөмжийн дотор унтаа байдалтай байсан бөгөөд 19-ний өглөө намайг унтаж байтал сувилагч дуудаж сэрээгээд “хүүхэд чинь болохоо байлаа, уушгинд нь цус алдчихлаа, амьдрах боломжгүй боллоо” гэж хэлэхээр нь би охин дээрээ очиход хоёр эмч охины маань зүрхэнд нь массаж хийж байсан. Хэсэг хугацааны дараа охин маань нас барчихлаа гэж хэлсэн...

Тухайн эмч надад ямар үйлчилгээтэй эм өгч байгаа талаар ямар нэгэн зүйл огт хэлээгүй. Надад эм өгсөн сувилагч намайг оронгуут загнаад байсан учир би сандарсандаа өгсөн эмийг ямар нэгэн зүйл асуулгүйгээр шууд уучихсан... Би гомдолтой байна, эмчилгээ хийлгэмээр байна... Б.У- хохирлын мөнгө гэж надад 2 сая төгрөг шилжүүлсэн... Би нийт 10.000.000 төгрөг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 14-19 дэх тал/,

 

- Мөрдөн шалгах ажиллагааны явцад Я.С-н гэрчээр өгсөн:  “...Манай эхнэр Н- 6 сартай жирэмсэн байсан. 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Эх нялхасын эмнэлэгт хяналтад орох гэж ирсэн ба цус, шээс, мазок, зүрхний эход харуулж шинжилгээ өгсөн. Тэгээд уушигаа эход харуулаад ир гэж хэлсний дагуу хаана үзүүлэхээ мэдэхгүй байж байгаад үүдний хөтөчөөс асуухад 212 тоот өрөөнд оч гэж хэлсэн байсан. Тус өрөө рүү очиж явтал нэг сувилагч чи Н- мөн үү гэж манай эхнэрээс асуусан гэсэн, мөн гэхэд нь нөгөө эмч маш ууртайгаар “чи яасан удаж ирдэг юм, гадуур хавцасаа тайлаад ширээн дээр байгаа эмийг авч уу гэсний дагуу жирэмсний картаа өгөхөд үзэлгүй, ширээн дээр тавьсан, тэгээд ширээн дээр 4 ширхэг эм байхаар нь бүгдийг нь уусан гэж хэлсэн. Удалгүй манай эхнэрийн бие нь муудаж гэдэс нь базалж эхэлсэн ба тухай эмч нь амралтын өрөөнд оруулаад хэсэг хугацааны дараа орж ирээд чи хэний Н вэ гэж асуугаад овогоо хэлэхэд “чи жирэмсэн байсан юмуу, яанаа, хүн андуурчихсан байна” гэж хэлсэн байсан. Тэгээд эмчилгээ хийлгэсэн ба олон төрлийн дусал тариа хийсэн бөгөөд 2022 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр 15-16 цагийн орчимд төрүүлсэн. Тэгээд охиныг шилэн хоргонд эмчилгээ хийсэн байх, ямар ч байсан 2 хоног байсан. Өнөөдөр буюу 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр 7 цаг 45 минутад нас барсан. Эмч хэлэхдээ нярай дотуур цус алдалттай, бид чадах бүхнээ хийсэн гэж хэлсэн. Манай хүн 10 жилийн дараа 2 дахь хүүхдээ төрүүлсэн ба 6 сартай, эрүүл саруул бойжиж байсан. Хяналтанд орох гэж ирээд хариуцлагагүй эмчээс болж зулбуулах гэж байсан хүнийг андуурч манай хүнд буруу эм уулгаж миний охины амь насанд хүрсэнд маш их гомдолтой байна...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 21-22 дахь тал/,

 

- Сиди бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1-р хавтаст хэргийн 29-32 дахь тал/,

- Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Н-ийн гэрчээр өгсөн: “...Би ...2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр ... Э  дээр очоод үр хөндүүлэх хүсэлтэй байгаа талаараа хэлээд гараараа хүсэлт бичиж өгөөд, кассанд 50,000 төгрөг тушаагаад дээшээ хоёр давхарт 212 тоот өрөөнд ороход нэг эмэгтэй сувилагч сууж байсан. Миний шинжилгээний хариуг авч үзээд надад ямар нэгэн капсулгүй 8 ширхэг бөөрөнхий хэлбэртэй, цагаан өнгийн эм өгөөд бүгдийг нь нэг дор уух ёстой гэхээр нь би сувилагчийн өгсөн 8 ширхэг эмийг хажууд нь байж байгаад бүгдийг нь усаар даруулж уутал намайг 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өглөө 09 цагт ирж хоёр дахь тунгийн эмээ уугаарай гэж хэлээд явуулсан. Би 04 дүгээр сарын 15-ны өглөө 09 цагт Э -д очиж үр хөндүүлэх хоёр дахь эмээ уух ёстой байсан боловч хамаатны хүн нас бараад буяны ажил гарсан байсан учир сувилагчийн хэлсэн 09 цагт очиж амжаагүй. Өдөр 11 цагийн орчимд Э -рүү очиж явах замдаа анх надад үр хөндүүлэх эм өгсөн сувилагчийн гар утас руу залгаад “би таны хэлсэн цагт очиж амжсангүй, одоо очоод эмээ ууж болох уу” гэж асуухад сувилагч “яг одоо хурдан ороод ир” гэж хэлэхээр нь Э -ийн 212 номерын өрөөнд ороход анх үр хөндүүлэх эм өгсөн сувилагч намайг “цагтаа ирэхгүй, эрт ирээрэй гэж хэлж байхад” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 35-36 дахь тал/,

- Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Ч-н гэрчээр өгсөн: “...2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 14 цаг орчимд манай дутуу тээлт судлалын тасагт Д Н-, 33 настай эмэгтэй хүлээн авахаас 24 долоо хоногтой дутуу төрөхийг завдаж байгаа гэх оноштой ирсэн. Тус эмэгтэйд тонус бууруулах, шингэн сэлбэх, зүрх судасны үйл ажиллагаа дэмжих зэрэг эмчилгээнүүдийг хийсэн, эм уугаад 4 цаг болсон байсан учир ходоодыг угаагаагүй. Тэгээд жижүүрийн эмч нарт хүлээлгэн өгсөн. Баасан, бямба гарагуудад эмч нарын хэлснээр ямар нэгэн зовиур, шинж тэмдэг илрээгүй, бүтэн сайн өдрийн өглөө Н- гэдэс орчмоор хатгуулаад өвдөөд байна гэж эмч нарт мэдэгдсэн ба 15 цаг 20 минутад 700 грамм, 33 см охин дутуу төрсөн, тэгээд нярайн эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байгаад 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр нярай эндсэн гэж мэдсэн...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 38-39 дэх тал/,

 

- Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Б-н гэрчээр өгсөн: “...Би 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өглөө 08 цаг 30 минутаас өдөр 16 цаг 50 минутын хооронд Э -ийн *** сувилагчаар, цахим бүртгэлд үйлчлүүлэгч нарт цаг өгч, ирсэн үйлчлүүлэгч нарт эмчийн өрөөний дугаарыг нь зааж өгч, үзлэгийн цагийг нь өгдөг ажилтай байсан. Тухайн үед тэр эмэгтэй өглөө 10 цагийн үед ирээд надаас 113 тоот өрөөний дотрын эход үзүүлэхээр цаг авсан. Тэгээд би уг эмэгтэйд өрөөг нь зааж өгөөд явуулсан. Дараа нь өдөр цайны цагаар цай уух гэж байхад Б.У- хүний эм солиод өгчихлөө гээд сандраад ярьж байсан. Тэгээд тасгийн ахлах эх баригч Х, үйлчлэгч Э камер шүүж үзэхэд уг эмэгтэй орж ирээд надаас цаг аваад 1 давхар руу 113 дугаар руу ордог хаалганы хажууд зогсож байгаад шууд 2 давхар руу гараад 212 тоот буюу У-н өрөө рүү яваад орж байгаа бичлэг байсан. Надад анх ирээд картаа үзүүлэхэд дотрын эход үзүүлэх эмчийн заалт байсан. Тэгээд би картнаас нь бүртгэж цаг өгөөд 113 тоотыг зааж өгөөд явуулсан. Тухайн үед би эмэгтэйгээс юуны цаг авах юм бэ гэхэд картаа надад өгсөн. Тэгээд би цаг өгөөд явуулсан, тухайн үед надтай юм яриагүй байх гэж бодож байна. Би сайн санахгүй байна. Уг эмэгтэй 107 тоот буюу жирэмсний хяналтын үйлчлүүлэгч байсан. Урьд нь Б.У- дээр ирж, эмчилгээ огт авч байгаагүй...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 41-43 дахь тал/,

 

- Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ц.Б-н гэрчээр өгсөн: “...2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр буюу 5 дахь өдөр манай төрсний дараах тасаг нь үр хөндөлтийн ажилбарын хэсэгт хуваарийн дагуу ажиллах хуваарьт өдөр байсан. Тэгээд би өдөр 12 цагийн үр хөндөлтийн хэсэгт очоод У сувиглагчаас хэдэн хүн байгаа талаар асуугаад стори нь үзсэн. Тэгэхэд У “энд Н- гэх 2 дахь тунгаа уух ёстой хүн байсан юм. Тэгэхэд Н- гэх ижил нэртэй жирэмсэн өөр эмэгтэй орж ирээд эм андуураад уучихсан байна” гэж хэлэхээр нь “эм уугаад хэдэн цаг болж байгаа вэ, яаралтай ходоодыг угаах хэрэгтэй” гэж хэлээд уг эмэгтэйг яаралтай тусламжийн тасаг руу явуулаад би өөрөө хэвтэх тасаг руу нь түрүүлж очоод ходоод угаах уусмалыг нь бэлдсэн. Тэгээд уг эмэгтэйд яаралтай тасаг стори нээлгээд дутуу тээлт судлалын тасагт хэвтүүлэн тонус бууруулах эмчилгээ хийгээд ажиглахаар болсон. Би уг эмэгтэйг тасгийн эмчид нь хүлээлгэн өгөөд өөрийнхөө тасаг руу ажил руугаа явсан. Тухайн үед надад Б.У- тайлбарлахдаа Н- гэх эмэгтэй 2 дахь тунгаа уух ёстой байсан, хаалгаар орж ирсэн эмэгтэйгээс Н- үү гэхэд мөн гэж хэлэхээр нь эмээ уух Н- ирсэн байна гэж бодоод 4 ширхэг үр хөндүүлэх эмээ өгсөн. Тэгээд байж байтал 2 дахь тун уух ёстой Н- залгаад би түгжрэлд орсон очиж байна гэж хэлэхээр нь нөгөө эм өгсөн Н-ээс асуухад 5 сартай жирэмсэн байсан талаар надад Б.У- хэлсэн. Манай эмнэлгийн дотоод журамд өвчтөнийг танин тодруулах асуумжийг 3-с дээш асуултаар асууж баталгаажуулж, өвчтөний түүх, карттай тулгаж үзсэний дараа эмчилгээ хийх, эм өгөх журам байдаг. Б.У-гийн хувьд дээрх журмыг мөрдсөн эсэхийг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /11-р хавтаст хэргийн 45-46 дахь тал/,

 

- Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ц.Б-н гэрчээр өгсөн: “...Би 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 10 цагийн үед Э -ийн ****- т ажлаа хийгээд цэвэрлэгээгээ хийж дуусаад 2 давхарт гарч Б.У- сувилагчийн өрөөнд орсон. Тэгэхэд өрөөний хаалга онгойлгоод цайвар өнгийн куртиктэй 30 орчим насны эмэгтэй хүн ороод ирсэн. Б.У- сувилагч “Н- мөн үү” гэж асуухад нөгөө эмэгтэй “мөн” гэж хэлэхэд Б.У- сувилагч “ийм орой ирээд, эм уугаад зулбах уу Н-ээ” гэж хэлэхэд нөгөө эмэгтэй дуугүй зогсож байсан. Б.У- сувилагч суу гэж хэлэхэд ширээний урд байдаг сандалд суусан. Б.У- сувилагч 4 ширхэг эм гаргаж ирээд ширээнд тавиад усаар даруулахгүй ууна шүү гэж хэлж байсан. Тэгээд би гараад доод давхар руу бууж ажлаа хийж байхад манай ажилчдын нэг нь надад хандан У сувилагч тэрэг аваад дээшээ ороод ир гэж байна гэж хэлэхээр нь би 105 тоотоос тэрэг аваад Б.У- сувилагч руу аваачиж өгөхөд Н- гэх эмэгтэйг аваад тэргэн дээр суулгаад Б.У-, үйлчлэгч Хажидсүрэн бид нар түрээд яаралтай тусламжийн тасагт хүргэж өгсөн. ...Уг эмэгтэй гаднаас орж ирэхэд “Н- үү” гэж Б.У- асуухад нөгөө эмэгтэй чимээгүй зогсож байсан. Тэгээд У ширээнийхээ хажуунаас стори гаргаж ирээд “Н-ээ ийм орой ирээд эм уугаад зулбах уу” гэж хэлэхэд уг эмэгтэй дуугүй сууж байсан. Тэгээд Б.У- “наад 4 ширхэг эмээ 2 завжиндаа хийгээд уусгаж уугаарай, 1 цаг юм уухгүй, цагийн дараа халуун бүлээн юм уугаарай” гэж хэлэхэд нөгөө эмэгтэй дуугүй сууж байсан. Тэгээд би гараад явсан. Миний санаж байгаагаар тэр эмэгтэй юм дуугараагүй...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 48-49 дэх тал/,

 

- Мөрдөн шалгах ажиллагааны явцад С.Б-н гэрчээр өгсөн: “...2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Э -д арга зүйчээр ажиллаж байхад Б.У- жирэмсэн эмэгтэйд үр хөндүүлэх эм андуурч уулгаад улмаар энэ талаараа өөрөө мэдээд яаралтай арга хэмжээ авч, уг эмэгтэйг яаралтай хүлээн авахад хүргэж өгч тасагт хэвтүүлсэн талаар надад хэлсэн... Тухайн үед Б.У- Э -ийн нөхөн үржихүйн зөвлөх поликилиникийн гэр бүл төлөвлөлт, үр хөндөлтийн кабинетэд сувилагчаар ажиллах ажил үүргийн хуваарьтай байсан. Сувилагч Б.У- ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажлаа хийж, тусламж үйлчилгээ үзүүлэх үүрэгтэй байсан. Маргаанд нь чанарын хурал хийж дүгнэлт гарсан...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 51-53 дахь тал/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн **** дугаартай шинжээчийн “...Дүгнэлт гаргуулахаар ирүүлсэн эмнэлгийн бичиг баримтын хамт “misoprostol tablets” гэсэн бичигтэй хайрцаг дотор уг эмээс 1 ширхэг ирүүлсэн нь эм байх боломжтой. Уг эм нь Монгол Улсад бүртгэлтэй эмийн жагсаалтад орсон байх ба бүртгэлийн дугаар *** байна. Мизопростол эмийг мифепристол эмийн хамт жирэмсний 49 хоног хүртэлх хугацаанд эмнэлгийн үр хөндөлтөд ашигладаг ба умайн хүзүүг нээж, умайн булчингийн агшилт үүсгэн төрөлт сэдээдэг эм. Ирүүлсэн эмийн бүтэц, найрлагыг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд тогтоох боломжгүй. Уг эмийг жирэмслэлтийг таслах тухай эмнэлзүйн заалт, эмч нарын зөвлөлгөөний шийдвэргүй үед 6 сартай жирэмсэн эхэд уулгаж болохгүй. 6 сартай жирэмсэн эх хэрэглэсэн тохиолдолд төрөлт сэдээгдэж ураг дутуу төрөх боломжтой...” гэх дүгнэлт /1-р хавтаст хэргийн 55-56 дахь тал/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн *** дугаартай шинжээчийн “...Д.Н-ийн 24-25 долоо хоногтой жирэмслэлтийг мизопростол эмээр төрөлт сэдээснээс нярай төрөх замаар дутуу, хэт бага жинтэй, хүнд бүтэлттэй төрж амьсгал гачаал, судсанд цус түгмэл бүлэгнэх хам шинж, тархины цус харвалтаар хүндэрч амьсгал болон тархины хавсарсан дутмагшлаар нас баржээ. Эмгэг судлалын шинжилгээний ХЭ-105-2022-н онош, дүгнэлт үндэслэлтэй байна...” гэх дүгнэлт /1-р хавтаст хэргийн 62-63 дахь тал/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 813 дугаартай шинжээчийн “...Адил нэртэй үйлчлүүлэгчид сувилагч андууран эм уулгасан асуудалд анагаах ухааны үүднээс тайлбар өгөх боломжгүй. Ураг эхийн хэвлийд 10 сар тээгдэж төрөх ба үүнийг хэвийн гүйцэд төрөлт гэнэ. Д.Н-ийн нярай эхийн хэвлийд 24-25 долоо хоног тээгдэж гүн дутуу төрсөн байна. Мизопростол эмээр төрөлт сэдээхээс өмнөх ургийн хөгжилд үнэлгээ өгөх эмнэлгийн бичиг баримт үгүй байна. Нярай 2022 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр 15 цаг 20 минутад төрж 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 07 цаг 45 минутад нас барсан байна. Эхэд андуурч эм уулгаснаас хойшхи хийсэн эмчилгээ үйлчилгээ зохих журмын дагуу хийгдсэн байна. Нярай гүн дутуу төрсөн тул эмчилгээнд үр дүн үгүй байжээ. Д.Н- ураг зулбуулах эмийн нөлөөгөөр дутуу төрсөн ба энэ нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.5.3-т зааснаар жирэмслэлт таслагдсан тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Д.Н-ийн ураг дутуу төрснөөс цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдахгүй ба жирэмслэх, ураг тээх төрүүлэх чадварт нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /1-р хавтаст хэргийн 70-71 дэх тал/,

 

- Шинжээч Т.У-н 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн “...Э  ийн 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн үр хөндөлтийн бүртгэлд Д овогтой Н-т тусламж үйлчилгээ үзүүлсэн талаарх бүртгэл мэдээлэл байхгүй, харин үр хөндөлтийн бүртгэлийн *** дугаарт Б овогтой Н-ийг /***/ бүртгэж, хавтаст хэргийн 41, 103 дугаар хуудас үр хөндөлтийн түүх №***-ийг нээж /хавтаст хэргийн 43, 48, 105-р хуудас/ эмийн үр хөндөлтийг хийсэн болон үр хөндөлтийн түүхийн хавсралт /эмийн/-ыг хөтөлсөн эмчийн тэмдэглэл, эмчлүүлэгчийн амин үзүүлэлтийг хянах хуудас, сувилагч эмчлүүлэгчийн биеийн байдлыг үнэлэх хуудас, сувилгааны тэмдэглэл /104,106, 107, 108, 109/ зэргийг хөтөлсөн байна.

Хавтаст хэрэгт авагдсан материалыг судлахад үйлчлүүлэгч Д овогтой Н-т эм андуурч уулгасан тохиолдол нь Эрүүл мэндийн сайдын 2022 оны А/352 тоот “Журам батлах тухай” тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Үйлчлүүлэгчийг зөв танин тодруулах журам”-ын 4 дүгээр хэсгийг 4.1-д заасны дагуу эмч, мэргэжилтэн нар доорхи тохиолдолд заавал үйлчлүүлэгчийг зөв танин тодруулах ажиллагааг заавал хийнэ /Эмч үзлэг хийхийн өмнө, Эмийн эмчилгээний өмнө/ гэсэн заалтын 4.1.1, 4.1.3 дахь заалт, 4.2 дахь хэсэг /дээрх үйлдэл бүрийн өмнө үйлчлүүлэгчийг зөв танин тодруулахдаа овог, нэрийг тод чанга дуугаар дуудаж, үйлчлүүлэгчтэй хамт дахин овог нэр, төрсөн он, сар, өдрийг баталгаажуулна/, 4.3 дахь хэсэг /үйлчлүүлэгчийг зөв таних явцыг хэрэгжүүлэхдээ тухайн тусламж үйлчилгээ бүрийн өмнө дараах аргуудаас хамгийн зохистой гэж үзсэн хоёроос доошгүй аргыг хэрэглэнэ. Үүнд: овог, нэрийг бүтнээр дуудах, нас, хүйсийг асуух, төрсөн огноог асуух, гэрийн хаягийг хэлүүлэх, бугуйн зүүлттэй мэдээлэлтэй тулгах, бичиг баримт болон цахим санд бүртгэгдсэн зурагтай тулгах, хэвтэн эмчлүүлж буй тасгийг асуух гм/, 5 дугаар хэсгийн /харилцааны бэрхшээлтэй буюу аман харилцаа үүсгэх боломжгүй үйлчлүүлэгчийг танин тодруулах/ 5.1.5 дахь хэсэг/ хэлгүй, дүлий үйлчлүүлэгчийг харилцааны бэрхшээлтэй үйлчлүүлэгчид хамруулна/, 5.2 дахь хэсгийн /энэхүү журмын 5.1-д хамаарах үйлчлүүлэгчид дараах аргаар танин тодруулга хийнэ/, 5.2.1 дэх хэсэг /Үйлчлүүлэгчийн ар гэр, асран хамгаалагчаас шаардлагатай мэдээллийг авч баталгаажуулна.../-ийг тус тус зөрчиж “Үйлчлүүлэгчийг танин тодруулах” ажиллагааг хийгээгүй байна.

Хэргийн материалын 76 хуудас “Э -ийн **** байрны тодорхойлолт”-ыг 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр баталгаажуулсан байна. Тусламж үйлчилгээ үзүүлсэн албан хаагчийн мэргэжил, мэргэшсэн байдал, эмчлэх, сувилах мэргэжлийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийн талаарх мэдээлэл хавтаст хэргийн материалд авагдаагүй тул ажлын байранд тавигдах шаардлага, нөхцөлийг хангаж буй эсэхэд хариулах боломжгүй байна...” гэх дүгнэлт /1-р хавтаст хэргийн 78-79 дэх тал/,

 

- Мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээч Т.У-н өгсөн: “...Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас “Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг хангах тухай зөвлөмж гарсны дагуу Эрүүл мэндийн сайдын 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн А/566  тушаалд “Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах зарим арга хэмжээний тухай 1-р хавсралтад “Эрүүл мэндийн тусламж үйлчилгээтэй холбоотой тохиолдлыг мэдээллэх, хариу арга хэмжээг авах журмыг баталсан. Үүнд энэ журмын нийтлэг үндэслэлийн 1.4 дэх хэсэгт “Эрүүл мэнд, аюулгүй байдалд сөргөөр нөлөөлсөн нөхцлүүдийг гаргаж өгсөн. Үүний 1.5 дахь хэсгийн 1-т зааснаар үйлчлүүлэгчийг зөв танин тодруулах заалт байна. Энэ заалтын дагуу тухайн эмнэлгийн байгууллага дотооддоо журам гаргаж мөрдөж ажиллах  ёстой. Үүнтэй холбоотой гарсан тохиолдлыг ангилж бүртгээд мэдээллэх журамтай байдаг. Үүнийг үндэслээд Эрүүл мэндийн сайдын 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн А/352 тушаалаар үйлчлүүлэгчийг зөв танин тодруулах журам гарсан. Э -н сувилагч Б.У- нь 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Эрүүл мэндийн сайдын А/566 тушаал, 2022 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн А/352 тушаалд үйлчлүүлэгчийг танин тодруулах журмыг зөрчсөн, мөрдөж ажиллаагүй байна...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 96-97 дахь тал/,

 

- Шинжээч Т.У-н  2022 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн “...Эрүүл мэндийн технологи. Эмчилгээ, оношилгооны түгээмэл үйлдлүүд MNS 4621:2008 стандартын 3 дахь хэсэгт “Гардан үйлдэл хийхэд баримтлах ерөнхий зарчим” хэсгийн 3.3 дахь хэсэгт зааснаар “Эмчийн заавраар эмчлүүлэгчид хийхийг зөвшөөрсөн ажилбарууд, сувилахуйн тусламж үйлчилгээ, асаргааны бие даасан үйлдлүүд” гэж заагдсан, 3.4 дэх хэсэгт үйлдлийн технологийн 3.4.2 “Үйлдлийн явц” гэсэн хэсэгт сувилагч “Эмчийн заалт болон үйлдэл хийлгэх үйлчлүүлэгч мөн эсэхийг шалгана” гэж заасан; Үр хөндөлтийн цогц тусламж үйлчилгээ MNS 5488:2019 стандартад зааснаар: Жирэмсэнг эмийн аргаар таслах ажилбар гэдэг нь: Жирэмсний 21 долоо хоног дотор жирэмсэнг эмийн аргаар таслах ажилбар, ажилбарын өмнөх ба дараах зөвлөгөө өгөх, жирэмслэхээс хамгаалах, тусламж үзүүлсэн үйлчлүүлэгчийн эрхийг дээдэлсэн, нууцыг хадгалсан эмнэлгийн тусламж юм. Үр хөндөлтийн цогц тусламж үйлчилгээ MNS 5488:2019 стандартын 8 дугаар зүйл “Үр хөндөлтийн бүртгэл, мэдээлэл”-ийн 8.1 дэх хэсэгт “Үр хөндөлтийн бүртгэлийн дэвтэртэй байна” гэж заасан; Э -ийн Сувилахуйн албаны “Үйлчлүүлэгчид эм уулгах журам”-д зааснаар: Э -ийн Сувилахуйн албаны 2015 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн хурлаар шинэчлэн баталсан “Үйлчлүүлэгчид эм уулгах журам”-д зааснаар сувилагч үйлчлүүлэгчид эм уулгахдаа 5 зөвийн дүрмийг чанд баримтлан ажиллана. (5 Зөвийн зарчим: Зөв эмийг зөв хүнд зөв тунгаар зөв цагт зөв арraap өгөх)” “Үйлчлүүлэгчид эм уулгах журам”-ын 3 дугаарт “Тухайн үйлчлүүлэгчийн нэрийг овог нэр, нас, өрөөний дугаар болон бусад таних тэмдгээр баталгаажуулж, эмийн түүвэрт бичсэн эмийн нэр, тун хэмжээг тулгаж уншина” гэж тус тус заасан байна.

...Сувилагч Б.У- Эрүүл мэндийн технологи. Эмчилгээ, оношилгооны түгээмэл үйлдлүүд MNS 4621:2008 стандартын 3.4.2, Үр хөндөлтийн цогц тусламж үйлчилгээ MNS 5488:2019 стандартын 8.1 дэх хэсэгт заасан бүртгэлийн дэвтэрт бүртгэгдсэн /дэвтэрт бичигдсэн овог, нэр/ эсэхийг шалгаагүй /тулгаагүй/ байгаа нь дээрх стандартын холбогдох заалтыг, Э -ийн Сувилахуйн албаны 2015 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн хурлаар шинэчлэн баталсан “Үйлчлүүлэгчид эм уулгах журам”-д заасныг тус тус мөрдөж ажиллаагүй байна. Эмийн аюулгүй байдлын талаар дүгнэлт гаргах боломжгүй байна...” гэх дүгнэлт /1-р хавтаст хэгийн 99-100 дахь тал/,

 

- Мөрдөн шалгах ажиллагаанд Ш.А-н гэрчээр өгсөн: “...Би 2008 оноос 2018 он хүртэл Э  ийн *** ажиллаж байгаад 2018-2021 онд Анагаахын шинжлэх ухааны Үндэсний их сургуульд багшаар ажиллаж байгаад 2021 оны 7 дугаар сараас Э  ийн ерөнхий захирлаар ажиллаж байна. ...Намайг 2008 онд Эх барих эмэгтэйчүүдийн эмнэлэгт ажилд ороход Б.У- сувилагч манай эмнэлэгт ажиллаж байсан. Яг хэзээ *** төвд ажилд орсныг мэдэхгүй байна. Б.У- олон жил ажиллаж байгаа манай сайн туршлагатай сувилагч нарын нэг. Ер нь ажилдаа сайн сэтгэлээсээ ханддаг, шуурхай үйлчилгээ үзүүлсэн сувилагч нарын нэг. Э  ийн чанарын алба гэж захиргааны эмнэлзүйн туршлагатай эмч нараас бүрдсэн хөндлөнгийн хяналт тавьдаг албаны 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн №02 дугаартай хурлын шийдвэрээр сувилагч Б.У- эмнэлэгийн тусламж үйлчилгээг стандарт зааврын дагуу мөрдөж ажиллаагүй тул эмнэлэгийн тусламж үйлчилгээний ноцтой тохиолдол гэж үзээд хүний нөөцийн албанд асуудлыг шилжүүлсэн. Ингээд Э  ийн хуулийн зөвлөх хурлын шийдвэрийг үндэслэн, судлаад тушаалын төсөл боловсруулж, сахилгын шийтгэл оногдуулсан байгаа. Сувилагч Б.У- нь нөхөн үржихүйн поликлиникээр үйлчлүүлсэн үйлчлүүлэгч Д.Н-т 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр “Мезопростол” гэх үр хүндэх, зулбуулах эмийг андуурч уулгасан гэх шалтгаанаар Эрүүл мэндийн сайдын 2019 оны А/566 тоот тушаалын дагуу судлан үзэхэд эмнэлгийн тусламж үйлчилгээний ноцтой тохиолдол болсон гэж үзээд эмчилгээ оношлогооны түгээмэл үйлдлүүд MNS 4628:2008 стандартаар “гардан үйлдэл хийх ерөнхий зарчим хэсгийн 3.3 болон 3.4.2-т заасан мөн үр хөндөлтийн цогц үйлчилгээ MNS 5488:2019 Улсын стандартын 8.1-д заасан үр хөндөлтийн бүртгэл дэвтэртэй байдаг ба MNS 4621:2008 стандартын 3.4.2-т зааснаар дэвтэрт бичигдсэн овог, нэрийг тулгаагүй, **** үйлчлүүлэгчид эм уулгах журамд зааснаар “сувилагч үйлчлүүлэгчид эм уулгахдаа 5-н зөвийн дүрмийг баримтлан ажиллах журмыг зөрчсөн асуудалд тухайн үйлчлүүлэгчийн овог, нэр, нас, өрөөний дугаар болон бусад таних тэмдэгээр баталгаажуулж, эмийн түүвэрт бичсэн эмийн нэр, тун хэмжээг тулгаж уншина гэсэн заалтыг баримтлаагүй зэрэг үндэслэлээр сувилагч Б.У-гийн үйлдлийг ноцтой тохиолдол гэж үзжээ. Ингээд Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөрийн гэрээ, Эх барих эмэгтэйчүүдийн эмнэлэг болон эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар аюулгүй байдлын албаны хамтарсан хурлын шийдвэрээр тус тус үндэслэн 2 сарын үндсэн цалингийн 20 хувь бууруулах сахилгын шийтгэл оногдуулсан байна. Б.У-гийн өдөр тутмын ажил үүргийг Эх барих эмэгтэйчүүдийн эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн дэд захирал Х.Ц мэднэ...” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 123-124 дэх тал/,

 

- Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Ц-н иргэний хариуцагчаар өгсөн: “...Би 2021 оны 07 дугаар сараас эхэлж Э  ийн хуулийн зөвлөх, Хүний нөөцийн албаны даргаар ажиллаж байна. ...Би Э  ийг төлөөлж итгэмжлэлийн хүрээнд иргэний хариуцагчаар уг хэрэгт оролцож байна. Сувилагч Б.У- 1986 оноос хойш ***  сувилагчаар, 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөс Хөдөлмөрийн тухай хуулиар *** эмэгтэйчүүдийн мэс заслын кабинетэд сувилагчаар ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр тэтгэвэртээ гарсан. Сувилагч Б.У- ажил үүргийн хувьд эмнэлзүйн тусламж үйлчилгээнд сувилахуйн тусламж үйлчилгээг чанартай гүйцэтгэх, хууль дүрэм стандартыг баримтлан ажиллах үүрэгтэй ажиллаж байсан. ...Байгууллагын зүгээс хохирогч Д.Н-т ямар нэгэн тусламж үзүүлсэн зүйл байхгүй. Харин сувилагч Б.У- болон тухайн үеийн Сувилахуйн албаны дарга С.Б нар хохирогч Д.Н-с албан ёсны уучлалт гуйсан байсан. Иргэний хариуцагчийн хувьд байгууллагын зүгээс шүүхийн журмаар шийдвэр гарсан тохиолдолд хохирогчийн гарсан төлбөрийг бүрэн барагдуулахаар болсон...” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 127-129 дэх тал/,

 

Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн ** дугаартай шинжээчийн “...2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн гэмт хэргийн улмаас Д.Н-ийн сэтгэцэд гэмтлийн дараах стресс, дасан зохицохуйн хямралын шинжүүд илэрч байна. Д.Н-ийн гэмтлийн дараах стресс, дасан зохицохуйн хямралын шинжүүд нь гэмт хэргийн улмаас учирсан хор уршигийн хоёрдугаар зэрэглэлд хамаарч байна...” гэх дүгнэлт /2-р хавтаст хэргийн 159-160 дахь тал/,

 

Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 837 дугаартай шинжээчийн “...Д.Н- жирэмслэх боломжтой эсэхийг тогтоохоор умай өндгөвчийн бүтэц-үйлийн шинжилгээнүүдийг хийлгэхэд өөрчлөлт тогтоогдсонгүй. Үрэвслийн шалтгаантайгаар үрийн хоолойд наалдац үүссэн бол жирэмслэхгүй байх нөхцөл болдог ба үүнийг шинжээч эмч нарын зүгээс зөвлөж хийлгэх боломжгүй, нарийн ажилбарт шинжилгээ болно. Үрийн хоолойд наалдац үүссэн бол ураг зулбаснаас шалтгаалж үүссэн эсэхийг тодорхойлох боломжгүй, үрийн хоолойн наалдац нь “үлдэц уршиг”-т хамаарахгүй.  Эмэгтэй хүний умай, үрийн хоолой, өндгөвч хэвийн бүтэцтэй тохиолдолд ураг тээх, хүүхэд төрүүлэх боломжтой. Д.Н- ураг тээх, хүүхэд төрүүлэх боломжтой. Ураг зулбаснаас шалтгаалж үлдэц уршиг үүсээгүй...” гэх дүгнэлт /2-р хавтаст хэргийн 163-164 дэх тал/, 

 

- Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.У-гийн яллагдагчаар өгсөн:

“...Би 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Э -ийн *** сувилагчаар ажиллаж байхад өдрийн эмчилгээнд эмийн аргаар үр хүндүүлэх 5 эмэгтэй үр хөндүүлэх байсан. Мөн гар соруурын аргаар 1 эмэгтэй үр хөндүүлэхээр өвчтөний түүх нээлгэсэн. Уг 5 эмэгтэйчүүд 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр эхний тун болох 8 ширхэг үр хөндүүлэх эмээ уугаад явсан. Тэгээд уг эмэгтэйчүүд 15-ны өглөө 08 цаг 30 минутаас 09 цагийн хооронд ирэх ёстой байсан. Тухайн үед Б.Н- гэх эмэгтэй ирж уух ёстой байсан ба цагтаа ирээгүй байсан. Тэгээд би 212 тоот өрөөндөө ажлаа хийгээд сууж байхад өглөө 10 цаг 15 минутын үед хаалга онгойлгоод гаднаас маск зүүсэн, гадуур хувцастай цүнхээ үүрсэн эмэгтэй ороод ирэхээр нь би уг эмэгтэйд хандан “чи нөгөө эм уух гэж байгаа Н- мөн үү” гэж асуухад уг эмэгтэй өөдөөс мөн гэж хариулсан. Тэгээд уг эмэгтэйд хандан “Н-ээ яасан орой ирж байгаа юм бэ, 2 дахь тун ийм орой уухаар мөд зулбадаггүй” гэж хэлэхэд дуугарахгүй байсан. Тэгээд миний ширээний өөдөөс харсан сандалд суулгаад өгөх гэж байгаа 4 ширхэг эмнийхээ талаар тайлбарлаж өгөөд усгүй уудаг эм гэж хэлэхэд уг эмэгтэй юм дуугарахгүй байсан. Тэгээд эм авч уугаад амралтын өрөөнд ороод сууж бай гээд оруулсан. Тухайн үед өглөө ирж үр зулбуулах эмээ уусан 4 эмэгтэй бас сууж байсан. Буцаад өрөөндөө ороод ажлаа хийгээд сууж байхдаа эмч нартай ярьж ажлаа тайлагнаж байсан. Тэгээд 10 цаг 15 минутаас 12 цагийн хооронд хохирогч Д.Н- юу ч яриагүй. Өдөр 12 цаг өнгөрч байхад "би Н- байна, ажил явдал гараад өглөө цагтаа очиж чадсангүй, одоо очих гээд явж байна” гэж хэлэхээр нь би “чи ирээгүй байсан юмуу, хурдан хүрээд ир”  гэж хэлээд утсаа салгаад шууд Б эмч рүү залгаад яаралтай хүрээд ирэх хэрэгтэй байна гэж хэлсэн. Тэгээд Б эмч ирээд бид 2 сүүлд эм өгсөн эмэгтэй дээр очоод картыг нь асуугаад үзэхэд жирэмсэний хяналтын карт гаргаж ирсэн. Б эмч үзээд уг эмэгтэйг жирэмсний хяналтын кабинетийн К эмчийн хяналтын хүн болохыг мэдээд Б эмч бид 2 К эмч дээр очиж буруу хүнд үр зулбуулах эм андуураад өгсөн талаар хэлээд бид нар уг эмэгтэйг хүлээн авах яаралтай тусламжийн тасагт хэвтүүлээд тус тасгийн эмчид хүлээлгэж өгсөн. Би буцаад ажилруугаа очоод байж байтал Б.Н- орж ирээд үр зулбуулах 4 эмээ уусан...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 184-185 дахь тал/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 207 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /1-р хх-ийн 188 дахь тал/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журмыг зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэлээ.

 

Нэг. Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.У- болсон үйл баримтын талаар: “...Миний ажлын байр Гэр бүл төлөвлөлт, үр хөндөлт”-ийн талаар зөвлөгөө мэдээллийг иргэдэд харъяалал харгалзахгүйгээр, цаг авахгүйгээр үйлчилгээ үзүүлдэг кабинет... тухайн үед үүдэнд нэг эмэгтэй зогсоод байхаар нь эм уух гэж байгаа Н- мөн үү гэхэд мөн гэж хэлэхээр нь би ямар орой ирж байгаа юм бэ, 2 дахь тун эмийг ийм орой уувал мөд зулбалт явагдахгүй шүү дээ гэж хэлсэн... Тухайн эмийг хэлнийхээ доор шүлсээрээ уусгаж завжны салстаар шимэгдүүлж уудаг эм учир түүнд энэ талаар зөвлөж хэлсэн... 12 цаг 23 минутад миний утас дуугарч утсаа авахад эм уух ёстой байсан Н- байна, ар гэрт маань гачигдал гарсан тул одоо очиж болох уу гэхэд нь хурдан хүрээд ир гэж хэлээд би Н- гэдэг эмэгтэй дээр очоод мэдээллийг нь тодруулахад манай жирэмсний хяналтад байсан Н- гэх эмэгтэй байсан учир жирэмсний хяналтын К эмчид мэдэгдэж тухайн өдрийн эх барих эмчид үзүүлсэн. Яаралтай хүлээн авах тасагт аваачиж Батхишигт хүлээлгэн өгсөн, эм уух сонголтыг үйлчлүүлэгч өөрөө хийдэг. Тиймээс өөрийгөө эрүүгийн хариуцлага хүлээх хэмжээний гэм буруутай гэж бодохгүй байна...” гэж прокурорын яллах дүгнэлтийг няцаан мэдүүлэв.

 

Шүүгдэгч өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй байх эрхтэй бөгөөд шүүгдэгч энэхүү эрхээ эдэлснийг буруутгах үндэслэлгүй юм.

 

Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт “...Б.У-гийн үйлдэлд гэм буруугийн санаатай хэлбэр байхгүй гэж үзэж байна. Прокурорын яллах дүгнэлтэд дурдсан “Эмнэлгийн тусламж үйлчилгээг зохих ёсоор үзүүлээгүй” үйлдэлд гэм буруугийн санаатай хэлбэрээр хандсан гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүгдэгчийг энэ хэрэгт холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулсан нь хууль зүйн үндэслэлгүй тул Б.У-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж өгнө үү...” гэх хүсэлт гаргаж мэтгэлцэв.

 

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн болсон үйл баримтын талаар авч үзвэл:

Хохирогч Д.Н- 24-25 долоо хоногтой буюу жирэмсэн бөгөөд эход үзүүлэхээр 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 09 цагийн үед Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Э  өөр үйлчлүүлэхдээ төрөлт сэдээх /үр зулбуулах/ Мизопростол нэртэй 4 ширхэг эм ууж, үр зулбуулах эмийн нөлөөгөөр эх гүн дутуу төрж улмаар ураг зулбаж, нярай эндэж, жирэмслэлт тасалдсанаар түүний биед хүнд хохирол учирсан үйл баримт хэрэгт авагджээ.

 

Энэ үйл баримт хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох хохирогч Д.Н-ийн мэдүүлэг, гэрч Я.С, Б.Ч, Б.Б, Ц.Б, С.Б-н мэдүүлэг мөн Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн *** дугаартай шинжээчийн дүгнэлт, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн *** дугаартай шинжээчийн дүгнэлт, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 813 дугаартай шинжээчийн дүгнэлт, шинжээч Т.У 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн дүгнэлт, шинжээч Т.У мэдүүлэг, шинжээч Т.У  2022 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн дүгнэлт, гэрч Ш.А мэдүүлэг, Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн *** дугаартай шинжээчийн дүгнэлт, Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 8**37 дугаартай шинжээчийн дүгнэлт болон хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримттай агуулгын хувьд зөрүүгүй, харилцан уялдаатай нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Тодруулбал, хохирогч Д.Н-ийн “...уушигны эхо хэдэн тоот өрөөнд байдаг талаар асуухад угтах үйлчилгээний ажилтан эмэгтэй хоёр давхарт 212 тоот өрөөнд байгаа гэж хэлэхээр нь би тухайн эмэгтэйн хэлснээр хоёр давхарын 212 тоот өрөөний үүдэнд очиход өрөөний хаалга хаалттай байсан бөгөөд тус өрөөний хаалганы гадна ямар нэгэн хүн байхгүй байхаар нь би зогсож байтал өрөөн дотроос Н- ороорой гэж хэлэхээр нь би хаалгыг нь онгойлгоод дотогш ороход эмэгтэй сувилагч ганцаараа байж байсан. Намайг Н- мөн үү гэхээр нь би мөн гэж хариулахад “яасан удаж ирдэг юм, хувцасаа тайлаад углааш өмс” гэж загнаад наад эмээ залгиад, уугаарай гээд дөрвөн ширхэг цагаан өнгийн дөрвөлжин дүрстэй, шахмал эм өгсөн... Би амралтын өрөөнд ороод байж байтал надад эм өгсөн сувилагч “чи хэний Н- юм бэ” гэхээр нь би өөрийгөө Д-н Н- гэдэг гэж хэлтэл тухайн сувилагч ...“нэр андуурчихсан байна” гэж хэлснээ намайг амралтын өрөөнөөс гаргаад ...миний хяналтын дэвтэрийг харснаа “чи чинь жирэмсэн байсан юм уу, яанаа би хүн андуурчихлаа” гээд байсан...” гэх мэдүүлгээс, гэрч Б.Н-ийн гэрчээр өгсөн “...намайг 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өглөө 09 цагт ирж хоёр дахь тунгийн эмээ уугаарай гэж хэлээд явуулсан. Би 04 дүгээр сарын 15-ны өглөө 09 цагт очиж амжаагүй, өдөр 11 цагийн орчимд очиж явах замдаа анх надад үр хөндүүлэх эм өгсөн сувилагчийн гар утас руу залгаад “би таны хэлсэн цагт очиж амжсангүй, одоо очоод эмээ ууж болох уу” гэж асуусан гэх мэдүүлэг,

Түүнчлэн, шинжээч Т.У-ийн өгсөн: “...Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас “Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг хангах тухай зөвлөмж гарсны дагуу Эрүүл мэндийн сайдын 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн А/566  тушаалд “Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах зарим арга хэмжээний тухай 1-р хавсралтад “Эрүүл мэндийн тусламж үйлчилгээтэй холбоотой тохиолдлыг мэдээллэх, хариу арга хэмжээг авах журмыг баталсан. Үүнд энэ журмын нийтлэг үндэслэлийн 1.4 дэх хэсэгт “Эрүүл мэнд, аюулгүй байдалд сөргөөр нөлөөлсөн нөхцлүүдийг гаргаж өгсөн. Үүний 1.5 дахь хэсгийн 1-т зааснаар үйлчлүүлэгчийг зөв танин тодруулах заалт байна. ...сувилагч Б.У- нь 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Эрүүл мэндийн сайдын А/566 тушаал, 2022 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн А/352 тушаалд үйлчлүүлэгчийг танин тодруулах журмыг зөрчсөн, мөрдөж ажиллаагүй байна...” гэх, 2022 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн “...Эрүүл мэндийн технологи. Эмчилгээ, оношилгооны түгээмэл үйлдлүүд MNS 4621:2008 стандартын 3 дахь хэсэгт “Гардан үйлдэл хийхэд баримтлах ерөнхий зарчим” хэсгийн 3.3 дахь хэсэгт зааснаар “Эмчийн заавраар эмчлүүлэгчид хийхийг зөвшөөрсөн ажилбарууд, сувилхуйн тусламж үйлчилгээ, асаргааны бие даасан үйлдлүүд” гэж заагдсан, 3.4 дэх хэсэгт үйлдлийн технологийн 3.4.2 “Үйлдлийн явц” гэсэн хэсэгт сувилагч “Эмчийн заалт болон үйлдэл хийлгэх үйлчлүүлэгч мөн эсэхийг шалгана” гэж заасан; ...Үр хөндөлтийн цогц тусламж үйлчилгээ MNS 5488:2019 стандартын 8 дугаар зүйл “Үр хөндөлтийн бүртгэл, мэдээлэл”-ийн 8.1 дэх хэсэгт “Үр хөндөлтийн бүртгэлийн дэвтэртэй байна” гэж заасан; Э -ийн Сувилахуйн албаны “Үйлчлүүлэгчид эм уулгах журам”-д зааснаар: Э -ийн Сувилахуйн албаны 2015 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн хурлаар шинэчлэн баталсан “Үйлчлүүлэгчид эм уулгах журам”-д зааснаар сувилагч үйлчлүүлэгчид эм уулгахдаа 5 зөвийн дүрмийг чанд баримтлан ажиллана. (5 Зөвийн зарчим: Зөв эмийг зөв хүнд зөв тунгаар зөв цагт зөв арraap өгөх)” “Үйлчлүүлэгчид эм уулгах журам”-ын 3 дугаарт “Тухайн үйлчлүүлэгчийн нэрийг овог нэр, нас, өрөөний дугаар болон бусад таних тэмдгээр баталгаажуулж, эмийн түүвэрт бичсэн эмийн нэр, тун хэмжээг тулгаж уншина” гэж тус тус заасан байна.

...Сувилагч Б.У- нь Эрүүл мэндийн технологи. Эмчилгээ, оношилгооны түгээмэл үйлдлүүд MNS 4621:2008 стандартын 3.4.2, Үр хөндөлтийн цогц тусламж үйлчилгээ MNS 5488:2019 стандартын 8.1 дэх хэсэгт заасан бүртгэлийн дэвтэрт бүртгэгдсэн /дэвтэрт бичигдсэн овог, нэр/ эсэхийг шалгаагүй /тулгаагүй/ байгаа нь дээрх стандартын холбогдох заалтыг, Э -ийн Сувилахуйн албаны 2015 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн хурлаар шинэчлэн баталсан “Үйлчлүүлэгчид эм уулгах журам”-д заасныг тус тус мөрдөж ажиллаагүй байна. Эмийн аюулгүй байдлын талаар дүгнэлт гаргах боломжгүй байна...” гэх мэдүүлэгээр болон тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан шинжээчийн дүгнэлтүүдээр нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүгдэгч Б.У- нь 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар Э-ийн эх барих эмэгтэйчүүдийн эмнэлгийн **** сувилагч ажилтай ба тус эмнэлэгт үйлчлүүлж байгаа үйлчлүүлэгчдэд тусламж үйлчилгээ үзүүлэх чиг үүрэгтэйгээр ажилладаг байжээ.

 

Мөн шүүгдэгч Б.У- Э  ийн эх барих эмэгтэйчүүдийн эмнэлгийн *** сувилагч ажилтай байсан ба ажлын байрны тодорхойлолтод заасан: Ажлын байрны гол үйл ажиллагаа: “Сувилахуйн тусламж үйлчилгээ үзүүэх, өдөр тутмын үйл ажиллагаандаа эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээ болон бусад холбогдох хууль, дүрэм, үйлдлийн стандарт, удирдамж, тушаал, журмыг мөрдөн ажиллах, Эрүүл мэндийн технологи, Эмчилгээ, оношилгооны түгээмэл үйлдлүүд MNS 4621:2008 стандартын 3.4.2 дахь заалтыг, Үр хөндөлтийн цогц тусламж үйлчилгээний MNS 5488:2019 стандартын 8.1 дэх заалтыг, мөн Э -ийн Сувилахуйн албаны 2015 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн хурлаар шинэчлэн баталсан “Үйлчлүүлэгчид эм уулгах журам”-д заасныг баримтлан ажиллах үүргээ биелүүлээгүй буюу эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас 24-25 долоо хоногтой жирэмсэн эх төрөлт сэдээх /үр зулбуулах/ Мизопростол нэртэй 4 ширхэг эм ууж, үр зулбуулах эмийн нөлөөгөөр эх гүн дутуу төрж улмаар ураг зулбаж, нярай эндэж, жирэмслэлт тасалдсанаар хохирогч Д.Н-ийн биед хүнд хохирол учирсан нөхцөл байдал бүрэн тогтоогдсон.

 

Өөрөөр хэлбэл Э-ийн эх барих эмэгтэйчүүдийн эмнэлгийн *** сувилагч Б.У- нь тус эмнэлгээр үйлчлүүлж байсан Д.Н-т төрөлт сэдээх /үр зулбуулах/ Мизопростол нэртэй эмийг өгөхийн өмнө үйлчлүүлэгчийн овог, нэрийг бүтнээр дуудах, нас, хүйсийг асуух, төрсөн огноог асуух, гэрийн хаягийг хэлүүлэх, бичиг баримт болон цахим санд бүртгэгдсэн зурагтай тулгах, регистрийн дугаар асууж тодруулах зэргээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлж ажилласан бол жирэмслэлт тасалдахгүй, хүний эрүүл мэндэд хохирол учрахгүй байсан гэж шүүх үзэв.

 

Иймд хохирогчид учирсан хүнд хохирол шүүгдэгчийн хариуцлагагүй байдалтай шалтгаант холбоотой, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хүнд хохирол нь хэргийн нөхцөл байдалтай тохирч байна.

 

Улсын яллагч шүүгдэгч Б.У-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх ба энэ гэмт хэргийн объектив шинж нь “эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй идэвхитэй үйлдэл, эс үйлдэхүйгээр хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэсэн диспозиц хэм хэмжээнээс бүрддэг байна.

 

Өөрөөр  хэлбэл гэмт хэргийн хор уршиг нь зөвхөн тухайн этгээдийн гэмт үйлдэл, эс үйлдэхүйн улмаас түүний шууд үйлчлэлээр зайлшгүй үр дагавар нь болж учирсан байх нь гэмт хэргийн шалтгаант холбооны үндсэн шинж болдог бөгөөд улсын яллагч гэм буруугийн талаарх дүгнэлтдээ шүүгдэгчийг “эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэж үйл баримтаа дүгнэснийг шүүх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасан бөгөөд гэмт хэргийг нийгмийн аюулын шинж чанар, түүний хэр хэмжээг харгалзан үндсэн болон хүндрүүлэх шинжид ангилан авч үздэг.

Мөн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилсан.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн субъектив тал нь эмнэлгийн мэргэжилтэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр өвчтөнд эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлээгүй, эсхүл зохих ёсоор үзүүлээгүй үйлдэлдээ гэм буруугийн санаатай хэлбэрээр, харин учирсан хохирол, хор уршигт болгоомжгүй хандсан шинжийг агуулна.

 

Эмнэлгийн тусламж, үйлчилгээ гэж өвчин эмгэг, гэмтэл бэртэл, хүний биеийн үйл ажиллагааны алдагдлыг орчин үеийн болон уламжлалт анагаах  ухаанд тулгуурлан оношлох, эмчлэх, сувилах, хөнгөвчлөх, сэргээн засах цогц үйл ажиллагааг ойлгоно.

 

Зохих ёсоор биелүүлээгүй гэдэгт Эрүүл мэндийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4.2, 28.4.3-т заасан үүргээ гүйцэтгээгүй байхыг ойлгоно. Энэхүү хуулиар эмнэлгийн мэргэжилтэн гэнэтийн өвчин, осол, гэмтлээс амь насанд аюултай байдал бий болсон иргэн, төрөх гэж байгаа эхэд өвчтөний амь насанд харш үйлдэл хийхээр шаардсанаас бусад тохиолдолд эмнэлгийн тусламжийг ямар ч нөхцөл байдалд үзүүлэх, үйл ажилалгаандаа Эрүүл мэндийн тухай хууль, тогтоомж, оношогоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэх ажлын стандарт, технологи, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх удирдамжийг мөрдөж ажиллах үүрэг тус тус хүлээнэ.

 

Эмнэлгийн тусламж үзүүлэхгүй байх гэмт хэргийн субъектив шинж нь Гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдэнэ. Эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээрр биелүүлэхгүй байх, зохих ёсоор биелүүлэхгүй байх эс үйлдэхүй нь хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол хор уршиг учирсан, эсхүл хохирол хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан байна.

 

Энэ гэмт хэргийн субъект нь эмнэлгийн мэргэжилтэн байна. Эмнэлгийн мэргэжилтэн гэж анагаах ухааны боловсрол олгох, их дээд, сургууль, коллежийг төгссөн, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл бүхий хүний их, бага эмч, шүдний их эмч, уламжлалт анагаах ухааны их эмч, сувилагч, эх баригч, эм зүйч, эм найруулагч, сэргээн засах чиглэлийн мэргэжилтэнг ойлгоно.

 

Иймд шүүгдэгч Б.У-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон байх тул шүүгдэгч Б.У-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  заасан “Эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгч Б.У-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5.400 /таван мянга дөрвөн зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг 3 жилийн хугацаагаар хасах санал,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар тохиолдлын шинжтэй гэмт хэргийн улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид эмнэлгийн тусламж үзүүлсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж  торгох ялыг доод хэмжээгээр оногдуулж өгнө үү...” гэх санал, дүнэлтийг тус тус гаргав.

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудаар мөн шүүгдэгч Б.У-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,

мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч Б.У-гийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй бөгөөд энэ нь шударга ёсны зарчимд нийцнэ.

 

Шүүгдэгч Б.У-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно. Харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад тус тус заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд тооцов.

 

Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол хор уршгийн шинж чанар буюу хохирогчийн зөрчигдсөн эрх бүрэн сэргээгүй байгаа байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан шүүхээс шүүгдэгч Б.У-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар эрх хасаж, 2.700 /хоёр мянга долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

Гурав. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.

 

Хохирогч Д.Н-ийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т “…Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй...” гэж, Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д ...Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус хуульчилжээ.

 

Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсгийн 2.1.1-т гэмт хэргийн улмаас хохирогчийн хувь хүний сэтгэцийн хариу урвалын байдал болон гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл, хэвийн амьдрал алдагдсан байдал, шаардагдах эмчилгээний дундаж хугацаа, хөдөлмөрийн чадвар алдалт зэрэг шалгуур үзүүлэлтийг харгалзан сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоосон шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 61 дугаартай Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээний дүгнэлт /хавтаст хэргийн 15-159 дэх тал/ хэрэгт авагдсан байна.

 

Иймд хохирогчийн уг гэмтлийн улмаас эмчилгээ хийлгэж, хохирогчид учирсан хохирлын хэр хэмжээ, хэргийн нөхцөл байдлыг тус тус харгалзан Монгол Улсын Дээд шүүхийн Нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 25 дугаартай тогтоолын 2-т заасан нөхөн төлбөр тооцох жишиг аргачлалын дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 550.000 төгрөгийг 6 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл буюу 3.300.000 /гурван сая гурван зуун мянган/ төгрөгийг хохирогч Д.Н-ийн сэтгэцэд учирсан нөхөн төлбөр гэж тооцсон болно.

 

Хохирогч Д.Н- мөрдөн шалгах ажиллагаанд: “...Б.У- надад хохирол төлбөр гэж 2.000.000 төгрөг шилжүүлсэн...” гэж мэдүүлснийг дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч Э  өөс 3.300.000 /гурван сая гурван зуун мянган/ төгрөгийг гаргуулж хохирогч Д.Н-т,

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 12.1.1-т зааснаар 250.000 /хоёр зуун тавин мянган/ төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд тус тус олгох нь зүйтэй байна.

 

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2-д зааснаар хохирогч Д.Н- гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч, иргэний хариуцагч нараас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдав.

 

Дөрөв. Бусад асуудлын талаар:

Энэ хэргийн улмаас Б.У- цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж,

Урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд шүүгдэгч Б.У-гаас 891.468 /найман зуун ерэн нэгэн мянга дөрвөн зуун жаран найман/ төгрөгийг гаргуулж зохих байгууллагад олгож,

хэрэгт хураагдан ирсэн 1 /нэг/  ширхэг плаш дискийг хэргийн хамт хавсарган үлдээж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

                                                   

ТОГТООХ нь:          

 

1. Шүүгдэгч Б овогт Б-н У-г Эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Шүүгдэгч Б.У-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар эрх хасаж, 2.700 /хоёр мянга долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Б.У-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд тайлбарласугай.

 

4. Шүүгдэгч Б.У-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч Э  өөс 3.300.000 төгрөг /гурван сая гурван зуун мянган/ төгрөг гаргуулж хохирогч Д.Н-т олгосугай.

 

6. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 12.1.1-т зааснаар  иргэний хариуцагч Э-өөс 250.000 /хоёр зуун тавин мянган/ төгрөг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2-д зааснаар хохирогч Д.Н- гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч, иргэний хариуцагч нараас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд шүүгдэгч Б.У-гаас 891.468 /найман зуун ерэн нэгэн мянга дөрвөн зуун жаран найман/ төгрөгийг гаргуулж зохих байгууллагад олгосугай.

 

9. Шүүгдэгч Б.У- нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт хураагдан ирсэн 1 /нэг/  ширхэг плаш дискийг хэргийн хамт хавсарган үлдээсүгэй.

 

11. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, иргэний хариуцагчийн төлөөлөгч, түүний өмгөөлөгч зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Л.ОДОНЧИМЭГ