Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 2024/ШЦТ/111

 

 

 

   

 

 

 

 

     2024           02           07                                    2024/ШЦТ/111

 

 

                               

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг хөтлөн,

улсын яллагч Д.Батзаяа,

хохирогч Б.Г-,

шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Г.Мөнхцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Г овогт Б-н А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн *** дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Г овогт Б-н А /регистрийн дугаар ***/.

 

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн талаар:

Шүүдэгч Б.А согтуугаар 2022 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн *** дүгээр хороо, ***  тоотод үйл ажиллагаа явуулдаг “Ө” дэлгүүрт архи уух зорилгоор орж тус дэлгүүрийн худалдагч Б.Г-г лангууны араар орж болохгүй гэж хэлэхэд нь лангуун дээр зарж байсан 0.33 граммын савлагаатай “Хараа” нэртэй шилтэй архиар толгой хэсэгт нь цохиж мөн “Qualy” гэх нэртэй 0.75 граммын шилтэй архиар толгой тус газарт нь цохиж унаган эрүүл мэндэд нь зүүн зулайд шарх, баруун хацар, дээд уруулд зулгаралт, цус хуралт, хоёр завьжинд шарх бүхий хөнгөн хохирол учруулах явцдаа дэлгүүрийн лангуун дээр байсан “I Phone-12 pro” загварын гар утсыг хүч хэрэглэн дээрэмдэн авсны улмаас 1.900.000 төгрөгийн хохирол учруулж дээрэмдэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Б.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

“...Тэр өдөр найзтайгаа архи уусан, найз охинтойгоо утсаар хэрэлдээд харих гэж яваад хохирогчийн дэлгүүрт орсон. Би ундаа, архи хоёр авъя гэж хэлэхэд надад ундааг өгөөд архи зарахгүй гэж хэлэхээр нь яагаад зарахгүй гэж гэж хэлэхэд чамд зарахгүй өөр дэлгүүрээс ав гэж хэлсэн. Надад зарахгүй гэж хэлэхэд нь би зүгээр авахгүй мөнгөөр нь авна гэж хэлсэн. Тэгээд миний утас дуугараад гараад явсан, буцаж орж ирээд яахаараа надад архи зардаггүй юм гэсэн чинь цаашаа яв гуйлгачин минь гэхээр нь архиар цохисон, миний буруу... ...Хохирогчийг зодож хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Надад гар утсыг дээрэмдэх зорилго байхгүй доромжлоод байсан тул өөр арга байгаагүй...” гэв.

 

Хохирогч Б.Г- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

“...Тэр өдөр цагдаа нар ирээд энэ хүн өмнө нь орж ирсэн үү, танай дэлгүүрээр үйлчлүүлсэн үү, юу авсан бэ гэхэд нь ундаа, архи хоёр аваад гарсан байсан, би санахгүй байна, дээрэмдэх гэж орсон гэж бодож байна гэж хэлсэн. Мөн зугатаах гэж оролдсон. Би чамайг байтугай чамаас олон хүнийг янзалж чадна гэж хэлсэн. Миний ам руу хоёр гараа хийгээд ам зааглаж, эрүү мултлах гэж байсан. Хоёр гараа ам руу хийгээд татаад байсан. Би гомдолтой байна. Дахиж охид хүүхнүүдийг яргалах вий дээ гэж болгоомжилж байна. Би цочмог аймхай болсон. Мөн энэ хүний утас дуугараад байсан бас дэлгүүрийн гаднах камерийг шалгахад камерийн бичлэгт хоёр хүн байгаа нь хадгалагдсан байсан, тэр хүн нь над дээр ирээд янз бүр болох вий дээ гэж цагдаа нарт хэлж байсан. Тэр өдөр мөн цагдаа нарт утас нь дуугарсан дугаарыг нь шалга, тэр хүнийг олж өг гэж хэлэхэд олж өгөөгүй. Сэтгэл санааны хохирол нэхэмжилж байна. Энэ хүнд өгөх ёстой ялын дээд хэмжээг өгнө үү...” гэв.

 

           Мөн хавтаст хэргээс мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтуудаас:

 

  • Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүдийн

хамт /хавтаст хэргийн 20-23 дахь тал/,

 

          -     Хохирогч  Б.Г-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  “...Би Баянгол дүүргийн *** дүгээр хороо, ***  тоотод үйл ажиллагаа явуулдаг “Ө” нэртэй дэлгүүрийг 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдрөөс хойш түрээслэн ажиллуулж байна. 2022 оны 6 дугаар сарын 12-ны орой 17 цагийн үед би дэлгүүртээ худалдагчийн ажлаа хийгээд байж байтал гаднаас 25-30 орчим насны хар хөх өнгийн саравчтай малгайтай, цагаан өнгийн нэг удаагийн маск зүүсэн, цагаан өнгийн жинсэн яактай, цайвар өнгийн жинсэн өмдтэй үл таних залуу дэлгүүрт орж ирээд шууд лангууны араар орохоор нь би наадах руу чинь орж болохгүй гэж хэлэхийн завдалгүй ирээд лангуун дээр зарж байсан шилтэй архинууд дундаас “Хараа” нэртэй 0.33 граммын шилтэй архи аваад шууд миний толгойн зүүн дээд хэсэгт 2 удаа цохиод тэр архиа алдаад газар унагаачихсан. Тэр үед би маскийг нь аваад царайг нь харсан. Гэтэл тэр танихгүй залуу лангуун дээр зарах гээд өрөөстэй байсан архинууд дундаас дахиад “Qualy” нэртэй 0,75 литрийн архи аваад шилээр нь дахиад миний толгойн дээд хэсэгт цохиод байсан. Миний толгойноос халуу дүүгээд юм урсаад байх шиг мэдрэмж төрсөн. Тэгээд би “авраарай” гээд чанга орилсон чинь тэр залуу миний амны завьжинд 2 гараа хийж байгаад 2 тийш нь татаад миний ам руу өөрийнхөө шүлсийг хийгээд байсан. Тэр үед гаднаас манай хажуу талд кузов засвар түрээслэж ажиллуулдаг манайд орж ирж үйлчлүүлдэг А эхлээд ганцаараа орж ирээд харчихаад буцаж гараад удалгүй 2 дүүгийнхээ хамт орж ирээд надаас салгасан. Тухайн үед би цагдаа руу залгах гээд лангуун дээр тавьсан байсан өөрийн эзэмшлийн хөх өнгийн I phone-12 про загварын гар утсаа хайтал байхгүй байсан. Тэгэхээр нь би А-д наад залуу чинь миний гар утсыг авчихсан байна гэтэл А тэр залуугийн өмдний зүүн талын халаасанд миний гар утас байгааг мэдээд гаргаагүй. Учир нь цагдаа ирээд өөрсдөө гаргана биз гэж хэлээд цагдааг хүлээгээд байж байтал цагдаа нар ирээд тэр залуугийн зүүн талын халаасыг уудалтал халааснаас миний гар утас гарч ирсэн. Цагдаа нар ирээд тухайн залууг эрүүлжүүлэх рүү авч явсан... Би гар утсаа сая цагдаа дээр ирээд бүрэн бүтэн хүлээн авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 28 дахь тал/,

 

  • Гэрч Б.А-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...2022 оны 6 дугаар сарын 12-ны өдөр 16 цагийн орчимд ажил дээрээ байж байхад манай хажуу дэлгүүрт эмэгтэй хүн сонин орилоод байхаар нь ороод үзэхэд дэлгүүрийн эмэгтэйн толгойг нь цохисон цус нөж болсон байдалтай тухайн эмэгтэйн ам руу хуруугаа хийгээд завьжнаас нь татсан байдалтай байсан. Би боль гэхэд болихгүй байхаар нь дүү нараа дуудаад татаж унагаагаад болиулаад би цагдаа дуудсан. Цагдаа ирэхэд хохирогч эмэгтэй миний гар утсыг халааснаас нь аваарай гэхэд тухайн залуугийн арын халааснаас тухайн эмэгтэйн гар утас гарч ирсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 34 дэх тал/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн *** дугаартай шинжээчийн “...Б.Г-гийн биед зүүн зулайд шарх, баруун хацар, дээд уруулд зулгаралт, цус хуралт, хоёр завьжинд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй

...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 39-40 дэх тал/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн *** дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 44-47 дахь тал/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн *** дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 49-51 дэх тал/,

 

“Ашид билгүүн” ХХК-ийн 2023 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 7867 дугаартай хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээнд “...Айфоне12 про” маркийн гар утсыг 1.900.000 төгрөг...” гэжээ. /хавтаст хэргийн 58-61 дэх тал/,

 

Хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 71-72 дахь тал/,

 

Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай “...Хөх өнгийн 12 про” маркийн гар утас хүлээн авсан Б.Г-...” гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 75 дахь тал/,

 

Камерийн бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 158-163/ дахь тал/,

 

Шүүгдэгч Б.А-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Би 2022 оны 6 дугаар сарын 12-ны өдөр 12-15 цагийн орчимд согтуу “Ө” нэртэй дэлгүүрт ганцаараа архи авах гэж орсон. Тэгээд би 0.33 литрийн “Хараа” авъя гэхэд дэлгүүрийн худалдагч архи зарахгүй гэж хэлэхээр нь би яагаад зарахгүй байгаа вэ, өнөөдөр 1-ний өдөр юм уу гэчихээд утсаар яриад гарсан. Үүдэнд нь утсаар ярьчихаад буцаж ороод яагаад архи зарахгүй байна, өнөөдөр 1-ний өдөр биш биз дээ гэхэд худалдагч нь манайх чамд архи зарахгүй, өөр газраас ав, цаашаа гар гээд уурлаад байсан. Би яахаараа надад архи зардаггүй юм, би зүгээр авахгүй, мөнгөөр нь авах гэж байхад яагаад надад архи зардаггүй юм бэ гэхэд худалдагч үнэр танар нь ямар аймаар юм бэ, цагдаа дуудлаа шүү, цаашаа гар гэхэд нь би юу  хуцаад байгаа юм, хүн алаг үзээд, яахаараа надад архи зардаггүй юм гэхэд тэр эмэгтэй зарахгүй гэсэн бол зарахгүй лангуунаас хол бай хулгайч минь гэж хэлэхээр нь би лангуу руу чинь дөхөхөөр яадаг юм гээд лангуун дээр байсан 0.33 литрийн “Хараа” архи аваад худалдагчийн толгойг тухайн архиар цохисон. Тэр шилтэй архи нь гарнаас уначихаар нь дахиад лангуун дээрээс нэг шил архи аваад худалдагч эмэгтэйн толгойг дахиад цохисон. Худалдагч намайг бариад авахаар нь би түлхээд сандал дээр нь суулгасан. Тэр эмэгтэй муухай орилоод байхаар нь би гараараа амыг нь дарсан чинь хуруу хазах гээд байхаар нь завьжнаас нь татаж наад өмхий амаараа дахиад хүн доромжил чи гээд нүүр рүү нь нулимсан. Тэгээд тэр эмэгтэй цагдаа дуудаарай гээд орилоод ширээн дээр байсан утсаа авах гээд байхаар нь утсыг нь аваад халаасандаа хийсэн. Тэгээд байж байтал хүмүүс орж ирээд намайг барьж аваад намайг газар унагаагаад миний гарыг өчсөн. Тэр эмэгтэй миний утас алга болчихлоо, наад хүн чинь авсан байна уу гэхэд би утсыг чинь авсан, гар тавь, утсыг чинь гаргаад өгье гэж хэлсэн. Гэтэл тэр эмэгтэй яах юм бэ барьж байгаарай, цагдаа дуудсан байгаа гэж хэлсэн. Удалгүй цагдаа нар орж ирээд миний гарыг гавлаад намайг эрүүлжүүлсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 191-196 дахь тал/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 104 дэх тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 107 дахь тал/ зэрэг болно.

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журмыг зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэлээ.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Прокуророос шүүгдэгч Б.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан дээрэмдэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүх хуралдаанд түүнийг дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах санал,

шүүгдэгч Б.А болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд “...хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсанаа хүлээн зөвшөөрч байна, харин дээрэмдэх санаа зорилго байгаагүй. Зорчих эрхийг хязгаарлах ялтай байсан бөгөөд энэ ялыг зөрчсөн байсан ба хохирогч цагдаа дуудна гэж хэлэхээр нь лангуун дээр байсан гар утсыг нь авч халаасандаа хийсэн тул дээрэмдэх гэмт хэрэг үйлдээгүй...” гэж тус тус тайлбарлан мэдүүлэв. 

 

Болсон үйл баримтын талаар авч үзвэл: Шүүгдэгч Б.А согтуугаар 2022 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, Горькийн 17 дугаар гудамжны 403 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Ө” нэртэй дэлгүүрт орж ирэн дэлгүүрийн лангуун дээр байсан 0.33 граммын савлагаатай “Хараа” нэртэй шилтэй архийг авч тус дэлгүүрийн худалдагч Б.Г-гийн толгой хэсэгт цохиход шилтэй архи Б.А-н гараас унахад дахин “Qualy” гэх нэртэй 0.75 граммын шилтэй архийг лангуун дээрээс авч Б.Г-гийн толгойн тус газарт нь цохин түүний эрүүл мэндэд зүүн зулайд шарх, баруун хацар, дээд уруулд зулгаралт, цус хуралт, хоёр завьжинд шарх бүхий хөнгөн хохирол учруулсан байна. Мөн шүүгдэгч Б.А Б.Г-гийн завьжинд хуруугаа хийн хүч хэрэглэх  явцдаа дэлгүүрийн ширээн дээр байсан гар утсыг авсан үйл баримт байна.  

 

Энэ үйл баримт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хохирогч Б.Г-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд мэдүүлсэн мэдүүлэг, гэрч Б.А-н мөрдөн шалгах ажилагаанд өгсөн мэдүүлэг, камерийн бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, “Ашид билгүүн” ХХК-ийн хөрөнгө, даатгалын үнэлгээ, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 8599 дугаартай шинжээчийн дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хавтаст хэрэгт авагдсан буюу шүүх хуралдаанд шинжлэн судалсан эдгээр нотлох баримтуудыг үгүйсгэсэн баримт байхгүй ба шүүх хуралдаанд хохирогч Б.Г-гийн гаргасан хүсэлтээр хэрэгт хураагдсан тус дэлгүүрийн камерийн бичлэгийг үзэж судлаад шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон бол” гэж хүндрүүлэх шинжийг тодорхойлсон байх ба “хүч хэрэглэж” гэдэг нь гэмт этгээд хохирогчийн бие махбодид халдаж, түүний эсэргүүцлийг няцаан эд хөрөнгийг авсан байхыг ойлгоно. Хохирогчийн бие махбодид халдах үйлдэл нь алгадах, цохих, түлхэх, хоолойг боох зэрэг хэлбэртэй байж болно.

 

“Хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтлох” гэдэг нь гэмт этгээд эд хөрөнгөө өгөхгүй бол түүнийг ална, эрүүл мэндэд нь хохирол учруулна, эрх, эрх чөлөөг хязгаарлана гэх зэргээр айлган сүрдүүлж довтолсон байхыг ойлгох ба дээрэмдэх гэмт хэргийн хүндрүүлэх шинж нь бусдын эд хөрөнгийг авч чадсан эсэхээс үл хамаарч хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авах довтолгоон хийснээр төгс үйлдэгдсэнд тооцогдоно.

 

Хэргийн үйл баримтаас харахад хохирогч Б.Г- “...үл таних залуу дэлгүүрт орж ирээд шууд лангууны араар орохоор нь би наадах руу чинь орж болохгүй гэж хэлэхийн завдалгүй ирээд лангуун дээр зарж байсан шилтэй архинууд дундаас “Хараа” нэртэй 0.33 граммын шилтэй архи аваад шууд миний толгойн зүүн дээд хэсэгт 2 удаа цохисон, дахиад “Qualy” нэртэй 0,75 литрийн архитай шилээр миний толгойн дээд хэсэгт цохиод байсан... Би “авраарай” гээд чанга орилсон чинь тэр залуу миний амны завьжинд 2 гараа хийж байгаад 2 тийш нь татаад миний ам руу өөрийнхөө шүлсийг хийгээд байсан... Би өөрийн эзэмшлийн I phone-12 про загварын гар утсаа хайтал байхгүй байхаар нь би А-д наад залуу чинь миний гар утсыг авчихсан байна гэж хэлтэл А тэр залуугийн өмдний зүүн талын халаасанд миний гар утас байгааг мэдээд гаргаагүй, цагдаа ирээд өөрсдөө гаргана биз гэж хэлсэн... Бас зугтаах гэж оролдсон, ...миний ам руу хоёр гараа хийгээд ам зааглаж, эрүү мултлах гэж байсан...” гэж шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн ба хохирогчийн энэхүү мэдүүлгийг үгүйсгэх няцаах үндэслэл тогтоогдоогүй, энэхүү мэдүүлэгт дурдагдсан үйл баримт тус хэрэгт хураагдан ирсэн дэлгүүрийн камерийн бичлэгээс тодорхой харагдах ба архи авч худалдагчийн толгой хэсэгт /зүүн зулайд/ цохисон. Лангуун дээрээс дахин шилтэй архи авч худалдагч эмэгтэйн толгойн тус газарт цохиход уг үйлдлийг эсэргүүцэж хохирогч шүүгдэгчийг барьж авахад шүүгдэгч хохирогчийн амыг нь гараараа дарсны улмаас гарыг нь хазах гэж эсэргүүцэхэд завьжнаас нь татах зэргээр хүч хэрэглэсэн идэвхтэй үйлдэл хийх явцдаа хохирогчийн гар утсыг авсан нь дээрэмдэх гэмт хэрэг төгссөн үйл баримт тогтоогдож байна.

 

Иймд улсын яллагчаас шүүгдэгч Б.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч Б.А-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байх тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан  “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолж, дээрэмдэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгч Б.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жил, 1 сарын хорих ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нэмж нэгтгэх санал,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс хохирогчийн зүй бус харилцаа нөлөөлсөн тул гэмт хэрэг гарах болсон шалтгааныг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялыг оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэн нийт 3 жил, 3 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү...” гэх санал, дүгнэлтийг тус тус гаргав.

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудаар мөн шүүгдэгч Б.А-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,

мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч Б.А-н үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй бөгөөд энэ нь шударга ёсны зарчимд нийцнэ.

 

Шүүгдэгч Б.А-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.

 

Хэрэгт Хөвсгөл аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн **** дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 128-132 тал/, Хөвсгөл аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн **** дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 108-114 дэх тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 104 дэх тал/ тус тус авагджээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол доор дурдсанаар хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэж, мөн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж тус тус заажээ.

 

Иймд  гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол хор уршгийн шинж чанар болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч Б.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 /дөрвөн/ жилийн хорих ял оногдуулж, Хөвсгөл аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар оногдуулсан 4 /дөрвөн/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялын эдлээгүй үлдсэн 1 /нэг/ жил, 3 /гурав/ хоногийн хорих ял дээр энэ тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 4 /дөрвөн/ жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 5 /таван/ жил, 3 /гурав/ хоногийн хорих ялаар тогтоож, уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-н цагдан хоригдсон нийт 40 /дөч/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцов.

 

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-д Хөвсгөл аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг түүнд оногдуулсан 5 /тав/ жил, 3 /гурав/ хоногийн хугацаагаар хорих ялыг эдлэж дууссаны дараа тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Бусад асуудлын талаар:

 “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.

 

Хохирогч Б.Г- шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ “...цаашид эмчилгээ хийлгэнэ, сэтгэл санааны хохирол нэхэмжилнэ...” гэж мэдүүлсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Б.А-с нэхэмжлэх эрхтэй болохыг түүнд тайлбарлав.

 

Түүнчлэн яллах дүгнэлтийн шүүгдэгчийн биеийн байцаалт хэсэгт “...Хөвсгөл аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн...” гэж алдаатай бичигдсэнийг “...Хөвсгөл аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн **** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлсэн...” гэж зөвтгөснийг дурдах нь зүйтэй байна.

 

Дөрөв. Бусад асуудлын талаар:

Хэрэгт хураагдан ирсэн 1 ширхэг сидийг хэрэгт хавсарган үлдээж, Баянгол дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа цус мэт улаан өнгийн зүйлээр бохирлогдсон дээж 1 /нэг/ ширхэг хөвөнг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

 

Энэ хэргийн улмаас шүүгдэгч Б.А 48 /дөчин найм/ хоног цагдан хоригдсон, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

 

                                                    ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Г овогт Б-н А-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтлон, дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Б.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 /дөрвөн/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар Хөвсгөл аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар оногдуулсан 4 /дөрвөн/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялын эдлээгүй үлдсэн 1 /нэг/ жил, 3 /гурав/ хоногийн хорих ял дээр энэ тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 4 /дөрвөн/ жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 5 /таван/ жил, 3 /гурав/ хоногийн хорих ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-д Хөвсгөл аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн **** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг түүнд оногдуулсан 5 /тав/ жил, 3 /гурав/ хоногийн хугацаагаар хорих ялыг эдлэж дууссаны дараа тус тусад нь эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-д оногдуулсан 5 /тав/ жил, 3 /гурав/ хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-н цагдан хоригдсон нийт 40 /дөч/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.Г- гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Б.А-с нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Шүүгдэгч Б.А-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6, 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 /нэг/ ширхэг сидиг хэргийн хамт хавсарган үлдээж, Баянгол дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа цус мэт улаан өнгийн зүйлээр бохирлогдсон дээж 1 /нэг/ ширхэг хөвөнг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

 10. Шүүгдэгч Б.А-н иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

11. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Л.ОДОНЧИМЭГ