Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 2024/ШЦТ/120

 

 

 

 

 

 

 

    2024         02           16                                    2024/ШЦТ/120

 

 

                               

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг хөтлөн,

улсын яллагч Н.Энхтөр,

шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Б.Долгорсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Ц овогт Д-н Б-д  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн **** дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

     

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Ц овогт Д-н Б /регистрийн дугаар ****/.  

 

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Д.Б 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хороо, “У”-т зохион байгуулагдаж байсан сар шинэ үзэсгэлэн худалдааны үеэр хохирогч О.Н-гийн эзэмшлийн “Халтар мана” их гарын хөөргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б мэдүүлэхдээ: “...Би мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн, зөв мэдүүлэг өгсөн, нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн 2305009942577 дугаартай хэргээс:

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 13-15 дахь тал/,

Камерийн бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 7 дахь тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд О.Н-гийн хохирогчоор өгсөн: “...2023 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс хойш Баянгол дүүргийн 5 дугаар хороо, “***” дотор “Цагаан сарын үзэсгэлэн худалдаа” явагдаж байгаа юм. Би үүдний зүүн хэсэгт худалдагчаар зогсож байсан бөгөөд 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 15 цагийн үед үл таних 2 эмэгтэй ирж хөөрөг худалдаж авсан бөгөөд хажуу талд үл таних эрэгтэй ууттай гутал авч ирж ширээн дээр тавиад хүмүүст үзүүлээд зогсоод байсан. Тэгээд явсны дараа хамгийн хойд талын эгнээнд байсан 2.000.000 төгрөгийн үнэ бүхий морьтой халтар мана хөөрөг алга болсон байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандаж хяналтын камер шүүхэд миний худалдаа хийж байсан газар руу харсан хяналтын камер байхгүй байсан... Надад хохирол төлбөр төлж барагдуулсан зүйл байхгүй, хөрөнгийн үнэлгээний тайлантай холбоотой санал хүсэлт байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18-20, 23 дахь тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд А.Ц-н гэрчээр өгсөн: “...Миний бие хөөргө авч зардаг ба байнга тогтмол биш жилд нэг удаа буюу сар шинийн үеэр үзэсгэлэн худалдаа гарахаар зардаг юм. Энэ жил Улаанбаатар палас дээр худалдаа нээгдэхээр нь өөрийн хэдэн хөөргөө дүү Н-г наймаа хийхээр гарах үед нь өөрийн зарж байсан эд зүйл болох 131 хөөргө заруулахаар болсон. Тухайн алдсан гэх “Халтар манан хөөргө” их гарын хөөргө байсныг заруулахаар өгсөн байсан юм. Гэтэл 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр над руу Н- залгаад таны заруулахаар өгсөн нэг ширхэг их гарын хөөргө хулгайд алдсан байна гэж хэлсэн. Тухайн хөөргийг 2019 онд Хятад улсаас 1.800.000 төгрөгөөр хоёр ширхэг хөөргө авч байсны нэг нь байсан юм. Би хүн нь олдсон бол одоо хөөргө гаргаад өгөх байх гэж бодсон боловч нөгөө хүн хаана хэнд өгсөн талаараа санахгүй байгаа юм байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26-28 дахь тал/,

 

Камерийн бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 30-36 дахьь тал/,

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний “...хөөрөг 800.000 төгрөг...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 41-42 дахь тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Д.Б-н яллагдагчаар өгсөн: “...Би 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр гэрээсээ гарахдаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан бөгөөд тухайн үедээ долоон буудалд ганцаараа 0,33 литрийн архи 2 шилийг уучихаад Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах У дээр ирсэн. Би тухайн үед тэнд тоглолтын тасалбар хувиараа зардаг байсан ба тэр өдөр У дээр 19 цагаас хандивын тоглолт болох байсан юм.

Би өөрт байсан мөнгөөрөө тухайн тоглолтын 20 орчим билет аваад тэрнээсээ хэдийг нь зарж байгаад тухайн үед хуучин эхнэр маань утсаар ярихаар нь хэрүүл хийж байгаад дахин нэг шил 0.33 литрийн архи аваад түүнээс 100 грамм орчим хэмжээтэйг уучихаад үзэсгэлэн худалдааны дотор ганцаараа явж байгаад нэг хэсэг ухаангүй болтлоо согтсон байсан. Нэг мэдсэн чинь хоёр эргүүлийн цагдаа ирж намайг дотор байхдаа хулгай хийсэн байна гээд намайг шалгаад явсан...

Тухайн хэрэг болсон гэх өдөр цагдаа нар ирээд намайг авч явахдаа камерийн бичлэг үзүүлсэн ба тухайн бичлэг дээр би яах аргагүй хүний хөөргө аваад тэндээс явж байгаа бичлэг байсан. Би тэр хөөргийг хаана нуусан эсвэл хэн нэгэнд өгсөн, хаясан талаараа сайн санахгүй байна. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 69-70 дахь тал/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 73 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 75 дахь тал/, гэрч Д.О-н мэдүүлэг /хх-ийн 94-96 дахь тал/ зэргийг тус тус шинжлэн судлав.

 

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн дүгнэлт:

Шүүгдэгч Д.Б 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хороо, “У”-т зохион байгуулагдаж байсан сар шинэ үзэсгэлэн худалдааны үеэр хохирогч О.Н-гийн эзэмшлийн “Халтар мана” их гарын хөөргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 800.000 төгрөгийн хохирол учруулжээ.

 

Энэ үйл баримт шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч О.Н-, гэрч А.Ц нарын өгсөн мэдүүлэг, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан  болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Хавтаст хэрэгт авагдсан буюу шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуулиар тогтоосон үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бөгөөд дээрх цугларсан, бэхжүүлсэн нотлох баримтуудыг үгүйсгэсэн баримт байхгүй, тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд “Хулгайлах” гэмт хэргийг хуульчилж, энэ зүйлийн 1-д “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол” гэж гэмт хэргийн үндсэн шинжийг заажээ.

 

“Хүч хэрэглэхгүйгээр” гэж бусдын амь нас, эрүүл мэндийн халдашгүй байдалд ямар нэгэн хохирол учруулж, халдаагүй үйлдсэнийг, “нууцаар” гэж бусдын эд хөрөнгийг өмчлөгч болон бусад хүмүүст мэдэгдэлгүйгээр далд авсныг, “хууль бусаар авсан” гэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууц, далд аргаар авч, өөртөө захиран зарцуулах боломж бүрдүүлэх, захиран зарцуулсныг тус тус ойлгоно.

Түүнчлэн “Хулгайлах” гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

 

Иймд гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч Д.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хэргийн шүүгдэгч нь “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримтад маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч Д.Б-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байна, иймд шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

            Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Д.Б-д Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдлыг харгалзан гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Д.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.

 

Шүүх хуралдаанд улсын яллагчаас “...шүүгдэгч Д.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх...” санал,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...Д.Б гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээрээ маргахгүй байгаа ба сантехникч мэргэжилтэй, ажил хөдөлмөр эрхлэн хохирогчид учруулсан хохирол төлбөрийг нөхөн төлөх боломжтой байгаа. Иймд үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээг харгалзан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгнө үү...” гэх дүгнэлт,

 

Шүүгдэгч Д.Б “...би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх санал, дүгнэлтийг тус тус гаргав.

 

Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч Д.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөчин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.

 

Бусад асуудлын талаар:

 “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.

 

Хэрэгт “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний “...хөөрөг 800.000 төгрөг...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 41-42 дахь тал/ авагдсан байх тул шүүгдэгч Д.Бэс 800.000 /найман зуун мянган/ төгрөг гаргуулж, хохирогч О.Н-д олгох нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1/нэг/ ширхэг сидиг хэргийн хамт хавсарган үлдээв.

Шүүгдэгч Д.Б энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй болно.   

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

                                                                              ТОГТООХ нь:

           

1. Шүүгдэгч Ц овогт Д-н Б-ийг “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Д.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөчин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсугай.  

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд тайлбарласугай.

 

4. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар шүүгдэгч Д.Бэс 800.000 /найман зуун мянган/ төгрөг гаргуулж хохирогч О.Н-д олгосугай.

 

 6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 /нэг/ ширхэг сидиг хэргийн хамт хавсарган үлдээсүгэй.

 

7. Шүүгдэгч Д.Б нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Л.ОДОНЧИМЭГ