Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 1201

 

Магадлал

2018.05.23                                                  Дугаар 1201                      Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

Н т ХХК-ийн хүсэлттэй,

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Н.Батзориг, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 102/ШШ2018/00908 дугаар шийдвэртэй,

Хүсэлт гаргагч: Н т ХХК-ийг дампуурсанд тооцож, татан буулгах тухай хүсэлттэй,

Нэхэмжлэгч: “Ч А и т” ХХК, “Д г” ХХК нарын нэхэмжлэлтэй,

3 075 450,52 ам.доллар гаргуулах тухай “Ч А и т”  ХХК-ийн нэхэмжлэлтэй, 13 742 344 юань буюу 4 942 021 759.28 төгрөг гаргуулах тухай “Д г” ХХК-ийн нэхэмжлэлтэй, дампуурлын хэргийг,

“Ч А и т”  ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Ц,

Хариуцагчийн өмгөөлөгч: Э.Б,

Хэрэг гүйцэтгэгч: А.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Туул нар оролцов.

Хүсэлт гаргагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Н т ХХК нь “Ч А И Т” ХХК-тай нүүрс ханган нийлүүлэх гэрээ байгуулсны үндсэн дээр Өмнөговь аймгийн Таван Толгойн нүүрсний уурхайгаас “Ч А И Т” ХХК-д кокосжсон нүүрс нийлүүлэх үйл ажиллагаа явуулж байсан. Энэхүү ажлын хүрээнд “Т Т”  ХК-иас 40 000 тн нүүрс худалдан авч “Д г” ХХК-тай 2011 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр СО/2 тоот Гаалийн хяналтын талбай түрээслэх гэрээ байгуулж, түрээслэгч талын эзэмшилд байх Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт орших Цагаан Хад хэмээх Гаалийн хяналтын хэсэг талбайд нүүрс буулагсан ч худалдан авагч талаас уг нүүрсийг худалдан авахаас татгалзсан. Өнөөдрийн байдлаар уг талбайд ойролцоогоор 25 000 орчим тонн нүүрс хадгалагдсаар байгаа бөгөөд Н т ХХК нь одоог хүртэл талбайг чөлөөлж чадахгүй нөхцөл байдал үүсээд байна. Үүнээс үүдэн түрээслэгч тал буюу Н т ХХК нь түрээсийн төлбөрийг хугацаандаа бүрэн төлж чадалгүй өнөөдрийг хүрсэн. Үүнээс гадна олон жилийн хугацааны хадгалалтын явцад кокосжсон нүүрс нь цаг агаарын байдлаас хамааран өөрөө шатах тохиолдол хэд хэдэн удаа гарч байсан бөгөөд түрээслүүлэгч талаас тухай бүрт нь өөрсдийн зардлаар яаралтай арга хэмжээ авч байсан нь сайшаалтай ч Н т ХХК-ийн хувьд түрээсийн төлбөрөөс гадна нэмэлт санхүүгийн дарамт учруулаад байгаа билээ. Харамсалтай нь Н т ХХК нь Дампуурлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дэх хэсэгт заасан эргэлтийн хөрөнгийн хувьд тэг төгрөгийн хөрөнгөтэй болсон. Иймд мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т заасны дагуу Н т ХХК нь төлбөрийн чадваргүй аж ахуйн нэгжид тооцох үндэслэлтэй гэж үзэж байх тул дампуурсанд тооцож, татан буулгах тухай хүсэлттэй байна гэжээ.

 

Нэхэмжлэгч “Ч А и т”  ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ч А и т”  ХХК нь МҮХАҮТ-ийн дэргэдэх Монголын ОУ-ын ба Үндэсний Арбитрын 2016 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 186 дугаартай шийдвэрийн дагуу Н т ХХК-иас 3 075 450.52 ам.долларын авлагатай. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 102/Ш32017/01787 дугаар захирамжаар Н т ХХК-ийг төлбөрийн чадваргүйд тооцсон 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлэлсэн. Арбитрын дээрх шийдвэр нь 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр тус дүүргийн шүүхийн шүүгчийн 102/Ш32016/26535 дугаар захирамжаар баталгаажин гүйцэтгэх хуудас бичигдсэнээр албадан гүйцэтгэх ажиллагаа Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд хийгдэж байгаа. Дампуурлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д заасны дагуу Н т ХХК-ийн үүсгүүлээд буй дампуурлын хэрэгт нэхэмжлэгчийн хувьд оролцож хуульд заасан эрх үүргээ хэрэгжүүлэх хүсэлтийг үүгээр гаргаж байна гэжээ.

 

Нэхэмжлэгч “Д г” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус шүүхэд хянан шийдвэрлэгдэж буй Н т ХХК-ийн дампуурлын хэрэгт нэхэмжлэгч “Д г” ХХК-ийн зүгээс гаалийн баталгаат агуулахын түрээсийн төлбөрийн үлдэгдэл 13 742 344 юань буюу 2017 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн Монгол банкны ханшаар 4 942 021 749.28 төгрөгийн авлагыг нэхэмжилж байна. Тус компанийг дахин хөрөнгөжүүлэх санал байхгүй учир компанийг дампууруулж, бидний авлагын асуудлыг Дампуурлын тухай хуульд заасан журмын дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хэрэг гүйцэтгэгч А.Э шүүхэд ирүүлсэн дүгнэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н т ХХК нь Улсын бүртгэлийн ? дугаартай, ? тоот регистртэй, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, ? дугаар хороо, ? дүгээр хороолол, ? дүгээр байр, ? тоотод байрлаж ажиллахаар 2009 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр 3 гишүүнтэйгээр гадаад худалдааны үйл ажиллагаа эрхлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар 1 000 000 төгрөгийн дүрмийн сантайгаар байгуулагдсан. Дүрмийн сангийн эзэмшилд Б.Б 340 000 000 төгрөгийн хөрөнгө оруулж буюу 34 хувийн, Г.Н 330 000 000 төгрөгийн хөрөнгө оруулж буюу 33 хувийн, Т.Г 330 000 000 төгрөгийн хөрөнгө оруулж 33 хувийг тус тус эзэмшиж, Хаан банкинд ? тоот, ? тоот валютын, ? тоот төгрөгийн данстай гэж бүртгэгджээ. Тус компани 2013 оны санхүүгийн тайланд мөнгө 7 343 733.87 төгрөг, авлага нь 102 689 700 төгрөг байх ба 1 108 196 051 төгрөгийн өр тайлагнасан байна. 2014 онд эргэлтийн мөнгөн хөрөнгө байхгүй болж 63 710 300 төгрөгийн авлагатай, өр төлбөргүй гэж тайлагнасан байна. 2015 онд мөн л 63 710 300 төгрөгийн авлагатай, өр төлбөргүй гэж санхүүгийн тайландаа тусгажээ. 2014 онд орлого өсч, өр төлбөргүй гэж тайлагнасан шалтгаан нь Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн дагуу шинээр мэдүүлсэн санхүүгийн тайланд орсон өөрчлөлттэй холбоотой болон 2014 он, 2015 онуудад үйл ажиллагаа явуулаагүйгээс зардал гаргаагүйтэй нь холбоотой гэж үзэх үндэслэл байна. Энэхүү санхүүгийн тайлангаар компанийн өр төлбөр 1 108 196 051 төгрөг болж өөрийн хөрөнгийн -232.42 хувьтай тэнцэх хэмжээний өр төлбөрт орсон байна. Дампуурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан “Өөрийн хөрөнгийн 10-аас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний үүргээ хууль буюу гэрээнд заасан хугацаанд биелүүлэхгүй бол төлбөрийн чадваргүйд тооцно” заалтын дагуу төлбөрийн чадваргүйд тооцох боломжтой мэт боловч хэргийн материалд байгаа баримтаас дүгнэхэд өөр тооцоолол гарч байна. Тус компани нь дампуурлын хэрэг үүсгүүлэхээр шүүхэд гаргаж өгсөн хүсэлтийн хавсралтад байгаа нийт 11 242 806 000 төгрөгийн өр төлбөрийг дээрх санхүүгийн тайлангуудад тусгаж өгөөгүй байна. Нэхэмжлэгч нараас шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагын дүнг өөрийн хөрөнгөтэй нь харьцуулж үзвэл 19620 хувь буюу өөрийн хөрөнгөөс 12500 дахин их хэмжээний өр төлбөртэй гэсэн тооцоо гарч байгаа нь маш их өндөр үзүүлэлт юм. Санхүүгийн тайлангийн тухайд хэрэгт авагдсан сүүлийн буюу 2015 оны жилийн эцсийн тайлан нь X тайлан байх ба 2013 оны тайланг нь үндэслэн дүгнэлт гаргах шаардлагатай болж байна. "Н т" ХХК-ийн 2013 оны санхүүгийн тайланд төлбөрийн чадварын индекст дампуурах магадлал их буюу төлбөрийн чадваргүй гэсэн, компани үйл ажиллагааны хэтийн хөгжил байхгүй болсон дампуурах магадлалтай гэсэн үзүүлэлт юм. Н т ХХК нь 2013 оноос эхлэн орлого олоогүй, үйл ажиллагаа нь доголдож санхүүгийн тогтвортой хэвийн ажиллах нөхцлийг алдагдуулж, цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй болж зогсоосон нь төлбөрийн чадваргүй болох үндсэн шалтгаан болжээ. Тус компанийн захирал Б.Б нь тайлбартаа “худалдан авагч болох        БНХАУ-ын “Ч А И Т” ХХК гэрээ байгуулж нүүрс авхуулаад нүүрсээ авахаа татгалзсанаас шалтгаалан бараа хадгалах түрээсийн төлбөр болон барааны үнийг төлж чадахгүй болсон" талаар мэдүүлсэн байна. Хариуцагч нь худалдан авагчтай байгуулсан гэрээний И нөхцлийг буруу ойлгож гэрээний зарим үүрэг зөрчсөн, үл ойлголцол гарснаас БНХАУ-ын “Ч А И Т” ХХК болон “Д г” ХХК-д их хэмжээний өр төлбөрт орж төлбөрийн чадваргүй болсон байна. Н т ХХК-ийн удирдлага нь аж ахуй хариуцан авч явах удирдлагын ур чадваргүй, санхүүгийн мэдлэг дутмаг, нөхцөл байдлыг бодитой дүгнэж чадаагүй, төлбөр тооцоог цаг тухайд нь барагдуулаагүй зэргээс шалтгаалан ихээхэн хэмжээний өр төлбөрт орсон зэрэг нөхцөл байдлын улмаас компани нь төлбөрийн чадваргүй болж бусдын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй дампуурч байгаа нь удирдлагын буруутай үйл ажиллагаанаас шалтгаалсан байна гэж дүгнэлээ. Дампуурлын тухай хуульд зааснаар гаргаж өгөх ёстой материалуудыг гаргаж өгөөгүй тохиолдолд хариуцлага хүлээдгийг сануулан захирамжлалын болон санхүүгийн баримт бичгүүдийг хүлээлгэн өгөх тухай 01 тоот бичгийг Н т ХХК-д өгсөн ба энэхүү бичгийн хариуг Н т ХХК нь 2016 оны 11 дүгэр сарын 29-ний өдөр 1/16 дугаар бичгээр өдөр шүүхэд ирүүлсэн. Ашигт малтмал, газрын тосны газрын 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 1/2118 дугаар албан бичгээр Н т ХХК-ийн нэр дээр хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг талаархи бүртгэл кадастрын системд бүртгэгдээгүй байна гэсэн, Автотээврийн үндэсний төвийн 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 78 дугаар албан бичгээр Н т ХХК-ийн нэр дээр тээврийн хэрэгсэл бүртгэлгүй байна гэсэн, Оюун өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 7/11943 тоот албан бичгээр Н т ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй эд хөрөнгө эрхийн бүртгэлийн цахим мэдээллийн санд үл хөдлөх хөрөнгө бүртгэлгүй байна гэсэн, Төрийн банкны 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 026/12407 тоот бичгээр Н т ХХК нь тус банкинд данс эзэмшдэггүй гэсэн, Улаанбаатар хотын банкны 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 4/5595 дугаар албан бичгээр Н т ХХК нь тус банкинд ? тоот данс эзэмшдэг бөгөөд 99154 төгрөгийн үлдэгдэлтэй, уг дансыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 1/2729 дугаар мэдэгдлийн дагуу битүүмжилсэн болно гэсэн, Ч хаан б 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн ЗГ/1164 дугаар албан бичгээр Н т ХХК нь тус банкинд харилцах болон хадгаламжийн данс эзэмшдэггүй гэсэн, Б б 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 05/1095 дугаар албан бичгээр Н т ХХК нь тус банкинд данс эзэмшдэггүй гэсэн, А б 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн А/15996 дугаар албан бичгээр Н т ХХК-ийн нэр дээр харилцах, хадгаламжийн данс байхгүй болно гэсэн, Х б 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 5д/6834 дугаар албан бичгээр Н т ХХК нь тус банкинд данс эзэмшдэггүй гэсэн, Х б 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 5134/01/273 дугаар албан бичгээр Н т ХХК-ийн 5058088198 тоот ам.долларын дансны хуулга 514.55 ам.долларын үлдэгдэлтэй болох, Х б 2016 оны 11 дүгээр сарын 28-ны 5134/01/272 дугаар албан бичгээр Н т ХХК-ийн ? тоот юанийн дансны хуулга 0.00 юанийн үлдэгдэлтэй болох, ХААН банкны 2016 оны 11 дүгээр сарын 28-ны 5134/01/271 дугаар албан бичгээр Н т ХХК-ийн ? тоот төгрөгийн дансны хуулга 7900 төгрөгийн үлдэгдэлтэй болох зэрэг холбогдох газруудаас шаардлагатай гэж үзсэн лавлагааг гаргуулан хавтас хэрэгт хавсаргуулсан болно. Дампуурлын тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасан буюу хэрэг үүсгэхээс өмнө 2 жилийн дотор хийгдсэн хүчин төгөлдөр бус гэрээ, хэлцэл хавтас хэрэгт байхгүйг мөн Н т ХХК нь энэ талаар шүүхэд мэдэгдсэн болохыг тэмдэглэх нь зүйтэй юм. Түр хэрэг гүйцэтгэгчийн ажлын хүрээнд Н т ХХК-ийн төлбөрийн чадвартай эсэхийг тооцоход Дампуурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар шүүхэд ирүүлсэн санхүүгийн баримтад хийсэн дээрх судалгаанд тулгуурлан энэхүү Н т ХХК нь 2013 оноос төлбөрийн чадваргүй болсон байна гэж дүгнэж байна. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Б 2017 оны 01 дүгэр сарын 30-ны өдрийн 102/Ш32017/01787 дугаар захирамжаар Н т ХХК-ийг төлбөрийн чадваргүйд тооцож хуульд заасан үндэслэлийн дагуу нэхэмжлэлийг хүлээн авах, нэхэмжлэгчдийн хурлыг зарлан хуралдуулах зарыг “Ө” сонины 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн дугаарт нийтэд мэдээлсэний дагуу БНХАУ-ын “Ч А И Т” ХХК болон “Д г” ХХК нэхэмжлэл гаргаж шүүхэд ирүүлсэн болно. Шүүх онцгой ажиллагааны журмаар уйл явдал болон эрх зүйн байдлыг тогтоодог ба дампуурлын хэргийг хянан шийдвэрлэх явцад нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөх, маргах, эвлэрэх, сөрөг нэхэмжлэл гаргах зэрэг ажиллагаа хийгдэхгүй тул нэхэмжлэгчдийн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, Баянгол дүүргийн татварын албаны татварын тодорхойлолт, Монголын ОУ-ын ба Үндэсний Арбитрын 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 186 тоот шийдвэр, тооцоо нийлсэн баримт, түрээсийн гэрээ зэргийг үндэслэн нэхэмжлэлийн дүнг гаргасан. “Ч А И Т” ХХК нь 3 075 450.52 ам.доллар буюу 7 301 119 534 төгрөг, нийт нэхэмжлэлд эзлэх хувь 60.69 байх ба арбитрын 2016 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 186 дугаар шийдвэртэй, “Д г” ХХК нь 13 742 344 юань буюу 4 801 300 146 төгрөг, нийт нэхэмжлэлд эзлэх хувь 39.31 хувь байх ба гаалийн хяналтын талбай түрээслэх гэрээний дагуу төлбөр үүссэн, Баянгол дүүргийн Татварын хэлтэс шүүхэд нэхэмжлэл гаргаагүй бөгөөд Баянгол дүүргийн Татварын хэлтэст 63 710 300 төгрөгийн төлбөртэй гэсэн. Дампуурлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт “хариуцагчийг дахин хөрөнгөжүүлж, үйл ажиллагааг нь цаашид үргэлжлүүлэх нь татан буулгаснаас нэхэмжлэгчдийн нэхэмжлэлийн шаардлагыг илүү хэмжээгээр хангах боломжтой гэж үзвэл ...хариуцагчийг дахин хөрөнгөжүүлэх тухай хүсэлтийг түүнийг төлбөрийн чаадваргүйд тооцсон өдрөөс хойш 60 хоногийн дотор шүүхэд гаргаж болно.” гэж заасан байдаг. Нэхэмжлэгч, хариуцагч болон хэрэг гүйцэтгэгч уг хугацааны дотор дахин хөрөнгөжүүлэх хүсэлт шүүхэд гаргаагүй болно. Иймд хэргийн материалд тус компанийн ирүүлсэн санхүүгийн баримт бичиг, хавтаст хэрэгт байгаа бусад байгууллагуудаас ирүүлсэн лавлагааны баримтад хийсэн дүгнэлтэд үндэслэн тус Н т ХХК нь 2013 оноос төлбөрийн чадваргүй болж өр төлбөрөө төлөх боломжгүй болсон ба Дампуурлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасан этгээд болох хариуцагч, нэхэмжлэгч, хэрэг гуйиэтгэгчээс Н т ХХК-ийг дахин хөрөнгөжүүлэх хүсэлт ирүүлээгүй тул мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх хэсэгт заасны дагуу татан буулгах үндэслэл бий болсон гэж узэж хариуцагчийг татан буулгах санал оруулж байна. Хэрэв шүүхээс хариуцагчийг дампуурсанд тооцож татан буулгах шийдвэр гаргасан тохиолдолд Дампуурлын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Татан буулгах ажиллагаа дуусгавар болсноор хариуцагч нэхэмжлэлийн хангагдаагүй шаардлагын үүргээс чөлөөлөгдөж, түүний нэхэмжлэгчдийн өмнө хүлээсэн үүрэг дуусгавар болно” гэж заасны дагуу хариуцагчийн Баянгол дуургийн Татварын хэлтэс, БНХАУ-ын “Ч А И Т” ХХК, “Д г” ХХК нарын өмнө хүлээсэн 12 166 129 981.20 төгрөгийн үүрэг дуусгавар болж чөлөөлөгдөх юм гэжээ.

 

Шүүх: Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1, 33.1.2-т заасныг баримтлан Н т ХХК /РД: 5323886/-ийг дампуурсанд тооцож, татан буулгаж, Дампуурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Н т ХХК-ийн хөрөнгийг захиран зарцуулах эрхийг хэрэг гүйцэтгэгч А.Э шилжүүлж, Дампуурлын тухай хуулийн 18, 34, 35 дугаар зүйлүүдэд заасан журмын дагуу хариуцагч Н т ХХК-ийн эд хөрөнгийг хуваарилах, худалдан борлуулах ажиллагааг явуулахыг хэрэг гүйцэтгэгч А.Э даалгаж, Дампуурлын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасныг баримтлан Н т ХХК-ийг татан буулгах ажиллагаа дуусгавар болсноор нэхэмжлэгч “Ч А и т”  ХХК-д төлөх төлбөр болох 3 021 790.27 ам.доллар буюу 6 132 048 528 төгрөг, нэхэмжлэгч “Д г” ХХК-ийн төлөх түрээсийн гэрээний төлбөр болох 13 742 344 юань буюу 4 942 021 749 төгрөгийн нэхэмжлэлийн хангагдаагүй шаардлагын үүргээс чөлөөлөгдөж, үүрэг дуусгавар болохыг дурдаж, Дампуурлын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.2, 36.3-д заасныг баримтлан Н т ХХК-ийг татан буулгах тухай шүүхийн шийдвэрийг биелүүлж, тайлангаа ирүүлсний дараа холбогдох бүртгэлийн байгууллагад мэдэгдэж, улсын бүртгэлээс хасуулах ажиллагааг гүйцэтгэхийг хэрэг гүйцэтгэгч А.Э даалгаж, Иргэний хуулийн 32 дугаар зүйлийн 32.5.2, Дампуурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.3-т зааснаар хариуцагч Н т ХХК-иас шинжээчийн зардалд 5 000 000 төгрөг гаргуулан шинжээч “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1, Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-т зааснаар шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 хоногийн дотор энэ тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдгийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Н т ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

            Нэхэмжлэгч “Ч А и т”  ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: 1. Дампуурлын хэрэг үүсгэсэн тухай, тус шүүхээс дампуурлын хэрэг үүсгэхдээ "Н" ХХК-ийн захирал Б.Б төлбөрийн чадваргүйд тооцуулах, дампууруулах хүсэлтийг хүлээн авч хянан үзээд 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 102/Ш32016/25096 дугаар захирамжаар дампуурлын хэрэг үүсгэсэн байна. Дампуурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д "Дампуурлын хэрэг үүсгэх тухай хариуцагчийн хүсэлтэд төлбөрийн чадваргүй болсон гэх үндэслэл дахин хөрөнгөжүүлэх, эсхүл дампуурсанд тооцож татан буулгах тухай санал, мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд" заасныг тусгахаар заасан байдаг. Гэтэл Дампуурлын хзрэг үүсгүүлэхээр шүүхэд хүсэлт гаргасан "Н" ХХК нь 3 кувьцаа эзэмшигчтэй бөгөөд Компанийм тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.5-д зааснаар компанийг татан буулгах асуудлыг зөвхөн хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэхээр заасан бөгөөд хариуцагчийн зүгээс ийнхүү хуульд тухайлбал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасныг заасан шаардлагыг хангаагүй буюу зөрчсөн байгаа юм. Тус компанийн хувьцаа эзэмшигчид компаниа татан буулгах асуудлыг шийдвэрлээгүй, энэ талаарх нотлох баримт байхгүй байхад шүүх дампуурлын хэрэг үүсгэн шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэл болж байна. Уг дампуурлын хэрэг хянан шийдвэрлэх 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн шүүх хуралдаанд тус хувьцаа эзэмшигчдийн шийдвэрийг гаргаж өгсөн болно.

2.Төлбөрийн чадваргүйд тооцсон тухай, Анхан шатны шүүхийн шүүгч 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 1787 дугаар захирамжийг гарган "Н" ХХК-ийг төлбөрийн чадваргүйд тооцсон байна. Уг захирамжийн үндэслэл болгож түр гүйцэтгэгчийн гаргасан дүгнэлтийг дурьдсан байна. Шүүгчийн захирамжид уг дүгнэлтээс өөр үндэслэл болсон нотлох баримт дурьдагдаагүй тул энэхүү дүгнэлт нь шүүгчийн захирамжийн цорын ганц үндэслэл болсон баримт гэж үзэж болохоор байна. Дампуурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.7-д "...түр хэрэг гүйцэтгэгч нь хуулийн дээрх заалтын дагуу "...12.1.1, 12.1.2, 12.1.3, 12.1.4, 12.1.5, 12.1.9-д заасан эрх эдэлж, үүрэг хүлээнэ" гэсэн бөгөөд эдгээр эрх үүрэгт дүгнэлт гаргах тухай эрх хэмжээ олгогдоогүй бөгөөд түр үүрэг гүйцэтгэгч хуулиар тогтоосон эрх хэмжээнээс гадуур үйл ажиллагаа явуулсан байх тул шүүх уг баримтыг үндэслэн захирамж гаргах үндэслэлгүй билээ.

3.Хэргийг хянан шийдвэрлэсэн тухай, хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн хуулиар олгосон эрхийг эдлүүлэлгүй улмаар шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн болно. "Ч А и т" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.А миний итгэмжлэлийн хугацаа 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дууссан бөгөөд миний бие нэхэмжлэгчийг төлөөлж 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс сэргээгдээд байсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох боломжгүй байсан юм. Өөрөөр хэлбэл, хэрэгт авагдсан баримтуудтай танилцах, нэхэмжлэгчдийн хуралдааныг зарлан хуралдуулах, гэх мэт ажиллагаанд оролцох боломжгүй байсан бөгөөд шүүх хуралдаанд өмгөөлөгч Б.Ц итгэмжлэлийн хугацаа сунгагдах мөн итгэмжлэлийн эх хувийг хүлээн авах хүртэлх хугацаанд шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт тавьсан болно. Шүүх миний итгэмжлэлийн хугацаа дууссан байхад надад шүүх хуралдааны тов мэдэгдсэн бөгөөд энэхүү мэдэгдсэн нь "Ч А И Т" ХХК-д мэдэгдсэн гэж үзэх үндэслэл болохгүй юм. "Ч А и т" ХХК нь Бээжин хотод байралдаг БНХАУ-ын хуулийн этгээд бөгөөд тус компанид нэхэмжлэгчийн хувьд шүүх хуралдаан хүртэлх хугацаанд хэрэгт авагдсан баримтуудтай танилцах боломж огт олгоогүй болно. Энэ хугацаанд шүүхэд шинжээчийн дүгнэлт ирсэн бөгөөд уг баримттай танилцах боломж олгоогүй тул нэхэмжлэгчийн эрхийг ноцтой зөрсөн гэж үзэх үндэслэл болж байгаа юм. Миний бие өмгөөлөгчөөр дамжуулан нэхэмжлэгчээс олгосон итгэмжлэлийн эх хувийг ирэх хугацаа хүртэл шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан боловч шүүхээс хүлээж авалгүй хэргийг шийдвэрлэсэн гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасны дагуу үнэлж чадаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөн тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Н т ХХК нь төлбөрийн чадваргүй болсноо өөрөө мэдэгдэж, дампуурлын хэрэг үүсгэх тухай хүсэлт гаргасны дагуу Баянгол дүүргийн шүүхийн шүүгчийн 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 102/ШЗ2016/25096 тоот захирамжаар дампуурлын хэрэг үүсгэж, мөн захирамжаар А.Э түр хэрэг гүйцэтгэгчээр, 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 102/ШЗ2017/07157 тоот захирамжаар түүнийг хэрэг гүйцэтгэгчээр томилжээ.

Түүнчлэн тус шүүхийн шүүгчийн 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 102/ШЗ2017/01787 дугаартай захирамжаар хариуцагчийг төлбөрийн чадваргүй болсныг тогтоож, төлбөрийн чадваргүйд тооцож, 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн дотор хэвлэл, мэдээллийн хэрэгслэлээр нийтэд мэдээлэхээр заажээ. Мөн шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ хариуцагчийг төлбөрийн чадваргүй болсон тухай нийтэд мэдээлсэн өдрөөс хойш 21 хоногийн дотор шүүхэд гаргахаар заасан тул Иргэний хуулийн 72 дугаар зүйлд заасан хугацаа тоолох журмын дагуу нэхэмжлэгчдийн нэхэмжлэл гаргах хугацаа нь 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр дуусгавар болжээ.

Хэргийн нэхэмжлэгчдийн анхны хурлаас хэрэг гүйцэтгэгчийн талаар санал зөрүүтэй байсан тул шүүхээр шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзсэнээр Дампуурлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт заасныг үндэслэн шүүх А.Э хэрэг гүйцэтгэгчээр томилсон. Гэтэл шүүхээс томилогдсон хэрэг гүйцэтгэгч нь Дампуурлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт заасан шаардлага хангасан этгээд болох нь тодорхойгүй, энэ талаар баримт хэрэгт авагдаагүй байна.

Түүнчлэн Дампуурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.3-д зааснаар нэхэмжлэгчдийн хурлаар хэрэг гүйцэтгэгчийн цалин хөлс, үйл ажиллагааны зардлын хэмжээ, төлөх хугацаа, журмыг тогтоохоор хэлэлцэх байсан боловч нэхэмжлэгч талуудын санал зөрүүтэйгээс уг асуудал шийдвэрлэгдээгүй байхад шүүх хэрэг гүйцэтгэгчийг томилж ажиллагаа явуулсан байв.

Дампуурлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлтэд тусгах асуудлыг заасан ба хэрэг гүйцэтгэгч А.Э гаргасан дүгнэлт нь Дампуурлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1-д заасан хариуцагчийн санхүү, эдийн засгийн тооцоо, түүний дүгнэлт, талаарх шаардлагыг хангаагүй гэж үзнэ. Тухайлбал, хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлтэд “хариуцагч Н т ХХК нь 2014, 2015 оны тайлангаар өр төлбөргүй, 63 710 300 төгрөгийн авлагатай, тус компани дампуурлын хэрэг үүсгүүлэхээр шүүхэд гаргаж өгсөн хүсэлтийн хавсралт № 1-д байгаа нийт 11 242 806 000 төгрөгийн өр төлбөрийг дээрх санхүүгийн тайланд тусгаж өгөөгүй...” гэсэн атлаа түүнийг “2013 оноос төлбөрийн чадваргүй болсон” гэснээр шүүх тухайн компанийг төлбөрийн чадваргүйд тооцсон.

Хэрэг гүйцэтгэгчийн гаргасан дүгнэлтээр хариуцагчийг татан буулгах санал гарсныг үндэслэл муутай гэж нэхэмжлэгчдийн хоёр дахь хурлаар хэлэлцэн, “Д г” ХХК-ийн гаалийн баталгаат агуулахад байгаа 25 000 тн нүүрсний чанар байдал, зах зээлийн бодит үнэлгээнд шинжээч томилуулан дүгнэлт гаргахаар тогтсон байна.

Шүүхээс томилогдсон шинжээч “Х ү т” ХХК нь “...үнэлж буй нүүрс нь агаартай исэлдсэн, олон удаа шатсан, гадаа ил 5,5 жил болсон, шатсан нүүрсийг хольж овоолсон тул хэрэглэх боломжгүй болсон, овоолго нүүрс нь үнэ цэнэгүй...” гэсэн дүгнэлт гаргажээ.

Дампуурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5-т зааснаар хэрэг гүйцэтгэгчийн тайлан хэлэлцэх, 8.3.9 дэх хэсэгт заасан хариуцагчийг татан буулгах тухай шүүхийн шийдвэрийг шүүхийн оролцоогүйгээр биелүүлэх эсэхийг нэхэмжлэгчдийн хурлаас хэлэлцэн шийдвэрлэсэн баримт хэрэгт авагдаагүй.

Иймд дээрх ажиллагаа хийгдээгүй байхад нэхэмжлэлийн хангагдаагүй шаардлагын үүргээс хариуцагч чөлөөлөгдөж, үүрэг дуусгавар болгосон нь буруу байна.

Дампуурлын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт “Дампуурлын хэргийг үүсгэх, хянан шийдвэрлэхтэй холбогдсон энэ хуулиар зохицуулагдаагүй харилцааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу зохицуулна” гэж заажээ.

Нэхэмжлэгчдийн хурлын болон хэрэг гүйцэтгэгчийн хийж гүйцэтгэвэл зохих хуулиар тогтоосон ажиллагааг анхан болон давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэж, зөвтгөх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасан үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 102/ШШ2018/00908 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Ч А И Т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Ж.ОЮУНТУНГАЛАГ

   ШҮҮГЧИД                                  Н.БАТЗОРИГ

                                                           М.НАРАНЦЭЦЭГ