Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 2024/ШЦТ/121

 

 

 

  

 

 

 

 

    2024           02           16                                    2024/ШЦТ/121

 

 

                               

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг хөтлөн,

улсын яллагч Н.Цэнгэлбаяр,  

шүүгдэгч Т.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Б овогт Т-н С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн *** дугаартай хэргийг 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б овогт Т-ийн С /регистрийн дугаар ***/.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Т.С 2023 оны 12 дугаар сарын 27-ны шөнө Баянгол дүүргийн ** дугаар хороо, ** байрны *** тоот гэртээ байхдаа хардалтын улмаас гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Н.Ч-н зодож, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Т.С Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

           “...2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр манай ажлын хүний төрсөн өдөр болоод тэнд байж байгаад ажлаасаа гараад модны хоёрт байдаг “Г” нэртэй караокед дөрвүүлээ сууж байгаад 1 шил 2 литрийн хэмжээтэй виски авч хувааж уугаад шөнө 00 цагийн үед тараад гэрлүүгээ ганцаараа орсон чинь гэрт эхнэр 3 хүүхэд унтаж байсан. Хүүхдүүд том өрөөнд унтаж байсан, эхнэр бид хоёр унтлагын өрөөнд архи уусан бас хардалтаас болж маргаад би маргалдах үедээ хоёр гарнаас нь хоёр гараараа барьж байгаад унагаах зэрэг үйлдэл хийсэн чинь манай том охин цагдаа дуудсан. Тэгээд эхнэртэйгээ маргаж байх үедээ би үхээд өгье гээд хутга бариад хоолойдоо тулгаад байж байсан чинь цагдаа орж ирээд намайг аваад явсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 70 дахь тал/,

 

Хохирогч Н.Ч-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Манай нөхөр Т.С 2023 оны 12 дугаар сарын 25-ны орой 17 цагийн үед хүнтэй уулзана гэж гарч яваад алга болоод чимээгүй байж байгаад 2023 оны 12 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө 00 цагийн үед архи үнэртүүлсэн, нилээн согтсон байдалтай орж ирээд намайг унтах гээд хэвтэж байсан чинь надтай цуг унтсангүй гэхээр нь би “чи архи уусан байгаа тул чамтай цуг унтахгүй гэж хэлсэн” чинь намайг “чи тэрэнтэй чатладаг биз дээ” гээд л хардаад хэрүүл гуйж байгаад буйдан дээр байсан дэрээр миний толгой руу цохиод үснээс зулгаагаад “жижиг өрөөнд орж чамтай ярина, утсыг чинь үзнэ, чи надад үнэнээ хэл” гээд намайг татаж унагаад гар, хөл, үснээс зулгаагаад байсан. Сүүлд нь өөрийгөө ална гээд хоолойдоо хутга тулгасан. Тэгсэн чинь манай том охин Б гарч яваад цагдаа дуудсан байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16-18 дахь тал/,

 

Насанд хүрээгүй гэрч С.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 00 цагт намайг том өрөөнд хэвтэж байхад манай аав С орж ирээд эхлээд нойлын өрөө ороод дараа нь жижиг өрөө рүү очсон. Тэгсэн ээж том өрөөнд орж ирээд миний хажууд хэвтсэн чинь аав ардаас нь том өрөөнд орж ирээд уурлаад хэрүүл үүсгээд байсан. Аав ээжийг унтлагын өрөөнд дагуулж ороод намайг аав ээжийнхээ утсыг олоодох гэж хэлэхээр нь би нагац эгчийнх рүүгээ гүйгээд гарсан... Аав ээжийн хоолойг боосон, дэрээр цохисон. Тэгээд цааш унтлагын өрөөрүү аваад орсон...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19-20 дахь тал/,

 

Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн *** дугаартай шинжээчийн “...Н.Ч-н биед духанд зулгаралт, цээж, хоёр бугалга, хоёр гуя, баруун шилбэнд цус хуралт, баруун шагайнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр 1-2 хоногийн өмнө үүссэн байх боломжтой байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 25-26 дахь тал/,

 

Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 01 дугаар сарын 26-ны өдрийн 01/034 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 30-31 дэх тал/,

 

Шүүгдэгч Т.С-н хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 56 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 58 дахь тал/ болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Шүүгдэгч Т.С гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн, түүнд хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна прокурорын яллагдагчид хүлээлгэх хариуцлагын талаарх саналыг шүүгдэгч Т.С-д танилцуулсан нь хуульд нийцсэн байна.

 

Иймд шүүх шүүгдэгчид холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байх ба шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн” гэм буруутайд тооцож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хэрэгт хохирогч Н.Ч-н “...гомдол, саналгүй...” гэх тэмдэглэл /хх-ийн 94 дэх тал/ авагдсан байх тул шүүгдэгч Т.С-г бусдад төлөх төлбөргүйд тооцов.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар прокурорын гаргасан санал, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулж, уг торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

Шүүгдэгч Т.С нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Б овогт Т-н С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.С-г 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.   

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Т.С-д оногдуулсан 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Т.С-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Шүүгдэгч Т.С энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Л.ОДОНЧИМЭГ