Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 2024/ШЦТ/136

 

 

 

 

 

 

 

 

     2024          02         21                                      2024/ШЦТ/136

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,

нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг,

улсын яллагч Н.Улсболд,

шүүгдэгч О.А-, түүний өмгөөлөгч Б.Мөнхгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

 

Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос Т овогт О-ны А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь  хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн **** дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

     

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ** оны ** дугаар сарын ***-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эмэгтэй, дээд боловсролтой, вагоны инженер мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Баянгол дүүргийн * дүгээр хороо, ** дугаар хороолол, ***  оршин суудаг гэх, урьд ял шийтгэлгүй, Т овогт О-ны А /регистрийн дугаар ***/.

 

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн талаар:

Шүүгдэгч О.А- нь 2023 оны 2 дугаар сарын 06-ны өдрөөс 7-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг мөрдөн байцаах албаны 401 тоот өрөөнд өөрийн биедээ Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан “Метамфетамин” /methamphetamine/-ын агууламжтай “мөс” гэх нэршилтэй нийт 4.3456 грамм цэвэр жинтэй,

Мөн Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр, 4 дүгээр байрны орчим байрлуулсан **-**  улсын дугаартай “Субару Импреза” маркийн тээврийн хэрэгсэлд Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан “Метамфетамин” /methamphetamine/-ын агууламжтай “мөс” гэх нэршилтэй нийт 0.7783 грамм цэвэр жинтэй,

**-**  улсын дугаартай “Тоёота Приус 41” маркийн тээврийн хэрэгсэлд Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан “Метамфетамин” /methamphetamine/-ын агууламжтай “мөс” гэх нэршилтэй нийт 8.8602 грамм цэвэр жинтэй сэтгэцэд нөлөөлөх бодисуудыг тус тус худалдаалах зорилгоор хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч О.А- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

“...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй....” гэв.

 

           Мөн хавтаст хэргээс мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтуудаас:

 

            Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /1-р хавтаст хэргийн 9 дахь тал/, нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн хамт /1-р хавтаст хэргийн 17-31 дэх тал/, хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн хамт /1-р хавтаст хэргийн 32-36, 39-41 дахь тал/, хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл /1-р хавтаст хэргийн 37-38 дахь тал/, гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1-р хавтаст хэргийн 65-66, 89-93 дахь тал/,

           

            Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Э.Б-н өгсөн:

“...Би найз А-тай яармаг руу явах гэж байсан чинь танил эгч А 22 цаг өнгөрч байхад над руу залгаад хальт уулзах хэрэг байна, Андуудын автобусны буудал дээр хүрээд ир гэж хэлэхээр нь найз А-тай цуг явж байсан болохоор Андуудын буудал дээр хүргүүлсэн... Би найз А-н машинаас буугаад А эгчийн цагаан өнгийн Приус-41 маркийн машинд суусан. Машинд нь ороод суухад арын суудал дээр хоёр хүүхэн сууж байсан. Намайг суунгуут А эгч машинтайгаа хөдлөөд урагшаа вокзал руу эргээд *** “**” дэлгүүрийн харалдаа зогсоод нөгөө хоёр эмэгтэйг буулгасан. Тэгээд арктай шар байрны баруун талд зогсоол дээр ирсэн. Тэгээд А эгч машинаас буухаар нь би дагаж буухад нөгөө нэг машин буюу саарал өнгийн *** маркийн машиныг асаагаад халаасан. Тэр машинаас буухдаа А эгч надад хуйлсан мөнгө, шилэн бонго, Relix гэсэн бичигтэй электрон тамхины цаас зэргийг өгөөд халаасандаа хийчих, би хүнтэй уулзлаа гээд яваад өгсөн. Би А найзыгаа Андуудын буудалд хүлээж байгаарай гэж хэлсэн байсан тул найзынхаа байгаа газар руу очихоор гүйсэн. Гэтэл замд энгийн хувцастай цагдаа нар намайг бариад авсан. Би А эгчийг 2015 оноос мэддэг болсон. Эгч дүүгийн харилцаатай, А эгч нөхөртэй болоод хэсэг уулзахгүй байж байгаад саяхнаас уулздаг болоод сар гаруй болж байна. А эгч мөс гэх зүйл зарж борлуулдаг. Би мөнгөөрөө авах гэхээр үнэтэй байдаг учир А эгчид тусалж илүүчилж авч өөрөө хэрэглэдэг юм. А эгч надтай уулзсанаас хойш 3-4 хүнд байнга тогтмол мөс гэх зүйлийг зардаг байсан. Би тэр үед нь цуг явж хань болдог юм. Заримдаа би А эгчийн хэлснээр заасан газар байршил дээр нь тавьж тусалдаг юм. Би тэгж туслаад 6-7 удаа жаахныг илүүчлэн авч хэрэглэсэн. А эгч хүртэл надтай цуг хэрэглэдэг. А эгч хүмүүст мөс гэх зүйлийг зараад мөнгөө ихэнхдээ дансаар шилжүүлж авдаг. Миний дансаар ганц нэг удаа шилжүүлж авсан...

Надтай ярьж байхдаа нэг граммыг нь 800.000 төгрөгөөр зардаг гэж байсан. Цаад хүнээсээ хэдэн төгрөгөөр авдаг гэдгийг би сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 114-114, 117-118 дахь тал/,

 

            Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Г.Х-н өгсөн:

“...Би 2023 оны 02 дугаар сарын 06-ны орой H гэх найзтайгаа төрсөн өдрийг нь тэмдэглээд гадуур гарсан. Бид хоёр “**” бааранд байж байхад А гэх таньдаг залуу надад мөс олоод өгөөч гээд гуйгаад байхаар нь өөрийн танил найз А руу холбогдож мөс байна уу, найз нь хүнээс мөнгө аваад шилжүүлчих үү гэсэн чинь манай байрны 7 давхарт ирээд залгаарай гэж хэлсэн. Би мөнгөө А-ны 1 ХВ гэх тоглоомын аяди данс руу нь 300.000 төгрөг шилжүүлээд найз Х-н хамт А-ны байрны орц руу орж яваад цагдаа нарт баригдсан...

Би 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн өдрөөрөө анх А-гаас асуухад хүнээс олж өгч болно гэж хэлсэн. Тэгээд надад 100.000 төгрөгт жаахныг олж өгсөн. Тэрнээс хойш ганц нэг удаа авсан...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 121-122, 124 дэх тал/,

 

            Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Н-н өгсөн:

“...Би 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Дархан-Уул аймгаас ирээд гэртээ орж ирээд байж байгаад найз Х-тай фэйсбүүк чатаар хаана байгаа юм гэж чатлахад А-тай хамт байна, чи ирэх юм уу гэж хэлэхээр нь одоохондоо мэдэхгүй байна гэж байгаад орой 19 цагийн үед Х хаана байна гэсэн чат бичихэд Х Дэнжийн мянгад явж байна гэхээр нь би гэр рүүгээ буцаад орлоо гэхэд буцахдаа залгая, тасганы овооны М.Ойл колонк дээр ирээд хүлээгээд байж байгаарай гэж хэлсэн. Би такси бариад колонк дээр ирээд зогсож байсан чинь Х цагаaн өнгийн приус-41 маркийн машинтай ирээд машинаасаа буугаад миний сууж явсан таксинд орж суусан. Тэгээд хаачих уу гэхэд Х Андуудын тэнд байдаг найз дээрээ очиж тэндээ хононо гэж байсан. Х бид хоёр тэр такситайгаа явсаар байгаад Андуудын автобусны буудлын хойд талд байх хуучны байранд очоод 4 давхарт нэг айлын хаалга тогшиход хаалга тайлж өгөөгүй. Тэгээд Х бид хоёр гараад “С” дэлгүүр орж утсаа цэнэглэхээр болсон. “**” дэлгүүр хаах гэж байна гээд Х бид хоёр гараад буцаад нөгөө байрныхаа орцонд ороод байж байсан чинь Х жаахан мөс гаргаж ирээд хэрэглэх гэсэн боловч хэрэглүүр байхгүй байсан учир “*” центрийн эмийн сан ороод хоёр ширхэг тарианы шилтэй шингэн аваад буцаад орц руугаа ороод уг шилэн шингэнийг асгаад шилийг нь хайлуулаад шилэн дотроо мөс хийгээд тэр мөсөө халаагаад гарсан утааг нь мөнгө хуйлж байгаад ороосон. Би тэр мөснөөс 4 удаа л сорсон...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 126 дахь тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч М.Ш-н өгсөн:

“...Би О.А-тай 2022 оны 10, 11 сарын хавьцаа согтуу машинаа барих гээд байхаар нь машиныг нь барьж гэрт нь хүргэж өгч байгаад танилцаж байсан. Тэрнээс хойш хуурай эгч дүүгийн харилцаатай болсон. Би А-ны ээж, аавыг сонсож байсан болохоор А-с мөс байна уу гэж асуухад байгаа гэхээр нь хааяа мөс авч хэрэглэдэг болсон... 2022 оны 12 дугаар сард хэд хэдэн удаа авч хэрэглэсэн ба төлбөрийг өөрийн “ХААН” банкны данснаас О.А-ы данс руу шилжүүлэн мөн өөрийн бололцоотой үедээ хоол хүнсний мөнгө төгрөг илүүчлэх зэргээр мөнгө төгрөг хоорондоо шилжүүлсэн зүйл байгаа... Би А-с 100.000-400.000 төгрөгийн хооронд л мөнгө шилжүүлэн мөс гэх зүйлийг А-ны хуурай дүү гэх Батдэлгэртэй газар тохирч очиж авдаг байсан. Би сард 4 удаа хэрэглэдэг байсан. А-с мөс авдаг болоод 4 сар гаруй болж байгаа учраас нийт 16 орчим удаа л авч хэрэглэсэн байх...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 131-132 дахь тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ч.Г-ийн өгсөн:

“..**-** улсын дугаартай тээврийн хэрэгсэл миний нэр дээр байдаг, би уг тээврийн хэрэгслийг 2020 оны 9 дүгээр сард 19.000.000 төгрөгөөр  өөрөө унах гэж худалдан аваад одоог хүртэл унаж байгаа. 2023 оны 02 дугаар сарын эхээр байх манай төрсөн эгч Ч-н бага хүү болох Ч-ын Н машиныг минь юу эвдэрснийг оношлуулна, янзлуулна гээд надаас авч явсан. Би өөрөө өрх толгойлсон эмэгтэй учраас зав гарахгүй өөрийн төрлийн дүүгээ гуйж янзлуулаад өгчих гэж өгч явуулсан. Манай төрлийн Н нь хүнд үзүүлсэн чинь тоормосны аппарад эвдэрсэн гээд байна, ахиад нэг хүнд үзүүлнэ гэж надад хэлж байсан. Би янзлуулаад өгчих байх гэж бодоод явж байсан. Манай дүү Н-ын гэр нь хуучин Арктай шар байранд амьдардаг байсан учир уг байрны гадаа миний машиныг тавьсан гэж хэлж байсан. Тэгээд би машинаа 2023 оны 02 дугаар сарын 18-ны өдөр дүү Н-с авсан. Н надад хэлэхдээ янзлуулж чадсангүй гэж хэлсэн. Маргааш нь буюу 2023 оны 02 дугаар сарын 19-ний өдөр би өөрөө засварын газар очиж янзлуулсан... Би мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын талаар мэдэх зүйл огт байхгүй... О.А- гэх эмэгтэй нь миний машиныг үзэж байсан хүний эхнэр нь гэж ойлгосон...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 142 дахь тал/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн *** дугаартай шинжээчийн “...Шинжилгээнд ирүүлсэн 1-6 дугаартай мөс мэт зүйлс нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газар, гомдол мэдээлэл хэргийн дугаар ***, товч утга: А Т/х, биед нэгжлэгээр хураасан, объект 1-6 хүртэл, алба хаагч а/д Г.Н, 2023.02.07” гэж хаягласан “1” дугаартай 0,2974 грамм, “2” дугаартай 0,9207 грамм, “3” дугаартай 0,9209 грамм, “4” дугаартай 0,4006 грамм, “5” дугаартай 0,8623 грамм, “6” дугаартай 0,9437 грамм цэвэр жинтэй мөс мэт зүйл тус бүрд метамфетамин /methamphetamine/ илрэв. Метамфетамин /methamphetamine/ НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн II жагсаалтанд хамаарна...” гэх дүгнэлт /1-р хавтаст хэргийн 154-159 дэх тал/,

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн “...О.А- сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. О.А- одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. О.А-  мансууруулах сэтгэцэд идэвхт эм бодисын хамааралтай /донтой/ гэх шинж тэмдэг илрээгүй байна. О.А- болсон үйл явдлыг зөв тусган авч мэдүүлэг өгөх чадвартай байна. О.А- хэрэг хариуцах чадвартай байна...” гэх дүгнэлт /1-р хавтаст хэргийн 172-173 дахь тал/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2023 оны 03 дугаар сарын 14-ний  өдрийн 851 дугаартай шинжээчийн “...Шинжилгээнд ирүүлсэн эд зүйлс нь шинжилгээнд тэнцэнэ. Э.Б-ийн биед үзлэг хийж үзлэгээр хураан авсан гэх: №1 гэж дугаарласан зиплок уутанд хийсэн хуйлсан 50 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, цагаан өнгийн зүйлээр бохирлогдсон ёроол хэсэг нь хар тортогоор бохирлогдсон шил 1 ширхэг, **-**  улсын дугаартай тээврийн хэрэгсэлд нэгжлэг хийж хураан авсан гэх №1 гэж дугаарласан зиплок ууттай мөс мэт цагаан өнгийн зүйл 1 ширхэг, 08-99 УБС  улсын дугаартай тээврийн хэрэгсэлд нэгжлэг хийж хураан авсан гэх: №1  гэж дугаарласан зиплок ууттай мөс мэт цагаан өнгийн зүйл 1 ширхэг, №2 гэж дугаарласан зиплок ууттай мөс мэт цагаан өнгийн зүйл 1 ширхэг, №3 гэж дугаарласан зиплок ууттай мөс мэт цагаан өнгийн зүйл 1 ширхэг, №4 гэж дугаарласан зиплок ууттай мөс мэт цагаан өнгийн зүйл 1 ширхэг, №5 гэж дугаарласан зиплок ууттай мөс мэт цагаан өнгийн зүйл 1 ширхэг, №6 гэж дугаарласан зиплок ууттай мөс мэт цагаан өнгийн зүйл 1 ширхэг, №7 гэж дугаарласан зиплок ууттай мөс мэт цагаан өнгийн зүйл 1 ширхэг, №8 гэж дугаарласан зиплок ууттай мөс мэт цагаан өнгийн зүйл 1 ширхэг, №9 гэж дугаарласан зиплок ууттай мөс мэт цагаан өнгийн зүйл 1 ширхэг, №10 гэж дугаарласан зиплок ууттай мөс мэт цагаан өнгийн зүйл 1 ширхэг, №11 гэж дугаарласан зиплок ууттай мөс мэт цайвар шаргал өнгийн зүйл 1 ширхэг тус бүрээс Метамфетамин /Methamphetamine/ илэрсэн. Relix гэсэн бичигтэй хоосон таблеткаас мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис илрээгүй. Метамфетамин /Methamphetamine/ нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн жагсаалтад хамаарна. **-**  улсын дугаартай тээврийн хэрэгсэлд нэгжлэг хийж хураан авсан гэх №1 гэж дугаарласан зиплок ууттай мөс мэт цагаан өнгийн зүйлийн цэвэр жин нь 0,7783 гр, 08-99 УБС улсын дугаартай тээврийн хэрэгсэлд нэгжлэг хийж хураан авсан гэх №1 гэж дугаарласан зиплок ууттай мөс мэт цагаан өнгийн зүйлийн цэвэр жин нь 0,8693 гр, №2 гэж дугаарласан зиплок ууттай мөс мэт цагаан өнгийн зүйлийн цэвэр жин нь 0,8936 гр, №3 гэж дугаарласан зиплок ууттай мөс мэт цагаан өнгийн зүйлийн цэвэр жин нь 0,8807 гр. №4 гэж дугаарласан зиплок ууттай мөс мэт цагаан өнгийн зүйлийн цэвэр жин нь 0,8389 гр, №5 гэж дугаарласан зиплок ууттай мөс мэт цагаан өнгийн зүйлийн цэвэр жин нь 0,9495 гр, №6 гэж дугаарласан зиплок ууттай мөс мэт цагаан өнгийн зүйлийн цэвэр жин нь 0,8932 гр, №7 гэж дугаарласан зиплок ууттай мөс мэт цагаан өнгийн зүйлийн цэвэр жин нь 0,8674 гр, №8 гэж дугаарласан зиплок ууттай мөс мэт цагаан өнгийн зүйлийн цэвэр жин нь 0,8844 гр, №9 гэж дугаарласан зиплок ууттай мөс мэт цагаан өнгийн зүйлийн цэвэр жин нь 0,9040 гр, №10 гэж дугаарласан зиплок ууттай мөс мэт цагаан өнгийн зүйлийн цэвэр жин нь 0,8792 гр, №11 гэж дугаарласан зиплок ууттай мөс мэт цайвар шаргал өнгийн зүйлийн цэвэр жин нь 23,6417 гр байсан ба 0,05 граммыг тус бүрээс шинжилгээнд зарцуулав...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтийн хамт /1-р хавтаст хэргийн 186-195 дахь тал/,

 

Тээврийн хэрэгслийн гэрчилгээний лавлагаа 1-р хавтаст хэргийн 22-213 дахь тал/, О.А-ы банкны лавлагаанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /3-р хавтаст хэрийн 233-250, 4-р хавтаст хэргийн 1-10 дахь тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд шинжээч Г.Золжаргалын өгсөн: “...Шинжилгээнд ирүүлсэн шаргал хатуу талст мэт зүйлээс шинжилгээний дээж авч органик уусгагчид уусгаж шинжилгээний дээж бэлтгэсэн. Бэлтгэсэн дээжийг Agilent Technologies GC 7820G 5977E MSD хийн хлорматограф-масс спектрометр багажийг ашиглан шинжилгээг хийхэд мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисын агууламж илрээгүй. Найрлагыг бүрэн тогтоох техникийн боломж байхгүй...

2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 851 дугаартай дүгнэлтээр дээрх №11 дугаартай дээж нь бусад буюу 1-ээс 10 хүртэл дугаарласан зиплок ууттай бодиснуудтай хамт ирсэн байна. №11 дугаартай дээж нь нэг бүхэл талс бүхий дээж байсан бөгөөд шинжилгээнд ирүүлсэн дээжүүдээс ижил стандарт зааврын дагуу шинжилгээ хийхэд Метамфетамин /Methamphetamine/-ын агууламж илэрсэн байна. Дахин шинжилгээг хийхэд ижил стандарт зааврын дагуу хийсэн бөгөөд №11 дугаартай дээжээс арчдас болон уусгагчид хийх зорилгоор дээж авч шинжлэхэд мансууруулах болох сэтгэцэд нөлөөлөх бодисын агууламж илрээгүй. 851 дугаартай шинжилгээгээр №11 дугаартай нэг бүхэл талст хэлбэрийн дээжээс арчдас болон шинжилгээний дээж авч үр дүн гарсны дараа дахин шинжилгээгээр №11 гэсэн дугаартай цагаан шаргал талст хэлбэрийн дээжээс ижил аргаар дээж авч шинжилгээг хийхэд мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисын агууламж илрээгүй байна. Учир нь 851 дугаартай дүгнэлтээр №11 гэсэн дугаартай шаргал талст мэт дээжээс Метамфетамин /Methamphetamine/-ын агууламж бүрэн зарцуулагдсан байх боломжтой...” гэх мэдүүлэг /4-р хавтаст хэргийн 31-32 дахь тал/,

 

Шүүгдэгч О.А-ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Би 2022 оны 12 дугаар сарын дундуур өдрөө сайн санахгүй байна, миний *** дугаарын утас руу билүү тухайн үед барьж байсан утас руу интернэт нэхэм тэмдэгтэй маш олон оронтой дугаараас дуудлага орж ирсэн. 12-13 оронтой дугаар байсан, тэр дугаараас нэг эрэгтэй хүн А мөн үү гээд ар гэрийн байдал асуугаад чамд нэг санал тавих гэсэн юм гээд чамд “мөс” гэх зүйл өгвөл хямдхан бодоод зараад мөнгийг нь гаргаад өгчих боломж байна уу, чамд мөсний талаар мэддэг олон танил байгаа биз дээ гэж асуухаар нь би зөвшөөрсөн чинь “мөс” гэх зүйлийг нэг газар тавина гэж хэлсэн. Мөс тавьсан газар мөнгө бэлнээр нь тавиад надад мэдэгдээрэй гэж хэлээд орой холбогдоно гээд салгасан. Орой 22 цагийн үед телеграмм гэх зүйлээр нөгөө олон оронтой тоо залгаад Дүнжингарав худалдааны төвийн баруун талд барилга барих гэж байгаа хашааны хаалганы булан доор нэг хайрцагт хийгээд тавьчихлаа гэж хэлэхээр нь ганцаараа очиж аваад гэр лүүгээ харьсан. Тэр мөс гэх зүйл 10 грамм орчим байсан. Би “мөс” гэх зүйлээ өөрийн таньж мэддэг ганц нэг хүмүүстээ жаахан жаахнаар зарж заримыг нь өөрөө хэрэглэж дуусгаад мөнгөө бэлнээр нь аваачиж мөс авсан газраа 14 хоногийн дараа аваачиж бэлнээр нь 5.000.000 төгрөг хайрцагт нь хийгээд тавиад мөнгийг чинь тавьсан шүү гэж телеграммаар ярьж хэлсэн. Би анх ярилцахдаа нэг граммыг нь 500.000 төгрөгт бодож аваад 800.000 төгрөгөөр зарна гэж бодсон боловч санаснаар  болоогүй, арай гэж 5.000.000 төгрөгийг нь олж тавьсан. 2023 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс 13-ны хооронд ахиж над руу ярихаар нь авъя гэж хэлэхэд мөн адил 10 грамм орчим мөс нөгөө Дүнжингарав худалдааны төвийн баруун талын хашааны хаалган доор тавьсан гэж хэлэхээр нь би ганцаараа очиж авсан, мөн адил дээрх шиг таньж мэддэг ганц нэг хүмүүстээ зарж борлуулаад 14 хоногийн дараа мөнгийг нь гаргаад аваачиж бэлнээр нь тавьж өгсөн. Тэрнээс хойш 2023 оны 02 дугаар сарын 04-ний өдөр ахиж авахаар болоод холбогдоход “Л” баарны баруун талд машины зогсоол дээр байх нэг машины доор тавьсан байгаа гэж хэлэхээр нь очиж авахад 20 орчим грамм мөс байсан. Би тэр мөсийг аваад зарж борлуулж амжаагүй байж байгаад 2023 оны 02 дугаар сарын 06-ны орой Х-н найз Н гэх эмэгтэй мөс авмаар байна гэж над руу мессеж бичсэн байхаар нь тэг гэж хэлээд би Андуудын замын урд талын BSB их дэлгүүрийн зогсоол дээр байж байя гэж хэлсэн. Тэгээд гэрээс гараад явж байхад миний хуурай дүү Б залгаад хаана байгаа юм, тааралдах уу гэхээр нь би яг Андуудын автобусны буудлын эсрэг талд хүнтэй уулзах гэх байна, BSB их дэлгүүрийн зогсоол дээр хүрээд ирэхгүй юу гэж хэлээд утсаа таслаад найз Н-н  “Тоёота Приус-41” маркийн цагаан өнгийн 09-88 улсын дугаартай тээврийн хэрэгслийг унаад BSB дэлгүүрийн машины зогсоолд очсон. Х, Н хоёр ирчихсэн машинд суусан. Машинд суухад Н талыг нь зээлээч, мөнгийг нь тэгж байгаад өгнө гэж хэлэхээр нь үгүй, тийм юм байхгүй гэхэд тэр хоёр гуйгаад байхаар нь өөрийн халаасанд байсан 5 грамм орчим мөснөөс жаахныг таслаад өгсөн. Баримжаагаар 0.2 грамм өгсөн. Тэгээд байж байтал Б замын хойд талаас алхаж ирээд машинд суугаад Х, Н хоёр явах гээд яараад, би ч бас гэр рүүгээ орох гээд хөдлөөд урагшаа вокзал тал руугаа явахад Х, Н хоёр ** дэлгүүрийн харалдаа энд буулаа гээд буусан. Би Б-тэй гэр рүүгээ явж байрыг тойроод орцныхоо үүдэнд зогссон. Х, Н хоёрыг буусны дараа Б ганц хэрэглүүлчих гээд гуйгаад байхаар нь шилэнд хайлуулаад бэлдсэн байсан жаахан мөс өгсөн. Буух үед тэр мөсөө  Б хэрэглээд үлдсэнийг нь аваад буусан. Би машинаас буухад миний унаж явсан машины эзэн Н манай байрны гадаа ирсэн байсан. Би Пруис-41 маркийн машинаас буугаад Н-н унаж явсан машин руу орж суугаад ойр зуурын юм ярьж байгаад Приус-41 маркийн машиныг чинь маргааш буцаагаад өгнө гэж хэлээд буусан. Би яг гэр рүүгээ орох гэж байхад энгийн хувцастай цагдаа нар намайг барьсан. Миний биед 5 грамм орчим 5-6 хэсэг болгон зиплок уутанд хийсэн байсан мөс байсан. Миний унаж явсан Приус-41 маркийн тээврийн хэрэгсэлд 10 грамм орчим хөлс дарагч тосны савтай 10 хэсэг болгосон мөс байсныг хураан авсан, мөн миний өөрийн унаж байсан Субару Империза маркийн тээврийн хэрэгсэл дотор өөрийн хэрэглэх гэж байсан 1 грамм хүрэхгүй мөс салфитекийн савнаас гарч ирсэн. Мөн гэрээс жижигхэн зиплок уутнууд, шинэ хэрэглүүр болох тарианы шингэний шил байсныг хураан авсан... Н-д 100-200 мянган төгрөгт хоёр удаа зарж байсан. Халиунаад 2-3 удаа зарж байсан яг сайн санахгүй байна...” гэх мэдүүлэг /3-р хавтаст хэргийн 188-190 дэх тал/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хавтаст хэргийн 208 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /1-р хавтаст хэргийн 222, 232 дахь тал/, гэрч Т.Төгсбилэгийн мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 128 дахь тал/, гэрч М.Итгэлийн мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 134 дэх тал/ зэрэг болно.

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журмыг зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч О.А- “мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан” болох нь:

 

Шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн хамт /1-р хавтаст хэргийн 17-31 дэх тал/, хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн хамт /1-р хавтаст хэргийн 32-36, 39-41 дахь тал/, хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл /1-р хавтаст хэргийн 37-38 дахь тал/,  гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1-р хавтаст хэргийн 65-66, 89-93 дахь тал/, хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл /1-р хавтаст хэргийн 37-38 дахь тал/, гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1-р хавтаст хэргийн 65-66, 89-93 дахь тал/, гэрч Э.Б-н мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 114-114, 117-118 дахь тал/,  гэрч Г.Х-н мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 121-122, 124 дэх тал/, гэрч Б.Н-ийн мэдүүлэг...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 126 дахь тал/, гэрч М.Ш-н мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 131-132 дахь тал/, гэрч Ч.Г-н мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 142 дахь тал/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн *** дугаартай дүгнэлт /1-р хавтаст хэргийн 154-159 дэх тал/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2023 оны 03 дугаар сарын 14-ний  өдрийн *** дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хавтаст хэргийн 186-195 дахь тал/, шинжээч Г.З-н мэдүүлэг /4-р хавтаст хэргийн 31-32 дахь тал/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Хавтаст хэрэгт авагдсан буюу шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтууд хуулиар тогтоосон үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бөгөөд дээрх цугларсан, бэхжүүлсэн нотлох баримтуудыг үгүйсгэсэн баримт байхгүй, тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзлээ.

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис гэж донтуулах болон сэтгэцэд бусад хүчтэй нөлөөлөл үзүүлдэг, Мансууруулах эмийн тухай 1961 оны НҮБ-ын конвенц, Сэтгэцэд нөлөөт бодисуудын тухай 1971 оны НҮБ-ын конвенцийн жагсаалтад заасан, хууль тогтоомжийн дагуу Монгол улсад хяналтад байлгавал зохих эм, байгалийн болон нийлэгжүүлсэн бэлдмэлийг ойлгоно.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, бэлтгэсэн, боловсруулсан, хадгалсан, тээвэрлэсэн, илгээсэн, худалдсан үйлдэл байдаг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан” гэмт хэргийн шинжийг хангасан байна.  

 

Хууль бусаар хадгалсан гэж мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар, нууц далд аргаар олж авсан, бэлтгэсэн, тэдгээрийг орон байр, тээврийн хэрэгсэл бусад газарт нууц байдалд байлгахыг ойлгоно.

 

Иймд гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч О.А-ыг  “мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан” гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч О.А- “мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримтад маргаагүй болно.

 

Шүүгдэгч О.А-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байна, иймд шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх хуралдаанд эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгч О.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулах санал, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...О.А- гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад хохирол төлбөргүй болон түүний хувийн байдал, 4 сартай жирэмсэн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт зааснаар ял оногдуулж өгнө үү...” гэх санал, дүгнэлтийг тус тус гаргав.

 

Мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис нь хүний төв мэдрэлийн системд өвөрмөц нөлөөлөл үзүүлж, улмаар өөрийгөө удирдан жолоодох чадвар муудаж, уураг тархи, төв мэдрэлийн системд хүчтэй давамгайлал үйлчилж, мансуурах хэмээх сэтгэцийн өвчин үүсгэдэг үйлчилгээ нөлөөлөл бүхий бодис бөгөөд хүн амын эрүүл мэндийг богино хугацаанд өргөн хүрээнд хамран сарниулдаг, дахин хэрэглэх зуршлыг бий болгодог зэрэг нийгмийн хор уршиг ихтэй үр дагавраас урьдчилан сэргийлэх зорилгоор,

мөн шүүгдэгч О.А-ы гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, хувийн байдал,  эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/, 5 /таван/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч О.А-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Бусад асуудлын талаар:         

Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурьдаж,

          шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож, түүнд энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримтын өрөөнд хадгалагдаж байгаа Хар тамхитай тэмцэх газар гэсэн бичиглэлтэй зиплок уутанд хийж лацадсан дотроо тусад нь зиплок уутанд хийсэн №1 гэж дугаарласан “мөс” гэх нэршилтэй цэвэр жин нь 0.7783 грамм, №1 гэж дугаарласан “мөс” гэх нэршилтэй 0.8693 грамм, №2 гэж дугаарласан “мөс” гэх нэршилтэй 0.8936 грамм, №3 гэж дугаарласан “мөс” гэх нэршилтэй 0.8807 грамм, №4 гэж дугаарласан “мөс” гэх нэршилтэй 0.8389 грамм, №5 гэж дугаарласан “мөс” гэх нэршилтэй 0.9495 грамм, №6 гэж дугаарласан “мөс” гэх нэршилтэй 0.8932 грамм, №7 гэж дугаарласан “мөс” гэх нэршилтэй 0.8674 грамм, №8 гэж дугаарласан “мөс” гэх нэршилтэй 0.8844 грамм, №9 гэж дугаарласан “мөс” гэх нэршилтэй 0.9040 грамм, №10 гэж дугаарласан “мөс” гэх нэршилтэй 0.8792 грамм, №11 гэж дугаарласан “мөс” гэх нэршилтэй 23.6417 грамм бодисууд, Хар тамхитай тэмцэх газар гэсэн бичиглэлтэй зиплок уутанд тус тус хийсэн №1 гэж дугаарласан “мөс” гэх нэршилтэй цэвэр жин нь 0.297 грамм, №2 гэж дугаарласан “мөс” гэх нэршилтэй 0.920 грамм, №3 гэж дугаарласан “мөс” гэх нэршилтэй 0.920 грамм, №4 гэж дугаарласан “мөс” гэх нэршилтэй 0.400 грамм, №5 гэж дугаарласан “мөс” гэх нэршилтэй 0.862 грамм, №6 гэж дугаарласан “мөс” гэх нэршилтэй 0.943 грамм бодисууд, цагаан өнгийн зүйлээр бохирлогдсон ёроол хэсэг нь хар өнгийн тортогоор бохирлогдсон хэрэглүүр шил 1 /нэг/ ширхэг, NIVEA ЧЕРНОЕ БЕЛОЕ гэсэн бичиглэлтэй цагаан өнгийн тосны сав, Relax гэсэн бичигтэй хоосон таблетик, Улаан өнгийн 60мм-40мм гэсэн бичиглэлтэй олон тооны жижиг зиплок уут зэргийг зохих журмын дагуу устгах ажиллагааг гүйцэтгэж, баримтыг шүүхэд ирүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар  №1 гэж дугаарласан зиплок ууттай хуйлсан 50 төгрөгийн дэвсгэрт 1 /нэг/ ширхэгийг хэрэгцээний дагуу Монгол банкинд шилжүүлэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 /нэг/  ширхэг сидиг хэргийн хамт хавсарган үлдээх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, 2 дахь хэсэгт “...“Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого" гэж Монгол улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж тус тус заасан байх тул улсын яллагчаас гаргасан “...Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслүүдийг хөрөнгийн үнэлгээний дүгнэлтээр гарсан дүнгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар улсын орлого болгуулах тухай...” саналыг хүлээн авах үндэслэлгүй байна гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

                                                    ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Т овогт О-ны А-г “мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч О.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ жил, 5 /таван/ сарын хугацаагаар хорих ял оногдуулсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар О.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жил, 5 /таван/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Шүүгдэгч О.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож, түүнд энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

5. Шүүгдэгч О.А-ы иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримтын өрөөнд хадгалагдаж байгаа Хар тамхитай тэмцэх газар  гэсэн бичиглэлтэй зиплок уутанд хийж лацадсан дотроо тусад нь зиплок уутанд хийсэн №1 гэж дугаарласан “мөс” гэх нэршилтэй цэвэр жин нь 0.7783 грамм, №1 гэж дугаарласан “мөс” гэх нэршилтэй 0.8693 грамм, №2 гэж дугаарласан “мөс” гэх нэршилтэй 0.8936 грамм, №3 гэж дугаарласан “мөс” гэх нэршилтэй 0.8807 грамм, №4 гэж дугаарласан “мөс” гэх нэршилтэй 0.8389 грамм, №5 гэж дугаарласан “мөс” гэх нэршилтэй 0.9495 грамм, №6 гэж дугаарласан “мөс” гэх нэршилтэй 0.8932 грамм, №7 гэж дугаарласан “мөс” гэх нэршилтэй 0.8674 грамм, №8 гэж дугаарласан “мөс” гэх нэршилтэй 0.8844 грамм, №9 гэж дугаарласан “мөс” гэх нэршилтэй 0.9040 грамм, №10 гэж дугаарласан “мөс” гэх нэршилтэй 0.8792 грамм, №11 гэж дугаарласан “мөс” гэх нэршилтэй 23.6417 грамм бодисууд, Хар тамхитай тэмцэх газар гэсэн бичиглэлтэй зиплок уутанд тус тус хийсэн №1 гэж дугаарласан “мөс” гэх нэршилтэй цэвэр жин нь 0.297 грамм, №2 гэж дугаарласан “мөс” гэх нэршилтэй 0.920 грамм, №3 гэж дугаарласан “мөс” гэх нэршилтэй 0.920 грамм, №4 гэж дугаарласан “мөс” гэх нэршилтэй 0.400 грамм, №5 гэж дугаарласан “мөс” гэх нэршилтэй 0.862 грамм, №6 гэж дугаарласан “мөс” гэх нэршилтэй 0.943 грамм бодисууд, цагаан өнгийн зүйлээр бохирлогдсон ёроол хэсэг нь хар өнгийн тортогоор бохирлогдсон хэрэглүүр шил 1 /нэг/ ширхэг, NIVEA ЧЕРНОЕ БЕЛОЕ гэсэн бичиглэлтэй цагаан өнгийн тосны сав, Relax гэсэн бичигтэй хоосон таблетик, Улаан өнгийн 60мм-40мм гэсэн бичиглэлтэй олон тооны жижиг зиплок уут зэргийг зохих журмын дагуу устгах ажиллагааг гүйцэтгэж, баримтыг шүүхэд ирүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар  №1 гэж дугаарласан зиплок ууттай хуйлсан 50 төгрөгийн дэвсгэрт 1 /нэг/ ширхэгийг хэрэгцээний дагуу Монгол банкинд шилжүүлэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 /нэг/  ширхэг сидиг хэргийн хамт хавсарган үлдээсүгэй.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний өмгөөлөгч гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Л.ОДОНЧИМЭГ