Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 2024/ШЦТ/135

 

   

 

 

 

 

 

 

    2024          02         21                                      2024/ШЦТ/135

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Есөн-Эрдэнэ хөтлөн,

улсын яллагч Б.Солонго,

шүүгдэгч О.М-, түүний өмгөөлөгч Н.Нарантуяа, Д.Жаргал,

хохирогч Г.Б, түүний өмгөөлөгч Б.Энхтүвшин нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Х овогт О-н М-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн **** дугаартай хэргийг 2023 оны 8 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

     

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ** оны* дүгээр сарын ***03-ны өдөр Улаанбаатар  хотод төрсөн, *** настай, эрэгтэй, дээд боловсролтой, гаалийн эдийн засагч мэргэжилтэй, “***” ХХК-д захирал ажилтай, Баянзүрх дүүргийн *** дугаар хороо, *** оршин суудаг гэх, урьд ял шийтгэлгүй, Х овогт О-н М- /регистрийн дугаар ***/.

 

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч О.М- 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр танил Г.Б-д Баянгол дүүргийн * дугаар хороо, ** тоот 3 өрөө орон сууцыг 88.000.000 төгрөгөөр зарна гэж итгэл төрүүлэн хуурч, зээлийн гэрээ байгуулан Баянгол дүүргийн 8 дугаар хороо, “ХААН” банкны салбараас шилжүүлсэн 40.000.000 төгрөгийг авч залилсан,

үргэлжилсэн үйлдлээр Г.Б-д байрны гэрчилгээ ломбардад байгаа, мөнгөө өгчихвөл тэр мөнгөөр чинь байрныхаа гэрчилгээг аваад мөнгөө дууссаны дараа нэр дээр чинь шилжүүлж өгнө” гэж итгэл төрүүлэн хуурч, төөрөгдөлд оруулан, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрээс Ц.Х-н “ХААН” банкны *** дугаар дансаар шилжүүлсэн 20.000.000 төгрөг, мөн 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр шилжүүлсэн 4.000.000 төгрөгийг тус тус өөрийн “ХААН” банкны **** дугаартай дансаар авч залилсан,

мөн бэлэн мөнгө хэрэгтэй байна, байрны үлдэгдэл 24.000.000 төгрөгөөс 15.000.000 төгрөг бэлнээр авлаа гэсэн бичиг хохирогч Г.Б-н эгч М-д хийж өгөн хуурч, төөрөгдөлд оруулан, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2019 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 44 дүгээр байрны 44 тоотод байхдаа 15.000.000 төгрөгийг бэлнээр тус тус авч залилан нийт 79.000.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.М-н өгсөн: “...Анхнаасаа Т-д тухайн байрыг зараагүй. Зээлтэй байсан гэдгийг Б болон Т нар мэдэж байсан. Т-с зээл авсан талаарх *** компаний бичиг баримт байгаа. Одоо Т байрыг худалдаж авсан, Б мэдээгүй байсан мэтээр ярьж байгаа. Энэ талаарх ярианы бичлэг байсан ганц нотлох баримт болох сидиг мөрдөгч болон прокурор авсан байж хэргийн материалд хавсаргаж өгөхгүй байгаа...” гэх мэдүүлэг,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Б-н өгсөн: “...2017 оны 04 сарын 12-ны өдөр О.М-тэй уулзсан. Надад байраа зарах гэж байгаа гэж дуулгахаар нь очиж уулзсан юм. Хувь лизинг хийж 1 жилийн дараа үлдсэн мөнгөө өгөхөөр тохиролцож байрыг нь худалдаж авсан. Сар сард хүү, төлбөрийг нь төлөөд явъя гэтэл чиний жаахан хоолны мөнгөөр яах вэ, нэг мөр өг гэж хэлэхээр нь 1 жилийн дараа өгөхөөр тохиролцсон. 40.000.000 төгрөгийг уулзсаныхаа маргааш нь эсвэл нөгөөдөр нь өгсөн байх, яг хэзээ гэдгийг сайн санахгүй байна. Намайг 2 жил алга болсон гэж ярьж байна, би 2 жилийн дараа гэрчилгээгээ нэхсэн. 2019 оны 1 дүгээр сард 15.000.000 төгрөг өгсөн. Гэрчилгээгээ аваагүй тул байнга нэхэж холбогдож байсан. Холбогдоход өгнө гэж хэлээд яваад байсан. Удалгүй Т гэх хүн гарч ирэхээр нь юу болоод байгаа талаар уулзахад би Т-тэй холбоотой асуудлыг өөрөө зохицуулаад байрыг чинь авч өгнө гэж хэлээд явж байсан. Би алга болоогүй, тухайн байрандаа байж байсан. Байнга гэрчилгээгээ нэхээд холбогдож байхад өөрөө зугтаад алга болсон. Би 79.000.000 төгрөгөө нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг, з

 

Мөн хавтаст хэргээс мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтуудаас:

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад О.Б-н хохирогчоор өгсөн: “...Миний төрсөн ах Ч гэж хүн бий, түүний эхнэрийг М гэдэг. Харин М-н эхнэр нь УуганцУэцэг гэж хүн бий, М, У нар үеэлүүд байгаа юм. Иймд бид бие биеэ таньдаг болсон. Баянгол дүүргийн 8 дугаар хороо, *** тоот орон сууцанд эхнэр хүүхдийн хамт 2018 оноос хойш амьдарч байна. Уг орон сууцыг О-н М- гэх залуугаас 88.000.000 төгрөгөөр худалдан авахаар хоорондоо ярьж тохирсон байдаг. Уг үл хөдлөх хөрөнгө орон сууц нь өнөөдрийн байдлаар Б-н Т гэх хүний нэр дээр байгаа боловч би эхнэр, хүүхдийн амьдарч байна. Б.Т гэх хүнийг 2021 оны 02 дугаар сараас эхлэн зүс таних болсон. Б.Т нь миний амьдарч байгаа *** тоот орон сууцыг суллаж өгөхийг шаардаж манай гэрээр ирдэг болсон. Т байрны гэрчилгээний хуулбарыг надад үзүүлсэн бөгөөд уг байр нь 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдөр худалдах худалдан авах гэрээгээр шилжсэн байсныг мэдсэн.

Би уг орон сууц Т гэх хүний эзэмшилд байгааг мэдээд О.М-тэй утсаар холбогдож хэлэхээр тэр хамаагүй би мөнгийг төлөөд авчихна гэж хэлдэг байсан. О.М- бид хоёр анх 2018 онд Баянгол дүүргийн 8 дугаар хороо **** тоот орон сууцыг хувь лизингээр худалдан авахаар тохирсон. Ингээд би байрны мөнгөнөөс 40.000.000 төгрөг 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр О.М-д Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт Ө кино театрын урд талд байрлах “ХААН” банкны салбараас өөрийн дансаар шилжүүлж өгч байсан шиг санаж байна. Мөнгөө өгөөд байрандаа орсон бөгөөд би О.М-д нэг жилийн дараа орон сууц худалдан авах үлдэгдэл мөнгө болох 48.000.000 төгрөг өгөөд үл хөдлөх хөрөнгийг нэр дээр шилжүүлэн авахаар тохирсон.

2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр О.М-н “ХААН” банкны *** дугаарын дансанд байрны урьдчилгаа төлбөр гэсэн утгатай 24.000.000 төгрөгийг Баянгол дүүргийн 8 дугаар хороо ӨрӨгөө кино театрын урд талын банкнаас шилжүүлсэн. О.М- мөнгө авсны дараа орон сууцыг барьцаалан зээлдэх газарт барьцаалсан байгаа, ойрын хугацаанд барьцаанаас чөлөөлж нэрийг нь шилжүүлж өгнө гэж хэлсэн. Энэ хооронд О.М- байрны төлбөрт дахин 15.000.000 төгрөгийг өөрийн биеэр ирж бэлнээр авч гарын үсэг зурсан. Үүнээс хойш О.М- орон сууцны гэрчилгээг миний нэр дээр шилжүүлж өгөхгүй байна. Би нийт О.М- гэгчид байрны төлбөрт 79.000.000 төгрөг төлчихөөд байна. Үлдэгдэл мөнгийг нь бичиг баримтаа шилжүүлчихвэл өгнө... О.М- надад байрныхаа гэрчилгээг үзүүлэхгүй, баталгаагүй юм шиг санагдахаар нь О.М-тэй ярьж тохиролцож байгаад, байрны урьдчилгаа 40.000.000 төгрөгийн зээлийн гэрээ хийж өгч байсан, тэгээд гэрээний дагуу өгсөн мөнгөнийхөө хүүг бодоход 239.000.000 төгрөг болж байсан, би энэ мөнгийг нэхэмжилж болох юм байна гэж бодож мэдүүлэг өгч байсан. Одоо О.М-д өгсөн 79.000.000 төгрөгөө нэхэмжилж байгаа...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 37-43, 2-р хавтаст хэргийн 137-138 дахь тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Т-н гэрчээр өгсөн:

“...Би Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 11 дүгээр байрны ** тоотод байрлах 3 өрөө орон сууцыг 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдөр байрны эзэмшигч Б.О гэх хүнтэй үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж, урьдын өр төлбөртэй холбоотой байсан тул уг байрыг шилжүүлж авахаар болсон. Уг орон сууцыг нийт 85.000.000 төгрөгөөр худалдаж болсон бөгөөд гэрээнд 30.000.000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон. Учир нь татварт 2 хувь төлөх учир мөнгөн дүнг бага хийе гэж тохирсон. Ингээд уг байрыг О гэх хүний өмнөх 35.000.000 төгрөгийн зээлийг төлөх ёстой байсныг суутгаад дээрээс би 50.000.000 төгрөг бэлнээр өгч байсан шиг санагдаж байна. Байрыг худалдан авсны дараа Очир-Эрдэнэ болон түүний хүү М- нар надаас тухайн үедээ уг байранд манай хамаатны хүн амьдарч байгаа юм, нэг жилийн хугацаатай түрээслье гээд байна гэж надад хэлсэн. Тухайн үедээ би зөвшөөрч байсан. Би 2018 оноос хойш Г-н Б гэх хүнтэй уулзсан ба надад би М- гэх хүнээс худалдан авч байсан гэж хэлдэг, харин би Б-д хандаж наад байранд чинь М гэх хүн хамаагүй, би О гэж хүнээс худалдаж авсан, танайх түрээс чинь дууссан байрнаас гар гэдэг шаардлага тавьсан...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 49-51 , 2-р хавтаст хэргийн 140-141 дэх тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.М-н гэрчээр өгсөн:

“...Би Баянгол дүүргийн 18 дугаар хороо, *** тоотод нөхөр Ч-ын хамт амьдардаг. Манай нөхрийн дүү Г.Б 2017 онд хороололд байр авна гээд хайгаад байсан. Ер нь манайхтай ойрхон байя гээд манай тэр хавиар байр хайж байсан. Тэр үед О.М- буюу манай төрсөн эгч Н-н охин болох Ууганцэцэгийн нөхөр Олимп хотхон руу байр аваад нүүсэн байсан ба О.М- У нар хуучин амьдарч байсан байр буюу Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах **** дүгээр байрны 9 давхрын 3 өрөө байр нь зарах гээд хоосон байгаа гэж ярьж байхаар нь би нөхрийн дүү Г.Б-с хороололд байр байна, үзэх үү гэж асуухад Б зөвшөөрсөн. Тэгээд О.М-, У нарын байрыг очиж үзэхээр болсон. Тэр үед Б, М- нар хоорондоо уулзсан ба би нөхрийн хамт очиж чадаагүй. Тэгээд Б-с яахаар болсон талаар асуухад 40.000.000 төгрөгөө бэлэн өгөөд үлдэгдэл мөнгөө дараа нь өгөхөөр болоод тохирчихсон гээд байрандаа орчихсон байсан. Түүнээс хойш Б О.М-н зарсан байранд амьдарч байгаад үлдсэн мөнгөнийхөө 15.000.000 төгрөгийг намайг өгчих гээд би 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр М-н гэрт очиж өгсөн ба тэр үед бичиг хийлгэж авсан. Тэгээд үлдэгдэл мөнгөө байрныхаа гэрчилгээг авсны дараа өгнө гэж ярьж байсан. Тэр үед М- нь банк бус санхүүгийн байгууллагаас гэрчилгээгээ авч чадахгүй байна гээд байсан. Тэгтэл 2020 онд Түвшинтөгс гэх залуу Б-н худалдаж авсан байр буюу Баянгол дүүргийн 8 дугаар хороо 11 дүгээр байрны *** давхрын 3 өрөө байрыг минийх гээд байрны гэрчилгээг нь барьчихсан ирсэн гэж Б ярьсан. Тэгээд юу болов гээд М-эс асуухад өмнө банк бус санхүүгийн байгууллагад тавьчихсан байсан гэж хэлсэн. Байрны гэрчилгээг шилжүүлж авч өгнө гэж хэлсэн. Түүнээс хойш бид нар байрны гэрчилгээг шилжүүлж өгнө гээд байсан болохоор нь хүлээж байсан. Гэтэл 2021 оны 06 дугаар сараас хойш Т Б дээр ирж байраа суллаж өг цоожны чинь голыг солино гэж хэлсэн. Тэгээд Б цагдаад хандсан. Би тухайн хоёр хүнтэй ах дүүгийн холбоотой болохоор зуучилсан...

...Г.Б нь О.М-н Баянгол дүүргийн 8  дугаар хороо, 11 дүгээр ** тоот, 3 өрөө байрыг худалдан авч байгаа болохоор 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Б өөрөө надад бэлэн 15.000.000 сая төгрөг өгч, уг мөнгийг О.М-д өгчих гэж хэлсний дагуу би 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Олимп хотхоны 416 дугаар байр 4 давхар *** тоотод М-н гэрт очиж өгсөн. Би өөрийн нөхөр Ч-н хамт очиж өгсөн. “Байрны үлдэгдэл 24.000.000 төгрөгөөс 15.000.000 төгрөгийг нь бэлнээр авав” гэж цаасан дээр бичиж О.М- гарын үсгээ зурж мөнгөө авсан. Би Г.Б-г М-эс байрыг нь авч байгааг мэдэж байсан, энэ 15 сая төгрөгийг байрны төлбөртөө өгч байна гэж мэдэж байсан...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 61-64, 2-р хавтаст хэргийн 143-144 дахь тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ц.Х-ын гэрчээр өгсөн:

“...Манай ах Г.Б байр авах гэж байгаа, чи хадгалж бай гэж надад 24.000.000 төгрөг хадгалуулсан байсан. Тэгээд 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Б ах байр авахаар болсон, чи ахынхаа хадгалуулсан 24.000.000 төгрөгийг энэ данс руу шилжүүл гэж надад О.М-н “ХААН” банкны **** тоот дансыг өгөхөөр нь би 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр өөрийн “ХААН” банкны *** тоот данснаас 20.000.000 төгрөг 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 4.000.000 төгрөг нийт 24.000.000 төгрөг О.М-н “ХААН” банкны *** тоот данс руу шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 66-67 дахь тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Г.Ч-н гэрчээр өгсөн:

“...Манай дүү Б өмнө нь амьдарч байсан байраа зарсан байсан, харин манай эхнэр М М- Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 11 дүгээр байрны *** тоот 3 өрөө байр зарах гэж байгаа гэдгийг мэдээд М М- хороололд байгаа байраа зарах гэж байгаа талаар хэлсэн байсан. Тэгээд Б М-тэй уулзаж байрыг нь авахаар болсон байсан. Харин М Баянзүрх дүүрэгт Олимп хотхон руу нүүсэн байсан. М- Бо-д зарсан байраа өөр хүнд зарсан байсан, энэ талаараа бид нарт М юу ч хэлээгүй. Б-г М- залилсан байсан...” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 146-147 дэх тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд О.М-н яллагдагчаар өгсөн: “...2017 онд манай эхнэрийн нагац эгч М-р дамжуулан Б гэдэг хүн холбогдсон. С.Ч нь М-н нөхөр байгаа юм. М над дээр ирж уулзсан. М жижиг дунд үйлдвэрээс зээл авах шаардлагатай байна гээд манай аавын “**” ХХК болон миний “**” ХХК-иар батлан даагаад жижиг дунд үйлдвэрийн сангаас 210 сая төгрөгийн зээл авхуулсан. Тухайн зээлийг авахад миний аавын нэр дээрх хороололд 3 өрөө байр, миний дээр 1 дүгээр хороололд 3 өрөө байр, Х-н нэр дээр 3 өрөө байруудыг барьцаанд тавьж, М зээл авхуулсан. Тухайн үед 210 билүү яг мөнгийг нь санахгүй байна, тухайн зээлийн 10 хувь болох 20 гаруй сая төгрөгийг бэлнээр авсан, Х байрыг барьцаанд тавьж мөнгө авсан, нийлээд 50 сая гаруй төгрөг М авсан. 2017 оноос хойш хүү, алдангийг нэг ч төлөхгүй байснаас болж “***” компанийг хохиролд учруулсан. Одоо тус барьцаанд тавьсан нийт 3 байр шүүхийн шийдвэр дээр дуудлага худалдаанд орж зарагдах болсон байдалтай байна. Тухайн үед зээл авсны дараа М манай гэрт ирж итгэл үнэмшил үзүүлж манай дүү Б байр авах шаардлагатай байна гэж надад хэлсэн. Би тухайн үед байраа шинэчлээд Олимп хотхонд 6 өрөө байр авсныг мэдээд, Б-д хуучин Баянгол дүүргийн 8 дугаар хороо *** тоот 3 өрөө байрыг зээлээр өгөөч гэж хэлсэн. Удалгүй Б нь Х-н хамт манай гэрт ирж надаас гуйсан. Тухайн үед би ах дүү хүмүүс байна гээд урьдчилгаанд хэдэн төгрөг өгөх вэ гэж асуусан, мөн би байраа 100 сая төгрөг гэхэд надаас Б гуйсаар байгаад 88.000.000 төгрөгөөр авахаар болж 40.000.000 сая төгрөг байна, намар 8 сар гэхэд үлдсэн 58.000.000 төгрөгийг төлж барагдуулна гэж тохиролцоод маргааш нь манай байранд нүүж орсон. Тухайн үед Б бид 2 зээлийн гэрээ хийж надад 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр миний данс руу 40.000.00 төгрөг шилжүүлсэн. Мөнгө шилжүүлсний дараа Б байрандаа нүүж орсон. Тухайн үед энэ байр Т гэдэг хүний зээлийн 50.000.000 төгрөгийн барьцаанд байгаа, сард 2.500.000 төгрөг төлж байна гэж Б-д хэлээд үлдэгдэл мөнгөө төлөөд байраа ав, нэг бол хүүг нь төл гэж М болон нөхөр Ч-р дамжуулж олон удаа хэлсэн. Харин Б нь утсаа авахгүй, 2 жил гаруй алга болсон. Би 2 жилийн хугацаанд Түвшинтөгс гэдэг хүнд 60 сая төгрөг төлсөн байсан. Мөн хүүг нь төлж чадахгүй байдалд орсон. Би 1 жилийн дараа буюу 2018 онд Бтой уулзахад 2018 оны 04 дүгэр сарын 16, 17-ны өдөр 20.000.00 төгрөг, 4.000.000 төгрөг нийт 24 сая төгрөгийг миний *** дугаартай данс руу шилжүүлж өгсөн. Тухайн мөнгийг нь би хүү нэхээд байсан Т-н данс руу шилжүүлж өгсөн. Харин Б 2-3 жил алга болсон. Тухайн үед Т надаас дахин хүү, алданги гэж 90 сая төгрөг нэхсэн. Би Т-д  би наад байрыг чинь төлж дийлэхгүй юм байна, шүүхээрээ яваад ав гэж хэлсэн. Үүний дараа Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн болон 5 шатны шүүх хурал болж Т-н байр гэх шүүхийн шийдвэр гарч, Шүүхийн шийдвэр гүйцэтгэгч тухайн байрыг чөлөөлж Бг байрнаас гаргаж, Т-д өгсөн. Тухайн үед М нь итгэл үнэмшил төрүүлээгүй бол би орон сууцаа өөр хүнд зарсан бол ийм байдалд орохгүй, Т гэдэг хүнд 60 гаруй сая төгрөгийн өрөнд орохгүй байсан. Тухайн үед М, Ч 2 итгэл үнэмшил төрүүлж, тухайн зээлийг авч, мөн дээрээс нь 2019 онд Бадарч овогтой Нарантуяа гэх миний хадам ээжийн нэр дээрх хорооллын эцэст 1 өрөө байрыг хадам ээжид итгэл үнэмшил төрүүлж барьцаанд тавьсан. Ийм асуудлууд байгаа тул 2017 оны 04 дүгээр сараас хойш Б орсноосоо хойш нэг ч СӨХ-ийн мөнгө төлөөгүй, мөн дээрээс нь Б амьдарсан хугацааныхаа түрээсийн мөнгө болох 105 сая төгрөгийг болон хадам ээжийнхээ нэр дээрх 1 өрөө байрыг чөлөөлүүлэх, мөн дээрээс нь “*** болон “**” ХХК-иар авхуулсан жижиг дунд үйлдвэрлэлийн зээл болох 50.000.000 төгрөгийг хүүтэй нь Б болон М нараас гаргуулах хүсэлтэй байсан тул Б-с авсан мөнгөнөөс нэг ч төгрөг төлөх хүсэлгүй байна. 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр М, Ч нар 15.000.000 төгрөгийг Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Олимп хотхон *** тоот манай гэрт Б-ын мөнгө гэж авчирч өгснийг би хүлээн авч, цаасан дээр хүлээн авсан гэж гарын үсэг зурсан байгаа. Би Б-с нийт 79.000.000 төгрөг авсан...” гэх мэдүүлэг /-р хавтаст хэргийн 81-83 дахь тал/,

 

Шүүгдэгч О.М-н хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

-  иргэний үнэмлэхийн лавлагаа /-р хавтас хэргийн 111 дэх тал/,

-  эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хавтаст хэргийн 113 дахь тал/ болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журмыг зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэлээ.

 

Нэг. Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүгдэгч О.М-г үргэлжилсэн үйлдлээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч бусдад их хэмжээний буюу 79.000.000 төгрөгийн хохирол учруулж, залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.

 

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн хохирогч Г.Б-н “...Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 11 дүгээр байрны *** тоот 3 өрөө орон сууцыг О.М- гэх залуугаас 2018 онд 88.000.000 төгрөгөөр худалдан авахаар тохирч хоорондоо ярьж тохиролцсон. Гэтэл Б.Т гэх хүн миний амьдарч байгаа орон сууцыг суллаж өгөхийг шаардаж манай гэрээр ирдэг болсон мөн байрны гэрчилгээний хуулбарыг надад үзүүлсэн бөгөөд уг байр нь 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдөр худалдах худалдан авах гэрээгээр түүний нэр дээр шилжсэн байсан. Би уг орон сууц Т-н эзэмшилд байгааг мэдээд О.М-тэй утсаар холбогдож хэлэхээр тэр хамаагүй би мөнгийг төлөөд авчихна гэж хэлдэг байсан. Би байрны мөнгөнөөс 40.000.000 төгрөг шилжүүлсэн, үлдэгдэл мөнгө болох 48.000.000 төгрөг өгөөд үл хөдлөх хөрөнгийг нэр дээр шилжүүлэн авахаар тохирсон байсан.  2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр О.М-н “ХААН” банкны *** дугаарын дансанд нь байрны урьдчилгаа төлбөр гэсэн утгатай 24.000.000 төгрөг шилжүүлсэн. О.М- мөнгөө авсны дараа орон сууцыг барьцаалан зээлдүүлэх газарт барьцаалсан байгаа, ойрын хугацаанд барьцаанаас чөлөөлж нэрийг нь шилжүүлж өгнө гэж хэлсэн. Энэ хооронд О.М- байрны төлбөрт дахин 15.000.000 төгрөг өөрийн биеэр ирж бэлнээр авч гарын үсэг зурсан. Үүнээс хойш О.М- орон сууцны байрыг ордер эзэмшлийг миний нэр дээр шилжүүлж өгөхгүй байна. Би нийт О.М-д байрны төлбөрт 79.000.000 төгрөг төлчихөөд байна...” гэх мэдүүлэг, 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн худалдах худалдан авах гэрээ /1-р хх-ийн 90 дэх тал/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн ***  дугаартай шүүхийн шийдвэр /хх-ийн 87-89 дэх тал/, Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн ***  дугаартай захирамж /хх-ийн 158-160 дахь тал/ болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов.

 

Харин шүүх хуралдаанд шүүгдэгч О.М- болон түүний өмгөөлөгч нар О.М- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь эргэлзээтэй, мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдсэн мөн иргэд хоорондын харилцаа бөгөөд энэ үйл явдалд Б.Т гэдэг хүнийг шалгаагүй гэж тус тус тайлбарлан мэтгэлцэж, шүүгдэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгуулах талаар гаргасан хүсэлтийг дараах үндэслэлээр тайлбарлан няцааж байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасан бөгөөд гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, түүний хэр хэмжээг харгалзан үндсэн болон хүндрүүлэх шинжид ангилан авч үздэг.

Мөн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилсан.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт залилах гэмт хэргийн үндсэн шинжийг “хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан бол” гэж, тус гэмт хэргийн улмаас их хэмжээний хохирол учруулсан бол мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад хүндрүүлэх шинжээр тодорхойлжээ. 

 

“Залилах” гэмт хэргийн хууль зүйн ойлголт нь бусдын эд хөрөнгийг хуурч шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субьектив санаа зорилготой байдаг ба бодит байдлыг гуйвуулах, зохиомол байдал бий болгон худал хэлэх, амлах, хуурамч мэдээллээр төөрөгдүүлэх, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг ашиглах, цахим хэрэгсэл ашиглах зэрэг аргаар бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө авах хэлбэрээр илэрдэг бөгөөд бусдын эд хөрөнгийг өөрийн мэдэлд авч захиран зарцуулах бодит боломж бүрдсэнээр төгс үйлдэгдсэнд тооцогддог.

 

“Хуурах” гэж бусдын эд хөрөнгө, өмчлөх эрхийг өөртөө хууль бусаар авахын тулд  үгээр буюу үйлдлээр эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлэхийг,

 

“Зохиомол байдлыг зориудаар бий болгох” гэж эд хөрөнгийн эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлэх, хууран мэхлэхийн тулд зохиомол байдлыг зориуд бий болгохыг,

 

“Бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулах” гэж дампуурсан, үйл ажиллагаа нь зогссон, доголдсон, санхүүгийн алдаатай хөрөнгө оруулалт шаардлагатай байдлыг нуух, хуурамч аудитын дүгнэлт гаргуулах зэргээр бусдыг төөрөгдүүлж, эд хөрөнгө, эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэхийг,

 

“Бусдад их хэмжээний хохирол учруулж” гэж хохирогчийн амьдралын эх үүсвэр болсон эдийн засгийн ач холбогдол бүхий эд хөрөнгийн эрхэд хохирол учирсан эсхүл тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээний хохирол учирсныг тус тус ойлгоно. 

 

Тодруулбал: Тус хэргийн үйл баримтаас харахад хохирогч, шүүгдэгч нар үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авахаар тохиролцож улмаар шүүгдэгч О.М- өөрийн эзэмшлийн /өмчлөлийн/ бус Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 11 дүгээр байрны 25***2 тоот 3 өрөө орон сууцыг хохирогч О.Б-д удаа дараа “барьцаалан зээлдэх газарт барьцаалсан байгаа, ойрын хугацаанд барьцаанаас чөлөөлж, нэрийг нь шилжүүлж өгнө” гэх мэт бусад шалтгаан хэлж тухайн орон сууцыг зарна гэж итгүүлэн 79.000.000 төгрөгийг бэлэн болон бэлэн бусаар авсан боловч уг орон сууцны гэрчилгээ хохирогч О.Б-н нэр дээр буюу уг орон сууц түүний эзэмшил, өмчлөлд шилжээгүй, харин 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдөр иргэний хэргийн шүүхийн шийдвэрээр Б.Түвшинтөгс гэх хүний өмчлөлд шилжсэн өөрөөр хэлбэл уг орон сууц өөр хүний өмчлөлд байсан байна.  

 

Шүүгдэгч О.М- өөрийн энэ үйлдлийг хууль бус шинжтэй болохыг мэдсээр байж, ухамсарлаж мэдсэн боловч идэвхтэй үйлдлээр хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэж, гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж хуульчилсан ба шүүгдэгч О.М- тухайн гэмт хэргийг 2017 оноос 2019 он хүртэл хэд хэдэн удаагийн үйлдлээр хохирогч Г.Б-д нийт 79.000.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан болох нь нотлогдон тогтоогдож байна. 

 

Иймд шүүгдэгч О.М-д холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон байх тул шүүгдэгч О.М-г “үргэлжилсэн үйлдлээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч бусдад их хэмжээний хохирол учруулан залилах” гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч О.М-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 6 /зургаан/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулах санал,

 

шүүгдэгчийн өмгөөлөгч нар “...Шүүгдэгчийн хувийн байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг харгалзан торгуулийн ял оногдуулж өгнө үү. Хохирогчид учирсан хохирол төлбөрийг төлөх тал дээр хариуцлагатай хандана...” гэх дүгнэлт тус тус гаргав.

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудаар мөн шүүгдэгч О.М-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,

мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч О.М-н үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй бөгөөд энэ нь шударга ёсны зарчимд нийцнэ.

 

Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол хор уршгийн шинж чанар, хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч О.М-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 30.000 /гучин мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 30.000.000 /гучин сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шийдвэрлэв.

 

Шүүгдэгч О.М-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.

 

Гурав. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т “…Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй...” гэж, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “...Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус хуульчилжээ.

 

Хавтаст хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч О.М- хохирогч О.Бгийн *** дугаарын данснаас *** дугаарын дансаар 40.000.000 төгрөг /депозит дансны хуулга 1-р хх-ийн 103 дахь тал/, Ц.Х-н *** дугаарын данснаас *** дугаарын дансаар нийт 24.000.000 төгрөг, 15.000.000 төгрөгийг /1-р хх-ийн 99 дэх тал/ авсан байх ба энэ талаар хохирогч, шүүгдэгч нар маргаагүй, мөн хохирогч шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ “...Би О.М-эс нийт 79.000.000 төгрөг нэхэмжилж байна...” гэж мэдүүлсэн тул шүүгдэгч О.М-эс 79.000.000 /далан есөн сая/ төгрөг гаргуулж, хохирогч О.Б-д олгох нь зүйтэй байна.

 

Шүүхээс шүүгдэгч О.М-н гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсоны дараа тэрээр хохирол нөхөн төлөх тухай хүсэлтээ илэрхийлсэнийг түүний өмгөөлөгч нар дэмжиж хохирол төлөхөөр Эрүүгийн хэрэг хянан хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааныг ажлын 5 хоногийн хугацаагаар завсарлуулж, шийдвэрт завсарлах хугацааг зааж, шүүх хуралдаан хэзээ үргэлжлэн явагдахыг талууд, шүүгдэгч, түүний өмгөөлөгчид мэдэгдсэн.

 

Гэвч шүүхээс тогтоосон хугацаанд хохирол нөхөн төлөгдөөгүй, шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Нарантуяагаас “...Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны *** байрны ** тоот орон сууцыг хохирогч О.Б-д шилжүүлж өгөх гэж байсан ба уг байрны өмчлөх эрхийн гэрчилгээ  өөр хүний нэр дээр байдаг тул өмчлөх эрхийг шилжүүлэх ажиллагааг хийж амжаагүй, гэхдээ хохирол төлбөрийг төлж барагдуулна...” гэх тайлбар, хохирогчийн өмгөөлөгч Б.Энхтүвшин “...шүүгдэгч хохирол төлөхөөр шүүх хуралдааныг хойшлуулж ажлын 5 хоногийн завсарлага авсан. Байрны асуудал өнөөдөр яригдаж байна, талууд хохирлыг тохиролцоогүй, хохирол төлөгдөөгүй...” гэх тайлбарыг тус тус гаргав.

 

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...шүүх хуралдаан завсарлах тохиолдолд завсарлах хугацаа ажлын 5 өдрөөс хэтэрч болохгүй...” гэж заасан тул шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулах нь зүйтэй гэж үзсэн болно. 

 

Дөрөв. Бусад асуудлын талаар:

Энэ хэргийн улмаас шүүгдэгч О.М- цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.4.2, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

                                                   

ТОГТООХ нь:          

 

1. Шүүгдэгч Х овогт О-н М-г үргэлжилсэн үйлдлээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч бусдад их хэмжээний хохирол учруулан залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч О.М-г 30.000 /гучин мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 30.000.000 /гучин сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.   

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар О.М-д оногдуулсан 30.000 /гучин мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 30.000.000 /гучин сая/ төгрөгөөр торгох ялыг 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд тайлбарласугай.

 

4. Шүүгдэгч О.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч О.М-эс нийт 79.000.000 /далан есөн сая/ төгрөг гаргуулж, хохирогч Г.Б-д олгосугай.

 

6. Шүүгдэгч О.М- энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Л.ОДОНЧИМЭГ