Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 2024/ШЦТ/155

 

 

 

 

 

 

 

 

     2024          02         28                                      2024/ШЦТ/155

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг хөтлөн,

улсын яллагч Д.Хонгорзул,  

шүүгдэгч Л.Э, түүний өмгөөлөгч Г.Эрдэнэхүү нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос С овогт Л-н Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн *** дугаартай хэргийг 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ** оны ** дугаар сарын **-ны өдөр *** аймгийн Бая***нгол суманд төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто инженер мэргэжилтэй, “***” ХХК-д тээврийн албаны дарга ажилтай, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, * дугаар хороолол, *** дугаар байрны *** тоотод оршин суудаг гэх, урьд ял шийтгэлгүй, С овогт Л-н Э /регистрийн дугаар ***/.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Л.Э нь 2023 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 01 дүгээр хороо, 47 дугаар байрны *** тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Ц.Т-г зодож, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Л.Э- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

           “...Манай эхнэр Т 2 хоног найзууд болон дүү нарын хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд гэртээ ирэхгүй, гадуур байж байгаад ирсэн. Ингээд 2023 оны 10 дугаар сарын 29-ний өглөө би ариун цэврийн өрөөндөө гаднаас суултуурын хэрэгсэл захиад хүүтэйгээ угсарч байхад манай эхнэр цаад өрөөнд юм хийгээд байж байсан. Ингээд би эхнэртээ өчигдөр чи байхгүй хоосон хонолоо, хоол хийсэн юм бол хэлчихгүй юу даа” гэхэд манай эхнэр “чамд хоол хийж өгөх сэтгэл алга” гэх мэтээр бид 2 маргалдсан. Намайг ариун цэврийн өрөөнд юм угсраад байж байхад манай эхнэр миний толгой хэсэг рүү 2 удаа цохьчихоод гарчихаар нь гэнэт уур хүрээд ардаас нь очоод “чи арай хэтэрлээ, нөхрийнхөө толгой руу цохилоо гээд гараараа нүүр хэсэг рүү нэг удаа алгадахад манай эхнэр урдаас тэмцэлдээд зууралдаад байхаар нь эхнэрийгээ цааш түлхээд хувцасаа өмсөөд гараад явсан. Тухайн өдөр гэрт манай хүүхдүүд байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 52-54 дэх тал/,

 

Хохирогч Ц.Т-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...2023 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүүхдүүдийн хамт дүүгийнхээ хүүхдийн төрсөн өдөрт очоод нөхөр рүүгээ “чи ирэх юм уу” гэж ярихад “би ажлын урд хашаанд юм хийнэ” гэж хэлээд орой гэртээ ирэхгүй байхаар “би ирэхгүй юм уу, ажил дээрээ хонох юм уу” гэхэд чат харчихаад хариу бичээгүй байсан. Маргааш өглөө нь цамцаа буруу харуулаад өмсчихсөн байхаар нь би “чи хаашаа яваад ирдэг юм” гэхэд уурлаад гараад яваад 1-2 цагийн дараа орж ирээд хэрүүл маргаан үүссэн. Тэрнээс хойш би нөхөртэйгөө маргалдаад дуугаа хураагаад юм ярихгүй, мөн гэр бүлийн таарамжгүй харилцаанаас болж хэрүүл магргаантай байсан. 2023 оны 10 дугаар сарын 29-ний өглөө 11 цагийн үед гэртээ байж байхад манай нөхөр Л.Э- хэрүүл маргаан хийгээд байхаар нь тэсэлгүй би нөхрийнхөө өөдөөс “чи ямар ядаргаатай юм, яг яасан талаараа хэлээч” гэх мэтээр маргалдаж байсан.  Манай нөхөр “намайг гэрт тайван байлгахгүй байна” гэж миний толгой хэсэг рүү 2 гараараа 1-2 удаа алгадаад газар түлхэж унагаж, хүүхдийн хоолны ширээгээр миний дээрээс цохих гэж байхад гараараа хаасан. Мөн намайг элгэдэж миний зүүн талын хавирга хэсэг рүү хөлөөрөө нэг удаа дэвссэн. Манай хүү дуудлага өгөх гэж байхад манай нөхөр хүүхдээс гар утас булаасан, тухайн үед гэр бүлийнхээ групп чатанд би “цагдаа дуудаач” гэж чат бичсэн. Удалгүй манай гэрийнхнээс ээж болон дүү нар ирэхэд манай нөхөр зөрж гарсан, манай гэрийхэн намайг гэмтэл рүү авч явсан. Гэмтлийн цагдаа дуудлага өгсөн байсан. Энэ явдлаас хойш манай ээж намайг гэртээ байлгаж намайг асарч байхад манай нөхөр чатаар “амиа хорлоно, өөртөө буу тулгах” гэх мэтээр зураг чат явуулж сэтгэл зүйн дарамтанд байлгасан. Хүүхдийн сургууль орох болоод гэртээ харьж нөхөртэйгөө хамт амьдарч байгаа...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 8-9 дэх тал/

 

Гэрч Б.Т-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Миний мэдэхээр манай охин 2012 оны зун байхаа нүд нь хөхөрчихсөн Э- зодсон гэж хэлж байсан. Би тухайн үед тоолгүй өнгөрөөж байсан. 2014 онд манай дүүгийн хурим болох үед би хүргэн Э-т “манай охинд дахиж гар хүрвэл өөрөөр ярина шүү” гэж нэг удаа хэлж байсан. Мөн 2020 онд маргалдсан гээд хүүхдээ дагуулаад манай гэрт ирээд 2 сар гаруй хугацаанд хамт амьдарч байгаад гэр рүүгээ явсан. 2023 оны 10 дугаар сард өдрийг нь сайн санахгүй байна ямар ч байсан манай охин Т уйлаад залгахаар нь дүү нар руугаа залгаад “Т-н гэрт ойрхон хүн байвал оч” гэхэд манай дүүгийн хүүхэд нөхөртэйгөө очиж байсан. Манай охин цээж хэсгээ барьчихсан эвгүй байна гэхээр нь эмнэлэгээр яв гэхэд хавирга нь хугарчихсан байсан. Сүүлд 11 дүгээр сард охин руугаа чатаар видео хэлбэрээр залгахад манай охин дуугарахгүй цаана нь манай хүргэн орилоод юм хагарах чимээ гарахаар нь би цагдаа дуудаад том хүүгийн хамт охин Т-н гэрт очиход цагдаа нар ирчихсэн Э-ыг эрүүлжүүлэх рүү авч явсан. Манай охин авч шидсэн зүйлд нь оногдчихсон гэж хэлсэн....” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13-14  дэх тал/,

 

гэрч Б.У-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр эгч Т-тай ярьж байхад “эгч нь сэтгэл зүй хэцүү байна” гэхээр нь “хоёулаа уулзъя” гээд бид 2 орой уулзахаар болоод би гэрийнх нь гадаа ирээд эгчдээ хэлэхэд манай эгч том охиндоо хүүхдүүдээ үлдээгээд бид хоёр 25 дугаар эмийн сангийн тэнд караоке орсон. Тухайн үед нөхөр нь залгаад байхад эгч утсаа авахгүй байсан, удалгүй Э- ах хардсан мессеж бичээд уурлаад байсан... Т  эгчтэй нэг утсаар ярихад “бид 2 бага зэрэг маргаантай байна” гэж хэлж байсан. 2023 оны 10 дугаар сарын 29-ний өглөө нөхрийн хамт гадуур явж байхад манай гэр бүлийн фейсбүүк чатанд эгч Т зургаа хийгээд “цагдаа дуудаад өг” гэсэн утгатай мессеж бичсэн байсан. Тухайн чатыг хараад Т эгчийн утас руу залгахад утас нь холбогдохгүй байхаар нь чатанд “би ойрхон явж байна, гэрээр нь оръё” гэж хэлээд 10-20 минутын дараа нөхрийнхөө хамт Т эгчийх рүү ороход нөхөр Э- нь хаалга нээхээр нь “юу болж байгаа юм” гэхэд “ийм юм болчихлоо” гэж байсан. Тухайн үед манай эгч Т бага хүүхдээ тэврээд цаад өрөөнөөс гарч ирж байсан. Манай ах эгч 2 хоорондоо маргалдаад байхаар нь манай нөхөр салгаад одоо “Т эгч ирж байгаа” гэхэд нөхөр нь “би явлаа” гээд хувцасаа аваад гарах гэж байхад Т эгчтэй үүдэнд таараад Э- ах ярилцах юм байхгүй” гээд гараад явсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16-18 дахь тал/,

 

Насанд хүрээгүй гэрч Э.Г-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Тухайн өдөр унтаж байхад аав хоёулаа нойлд юм хийе гээд нойлын өрөөнд юм угсарч байхад аав, ээж хоёр хоорондоо маргалдаад хэрүүл хийгээд байсан. Би тухайн үед аавтай хамт юм хийж байхад ээж хүрч ирээд аавын толгой хэсэг рүү цохьчихсон. Тухайн үед аав ээжийг 2 гараараа түлхээд ээж газар унасан. Ингээд ээж босч ирээд аавтай маргалдаж байхад ээж, эмээ рүү залгахад удалгүй эмээ ирсэн. Эмээ ирэхэд аав гараад явчихсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 59-60 дахь тал/,

 

Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн *** дугаартай шинжээчийн “...Ц.Т-ын биед зүүн 11, 12-р хавирганы хугарал, хэвлийд цус хуралт, нуруу, зүүн дунд хуруу, алга, өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна. Уг гэмтлийг авсны дараа хөдөлгөөн хийх бүрэн боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журам зааврын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 22-23 дахь тал/,

 

Шүүгдэгч Л.Э-ын хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 30 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 36 дахь тал/ болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Шүүгдэгч Л.Э- гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн, түүнд хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна прокурорын яллагдагчид хүлээлгэх хариуцлагын талаарх саналыг шүүгдэгч Л.Э-т танилцуулсан нь хуульд нийцсэн байна.

 

Иймд шүүх шүүгдэгчид холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байх ба шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн” гэм буруутайд тооцож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Хэрэгт хохирогч Ц.Т-н “...гомдол, саналгүй...” гэх тэмдэглэл /хх-ийн 66 дахь тал/ авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар прокурорын гаргасан санал, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3.400 /гурван мянга дөрвөн зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  3.400.000 /гурван сая дөрвөн зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулж, уг торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

Шүүгдэгч Л.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч С овогт Л-н Э-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Л.Э-ыг 3.400 /гурван мянга дөрвөн зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  3.400.000 /гурван сая дөрвөн зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.   

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Л.Э-т оногдуулсан 3.400 /гурван мянга дөрвөн зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  3.400.000 /гурван сая дөрвөн зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Л.Э-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Шүүгдэгч Л.Э- энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Л.ОДОНЧИМЭГ