| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хурметханы Тасхын |
| Хэргийн индекс | 156/2020/00544/И |
| Дугаар | 156/ШШ2021/00122 |
| Огноо | 2021-03-03 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 03 сарын 03 өдөр
Дугаар 156/ШШ2021/00122
|
|
|
|
2021 оны 03 сарын 03 156/ШШ2021/00122.
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2020/00544/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Тасхын даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Хэнтий аймаг, Хэрлэн сум, 4 дүгээр баг, Тээвэрчдийн гудамж, Политехник коллежийн ажилчдын байр 03 тоотод оршин суух, Авзай овогт Г.Гэ. /РД:...../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хэнтий аймаг, Хэрлэн сум, 3 дугаар баг, Баянмөнх 01-01 тоотод оршин суух, Ч. овогт Ө.Э. /РД:../-д холбогдох,
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
нэхэмжлэгч Г.Г., түүний өмгөөлөгч Б.Ж.,
хариуцагч Ө.Э.,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.У. нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Г. миний бие Ө.Эр.тай 2008 онд гэр бүл болж, хамт амьдарсан бөгөөд бид 2009 оны 02 дугаар сарын 24-ний өдөр том хүү Э.Ө., 2014 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр охин Э.С., 2018 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр охин Э.С. нар төрсөн.
Ө.Э. нь 2013 оноос эхлэн Сэлэнгэ гэдэг эмэгтэйтэй гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэж, тухайн үедээ ажилтай гэж надад хэлээд гэр орондоо ирж хонодоггүй болсон. Ингээд би тэр хоёрын харилцааг мэдэж Ө.Э. хэлэхэд надаас уучлал гуйж, ахин ийм асуудал үүсгэхгүй, гэр бүлээ сонгож байна гээд бид эвлэрсэн. Энэ явдлаас хойш хааяа хааяа өөр эмэгтэйтэй чатлан, харилцаж байсан би тэр талаар мэдэж бидний хооронд маргаан үүсдэг байсан. Ө.Э. нь 2018 оноос эхлэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хамт ажилладаг Д. гэх эмэгтэйтэй гэр бүлээс гадуурх харилцаатай болсон байсан. Үүнийг надад хүмүүс танай нөхөр хамт ажилладаг Д. гэдэг хүнтэй хэзээний гэр бүл шиг хамт явдаг, хооллож байдаг гэж ярих болсон. 2018 оны 07 сард хэд хэдэн удаа гэртээ ирж хоноогүй. Хаана хоносон эсэхийг асуухад ажлынхантайгаа ууж байгаад ирлээ гэдэг боловч амнаас нь ердөө архи үнэртдэггүй байсан. Ингээд 2018 оны 03 сард Ө.Э. нь надаас саллаа гээд бүх юмаа аваад явсан. Тэр үедээ ч гэсэн Д. гэх эмэгтэйтэй хамт байсан байх. 2019 оны 03 сард би Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд уурхайд ажилд орж ажиллахаар яваад 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл ажилласан.
Намайг байхгүй хугацаанд Э. гэр орондоо ирж хонохгүй, хааяа ирсэн ч шөнийн 01 цагаас хойш ирдэг байсан тул намайг ажил хийж байх хугацаанд ээж маань хүүхдүүдийг маань харж байсан. Э. бид хоёр тус тусдаа амьдраад нэг жил гаруй болж байна.
Мөн Ө.Э.нь хамт амьдарч байх хугацаандаа гэр бүлдээ анхаарал халамж тавьдаггүй, гэртээ ирвэл нэг бол унтана, хоол иднэ, зурагт үздэг. Үр хүүхдүүдтэйгээ халуун дулаан уур амьсгалтай байж, хүүхдүүдтэйгээ зугаалах, тоглох гэх мэт зүйл хийдэгггүй. Надтай бараг ярьдаггүй, харьцдаггүй, нэг ярихаараа тэр нь дандаа хэрүүл болдог. Ө.Э. хамт амьдарч байх хугацаандаа гэртээ бараг байдаггүй байсан. Байнга л ажилтай эсвэл найз нөхөдтэйгөө уулзаад явчихдаг байсан. Тэгээд оройн цагаар унтах гэж л гэртээ ирдэг байсан. Ө.Эрдэнэбулган бидний гэр бүлийн халуун дулаан уур амьсгал хайр сэтгэл байхгүй болоод удаж байгаа юм.
Ө.Э. бидний дунд гэр бүлийн болон хайр сэтгэлийн харилцаа байхгүй болсон ба цаашид хамт амьдрах боломжгүй тул бидний гэрлэлтийг цуцлаж, 2009 оны 02 дугаар сарын 24-ний өдөр төрсөн хүү Э.Ө., 2014 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн охин Э.С., 2018 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн охин Э.С. нарыг миний асрамжид үлдээж, Ө.Э.с хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ж. нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний үйлчлүүлэгч Г.Г. нь гэрлэлтээ цуцлуулж, гурван хүүхдээ өөрийн асрамжид авч, эцэг Ө.Э.с хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хариуцагч Ө.Э. нь хүүхдүүдээ өөрийн асрамжид авна гэж тайлбар гаргаж байна энэ тайлбарыг хуулийн дагуу гаргасан сөрөг нэхэмжлэл гэж үзэхгүй. Энэ талаар нэхэмжлэгч тал сөрөг нэхэмжлэл гардаж авсан зүйл байхгүй. Гэрлэлт цуцлах болсон шалтгааны тухайд хууль зүйн үүднээс яривал Гэр бүлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 3-д зааснаар гэрлэгчид бие биедээ үнэнч байх, халамжлах хүндэтгэх тэжээн тэтгэх үүргүүд байдаг. Энэ үүргүүдийг Ө.Э. удаа дараа зөрчиж, нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаа болон гэрчийн мэдүүлсэн болон жилийн хугацаанд өөрийн гаргасан хувийн байдал зэргээс харахад нэгэнт гэрчлэгчдийн хайр сэтгэлийн харилцаа бие биедээ үнэнч байх гэр бүлийн хоорондын үүрэг байхгүй болсон. Шүүхээс удаа дараа эвлэрүүлэх ажиллагаа авсан хугацаанд хариуцагч гэрлэлтээ цуцлуулахгүй гэж хэлж байгаа боловч зан харилцаандаа анхаарсан, эвлэрэх бодитой үйлдэл хийгээгүй. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд 132.5-д Гэрлэгчид шүүхээс эвлэрүүлэх арга хэмжээ авсан хугацаанд эвлэрээгүй бол шүүгч гэрлэлтийг цуцлах шийдвэр гаргана гэж заасан байдаг. Мөн хүүхдүүдийн асрамжийн хувьд албан ёсны сөрөг нэхэмжлэл гараагүй. Хүүхдүүд шүүхэд саналаа гаргасан байгаа. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 7-д зааснаар хүүхдүүд 7 наснаас дээш настай бол асрамжийн асуудлыг шийдвэрлэхэд түүний саналыг харгалзаж үзнэ гэдэг энэ зүйлийг харгалзан үзэж, мөн гурвуулаа бага насны хүүхдүүд байдаг тул нэг дороо өсөж, хүмүүжих нь зүйтэй юм. Ө.Э. охин Су.г хичээл сургуульд нь хүргэж өгч, хичээлийг нь хийлгэх зэрэг биечлэн халамжлах нь эргэлзээтэй. Эмэгтэй хүүхдийн тухайд ээж, ах, дүү нараасаа хол ганцаараа амьдрах нь ахуйн нөхцөл бололцоо зэргээс хамааран ганцаардах, хайр халамжаар дутах гээд сөрөг тал их юм.
Иймд эвлэрүүлэн зуучлах ажиллагааны явцад зохигчид эвлэрээгүй тул гэрлэлтийг цуцлуулж, хүүхдүүдийг эхийн асрамжид үлдээж, гурван хүүхдэд тэтгэлэг гаргуулах хүсэлттэй байна гэв.
Хариуцагч Ө.Э. нь шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ө.Э. миний бие Г.Г.тай 2008 онд гэр бүл болж хамт амьдарсан. Энэ хугацаанд маргалдаж үл ойлголцох зүйл байсан ч Г.н хэлдэг шиг гэртээ хонож, өнждөггүй, анхаарал халамж тавьдаггүй асуудал байгаагүй. Сэлэнгэ гэх эмэгтэйтэй утсаар холбогдож байсан нь үнэн боловч уулзаж байсан удаагүй. Д. гэх эмэгтэйтэй найз нөхдийн харилцаатай байдаг. Надаас салахын тулд шалтаг хайж байна гэж үзэж байна. Г.Г. нь 2017 онд Мэргэжил автын багш ажилтай У. гэх залуутай уулздаг байсныг мэдэж гурвалсан уулзалт хийж дахин уулзахгүй гэж амлалт өгч байсан. Мөн 2019 оны 09 дүгээр сард Бор-Өндөрт байх хугацаандаа Д.Б. гэх залуутай уулздаг болж хайр сэтгэлийн холбоотой өнөөдрийг хүрсэн нь нотлох баримтаар нотлогддог тул Г.Г. нь салахын тулд хэт нэг талыг барьж намайг буруутгах гүтгэх зэргээр дайрч байгаа асуудал юм. 2020 оны 05 дугаар сард уулзахад дунд охин Э.С. чиний асрамжинд өгвөл салах өргөдөл дээр гарын үсэг зурах уу гэж асуусан. Одоо би гурван хүүхдээ өөрийн асрамжид авах хүсэлттэй байна гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн хэлэлцээд,
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Г.Г. нь хариуцагч Ө.Э.д холбогдуулж гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хавтаст хэрэгт авагдсан Монгол улсын иргэн А. овогт Га.Г./РД:./, Монгол улсын иргэн Ч. овогт Ө.Э. /РД:./ нар нь 2008 оны 11 дүгээр сарын 28-нд гэр бүл болсныг Хэнтий аймгийн Хэрлэн сумын .т 2008 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр бүртгүүлсэн болох нь гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбараар, 2009 оны 02 дугаар сарын 24-ний өдөр төрсөн том хүү Э.Ө., 2014 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн охин Э.С., 2018 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн охин Э.С. нар төрсөн болох нь тэдгээрийн төрсний бүртгэлийн гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбараар тус тус нотлогдож байх тул Авзай овогт Г.н Г., Ч. овогт Ө. Э. нар нь Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д зааснаар хууль ёсны эхнэр, нөхөр мөн болох нь тогтоогдож байна.
Шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх журмын дагуу Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч гэрлэгчид Г.Г., Ө.Э. нарт холбогдох гэр бүлийн маргааныг шийдвэрлүүлэх тухай өргөдлийг 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч эвлэрүүлэн зуучлалын ажиллагаа явуулж, Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2 дахь хэсэгт заасныг үндэслэн эвлэрүүлэн зуучлах ажиллагааг 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 156/ЭТ2020/00015 дугаартай Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл-ээр дуусгавар болгосон байна.
Гэрлэлт цуцлах нэхэмжлэлийн шаардлагын тухайд талууд харилцан адилгүй байр суурийг илэрхийлсэн тул шүүхийн зүгээс авсан 3 сарын хугацаатай гэрлэгчдийг эвлэрлүүлэх бүх талын арга хэмжээ амжилтгүй болсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүхий л үе шатанд нэхэмжлэгчийн Гэр бүлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан гэрлэлт нь сайн дурын харилцаан дээр үндэслэх зарчмын хүрээнд илэрхийлсэн байр суурь зэргийг харгалзан гэрлэлтийг цуцлахаар шийдвэрлэв.
Г.Г., Ө.Э. нарын хувьд хэн аль нь Монгол улсын нэгдэн орсон Хүүхдийн эрхийн тухай конвенци болон Гэр бүлийн тухай хуульд зааснаар хүүхдээ өөрийн асрамжид авах боломжтой, энэ талаар харилцан тэгш эрхтэй бөгөөд дурдаж буй конвенци, хуулийн зохицуулалтаар эцэг, эхийн хэн нэгэнд хүүхдийн асрамж тогтоолгох асуудал дээр давуу эрх олгоогүй болно.
Мэтгэлцээний байр суурийн хувьд зохигчийн хэн аль нь хүү Э.Ө., охин Э.С., охин Э.С. нарыг өөрийн асрамжид авна гэж маргасан.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар гэрлэгчид тохиролцоогүй бол хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг нь харгалзан хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжид үлдээх, тэтгэлгийн хэмжээг тогтоох асуудлыг шүүх шийдвэрлэдэг. Хуулийн уг зохицуулалтад заасан эцэг, эхийн асрамжид хүүхдийг үлдээх урьдчилсан нөхцөл буюу халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдлын хувьд хэргийн оролцогчийн аль нэг талд давуу байдал олгох боломжгүй, талууд хүү Э.Ө., охин Э.С.д, охин Э.С.нарыг цаашид асран хамгаалж, эрхийг нь хамгаалах дээр адил тэгш боломжтой болно.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талын гаргасан хүсэлтийн дагуу гэрлэгчдийн хүүхдэд тавих халамж, одоо байгаа ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүүхдүүдийн одоо амьдарч байгаа ахуй нөхцлийн талаарх шинжээчийн дүгнэлтийг Хэнтий аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраар гаргуулсан байх тус газраас 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр ирүүлсэн шинжээчийн дүгнэлтэд гэрлэгчдийн хэн аль нь хүүхдүүдээ эрсдэлгүй өсгөх боломжтой гэж тусгажээ.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7 дахь хэсэгт зааснаар асрамжийн талаар өөрийн саналыг хэлсэн хүү Э.Ө., охин Э.С. нар нь эхийн хамт амьдрах хүсэлтэй болохоо илэрхийлсэн байна.
Иймд хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх боломж талуудад тэнцүү байгаа тул хуульд зааснаар өөрийгөө илэрхийлэх насанд хүрсэн хүүхдүүдийн саналыг харгалзан Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар хүү Э.Ө. охин Э.С., мөн бага насны, одоо эхийн асрамжид өсөн торниж байгаа, эхийн хайр халамж, хүүхдийн эрх, ашиг сонирхол, ахуйн нөхцөл байдлыг харгалзан охин Э.С. нарыг эхийн асрамжид үлдээхээр шийдвэрлэв.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь өөрийн хүүхдүүдийг хүмүүжүүлэхэд эхийн адил тэгш эрх эдэлж, үүрэг хүлээн оролцох нь нээлттэй болохыг дурдвал зохино.
Харин тэтгэлэг тогтоолгох тухай шаардлагын тухайд, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй болохыг зохицуулжээ.
Зохигч нь хүүхдийн тэтгэлгийн хэмжээн дээр эвлэрч гэрээ байгуулаагүй тул Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-т заасныг үндэслэн мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасан хэмжээгээр эхийн асрамжид үлдэж байгаатай холбогдуулан хүү Э.Ө., охин Э.С., охин Э.С. нарыг эцэг Ө.Э. нь сар бүр тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.
Зохигч нь дундын эд хөрөнгийн талаар энэ хэрэгт маргаагүй болохыг дурдаж байна.
Иймд гэрлэгчид Г.Г., Ө.Э. нарын гэрлэлтийг цуцалж, 2009 оны 02 дугаар сарын 24-ний өдөр төрсөн том хүү Э.Ө., 2014 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн охин Э.С., 2018 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн охин Э.С. нарыг эх Г.Г.н асрамжид үлдээж, нэхэмжлэгч Г.Г.н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ө.Э.с 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, нэг жилийн хугацаанд төлбөл зохих гурван хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд ногдох 95,705 төгрөгийг төрийн санд тус тус олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч А. овогт Г. Г. /РД:./, хариуцагч Чинос овогт Ө.Э. /РД:./ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, 14.7-д зааснаар 2009 оны 02 дугаар сарын 24-ний өдөр төрсөн том хүү Э.Ө., 2014 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн охин Э.С., 2018 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн охин Э.С. нарыг эх Г.Г.н асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.3, 38.5, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар хүү Э.Ө., охин Э.С., Э.С. нарыг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Ө.Э.р нь сар бүр тэжээн тэтгүүлж, тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Г.Г.д даалгасугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин, хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.
5. Гэр бүлийн тухай 26 дугаар зүйлийн 26.2-т заасан хүүхдээ хүмүүжүүлэх эцэг, эхийн үүрэг зохигчийн хувьд хэвээр үлдэх болохыг тайлбарласугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид, нэг жилийн хугацаанд төлбөл зохих гурван хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд ногдох 95,705 төгрөгийг төрийн санд тус тус олгосугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ТАСХЫН