Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 2024/ШЦТ/161

 

 

 

 

 

 

 

    2024          02           28                                    2024/ШЦТ/161

 

                               

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,

нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг,

улсын яллагч Э.Номин-Эрдэнэ,

шүүгдэгч Б.Н-, түүний өмгөөлөгч Г.Мөнхцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Х овогт Б-н Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн **** дугаартай хэргийг 2024 оны 02 дугаар сарын 01-ний  өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

     

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *** оны ** дугаар сарын **-ний өдөр ** аймагт төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, бичиг үсэг мэдэхгүй, мэргэжилгүй, барилга дээр ажилладаг гэх, ам бүл 6, эцэг, эх, ах, эгч, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн *** дугаар хороо, ***  тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Хар ямаат овогт Батзоригийн Н- /регистрийн дугаар ***/. 

 

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Б.Н- 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ** дугаар байрны подволд хохирогч А.Н-н эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Н-ы өгсөн “...мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн, зөв тул дахин мэдүүлэг өгөхгүй...” гэв. 

Эрүүгийн *** дугаартай хэргээс:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд А.Н-н хохирогчоор өгсөн:

“...Би 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр гэртээ байж байтал манай захирал бид нарын цалинг өгнө гэж хэлсэн. Би гэртээ найз залуу А-н хамт байж байтал 15 цагийн орчим хажуу подволын Н- манай гэрт орж ирээд чи юу яриад байгаа юм гэж хэлэхэд нь би та нарыг мэдээгүй, юу хийдгийг чинь мэдэхгүй гэж хэлэхэд үгийн зөрүүгүй үүдэнд байсан сандлыг бид хоёр руу авч шидэхээр нь би яаж байгаа юм гэж хэлэхэд миний нүүрэн тус газарт удаа дараа цохиж гэмтээсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 6-9 дэх тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.М-н гэрчээр өгсөн:

“...2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 15 цаг 45 минутын орчим би Н, Б нарын байгаа газарт 2 дугаар байрны 3 дугаар орцны подволд ороход Н болон хамт архи уугаад байдаг залуу нь тасарсан, ухаангүй байдалтай мөн Б болон түүний нөхөр нь байсан. Би цалинг чинь өгнө гэж хэлээд гарахад араас Б гарч ирэхээр нь цалинг нь өгчихөөд ажил дээр ирсэн. Тэгээд Н-тэй утсаар ярихад би хүнд зодуулсан, цагдаа дагуулаад ирж байна гэж хэлэхээр нь яваад очтол Н уруул, нүд нь хавдчихсан байсан. Хэн зодсон бэ гэхэд Б нөхөр нь зодсон гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11-12 дахь тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд С.Б-н гэрчээр өгсөн:

“...2023 оны 12 дугаар сарын 15-ны орой 16 цагийн үед би байрны гаднах цас цэвэрлэж байгаад гэртээ ороход Н- ганцаараа архи уугаад сууж байхаар нь унт гэж хэлсэн. Удалгүй СӨХ-ны дарга над руу залгаад Наранцэцэгтэй хамт ирж цалингаа аваарай гэж хэлсэн. Би Н-ыг гэртээ байж байгаарай гэж хэлчихээд гэрээс гарахад Н- миний араас дагаад гараад ирсэн. Манай гэрийн үүдэнд Н-тэй таарсан ба би дарга руу орж цалингаа авч байхад Н араас орж ирэхгүй байсан. Тэгээд дарга бид хоёр хүлээж байгаад манай гэрт очиж уулзахад Н хүнд зодуулсан байдалтай, танай найз чинь намайг зодчихлоо гээд над руу дайраад байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15-16 дахь тал/,

 

Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн *** дугаартай “...Р.Н-н биед зүүн хөмсөгт няцарсан шарх, хамрын нуруу, зүүн дээд, доод зовхи, хацрын төвгөр, баруун зовхины дотор буланд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Учирсан гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 18-19 дэх тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Н-ы яллагдагчаар өгсөн:

...2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 2 дугаар байрны 0 тоотод найз Б-н гэрт нь байхдаа 2 шил 0.33 литрийн архи уусан. Тэгээд Б-н гэрт нь байж байхад Б гараад явсан. Би араас нь гараад нойл орох гэж байхад Н гэх хүнтэй таарсан. Би юу болсон талаар санахгүй байгаа бөгөөд нэг сэрэхэд эрүүлжүүлэх байранд сэрсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 39-40 дэх тал/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 27 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 30 дахь тал/ зэргийг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэлээ.

Нэг.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Н- нь 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 2 дугаар байрны подволд хохирогч А.Н-н эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсаныг  хэргийн үйл баримт болон цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийхэд  хохирогч, гэрч нарын мэдүүлэг, тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, хохирогчид учирсан хөнгөн гэмтэл шүүгдэгчийн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч Б.Н- өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг мэдсээр байж ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байх ба шүүгдэгчийн энэхүү үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

             

Улсын яллагчаас “...шүүгдэгч Б.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай...” санал,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...Б.Н- нь барилгын компанид мужаан ажилтай, хувийн байдлын хувьд урьд ял шийтгэлгүй, хохирогчид учирсан хохирол төлбөрийг шүүхээс тогтоосон хэмжээний дагуу нөхөн төлөхөө илэрхийлж байгаа...” гэх санал, хүсэлтийг тус тус гаргав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

 

Иймд шүүгдэгч Б.Н- нь хохирогч А.Н-г зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн ба прокуророос Б.Н-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байх тул шүүгдэгч Б.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Н-д Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдлыг харгалзан гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Б.Н-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.

 

Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол хор уршгийн шинж чанар буюу хохирогчийн зөрчигдсөн эрх бүрэн сэргээгүй байгаа байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч Б.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөчин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Гурав. Бусад асуудлын талаар:

 “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тодорхойлж хуульчилсан.

 

Хохирогч А.Н-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

 

Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсгийн 2.1.1-т гэмт хэргийн улмаас хохирогчийн хувь хүний сэтгэцийн хариу урвалын байдал болон гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл, хэвийн амьдрал алдагдсан байдал, шаардагдах эмчилгээний дундаж хугацаа, хөдөлмөрийн чадвар алдалт зэрэг шалгуур үзүүлэлтийг харгалзан сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох бөгөөд шинжээчийн дүгнэлттэй адилтган үзэхээр тус зүйл ангийг тусгасан байна.

Мөн тушаалын 2 дахь хэсгийн 2.3-т “Энэ журмын 2.1-т заасан хүснэгтээр сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоосныг хохирогч хүлээн зөвшөөрсөн эсэхийг мөрдөгч Хууль зүйн дотоод хэргийн сайдын 2023 оны А/267 дугаар тушаалын зургаадугаар хавсралтаар баталсан “сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загварыг танилцуулан баталгаажуулж, хавтаст хэрэгт хавсаргана гэж заасан байх ба энэ талаарх баримт хавтаст хэргийн 55 дахь талд авагдсан байна.

 

Иймд хохирогчийн уг гэмтлийн улмаас эмчилгээ хийлгэж, хохирогчид учирсан хохирлын хэр хэмжээ, хэргийн нөхцөл байдлыг тус тус харгалзан Монгол Улсын Дээд шүүхийн Нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 25 дугаартай тогтоолын 2-т заасан нөхөн төлбөр тооцох жишиг аргачлалын дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 550.000 төгрөгийг 5 дахин нэмэгдүүлж 2.750.000 /хоёр сая долоон зуун тавин мянга/ төгрөгийг хохирогч А.Н-н сэтгэцэд учирсан нөхөн төлбөр гэж тооцсон болно.

 

Иймд шүүгдэгч Б.Н-аас 2.750.000 /хоёр сая долоон зуун тавин мянга/ төгрөг гаргуулж хохирогч А.Н-т олгох нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Б.Н- энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

                                                   

ТОГТООХ нь:

           

1. Шүүгдэгч Х овогт Б-н Н-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай. 

 

2. Шүүгдэгч Б.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөчин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсугай. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-д нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд тайлбарласугай.

 

4. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Н-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-аас 2.750.000 /хоёр сая долоон зуун тавин мянган/ төгрөгийг гаргуулж, хохирогч А.Н-т олгосугай.

 

6. Шүүгдэгч Б.Н- энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Л.ОДОНЧИМЭГ