Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 2024/ШЦТ/174

 

   

 

 

 

 

 

 

  2024          03         04                                      2024/ШЦТ/174

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг хөтлөн,

улсын яллагч Г.Энэрэл,  

шүүгдэгч Ц.Д- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос М овогт Ц-н Д-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн *** дугаартай хэргийг 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *** оны ** дүгээр сарын **-ны өдөр **** төрсөн, эрэгтэй, ** настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “** ХХК-д зуурмагийн оператораар ажилладаг, ам бүл 4, эх, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн *** дугаар хороо, *** дүгээр гудамж, *** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, М овогт Ц-н Д- /регистрийн дугаар ****/.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.Д- 2023 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 30 дугаар хороо, **” хотхоны хойд талын замаар зорчиж байсан Н.Э-н эзэмшлийн *** улсын дугаартай “Тоёота вангуард” маркийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлан зогсоож, тээврийн хэрэгслийн копут, урд салхины шилийг хутгаар цохиж гэмтээсний улмаас 595,000 төгрөгийн хохирол,

үргэлжилсэн үйлдлээр Г.У-н эзэмшлийн *** улсын дугаартай “Тоёота Акуа” маркийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлаж, тээврийн хэрэгслийн урд салхины шилийг хутгаар цохиж гэмтээсний улмаас 350,000 төгрөгийн хохирол,

мөн тус хотхоны авто зогсоолд байршуулсан Х.Хонгорзулын эзэмшлийн ** улсын дугаартай “Тоёота Сай” маркийн тээврийн хэрэгслийн тээш хэсгийг хутгаар олон удаа зурж гэмтээсний улмаас 1,795,000 төгрөгийн хохирол,

Л.Э-н эзэмшлийн **-** улсын дугаартай “Тоёота Приус альфа” маркийн тээврийн хэрэгслийн тээшний хаалга, тээшний хаалганы спойлер, баруун хойд крыло хэсгүүдийг хутгаар зурж гэмтээсний улмаас 445,000 төгрөгийн хохирол,

Ц.А-н эзэмшлийн “Тоёота Акуа” маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн баруун хойд крыло, тээшний хаалганы спойлер, баруун хойд хаалга хэсгүүдийг хутгаар зурж гэмтээсний улмаас 435.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ц.Д- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

           “...Би 2023 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хорооллоос гараад Баянгол дүүргийн ** дугаар хороо, Гуравдугаар эмнэлгийн хойд талд байдаг найз Д-н гэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Тэндээсээ 22 цагийн үед гарсан ба гадаа агаарт гараад согтсон. Тэрнээс хойш юу болсон талаар санахгүй байна, өглөө эрүүлжүүлэх байранд сэрсэн. Би хохирол төлбөрийг төлж барагдуулсан, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 58-59, 94, 115, 137, 158 дахь тал/,

 

           Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 6-16 дахь тал/,

 

Хохирогч  Н.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...2023 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 21 цаг 40 минутын орчимд Баянгол дүүргийн 30 дугаар хороо, *** хотхоны хойд талын замаар өөрийн эзэмшлийн “Тоёота Вангуард” *** улсын дугаартай тээврийн хэрэгслээр эхнэр Манзмаагийн хамт баруунаас зүүн тийш чиглэлтэй явж байтал үл таних эрэгтэй гартаа хутга бариад машины урдуур гүйгээд ороод ирэхээр нь зогстол машины хамар хэсэгт хутгаараа цохиод байсан. Манай эхнэр болиорой гэж хэлтэл машины хамар дээр гарч ирээд хутгаараа машины урд салхины шилийг хагалчихаад зугтсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20-21 дэх тал/,

 

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний “...Тоёота Вангуард маркийн авто машины капод 195.000 төгрөг, урд салхины шил 400.000 төгрөг, шууд зардал 595.000 төгрөг, “Тоёота Сай” маркийн авто машины тээшний хаалганы баруун их гэрэл 800.000 төгрөг, тээшний хаалганы зүүн их гэрэл 800.000 төгрөг, тээшний хаалга 195.000 төгрөг, шууд зардал 1.795.000 төгрөг, “Тоёота Пириус-41” маркийн авто машины баруун хойд крыло 200.000 төгрөг, багажны хаалга 155.000 төгрөг, багажны хаалганы спойлер 90.000 төгрөг, шууд зардал 445.000 төгрөг, “Тоёото Акуа” маркийн авто машины баруун хойд крыло 215.000 төгрөг, багажны хаалганы спойлер  90.000 төгрөг, баруун хойд хаалга 130.000 төгрөг, нийт 435.000 төгрөг, “Тоёота Акуа” маркийн авто машины салхины шил 350.000 төгрөг...” гэх тайлан, гэрэл зургийн үзүүлэлтийн хамт /хавтаст хэргийн 24-37 дахь тал/,

 

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийн хамт /хавтаст хэргийн 40-43 дахь тал/,

 

Хохирогч Ц.А-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“..Би 2023 оны 11 дүгээр сарын 14-ний орой 20 цагийн үед өөрийн эзэмшлийн *** улсын дугаартай “Тоёота Акуа” маркийн тээврийн хэрэгслийг гэрийнхээ гадаа зогсоолд байршуулаад гэртээ орсон. 22 цаг 30 минутын орчим над руу үл таних хүн залгаад “хутгатай хүн машиныг чинь зураад зугтчихлаа” гэж хэлсэн. Би гараад машин дээрээ очиход машины баруун хаалганы дээд хэсэгт олон удаа зурчихсан, арын салхины шилний дээд хэсэгт олон удаа сэвтээчихсэн байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 81 дэх тал/,

 

Хохирогч  Л.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Би 2023 оны 11 дүгээр сарын 14-ний орой 22 цаг 30 минутын орчим өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслээ гэрийнхээ гадаа зогсоолд байршуулаад машин дотор хүнтэй утсаар яриад дуусч байтал гаднаас нэг юм дугарахаар нь гарч харахад үл таних залуу гартаа хутга барьчихсан, хутгаараа миний машиныг цохиод байсан. Би “чи яаж байна” гэж хэлэхэд тэр залуу над руу “ална шүү” гэхээр нь би 102 дугаарт дуудлага өгсөн. Би цагдаа иртэл тэр залууг саатуулах санаатай юм яриад зогсож байтал тэр үл таних залуу хажууд байсан машинуудыг хутгаараа цохиод байсан. Би машинаасаа торцов гаргаж ирэхэд тэр залуу надаас зугтаж байгаад халтирч унахад би очиж барьж авсан ба удалгүй цагдаа нар ирсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 102 дахь тал/,

 

Хохирогч Х.Х-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Би 2023 оны 11 дүгээр сарын 14-ний орой 21 цаг 30 минутын үед ажлаасаа ирээд өөрийн эзэмшлийн *** улсын дугаартай “Toyota Sai” маркийн тээврийн хэрэгслийг гэрийнхээ гадаа зогсоолд байршуулаад гэртээ ортол үл таних дугаараас “машиныг чинь хутгаар сийччихсэн байна” гэж хэлсэн. Би гайхаад гараад очтол миний машины арын багаж хэсгийг хутгаар зураад муухай болгочихсон байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 124 дэх тал/,

 

Хохирогч Г.У-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...2023 оны 11 дүгээр сарын 14-ний орой 22 цаг 30 минутын үед өөрийн 83-97 УАН улсын дугаартай цэнхэр өнгийн “Тоёота Акуа” маркийн тээврийн хэрэгсэлтэй ганцаараа 10 дугаар хорооллын арын Тэмүүлэл хотхоны араар явж байхад урдаас үл таних залуу баруун гартаа хутга барьсан өөдөөс гарч ирэхээр нь би машинаа зогсоосон. Тэр залуу хутгаараа шууд миний машины урд салхины шилэн дээр цохиод машины цонх хагалсан. Удалгүй цагдаа нар ирээд тэр залууг аваад явсан. Мөн тэр залуу тэр хавьд зогсоолд байсан машинуудыг хутгаараа цохиод байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 145 дахь тал/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 62 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 64 дэх тал/ болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Шүүгдэгч Ц.Д- гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн, түүнд хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна прокурорын яллагдагчид хүлээлгэх хариуцлагын талаарх саналыг шүүгдэгч Ц.Д-ад танилцуулсан нь хуульд нийцсэн байна.

 

Иймд шүүх шүүгдэгчид холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байх ба шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн” гэм буруутайд тооцож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хэрэгт хохирогч Х.Х /хх-ийн 163 дахь тал/,  Л.Э /хх-ийн 164 дэх тал/, Ц.А /хх-ийн 165 дахь тал/, Г.У /хх-ийн 166 дахь тал/, Н.Энхболд /хх-ийн 167 дахь тал/ нарын “...хохирол төлбөр төлөгдсөн, гомдол, саналгүй...” гэх хүсэлт тус тус авагдсан байх тул шүүгдэгч Ц.Д-ыг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар прокурорын гаргасан санал, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулж, уг торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

Шүүгдэгч Ц.Д- энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болно.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нийт урт 28 сантиметр, ажлын хэсэг 15 сантиметр урттай, бор шаргал өнгийн модон иштэй 1 /нэг/ ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн Тамгын газрын Эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч М овогт Ц-н Д-ыг үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Шүүгдэгч Ц.Д-ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох  ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Ц.Д-ад оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд тайлбарласугай.

4. Шүүгдэгч Ц.Д-ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нийт урт 28 сантиметр, ажлын хэсэг 15 сантиметр урттай, бор шаргал өнгийн модон иштэй 1 /нэг/ ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн Тамгын газрын Эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

6. Шүүгдэгч Ц.Д- энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Л.ОДОНЧИМЭГ