| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 156/2020/00846/И |
| Дугаар | 156/ШШ2021/00024 |
| Огноо | 2021-01-08 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 01 сарын 08 өдөр
Дугаар 156/ШШ2021/00024
| 2021 оны 01 сарын 08 өдөр | Дугаар 156/ШШ2021/00024 | Хэнтий аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2020/00846/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн Б танхимд хаалттай хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн ...... оршин суух, Б.н овогт Д.М./РД:.. /,
Хариуцагч: Хэнтий ..... оршин суух, Ш. овогт Т.Ж. /РД:./-д холбогдох “Хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, охин Ж.Удвалын төрөөс олгох мөнгөний дансыг өөрийн нэр дээр шилжүүлэх, дундын өмчлөлийн хашаа, байшин, газрын үнэ 18,000,000 төгрөг гаргуулах” тухай үндсэн нэхэмжлэлтэй, хүүхдийн асрамж тогтоолгох, цалингийн зээлийн тал хувь 27,000,000 төгрөг гаргуулах” тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга М.У., нэхэмжлэгч Д.М. хариуцагч Т.Ж., хариуцагчийн өмгөөлөгч Д.О. нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.М. нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Г.Ж.тай 2009 онд танилцаж, бидний дундаас 2011 оны 12 дугаар сарын 05-ны өдөр охин Ж.У., 2013 оны 6 дугаар сарын 18-ны өдөр охин Ж.Э. нар төрсөн. 2012 оноос хойш бид хоёрын дунд гэр бүлийн таарамжгүй харилцаа үүсэж байнга хэрүүл маргаантай амьдрах болсон. Тэр үед Т.Ж. ээжийнх нь хашаанд бид амьдардаг байсан. Тухайн үед хадам ээж болох С. болон эгч З. нар нь
намайг зодож дээрэлхэх, дүүгээ өмөөрч бүх зүйл дээр оролцдог болсон. Дүү Т.Ж. нь бас хэл амаар доромжилж хөөж туудаг байсан. Бид хамтран амьдрах хугацаандаа 2014 оноос өөрийн газар дээр хашаа байшингаа барьж өөрсдийн амьдарлаа босгосон. Т.Ж.тай амьдрах хугацаанд гэр бүлийн байнгын дарамттай намайг байнга зодож, гэрээсээ хөөж, 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр намайг сандлаар цохиж Хэнтий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр орж 7 хоногийн хугацаагаар баривчилгаанд явж байсан. Бид тус тусдаа амьдраад жил гаруй болж байна. Мөн Т.Ж. нь өөр хүнтэй хамтран амьдарч байгаа, цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул охин Ж.У , Ж.Э нарыг өөрийн асрамжид авч, эцэг Т.Ж аас хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү. Мөн Т.Ж. нь охин Ж.У.ын хүүхдийн мөнгө 2014 оноос хойш өөрийн хадгаламжтай холбож, хүүхдийн маань мөнгийг өгөхгүй байгаа тул энэ хугацааны хүүхдийн мөнгө 1,200,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Охин Ж.У.ын төрөөс олгох мөнгөний дансыг би 2019 оны 5 дугаар сард өөрийн дансанд холбуулсан. Бид 2014 оноос хойш хамтын хүч хөдөлмөрөөр өөрсдийн эзэмшлийн хашаа, газар байшинтай болсон. Иймд уг хөрөнгөөс хүртэх ёстой гэж үзэж би өөрсдийн хашаа байшин, газрыг 24,000,000 төгрөгөөр үнэлсэн бөгөөд үүнээс 2 охин болон өөрт ногдох хувь болох 18,000,000 төгрөгийг хариуцагч Т.Ж.аас тус тус гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Харин Т.Ж нь уг хашаа, байшин, газрыг хоёр хүүхдэдээ өгнө гэж байгаа тул 18,000,000 төгрөгийг гаргуулахгүйгээр хашаа, байшин, газрыг авна, би уг газар, хашаа, байшинг охин Ж.У., Ж.Э. нарын өмчлөлд шилжүүлж өгнө гэсэн хариуцагчийн тайлбарыг хүлээн зөвшөөрч байна бид энэ талаар сайн дурын үндсэн дээр эвлэрч тохиролцсон гэв.
Хариуцагч Т.Ж. шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2009 онд Д.М.тэй танилцаж хамтран амьдарсан бөгөөд бидний дундаас 2011 оны 12 дугаар сарын 05-ны өдөр охин Ж.У., 2013 оны 6 дугаар сарын 18-ны өдөр охин Ж.Э. нар төрсөн. Д.М. нь зан харилцааны хувьд маш түргэн ширүүн зантай учраас 2012 оноос гэр бүлийн таарамжгүй харилцаа үүсэх болсон. Д.М. нь эрхэлсэн тодорхой ажилгүй тул Улаанбаатар хот руу ажил хийнэ гээд 2 охиноо хаяад явж байгаад буцаж ирэхдээ уур уцаартай ирээд танай эгч, ээжийн хажууд амьдрахгүй гэдэг байсан. Миний бие эхнэрийнхээ үгийг хүндэтгэж ээжийнхээ хашаанаас нүүж тусдаа газар авч ээж маань бидний одоогийн амьдарч байгаа дүнзэн байшинг надад өгөхөөр нь би цалингийн зээл авч засаж янзалсан. Би тухайн үед Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт ажилладаг байсан, цаг наргүй ажиллаж байгаад гэртээ ирэхэд Д.М. намайг амрах зав чөлөө олгохгүй байнгын үглэж хэл амаар доромжилдог байсан. Д.М.ийн хэлдгээр манай ээж, эгч бидний амьдралд оролцож зодож байсан зүйл байхгүй. Д.М. нь өөрсдийн амьдарч байгаа хашаа, байшин, газрыг 24,000,000 төгрөгөөр үнэлэн нэхэмжилсэн байна. Үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул 18,000,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй. Мөн охин Ж.у ын хадгаламжийн дансыг өөрийн нэр дээр шилжүүлэх гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байна. Охин Ж.У. хадгаламжийг анх би Төрийн банканд нээж хамтран эзэмшигчээр тогтоогдсон боловч эхнэр Д.М. хадгаламж барьцаалсан зээл аваад зээлээ төлж чадаагүй тул банк татаж авсан. 2020 онд хүүхдийн мөнгө огт орж ирэхээ болиод Төрийн банкнаас асуухад эх Д.М. нь хамтран эзэмшигчээр байна гэж хэлсэн. Иймд дээрх шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Д.М. хүүхдүүдээ байнга асран хамгаалж чадахгүй гэж үзэж байна. Учир нь 2017 оноос нэгдсэн эмнэлэгт асрагчийн ажилд орсон цалин маш бага цаг наргүй ажилладаг, хүүхдүүд маань манай ээж болон над дээр ирж очин амьдардаг. Эх Д.М. нь охидыг байнга асран хамгаалж чаддаггүй. 2018 оны 9 дүгээр сараас миний бие Бор-Өндөр сумын Уулын баяжуулах үйлдвэрт ажилд орж, Д.М.тэй хамтран амьдарч байх хугацаандаа банкнаас 6 удаа зээл авсан 54,727,432 төгрөгийг ганцаараа төлж барагдуулсан бөгөөд охидын хэрэгцээний мөнгийг эхнэр Д.М.йн дансаар явуулж байсан. Д.М. нь охидыг өөрийн асрамжид авах юм бол хөдөө ээж дээрээ аваачаад хаяна гэж хэлдэг учраас охин Ж.У., Ж.Э. нарыг өөрийн асрамжид авах хүсэлтэй байсан. Харин одоо хоёр охиноо эх Д.М.ийн асрамжид өгөхийг хүлээн зөвшөөрч байна. Зан харилцааны хувьд таарамжгүй байдаг тул цаашид Д.М.тэй хамтран амьдрах боломжгүй.
Т.Ж. би нэхэмжлэгч М.н дундын өмчлөлийн эд хөрөнгийн нэхэмжлэлийн шаардлагад Хэрлэн ......улсын бүртгэлийн дугаартай 700 м2 газрыг, мөн тус хаягт байршилтай Т.Ж., Ж.У., Ж.Э.д нарын өмчлөлийн 61,5 м2 талбай бүхий хувийн орон сууцны зориулалттай байшинг хашааны хамт өөрийн охин Ж.У., Ж.Э. нарын өмчлөлд шилжүүлж өгөхийг хүлээн зөвшөөрч байна гэв.
Хариуцагч Т.Ж. шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон энэ талаар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2009 онд Д.М.тэй танилцаж, хамтран амьдарсан. Би охин Ж.У., Ж.Э. нарыг өөрийн асрамжид авах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд одоо охидыг эх Д.М.ийн асрамжид өгөхийг зөвшөөрч байна. Миний бие эхнэр Д.М.тэй хамт амьдарч байх хугацаандаа Төрийн банкнаас 2013 оны 11 сарын 05-ны өдөр 9,500,000 төгрөг, 2014 оны 9 сарын 04-ний өдөр 4,600,000 төгрөг, 2015 оны 5 дугаар сарын 05-ны өдөр 2,364,000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 3,800,000 төгрөг, 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр 3,000,000 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 04-ний өдөр 3,000,000 төгрөг, нийт 6 удаа 54,727,432 төгрөгийн зээл авч амьдрал ахуйгаа дээшлүүлэх зорилгоор машин авч, мөн гэр орондоо тавилга авсан. Дээрхи зээлийг Д.М. огт төлөөгүй. Би дангаараа төлж дуусгасан. Иймд Д.М.с банкны зээлийн 54,727,432 төгрөгийн тал хувь болох 27,000,000 төгрөгийг Д.Мө.ээс гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан. 2019 оноос өнөөдрийг хүртэл би охидын хэрэгцээнд зарцуулаарай гэж Д.М.ийн дансанд 3,947,600 төгрөгийг шилжүүлсэн.
Анх би банкны зээл 54,727.432 төгрөгийн тал хувь болох 27,000,000 төгрөгийг нэхэмжилж сөрөг нэхэмжлэл гаргасан боловч Төрийн банкны хуулга алдаатай гарсан тул нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж Д.М.ээс 20,537,264 төгрөгийг нэхэмжилж байна гэв.
Нэхэмжлэгч Д.М. нь сөрөг нэхэмжлэлтэй холбогдуулан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид 2009 онд танилцаж, 2010 онд Хэнтий аймагт ирж миний 4 ханатай гэрийг авч ирж хадам ээж Содномын хашаанд амьдарсан. Хамт амьдарч эхэлснээ хойш Т.Жа. хааяа архи ууж бид хоёр муудалцах болсон. Т.Ж. нь 6 удаагийн зээл авсан нийт 54,727.423 төгрөгийн тал хувийг надаас нэхэмжилж байна. Тухайн мөнгийг би хувьдаа аваад хэрэглэсэн зүйл байхгүй, гэр орондоо тавилга авсан, мөн машинд засвар хийж, хоол хүнсэндээ хэрэглэсэн. Иймд сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.М. нь хариуцагч Т.Ж. холбогдуулан хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, охин Ж.У.н төрөөс олгох мөнгөний дансыг өөрийн нэр дээр шилжүүлэх, дундын өмчлөлийн хашаа, байшин, газрын үнэ 18,000,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийг, хариуцагч Т.Ж.н нь нэхэмжлэгч Д.М.т холбогдуулан хүүхдийн асрамж тогтоолгох, цалингийн зээлийн тал хувь 27,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргасан бөгөөд хариуцагч Т.Ж. нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 6,462,736 төгрөг болон хүүхдийн асрамж тогтоолгох шаардлагаас татгалзаж, цалингийн зээлийн тал хувь 20,537,264 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодрууллаа.
Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Нэхэмжлэгч Д.М. нь хариуцагч Т.Ж. 2009 онд танилцаж, тэдний дундаас 2011 оны 12 дугаар сарын 05-ны өдөр охин Ж.У., 2013 оны 6 дугаар сарын 18-ны өдөр охин Ж.Эн. нар төрсөн, харин тэдгээр нь гэрлэлтээ батлуулаагүй байсан болох нь шүүх хуралдаанд гаргасан зохигчдын тайлбар, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбаруудаар тогтоогдож байна.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.5-д зааснаар гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээх, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй болохыг зохицуулсан байдаг. Өөрөөр хэлбэл Д.Мөнхцэцэг, Т.Жаргалсайхан нар нь гэрлэлтээ бүртгүүлээгүй боловч эцэг эх нь үр хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй.
Нэхэмжлэгч Д.М., хариуцагч Т.Ж. нарын аль аль нь Монгол улсын нэгдэн орсон Хүүхдийн эрхийн тухай конвенци болон Гэр бүлийн тухай хуульд зааснаар хүүхдүүдээ өөрийн асрамжид авах боломжтой, энэ талаар харилцан тэгш эрхтэй бөгөөд дээр дурдагдсан конвенци, хуулийн зохицуулалтаар эцэг эхийн хэн нэгэнд хүүхдүүдийн асрамж тогтоолгох асуудал дээр давуу эрх олгоогүй болно.
Монгол улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 2-т заасны дагуу үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх нь Монгол улсын иргэний журамт үүрэг бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т зааснаар эцэг, эх нь үр хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй тул хариуцагч Т.Ж.аар хүүхдүүдийн тэтгэлгийг Гэр бүлийн тухай хуульд заасан хувь, хэмжээгээр гаргуулах нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба охин Ж.У. Ж.Э. нарыг эх Д.М.йн асрамжид үлдээсэн нь эцэг Т.Ж.ыг Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д заасан хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүргээ хэрэгжүүлэхэд, мөн эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байх ёстой.
Нэхэмжлэгчийн дараагийн шаардлага болох охин Ж.У. нэр дээр төрөөс олгох мөнгөний дансыг өөрийн нэр дээр шилжүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага бөгөөд нэхэмжлэгч Д.М. нь уг дансыг 2019 оны 5 дугаар сараас эхлэн өөрийн нэр дээр шилжүүлсэн болох нь шүүх хуралдаанд гаргасан зохигчдын тайлбараар нотлогдож байна. Иймд нэхэмжлэгчийн энэхүү шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна. Харин нэхэмжлэгч Д.Мө. нь 2012 оноос хойш охин Ж.У. нэр дээр төрөөс олгосон мөнгө 1,200,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулна гэж тайлбарлах боловч тэрээр энэ талаар нэхэмжлэл гаргаагүй тул хэргийг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хянан шийдвэрлэсэн бөгөөд нэхэмжлэгч нь энэ талаарх баримтаа бүрдүүлэн шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй болохыг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэгч нь хариуцагч Т.Ж.тай амьдарч байх хугацаанд бий болсон хашаа, байшин, газрын үнэ 18,000,000 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргасан бөгөөд зохигчид шүүх хуралдааны явцад хоорондоо ярилцан Хэ..........байрлах хашаа, байшин, газрыг үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хамт охин Ж.У., Ж.Э. нарын өмчлөлд шилжүүлэхээр эвлэрсэн эвлэрлийг батлах нь зүйтэй гэж үзлээ.
Хариуцагч Т.Ж. нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан гаргасан цалингийн зээлийн тал хувь 20,537,264 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн үндэслэлийг шүүх хуралдаанд тайлбарлахдаа “...2013-2017 оны 5 дугаар сарын 04-ний өдрийг хүртэлх хугацаанд гэр бүлийн хэрэгцээнд зээл авч, машин авсан, байшиндаа тавилга авсан, бусдад төлөх өр зээл төлсөн, худалдан авсан машинд засвар хийсэн. Энэхүү зээлийг би ганцаараа төлж дуусгасан. Бүх эд хөрөнгөө Д.М. болон хүүхдүүддээ өгч байгаа тул энэхүү төлж дуусгасан зээлийн 50 хувь болох 20,537,264 төгрөгийг төлүүлнэ” гэж тайлбарлалаа.
Зохигчид 2013-2017 оны хооронд хамтран амьдарч байх хугацаандаа ХААН банк, Төрийн банкнаас зээл авч байсан, эдгээр зээлүүдийг хариуцагч Т.Ж... нь дангаараа төлж байсан болох нь хэрэгт авагдсан дансны хуулгууд /хх-ийн 5-28/, зээлийн гэрээнүүд /хх-ийн 29-39/, зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудаар нотлогдож байна.
Гэвч нэхэмжлэгч Д.М., хариуцагч Т.Ж. нар нь гэрлэлтээ батлуулаагүй боловч тэдгээр нь хариуцагч Т.Ж. цалингийн зээлийн төлбөр нэхэмжилсэн хугацаа болох 2013-2017 онуудад нэг гэрт хамт амьдарч байсан, энэ хугацаанд тэдний дундаас үр хүүхэд төрсөн зэрэг байдлаас үзэхэд тэдгээрийн хооронд гэр бүлийн харилцаа үүссэн байна. Уг зээлийг хариуцагч Т.Ж., нэхэмжлэгч Д.М. нар нь гэр бүлийн гишүүдийн хэрэгцээг хангах зорилгоор авч, уг хэрэгцээндээ зарцуулсан, зээл төлөгдөж дууссан болох нь шүүх хуралдаанд гаргасан зохигчдын тайлбараар нотлогдож байна. Иймд хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох цалингийн зээл 20,537,264 төгрөгийг гэр бүлийн хамтын амьдралдаа зарцуулсан байх тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч нь хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагын улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг, дундын өмчлөлийн эд хөрөнгийн үнэ 18,000,000 төгрөг гаргуулах шаардлагын улсын тэмдэгтийн хураамжид 247,950 төгрөг, нийт 318,150 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар зохигчид эд хөрөнгө дээрээ эвлэрсэн тул нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 247,950 төгрөгийн тал хувь болох 123,975 төгрөгийг хариуцагч Т.Ж.аас гаргуулан нэхэмжлэгч Д.М.т олгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Хариуцагч Т.Ж. нь шүүхэд гаргасан 27,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, 20,537,264 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан тул сөрөг нэхэмжлэлийн шаардлага 20,537,264 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 260,636 төгрөгийг улсын орлогод үлдээж, илүү төлсөн улсын тэмдэгтийн хураамж 32,314 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж хариуцагч Т.Ж.д олгох нь зүйтэй гэж үзлээ.
Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хариуцагч Т.Ж.аас 1 жилийн хугацаанд төлбөл зохих хоёр хүүхдийн тэтгэлгийн хэмжээ болох 2,420,400 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 53,676 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 132 дүгээр зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2011 оны 12 дугаарын 05-ны өдөр төрсөн охин Ж.У., 2013 оны 6 дугаар сарын 18-ны өдөр төрсөн охин Ж.Э.д нарыг эх Д.М.йн асрамжид үлдээсүгэй.
2. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2011 оны 12 дугаарын 05-ны өдөр төрсөн охин Ж.У., 2013 оны 6 дугаар сарын 18-ны өдөр төрсөн охин Ж.Э. нарыг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Т.Ж.аар тэжээн тэтгүүлж, тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Д.М.т даалгасугай.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д зааснаар хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь тэтгэлэг төлөгчийн сарын цалин хөлс түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдаж, амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээг өөрчлөгдөх бүрт хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд өөрчлөлт оруулж байхыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
4.Нэхэмжлэгч Д.М.ийн нэхэмжлэлийн шаардлагаас охин Ж.У.д төрөөс олгох хүүхдийн мөнгөний дансыг өөрийн нэр дээр шилжүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч Т.Ж.ны цалингийн зээлийн тал хувь 20,537,264 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
7. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.4, 130 дугаар зүйлийн 130.2, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар зохигчид нь Хэнтий ..................байрлах хашаа, байшин, газрыг үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хамт охин Ж.У., Ж.Э. нарын өмчлөлд шилжүүлэхээр эвлэрсэн эвлэрлийг баталсугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 318,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар зохигчид эд хөрөнгө дээрээ эвлэрсэн тул нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 247,950 төгрөгийн тал хувь болох 123,975 төгрөгийг хариуцагч Т.Ж, аас гаргуулан нэхэмжлэгч Д.М, т олгож, хариуцагч Т.Ж.ы сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамжаас 260,636 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 32,314 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж хариуцагч Т.Ж.д олгосугай.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хариуцагч Т.Ж.аас 1 жилийн хугацаанд төлбөл зохих хоёр хүүхдийн тэтгэлгийн хэмжээ болох 2,420,400 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 53,676 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА