Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 2024/ШЦТ/173

 

 

   

 

 

 

 2024           03           04                                    2024/ШЦТ/173

 

 

                               

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг хөтлөн,

улсын яллагч Б.Ууганбаяр,  

шүүгдэгч Ш.А-, түүний өмгөөлөгч С.Дэлгэрмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар

 

Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос Л овогт Ш-н А-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн **** дугаартай хэргийг 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ** оны ** дүгээр сарын **-ний өдөр ** аймгийн ** суманд төрсөн, ** настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, Сонгинохайрхан дүүргийн *** ажилтай байсан, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 6, нөхөр, хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн *** дугаар хороо, ** дугаар байрны ** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Л овогт Ш-н А- /регистрийн дугаар **/.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ш.А- С- буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа Авилгын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.5 дахь хэсэг “албан үүргээ гүйцэтгэх, эсхүл гүйцэтгэхгүй байхтай холбогдуулан бусдаас шан харамж шаардах”, 7.1.6 “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”, 7.1.7 “албантушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, даваа эрх эдлэх,

Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1 дэх хэсэг (Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх), 37.1.2 өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх гэснийг,

Засгийн газрын 2019 оны 33 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийн 2.1.2. “шударга ёсыг дээдэлж, хувийн ашиг сонирхлын зөрчлөөс ангид байна”, 3.1.2.a оргосон тангарагтаа үнэнч байж, эх орон, ард түмнийхээ эрх ашгийг хувийн ашиг сонирхлоос ямагт дээгүүр тавьж, өөрт олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ ашиг сонирхлын зөрчил үүсгэж болзошгүй аливаа нөхцөл байдлаас татгалзах гэснийг тус тус зөрчиж,

Хахууль өгөгч У.А-н ашиг сонирхлын үүднээс Монгол улсад уйл ажиллагаа явуулдаг татвар төлөгч хуулийн этгээдүүдийн татварын зөрчлийг арилгах, хууль ёсны татварын тайланг засварлах зэргээр гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж, үргэлжилсэн үйлдлээр Б.О-н “ХААН” банкны *** тоот дансаар дамжуулж, 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 1.000.000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 1.000.000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 30-ний өдөр 200.000 төгрөг, 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдөр 1.000.000 төгрөг, 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 500,000 төгрөг, 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 500,000 төгpөг, 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 500.000 төгpөг, 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдөр 500.000 төгрөг, 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 200,000 төгрөг, 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 200,000 төгрөг, 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 150.000 төгрөг, 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр 1.000.000 төгрөг, 2020 оны 06 дугаар сарын 01-ний өдөр 200.000 төгрөг, 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 500.000 төгpөг, 2020 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 1.000.000 төгрөг, 2020 оны 06 дугаар сарын 30-ний едер 300,000 төгрөг, өөрийн бэр эгч Д.Ч-н “ХААН” банкны *** тоот дансаар дамжуулж, 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 500.000 төгрөг, 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдөр 300.000 төгрөг, төрсөн ах Ш.Э-н охин Э.А-н “ХААН” банкны *** тоот дансаар дамжуулж, 2020 оны 03 дугаар сарын 01-ний өдер 1.000.000 төгрөг, 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 1.000.000 төгрөг, Ш.А- нь 2020 оны 07 дугаар сарын 20-ний өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хороо 13-41 тоотод байхдаа нөхөр Я.Г-н “ХААН” бнкны *** тоот дансаар дамжуулж 1,000.000 төгрөгийг буюу нийт 12.550.000 төрөгийн хахууль авсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ш.А- нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

           “...Би мөрдөн шалгах ажиллагааны шатнаас эхлэн өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн. Төрийн албан хаагчийн ёс зүйг алдагдуулсандаа гэмшиж байна. 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс ажлаас чөлөөлөгдсөн... У.А эгч над руу дээрх компаниуд нь НӨАТ-ын шивэлт нь хий бичилт болоод байна гээд чи буруу болоод байгааг нь зөв болгоод залруулаад өг гэж гуйж байсан. Би хэлснийх нь дагуу уг компаниудын эрхээр санд нэвтэрч алдааг нь заасж өгч байсан. Би гэхдээ уг компаниуд нь У.А-аас НӨАТ-ын падаан худалдан авсан гэдгийг мэдээгүй. Би утсаар А зөвлөгөө өгсөн боловч ойлгохгүй байсан учраас өөрөө санд орж буруу худалдан авалт шивж, системээс буцаасан байсныг залруулж засаж өгсөн. Би гэртээ байхдаа Алтанзаяагаас өөрийн нөхөр Я.Г-н “ХААН” банкны *** тоот дансаар дамжуулж 1.000.000 төгрөг авсан...” гэх гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 160 дахь тал/,

 

Гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1-р хавтаст хэргийн 24-25 дхь тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд У.А-н гэрчээр өгсөн: “...Би Ш.А-тай 2017 оны үед компанийн татварын бичиг баримт янзлуулах зорилгоор найзаараа дамжуулж анх танилцаж байсан. Ш.А-аар тайлан шивүүлж, илгээсний хариуд нь би Ш.А-д мөнгө өгдөг байсан. Гэхдээ яг одоо хэдэн төгрөг өгсөн гэдгээ санахгүй байна. Ямар ч байсан би шүүхийн шийдвэрийн дагуу данснуудаа хаалгасан тул өөрийн нөхөр Г.Б-н “ХААН” банкны *** тоот дансаар Ш.А-ын өөрийнх нь хэлсэн данс руу шилжүүлж байсан...” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 75-76 дахь тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.О-н гэрчээр өгсөн: “...Ш.А- гэгч 2020 оны 01 дүгээр сард анх удаа над руу яриад эгч нь намар арав гаруй үхэр идшэнд тараасан юм, одоо үхэрнийхээ мөнгийг хүмүүсээс авах юм. Эгч  нь  Төрийн банкинд ажилладаг учраас өөрийнхөө дансаа авч болохгүй байна. Чиний дансаар авчихъя тэгэх үү гэж гуйхаар нь би зөвшөөрсөн. Тэгээд миний дансанд орлого орж ирсэн. Би А- эгчийн өөрийнх нь хэлсэн дансууд руу шилжүүлсэн. Энэ гүйлгээнүүд надад хамаагүй. Хамгийн эхний гүйлгээ миний данс руу орохдоо тамхины үнэ гэсэн утгаар орж ирсэн. Тэгэхээр нь би гайхаад А- эгчээс үхэрний мөнгө гэсэн биз дээ, яагаад тамхины мөнгө гэж орж ирж байгаа юм бэ гэж асуухад андуурсан юм байлгүй дээ, эгч рүүгээ махны мөнгө хийчих гэхээр нь шилжүүлж байсан. Над руу мөнгө шилжүүлсэн Г.Б гэх хүнийг би танихгүй...” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 75 дахь тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Э.А-н гэрчээр өгсөн: “...Ш.А- миний авга эгч буюу манай аав Н.Э-н төрсөн дүү нь юм. Би “ХААН” банкны ***  тоот дансыг эзэмшдэг. Би 2020 онд Архангай аймгаас хотод оюутан болж ирсэн бөгөөд Ш.А- эгчийн гэрт амьдардаг байсан. Тэр үед Ш.А- эгч намайг дансаа өгчих, хүнээс мөнгө аваадхъя гэхээр нь би дансны дугаараа өгч байсан. Миний дансанд орж ирсэн мөнгийг Ш.А- эгчийн шилжүүл гэсэн данс руу нь шилжүүлдэг байсан...” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 86 дахь тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Ш.А-н гэрчээр өгсөн: “...Би “ХААН” банкны ***  тоот дансыг эзэмшдэг. Ш.А- нь миний төрсөн эгч юм. Миний данс руу мөнгө ороход А- эгч над руу яриад мөнгө орохоор над руу шилжүүлээрэй гэж хэлсэн. Тэгээд мөнгө орохоор нь би түүн рүү шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 89 дэх тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Д.Ч-н гэрчээр өгсөн: “...Би “ХААН” банкны *** тоот дансыг эзэмшдэг. Хадам дүү А- намайг дансаа өгчих, хүнээс мөнгө аваадхъя гэхээр нь л би дансаа өгч ашиглуулж байсан. Орж ирсэн мөнгийг нь А-ын хэлсэн данс руу нь шилжүүлж байсан...” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 91 дэх тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Г.Б-н гэрчээр өгсөн: “...Би мобайл банк ашиглаж мэддэггүй. Миний “ХААН” банкны *** тоот дансыг манай эхнэр У.А ашигладаг байсан. Эхнэрийн дансыг Шүүхийн шийдвэрээс хаачихсан учраас миний дансаар гүйлгээ хийдэг байсан...” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 98-99 дэх тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Ч.О-ийн гэрчээр өгсөн: “...Манай “***” ХХК нь автомашины худалдааны барилгыг барьж ашиглалтанд оруулж байсан бөгөөд 2016 оны үед 3 тэрбум орчим төгрөгийн НӨАТ-ын өрөнд орж байсан. Тэр үед би Г.Б ахад хэлж байсан. Б ах зохицуулаад өгөх үү гэхээр нь зөвшөөрсөн. Тэгээд Б ах НӨАТ-ын төлбөрийг чинь зохицуулж өгнө гээд надаас нилээд их мөнгө цувуулж авсан боловч уг асуудлыг зохицуулж өгөөгүй алга болсон...” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 103-104 дэх тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Н.Э-н гэрчээр өгсөн: “...Би Оюундэлгэр гэдэг хүнийг танихгүй. Намайг Сонгинохайрхан дүүргийн **** Ш.А- миний картыг гуйж аваад миний дансаар уг мөнгийг оруулаад гаргаж авсан байх гэж бодож байна..” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 127-128 дахь тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Т.Ц-н гэрчээр өгсөн: “...Татварын улсын байцаагч татвар төлөгчөөс TAIS системд илгээсэн тайланг татварын улсын байцаагч нь харж хянаад буруу бичигдсэн бол буцааж, энэ талаар зөвлөгөө өгч  болно. Гэхдээ татвар төлөгч нараас илгээсэн. Тайлан нь автоматаар татварын байцаагч нарт хувиарлагддаг. Бөгөөд өөрт хуваарилагдсан татвар төлөгчийн тайланг л харах эрхтэй...” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 130-131 дэх  тал/,

 

Б.Оюундэлгэрийн депизит дансны хуулга /2-р хавтаст хэргийн 76-80 дахь тал/,

“ХААН” банкны дансны хулганд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /2-р хавтаст хэргийн 62-65 дахь тал/,

 

Таньж олуулах ажиллагааны тэмдэглэл /2-р хавтаст хэргийн 66-69 дэх тал/,

 

Албан тушаалын тодорхойлолт /3-р хавтаст хэргийн 28-230 дахь тал/,

 

Ү**** даргын 2008 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 221 дугаартай тушаал /3-р хавтаст хэргийн 243 дахь тал/,

 

**** даргын 2010 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 668 дугаартай тушаалт /3-р хавтаст хэргийн 244 дүгээр тал/,

 

Шүүгдэгч Ш.А-ын хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 27 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /2-р хх-ийн 15 дахь тал/ болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Шүүгдэгч Ш.А- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн, түүнд хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна прокурорын яллагдагчид хүлээлгэх хариуцлагын талаарх саналыг шүүгдэгч Ш.А-д танилцуулсан нь хуульд нийцсэн байна.

 

Иймд шүүх шүүгдэгчид холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байх ба шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “үргэлжилсэн үйлдлээр нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсний хариуд хахууль авсан” гэм буруутайд тооцож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэмт буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно.” гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй.” гэж тус тус заасныг баримтлан шүүгдэгч Ш.А-ыг гэмт  хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан эрүүгийн хуулиар гэм буруутайд тооцсон болно.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар прокурорын гаргасан санал, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.А-ын нийтийн албанд томилогдох эрхийг 5 /таван/ жилийн хугацаагаар хасаж, 14.000 /арван дөрвөн мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  14.000.000 /арван дөрвөн сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 3 /гурван/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

Шүүгдэгч Ш.А- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д мөрдөн шалгах нууц ажиллагааны магадалгаа /1 хавтас, 24 хуудас/-г хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсаргаж үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Л овогт Ш-н А-ыг “үргэлжилсэн үйлдлээр нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсний хариуд хахууль авсангэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.А-ын нийтийн албанд томилогдох эрхийг 5 /таван/ жилийн хугацаагаар хасаж, 14.000 /арван дөрвөн мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  14.000.000 /арван дөрвөн сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.   

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Ш.А-д оногдуулсан 14.000 /арван дөрвөн мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  14.000.000 /арван дөрвөн сая/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурван/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ш.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Шүүгдэгч Ш.А- энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д мөрдөн шалгах нууц ажиллагааны магадалгаа /1 хавтас, 24 хуудас/-г хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсаргаж үлдээсүгэй.

 

7. Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Л.ОДОНЧИМЭГ