| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаа Ариунхишиг |
| Хэргийн индекс | 106/2020/0399/Э |
| Дугаар | 763 |
| Огноо | 2020-06-11 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Батгэрэл |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 06 сарын 11 өдөр
Дугаар 763
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Б.Батзориг, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор С.Батгэрэл,
шүүгдэгч Ц.Э, түүний өмгөөлөгч Д.Баасансүрэн,
нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 2020/ШЦТ/400 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.Эын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 2005 00904 0391 дугаартай хэргийг 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Ц.Э,
Ц.Э нь 2020 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 85 дугаар байрны 39 тоотод буюу гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эхнэр Б.Бнүүр хэсэгт цохисноос эрүүл мэндэд нь уруулд язарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянгол дүүргийн прокурорын газраас: Ц.Эын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ц.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ц.Эыг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ц.Эыг шүүхээс тогтоосон торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ц.Э нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Ц.Э баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Эаас 128.000 төгрөг гаргуулан хохирогч Б.Бт олгож, Ц.Эад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Ц.Э гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шийтгэх тогтоол нь хохирогчийн мэдүүлэгт үндэслэсэн ба анх маргаан болсон шалтгаан, нөхцлийн талаар шүүх нотлох баримтыг харьцуулан судалж дүгнэлт хийгээгүйд гомдолтой байна. Тухайлбал, Б.Бхохирогчийн өгсөн мэдүүлэгт “2020 оны 2 дугаар сарын 23-ны өдөр манай нөхөр гэрээсээ гарахад нь би нөхөртөө “би салахыг чинь зөвшөөрсөн, хоноод ирсэн ч болно гээд нөхөр гараад явсан”, “...шинийн 2-ны өдөр нөхөр өглөө 7 цагт гадагшаа гарах гэхээр нь би салахдаа 3 хүүхдээ ямар ч байсан авна шүү гэхэд чи мэддэг юм уу, шүүх мэддэг юм уу гээд хэрүүл болсон” гэж мэдүүлжээ. /хх 52/ Харин Б.Б гэрчээр мэдүүлэхдээ “2020 оны 02 дугаар сарын 25-ны өглөө 7 цагийн үед манай нөхөр хувцсаа өмсөөд гарах гэж байсан. “...би нөхрийгөө тэр эмэгтэй рүүгээ явах гэж байна гэж бодоод чи нөгөө эмэгтэй рүүгээ яв, ирж хонохгүй байсан ч болно.” гэж тус тус мэдүүлсэн байна. /хх 53/ Гэтэл анх хэрүүл болох шалтгаан нь би 2020 оны 2 дугаар сарын 25-ны өглөө 06 цагт босоод ажилдаа явах гээд хувцсаа өмсөөд, цайгаа уух гээд байж байтал Б.Б “...бэлэвсэн янхан руугаа явах гэж байна уу. Би тэр янханыг чинь хүнээр мануулсан байгаа. Та 2 буудалд хонох гэж байна уу...” гэх мэтээр хэрүүл өдөж эхэлсэн. Би ажилтай гэдэг шалтгаанаа хэлээд явах гэтэл хойноос ирээд гадуур хувцасны ханцуйнаас зуураад “тэр янханыг чинь ална, тэр чинь үхээсэй” гээд хүүхдүүдийн дэргэд хашгираад байсан. Манай 2 хүүхэд орон дээрээ босч ирж суучихаад уйлаад байсан.” /хх 68/ Үүнийг Б.Б нөгөө эмэгтэй рүүгээ явах гэж байна гэж бодоод хэрүүл хийсэн талаараа нотолж мэдүүлсэн мэдүүлэг байхад шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох хууль зүйн үндэслэлтэй байхад бүх зүйлийн буруутан болгож байгаад гомдолтой байна. Мөн Дулааны 3 дугаар цахилгаан станц төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захирлын 2020 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн А/110 дугаартай тушаалаар тухайн өдөр буюу 2020 оны 2 дугаар сарын 25-ны өдөр хариуцлагатай жижүүрээр ажиллах хуваарийн дагуу /хх 45-46/ ажилдаа явах гэж байхад намайг худлаа хардаж, доромжилж, гүтгэх үг хэллэг хэлсний улмаас тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэгт холбогдсон байдлыг харгалзан үзэж шийдвэрлээгүй. Шинжээчийн дүгнэлтээр “...уруулд язарсан шарх” гэмтэл тогтоогдсон байхад гавал яс болон тархины эдийн зүслэгүүд болон ясны томографийн шинжилгээ /хх 33/ гэсэн баримт болон ямар өвчинд, хэний заавраар юуны эм авсан нь тодорхойгүй баримтуудыг үндэслэж хохиролд 128.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь эргэлзээтэй байна. Иймд дээрх үндэслэлээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, хуульд заасан хариуцлагын доод хэмжээгээр шийдвэрлэж өгнө үү. Би эхнэрээсээ салахаар Иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж, шүүхээр хянагдаж байгаа. Үүнтэй холбоотойгоор хохирогч гэх Б.Бзүгээс намайг буруутгаж, эрүүгийн хэрэгт ялтан болгож, янз бүрийн байдлаар өдөөн хатгасан, доромжилсон, гүтгэсэн, над руу дайрсан зэрэг үйлдлүүдийг сүүлийн 1 жилийн хугацаанд маш олон удаа гаргаж байсан. Улмаар би, биднийг тусдаа байлгаж өгөхийг хүссэн хүсэлтийг Иргэний хэргийн шүүхэд гаргасан. Би 17 жилийн турш эхнэр, үр хүүхдийнхээ төлөө гэж нойр хоолгүй зүтгэн амьдарч ирсэн. Б.Бдоромжлол, хэл амыг тэвчиж явсны эцэст өөрөө гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгч болж, ял авч байгаадаа маш их харамсаж, гомдолтой байна. ...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Баасансүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчийн хувьд гомдол гаргах хугацаа дуусаагүй байхад хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байсан тул тусгайлан гомдол гаргаагүй. Шүүхээс Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д зааснаар “бие махбодын хүчирхийлэл үйлдсэн” гэж дүгнэсэн. Гэтэл гэмт хэрэг болсон шалтгаан нөхцлийг яагаад тогтоогоогүй талаар шүүгдэгч давж заалдах гомдол гаргасан. Учир нь, Б.Б буюу шүүгдэгчийн эхнэр Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2-т зааснаар “сэтгэл санааны хүчирхийлэл” үйлдэж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, цагаан сарын шинийн 2-ны өглөө ажилдаа явж байгаа нөхрөө хардаж “муухай хүүхэн рүүгээ явах нь уу, тэрийг чинь ална” гэх зэргээр хүүхдүүдийнхээ хажууд орилж, хүүхдүүд нь уйлсан асуудал болсон байдаг. Нөхөр нь ажилдаа явах ёстой гэхэд гараас нь зуурч байгаад энэ асуудал болсон. Хэрэв Ц.Эыг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д заасан буруутай үйлдэл хийсэн гэж буруутгаж байгаа бол хохирогч гэх эхнэрийг нь мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2-т зааснаар буруутгах ёстой байсан. Эхнэр нь сэтгэл санааны хүчирхийлэл үйлдэж эхэлсэн тул Ц.Э өөрийн гараа татахдаа эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хэргийн үйл баримтаас харагддаг. Мөн үүнтэй холбоотой өргөдлөө хавтас хэргийн 8 дахь талд 2020 оны 3 дугаар сарын 4-ний өдөр өгсөн байдаг. Үүнийг мөрдөгч, прокурор хянан үзэж ямар нэг шийдвэр гаргаагүй. Ц.Э гэр бүлийн хүчирхийлэлд өртдөг талаар дэлгэрэнгүй бичиж, энэ төрлийн хохирогч гэдгээ тайлбарласан байхад бие махбодын хүчирхийлэл үйлдсэн гэх хэрэгт холбогдсоноос үзэхэд энэ талаар ямар ч арга хэмжээ авч, шалгаагүй нь харагдаж байна. Шүүхийн шатанд өгсөн нотлох баримтыг шүүх нотлох баримтын шаардлага хангаагүй гэж үзсэн. Энэ нь хавтас хэргийн 41 дэх талд мөрдөгчийн тогтоолоор хавтас хэрэгт хавсаргасан байхад шүүх канондсан баримтыг нотлох баримтаар үнэлэхгүй гэж дүгнэсэн. Эдгээр асуудал нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн асуудал биш, 17 жилийн хугацаанд нэг ч удаа биед нь хүрч, зодсон асуудал байхгүй. Зөвхөн хохирогч буюу Б.Б ярьдаг ч энэ нь нотлогдсон зүйл байдаггүй. Иймд хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж өгнө үү. Түүнчлэн шүүгдэгч, хохирогч нар аль аль нь бие махбод, сэтгэл санааны хүчирхийлэл үйлдсэн учир хэргийг прокурорт буцааж, Ц.Эын өргөдлийг шийдвэрлээгүй асуудлыг шийдвэрлэж байж хэргийг шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэж байна. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн зэргийг тал бүрээс нь шинжлэн судалж шийдвэрлэхгүй бол Ц.Э хохироод байна. Үүнтэй холбоотойгоор иргэний хэрэгт гэр бүлийн хүчирхийлэлтэй гэдэг утгаар насанд хүрээгүй 2 хүүхэд нь “аавтайгаа байна” гэх санал гаргасан байхад шүүх гэр бүлийн хүчирхийлэлтэй гэдэг үндэслэлээр хүүхдүүдийн эрх ашгийг хохироож байна.” гэв.
Прокурор С.Батгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хохирогч Б.Бмэдүүлгээс үзэхэд 2015 оны 12 дугаар сарын 29-ний өдөр хогоо асгасангүй гэдэг шалтгаанаар зүүн чих рүү нь цохиж хэнгэргийг нь цоолсон. Гэхдээ уг асуудлаар цагдаагийн байгууллагад хандаагүй. Хэрэв цагдаад хандсан бол тухайн үед мөрдөгдөж байсан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэх боломжтой байсан. Мөн 2019 оны 6 дугаар сард эхнэр Б.Б нь нөхөр Ц.Эыг гэр бүлээс гадуур харилцаатай болсныг гар утаснаас нь олж мэдсэнээс болж 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдөр эхнэр Б.Бийг цээж рүү нь цохиж, гэдсэн дээр нь дэвссэн байдаг. 3 дахь удаагийн үйлдэл нь 2020 оны 2 дугаар сарын 25-ны өдөр мөн өмнөх асуудлуудаас улбаалж гэр бүлийн таарамжгүй харилцаанаас болж үүссэн байдаг. Хохирогч 17, 8, 6 насны гурван хүүхэдтэй, 19 жил хамтдаа амьдарч байгаа. Шүүгдэгч Ц.Э ажлаа тасалж, архи уудаг, улмаар гэр бүлийн хүчирхийллийг маш их үйлддэг байсан. Тухай бүрт нь цагдаагийн байгууллагад хандаж хэрэг үүсгэж явсан бол энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл байнга үйлдэж зодсон гэх шинж хангагдсан гэж үзэж давхар зүйлчлэх бүрэн боломжтой байсан. Түүнчлэн шүүгдэгч нь 128.000 төгрөгийн хохирлыг төлөх боломжгүй гэж ярьж байна. Гэвч прокурорын зүгээс хохирогчийн 100.000 төгрөгөөр компьютер томографийн шинжилгээ хийлгэсэн баримт, 4 ширхэг эм авч уусан гэх баримт, нийт 128.000 төгрөгийн хохирлыг төлөх шаардлагатай гэж үзэж байна. Мөн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж хуульд заасан хариуцлагын доод хэмжээгээр ял оногдуулах талаар гомдол гаргасан байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт 450-2700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулдаг санкцтай. Анхан шатны шүүх шүүгдэгчид 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулсан нь хэргийн бодит байдалд нийцсэн гэж үзэж байна. Үүнээс хөнгөрүүлж ял шийтгэл оногдуулах боломжгүй юм. Иймд шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгчийн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр шүүгдэгч Ц.Эад холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Ц.Э нь 2020 оны 2 дугаар сарын 25-ны өдөр гэртээ өөрийн эхнэр Б.Бтэй гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний нүүр хэсэгт цохисноос эрүүл мэндэд нь уруулд язарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Хохирогч Б.Б“...2001 онд би нөхөр Ц.Этай гэр бүл болоод нэг гэрт орсон. 2003 онд гэрлэлтээ батлуулсан. Одоо хамт амьдраад 19 жил болж байна. 17, 8, 6 насны 3 хүүхэдтэй. Нөхөр байнга архи уудаг байсан учраас энэ хугацаанд битгий архи уу гэж хэлээд маргалдах зүйл зөндөө болж байсан. Би заримдаа хүүхдээ тэврээд хажууд нь байхын эцэсгүй болоод дүү нар дээрээ очиж хонох, компани түрээслэдэг байсан колонк дээрээ очиж хонох, мөн цонхны тавцан дээр унтах, шкафанд орж нуугдаж унтах зэргээр амьдарч байсан. Тухайн жилүүдэд би цагдаагийн байгууллагад хандаж байгаагүй. ...Тэгээд 2019 оны 06 дугаар сард гэр бүлээс гадна харилцаатай болсныг нь би мессежнээс нь мэдээд бид хоёрын хооронд хэрүүл үүссэн. 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдөр би тэр эмэгтэйн гэрт очно гэхэд нөхөр Ц.Э миний зүүн гарын бугалга орчим цохиход би арагшаа саваад шалан дээр унангуут цээж, гэдсэн дээр дэвссэн. Тэр үед би бас цагдаагийн байгууллагад хандаагүй. ...2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр нөхөр Ц.Э шүүхэд салах өргөдөл өгөөд одоог болтол шийдэгдээгүй явж байна. Мөн шинийн хоёрны өдөр нөхөр өглөө 7 цагт гадагшаа гарах гэхээр нь “би салахдаа 3 хүүхдээ ямар ч байсан авна шүү” гэхэд “чи мэддэг юм уу, шүүх мэддэг юм уу” гээд хэрүүл болсон. Тэгэхээр нь би “үзэх юмаа үзээ” гээд муудалцаж байхад нөхөр гараа атгаж байгаад миний ам руу 1 удаа цохисон. Тэгээд нөхөр гараад явсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад ирж өргөдөл өгсөн.” /хх 51-52/,
Ц.Эын яллагдагчаар өгсөн “...2020 оны 2 дугаар сарын 25-ны өдөр би өглөө 6 цагт босоод ажилдаа явах гээд хувцсаа өмсөөд цайгаа уух гээд байж байтал Батбилэг тусдаа өрөөнд унтаж байснаа өрөөнөөс гарч ирээд “бэлэвсэн янхан руугаа явах гэж байна уу, би тэр янханыг чинь хүнээр мануулсан байгаа, та хоёр буудалд хонох гэж байна уу” гэх мэтээр хэрүүл өдөж эхэлсэн. Би ажилтай гэх шалтгаанаа хэлээд явах гэтэл хойноос ирээд гадуур хувцасны ханцуйнаас зуураад тэр янханыг чинь ална, тэр чинь үхээсэй гээд хүүхдүүдийн дэргэд хашгираад байсан. Намайг хүүхдүүдийн дэргэд элдвээр хэлээд байхаар нь би уурандаа цааш нь түлхсэн. Тэгсэн Батбилэг “ээжийг чинь цохиод байна” гэж орилж чарлаад эхэлсэн. Тэгээд би ажилдаа явахаар гарсан. ...Тэгсэн 7 цаг 30 минутын үед Батбилэг утас руу залгаад “би тэр хүүхнийг чинь мөрдүүлж байгаа, би цагдаа дуудчихсан, чи ирж учраа ол” гэж залгасан. ...” /хх 67-68/ гэх мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 3016 дугаартай “...Б.Ббиед уруулд язарсан шарх бүхий хөнгөн гэмтэл учирсан. ...” гэх дүгнэлт /хх 60-62/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хоорондоо ноцтой зөрүүгүй, уг нотлох баримтуудыг үндэслэн гэмт хэргийн үйл баримтыг тогтоосон нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.
Баянгол дүүргийн прокуророос Ц.Эыг 2020 оны 2 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 85 дугаар байрны 39 тоотод буюу гэртээ эхнэр Б.Бнүүр хэсэгт цохиж, эрүүл мэндэд нь уруулд язарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэж үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх шүүгдэгч Ц.Эыг гэр бүлийн хамаарал бүхий эхнэр Б.Бтэй маргалдсаны улмаас түүний нүүр хэсэгт цохиж, уруулд язарсан шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлгүй, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ.
Тодруулбал, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй үйлдэл нь ямар тохиолдолд гэмт хэрэгт тооцогдохыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан ...үйлдэл нь байнгын шинжтэй” гэж хуульчилж тогтоосон бөгөөд дээрх үйлдлийн улмаас ямар нэгэн хохирол, гэмтэл учирсан байхыг шаарддаг.
Мөн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн объектив тал буюу гадаад илрэх шинж нь хохирогчийг байнга бие махбод, сэтгэл санаа, эдийн засаг, бэлгийн хүчирхийлэлд оруулж, зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдах үйлдлээр тодорхойлогдох бөгөөд шалтгаан нь үл ялих зүйл болон тодорхой шалтгааны аль алинаар үйлдэгдэж болдог байна.
Иймд Ц.Э нь эхнэр Б.Бийг зодож гэмтэл учруулах болсон шалтгаан нь тохиолдлын шинжтэй буюу тодорхой нөхцөл байдлын улмаас түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нь баримтаар тогтоогдсон, харин Ц.Э нь эхнэр Б.Бт байнгын шинжтэй бие махбод болон сэтгэл санааны хүчирхийлэл үзүүлж, Б.Б нь сэтгэл санаа, эдийн засаг, бие махбод, бэлгийн халдашгүй байдлаараа хохирсон, хохирч байсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Хэрэгт авагдсан хохирогчийн өргөдөл /хх 3-5/, хохирогчид захиргааны зөрчил авагдсан эсэх талаархи баримт /хх 7/, шүүгдэгчийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх 8-10/, хохирогчийн фото зураг /хх 14-15/, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 37-40/, шүүгдэгчийн Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл /хх 43-44/, хариуцлагатай жижүүр ажиллуулах тухай тушаал /хх 45-46/, хохирогчийн Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан тайлбар /хх 48/, хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 51/, шүүгдэгчийн захиргааны зөрчлийн шийдвэрлэлтийн бүртгэл /хх 77-78/, хохирогчид хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх 80/, Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн хүсэлт шийдвэрлэж, шүүх хуралдаан хойшлуулсан Шүүгчийн захирамж /хх 85-88/ зэргээр шүүгдэгч Ц.Э нь хохирогч болох гэр бүлийн хамаарал бүхий эхнэр Б.Бэсрэг хүчирхийллийн шинжтэй үйлдэл “байнга” үйлдсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Эрүүгийн хуулийн “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг” гэсэн Арван нэгдүгээр бүлэгт хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан ба шүүгдэгч Ц.Эыг өөрийн эхнэр болох хохирогч Б.Бийг зодсон нэг удаагийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна.
Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Ц.Эыг эхнэр Б.Бийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд гэр бүлийн хүчирхийллийн шинж байхгүй байна гэж үзэв.
Иймээс прокуророос шүүгдэгч Ц.Эад “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэж үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчлөв.
Шүүгдэгч Ц.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирно гэж үзлээ.
Харин шүүгдэгч Ц.Э “. ...Шинжээчийн дүгнэлтээр “...уруулд язарсан шарх” гэмтэл тогтоогдсон байхад гавал яс болон тархины эдийн зүслэгүүд болон ясны томографийн шинжилгээ /хх 33/ гэсэн баримт болон ямар өвчинд, хэний заавраар юуны эм авсан нь тодорхойгүй баримтуудыг үндэслэж хохиролд 128.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь эргэлзээтэй байна.” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
Хэрэгт цугларсан хохирлын талаарх нотлох баримтуудыг судалж үзвэл, “Лазер Мед” эмнэлгийн компьютер томографийн шинжилгээ хийлгэсэн үнэ /хх 19, 33/, “Монос” ХХК-ийн эмийн бүтээгдэхүүний 28.000 төгрөг /хх 19/, нийт 128.000 төгрөгийн нэхэмжлэл нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд тооцогдох, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлын баримтууд гэж тооцогдохоор байх тул шүүгдэгч Ц.Эын бичсэн “...тодорхойгүй баримтууд үндэслэж 128.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь эргэлзээтэй байна. ...” гэсэн агуулга бүхий гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Баасансүрэн “...хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж өгнө үү.” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авч, шийтгэх тогтоолд дээр дурдсан үндэслэлээр зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв