Шүүх | Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Чирчинийн Одсүрэн |
Хэргийн индекс | 123/2022/0007/З |
Дугаар | 123/ШШ2022/0007 |
Огноо | 2022-03-04 |
Маргааны төрөл | Газар, |
Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 03 сарын 04 өдөр
Дугаар 123/ШШ2022/0007
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Одсүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: иргэн С.О,
Хариуцагч: Төв аймгийн Э сумын Засаг дарга нарын хоорондын Э сумын Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн А/440 дугаартай захирамжийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах тухай маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Баясгалан, хариуцагч Төв аймгийн Э сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ө, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Жаргалболд нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч С.О нь Төв аймгийн Э сумын Засаг даргад холбогдуулан Э сумын Засаг даргын 2021 оны 11 сарын 16-ны өдрийн А/440 дугаартай захирамжийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах-аар маргаж байна.
2. Нэхэмжлэгч нь Э сумын Засаг даргын 2020 оны 04 сарын 08-ны өдрийн А/228 дугаартай захирамжаар тус сумын 5-р багийн нутаг Нуурийн хөндий нэртэй газарт байршилтай, нэгж талбарын 4104058833 дугаар бүхий жимс жимсгэний усалгаагүй тариалангийн зориулалттай 30 га газрын эзэмших эрхийн гэрчилгээг иргэн Б.Мэндсайханаас шилжүүлэн эзэмшиж эхэлсэн. Нэхэмжлэгч нь 2021 оны 5 дугаар сард эзэмшлийн газартаа жимс хадгалах зорилгоор нүхэн зоорь барих ажлаа эхэлсэн. Хариуцагчаас нэхэмжлэгчийг газрын хэвлийг хөндөж, ухаж газрыг зориулалтын дагуу ашиглаагүй, гэрээний нөхцөл болзлыг зөрчсөн гэж үзэн Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1, 35.1.3, 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт заасныг үндэслэн С.Октябрийн 000093901 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
3. Нэхэмжлэгч нь маргаан бүхий захиргааны акт Э сумын Засаг даргын 2021 оны 11 сарын 16-ны өдрийн А/440 дугаар захирамжийг хүлээн аваад Төв аймгийн Засаг даргад гомдол гаргаж, 12 сарын 22-ны өдрийн 07/077 дугаартай албан бичгээр гомдлыг хангахаас татгалзсан хариу авсан. Нэхэмжлэгч 2021 оны 12 сарын 31-ний өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
4. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:
1/ Газар эзэмшигчийн хувьд газрыг зориулалтын дагуу эзэмшиж ашиглахын тулд өөрийн хөрөнгө оруулалт, санхүүжилтийн үндсэн дээр 2.4 км зай бүхий газарт цахилгаан эрчим хүчний шугам татах, 300 мкв хэмжээ бүхий объект барих, гүний худаг гаргах, жимс тариалах хамгаалалтын зурвас болох 500 ширхэг мод тарих ажил зэрэгт нийт 300 гаруй сая төгрөгийг зарцуулсан.
2/ Төв аймгийн Э сумын Засаг даргын захирамжийн гол үндэслэл болох Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт ..эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн.. гэж заасныг үндэслэл болгон газар эзэмших эрхийг цуцалсан. Миний зүгээс газрыг газар эзэмшүүлэх гэрээ болон холбогдох хууль дүрэм, журамд заасны хүрээнд зориулалтын дагуу ашиглаж байсан. Тус газарт жимс, жимсгэнийн мод тариалахын хажуугаар худаг ус гаргах ажил болон нүхэн зоорины газар шорооны ажлыг гүйцэтгэж байсан. Энэхүү ажлыг гүйцэтгэсэнтэй холбогдуулан газрыг гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаагүй гэх үндэслэлээр газар эзэмших эрхийг цуцалж байгаа нь миний эрх хууль ёсны ашиг сонирхлыг шууд зөрчиж байна.
3/ Эзэмших эрх бүхий газарт явуулж буй үйл ажиллагааны талаар сумын Засаг дарга болон холбогдох эрх бүхий албан тушаалтанд тайлбар гаргаж холбогдох баримт бичгийг хавсралтаар хүргүүлж байсан. Э сумын Засаг дарга газар ашиглахтай холбоотой миний хийж буй үйл ажиллагаатай бүрэн танилцаагүй, ажлын ач холбогдлыг бүрэн шалгаж үзээгүй байж газрыг зориулалтын дагуу ашиглаагүй гэж үзсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 24.4-т заасныг тус тус зөрчсөн. Э сумын Засаг даргын 2021 оны 11 сарын 16-ны өдрийн А/440 дугаартай захирамж нь эрх зүйн зөрчилтэй байх тул тус захиргааны актыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.О газар эзэмшүүлэх гэрээ болон хууль тогтоомж дүрэм журамд заасан зориулалтаар газрыг ашиглаж ирсэн. Тариалалтыг эрхлэхээр худаг, байрлах байр бариад нүхэн зоорь барихаар газар шорооны ажлыг эхэлж байхад газрыг зориулалтын дагуу ашиглаагүй гэх үндэслэлээр газар эзэмших эрхийг нь цуцалсан нь хууль ёсны эрх ашгийг нь шууд зөрчиж байна. С.О Э сумын Засаг дарга, эрх бүхий албан тушаалтнуудад эзэмших эрх бүхий газарт явуулж байгаа үйл ажиллагааны талаар тайлбар гаргаад баримтаа хүргүүлж байсан. Газраа зориулалтын дагуу ашиглаад байгаа, их хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн, газар дээр нь ирээд гэрээгээ дүгнэе гэдэг хүсэлт өгсөн. Сумын Засаг дарга 1 удаа ч гэсэн хийж байгаа үйл ажиллагаатай бүрэн танилцаагүй байж газрыг зориулалтын дагуу ашиглаагүй гэж үзсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 24.4 дэх хэсэгт заасан захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд ач холбогдолтой бүхий л нөхцөл байдлыг тогтооно гэж заасан хуулийн заалтуудыг зөрчиж, үндэслэлгүйгээр газар эзэмших эрхийг нь цуцалсан. С.О газрыг төлбөртэйгөөр тодорхой зорилгоор ашиглах зорилготой. С.Октябрийн хувьд нийт 60 га газраа жимс жимсгэнэ тариалангийн зориулалтаар ашиглаж байгаа. Улсын Дээд шүүхээс Газрын тухай хуулийг тайлбарласан тайлбар дээр 2 үндэслэлээр Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсгийг баримтлах боломжтой. Үүнд төрийн холбогдох эрх бүхий байгууллагаас дүгнэлт гаргана, эсхүл мэргэжлийн хяналтын байгууллагаас гаргасан дүгнэлтэд үндэслэн удаа дараа ноцтой зөрчил гарсан гэж үзэж энэхүү заалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээг цуцлах боломжтой гэж тайлбарласан. Зоорь гэдэг нь жимс жимсгэнийн үйл ажиллагааны ач холбогдолтой гол хэсэг. С.Октябрийн авч ашиглаж байгаа газар нь жимс жимсгэнийн усалгаагүй тариалангийн зориулалтаар авсан газар. 2019 онд Монгол Улсын Засгийн газар Хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яамнаас жимс жимсгэнэ гэдэг хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Олгогдсон талбай дээр жимс жимсгэнэ, дотоодын хэрэгцээг хангах гэсэн бүх талын дэмжлэгийг төрөөс үзүүлэхтэй холбоотой хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн. Хөтөлбөрийн хүрээнд мод бут сөөгийг энэ төрлийн тариалан эрхлэгчдэд тараах, тариалах арга хэлбэрийг заах, гол зүйл нь нарийн технологижсон зоорийг бүтээх, эдгээр хүмүүсийн үйл ажиллагаанд нэвтрүүлэхтэй холбоотой ажлыг шат дараалан хийж эхэлсэн. Үүний 1 төлөөлөл С.Октябрийн хийж байгаа үйл ажиллагаа нь яваандаа ирээдүйд биологийн хугацаанд хүрэлцэхэд жимсээ хурааж авах процесстоо бэлдэж байгаа үйл ажиллагаа. ... 100 тонн багтаамжтай агуулах зоорь барихаар ажлаа эхэлсэн. Шүүхийн үзлэгээр зоорь 28x18 талбайтай байна гэсэн. Яагаад газрын хэвлийг их хэмжээгээр хөндсөн юм шиг харагдаж байгаа вэ гэхээр аливаа үл хөдлөх хөрөнгө тэгш хэмт байх ёстой, тэгш хэмжээнээс доош 1м ухсан. Газрыг тэгшлээд доош зоорины хэмжээнээс доош стандартын дагуу ухсан... Жимс жимсгэнийн үр тариалан эрхэлж байгаа бол зоорь нь урьдчилсан нөхцөл. Болцоо хүлээж байх хоорондоо агуулах саваа бэлдэх нь энэ төрлийн үйл ажиллагаа эрхэлж байгаа хүний хувьд зохистой үйлдэл. Засгийн газар, Яамнаас хэрэгжүүлж буй бодлогууд нь шинэ дэвшилтэд технологи ашигласан, сайжруулсан зоорьтой, тариалан эрхлэгчдээс үр жимс тариа ногоог нь олон шат дамжлагагүйгээр шууд засаг худалдаж авна гэдэг хөтөлбөр бодлогыг хэрэгжүүлж байгаа. Зоорьгүй 60.000 га газартай иргэн хэрхэн тус процесст оролцох вэ. Сайн зоорьтой байвал олон шат дамжлагагүйгээр, олон хяналт шалгалтгүйгээр төр шууд худалдан авалт хийнэ. Нөгөө талд зоорь барьж болохгүй гэж байгаа нөхцөл байдалд хэрхэн газраа зориулалтын дагуу ашиглах вэ. Жимс жимсгэний тариалан эрхэлж байгаа хүний хувьд зоорь яагаад газраа зориулалт бусаар ашигласан үйл ажиллагаанд хамаарч байгаа талаар хариуцагчаас хууль зүйн үндэслэл бүхий тайлбар хэлсэнгүй. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасан үндэслэл хангалтгүй байна. Зоорь нь хориглосон үйл ажиллагаа, газрын хэвлийг хөндөх ёсгүй байсан гэдэг гэрээний заалттай холбоотой хууль зүйн үндэслэл хүсч байна. Бут сөөг ургамал тариалсан, цахилгааны шугам татаж, барилга барьж, хашаа барьсан нь газрын хэвлийг хөндсөн. Зоорь мөн адил газрын хэвлийг хөндөнө. Зоорь барихаар яагаад татгалзаад бусад дээр нь зөвшөөрөөд байна вэ. Төрийн байгууллагаa иргэний хүсэлт, даалгавраар бичиг баримтыг огноолж гаргадаггүй. Ажлын хэсэг яваад, газрын хэвлийг хөндөх үйл ажиллагаа явсан байна гээд тайлан мэдээ гарсны дараа дүгнэлт гарсан. Газар ашиглалтын аюулгүй байдал зөрчигдөөгүй байна гэсэн дүгнэлт гарсан. Газар хөндөж байгаа үйл ажиллагаа жимс жимсгэнийн тариалангийн үйл ажиллагааны нэг хэсэг учир газрын төлөв байдал чанарын хянан магадалгааны дүгнэлт илэрхийлээд, газар дээр ашиглалтын аюулгүй байдал зөрчигдөөгүй байна гэсэн дүгнэлтийг хяналт шалгалтын ардаас хийж өгсөн нь үйлчлүүлэгчийн эрх ашгийг хамгаалсан, төрийн байгууллагын зөв үйл ажиллагаа. Э сумын Засаг даргын А/440 дугаартай захирамж эрх зүйн зөрчилтэй учир тус захиргааны актыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Баясгалан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Захиргааны акттай холбоотой шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлтэй. Газрын хэвлийг хөндөхгүйгээр жимсний аж ахуйг, газар эзэмших эрхийг хэрэгжүүлэх боломжгүй. Хашаа барина, худаг гаргана, цахилгаан татна, суулгацаа суулгахад газрын хэвлийг хөндөнө. Байгаль орчны яам, Хөдөө аж ахуйн яам, мэргэжлийн хяналтын байгууллагуудын сайт дээр тавигдсан заавар журмыг харахаар энэ зориулалтаар ашиглахаар зоорь заавал байх ёстой. Жимс жимсгэнийн асуудал нь хүнсний асуудал. Үүнд эрүүл ахуйн асуудал, чанарын асуудал яригдана. Үүнтэй холбогдуулж хадгалах байр савны асуудал яригдана. Газрын хэвлий хөндсөн асуудлыг нэхэмжлэгч тал үгүйсгээгүй. Зориулалтын дагуу ашиглах гээд хөндөж байна. Газрын хэвлий хөндсөн учир газрыг зориулалтын дагуу ашиглаагүй гэдэг агуулгаар асуудалд хандаж байгаа нь хуульд нийцэхгүй байна. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасан үндэслэлийг барьж байгаа нь эрх зүйн зөрчилтэй хуульд нийцэхгүй. Монгол Улсын Дээд шүүх Газрын тухай хуулийн холбогдох зүйл заалтыг тайлбарласан тогтоолыг 2008 онд гаргасан байдаг. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасан заалтыг тайлбарлахдаа тус хуулийн 40.1.2-40.1.6-аад зааснаас бусад хэлбэрээр хууль тогтоомж зөрчсөн, гэрээний нөхцөл болзлыг 2 удаа буюу түүнээс дээш удаа зөрчсөн бол гэдэг агуулгыг тайлбарласан. Ноцтой зөрчсөн гэдэг үндэслэлээр газар эзэмших эрхийг хүчингүй болгох гэж байгаа бол гэрээн дээр маш тодорхой заасан байх ёстой гэж тайлбарласан. Захиргааны акт тодорхой, үндэслэлтэй байх ёстой. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасан үндэслэлийг барьсан атал хэвлийг хөндөж, зориулалтын дагуу ашиглаагүй, гэрээний нөхцөл болзлыг зөрчсөн тул гэсэн байдаг. Гэрээний ямар заалтыг зөрчсөн талаар тодорхой дурдсан байх ёстой. Ноцтой зөрчсөн бол хэрхэн яаж ноцтой зөрчсөн бэ. Удаа дараа гэж байгаа бол хугацааны давтамжийг, хэзээ мэдэгдэл өгснийг биелүүлээгүй вэ, хэд хэдэн удаа, ямар арга хэмжээ авагдсан бэ. Тус асуудлууд тодорхой биш, ойлгомжгүй байна. Энэ агуулгаар Э сумын Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн А/440 дугаар акт хуульд нийцээгүй байна. Төрийн захиргааны байгууллага газрын хэвлийг хөндсөн гэж санаа зовж байгаа байх, үүнд санаа зоволтгүй. Газар эзэмших эрх дуусгавар боллоо гэхэд, эсвэл хууль бус байлаа гэхэд газрыг нөхөн сэргээх үүрэг нь газар эзэмшигчид байгаа. ...Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ 06 дугаар сарын 28-ны өдрийн огноотой гарч ирснийг 07 дугаар сарын 03, 04 өдрийн аль нэг өдөр очиж авсан гэж хэлдэг. Энэ баримт шүүхэд нэхэмжлэл гарсны дараа итгэмжлэгдсэн төлөөлөгч байсан н.Өсөхбаяр бид нарт авч ирж өгсөн. Газрын албанд хариуцагч талд хүргэж өгөөгүй, эх хувиар ирсэн...газар ашиглалтын аюулгүй байдал зөрчигдөөгүй гэсэн дүгнэлт гарсан... Захиргааны маргаан бүхий акт хуульд бүрэн нийцээгүй байна. Захиргааны акт гаргах ажиллагааны явцад манай үйлчлүүлэгч очиж тайлбар мэдүүлэг өгсөн, төлөөлүүлэгчээ явуулж уулзуулсан, захиргааны байгууллагад энэ талаар мэдэгдэж байсан. Хуралдааны явцад хариуцагчийн зүгээс үгүйсгэсэнгүй. Хугацааны хувьд ялгаатай. Газар эзэмшигч ашиглагч нар газар эзэмших эрхээ хуулийн дагуу хэрэглэх, газрын гэрээ зөрчигдөж байгаа эсэх, Газрын тухай хууль тогтоомж зөрчигдөж байгаа эсэхийг хянах зорилготой ажлын хэсэг 05 сард байгуулагдсан. Үүнийг захиргааны акт гаргах ажиллагаатай хольж хутгаж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна. Зөрчил тогтоогдсон бол бодит байдлыг шалгаж тогтоох асуудлаар хүмүүсээ томилоод уулзаад явсан бол хуульд нийцэх боломжтой байсан. Иргэн С.Октябрийн хууль ёсны эрх ашиг хөндөгдөж байна. Үйлчлүүлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэв.
5. Хариуцагч Э сумын Засаг дарга хариу тайлбартаа: Иргэн С.О нь Б.Мэндсайханы 5-р багийн нутаг дэвсгэр Нуурын хөндийд байрлах жимс, жимсгэнийн зориулалттай 30 га газар, мөн Б.Дашдэлэгийн 5-р багийн нутаг дэвсгэр Нуурын хөндийд байрлах жимс, жимсгэнийн зориулалттай 30 га, нийтдээ 60 га газрыг сумын Засаг даргын 2020 оны 04 сарын 08-ны өдрийн А/227 дугаар, А/228 дугаар захирамжуудаар газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэн эзэмшсэн. Иргэн, хуулийн этгээд газрыг зориулалтын дагуу ашиглаж, гэрээний үүргээ биелүүлж байгаа эсэхэд хяналт, шалгалт хийх чиг үүрэг бүхий ажлын хэсэг 2021 оны 06 сарын 22-ны өдөр хяналт, шалгалтаар ажиллахад С.О нь Нуурын хөндийд байрлах жимс, жимсгэнийн зориулалттай 4104058833 нэгж талбар бүхий 30 га газрын хэвлийг хөндөж, ухаж зориулалтын бус ашиглаж байгааг илрүүлэн 2021 оны 6 сарын 23-ны өдөр зөрчлийг арилгах мэдэгдлийг С.От өгч гарын үсэг зуруулан 6 сарын 28-ны дотор зөрчлийг арилгахыг мэдэгдсэн. Мэдэгдэлд заасан хугацаанд зөрчлийг арилгаагүй тул Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2, 27.4.3-т заасны дагуу 2021 оны 10 сарын 16-ны өдөр С.Октябрийн итгэмжлэгдсэн Ж.Өсөхбаярыг ирж уулзахад Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалтыг зөрчсөн тул газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай захирамжийн төслийг танилцуулж, гарын үсэг зуруулж баталгаажуулсан. Ингээд сумын Засаг даргын 2021 оны 11 сарын 16-ны өдрийн А/440 дүгээр захирамжаар иргэн С.Октябрийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон. ...Сумын Засаг дарга нөхцөл байдлыг тогтоолгохоор ажлын хэсгийн бүрэлдэхүүнээс Засаг даргын орлогч Л.Эбаатар, БОАХМэргэжилтэн Ш.Гэрэлт-Од, газрын даамал Б.Өлзийтунгалаг нарыг ажиллуулан Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасан шаардлагатай ажиллагааг хийж, фото зургаар нотлох баримтыг цуглуулан, газар дээр нь үнэлэхэд гэрээний үүргээ зөрчиж жимс, жимсгэнийн зориулалттай 30 га газарт нүхэн зоорь барихаар газрын хэвлийг хөндөж, ухаж зориулалтын бус ашигласан тул Газрын тухай тухай хуулийн 40 дугаар зүйлийн 40.1.1 дэх хэсэгт заасны дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.
Хариуцагч Төв аймгийн Э сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ө шүүхэд гаргасан тайлбартаа: ...2021 oны 06 дугаар сарын 22-ны өдөр иргэн С.О өөрийн эзэмшлийн 30 га газарт газрын хэвлийг ухаж хөндөж зориулалтын бусаар ашиглаж байгааг илрүүлэн зохих шаардлагыг тавьж ажилласан. Ажлын хэсгийн тэмдэглэлийг Засаг даргад танилцуулснаар 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдөр тус зөрчлийг арилгах мэдэгдлийг иргэн С.От танилцуулж гарын үсэг зуруулсан. Тус мэдэгдлийг 2021 оны 06 сарын 28-ны өдөр тухайн зөрчлийг арилгахыг мэдэгдсэн байдаг. Мэдэгдэлд заасан хугацаанд иргэн зөрчлийг арилгаагүй тул Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2, 27 дугаар зүйлийн 27.4, 27.4.3-т заасан сонсох ажиллагааг 2021 оны 10 дугаар сарын 16-ны өдөр сумын Засаг даргын өрөөнд, тус сумын Засаг дарга А.Мөнгөнбаяр, Байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтэн Ш.Гэрэлт-Од, газрын даамал Б.Өлзийтунгалаг нар байлцсан. Иргэн С.Октябрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Өсөхбаяр уулзсан, манайхаас өгсөн мэдэгдлийг заасан хугацаанд биелүүлээгүй учир, газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно, зориулалтын дагуу ашиглаагүй гэдэг ажлын хэсгийн тэмдэглэлийг үйлдээд итгэмжлэгдсэн төлөөлөгчийг байлцуулж, газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох сумын Засаг даргын захирамжийн төслийг танилцуулж, тэмдэглэсэн. 10 дугаар сарын 16-ны өдрөөс хойш сумын Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн А/44 дүгээр захирамжаар тус иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон. Засаг даргын зүгээс нөхцөл байдлыг тогтоолгохоор ажлын хэсэг ажилласан. Тус ажлын хэсэгт сумын Засаг даргын орлогч Л.Эбаатар, Байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтэн Ш.Гэрэлт-Од, газрын даамал Б.Өлзийтунгалаг нар оролцон үйл ажиллагаа явуулсан. Тухайн нөхцөл байдлын фото зургийг авч ажлын хэсгийн тэмдэглэлийг үйлдсэн. Жимс жимсгэнийн зориулалттай газрыг шууд ухаж хэрэглэсэн, мөн Газрын тухай хуулийг зөрчиж, зориулалтын бусаар ашигласан. Манайхаас мэдэгдсэнээс хойш нэмж газар ухсан. Үүнийг фото зургаар ирүүлсэн. Удаа дараа нөхцөл байдлыг тодорхойлоогүй гэдэг асуудалд манайх эхлээд мэдэгдэл өгсөн, мэдэгдлийг хугацаатай өгсөн. Мэдэгдэл дээр С.О ирсэн. Захирамжийн төсөл танилцуулж, захирамжийг эх хувиар хүлээлгэж өгөхөд н.Өсөхбаяр нь ирсэн. 10 дугаар сарын 15-ны өдөр сонсох ажиллагааг хийгээд захирамжийн төслийг итгэмжлэгдсэн төлөөлөгчид танилцуулахад зөрчлөө арилгаад цаашид зориулалтын дагуу газраа ашиглана гэдгээ итгэмжлэгдсэн төлөөлөгч аман байдлаар хурлын тэмдэглэлд тусгуулсан. С.О өөрөө сонсох ажиллагаа хийж, захирамжийн төсөл гардуулахаас өмнө ямар нэгэн тайлбар ирүүлээгүй. 2021 оны 10 дугаар сарын 16-ны өдөр сумын Засаг даргын захирамжийн төслийг танилцуулсны дараа 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон. Манай захирамж хуулийн дагуу холбогдох хугацаанд мэдэгдээд гарсан учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэг. Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг үндэслэн нэхэмжлэгчийн Э сумын Засаг даргын 2021 оны 11 сарын 16-ны өдрийн А/440 дугаартай захирамжийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна гэж дүгнэлээ.
Хоёр. Нэхэмжлэгч тал дараахь үндэслэлээр маргасан байна. Үүнд:
1. Газар эзэмшигчийн хувьд газрыг зориулалтын дагуу эзэмшиж ашиглахын тулд өөрийн хөрөнгө оруулалт, санхүүжилтийн үндсэн дээр 2.4 км зай бүхий газарт цахилгаан эрчим хүчний шугам татах, 300 мкв хэмжээ бүхий объект барих, гүний худаг гаргах, жимс тариалах хамгаалалтын зурвас болох 500 ширхэг мод тарих ажил зэрэгт нийт 300 гаруй сая төгрөгийг зарцуулсан.
2. Э сумын Засаг дарга Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт заасныг үндэслэл болгон газар эзэмших эрхийг цуцалсан. Газрыг газар эзэмшүүлэх гэрээ болон холбогдох хууль дүрэм, журамд заасны хүрээнд зориулалтын дагуу ашиглаж байсан.
3. Эзэмших эрх бүхий газарт явуулж буй үйл ажиллагааны талаар сумын Засаг дарга болон холбогдох эрх бүхий албан тушаалтанд тайлбар гаргаж холбогдох баримт бичгийг хавсралтаар хүргүүлж байсан. Э сумын Засаг дарга газар ашиглахтай холбоотой хийж буй үйл ажиллагаатай бүрэн танилцаагүй, ажлын ач холбогдлыг бүрэн шалгаж үзээгүй, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 24.4-т заасныг тус тус зөрчсөн.
4. Гэрээний ямар заалтыг зөрчсөн талаар тодорхой дурдсан байх ёстой. Ноцтой зөрчсөн бол хэрхэн яаж ноцтой зөрчсөн бэ. Удаа дараа гэж байгаа бол хугацааны давтамжийг, хэзээ мэдэгдэл өгснийг биелүүлээгүй вэ, хэд хэдэн удаа, ямар арга хэмжээ авагдсан бэ. Тус асуудлууд тодорхой биш, ойлгомжгүй байна. Энэ агуулгаар Э сумын Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн А/440 дугаар акт хуульд нийцээгүй,
5. Бут сөөг ургамал тариалсан, цахилгааны шугам татаж, барилга барьж, хашаа барьсан нь газрын хэвлийг хөндсөн. Зоорь мөн адил газрын хэвлийг хөндөнө. Зоорь барихаар яагаад татгалзаад бусад дээр нь зөвшөөрөөд байна вэ. Төрийн байгууллагаaс газар ашиглалтын аюулгүй байдал зөрчигдөөгүй байна гэсэн дүгнэлт гарсан. Тус газарт жимс, жимсгэнийн мод тариалахын хажуугаар худаг ус гаргах ажил болон нүхэн зоорины газар шорооны ажлыг гүйцэтгэж байсан. Энэхүү ажлыг гүйцэтгэсэнтэй холбогдуулан газрыг гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаагүй гэх үндэслэлээр газар эзэмших эрхийг цуцалж байгаа нь миний эрх хууль ёсны ашиг сонирхлыг шууд зөрчиж байна,
6. Газрын тухай хууль тогтоомж зөрчигдөж байгаа эсэхийг хянах зорилготой ажлын хэсэг 05 сард байгуулагдсан. Үүнийг захиргааны акт гаргах ажиллагаатай хольж хутгаж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй хэмээн тайлбарлан маргасан байна .
Гурав. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд:
-Э сумын Засаг даргын 2020 оны 04 сарын 08-ны өдрийн А/228 дугаартай захирамжаар тус сумын 5-р багийн нутаг Нуурийн хөндий нэртэй газарт байршилтай, нэгж талбарын 4104058833 дугаар бүхий, жимс жимсгэний усалгаагүй тариалангийн зориулалттай 30 га газрын эзэмших эрхийн гэрчилгээг иргэн Б.Мэндсайханаас иргэн С.От шилжүүлэн эзэмшүүлэхээр шийдвэрлэж, газрын кадастрын мэдээллийн санд бүртгэн, газар эзэмших эрхийн 000093901 дугаартай гэрчилгээ олгосон.
-2020 оны 04 сарын 09-ны өдөр газар эзэмшигч С.Отай байгуулсан Газар эзэмшүүлэх тухай гэрээний 4 дэх хэсэгт газар эзэмшигчийн үүргийг тодоррхойлсон бөгөөд 4.2-т Газрыг үр ашигтай, зохистой ашиглах, хамгаалах, байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомж болон төрийн эрх бүхий байгууллагаас газар ашиглалтай холбогдуулан тавьсан нийтлэг шаардлагыг биелүүлэх, 4.15-т Барилга, байгууламжийн төлөвлөлтийн эскиз зургийг сум болон аймгийн ерөнхий архитектороор батлуулах гэж заасан, уг гэрээний 5 дахь хэсэгт газар эзэмшүүлэгчийн үүргийг тодорхойлж, 5.3-т газрыг гэрээний зориулалтын дагуу эзэмшээгүй, энэ талаар тавьсан шаардлагыг биелүүлээгүй буюу Газрын тухай хуулийн 40.1.1-40.1.6 дугаар зүйлд заасан нөхцөл бий болсон тухайлбал: а.эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн, ...зэрэг тохиолдолд гэрээг хүчингүй болгож, хохирлыг нөхөн төлөхийг шаардах гэж заасан.
- Э сумын Засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн A/103 дугаар захирамжаар тус сумын нутаг дэвсгэрт газар эзэмшигч, ашиглагч иргэн, хуулийн этгээд газрыг зориулалтын дагуу ашиглаж гэрээний дагуу үүргээ биелүүлж байгаа эсэхэд хяналт шалгалт хийх чиг үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан, ажлын хэсгийн хяналт шалгалтын явцад 2021 oны 06 дугаар сарын 22-ны өдөр С.О өөрийн эзэмшлийн 30 га газрын хэвлийг ухаж хөндөж зориулалтын бусаар ашиглаж байгааг илрүүлэн хяналт шалгалтын тэмдэглэл үйлдэж, хөндөгдсөн газрын фото зургийг авч хавсаргасан,
-Э сумын Засаг дарга 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдөр газрын хэвлийг хөндсөн зөрчлийг арилгах мэдэгдлийг иргэн С.От гардуулан өгсөн,
- Төв аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын дарга, шинжээч Ж.Даш-яйчилын 2021 оны 6 сарын 28-ны өдөр 2021/16 дугаартай Байгал орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээний дүгнэлтээр Э сум, 5-р баг, Нуурийн хөндий хэмээх 60 га газарт хэрэгжих Э нэртэй Чацаргана, царгас болон жимс жимсгэнэ тариалах болон зоорь барих төсөлд Улсын Их Хурлын 2012 оны 5 сарын 17-ны өдрийн тогтоолоор баталсан Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ хийсний үндсэн дээр уг төслийг нөхцөл болзолтойгоор хэрэгжүүлэх боломжтой. Бусад асуудал: 1. Орон нутгийн төр захиргааны болон бусад байгууллагаас тавигдах нэмэлт шаардлагыг заасан цаг хугацаанд нь биелүүлэн чанд мөрдөж ажиллах шаардлагатай... гэсэн дүгнэлт,
-Төв аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга, байнгын шинжээч М.Отгонбатын Газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны дүгнэлт-д ...уг нэгж талбарт орчны бохирдол байхгүй, газар ашиглалтын аюулгүй байдал зөрчигдөөгүй байна гэсэн дүгнэлт, /нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд нэхэмжлэл гарсны дараа итгэмжлэгдсэн төлөөлөгч байсан н.Өсөхбаяр бид нарт авч ирж өгсөн. Газрын албанд хариуцагч талд хүргэж өгөөгүй, эх хувиар ирсэн хэмээн тайлбарласан/
- маргаан бүхий газар шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэлд газрын баруун хойд хэсэгт 18х28,5 мкв газар ухсан ба жимс хадгалах зоорь барих зориулалтаар газар ухсан гэж тайлбарлав гэсэн,
- 4104058833 нэгж талбарын дугаар бүхий 30 га газарт зоорь барих зорилгоор газрыг ухаж, газрын хэвлийг хөндсөн байдал гэх фото зураг зэрэг бичгийн нотлох баримтууд,
-нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 100 тонн багтаамтай зоорь барихаар газар шорооны ажил эхэлсэн... шүүхийн үзлэгээр 28x18 талбайтай байна гэсэн...үл хөдлөх хөрөнгө тэгш хэмт байх ёстой, тэгш хэмжээнээс доош 1м ухсан гэсэн тайлбар,
- хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Э сумын Засаг дарга нь БОАХ мэргэжилтэн, газрын даамал, иргэн С.Октябрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Өсөхбаяр нарыг оролцуулан С.О эзэмшлийн газраа зориулалтын бус ашиглаж, газрын хэвлийг хөндөж ухсан, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалтыг зөрчсөн, газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай хэлэлцэхэд С.Октябрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Өсөхбаяр зөрчлөө арилгаад цаашид зориулалтын дагуу газраа ашиглана гэдгээ аман байдлаар хурлын тэмдэглэлд тусгуулсан. С.О өөрөө ямар нэгэн тайлбар ирүүлээгүй гэсэн тайлбар зэргээр нэхэмжлэгч С.О нь газар эзэмшүүлэгч Э сумын Засаг дарга болон эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүйгээр жимс жимсгэний тариалангийн зориулалттай 30 га газарт зоорь барихаар газрын хэвлийг ухаж хөндсөн, С.От газрын хэвлий хөндсөн үйл ажиллагааг зогсоох мэдэгдлийг Э сумын Засаг дарга, Тамгын газраас өгсөн ч нэхэмжлэгчээс ямар нэг тайлбар өгөөгүй, маргаан бүхий газрыг үргэлжлүүлэн ухаж, газрын хэвлийг хөндсөн, зөрчлөө арилгаагүй болох нь тогтоогдож байна.
Дөрөв. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1-т газар эзэмшигч газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх, 35.3.2-т газрыг үр ашигтай, зохистой ашиглах, хамгаалах, байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомж болон төрийн эрх бүхий байгууллагаас газар ашиглалттай холбогдуулан тавьсан нийтлэг шаардлагыг биелүүлэх гэж, Газрын хэвлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1-т Хөрснөөс доош газрын гүн рүү үргэлжлэх орон зай, түүнийг эзлэн орших материаллаг бүх зүйлс /бүх төрлийн чулуулаг, ашигт малтмал болон геологийн бусад биет, түүнчлэн барилга байгууламж/-ийг газрын хэвлий гэнэ, 3 дугаар зүйлийн 1-т ... ашигт малтмал олборлохоос өөр зориулалтаар газар доор барилга байгууламжийг энэ хуулийн 28, 29 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй зураг төслөөр барих, шинэчлэх, өргөтгөх, ашиглалтад оруулахыг хориглоно. 41 дүгээр зүйлийн 1-т Монгол Улсын газрын хэвлий нь улсын хамгаалалтад байна гэж тус тус заажээ.
Тав. Нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэх талаар:
1. Нэхэмжлэгч С.О нь өөрийн эзэмшлийн Э сумын 5-р багийн нутаг Нуурийн хөндий нэртэй газарт байршилтай, нэгж талбарын 4104058833 дугаар бүхий, жимс жимсгэний усалгаагүй тариалангийн зориулалттай 30 га газарт эрх бүхий эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүйгээр зоорь барих зорилгоор газрын хэвлийг техникээр ухаж хөндөн Газар эзэмшүүлэх тухай гэрээний 4.2, 4.15-т заасныг зөрчсөн, хариуцагчаас түүнийг зөрчлөө арилгах мэдэгдлийг өгсөн ч зөрчлөө арилгаагүй гэрээний 4.8-т заасныг зөрчиж газар эзэмшүүлэгчээс газрын эзэмшил, ашиглалттай холбогдуулан тавьсан шаардлагыг цаг тухайд нь биелүүлээгүй, тухайн газрыг үргэлжлүүлэн ухаж газрын хэвлийг хөндсөн болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, фото зураг зэргээр тогтоогдлоо. Иймд нэхэмжлэгчийг Газрын тухай хуулийн 35.31, 35.3.2-т заасныг зөрчсөн, газар эзэмшүүлэх гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлээгүй, байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомж болон төрийн эрх бүхий байгууллагаас газар ашиглалттай холбогдуулан тавьсан нийтлэг шаардлагыг биелүүлээгүй гэж дүгнэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч нь Газар эзэмшүүлэх тухай гэрээний нөхцөл болзлыг 2 удаа зөрчсөн, тодруулбал гэрээний 4.2, 4.15-т заасан, мөн 4.8-т заасан нөхцөл болзлыг тус тус зөрчсөн, Газрын тухай хуулиар хүлээсэн үүргээ зөрчсөн болох нь тогтоогдож байх тул түүний Э сумын 5-р багийн нутаг Нуурийн хөндий нэртэй газарт байршилтай нэгж талбарын 4104058833 дугаар бүхий, жимс жимсгэний усалгаагүй тариалангийн зориулалттай 30 га газрын эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн маргаан бүхий захиргааны акт Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, 4.2.5-д заасан Захиргааны үйл ажиллагаанд баримтлах зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх тусгай зарчим-д болон хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно. 24.2.Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ гэж, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараах тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно: 40.1.1.эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн гэж тус тус заасантай нийцсэн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хариуцагчаас нэхэмжлэгчид 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдөр газрын хэвлийг хөндсөн зөрчлийг арилгах тухай хугацаатай мэдэгдэл өгсөн, 2021 оны 10 сарын 15-ны өдрийн хурлаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг оролцуулан зөрчлийг арилгаагүй тул газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай хэлэлцсэн бөгөөд үүнээс 1 сарын дараа буюу 2021 оны 11 сарын 16-ны өдөр маргаан бүхий захиргааны актыг батлан гаргах хүртэл хугацаанд нэхэмжлэгч нь газрын хэвлийг хөндсөн зөрчлөө арилгаагүй бөгөөд хариуцагчид зөрчил арилгах тухай тайлбар, хүсэлт гаргаагүй, мөн маргаан бүхий газарт хийсэн Газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны дүгнэлт, Байгал орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээний дүгнэлт зэргийг хариуцагчид хүргүүлээгүй, тухайн үнэлгээнд заасан Орон нутгийн төр захиргааны болон бусад байгууллагаас тавигдах нэмэлт шаардлагыг заасан цаг хугацаанд нь биелүүлэн чанд мөрдөж ажиллах шаардлагыг биелүүлээгүй, мөн маргаан бүхий газар зоорь барих ажлыг эхлэхээс өмнө хариуцагч болон эрх бүхий этгээдээс зохих зөвшөөрлийг аваагүй байх тул нэхэмжлэгч талын Газрыг газар эзэмшүүлэх гэрээ болон холбогдох хууль дүрэм, журамд заасны хүрээнд зориулалтын дагуу ашиглаж байсан, газарт явуулж буй үйл ажиллагааны талаар сумын Засаг дарга болон холбогдох эрх бүхий албан тушаалтанд тайлбар гаргаж холбогдох баримт бичгийг хавсралтаар хүргүүлж байсан, Э сумын Засаг дарга газар ашиглахтай холбоотой миний хийж буй үйл ажиллагаатай бүрэн танилцаагүй, ажлын ач холбогдлыг бүрэн шалгаж үзээгүй, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 24.4-т заасныг тус тус зөрчсөн, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасан үндэслэлийг барьсан атал хэвлийг хөндөж, зориулалтын дагуу ашиглаагүй, гэрээний нөхцөл болзлыг зөрчсөн тул гэсэн, гэрээний ямар заалтыг зөрчсөн, ноцтой зөрчсөн бол хэрхэн яаж ноцтой зөрчсөн, удаа дараа гэж байгаа бол хугацааны давтамжийг, хэзээ мэдэгдэл өгснийг биелүүлээгүй вэ, хэд хэдэн удаа, ямар арга хэмжээ авагдсан бэ гэсэн асуудлууд тодорхой биш, ойлгомжгүй. Төрийн байгууллагаa иргэний хүсэлт, даалгавраар бичиг баримтыг огноолж гаргадаггүй. Ажлын хэсэг яваад, газрын хэвлийг хөндөх үйл ажиллагаа явсан байна гээд тайлан мэдээ гарсны дараа Төрийн байгууллагаас газар ашиглалтын аюулгүй байдал зөрчигдөөгүй байна гэсэн дүгнэлт гарсан. Газар хөндөж байгаа үйл ажиллагаа нь жимс жимсгэнийн тариалангийн үйл ажиллагааны нэг хэсэг. Газрын тухай хууль тогтоомж зөрчигдөж байгаа эсэхийг хянах зорилготой ажлын хэсэг 05 сард байгуулагдсан. Үүнийг захиргааны акт гаргах ажиллагаатай хольж хутгаж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй, Э сумын Засаг даргын А/440 дугаартай захирамж эрх зүйн зөрчилтэй... хэмээх тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д Улсын тэмдэгтийн хураамжийг хэргийн оролцогчид хуваарилах асуудлыг энэ хуулийн 47 дугаар зүйлд заасны дагуу зохицуулна. гэж, 47 дугаар зүйлийн 47.1-д ... нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ. гэж зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3. 106.3.14 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1, 35.3.2, 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч С.Октябрийн Төв аймгийн Э сумын Засаг даргын 2021 оны 11 сарын 16-ны өдрийн А/440 дугаартай захирамжийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ОДСҮРЭН