Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 221/МА2026/0763

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Д.А-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

            Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

 

            Даргалагч: Шүүгч С.Мөнхжаргал

            Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Э.Зоригтбаатар

            Илтгэгч: Шүүгч Т.Энхмаа

 

            Давж заалдах гомдол гаргасан: Хариуцагч Л.Т;

 

Нэхэмжлэгч: Д.А

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Засаг дарга

           

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн өдрийн 41 дүгээр шийдвэр;

            Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Х,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.З, Р.М нар;

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Хатантуул

            Хэргийн индекс: 126/2026/0036/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  1. Нэхэмжлэгч Д.А нь Хөвсгөл аймгийн Засаг даргад холбогдуулан “Хөвсгөл аймгийн Засаг даргын 2026 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Б/47 дугаар захирамжийг хүчингүй болгуулах”-аар маргажээ.
  2. Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 41 дүгээр шийдвэрээр: Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, 4.2.5, 4.2.6, 26 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.А-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ.
  3. Хариуцагч Хөвсгөл аймгийн Засаг дарга П.Т давж заалдах гомдолдоо:

3.1. Хөвсгөл аймгийн Засаг даргын 2026 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Б/47 дугаар захирамжаар Жаргалант сумын Засаг дарга Д.А-д Хүүхэд хамгааллын тухай хууль тогтоомжийг хангалтгүй хэрэгжүүлж, сум, орон нутагтаа хүүхдийн аюулгүй байдлыг хангаж ажиллаагүй гэх үндэслэлээр албан тушаалын үндсэн цалинг нэг сарын хугацаанд 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан.

Нэхэмжлэгч Д.А уг захирамжийг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд анхан шатны шүүхээс нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгохоор шийдвэрлэсэн байна.

3.2. Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн хэргийн үйл баримтыг тайлбарласан үндэслэл тайлбар, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны процессын зөрчилтэй шүүхийн шийдвэр гаргасан талаар:

3.2.1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 4.1.4, 4.1.6, 4.1.8 дахь заалтад нэгжийн удирдлага, нэгж дэх төрийн удирдлага, орон нутгийн чиг үүрэг болон төлөөлөн гүйцэтгүүлэх төрийн чиг үүргийг тусад нь тодорхойлсон. Тус тодорхойлолтоор 4.1.4-т ““нэгж дэх төрийн удирдлага” гэж бүх шатны Засаг дарга харьяа нутаг дэвсгэртээ хууль тогтоомж, Засгийн газар болон харьяалах дээд шатны байгууллагын шийдвэрийг хэрэгжүүлэхээр заасан.

Мөн Төлөөлөн гүйцэтгэх чиг үүргийг нэгж дэх төрийн удирдлага буюу Засаг даргад төрөөс шилжүүлсний дагуу түүний нэрийн өмнөөс хэрэгжүүлж байгаа эдийн засаг, нийгмийн шинжтэй асуудлыг ойлгохоор хуульчилсан.

Дээрх хуулийн 27 дугаар зүйлд Нэгж дэх төрийн удирдлага буюу Засаг даргаар төлөөлөн гүйцэтгүүлэх төрийн чиг үүргийг хуульчилсан бөгөөд 27.1, 27.3, 27.4-т төрийн зарим чиг үүргийг нэгжийн удирдлагаар төлөөлөн гүйцэтгүүлэх, уг чиг үүргийн хүрээ, хязгаарлалт тайлагнах болон хяналт тавих журмыг тодорхойлох, тухайн нэгжийн чиг үүрэг, онцлогийг харгалзах зохицуулалтыг тусгасан байх бөгөөд тус хуулийн 27.5.5-д хүн амын хөгжил, хамгааллын үйлчилгээ, 27.5.16-д эрчим хүч, өндөр хүчдэлийн цахилгаан, дулааны шугам, дэд өртөөний ашиглалт, засвар үйлчилгээ, хэвийн үйл ажиллагааг хангах чиг үүргийг төрөөс төлөөлөн гүйцэтгүүлэхээр тус тус заажээ.

Иймд маргаан бүхий үйл явдалтай холбоотойгоор хүүхэд хамгааллын чиглэлээр сумын Засаг даргын хэрэгжүүлэх үүрэг, цахилгааны шугамын ашиглалт, засвар үйлчилгээ, хэвийн үйл ажиллагааг хангах нь сумын Засаг даргын үүрэг байна.

3.2.2. Хүүхдийн амь насыг хохироосон осол нь сумын Засаг дарга хуулиар хүлээсэн чиг үүргээ хангалтгүй хэрэгжүүлсэн нь тодорхой бөгөөд хүүхдийн амь нас хохирсон бодитой хор уршиг учирсныг нотолж буйг шүүх авч үзэх нь зүйтэй.

Гэтэл анхан шатны шүүх дээрх чиг үүрэг, хариуцлагын заагийг хэрхэн тогтоосон, маргаан бүхий захирамжид дурдсан зөрчлийг ямар хууль зүйн үндэслэл, нотлох баримтаар үгүйсгэсэн талаар бүрэн дүүрэн дүгнэлт хийгээгүй байна.

3.2.3. Монгол Улсын Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар дээр 5.2-т хүүхэд эрүүл өсөж бойжих, аюулгүй орчинд амьдрах эрхтэй гэж, мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д орон нутагт Хүүхдийн төлөө зөвлөлийг сумын Засаг дарга тэргүүлэхээр, 16.4.1-д хүүхдийн эрхийг хангах, эрх нь зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, хүүхэд хамгаалах, хөгжлийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд салбар дундын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах шаардлагатай арга хэмжээ авах, 17 дугаар хэлбэрээр 17.1.2-т “Бүх шатны Засаг даргын харьяа нутаг дэвсгэртээ хүүхдийн эрхийг хангах тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх арга хэмжээ авах талаар тус тус зохицуулсан байна.

Иймд 2026 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Жаргалант сумын нутаг дэвсгэрт хүчтэй салхины улмаас цахилгааны шон унаж, хоёр настай хүүхдийн амь нас хохирсон үйл явдалтай холбогдуулан сумын Засаг даргын хүүхдийн эрхийг хангах чиглэлээр хүлээсэн хуульд заасан үүргийн хэрэгжилтийг шалгаж, үнэлэх шаардлагатай байсан

3.2.4. Эрчим хүчний тухай хуульд заасан сумын Засаг даргын бүрэн эрхийн хүрээ, түүний хэрэгжилтийг үнэлээгүй Эрчим хүчний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга эрчим хүчний тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, нутаг дэвсгэрийнхээ эрчим хүчний хангамжийн талаар бодлого боловсруулан холбогдох байгууллагатай хамтран хэрэгжүүлэхээр заасан байна.

Дээрх зохицуулалтаас үзэхэд, сумын Засаг даргын эрчим хүчний салбарт хэрэгжүүлэх бүрэн эрх нь хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулах, эрчим хүчний хангамжийн асуудлаар холбогдох байгууллагатай хамтран ажиллах, хуулиар тусгайлан заасан арга хэмжээ авах хүрээнд тодорхойлогдоно. Хэрэгт авагдсан ослын талаар ажилласан комиссын дүгнэлтэд дурдсанаар, осол гарсан цахилгаан шон нь ойролцоогоор 20 жил ашиглагдсан бөгөөд өмнөх үзлэгээр хазайлттай болохыг тэмдэглэж, бүртгэл хөтөлсөн байна.

Мөн тус компанийн мэдээлэлд тухайн сумын хэмжээнд ашиглагдаж буй цахилгааны тулгууруудад үзлэг хийж, өмхөрсөн тулгууруудыг тэмдэглэн, холбогдох салбар нэгжид мэдээлэл хүргүүлж байсан талаар тусгажээ.

Иймд сумын Засаг дарга Эрчим хүчний тухай хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд холбогдох байгууллагатай хамтран ажиллаж, шаардлагатай арга хэмжээ авсан эсэхийг анхан шатны шүүх бүрэн үнэлээгүй байна.

Сумын нутаг дэвсгэрт хүчтэй салхины улмаас цахилгааны шон унаж, бага насны хүүхдийн амь нас хохирсон ноцтой ослын үйл явдал нь хүний амь нас, олон нийтийн аюулгүй байдалтай холбоотойгоор Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1-д заасан нийгмийн аюулгүй байдлыг хангахад хойшлуулшгүй нөхцөл байдал үүссэн тохиолдолд бодит байдлаар хамаарч байх бөгөөд Монгол Улсын ерөнхий сайдын 2026 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 10 дугаар албан даалгавар, Улсын онцгой комиссын даргын 2026 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 03 дугаар тушаалаар баталсан нэгдсэн удирдамжийн хүрээнд хүний амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах, орчны эрсдэлийг бууруулах чиглэлээр шат шатны Засаг дарга нарт шуурхай арга хэмжээ авч, сахилга, хариуцлагыг чангаруулж ажиллах үүрэг даалгавар өгөгдсөн байдаг.

Хариуцагчийн зүгээс 2026 оны 06 дугаар сарын 03-ны өдөр нэхэмжлэгч Д.А-тай утсаар холбогдож, гарсан ослын талаар нөхцөл байдал болон авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар тодруулж, утсаар мэдээлэл солилцон сонсох ажиллагааг хийсэн байхад анхан шатны шүүх үүнийг огт хийгээгүй гэж буруу дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Сонсох ажиллагааг зохион байгуулахад үед сумын Засаг дарга Д.А нь хүүхэд хамгааллын чиглэлээр төлөвлөгөө гаргаж, олон арга хэмжээ авч ажиллаж байгаа, энэ тухай аймгийн Засаг дарга Л.Т даргыг манай суманд ажиллах үеэр танилцуулсан. Жишээлбэл,

Хүүхдийн шүдний өвчлөлийг бууруулах арга хэмжээ зохион байгуулсан гэж тайлбарласан. Тэр үед сонсох ажиллагаа зохион байгуулагчийн зүгээс “Та төлөвлөгөө тайлангаа ирүүлээрэй” гэж хэлсэн боловч ирүүлээгүй, төлөвлөгөөг нь сумаас авч үзэхэд гудамж талбай, нийтийн эзэмшлийн талбайн эрчим хүчний гэрэлтүүлгийн шонгийн эвдрэл гэмтэлд хяналт хийх арга хэмжээ тусгагдаагүй бөгөөд энэ чиглэлээр ажил зохион байгуулаагүй байсан.

Ийм учраас сумын Засаг даргад Эрчим хүчний тухай хууль, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан төлөөлөн гүйцэтгүүлэх чиг үүрэг, Хүүхэд хамгааллын тухай хууль, Хүүхдийн эрхийн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаагүй гэж үзэж сахилгын шийтгэл ногдуулсан байтал шүүх сонсох ажиллагаа зохион байгуулаагүй, тайлбар аваагүй гэх үндэслэлээр маргаан бүхий захирамжийг хүчингүй болгосон байна.

Мөн шүүхийн шийдвэрт сумын Засаг даргад дээд шатны Засаг дарга нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 65.1-д заасныг үндэслэн “тухайн шатны Хурлын санал эсхүл өөрийн санаачилгаар дараах сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна”, 65.3.1-д “сануулах”, 65.3.2-т “Үндсэн цалинг 20 хүртэлх хувиар гурван сар хүртэлх хугацаагаар хасах”, 65.4-д “Энэхүү хуулийн 65.3-т заасны дагуу ногдуулсан хариуцлагыг шат дараалан хэрэглэнэ”. Сахилгын шийтгэлийг ногдуулахдаа хөнгөнөөс нь хүндрүүлэх зарчмаар шат дараалан хэрэглэхээр зохицуулсан байна гэж дүгнэсэн нь Д.А-г урьд нь сахилгын шийтгэл ногдуулж байгаагүй мэтээр дүгнэсэн байна.

Жаргалант сумын Засаг дарга Д.А нь өмнө нь 2026 оны сумын төсвийн төслөө Төсвийн тухай хуульд заасан 12 дугаар сарын 10-ны дотор боловсруулж сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдаа өргөн мэдүүлээгүй зөрчлийг гаргаж, аймгийн Засаг даргын захирамжаар сануулах сахилгын шийтгэл ногдуулж байсныг үнэлэхгүйгээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байсан.

Мөн шүүхийн шийдвэрт Хүүхдийн эрхийн зөрчлийн талаар нөхцөл байдлын үнэлгээ хийх нь сумын Засаг даргад хамааралгүй, хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтны чиг үүрэг гэж үзэж байгаа нь үндэслэлгүй.

Сумын Засаг дарга бол сумын нутаг дэвсгэрт бүх хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, Хүүхдийн төлөөх зөвлөл, Хүүхдийн хамгааллын хамтарсан багийг тэргүүлж ажилладгийн хувьд хүүхдийн эрхийг бүх салбарт хамгаалах чиг үүрэг сумын Засаг даргад харьяалагдаж байна. Сумын Засаг дарга Д.А нь 06 дугаар сарын 01-ний өдөр буюу бүх нийтийн амралтын өдрөөр сонсох ажиллагаа зохион байгуулсан гэж худлаа мэдээлсэн.

Хүүхдийн нас барсан асуудал нь надад огт хамааралгүй, миний анхаарах асуудал биш гэж огтхон ч харамсахгүйгээр өөрийг өмгөөлж, Жаргалант сумын цахилгаан эрчим хүчний хэрэглээг Архангай аймгийн эрчим хүчнээс хангадаг гэх мэтчилэн өөрийгөө буруугаа хүлээн зөвшөөрөхгүй үйлдэл нь Төрийн албан хаагч хүний хувьд ёс зүйн зөрчил гаргаж байгааг ч энд дурдах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй.”, мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэхээр, 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2-т нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэхээр тус тус заасан байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлага, 107 дугаар зүйлийн 107.4-т заасан нотлох баримтыг үнэлсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл болон холбогдох хэм хэмжээг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухай дүгнэлтэд нийцсэн эсэхийг давж заалдах шатны шүүхээр хянуулах шаардлагатай байна.

Иймд Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 126/ШШ2026/0041 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

  1. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2-т заасан журмын дагуу тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, үйл баримтыг зөв тогтоон, материаллаг болон процессын хуулийг зөв тайлбарлан хэрэглэж нэхэмжлэгч Д.А-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь зөв байх тул шийдвэрийг хэвээр үлдээв.
  2. Нэхэмжлэгч Д.А нь Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Засаг дарга буюу Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.2, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар төрийн улс төрийн албан тушаалтан бөгөөд маргаан бүхий актаар түүнд Хүүхэд хамгааллын тухай хуулийг хангалтгүй хэрэгжүүлж сум, орон нутагтаа хүүхдийн аюулгүй байдлыг ханган ажиллаагүй гэсэн үндэслэлээр албан тушаалын цалинг 1 сарын хугацаанд 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл оногдуулжээ.
  3.  Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3, 65.3 дугаар зүйлийн 65.3.2-т зааснаар дээд шатны Засаг дарга нь доод шатны Засаг даргад сахилгын шийтгэл ногдуулах эрх хэмжээтэй байна.
  4. Гэвч дээд шатны засаг дарга болох Хөвсгөл аймгийн Засаг дарга уг эрх хэмжээгээ хэрэгжүүлэхдээ нэхэмжлэгч Жаргалант сумын Засаг дарга Д.А-г чухам ямар хуулийн аль заалтыг хэрхэн зөрчсөн гэм буруутай болохыг тогтоогоогүй, тодорхойгүй зөрчилд Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.18, Хүүхэд хамгааллын тухай хуулийн 18 дугаар зүйл, 39 дүгээр зүйлийн 39.2 дахь хэсгийн зохицуулалтыг буюу маргааны үйл баримтад хамааралгүй заалтуудыг үндэслэн сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй байна.
  5. Учир нь Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.18 дахь хуулийн зохицуулалт нь төрийн албан хаагчийн нийтлэг үүргийн ерөнхий заалт бөгөөд Хүүхэд хамгааллын тухай хуулийн 18 дугаар зүйл нь эрсдэлт нөхцөл дэх хүүхдэд үнэлгээ хийх, төлөвлөгөө гаргах нийгмийн ажилтан, Хамтарсан багийн үйл ажиллагааг зохицуулсан байх тул сумын Засаг даргад хариуцлага тооцох хэм хэмжээнд хамаарахгүй юм.
  6. Иймд хариуцагчаас тодорхойгүй зөрчилд, тодорхойгүй хуулийн заалт баримтлан сахилгын шийтгэл ногдуулсан 2026 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Б/47 дугаар захирамж нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 40 дүгээр зүйлийн 40.2.3-т тус тус заасантай нийцээгүй талаар анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.
  7. Хэрэгт авагдсан “ЭБ ЦТС” ТӨХК-ийн 2026 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 01/522 дугаар албан бичиг, Ослын талаарх илтгэх хуудас, Дотоод хяналтын комиссын дүгнэлт болон цаг уурын станцын тодорхойлолтоор 2026 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 14:15 цагт 12-16 м/с хүчтэй салхины улмаас тус компанийн Архангай салбарын эзэмшлийн 10/0.4 кВ-ын АТП-1 дэд станцын 1 дүгээр гаргалгааны 20 жил ашиглагдсан өмхөрсөн 0.22 кВ-ын тулгуур унаж 100А автомат тасарсан боловч тус салбарын ажилтнууд “Нэгдсэн сүлжээнд гарсан аваар устгах заавар”-ын 4.1.2, 3.1.2-т заасны дагуу шугамд үзлэг хийлгүйгээр шууд гараар залгасны улмаас унасан “утас хүчдэлтэй” болж бага насны хүүхэд хүчдэлд нэрвэгдэн амь насаа алдсан нөхцөл байдал тогтоогджээ.
  8. Улмаар тус компанийн комиссын дүгнэлтийн 4.2 дахь заалтаар Архангай салбарын холбогдох ажилтнуудад “...техникийн аюулгүй байдал хангуулаагүй ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ хангалтгүй биелүүлсний улмаас Хөвсгөл аймгийн Жаргалант суманд осол гарсан” гэсэн үндэслэлээр хариуцлага тооцохоор шийдвэрлэж нэр бүхий 6 ажилтанд хариуцлага алдсан үйлдэлд нь сахилгын шийтгэл ногдуулсан байна.
  9. Мөн өмхөрсөн тогны модон тулгуур /шон/-ыг солих хөрөнгө оруулалтыг Эрчим хүчний сайд, Сангийн сайдын 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн А/24 дугаартай хамтарсан тушаалаар улсын төсвөөр шийдвэрлэхээр тендер зарласан баримтуудаар Эрчим хүчний тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д зааснаар уг шугам сүлжээний техникийн ашиглалт, аюулгүй ажиллагаа нь тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээд болох “ЭБ ЦТС” ТӨХК-ийн чиг үүрэг болох нь нотлогдож байна.
  10. Иймд хариуцагчийн “...Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5.16, Хүүхэд хамгааллын тухай хууль, Эрчим хүчний тухай хууль, Хүүхдийн эрхийн тухай хууль, Гамшгаас хамгаалах тухай хуулийн заалтуудыг үндэслэн эрчим хүчний байгууллагын ажилтнуудын техникийн горим зөрчсөн үйлдлээс үүдэлтэй ослыг сумын Засаг даргад хамааруулж, Хөвсгөл аймгийн Цагдаагийн газраас 2638003ХХ дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж буй асуудлаар эцсийн дүгнэлт гараагүй байхад нэхэмжлэгчийг “...хүүхдийн амь нас хохирсон осол нь сумын Засаг даргын хуулиар хүлээсэн үүргээ хангалтгүй хэрэгжүүлсэн” гэж буруутгасан нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.6-д заасан зарчимд нийцээгүй.
  11. Түүнчлэн хариуцагч нь 2026 оны 06 дугаар сарын 01-ний бүх нийтээр тэмдэглэх баярын өдөр буюу амралтын өдөр утсаар ярьж, 2026 оны 06 дугаар сарын 03-ны өдөр маргаан бүхий захирамжийг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.1, 27.2, 27.4-т заасан сонсох ажиллагааны журмыг зөрчсөн нь шийдвэрийн агуулгад нөлөөлөхүйц процессын алдаанд хамаарч байна.
  12. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3, 32.8-д зааснаар захиргааны актын үндэслэлийг нотлох үүрэг хариуцагчид хамаарах бөгөөд хариуцагч нь өөрт байгаа баримтыг гаргаж өгөөгүй нь шүүхийг нотлох баримт цуглуулаагүй гэж буруутгах үндэслэл болохгүй юм.
  13. Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 126/ШШ2026/0041 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасныг баримтлан хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                                              С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                                               Э.ЗОРИГТБААТАР

ШҮҮГЧ                                                               Т.ЭНХМАА