Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 12

 

 

 

 

 

 

 

 

 

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Мөнхтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож

Улсын яллагч  Г.Энхмаа

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Оюун-Эрдэнэ нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн  215 дугаар  зүйлийн 215.3  дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бямбацогтын Батчимэгт холбогдох эрүүгийн 201619000735 дугаартай хэргийг 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1988 оны 07 дугаар сарын 14-ний өдөр төрсөн, эмэгтэй, 28 настай, дээд боловсролтой цэцэрлэгийн багш  мэргэжилтэй, Төв аймгийн Жаргалант сумын Дэжид цэцэрлэгийн багш ажилтай, ам бүл 4, нөхөр 2 хүүхдийн хамтаар Төв аймгийн Жаргалант сумын Өгөөмөр 2 дугаар багийн Хонхорын 3-05 тоотод оршин суух, Түнжин овогт Бямбацогтын Батчимэг РД /НН:88071462/

           

Холбогдсон хэргийн талаар: / Яллах дүгнэлтэнд дурдагдсанаар/

 

Шүүгдэгч Б.Батчимэг нь 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 17 цагийн орчимд Төв аймгийн Жаргалант сумын  Буурлын 1 дүгээр багийн нутаг “Гахайн амны дээд эх” гэдэг газарт “Тоёота Королла” маркийн 28-41ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөн эхлэхдээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7 дугаар бүлгийн 7.6 дахь заалтыг зөрчсөний улмаас иргэн Д.Ганболдыг дайрч улмаар амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч  Б.Батчимэг нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 11 цагийн үед Төв аймгийн Жаргалант сумын төвийн “Гахайн амны дээд эх” гэх газарт “Дэжид” цэцэрлэгийн багш ажилчид, хүүхдүүдийн ээж, аавын хамтаар “Алтан намар” ургацын баяр тэмдэглэх гээд явсан байгаа. Энэ арга хэмжээ тэр өдрийн 16 цагийн орчимд өндөрлөөд дараа нь багш ажилчид ойр орчмынхоо хогийг цэвэрлэсэн. Энэ үед талийгаач Ганболд ах архи их ууж тасраад газар хэвтэж байсан ба Ганболд ахыг манай багш Болорчимэг машиндаа суулгаад аваад явлаа гэж бодож байсан. Би нөхөр Э.Баттуулын “Тоёота Королла” маркийн 28-41 ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй явж байсан юм. Бид хэдийг хог түүгээд явж байхад манай хоёр хүүхэд надад “ээжээ гар даараад байна, шээмээр байна” гэхээр нь хоёр хүүхдээ бие засуулаад машинд суулгахад Бат-Эрдэнэ ах “цаана байгаа ногоон машиныг чирээд өгөөч” гэхээр нь машиндаа суугаад жолоогоо зүүн тийш дараад хөдөлтөл машины зүүн урд хэсэгт хүн хэвтэж байсныг мэдэлгүй баруун урд дугуйгаар дайрчихсан. Машины баруун урд дугуй тэр үед өндөлзсөн. Машинаасаа буугаад яав юу болов гээд очиход талийгаачийн дух нь шалбарсан байдалтай эвхрээд хэвтэж байсан ба би шалбархайг нь нойтон сальфеткаар арчиж цэвэрлэж байхад талийгаач бөөлжсөн. Тэгээд би талийгаачийг Бат-Эрдэнэ, Чинбат хоёроор өргүүлээд сумын төвийн эмнэлэг оруулж өгсөн ба талийгаач замдаа ёолоод байсан. Эмнэлэг дээр ирээд талийгаач удалгүй нас барсан. Хэрэг гарах тэр үед би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан.  Би талийгаачийн ар гэрт оршуулгын зардалд 2 472 760  /Хоёр сая, долоон зуун далан хоёр мянга долоон зуун жар/ төгрөг,  бүтэн үхрийн болон ямааны мах, 16 945 500 /Арван зургаан сая, есөн зуун дөчин таван мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий 5*7 хэмжээтэй өвлийн байшин бариулж өгсөн. Талийгаачийн ар гэрийнхний банкнаас зээлж авсан 4 428 000 /Дөрвөн сая дөрвөн зуун хорин найман мянга/ төгрөгийн зээлийг нь төлж барагдуулсан. Мөн 1.5 / Нэг сая таван зуун мянга/ төгрөгийг талийгаачийн хоёр хүүхдийн дансанд болон ар гэрийнх нь ахуйн хэрэгцээнд зориулж бэлнээр өгсөн. Бас хавар болохоор 1 га газарт төмс тарьж өгөхөөр болсон. Талийгаачийн гэр бүлийнхэн надад санал гомдол, нэхэмжлэх зүйлгүй гэсэн. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хэргийг маань хөнгөнөөр шийдэж өгнө үү гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Атарцэцэгийн мөрдөн байцаалтанд өгсөн: Манай нөхөр Д.Ганболд нь Төв аймгийн Жаргалант сумын Дэжид цэцэрлэгт галч манаачаар ажилладаг байсан ба 2016 оны 10 дугаар сарын 07-ны өглөө Алтан намар ургацын баяр тэмдэглэнэ, 2 ямааны мах эвдэнэ гээд явсан. Тэр өдрийн 14 цагийн орчимд талийгаач нөхөр маань охинруугаа аав нь хөдөө байна гэж ярьсан байгаа юм. Тэрнээс хойш дахин холбоо бариагүй. Тэгээд 17 цагийн орчимд намайг ажил дээрээ байхад эмнэлэгээс танай нөхөр эмнэлэг дээр ухаан алдаад ирсэн. Хурдан ир гэхээр нь яваад очиход нөхөр маань нас барсан байсан. Би гомдолтой байна. Батчимэг надад оршуулгын зардалд 2 472 760  /Хоёр сая, долоон зуун далан хоёр мянга долоон зуун жар/ төгрөг, болон бүтэн үхэр, ямааны мах, 5*7 хэмжээтэй байшин барьж өгч байгаа ба бид банкинд 4 000 000/ Дөрвөн сая/ төгрөгийн өртэй байгаа. Түүнийгээ Батчимэгээр төлүүлмээр байна гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 хуудас/

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Атарцэцэг нь шүүхэд ирүүлсэн тодорхойлолтондоо: Б.Батчимэг нь оршуулгын зардлыг бүрэн төлж барагдуулсан, мөн 7*5 харьцаатай өвлийн байшин, 3*5 харьцаатай таамбар барьж өгсөн. Төрийн банкнаас авсан цалингийн зээл болох 4 428 000 төгрөгийг маань төлж барагдуулсан. Хоёр хүүхдийн дансанд 1000 000 төгрөгийг, ахуйн хэрэгцээнд 500 000 төгрөгийг тус тус бэлнээр өгсөн. 2017 оны хавар нэг га газарт төмс тарьж өгөхөөр болсон. Надад Б.Батчимэгээс нэхэмжлэх зүйл, санал гомдол байхгүй тул шүүх хуралд оролцохгүй. Батчимэгт хөнгөн ял оногдуулж өгнө үү гэжээ. 

 

Иргэний хариуцагч Э.Баттуулын мөрдөн байцаалтанд өгсөн: Б.Батчимэг бол миний эхнэр бөгөөд Тоёота Королла маркийн 28-41 ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл юм. Эхнэр бид хоёр хохирогчийн ар гэрт 2 470 000  төгрөг, бүтэн үхэр, ямааны мах, 5*7 харьцаатай өвлийн байшин бариулж өгч байгаа гэх мэдүүлэг /хх-ийн 22 хуудас/

 

Гэрч З.Чинбатын мөрдөн байцаалтанд өгсөн: 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 11 цагийн үед Төв аймгийн Жаргалант сумын төвийн “Гахайн амны дээд эх” гэх газарт “Дэжид” цэцэрлэгийн багш ажилчид, хүүхдүүдийн ээж, аавын хамтаар “Алтан намар”ургацын баяр тэмдэглэх гээд очсон юм. Тэнд бид хэд уралдаан тэмцээн явуулж, хоёр ямаагаар боодог хийсэн. Талийгаач нилээд архи уугаад ухаангүй газар унтаж байсан. Би босгох гэсэн боловч босоогүй. Багш ажилчид үлдээд тэр хавийн хогийг цэвэрлээд би хорхог хийсэн галаа унтраах гээд усанд яваад ирэхэд хүмүүс үймэлдээд “Батчимэг багш дарчихлаа шүү дээ” гэж байсан ба харахад Батчимэг багшийн машин байсан. ...Талийгаачийг машинд хийгээд галч Бат-Эрдэнэ, багш Цэцэгээ бид нар сумын эмнэлэг авч явсан. Эмнэлэг дээр ирэхэд эмч үзээд наад хүн чинь нас барчихсан байна шүү дээ  гэж хэлсэн гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 хуудас/

 

Гэрч Х.Бат-Эрдэнийн мөрдөн байцаалтанд өгсөн: 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Төв аймгийн Жаргалант сумын төвийн “Гахайн амны дээд эх” гэх газарт “Дэжид” цэцэрлэгийн багш ажилчид, хүүхдүүдийн ээж, аавын хамтаар “Алтан намар”ургацын баяр тэмдэглэх гээд очсон юм. Баярын арга хэмжээ дуусаж... Төмрөө гэх залуугийн ногоон өнгийн суудлын машин асахгүй байсан болохоор Батчимэгийн аккумляторыг гуйж холбоод асаах гэсэн ч асаагүй. Тэгээд асаах гээд  би айлруу яваад ирэхэд манай ажлынхан бужигналдаад “дайрчихлаа шүү дээ” гэлцээд талийгаач тухайн үед газар хэвтэж байсан ба хажууд Батчимэг багшийн машин байж байсан. Өөр тээврийн хэрэгсэл байгаагүй. Тэгээд Чинбат бид хоёр талийгаачийг Батчимэгийн машинд өргөж оруулаад сумын төвийн эмнэлэгрүү авч явсан. Талийгаач замдаа ёолж байгаад сүүлдээ дуугархаа больсон ба эмнэлэг дээр ирээд удалгүй нас барсан гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 хуудас/

 

Гэрч Т.Болормаагийн мөрдөн байцаалтанд өгсөн: 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр манай цэцэрлэгийн багш ажилчид арга хэмжээгээ дуусгаад орчин тойрныхоо хогийг цэвэрлэж байхад зарим нь машиндаа суучихсан байхаар нь би “бууж хогоо түү” гээд хэлээд явж байтал хойно хүн орилох шиг болсон. Тэгэхээр нь гүйгээд очиход Батчимэгийн машины хаалга дэлгээтэй, дугуй нь Ганболдруу бага зэргийн чиглэсэн эргэлттэй, Батчимэг талийгаачийн урд талд нь гарчихсан, нэг эрэгтэй хүн талийгаачийн толгойг түшсэн байж байсан. Тэгээд талийгаачийг Батчимэгийн машинд суулгаад сумын төврүү явсан. Би араас нь өөрийнхөө машинтай дагасан. Эмнэлэг дээр ирэхэд талийгаачийн эхнэр Атарцэцэгийг дууд гэсэн. Биднийг дуудахаар гарахад Атарцэцэг өөдөөс зөрөөд ороод ирсэн. Тэгээд Атарцэцэг эмнэлэгрүү ороод буцаж гарч ирэхдээ “байхгүй болчихсон байна шүү дээ” гэж хэлсэн гэх мэдүүлэг /хх-ийн 27 хуудас/

 

Гэрч Ү.Цэцэгмаагийн мөрдөн байцаалтанд өгсөн: 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 11 цагийн үед Төв аймгийн Жаргалант сумын төвийн “Гахайн амны дээд эх” гэх газарт “Дэжид” цэцэрлэгийн багш ажилчид, хүүхдүүдийн ээж, аавын хамтаар “Алтан намар”ургацын баяр тэмдэглэх гээд очсон юм. Тэнд очоод уралдаан тэмцээн зохион явуулж ширээ засаж идэж ууцгаасан ба дараа нь ойр орчмынхоо хогийг цэвэрлэсэн. Тэр үед талийгаач Ганболд ах газар унтаж байсан. Би түүний хажуугаар хог цэвэрлээд явж байтал гэнэт машин асаад хаазлах шиг болоод “түг” гэсэн чимээ гарахаар нь эргээд хартал Батчимэг машинаараа талийгаачийг дайрсан байдалтай зогсож байсан. Батчимэг машинаас буугаад талийгаачийг босгох гэж суганаас нь өргөөд газар суулгах гэж байсан. Талийгаачийн дух, хамар орчимд шалбарч шархнаас нь цус гарч ёолоод байсан. Ингээд талийгаачийг сумын төвийн эмнэлэгрүү хүргэх гээд Батчимэг машинаа жолоодоод би хажууд нь суугаад ард Чинбат, Бат-Эрдэнэ ах хоёр талийгаачийг түшээд авч явсан ба замд талийгаач ёолж байгаад чимээгүй болсон. Эмнэлэг дээр ирэхдээ бид талийгаачийг нас барсан байсан үгүйг нь бид мэдээгүй гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 хуудас/

 

Гэрч Д.Бямбажавын мөрдөн байцаалтанд өгсөн: 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр өв аймгийн Жаргалант сумын төвийн “Гахайн амны дээд эх” гэх газарт “Дэжид” цэцэрлэгийн багш ажилчид, хүүхдүүдийн ээж, аавын хамтаар “Алтан намар”ургацын баяр тэмдэглэх гээд очсон юм. Тэнд очоод уралдаан тэмцээн зохион явуулж ширээ засаж идэж ууцгаасан. Баярын арга хэмжээ өндөрлөөд бид хэд хог цэвэрлэж байхад Ганболд нилээн согтуу газар хажуугаараа хэвтээд унтаж байсан. .... эрхлэгч Болормааг хогоо түүцгээ гэхээр нь би машинаас буугаад охиноо авах гэж байтал ард хүмүүс орилолдоод явчихаар нь эргээд хартал хүмүүс талийгаачийг тойрчихсон байсан. Батчимэг багш талийгаачийн духыг нойтон сальфеткаар арчаад дараа нь машиндаа суулгаад Бат-Эрдэнэ, Чинбат хоёрын хамтаар сумын төвийн эмнэлэгрүү явсан гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 хуудас/

 

Гэрч Д.Бат-Өлзийгийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...Хэрэг гарах тэр өдөр би өөрийнхөө машинд Бямбажав, Хишигсүрэн, Отгонцэцэг гэсэн багш  нарын хамтаар сууж байтал эрхлэгч хогоо түүцгээ гэх тэр үед хүмүүс орилолдоод явчихсан. Бид хэд машинаас буугаад очиход Батчимэг багш талийгаачийг өвөр дээрээ тэвэрчихсэн сууж байсан ба талийгаачийн духан дээр бага зэрэг шалбарч цус гарсан байсан. Тэгээд Батчимэг багшийн машинд Бат-Эрдэнэ, Чинбат хоёр талийгаачийг өргөж суулгаад  сумын эмнэлэгрүү авч явсан. Бид хэд араас нь хөдлөөд сумын эмнэлэг дээр ирэхэд талийгаачийг нас барчихсан гэж байсан гэх мэдүүлэг /хх-ийн 33 хуудас/

 

Гэрч Ц.Отгонцэцэгийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... Бямбажав, Хишигсүрэн, бид хэдийг Бат-Өлзий багшийн машинд сууж байтал эрхлэгч машины цонх цохиод хогоо түүцгээе гээд бид хэдийг машинаас буух үед хүмүүс орилолдоод явчихсан. Бид хэдийг очиход Батчимэг багш талийгаачийг өвөр дээрээ тэвэрчихсэн сууж байсан ба талийгаачийн духан дээр бага зэрэг шалбарч цус гарсан байсан. Тэнд байсан хүмүүсээс хэн нэг нь “Батчимэгийн машин гүперээрээ талийгаачийн толгойг дайрчихлаа” гэж байсан. Би дайрч байхыг нь хараагүй. Тэгээд сумын төвийн эмнэлэгрүү аваад явсан гэх мэдүүлэг /хх-ийн 35 хуудас/

 

Шүүх шинжилгээний албаны 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 147 тоот:

 

 1. Амь хохирогч Д.Ганболдын биед элэгний задарсан шарх, цээж хэвлийн хөндий дэх сул цус, дэлүүний холбоост цус хуралт, цээжний хэнхэрцэгийн баруун талд 5,6,7 дугаар хавирганууд, өвчүү, ясанд хугарал, булчинд цус хуралт, духанд шарх, дух, зүүн сарвуу, хамарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Амь хохирогчийн биед уушгины сүрьеэ, зүрхний булчинд сорвижилтод өөрчлөлттөй байсан байна. Энэ нь үхэлд нөлөөлөхгүй.

4. Амь хохирогч нь цээж хэвлийн битүү гэмтлийн улмаас дотуур цус алдаж зүрх амьсгалын дутагдалд орж нас барсан байна. Нас бараад 12-24 цаг болсон байх боломжтой.

5.Амь хохирогчийн цусанд 4,2 промили спиртийн агууламж илэрсэн байна. Энэ нь согтолтын хүнд зэрэгт хамаарна.

6.Амь хохирогч нь 6 дугаар бүлгийн цустай байсан байна гэх дүгнэлт /хх-ийн 32-33 хуудас/

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 8929 тоот:

 

Шинжилгээнд ирүүлсэн Д.Ганболдын гэх цусанд 4,2 хувийн промилли спиртийн агууламж илэрсэн гэх дүгнэлт /хх-ийн 39 хуудас/

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 8930 тоот:

Д.Ганболдын гэх шингэн цус 1 дүгээр бүлгийн харьяалалтай байна гэх дүгнэлт /хх-ийн 40 хуудас/

 

            Төв аймаг дахь Замын Цагдаагийн тасгийн шинжээчийн 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 00000113 тоот:

 

Тоёота Королла маркийн 28-41 ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг жолоодож явсан  Б.Батчимэг нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн байна. Иргэн Б.Батчимэг нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.6” Жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам, орчны байдлыг биеэр шалгаж, байр эзлэх, хөдөлгөөний чиг өөрчлөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалт зөрчсөн байх үндэслэлтэй.

Тээврийн хэрэгсэл жолоодогч Б.Батчимэг нь хөдөлгөөн эхлэхдээ зам, орчны байдлыг биеэр шалгаж тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөнийг эхлүүлээгүй тул зам тээврийн осол гарсан байх үндэслэлтэй.

Тоёота Королла маркийн 28-41 ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгсэлийн хурдыг тогтоох боломжгүй гэх дүгнэлт /хх-ийн 50 хуудас/

 

“Хан үнэлэмж” ХХК-ны Төв аймгийн Жаргалант сумын 1 дүгээр баг Буурлын билүүтийн 17 дугаар гудамж, 09 тоотод байрлах нэг давхар хувийн сууцыг 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн байдлаарх үнэлгээгээр 16 945 500/ Арван зургаан сая, есөн зуун дөчин таван мянга, таван зуу/ төгрөгөөр үнэлсэн тухай үнэлгээ, байшингийн гэрэл зургийн үзүүлэлтүүд, бусад баримтууд /хх-ийн 54-66 хуудас/

 

Шүүгдэгч Б.Батчимэгийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 80 хуудас/ зэрэг болно.

 

Хавтаст хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Батчимэг нь 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 17 цагийн орчимд Төв аймгийн Жаргалант сумын  Буурлын 1 дүгээр багийн нутаг “Гахайн амны дээд эх” гэдэг газарт “Тоёота Королла” маркийн 28-41 ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөн эхлэхдээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7 дугаар бүлгийн 7.6 дахь заалтыг зөрчсөний улмаас иргэн Д.Ганболдыг дайрч улмаар амь насыг нь хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Шүүгдэгч Б.Батчимэгийн.... би машиндаа суугаад жолоогоо зүүн тийш дараад хөдлөхдөө машины зүүн урд хэсэгт хүн хэвтэж байсныг мэдэлгүй баруун урд дугуйгаар дайрчихсан. Тэр үед машины баруун урд дугуй өндөлзсөн. Машинаасаа буугаад яав юу болов гээд очиход талийгаачийн дух нь шалбарсан байдалтай эвхрээд хэвтэж байсан гэх мэдүүлэг /хх-ийн 75 хуудас/, гэрч З.Чинбатын ...талийгаач нилээд архи уугаад ухаангүй газар унтаж байсан. Би босгох гэсэн боловч босоогүй. Намайг усанд яваад ирэхэд хүмүүс үймэлдээд “Батчимэг багш дарчихлаа шүү дээ” гэж байсан ба харахад Батчимэг багшийн машин тэнд байсан. Эмнэлэг дээр ирэхэд эмч үзээд наад хүн чинь нас барчихсан байна шүү дээ  гэж хэлсэн гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 хуудас/, гэрч Х.Бат-Эрдэнийн....манай ажлынхан бужигналдаад дайрчихлаа шүү дээ гэлцээд байхаар нь хартал Талийгаач газар хэвтсэн, хажууд нь Батчимэг багшийн машин байж байсан. Өөр тээврийн хэрэгсэл байгаагүй. Тэгээд Чинбат бид хоёр талийгаачийг Батчимэгийн машинд өргөж оруулаад сумын төвийн эмнэлэгрүү авч явсан. Талийгаач замдаа ёолж байгаад сүүлдээ дуугархаа больсон ба эмнэлэг дээр ирээд удалгүй нас барсан гэх мэдүүлэг/хх-ийн 25-26 хуудас/, гэрч Т.Болормаагийн....намайг хүмүүсийг “бууж хогоо түү” гээд хэлээд явж байтал хойно хүн орилох шиг болсон. Тэгэхээр нь гүйгээд очиход Батчимэгийн машины хаалга дэлгээтэй, дугуй нь Ганболдруу бага зэргийн чиглэсэн эргэлттэй, Батчимэг талийгаачийн урд талд нь гарчихсан, нэг эрэгтэй хүн талийгаачийн толгойг түшсэн байж байсан гэх мэдүүлэг /хх-ийн 27 хуудас/, гэрч Ү.Цэцэгмаагийн ...Тэр үед талийгаач Ганболд ах газар унтаж байсан. Би түүний хажуугаар хог цэвэрлээд явж байтал гэнэт машин асаад хаазлах шиг болоод “түг” гэсэн чимээ гарахаар нь эргээд хартал Батчимэг машинаараа талийгаачийг дайрсан байдалтай зогсож байсан. Батчимэг машинаас буугаад талийгаачийг босгох гэж суганаас нь өргөөд газар суулгах гэж байсан. Талийгаачийн дух, хамар орчимд шалбарч шархнаас нь цус гарч ёолоод байсан. Ингээд талийгаачийг сумын төвийн эмнэлэгрүү хүргэх гээд Батчимэг машинаа жолоодоод би хажууд нь суугаад ард Чинбат, Бат-Эрдэнэ ах хоёр талийгаачийг түшээд авч явсан ба замд талийгаач ёолж байгаад чимээгүй болсон гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 хуудас/, гэрч Д.Бямбажавын... ард хүмүүс орилолдоод явчихаар нь эргээд хартал хүмүүс талийгаачийг тойрчихсон байсан. Батчимэг багш  талийгаачийг машиндаа суулгаад Бат-Эрдэнэ, Чинбат хоёрын хамтаар сумын төвийн эмнэлэгрүү явсан гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 хуудас/, гэрч Д.Бат-Өлзийгийн...Хэрэг гарах тэр өдөр эрхлэгч биднийг хогоо түүцгээ гэх тэр үед хүмүүс орилолдоод явчихсан. Батчимэг багш талийгаачийг өвөр дээрээ тэвэрчихсэн сууж байсан ба талийгаачийн духан дээр бага зэрэг шалбарч цус гарсан байсан гэх мэдүүлэг /хх-ийн 33 хуудас/, гэрч Ц.Отгонцэцэгийн... бид хэдийг машинаас буух үед хүмүүс орилолдоод явчихсан. Батчимэг багш талийгаачийг өвөр дээрээ тэвэрчихсэн сууж байсан ба талийгаачийн духан дээр бага зэрэг шалбарч цус гарсан байсан. Тэнд байсан хүмүүсээс хэн нэг нь Батчимэгийн машин гүперээрээ талийгаачийн толгойг дайрчихлаа  гэж байсан гэх мэдүүлэг /хх-ийн 35 хуудас/, Шүүх шинжилгээний албаны ... Амь хохирогч Д.Ганболдын биед элэгний задарсан шарх, цээж хэвлийн хөндий дэх сул цус, дэлүүний холбоост цус хуралт, цээжний хэнхэрцэгийн баруун талд 5,6,7 дугаар хавирганууд, өвчүү, ясанд хугарал, булчинд цус хуралт, духанд шарх, дух, зүүн сарвуу, хамарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Амь хохирогч нь цээж хэвлийн битүү гэмтлийн улмаас дотуур цус алдаж зүрх амьсгалын дутагдалд орж нас барсан байна гэх дүгнэлт /хх-ийн 32-33 хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэв.

 

Аймгийн Прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон  байх тул шүүгдэгч Б.Батчимэгийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж  зөрчсөний  улмаас бусдын амь насыг хохироосон  гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцож, түүнд хуульд зааснаар ял оногдуулах нь үндэслэлтэй байна гэж үзэв.

 

Хохирлын талаар:

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Атарцэцэг нь шүүгдэгч Б.Батчимэгээс оршуулгын зардал болон бусад хохирол төлбөрөө бүрэн барагдуулж авсан нэхэмжлэх зүйл, санал гомдол байхгүй гэсэн тодорхойлолтыг шүүхэд ирүүлсэн,  шүүгдэгч Б.Батчимэг нь  бусдад төлөх төлбөргүй байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх хохирол төлбөрийн асуудал байхгүй байна.

 

Хавтаст хэргийн 80 дугаар хуудсанд авагдсан ял шалгах хуудсаар Б.Батчимэг нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Б.Батчимэгийн тохиолдлын чанартай нөхцөл байдлын улмаас  Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүндэвтэр гэмт хэргийг анх удаа үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохиролоо сайн дураар нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж буй байдал, бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан гэмт хэрэг үйлдсэн даруйдаа хохирогчид эмнэлэгийн тусламж үзүүлэхээр авч явсан нөхцөл байдлуудыг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9, 55.1.10 дахь хэсгүүдэд заасан ял оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөл байдлуудад тооцов.

Шүүгдэгч Б.Батчимэгийн үйлдэлд Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 55 дугаар зүйлд заагдсан ял оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлийн талаар:

 

Иргэний  хариуцагч Э.Баттуулын “Тоёота Королла” маркийн 28-41 ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Б.Батчимэгийн 820284 дугаартай жолоочийн үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлж, 28-41 ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгсэлийн 00692447 дугаартай гэрчилгээг хууль ёсны эзэмшигчид буцаан олгож шийдвэрлэв.

Энэ хэрэгт иргэний бичиг баримтаар болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Б.Батчимэг нь урд цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Батчимэг нь нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, түүний ар гэр, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролыг нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж буй байдал зэргийг харгалзан түүнд оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж хянан харгалзах нь зүйтэй байна.

 

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн  283, 284, 286, 290, 294, 295, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-1.4, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Бүүвэй овгийн Бямбацогтын Батчимэгийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж  зөрчсөний  улмаас бусдын амь насыг хохироосон  гэмт хэргийг үйлдсэн, гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар Б.Батчимэгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жилийн хугацаагаар  хасч, түүнийг  03 жил  06 сарын  хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Б.Батчимэгт оногдуулсан 03 жил 06 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт зааснаар Б.Батчимэгт оногдуулсан 03 жил 06 сарын хорих ялыг оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг  02 жилийн хугацаагаар хойшлуулсугай.

 

5. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5 дахь хэсэгт тус тус зааснаар ялтан Б.Батчимэгт  хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолыг хойшлуулсан хугацаанд хяналт тавьж ажиллахыг Төв аймгийн  Цагдаагийн газарт үүрэг болгож, тэнсэгдсэн ялтан Б.Батчимэг нь хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолыг хойшлуулсан хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биелчлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэх болохыг дурьдсугай. 

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Батчимэгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

 

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар  шийтгэх  тогтоол хүчин төгөлдөр болмогц  иргэний хариуцагч Э.Баттуулын эзэмшлийн “Тоёота Королла” маркийн 28-41 ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг битүүмжилсэн байгаа мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгосугай.

 

8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хураагдаж ирсэн иргэний нэхэмжлэгч Э.Баттуулын эзэмшлийн 28-41 ТӨВ улсын дугаартай “Тоёота Королла” маркийн тээврийн хэрэгсэлийн 00692447 дугаартай гэрчилгээг хууль ёсны эзэмшигчид нь буцаан олгохыг, ялтан Б.Батчимэгийн  №820284 дугаарын жолооны үнэмлэхийг  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэхийг шүүгчийн туслах Б.Байгалмаад тус тус даалгасугай.

 

9. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, ялтан Б.Батчимэг нь урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

 

10. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол  шүүгдэгч  Б.Батчимэгт  авсан бусдын батлан даалтанд өгөх тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

11. Эрүүгийн байцаан шийтгэх  хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэхь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

12. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтан Б.Батчимэгт авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх болохыг дурьдсугай.

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                           Ж.МӨНХТУЯА