Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 213/МА2018/00019

 

*******ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Т.Даваасүрэн, Г.Уламбаяр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 131/ШШ2018/00342 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч *******д холбогдох

Худалдах худалдан авах гэрээний үүрэг 14.805.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэхэмжлэгч *******ийн давж заалдсан гомдлыг үндэслэн хэргийг 2018 оны 5 дугаар сарын 9-ний өдөр хүлээн авч шүүгч Г.Уламбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов.

Нэхэмжлэгч *******аас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие Баянхонгор аймгийн 1 дүгээр багт байрлах Есөн-Эрдэнэ зах дээр хүнсний худалдаа эрхэлдэг. 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр ******* нь хүнсний бүтээгдэхүүн, жимс зэрэг 9.870.000 төгрөгийн үнэ бүхий барааг зээлээр худалдан авч борлуулахаар тохиролцож авсан. Түүнээс хойш тохиролцсон хугацаад мөнгөө төлөөгүй учир хугацаа тохиролцон 2015 оны 10 сарын 31-ний дотор төлж барагдуулна гэсэн хэлцэл хийсэн боловч одоог хүртэл төлбөрөө төлөөгүй ба бараа зээлээр авсан тухай хэлцэл бичгээр хийсэн. Үндсэн зээлийн алдагдал бүтэн жилээр бодоход 18.012.750 төгрөг болж байгаа ба үүнийг хуулинд нийцүүлэн, үндсэн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байхаар тооцон 4.935.000 төгрөг болж байна. Иймд *******гаас үндсэн зээл 9.870.000 төгрөг, алданги 4.935.000 төгрөг, нийт 14.805.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч *******аас анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

*******тай би 10 гаран жил найзалж байгаа. ******* нь энэ хугацаанд надаас хүнсний бараа зээлээр цувуулж авч байсан. Бараа авахдаа зарим үедээ мөнгийг нь өгдөг байсан зарим үедээ зээлдэг байсан. Тэгээд өмнөх өгөөгүй үлдэгдэл өрнүүд хурамтлагдсаар байгаад 10.870.000 төгрөгийн өр үлдсэн. Тэгээд би *******тай ярилцаад миний хар дэвтэр дээр бичсэн. Тухайн үед ******* над руу 1.000.000 төгрөг хийгээд 9.870.000 төгрөгийн өр үлдсэн учраас миний тооцоо бичсэн дэвтэр дээр гарын үсэг зурсан. Мөн гэрээ, хэлцэл дээр гарын үсэг зурсан. Миний нэхэмжилж байгаа мөнгө нь ганцхан өдөр бараа өгсөн биш харин ******* нь надаас олон жил бага багаар бараа авч байсан учраас тухайн авсан барааныхаа үнийг нэхэмжилж байгаа. Гэтэл ******* нь ганцхан өдөр 9.870.000 төгрөгийн бараа авах үндэслэл байхгүй манай дэлгүүрт ийм бараа байхгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж ярьж байна.

Мөн ******* нь мөнгөө өгдөггүй болохоор би бараа нийлүүлэхээ больсон. Би мөнгөө удаа дараа нэхэж очиход ******* нь Манай хүүхэд хөдөө алт олборлохоор чулууны нүх авсан учраас тэрнээс ашиг олвол чиний мөнгийг өгнө чи хүлээж байгаарай гэж хэлээд намайг хуураад явуулдаг байсан. Би мөнгөө нэхэж очихдоо хүнтэй очдог байсан учраас тухайн хүнээ гэрчээр асуулгасан байгаа гэв.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан тайлбартаа:

Миний бие нь нэхэмжлэгч *******аас 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 9.870.000 төгрөгийн бараа авч 2014 оны 10 дугаар сарын 31-ний дотор төлж барагдуулна гэж 2014 оны 11 сарын 20-ны өдөр төлбөр барагдуулах тухай хэлцэл дээр гарын үсэг зурж тохиролцсон зүйл байхгүй. Нэхэмжлэгч *******аас нэг өдөр ийм их хэмжээний жимс жимсгэнэ төмс хүнсний ногоо аваад манай дэлгүүр нь хадгалах агуулах зоорь сав байхгүй. Ийм төрлийн барааг удаан хадгалах нөхцөл байхгүй учраас өдөр өдөрт нь жижиг бага багаар авч зардаг. Тухайн үед миний бие нь *******аас биш УБ хотоос 2014 оны 11 дүгээр сарын 03-наас 11 дүгээр сарын 26-ны хооронд бүх бараа материалаа татан авалт хийсэн байсан. Төлбөр барагдуулах тухай хэлцэл дээр *******тай бараа авч барагдуулах, гэрээ хэлцэл хийж гарын үсэг зураагүй гэжээ.

Хариуцагч ******* анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Би хэлцэл гэх зүйл дээр гарын үсэг зураагүй, ******* нь яагаад миний гарын үсгийг авсан гэхээр ******* нь Банкнаас зээл авах гээд таны гарын үсэг хэрэг болж байна гэхээр би гарын үсэг зурсан. Тухай үед би юун дээр гарын үсэг зурсан гэдгээ мэдээгүй *******ийг банкны зээл авах гэж байгаа гэхээр туслаад гарын үсэг зурсан. Би *******аас бараа авдаг байхдаа мөнгөө өгч авдаг байсан, зээлж авч байгаагүй. Харин ******* нь бараагаа зарахдаа тухайн үеийн ханшнаас илүү өгдөг байсан мөн муудсан бараагаа өгдөг байсан. ******* нь хүнээс гарын үсгийг аваад энэ байдлаа олон удаа залилан хийж байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан худалдах худалдан авах гэрээний үүрэг 14.805.000 төгрөгийг *******гаас гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д тус тус заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч *******ийн төлсөн 231.975 төгрөгийг төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

******* нь 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүнсний бүтээгдэхүүн, жимс зэрэг 9.870.000 төгрөгийн үнэ бүхий барааг зээлээр худалдан авч борлуулахаар тохиролцож авсан. Түүнээс хойш тохиролцон хугацаандаа мөнгөө төлөөгүй үчир хугацаа тохиролцон 2015 оны 10 дугаар сарын 31-ний дотор төлж барагдуулна гэсэн хэлцэл хийсэн боловч одоог хүртэл төлбөрөө төлөөгүй ба бараа зээлээр авсан тухай хэлцэл бичгээр хийсэн. Үндсэн зээлийн алдагдал бүтэн жилээр бодоход 18.012.750 төгрөг болж байгаа ба үүнийг хуулинд нийцүүлэн үндсэн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байхаар тооцон 4.935.000 төгрөг болж байна.

Гэтэл ******* болохоор намайг гүтгэж бараа аваагүй мөн гэрээ хэлцэл хийгээгүй банкны зээл хөөцөлдөх гэж байгаа тул гарын үсэг зуруулсан гэх мэтээр намайг гүтгэж тайлбар өгсөнөөс өөрөөр энэ байдлаа нотлоогүй байхад шүүхээс эргэлзээтэй байна гэж дүгнэн миний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь буруу гэж үзэж байгаа тул энэхүү гомдлыг гаргаж байна.

Шүүх үндэслэх хэсэгтээ ******* нь 2011 оноос хойш *******аас зээлээр хүнсний ногоо,жимс бүтээгдэхүүн худалдаж байсан болох нь зохигчдын тайлбар,бичгийн нотлох баримтаар тогтоогдсон байна гэж дүгнэсэн атлаа нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлага болох худалдах худалдан авах гэрээний үүргийн төлбөр,гэрээний алданги 14.805.000 төгрөгийг гаргуулахыг шаардсан миний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь миний эрхийг ноцтойгоор хохироогоод байна.

Иймд: Баянхонгор аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 09-ны өдрийн №131/ШШ2018/00342 тоот шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү

Хариуцагчийн өмгөөлөгч *******аас давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр ******* нь хүнсний бүтээгдэхүүн, жимс зэрэг 9.870.000 төгрөгийн үнэ бүхий барааг зээлээр худалдан авч борлуулахаар харилцан тохиролцож авсан. Түүнээс хойш тохирсон хугацаанд мөнгөө төлөөгүй явсаар 2015 оны 10 дугаар сарын 31 ний дотор төлж барагдуулна гэсэн хэлцэл хийсэн гэжээ. Гэтэл төлбөр барагдуулах тухай хэлцэл гэх баримт бичигт 2014 оны 11 дүгээр сарын 20 өдөр гэж бичигдсэн байдаг.

2014 оны 11 дүгээр сарын 20 өдөр буюу хэлцэл хийгдсэн гэх өдөр хариуцагч ******* нь Улаанбаатар хотод Sunday Plaza төвийн АТМ-с гүйлгээ хийсэн баримт байдаг болно.

Нэхэмжлэгч ******* шүүх хуралдаанд тайлбарлахдаа *******тай 10 жил гаран найзлаж байгаа, энэ хугацаанд надаас хүнсний бараа цувуулж авч байсан. Миний нэхэмжилж байгаа мөнгө нь ганцхан өдөр бараа өгсөн биш харин ******* надаас олон жил бага багаар авч байсан учраас тухайн барааны үнийг нэхэмжилж байгаа гэж мэдүүлсэн.

Мөн хэлцлийг 2014 оны 11 дүгээр сарын 20 ны өдөр хийгээгүй гэх агуулга бүхий зүйлийг өөрөө хэлсэн, мөн 2011-2013 оны хоорондох бараа бүтээгдэхүүний үнэ нэхэмжилж байгаа талаараа тодорхой хэлсэн.

Иймээс 2014 оны 11 дүгээр сарын 20 өдөр 9.870.000 төгрөгийн жимс, хүнсний ногоо худалдах, худалдан авах харилцаа ******* ******* нарын хооронд үүсээгүй болох нь дээр дурьдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон юм гэжээ.

Хариуцагч *******гаас давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбартаа:

******* бид хоёрын 2011 оноос 2013 он хүртэл хүнсний ногоо авч зардаг байсан, тооцооны хувьд гэвэл: Тухайн үед нь сар, жилд нь хийгдэж байсан. Одоо ямар ч тооцоо байхгүй. Нэхэмжлэгч ******* нь 2011 оноос нэхэмжлэл гаргах өдөр хүртэл 2017 оны 6 дугаар сар 7 жил болоход надтай нэг ч удаа тооцоо хийгээгүй, нэг ч удаа мөнгө нэхэж ирээгүй.

 Зарим хүмүүст канондсан нэрийг үзүүлэхэд манайх ийм өглөг байхгүй гарын үсэг чинь хэрэгтэй байна гэж гарын үсэг зуруулсан. Ийм юманд ашиглах гэж байсан юм байхдаа гэсэн. ******* нь 2016 оны 9 дүгээр сард Банкнаас зээл авах гэсэн юм банкинд хүмүүсээс авлагатай гэж хэлсэн юм та гарын үсгээ зураад өгөөч гээд гарын үсэг зуруулсан юм.

 ******* нь миний гарын үсэг ашиглаж төлбөр барагдуулах хэлцэл, хар дэвтэр гэх... дэвтэр дээр дурын тоогоо бичиж их хэмжээний мөнгө нэхэж байгаад гэр бүлийн байдал, сэтгэл санааны дарамт орж байна. Иймд Баянхонгор аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 131/ШШ2018/00342 тоот шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч *******аас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хариуцагч *******д холбогдуулж худалдах худалдан авах гэрээний үүрэг 14.805.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Анхан шатны шүүх *******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч *******аас тайлбарлахдаа: ******* нь удаан хугацаанд надаас хүнсний бараа зээлээр цувуулж авч байсан. Тэгээд өмнөх өгөөгүй үлдэгдэл өрнүүд хурамтлагдсаар байгаад 9.870.000 төгрөгийн өр үлдсэн учраас миний тооцоо бичсэн дэвтэр дээр гарын үсэг зурсан. Мөн 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр *******тай төлбөр барагдуулах тухай гэрээ, хэлцэл хийж ******* гарын үсэг зурсан гэжээ.

Хариуцагч *******гаас тайлбарлахдаа: Тухай үед би юун дээр гарын үсэг зурсан гэдгээ мэдээгүй *******ийг банкны зээл авах гэж байгаа гэхээр туслаад гарын үсэг зурсан. 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн төлбөр барагдуулах тухай хэлцэл дээр гарын үсэг зураагүй гэжээ.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар зохигч талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ хийгдэж, ******* нь 2011 оноос хойш хариуцагч *******д зээлээр хүнсний ногоо, жимс, бүтээгдэхүүн худалдаж байсан болох нь зохигчидын тайлбар болон бичгийн нотлох баримтаар тогтоогдсон байна.

Талуудын хооронд ажил хэргийн хүрээнд, тогтсон заншил ёсоор байнга тогтвортойгоор зээлээр хүнсний ногоо бүтээгдэхүүн худалдах, худалдан авах дараа мөнгийг нь төлөх зэрэг ажиллагаа хийгдэж байжээ.

Хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******аас удаан хугацаанд хүнсний бараа зээлээр цувуулж авч байсны төлбөрийн үлдэгдэл 9.870.000 төгрөгийг *******т төлөх үндэстэй болох нь дараахь нотлох баримтуудаар тогтоогдож байна.

1. Хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******ийн хувийн тооцоо бичдэг хар дэвтэр дээр /хх-ийн 157 дугаар тал/ Авлага гэсний дор талд “…2014 он 10.870.0000 төгрөг – ( 1.000.000) төгрөг дансанд хийсэн 9.870.000 төгрөг зээл..” гээд ******* гэж гарын үсэг зурсан болох нь тогтоогдож байна. Энэ баримт нь хариуцагч ******* нь *******т 9.870.000 төгрөгийн өртэй гэдэг байдлаа нотолж *******ийн хувийн тооцоо бичдэг хар дэвтэр дээр гарын үсэг зурсан болох нь тогтоогджээ.

2. Хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******т 9.870.000 төгрөгийн өртэй болох нь талуудын хооронд 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр байгуулсан төлбөр барагдуулах тухай хэлцэлээр /хх-ийн 5, 54 дүгээр тал/ тогтоогджээ. Шинжээчийн дүгнэлтээр төлбөр барагдуулах хэлцэл дээрх гарын үсэг нь *******гийн гарын үсэгтэй тохирч байна гэж дүгнэлт гаргажээ.

3. ******* нь хариуцагч *******гаас өр төлбөрөө нэхэж очиж байсан тухай гэрч В.Эрдэнэчулуунаас мэдүүлэхдээ “…Би *******ийн хамт 2014, 2016 онд 2 удаа *******тай очиж уулзаж байсан. Би *******тай Шар бүрд дэлгүүрт очиж *******тай уулзахад төслийн зээл аваад мөнгийг нь өгнө гэж хэлж байсан..” гэжээ.

4. ******* нь хариуцагч *******гаас өр төлбөрөө нэхэж очиж байсан тухай гэрч Т.Саранчимэгээс мэдүүлэхдээ “…******* нь *******гаас мөнгө нэхэх үед 1-2 удаа хамт байсан, ******* нь хүүхэд алтанд явсан ирэхлээр нь өгнө гэж байсан..” гэж мэдүүлдэг.

Эдгээр нотлох баримтуудаар ******* нь *******т 9.870.000 төгрөгийг төлөх үндэстэй болох тогтоогдож байна гэж үзлээ.

Хариуцагч *******гаас 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн төлбөр барагдуулах тухай хэлцэл дээр гарын үсэг зураагүй, миний гарын үсгийг ашигласан байх гэж тайлбарлаж байгаа ч энэ тухайгаа нотлох баримтаар нотолж чадахгүй байна.

Төлбөр барагдуулах тухай 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн хэлцэл дээр *******гаар гарын үсэг зуруулахдаа тухайн өдрөө зуруулж чадаагүй хотоос ирэхлээр нь зуруулсан гэж нэхэмжлэгч талаас тайлбарладаг байна.

Шүүх талуудын хооронд байгуулсан төлбөр барагдуулах тухай 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн хэлцэлийг бодитой, үнэн зөв гэж дүгнэж байгаа тул талууд хэлцэл дээрээ тохиролцсоны дагуу үүргээ биелүүлээгүйгээс хугацаа хэтэрсэн алданги тооцон төлүүлэх нь үндэстэй гэж үзлээ.

Анхан шатны шүүх талуудын хоорондох үйл баримтанд бодитой дүгнэлт өгөөгүй байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, *******ийн давж заалдсан гомдлыг хангаж шийдвэрлэх үндэстэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

*******аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 231.975 төгрөгийг төрийн сангийн данснаас шүүгчийн захирамжаар буцаан гаргуулах үндэстэй байна.                     

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн 131/ШШ2018/00342 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дүгээр заалтын

“…Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан худалдах худалдан авах гэрээний үүрэг 14.805.000 төгрөгийг *******гаас гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай…” гэснийг

“…Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч *******гаас худалдах худалдан авах гэрээний үүрэг 14.805.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******т олгосугай…” гэж,

2 дугаар заалтын “…Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д тус тус заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч *******ийн төлсөн 231.975 төгрөгийг төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй..” гэсний дараа

“…хариуцагч *******гаас улсын тэмдэгтийн хураамжинд 231.975 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******т олгосугай…” гэсэн нэмэлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-д зааснаар *******аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 231.975 төгрөгийг төрийн сангийн данснаас буцаан гаргуулж, *******т олгосугай.

3. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.МӨНХДАВАА

                                   ШҮҮГЧИД Т.ДАВААСҮРЭН

                                                  Г.УЛАМБАЯР