Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 156/ШШ2021/00046

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

 

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг, Т-174-09 тоотод оршин суух, Дамдинжамцын Цэцгээ /РД:СЮ63072609/-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хэнтий аймгийн Насан туршийн боловсролын төвд холбогдох төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл, улирлын урамшуулал, хоол унааны зардал, өвөлжилтийн бэлтгэлийн хөнгөлөлт, нийт 3,753,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга М.Уугантуяа, нэхэмжлэгч Д.Цэцгээ, хариуцагчийн төлөөлөгч Г.Дашдаваа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Цэцгээ нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2017 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс Хэнтий аймгийн Насан туршийн боловсролын төвд няравын албан тушаалд хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилд орсон. 2018 оны 10 сард тэтгэвэр тогтоолгож тус төвдөө хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаа няравын цалингаар цалинжиж нэмэгдэл хөлс, урамшуулал хоол, унаа, төрийн албаны нэмэгдэл, өвөлжилтийн бэлтгэл авч ажиллаж байсан. Гэтэл Аудитын газраас  тэтгэвэрт гарсан гэсэн үндэслэлээр 2020 оны 3 дугаар сараас эхлэн миний үндсэн цалингаас бусад нэмэгдэл хөлсийг хассан. Хөдөлмөрийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 2-т заасан “Ахмад настны тэтгэвэр тогтоолгон ажиллаж байгаа нь түүний цалин хөлсийг хязгаарлах үндэслэл болохгүй” гэсэн заалт байх тул 2020 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 11 дүгээр сарыг дуустал олгогдоогүй нэмэгдэл, өвөлжилтийн бэлтгэлийн хөнгөлөлт нийт 3,753,078 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Хэнтий аймгийн Насан туршийн боловсролын төвийн захирал Г.Дашдаваа нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2019 онд Хөдөлмөрийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.2 дугаар заалтын дагуу “Ахмад насны тэтгэвэр авч байгаа нь түүний цалин хөлсийг хязгаарлах үндэслэл болохгүй” гэсэн заалтын дагуу ахмад насны тэтгэвэр тогтоолгон ажилласан Д.Цэцгээд хоол унааны хөнгөлөлт, өвөлжилтийн бэлтгэл хангах хөнгөлөлт, ажилласан хугацааны нэмэгдэл, үр дүнгийн урамшуулал, үндсэн цалинг олгож ирсэн нь Хэнтий аймгийн Аудитын газрын Насан туршийн боловсролын төвийн төсвийн гүйцэтгэлийн тайланд хийсэн санхүүгийн тайлангийн аудитаар зөрчил болон гарч ирсэн тул Хэнтий аймгийн Аудитын газрын 2020 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 26/26 тоот албан шаардлагын дагуу зөрчлийг арилгаж, 2020 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс тэтгэвэр тогтоолгон ажилласан Д.Цэцгээгийн нэмэгдэл урамшууллыг  хасч үндсэн цалингаар цалинжуулж ирсэн. 2020 оны 9 дүгээр сард Д.Цэцгээд Насан туршийн боловсролын төвийн дотоод журам, хамтын гэрээний 3 дугаар зүйлийн 3.12 дугаар заалтын дагуу өвөлжилтийн бэлтгэл хангах хөнгөлөлт 350,000 төгрөгийг олгосныг 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр байгууллагын санхүүгийн баримтад завсрын аудит хийгдсэн “Хэнтий аймгийн Аудитын газрын 2020 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 26/26 тоот албан шаардлагын хэрэгжилтийг мөн хангаагүй гэж үзсэн. Иймээс нэхэмжлэлийн шаардлага 3,753,078 төгрөгийг Насан туршийн боловсролын төв нь төлөх үндэслэлгүй, төлөх үндэслэл үүсвэл Хэнтий аймгийн Аудитын газар хариуцах ёстой гэж үзэж байна гэв.

Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Цэцгээ нь хариуцагч Хэнтий аймгийн Насан туршийн боловсролын төвд холбогдуулан төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл, улирлын урамшуулал, хоол унааны зардал, өвөлжилтийн бэлтгэлийн хөнгөлөлт, нийт 3,753,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд зохигчдын шүүхэд гаргасан тайлбар болон хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Нэхэмжлэгч Д.Цэцгээ нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ шүүх хуралдаанд тайлбарлахдаа “...би өндөр насны тэтгэвэр тогтоолгосон боловч энэ нь миний хуульд заасан цалин хөлс, нэмэгдэл авах эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй” гэж, хариуцагчийн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй үндэслэлээ шүүх хуралдаанд тайлбарлахдаа “...манай байгууллага аудитын байгууллагаас тавигдсан албан шаардлагыг биелүүлж ажилласан. 9 дүгээр сард өвөлжилтийн бэлтгэлийн хөнгөлөлтийг олгосон боловч дахиад 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Аудитын газраас завсрын аудитын дүгнэлт гарч өмнөх аудитын шаардлагыг биелүүлээгүй байна гэж дүгнэсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэж мэтгэлцлээ. Харин нэхэмжлэгч Д.Цэцгээ нь нэхэмжлэлийн шаардлагаас өвөлжилтийн бэлтгэлийн хөнгөлөлт болох 350,000 төгрөгийг Хэнтий аймгийн Насан туршийн боловсролын төвөөс авсан, илүү нэхэмжилсэн болохоо шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа дурдлаа.

Нэхэмжлэгч Д.Цэцгээ нь 2017 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Хэнтий аймгийн Насан туршийн боловсролын төвд няраваар ажиллаж, 2020 оны 3 дугаар сарын 01-ний өдөр ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ байгуулан, төрийн байгууллагын албан хаагчдын цалингийн сүлжээний дагуу ТҮ-4-1 шатлалаар үндсэн цалин авч, хамтын гэрээнд заасны дагуу нэмэгдэл авахаар гэрээнд тусгасан болох нь хэрэгт авагдсан хөдөлмөрийн гэрээ /хх-ийн 3-4/, шүүх хуралдаанд гаргасан зохигчдын тайлбаруудаар нотлогдож байна.

Нэхэмжлэгч Д.Цэцгээ нь өндөр настны тэтгэвэр тогтоолгосны дараа  Хэнтий аймгийн Насан туршийн боловсролын төвд няравын ажилд томилогдон ажилласан болох нь талуудын тайлбараар нотлогдож байх боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 112 дугаар зүйлд зааснаар тэрээр хөдөлмөр эрхэлж болох бөгөөд түүний тэтгэвэр авч байгаа нь цалин хөлсийг хязгаарлах үндэслэл болохгүй юм.

Хэрэгт авагдсан Хэнтий аймгийн Насан туршийн боловсролын төвийн 2019 оны хамтын гэрээний 2.2-д “ажиллагсдын мэргэжлийн зэрэг, ур чадварын болон бусад нэмэгдлүүд, илүү цагаар ажилласны хөлс, анги даалт, кабинет хариуцсан зэрэг нэмэгдлийг цалингийн сан, цалин нэмсэн тохиолдолд журам зааврын дагуу хүн бүр дээр дүгнэж, гүйцэтгэлээр нь тооцож олгоно” гэж, мөн гэрээний 3.12-д “цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан ажилтануудад жилд нэг удаа цалингийн сандаа багтаан өвөлжилтийн бэлтгэлд зориулан 300,000-500,000 төгрөг хүртэл мөнгөн болон бараа материалын буцалтгүй тусламж олгоно” гэж заажээ.

Гэвч Хэнтий аймаг дахь Төрийн аудитын газрын 2020 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн “Зөрчил арилгуулах тухай” 26/26 дугаартай албан шаардлагаар өндөр насны тэтгэвэр тогтоолгон төрийн албанаас чөлөөлөгдсөн ажилтанд төрийн албан хаагчийн цалингийн нэмэгдэл олгож байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.3-д заасан заалтыг зөрчсөн гэж үзэж Хэнтий аймгийн Насан туршийн боловсролын төвд албан шаардлага өгчээ. Энэхүү Аудитын албан шаардлагыг Хэнтий аймгийн Насан туршийн боловсролын төвийн захирал Г.Дашдаваа, нягтлан бодогч Д.Тунгалаг нар нь хүлээн авч, зөвшөөрсөн хэсэгт гарын үсэг зурсан байна.

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар төрийн хяналт шалгалтын тогтолцооны нэг бүрэлдэхүүн хэсэг нь төрийн аудитын байгууллагын хяналт шалгалт гэж, мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар шалгуулсан байгууллага, албан тушаалтан хяналт шалгалтын явцад хууль тогтоомж зөрчигдсөн, гаргасан шийдвэр нь үндэслэлгүй гэж үзвэл гомдлоо хяналт шалгалт хийсэн байгууллагын эрх баригчид гаргах эрхтэй байна. Гэвч Хэнтий аймгийн Насан туршийн боловсролын төвийн захирал Г.Дашдаваа, тус төвийн нягтлан бодогч Д.Тунгалаг нар нь тус албан шаардлагыг хүлээн авсан, тус байгууллагын нярав ажилтай Д.Цэцгээд уг албан шаардлагыг 2020 оны 3 дугаар сарын 01-ний өдөр захирал Г.Дашдаваа танилцуулсан гэж талууд тайлбарлах боловч уг албан шаардлагад гомдол гаргаагүй байна.

Иймд уг албан шаардлага дээр шалгуулсан албан тушаалтанууд гомдол гаргаагүй байх бөгөөд хүчин төгөлдөр болсон Хэнтий аймаг дахь Төрийн аудитын газрын 2020 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн “Зөрчил арилгуулах тухай” 26/26 дугаартай албан шаардлагыг биелүүлж, өндөр настны тэтгэвэр тогтоолгон ажиллаж байгаа ажилтанд төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл, улирлын урамшуулал, хоол унааны зардлуудыг олгохыг зогсоосон Хэнтий аймгийн Насан туршийн боловсролын төвийг буруутгах үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл иргэний хэргийн анхан шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан эрх зүйн харилцааны хүрээн дэх хэрэг маргааныг хянан шийдвэрлэх тул Хэнтий аймаг дахь Төрийн аудитын газрын 2020 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн “Зөрчил арилгуулах тухай” 26/26 дугаартай албан шаардлагын хууль зүйн үндэслэлд дүгнэлт өгөх боломжгүй.

Иймд нэхэмжлэгч Д.Цэцгээгийн нэхэмжлэлтэй, хариуцагч Хэнтий аймгийн Насан туршийн боловсролын төвд холбогдох төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл, улирлын урамшуулал, хоол унааны зардал, өвөлжилтийн бэлтгэлийн хөнгөлөлт, нийт 3,753,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Цэцгээгийн нэхэмжлэлтэй, хариуцагч  Хэнтий аймгийн Насан туршийн боловсролын төвд холбогдох төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл, улирлын урамшуулал, хоол унааны зардал, өвөлжилтийн бэлтгэлийн хөнгөлөлт, нийт 3,753,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 75,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

  

  

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.МАРИНА