Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 2024/ШЦТ/11

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

157ыӨЫАЫЫЫЫ Хэргийн индекс: 157/2024/0011/Э

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Энхмандах даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туяа

Улсын яллагч Н.Амаржаргал

Шүүгдэгч Д.Г нарыг оролцуулан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Н.Амаржаргалаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч Хорчид овогт Д.Г-д холбогдох эрүүгийн 2440000000005 дугаартай хэргийг 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, 1994 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг Дулаан 12-01 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Хорчид овогт Д.Г. /РД:..../

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Шүүгдэгч Д.Г......... нь Хэнтий аймгийн Галшар сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах зочид буудлын өрөөнд 2023 оны 12 дугаар сарын 23-ны орой 23 цагийн үед Э.П.той үл ялих зүйлээр маргалдаж, улмаар түүний зүүн хацар, мөн дух хэсэгт тус тус нэг удаа гараараа цохиж, эрүүний баруун булангийн шүд дайрсан хугарал, баруун зовхи, хүзүүнд цус хуралт, дух, хөмсөг, хамарт зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

  Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Д.Г. нь Хэнтий аймгийн Галшар сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах зочид буудлын өрөөнд 2023 оны 12 дугаар сарын 23-ны орой 23 цагийн үед хохирогч Э.П.той үл ялих зүйлээр маргалдаж, улмаар түүний зүүн хацар, мөн дух хэсэгт тус тус нэг удаа гараараа цохиж, эрүүний баруун булангийн шүд дайрсан хугарал, баруун зовхи, хүзүүнд цус хуралт, дух, хөмсөг, хамарт зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг  үйлдсэн болох нь:

-Хохирогч Э.П.н 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би баруун талынх нь өрөөнд хамт явсан 4 хүнтэйгээ тавуулаа байрласан. Тэгтэл шөнө 00 цагийн орчимд Гүрбуджав орж ирээд хоол идэцгээ гэж тогоотой цуйван оруулж өгсөн. Тэр үед би буудлын хойд талын модон орон дээр сууж байсан нэлээн согтсон байсан юм. Тэгтэл Гүрбуджав намайг гэнэт гараараа баруун шанаа руу маань нэг удаа мөн дух хэсэг рүү маань нэг удаа цохисон. Тэгээд би Гүрбуджавтай зууралдсан тэгтэл хамт байсан хүмүүс маань салгаад Гүрбуджавыг аваад манай өрөөнөөс гарсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 12-14)

-Гэрч А.О-н 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Гүрбуджав шөнө 00 цагийн орчимд хоол аваад орж ирсэн. Тэгээд би Гүржавтай хамт баруун өрөө рүү ороход баруун өрөөнд байсан хэдэн хүмүүс нэлээн согтоцгоосон байдалтай сууцгааж байсан. Тэгээд Гүрбуджав авчирсан бантанг идэхгүй гээд тэр хоёр хоорондоо муудалцсан. Тэгтэл Гүрбуджав гараараа Пүрэвдоржийг нэг удаа алгадсан. Тэгээд тэр хоёр хоорондоо зууралдаад байхаар нь хамт байсан хүмүүс салгаад Гүрбуджавыг аваад гарсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 22-23)

-Гэрч О.А-н 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Пүрэвдорж гэх залууд хандан чиний хийсэн бантанг идэхгүй гэж агсарсан. Тэгтэл Гүрбуджав нь өрөөний хойд талын орон дээр сууж байсан Пүрэвдоржийг гараараа цохиж байгаа харагдсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 26-27)

-Гэрч С.А-н 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Пүрэвдорж гэх залуу Гүрбуджавд хандан чи наад бантангаа аваад зайл пизда минь гэж агсарахад Гүрбуджав Пүрэвдоржийн нүүрний хэсэг буюу эрүү рүү нэг удаа гараараа тас хийтэл алгадсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 30-31)

-Шүүх шинжилгээний Ерөнхий газрын Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 34 дугаартай шинжээчийн “1.2. *******ийн биед эрүүний баруун булангийн шүд дайрсан хугарал, баруун зовхи, хүзүүнд цус хуралт, дух, хөмсөг, хамарт зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. 3. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. 4.6. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт (хх-ийн 36-37)

-Шүүгдэгч Д.Г-н мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би хөдөөнөөс ирэхдээ төв дээр үлдсэн хүмүүс цуйван хийлгээд ирсэн ба хоол оруулж өгсөн чинь Пүрэвдорж надад хандан наад бантангаа аваад зайл пизда минь  гэсэн. Энэ үед би хөдөөнөөс айл амьтан гуйж хоол хийлгээд ирж байхад гэж уурлаад хэрэлдсэн. Тэр намайг чи ямаачин байсан гэх мэтээр ямаа самнаж байсан үеийг ярьж доромжилж би түүнийг алгадах болсон. Би түүнийг баруун гараараа 1 удаа нэлээн хүчтэй алгадсан. Энэ үед эрүү нь гэмтэж бэртсэн байна. Үүнээс хойш зодолдоогүй. Тэгээд салсан” гэх мэдүүлэг (хх-ийн 56-57) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.

 

Шүүгдэгч Д.Г нь хохирогч Э.П-ийн биед эрүүний баруун булангийн шүд дайрсан хугарал, баруун зовхи, хүзүүнд цус хуралт, дух, хөмсөг, хамарт зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулсан нь хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ. 

Шүүгдэгч Д.Г нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс шүүгдэгч Д.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Э.П нь “Миний бие Д.Г-аас эрүүл мэндэд учирсан хохиролд 7,000,000 төгрөг өөрийн 5935340507 тоот дансаар хүлээн авсан. Одоо түүнээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол санал байхгүй. Шүүх хуралдаанд оролцохгүй” гэх хүсэлтийг өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч Д.Г нь “өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан” байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар түүнд холбогдох хэргийг өмгөөлөгч оролцуулахгүйгээр хянан шийдвэрлэсэн болно.

 

          Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн” нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Улсын яллагчаас шүүх хуралдаанд гаргасан: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г-т 450 (дөрвөн зуун тавин) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянган) төгрөгөөр торгох саналтай байна” гэх дүгнэлт нь хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Д.Г-т 450 (дөрвөн зуун тавин) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянган) төгрөгийн торгох ял оногдуулах  нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Д.Г нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

  Шүүгдэгч Д.Г-т урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1 дүгээр зүйл,  36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:           

 

   1.Шүүгдэгч Хорчид овогт Д.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Хорчид овогт Д.Г-ыг 450 (дөрвөн зуун тавин) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянган) төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

  3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г-т оногдуулсан 450 (дөрвөн зуун тавин) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянган) төгрөгийн торгох ялыг 90 (ер) хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

             4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

              5.Шүүгдэгч Д.Г нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь хохирогчид 7 сая төгрөг төлсөн, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

              6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэн авсугай.

              7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.    

              8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

              9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Г авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэн авсугай.

 

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             М.ЭНХМАНДАХ