Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 13

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Мөнхтуяа даргалж,

Улсын яллагчаар Ц.Батбямба,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Доржхандын Бямбадоржид холбогдох эрүүгийн 201619000838 дугаартай хэргийг 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

            Монгол улсын иргэн, 1979 оны 02 дугаар сарын 21-ний өдөр төрсөн, яс үндэс халх, эрэгтэй, 38  настай,  бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ковшны жолооч ажилтай, ам бүл 6 , эхнэр, 4 хүүхдийн хамт Төв аймгийн Борнуур  сумын  Өгөөмөр 1 дүгээр багийн 2-27 тоотод  оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхийн 2004 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 241 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 05 жил 06 сарын хорих ялаар ял шийтгүүлж 2006 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Өршөөлийн хуулиар суллагдсан Боржигон овгийн Доржхандын Бямбадорж РД/НЙ:79022131/

 

            Холбогдсон хэргийн талаар: /Сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолд дурдагдсанаар/

 

Шүүгдэгч  Д.Бямбадорж нь согтуу үедээ 2016 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 16 цагийн орчимд өөрийн дагавар хүүхэд Одсүрэнгийн Тэмүүлэнг “дүүдээ хүүхэлдэйн кино үзүүлэхгүй, чи ямар том болоо вэ?” гэсэн хувийн таарамжгүй харьцааны улмаас хутганы ишээр толгойн тус газар нь цохиж түүний биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт  дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Д.Бямбадорж шүүхийн хэлэлцүүлэгт болон хэрэг бүртгэлтэнд мэдүүлэхдээ: 2016 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр би Хээмбэ, Эрдэнээ гэх хоёр залуугийн хамтаар 0,5 литрийн болон 0,75 литрийн архи хувааж уусан ба Эрдэнээ бид  хоёрыг сууж байтал бага хүү Оргил надад “ах намайг хүүхэлдэйн кино үзүүлэхгүй байна” гэхээр нь би Тэмүүлэнрүү хандаж “чи дүүдээ хүүхэлдэйн кино тавиад үзүүлэхгүй яасан юм бэ? Чи их том болжээ” гээд цохих  гэтэл гар барьж аваад бултсан. Тэгээд би Тэмүүлэнтэй ноцолдож байгаад дийлэхгүй болохоор нь тавиур дээрээс хутга шүүрч аваад ишээр нь толгойруу нь хэд хэдэн удаа цохисон. Хэд цохисноо санахгүй байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хүү Тэмүүлэн надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн. Одоо хүү бид хоёр хэвийн харьцаатай байгаа. Хэргийг маань хэрэгсэхгүй болгож шийдэж өгнө үү гэв.

 

Насанд хүрээгүй хохирогч О.Тэмүүлэнгийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: 2016 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр гэртээ дүү Оргилыг хараад байж байтал гаднаас хойд эцэг Бямбадорж нь 15-16 цагийн орчимд Эрдэнээ ахын хамт орж ирээд намайг энэ их том болсон байгаа биз гэж  хэлээд намайг цохих гэхээр нь бултсан чинь толгойгоо яагаад байгаа юм бэ гээд гал тогооны тавиур дээрээс хутга аваад намайг үсдэж байгаад хутганы ишний ар талаар толгойруу 8 удаа цохичхоод намайг нүүрээ угаа гэж хэлсэн  гэх мэдүүлэг /хх-ийн 31 хуудас/

 

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Одсүрэнгийн хэрэг бүртгэлтэнд өгсөн: Би Бямбадоржтой 2009 онд  гурван хүүхэдтэйгээ гэр бүл болсон. Бямбадорж бид хоёрын дундаас бага хүү Оргил төрсөн. Бямбадорж харьцаа муутай, архи уучхаараа их тавьтиргүй хүн. Бид  хоёр дээр том хүү Тэмүүлэн бага хүү Оргил хоёр байдаг. Бямбадорж эрүүлдээ  юу бодож байдгаа хүнд ил гаргаж хэлж чаддаггүй. Архи уусан үедээ ааш авираа гаргадаг. Тэмүүлэнг зодож байгаагүй.Манай бага хүү Оргил аавдаа ахыгаа ховлосноос болж л маргалдсан юм шиг байна лээ. Тэрнээс биш энэ хоёрын таарамжгүй харьцаа байхгүй гэж бодож байна гэх мэдүүлэг /хх-ийн 15-16  хуудас/

 

Насанд хүрээгүй хохирогч Ч.Одсүрэн нь: Манай нөхөр Д.Бямбадорж нь хүү О.Мөнхтэмүүлэнтэйгээ эвлэрсэн хэвийн харьцаатай байгаа. Санал хүсэлт, гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй тул сайн дураар эвлэрсэн тухайгаа бичгээр илэрхийлж шүүхэд ирүүлжээ.

 

Гэрч Л.Бат-Эрдэнийн хэрэг бүртгэлтэнд өгсөн: Намайг Бямбадоржийн гэрт сууж байтал нөгөө өрөөндөө Бямбадорж том хүү Тэмүүлэнтэйгээ маргалдаад байсан. Юу гэж хэрэлдээд байсныг нь би сонсгол муутай болохоороо сонсоогүй. Намайг гарч явахад Бямбадорж хүүгийнхээ толгойг хагалчихсан, хоёул заамдалцаад зогсож байсан. Би тэр хоёрыг салгаад хуйтай хүрэн иштэй хутгыг нь авсан  гэх мэдүүлэг /хх-ийн 20 хуудас/

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 15616 тоот:

 

1.О.Мөнхтэмүүлэнгийн биед зулай, дагз, уруулын няцарсан шарх гэмтэл тогтоогдлоо:

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн  24 хуудас/ зэрэг болно.

 

 Шүүгдэгч  Д.Бямбадорж нь согтуудаа Төв аймгийн Борнуур  сумын төвд байх  гэртээ 2016 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 16 цагийн орчимд өөрийн  дагавар  хүүхэд О.Тэмүүлэнг “дүүдээ хүүхэлдэйн кино үзүүлсэнгүй том болжээ” гэж хэлэн хувийн таарамжгүй харьцааны улмаас хутганы ишээр түүний толгойн тус газар нь цохиж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч, хохирогчийн хууль ёсний төлөөлөгч болон гэрчүүдийн мэдүүлэг, шүүх эмнэлгийн 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 15616 тоот дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар  тогтоогдож байна гэж шүүх дүгнэв.

 

Иймд хэргийн зүйлчлэл тохирсон байх тул Бямбадоржийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн, гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

 Насанд хүрээгүй хохирогч О.Тэмүүлэнгийн хууль ёсны төлөөлөгч Ч.Одсүрэн нь шүүгдэгч Бямбадоржоос нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй гэсэн, шүүгдэгч Д.Бямбадорж нь бусдад төлөх хохирол төлбөргүй байх тул шүүх хуралдаанаар хэлэлцэх гэм хорын асуудал байхгүй байна.

 

Шүүх хуралдаанд судалсан нотлох баримтаар насанд хүрээгүй хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгч нар нь шүүгдэгч Д.Бямбадоржтой сайн дураар эвлэрсэн  болох нь тогтоогдож байна гэж үзэв.

 

Шүүгдэгч Д.Бямбадорж  урьд  өмнө нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүнд гэмт гэмт хэрэгт ял шийтгүүлж байсан боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  нь 78 дугаар зүйлийн 78.2.4 дэх хэсэгт заасан ялтай байдалд тооцох хугацаа дууссан байх тул түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэв.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт яллагдагч, шүүгдэгч Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж зааснаар хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй сайн дураар эвлэрсэн, учруулсан хохирлоо бүрэн төлсөн, хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн гэх үндэслэлүүдээр   шүүгдэгч Д.Бямбадоржид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох  үндэслэлтэй байна.

 

Энэ хэрэгт  битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй болохыг дурьдаж, эд мөрийн баримтаар хураагдсан хүрэн өнгийн иштэй хар даавуун хуйтай хутгыг устгаж, шүүгдэгч нь  урд цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэв.

 

            Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 295, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-1.4, 248 дугаар зүйлийн 248.1.2, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч  Боржигон овогт Доржхандын Бямбадоржийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн, гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3 дахь хэсэгт зааснаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Д.Бямбадоржид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт заасныг журамлан түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 

          3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хутга нэг ширхэгийг устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Д.Бямбадорж нь урд цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

          4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Бямбадоржид авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

        5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Д.Бямбадоржид бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авах болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ж.МӨНХТУЯА