Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 123/ШШ2022/0008

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Одсүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: иргэн Б.З,

Хариуцагч: Төв аймгийн Баянчандмань сумын Засаг дарга,

Гуравдагч этгээд: Б.Д, Т.О, Ж.Н, Д.Б нарын хоорондын газар өмчлөлийн маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ма, хариуцагч Баянчандмань сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Алтантуяа, Б.Н, гуравдагч этгээд Д.Б итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Жаргалболд нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.З нь Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргад холбогдуулан Баянчандмань сумын Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/276 дугаар захирамжийн Ж.Нэргүйд холбогдох хэсэг, 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/277 дугаар захирамжийн Б.Дуламсүрэн, Т.Отгонбаяр нарт холбогдох хэсгийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-т зааснаар илт хууль бус болохыг тогтоолгох-оор маргаж байна.

2. Баянчандмань сумын Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/47 дугаартай Газар өмчлүүлэх тухай захирамжаар Гантулгын Отгонжаргалд тус сумын нутаг Замтын ар нэртэй газарт гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 700 м2 газрыг өмчлүүлэн, тус сумын газрын даамал Д.Гэрэлхүү, Бориг тэс ХХК-ийн хэмжигч Г.Мягмар нар 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдөр эргэлтийн цэгүүдийг нь газарт бэхэлсэн нэгж талбарын зураг үйлдэж, 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдөр Газрын кадастрын мэдээллийн санд нэгж талбарын 18609327638985 дугаарт Баянчандмань сумын 3-р баг, Замтын адаг 17 дугаар гудамжны 179 тоот хаяг-тайгаар бүртгэсэн. Иргэн Г.Отгонжаргал нь Б.Зулцэцэгтэй 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Газар худалдах, худалдан авах гэрээ байгуулан өмчийн газраа худалдсан. 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс Б.Зулцэцэгийн өмчийн газрыг эрхийн улсын бүртгэлийн Г-1426003930 дугаарт бүртгэж, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000511205 дугаартай гэрчилгээг түүнд олгосон.

Баянчандмань сумын Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/276 дугаар захирамжаар Ж.Нэргүйд, А/277 дугаар захирамжаар Б.Дуламсүрэн, Т.Отгонбаяр нарт тус сумын нутаг Замтын ар нэртэй газарт гэр бүлийн зориулалтаар 700 м2 газрыг тус тус өмчлүүлсэн.

3. Нэхэмжлэгч Б.Зулцэцэгээс өмчийн газрыг давхцуулан бусдад газар өмчлүүлсэн тухай гомдлыг Төв аймгийн Засаг даргад хандан гаргаж, гомдлын хариугаа 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 07/1074 тоот албан бичгээр авч 2021 оны 8 дугаар сарын 28-ны өдөр шүүхэд хандан Баянчандмань сумын Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/276 дугаар захирамжийн Ж.Нэргүйд холбогдох хэсэг, А/277 дугаар захирамжийн Б.Дуламсүрэн, Т.Отгонбаяр нарт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргаж, 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж Баянчандмань сумын Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/276 дугаар захирамжийн Ж.Нэргүйд холбогдох хэсэг, 2017 оны 10 дугаар сарын 30-ны А/277 дугаар захирамжийн Б.Дуламсүрэн, Т.Отгонбаяр нарт холбогдох хэсгийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-т зааснаар илт хууль бус болохыг тогтоолгох-оор нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон байна.

4. Нэхэмжлэгч Б.Зулцэцэг шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Би Гантулгын Отгонжаргалаас 2017 оны 02 дугаар сарын 09-ний А/47 тоот захирамжтай Эрдэнэ баг замтын адагт 17-179 тоот газрыг худалдан авсан. 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Төв аймгийн ГХБХБГ-ын мэргэжилтэн Ш.Жаргалсайханд өгч мэдээллийн санд оруулсан. Энэ материалыг хавсаргасан. Гэтэл энэ газар дээр минь давхцуулан 2017 оны 10 дугаар сарын 30-нд Жамцын Нэргүй, Түшигцоодолын Отгонбаяр, Батсайханы Дуламсүрэн нарт А/276, А/277 тоот захирамжаар газар олгосон байна. Би энэ газрын байрлалаа өөрчлөх хүсэлгүй байна. Иймд уг захирамжуудыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Мөнхтулга нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлага, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Итгэмжлэлд тусгагдсан эрх үүргийн хүрээнд нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж байна. ...Б.Зулцэцэг нь Баянчандмань сумын 3-р багын нутаг Замтын адагийн 17 гудамж, 179 тоот 700 м.кв газрыг 2017 оны 06 сарын дугаар 16-ны өдөр Улсын бүртгэлийн хэлтэст бүртгүүлэн, Газар өмчлөх эрхийн Улсын бүртгэлийн 000511205 дугаартай, нэгж талбарын 18609327638985 дугаартай, Г-1426003930 дугаартай гэрчилгээ авч хууль ёсны өмчлөгчөөр тогтоогдсон. Тухайн өмчлөлийн газрыг сумын Засаг даргын 2017 оны 02 сарын дугаар 09-ний А/47 дугаартай захирамжаар Гантулгын Отгонжаргал авсан. Г.Отгонжаргалын нэр дээр 2017 оны 5 сарын 25-ны Эдлэн газрын тоо бүртгэлийн хуудас, 2017 оны 6 сарын 16-ны өдрийн газрын байршлын зургийг Төв аймгийн ГХБХБ-ын мэргэжилтэн баталгаажуулж газрын нэгдмэл санд бүртгэгдсэн, кадастрын зурагтай байгаа нь хууль ёсоор өмчилж авсан гэж үзнэ. Түүний өмчлөлийн асуудлаар маргадаггүй. Г.Отгонжаргалтай нэхэмжлэгч Б.Зулцэцэг 2017 оны 06 сарын 16-ны өдөр газар худалдах, худалдан авах гэрээ байгуулан дээрх газрыг өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг авсан. Газар өмчлөн авсан асуудалд ямар нэгэн маргаан байхгүй. Гэтэл түүнийг газраа өмчилж авснаас хойш сумын Засаг дарга 2017 оны 10 сарын 30-ны өдөр А/277, А/276 дугаартай захирамж гаргаж, Замтын адаг гэх газарт иргэн Г.Отгонбаяр, Б.Дуламсүрэн, Ж.Нэргүй нарт газар өмчлүүлэхдээ иргэн Б.Зулцэцэгийн өмчлөлийн газар дээр 3 хуваан кадастрын зураг хийж газрын нэгдмэл санд бүртгэсэн. Өмнөх өмчлөгчийн эрхийг ноцтой зөрчиж түүний авсан газар дээр давхардуулан кадастрын зураг хийж газар олгосон нь илт хууль бус буюу иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй болно. Гуравдагч этгээд маргаан үүссэний дараа Зулцэцэгийн газар дээр хашаа барьсан, зураг нь хавтас хэрэгт байгаа, харин өөр иргэдээс өмчилж авсан газар дээрээ байшин барьсан байгаа.. тийм учраас гуравдагч этгээд газрын байршлаа өөрчлүүлэх боломжтой...Энэ зөрчлийг гаргасан асуудал нь газар өмчлөгч нар хамаарал багатай. Тухайн үед ажиллаж байсан төрийн албан хаагч буюу газрын даамлын буруутай үйл ажиллагаа байгаа. Газрын даамлын ажилдаа хариуцлагагүй хайнга хандсан үйлдлээс газрын маргаан үүссэн. Өмнөх өмчлөгчийн газрыг буцаан олгож түүний дараа олгосон газар өмчлөлийн асуудлыг алдаа гаргасан төрийн байгууллага шийдвэрлэх нь шударга ёсны зарчимд нийцнэ. Баянчандмань сумын Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/276 дугаар захирамжийн Ж.Нэргүйд холбогдох хэсэг, А/277 дугаар захирамжийн Б.Дуламсүрэн, Т.Отгонбаяр нарт холбогдох хэсгийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-т зааснаар илт хууль бус болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагч Баянчандмань сумын Засаг дарга Г.Ариунболд шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Иргэн Б.Зулцэцэгийн нэхэмжлэлийг судлан үзэхэд Г.Отгонжаргал нь 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/47 дугаартай захирамжаар өмчилсөн газраа худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр Б.Зулцэцэгт шилжүүлсэн. Ингэхдээ Газрын кадастрын мэдээллийн сан /LM/ программд Б.Зулцэцэгийн мэдээлэл бүртгэгдээгүйн улмаас иргэн Ж.Нэргүй /сумын Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/276 дугаартай захирамж/, Б.Дуламсүрэн, Т.Отгонбаяр нарын /сумын Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/276 дугаартай захирамж/ газартай давхцал үүссэн тул холбогдох хэсгийг хүчингүй болгох боломжгүй байна. Учир нь Ж.Нэргүй, Б.Дуламсүрэн, Т.Отгонбаяр нарын 4116036153, 4116036152, 4116036154 нэгж талбарын дугаар бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчилсөн газрууд нь LM программд 2018 онд худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр иргэн Д.Буян-Арвижихад шилжсэн. Иргэн Д.Буян-Арвижих нь газар дээрээ хашаа барьсан тул иргэн Б.Зулцэцэгийг газрын байршлаа өөрчлөн бүртгүүлэх нь зүйтэй гэсэн саналыг хүргүүлж байна гэжээ.

Хариуцагч Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Алтантуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тус сумын Замтын адагт иргэдэд газар өмчлүүлэхээр тусгасан,...төлөвлөгөөнд зураглал гаргаагүй байсан...Төв аймгийн газрын албанд хуучин ССЛ буюу кадастрын мэдээллийн санд сумын кадастрын бүртгэлийг Газрын харилцаа барилга хот байгуулалтын кадастрын асуудал хариуцсан мэргэжилтэн бүртгэдэг байсан. Шинэ мэдээллийн сан ЛМ программ хангамж нэвтэрсэнтэй холбоотой программын шилжилтийн хооронд давхцал үүссэн нөхцөл байдал харагдаж байгаа. 2017 онд 4 иргэнд газар өмчлүүлээд 1 иргэний мэдээллийг хуучин ССЛ программ хангамжид бүртгүүлээд, 8 сарын дараа 3 иргэний өмчлөлийг бүртгэхдээ шинэчилсэн программдаа бүртгэхдээ хуучин прогграмтай тулгалгүй бүртгэсэн нь газар давхацсан. Aймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газартай суманд кадастрын үйл ажиллагаа явуулж байгаа мэргэжлийн компани гэрээ байгуулаад ажилладаг. Гэрээт компани давхцал үүсгэсэн асуудалд хамааралтай. Тухайн компани нь Г.Отгонжаргал гэдэг хүнд хийж өгсөн байсан нэгж талбар дээр давхцуулан Ж.Нэргүй, Т.Отгонбаяр, Б.Дуламсүрэн гэдэг хүмүүст кадастрын зураг хийж өгснөөс энэ асуудал үүссэн. Тухайн компанитай сумын кадастрыг хийнэ гэж гэрээ байгуулахдаа газрын давхцал үүсгэхгүй гэсний үндсэн дээр гэрээ хийж байгаа. Tухайн үеийн кадастрын компанийн захирал манайх кадастрын хувь компани учир бид 1 газар дээр хэдэн ч хүнд кадастр хийж өгөх боломжтой гэсэн тайлбар өгч байсан, энэ компанийн хариуцлагагүй үйл ажиллагаа байгаа. Хяналт сул байснаас болж энэ алдаа гарсан.... Сумын Засаг даргын газар өмчлүүлсэн шийдвэр гарснаар газрын анхны өмчлөгч нь Г.Отгонжаргал. ...Б.Зулцэцэгийн ээж нь мэдээллийн санд бүртгэлээ шинэчлүүлнэ гэж ирэхэд нь давхцал үүссэн байна гэж танилцуулсан. Давхцал үүссэн юм чинь та байршлаа өөрчлөөд авах боломж байна уу гэдэг саналыг хэлэхэд байршлаа өөрчлөх боломжгүй гэсэн. Иргэдийн газрын өмчлөлийн асуудал байсан учраас манайх шууд хүчингүй болгох боломжгүй. Иргэдийг дуудаж уулзаад байршлаа өөрчилье гэсэн тохиолдолд, өмчлөлөөс татгалзсан тохиолдолд хүчингүй болох учир 2 талын хэн нэгэн нь байршлаа өөрчлөөд авах боломжтой гэж хэлсэн. Д.Буян-Арвижихад бас утсаар хэлсэн. Tэгээд тохиролцоонд хүрээгүй. ...Б.Зулцэцэг газрын байршлаа өөрчлүүлэн авах боломжтой...гэв.

Хариуцагч Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Номинцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянчандмань сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2016 оны 12 дугаар сарын 21-ны өдрийн 02/05 тоот тогтоолоор Замтын адагт 98 иргэнд 6.86 га газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлнэ гэж тусгасан. ...Иргэн Д.Буян-Аривжих нь 2017 оны сүүлээр өөрийн өмчлөлийн газрын хойно залгуулаад иргэн Б.Дуламсүрэн, Ж.Нэргүй, Т.Отгонбаяр нараас өмчлөлийн газрыг нь худалдан авсны дараа тухайн газраа тойруулаад хашаа барьсан. Иймээс иргэн Б.Зулцэцэг газрын байршлаа өөрчлөн бүртгүүлэх нь зүйтэй.. Баянчандмань сумын Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/276 дугаар захирамжийн Ж.Нэргүй, 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/277 захирамжийн Т.Отгонбаяр, Б.Дуламсүрэн нарт холбогдох хэсгийг хүчингүй болгох боломжгүй гэв.

Гуравдагч этгээд Ж.Нэргүй шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие 2018 онд Б.Буян-Арвижих гэдэг хүнд Баянчандмань суманд байрлалтай өөрийн өмчийн газраа зарсан. Б.Зулцэцэгийн нэхэмжлэлтэй Баянчандмань сумын Засаг даргад холбогдох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохгүй байх хүсэлтэй байгаа учир биднийг оролцуулахгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд Б.Дуламсүрэн шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Солонгос улсад суралцдаг учир шүүх хуралд оролцох боломжгүй. Би 2017 онд Б.Буян-Арвижих гэдэг хүнд Баянчандмань суманд байрлалтай өөрийн өмчийн газраа зарж шилжүүлсэн учир тус маргаантай холбоотой болон шийдвэрлэх ажиллагаанд оролцохгүй байх хүсэлтэй байна. Тус 0,07 га газарт гомдол санал байхгүй учир хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас чөлөөлж өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд Т.Отгонбаяр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Баянчандмань суманд байрлалтай өөрийн өмчийн газраа Б.Буян-Арвижих гэдэг хүнд 2018 онд зарсан. Цаашид уг маргааны талаар шүүхийн ажиллагаанд оролцох боломжгүй тул миний оролцоогүйгээр уг хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд Б.Буян-Арвижих шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие дүү нарынхаа хамт Баянчандмань сумын нутаг Замтын адаг хэмээх газар өөрсдийн өмчлөлийн газар дээр 2014-2016 онд хашаа байшин барьж, худаг өрөмдүүлж, 40х8 метрийн хэмжээтэй зуны 2 хүлэмж байгуулан ажиллаж амьдарч байна. 2017 оны сүүлээр өөрийн өмчлөлийн газрын хойно залгуулаад иргэн Б.Дуламсүрэн, Ж.Нэргүй, Т.Отгонбаяр, Ө.Баатар нараас өмчийн газрыг нь худалдан авч, газраа тойруулаад хашаа барьсан. Ирээдүйд бид энэ газар дээр мод, бут тарьж, цэцэрлэгжүүлэх хүсэл, төлөвлөгөөтэй байгаа юм. Гэвч иргэн Б.Зулцэцэг миний дээрх иргэдээс худалдаж авсан газрын талаар гаргасан сумын засаг даргын захирамжуудыг хүчингүй болгох хүсэлтээр Төв аймгийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Давхцалыг арилгуулж өөр газарт газар өмчлөх бололцоо байсаар байтал газрын байршлыг солих хүсэлгүй гэжээ. Өөрийн газрыг тойруулаад их хэмжээний зардал гаргаж хашаа барьсан миний хувьд ч гэсэн газрынхаа байршлыг солих боломжгүй. Хашаа барих ажилд зарцуулсан зардлыг доорх хүснэгтэд нэгтгэж, зурагт үзүүлэв. /нийт 5.510.000 төгрөг/. Иргэн Б.Зулцэцэгийн маргаан үүсгэсэн газар нь Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын мэдээллийн санд бүртгэгдээгүй, мөн Төв аймгийн газар зохион байгуулалтын гудамж төлөвлөлттэй нийцэхгүй байна. Газрын давхцалыг олон шат дамжлагаар хянаж газар олгодог. Намайг эдгээр газрыг хувь хүмүүсээс худалдаж авч байх үед газрын давхцалууд байгаагүй. Гэнэт ийм давхцал бий болсон нь сэжиг төрүүлж байна. Иргэн Б.Зулцэцэг ямар замаар кадастр гаргуулж авсан нь сэжигтэй байна. Иргэн Б.Зулцэцэг нь энэхүү маргаан үүсгээд байгаа газрыг бидэнд зарах санал тавьж, 4 сая төгрөгийн үнийн саналаа мессежээр ирүүлж байсан. Түүний газар дамлан худалдах, луйврын шинжтэй үйлдэл нь түүний өмчилдөг өөр нэг газраар батлагдаж болох юм. ...Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын цахим хуудсанд бүртгэгдсэн кадастрын зургаас харвал түүний энэ газар нь 5 орчим метрийн өргөнтэй нарийхан гудамжаар тусгаарлагдсан хоёр хэсэг газар байх бөгөөд урд талынх нь газар ердөө 8 орчим метрийн өргөнтэй нарийхан зурвас газар юм. Газруудыг тусгаарласан нарийхан гудамж нь шилэн кабелын шугам явж байгаа газар болно. Харилцаа холбооны тухай хуулийн 28.1.2-т "кабелын шугамаас тал бүртгээ 5 метр" хэмээн харилцаа холбооны хамгаалалтын зурвасыг тодорхойлсон байна. Гэтэл түүний газарт кадастр хийсэн аж ахуйн нэгж нь 10 метрийн хамгаалалтын зурвас тэмдэглэх ёстой байтал 5 метрийн хамгаалалтын зурвас тэмдэглэсэн байгаа нь хууль зөрчжээ. Нөгөө талаас иргэн Б.Зулцэцэг нь хамгаалалтын зурвасыг хашааныхаа талбайд оруулж, түүнийгээ цааш нь дамлан зарах гэж байгаа нь цэвэр луйврын шинжтэй үйлдэл юм. Тэрээр танил талаа ашиглан энэ газар дээр кадастр гаргуулж авч чадсан шигээ миний өмчлөлийн газар дээр яг тийм замаар кадастр гаргуулж авсан байх өндөр магадлалтай. Шүүх энэхүү маргаанд өртөөд байгаа намайг хохироохгүйгээр шударгаар шийдвэрлэнэ гэдэгт итгэж байна гэжээ.

Гуравдагч этгээд Б.Буян-Арвижихийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Буянтогтох шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Мөнхтулга нь Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын 2017 оны 10 сарын 30-ны өдрийн А/276 дугаар захирамжийн Ж.Нэргүйд, А/277 дугаар захирамжийн Т.Отгонбаяр, Б.Дуламсүран нарт холбогдох хэсгийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилжээ. Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газраас гаргасан egazar gov.mn сайтад Д.Буян Аривжихын газар нь бүрэн тусгагдсан. Баянчандмань сумын Засаг даргын шүүхэд ирүүлсэн тайлбарт Газрын мэдээллийн сан LM (Ланд менежер) системд Б.Зулцэцэгийн мэдээлэл бүртгэгдээгүйн улмаас давхцал үүссэн" гэжээ. Төв аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2020 оны 12 сарын 31-ний өдрийн 07/1074 тоот тайлбарт "хуучин мэдээллийн санд бүртгэлтэй газар дээр давхардуулан газар өмчлүүлсэн тухайн үеийн газрын даамлын буруутай уйл ажиллагаанаас үүссэн хохирлыг нэхэмжлэх эсхүл өөрийн өмчилсөн газрын байршлыг өөрчлүүлэн бүртгүүлэх нь зүйтэй юм" гэж зөвлөжээ. Төв аймгийн ГХБХБГ-ийн 2021 оны 11 сарын 19-ний өдрийн 07/847 тоот тайлбарт "ГХБХБГ-ын 2017 оны 06 сарын 06-ны өдрийн 07/365 тоот албан бичгээр Баянчандмань сумын эрх зүйн харилцаа үүссэн 10909 нэгж талбараас 2602 нэгж талбар мэдээллийн санд холбогдсоноор Land Manager программ болох мэдээллийн санг хүлээн авсан. Хүлээн авсан хувийн хэрэгт дээрх иргэдийн бүртгэл байхгүй. Ланд Менежер системд бүртгэх, баталгаажуулах ажлыг аймгийн газрын кадастрын асуудал хариуцсан мэргэжилтэн Ш.Жаргалсайхан гүйцэтгэсэн. Иргэн Б.Зулцэцэгийн газар нь CCLIS буюу хуучин мэдээллийн санд 2017 оны 06 сарын 16-ны өдөр бүртгэгдсэн. Харин газрын кадастрын шинэ мэдээллийн санд бүртгэлгүй байна. Кадастрын шинэ мэдээллийн санд давхардуулан бүртгэх боломжгүй болно" гэжээ. Баянчандмань сумын Засаг даргын 2017 оны 02 сарын 09-ны өдрийн А/47 дугаар захирамжийн Г.Отгонжаргалд, 2017 оны 10 сарын 30-ны өдрийн А/276 захирамжийн Ж.Нэргүйд, А/277 тоот захирамжийн Т.Отгонбаяр, Б.Дуламсүрэн нарт холбогдох хэсэгт Замтын адаг гэж байршил зааж (нэгж талбараар ороогүй байна) газар олгох шийдвэр гарсан байна. Дээрх нотлох баримтуудаас харахад иргэн Г.Отгонжаргал нь газрын мэдээллээ 2017 оны 06 сарын 16-ны өдөр (хуучин мэдээллийн сан CCUS нь хүчингүй болж, шинэ мэдээллийн сан LM нь хууль ёсны болсноос хойш 10 хоногийн дараа) зөвшөөрөгдөөгүй, хууль бус мэдээллийн сан CCLIS д бүртгүүлжээ. Тухайн өдөр буюу 2017 оны 06 сарын 16-ны өдөр иргэн Б.Зулцэцэгт бүртгэлийн зөрчилтэй газраа худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүлсэн байна. Иймд иргэн Б.Зулцэцэгийн 18609327638985 нэгж талбарын дугаартай кадастрын зураг нь бүртгэлийн зөрчилтэй хууль бус акт юм. Харин Д.Буян-Аривжих нь 2018 оны 2 сарын 09-ны өдөр албан ёсны мэдээллийн санд 4116036152, 4116036153, 4116036154 нэгж талбараар бүртгүүлж, Улсын бүртгэлийн Г-14260043900, г-1426004389, г-1426004419 дугаартай гэрчилгээнүүдийг зохих журмын дагуу авснаар хууль ёсны өмчлөгчөөр тогтоогдсон. Гэтэл нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хууль ёсоор, зохих журмын дагуу бүртгэлээ хийлгэж газраа авсан Д.Буян Аривжихын газрыг илт хууль зөрчсөн гэж байгаа нь үндэслэлгүй . Б.Зулцэцэг нь Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 16.12-т заалтыг хэрэгжүүлээгүй, кадастр хийлгэсэн газрынхаа эргэлтийн цэгүүдийг газар дээр нь тэмдэгжүүлээгүй байна. 2017.06.06-ны өдрөөс хойш газрын харилцаатай холбоотой ямар нэгэн бүртгэлийг Ланд менежер системд бүртгэх ёстой. Гэтэл иргэн Б.Зулцэцэг нь 2017 оны 06 сарын 16-ны өдөр хууль бус СCLIS системд бүртгүүлсэн нь энэ хэргийг шийдвэрлэх хангалттай, бүрэн нотлох баримт болж байна. Иймд манай хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд Б.Буян-Арвижихийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Буянтогтох шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Газрын давхцал үүссэн шалтгаан нь Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын мэргэжилтэн н.Жаргалсайхан гэдэг хүний буруутай үйл ажиллагаанаас өнөөдрийн маргаан үүссэн. Гурван шатандаа Б.Зулцэцэгийн мэдээллийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм байна. Энэ нь олон нотлох баримтуудаар тогтоогдож байна. Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын шүүхэд ирүүлсэн албан тайлбарт Б.Зулцэцэгийн мэдээллийн Ланд менежер программ, газрын мэдээллийн санд бүртгэгдээгүй улмаас давхцал үүссэн гэсэн. Аймгаас давхардуулан бүртгэх боломжгүй юм байна. Өмчилсөн газрын байршлыг өөрчлөн бүртгүүлэх нь зөв гэж зөвлөсөн. Газар зохион байгуулалт геодез зураг зүйн газраас Д.Буян-Аривжихын газар бүрэн харагдаж байгаа нь Б.Зулцэцэг бүртгэлгүй явж байгаа нь харагдаж байна. Сумын болон аймгийн хариу тайлбаруудыг дэмжиж, өмчилсөн газраа өөрчлөн бүртгүүлэх нь зөв гэдэг саналыг дэмжиж байна. Манайх албан ёсны дагуу бүртгүүлээд газраа авсан. Нөгөө тал бүртгэлгүй байсан учир давхцалын асуудал яригдаж байна. Газар авахдаа ямар нэгэн хууль зөрчсөн нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Тиймээс нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тус шүүхэд хандан гаргасан нэхэмжлэл үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дараахь үндэслэлээр Баянчандмань сумын Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/276 дугаар захирамжийн Ж.Нэргүйд холбогдох хэсэг, А/277 дугаар захирамжийн Б.Дуламсүрэн, Т.Отгонбаяр нарт холбогдох хэсэг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-т зааснаар илт хууль бус захиргааны акт хэмээн маргасан. Үүнд:

1/ Баянчандмань сумын Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/47 дугаартай захирамжаар тус сумын Замтын адаг нэртэй газарт Г.Отгонжаргал газар өмчилж авсан. Г.Отгонжаргалын нэр дээр тус сумын газрын даамал Д.Гэрэлхүү, Бориг тэс ХХК-ийн хэмжигч Г.Мягмар нар 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдөр эргэлтийн цэгүүдийг нь газарт бэхэлсэн нэгж талбарын зураг үйлдэж, 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдөр Газрын кадастрын мэдээллийн санд нэгж талбарын 18609327638985 дугаарт Баянчандмань сумын 3-р баг, Замтын адаг 17 дугаар гудамжны 179 тоот хаягт бүртгэсэн. Н.Отгонжаргал газрыг хууль ёсоор газар өмчилж авсан, газар өмчлөлийн асуудлаар маргадаггүй.

2/ Г.Отгонжаргал нь нэхэмжлэгч Б.Зулцэцэгтэй 2017 оны 6 сарын 16-ны өдөр худалдах худалдан авах гэрээ байгуулан газраа худалдсан. Нэхэмжлэгч Б.Зулцэцэг нь Баянчандмань сумын 3-р баг, Замтын адаг 17 дугаар гудамжны 179 тоот 700 м2 газрыг Улсын бүртгэлийн хэлтэст бүртгүүлэн газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000511205 дугаартай гэрчилгээ авч хууль ёсны өмчлөгчөөр тогтоогдсон.

3/ Б.Зулцэцэгийг газраа өмчилж авснаас хойш сумын Засаг дарга 2017 ны 10 сарын 30-ны өдөр А/277, А/276 дугаартай захирамж гаргаж Замтын адаг гэх газарт иргэн Г.Отгонбаяр. Б.Дуламсүрэн, Ж.Нэргүй нарт газар өмчлүүлэхдээ иргэн Б.Зулцэцэгийн өмчлөлийн газар дээр 3 хуваан кадастрын зураг хийж газрын нэгдмэл санд бүртгэсэн. Өмнөх өмчлөгчийн эрхийг ноцтой зөрчиж түүний авсан газар дээр давхардуулан кадастрын зураглал хийж газар олгосон нь илт хууль бус буюу иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй болно. Өөрөөр хэлбэл иргэнд өмчүүлсэн газар дээр давхардуулан дахин өөр иргэнд өмчлөлийн газар олгосон нь илт хууль бус хэмээн Баянчандмань сумын Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/276 дугаар захирамжийн Ж.Нэргүйд холбогдох хэсэг, 2017 оны 10 дугаар сарын 30-ны А/277 дугаар захирамжийн Б.Дуламсүрэн, Т.Отгонбаяр нарт холбогдох хэсгийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-т зааснаар илт хууль бус болохыг тогтоолгох-оор маргаж байна.

3. Хэргийн оролцогчдын тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас үзэхэд

- Баянчандмань сумын Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 12 сарын 21-ний өдрийн 02/05 дугаар тогтоолоор баталсан Сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөний 2-р хавсралтад Замт нэртэй газарт 140 иргэнд 9,8 га газар өмчлүүлэхээр төлөвлөсөн, уг төлөвлөгөөнд өмчлүүлэх газрын байршил, зураглалыг хасаргаагүй байна.

- Баянчандмань сумын Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/47 дугаар захирамжаар Гантулгын Отгонжаргалд тус сумын нутаг Замтын ар нэртэй газарт гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 700 м2 газрыг өмчлүүлэн, тус сумын газрын даамал Д.Гэрэлхүү, Бориг тэс ХХК-ийн хэмжигч Г.Мягмар нар 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдөр эргэлтийн цэгүүдийг нь газарт бэхэлсэн нэгж талбарын зураг үйлдэж, 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдөр Төв аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын Кадастрын мэдээллийн санд нэгж талбарын 18609327638985 дугаарт Баянчандмань сумын 3-р баг, Замтын адаг 17 дугаар гудамжны 179 тоот хаяг-тайгаар бүртгэсэн,

- гэрч, Баянчандмань сумын газрын даамлаар 2017 онд ажиллаж байсан Д.Гэрэлхүүгийн ...Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан газруудыг маягтын дагуу иргэний үнэмлэхний хуулбар, өргөдлийг авдаг. Авсан өргөдлийн дагуу захирамж гаргадаг байсан...Г.Отгонжаргал өргөдөл өгөөгүй бол захирамж гаргана гэж байхгүй, авсан өргөдлүүд байж байгаа...2017 оны 2-р сард аймаг дээр Кадастрын мэдээллийн санд бүртгэдэг байсан. 2017 оны 7, 8 сард сум руу шилжсэн...аймгийн мэдээллийн санд орсон мэдээллийн хасах эрх надад байхгүй, би хасаагүй, аймаг дээр оруулсан мэдээллийг бидэнд шинэчилж ирүүлээгүй, үүнээс болж давхардал үүссэн байна[1] гэсэн мэдүүлэг,

-2017 оны 06 дугаар сарын 16-ны өдөр иргэн Г.Отгонжаргал нь Б.Зулцэцэгтэй Газар худалдах, худалдан авах гэрээ байгуулан өөрийн өмчийн нэгж талбарын 18609327638985 дугаар бүхий газраа худалдсан. 2017 оны 6 сарын 16-ны өдөр Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс нэгж талбарын 18609327638985 дугаар бүхий 700 м2 газрын өмчлөгч нь Б.Зулцэцэг болохыг тогтоон эрхийн улсын бүртгэлийн Г-1426003930 дугаарт бүртгэж, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000511205 дугаартай гэрчилгээг түүнд олгосон.

- Баянчандмань сумын Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/276 дугаар захирамжаар Замтын ар нэртэй газарт гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 700м2 газрыг Ж.Нэргүйд, 2017 оны 10 дугаар сарын 30-ны А/277 дугаар захирамжаар Замтын ар нэртэй газарт гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар Б.Дуламсүрэнд 700 м2 газрыг, Т.Отгонбаярт 700 м2 газрыг тус тус өмчлүүлсэн.

Газрын кадастрын мэдээллийн санд 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Ж.Нэргүйд өмчлүүлсэн 700 м2 газрыг нэгж талбарын 4116036145 дугаарт Замтын адаг 17-р гудамжны 1714 тоот хаягтайгаар[2], Б.Дуламсүрэнд өмчлүүлсэн 700 м2 газрыг нэгж талбарын 4116036153 дугаарт Замтын адаг 17-р гудамжны 1716 тоот хаягтайгаар[3], Т.Отгонбаярт өмчлүүлсэн 700 м2 газрыг нэгж талбарын 4116036152 дугаарт Замтын адаг 17-р гудамжны 1718 тоот хаягтайгаар[4] тус тус бүртгэсэн. Ж.Нэргүй, Б.Дуламсүрэн, Т.Отгонбаяр нараас 2017 оны 5 сарын 04-ний өдөр олгосон итгэмжлэлийн дагуу иргэн Д.Буянтогтох нь иргэн Б.Буян-Арвижихын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Буянмөнхтэй Газар худалдах, худалдан авах гэрээ-г 2018 оны 02 дугаар сарын 09-ны өдөр байгуулснаар Ж.Нэргүй, Б.Дуламсүрэн, Т.Отгонбаяр нарын өмчийн Баянчандмань сумын Замтын адаг 17-р гудамжны 1714, 1716, 1718 тоот хаягт байршилтай 700 м2 талбай бүхий газрууд иргэн Д.Буян-Арвижихын өмчлөлд шилжсэн. Төв аймгийн улсын бүртгэлийн хэлтэс 2018 оны 02 сарын 09-ны өдөр Д.Буян-Арвижихын өмчийн газрыг улсын бүртгэлийн Г-1426004390, Г-1426004389, Г-1426004419 дугаарт тус тус бүртгэн, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000618859, 000618857, 000618860 дугаартай гэрчилгээг олгосон.

-Баянчандмань сумын Засаг даргын Тамгын газраас иргэн Б.Дуламсүрэн, Ж.Нэргүй нарын газар өмчилж авахыг хүссэн өргөдлийг нотлох баримтаар ирүүлсэн, үүнээс өөр баримт байхгүй хэмээн хариуцагчийн төлөөлөгч, газрын даамал Б.Алтантуяа шүүх хуралдаанд тайлбарласан тул 2017 онд газар өмчилсөн Г.Отгонжаргал, Б.Дуламсүрэн, Ж. Нэргүй нар өмчилж авахыг хүссэн тойм зургыг өргөдөлдөө хавсаргаагүй байна. Мөн нэхэмжлэгч , гуравдагч этгээд хэн алин нь газар өмчилж авах үед өргөдөлд хавсаргасан газрын тойм зураг гэх баримтыг нотлох баримтаар гаргаж ирүүлээгүй,

-Төв аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2021 оны 09 сарын 22-ны өдрийн 07/695 тоот албан бичигт Б.Зулцэцэгийн өмчилж буй 18609327638985 нэгж талбарын дугаартай 700 мкв газар нь CCLIS буюу хуучин мэдээллийн санд бүртгэлтэй байна. Тус иргэний газартай давхардуулан газрын кадастрын шинэ мэдээллийн санд иргэн Ж.Нэргүй, Б.Дуламсүрэн, Т.Отгонбаяр нарын газар өмчлөлийг бүртгэсэн ба худалдах худалдан авах гэрээний бүртгэлээр Д.Буян-Арвижих дээрх 3 газрын өмчлөгчөөр бүртгэгдсэн байна[5] гэсэн,

- Төв аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2021 оны 11 сарын 19-ны өдрийн 07/847 тоот албан бичигт Газрын кадастрын мэдээллийг сангийн өгөгдлийг засварлах, ...нэгж талбарын хувийн хэргийг шинэчлэн бүртгэх ажлыг Жейлбаянбогд ХХК гүйцэтгэж ажлын тайланг Баянчандмань сумы Засаг даргын 2016 оны албан бичиг болон 2016 оны 8 сарын 17-ны өдрийн ажил хүлээлцсэн актаар Баянчандмань сумын өмчлөлийн хувийн хэрэг 4819-ийг хүлээн авсан байна. ... эрх зүйн харилцаа үүссэн 10909 нэгж талбараас 2602 нэгж талбарын мэдээллийн санд холбогдсоноор Лэнд менежер программ болох мэдээллийн санг хүлээн авсан. Хүлээн авсан хувийн хэрэгт дээрх иргэдийн мэдээлэл бүртгэгдээгүй байна. ... Иргэн Б.Зулцэцэгийн нэр дээрх өмчлөх эрх 18609327638985 үүссэн нэгж талбарын дугаартай 0,07 га газар нь CCLIS буюу хуучин мэдээллийн санд 2017 оны 6 сарын 16-ны өдөр бүртгэгдсэн байна. Харин газрын кадастрын шинэ мэдээллийн санд бүртгэлгүй байна. Баянчандман сумын Засаг даргын 2017 оны 277-р захирамжаар газар өмчлөгч иргэн Ж.Нэргүй, Б.Дуламсүрэн, Т.Отгонбаяр нарын мэдээллийг 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр газрын кадастрын шинэ мэдээллийн санд бүртгэсэн байна. Иймд иргэн Б.Зулцэцэгийн өмчлөх эрх үүссэн 18609327638985 нэгж талбарын дугаартай 0,07 га газрыг газрын кадастрын шинэ мэдээллийн санд давхардуулан бүртгэх боломжгүй[6] гэсэн зэрэг нотлох баримтуудаар

Баянчандмань сумын Засаг дарга нь 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/47 дугаар захирамжаар иргэн Г.Отгонжаргалд тус сумын нутагт 700 м2 талбай бүхий газрыг өмчлүүлж, Төв аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын мэргэжилтэн тухайн газрыг 2017 оны 6 сарын 06-ны өдөр кадастрын мэдээллийн хуучин сан болох CCLIS санд бүртгэсэн, харин Баянчандмань сумын нэгж талбарын хувийн хэргийг шинэчлэн бүртгэж, тоон хувийн хэрэг үүсгэх ажлыг Жейлбаянбогд ХХК гүйцэтгэж, газрын кадастрын мэдээллийн шинэ сан болох Лэнд менежер программд 6912 ширхэг хувийн хэрэг бүртгэсэн. Ийнхүү бүртгэл хийхдээ газрын кадастрын шинэ программд Г.Отгонжаргалын буюу тухайн газрыг худалдаж авсан Б.Зулцэцэгийн өмчийн тус сумын 3-р баг, Замтын адаг 17 дугаар гудамжны 179 тоот хаягт байршилтай 700 м2 газрын мэдээллийг бүртгээгүй байна. Үүний улмаас Б.Зулцэцэгийн өмчийн газартай давхцуулан Баянчандмань сумын Засаг дарга 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/276, А/277 дугаар захирамжуудаар иргэн Ж.Нэргүй, Б.Дуламсүрэн, Т.Отгонбаярт тус бүр 700 м2 газрыг өмчлүүлж, тус сумын газрын даамал газрын кадастрын мэдээллийн шинэ сан болох Лэнд менежер программд бүртгэсэн нь тогтоогдож байна.

4. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд Монгол Улсын иргэн дараахь үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ: ...3/хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. ... гэж, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлд газар эзэмшүүлэхэд тавигдах шаардлагыг тодорхойлж, хуулийн 31.3-т Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна гэж,

Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3-т Иргэн газар өмчилж авах тухай өргөдөлд дараахь баримт бичгийг хавсаргана:...20.3.4.хүсэлт гаргасан газрын байршил, хэмжээг харуулсан тойм зураг, 21 дүгээр зүйлийн 21.1-д Иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг дарга иргэний гаргасан өргөдөл, тухайн иргэн энэ хуульд заасны дагуу газрыг өмчилж авах эрх бүхий этгээд болохыг нотолсны үндсэн дээр түүнд газар өмчлүүлэх тухай захирамж гаргана.. 36 дугаар зүйлийн 36.1-д Иргэний газар өмчлөх эрх зөрчигдсөн бол түүнийг шүүхийн журмаар сэргээн тогтооно гэж,

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно: 47.1.6.иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэж заажээ.

5. Баянчандмань сумын Засаг дарга нь Монгол Улсын Үндсэн хууль, Газрын тухай хууль, Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд зааснаар иргэнд газар өмчлүүлэх эрхтэй, харин иргэнд өмчлүүлсэн газрыг өөр иргэнд дахин өмчлүүлэх шийдвэр гаргах эрхийг хуулиар түүнд олгоогүй байх бөгөөд нэхэмжлэгч Б.Зулцэцэгийн өмчийн газартай давхцуулан бусдад газар өмчлүүлсэн хариуцагчийн шийдвэр нь нэхэмжлэгчийн Монгол улсын Үндсэн хуульд заасан хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг нь зөрчсөн.

Тодруулбал, Б.Зулцэцэгийн өмчийн газрыг бусдад өмчлүүлэх хуульд заасан үндэслэл бий болоогүй байхад түүний өмчийн газрыг бусдад өмчлүүлсэн хариуцагчийн шийдвэр нь хуульд заасан журмаар үл хөдлөх эд хөрөнгө буюу газрыг шударгаар олж авч өмчилсөн Б.Зулцэцэгийн газар өмчлөх эрхэд хууль бусаар халдсан, илт хууль бус захиргааны акт байна. Хариуцагч нь Ж.Нэргүй Б.Дуламсүрэн, Т.Отгонбаяр нарын газар өмчлөх тухай өргөдлийг хүлээж авч шийдвэрлэхдээ хүсэлт гаргагч нар тухайн газрыг өмчлөх эрхтэй эсэхийг хуульд заасан журмаар шалгаж тогтоолгүйгээр газар өмчлүүлэх шийдвэр гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-т заасан захиргааны үйл ажиллагаанд баримтлах захиргааны үйл ажиллагаа зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх тусгай зарчимд нийцээгүй байна.

Иймд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-т зааснаар Баянчандмань сумын Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/276 дугаар захирамжийн Ж.Нэргүй, А/277 дугаар захирамжийн Б.Дуламсүрэн, Т.Отгонбаяр нарт холбогдох хэсэг илт хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Баянчандмань сумын Засаг дарга, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас Б.Зулцэцэгт газрын байршлыг өөрчлөн өмчийн газрыг нь олгох боломжтой гэх тайлбарыг гаргасан, мөн иргэн Ж.Нэргүй, Б.Дуламсүрэн, Т.Отгонбаяр нар нь Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд зааснаар газар өмчлөх эрхтэй тул хариуцагч нь Ж.Нэргүй, Б.Дуламсүрэн, Т.Отгонбаяр нараас өмчийн газрыг нь худалдаж авсан гуравдагч этгээд Б.Буянтогтоход худалдаж авсан газрын хэмжээгээр нь газрын байршлыг өөрчлөн өмчлүүлэх боломжтой, мөн нэхэмжлэгч Б.Зулцэцэг нь Баянчандмань сумын газар зохион байгуулалт, төлөвлөлтөд нийцүүлэн газар өмчлөх эрхээ хэрэгжүүлэх нь зүйтэйг дурдаж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, 4.2.6, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Мөнхтулгын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баянчандмань сумын Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/276 дугаар захирамжийн Ж.Нэргүйд холбогдох хэсэг, 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/277 дугаар захирамжийн Б.Дуламсүрэн, Т.Отгонбаяр нарт холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Зулцэцэгт олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ОДСҮРЭН

 

 


 

 

[1] Хавтас хэргийн 175 дахь тал,

[2] Хавтас хэргийн 88 дахь тал,

[3] Хаьас хэргийн 85 дахь тал,

[4] Хавтас хэргийн 82 дахь тал,

[5] Хавтас хэргийн 36 дахь тал,

[6] Хавтас хэргийн 132-р хуудас,