Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 221/МА2026/0761

 

 

 

 

 

 

 

 

  2026          11           05                                    221/МА2026/0761

 

 

 

Б.Б-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч Н.Хонинхүү

Бүрэлдэхүүн: Шүүгч Д.Баатархүү

Илтгэгч: Шүүгч О.Оюунгэрэл  

Давж заалдах гомдол гаргасан:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А

Нэхэмжлэгч: Б.Б-

Хариуцагч: Нийслэлийн Хот байгуулалт, хотын стандартын газар

Нэхэмжлэлийн шаардлага:

“Нийслэлийн Хот байгуулалт, хотын стандартын газрын архитектур төлөвлөлтийн даалгавар олгохгүй байгаа, олгохоос татгалзсан нь хууль бус болохыг тогтоож, архитектур төлөвлөлтийн даалгавар олгохыг даалгах, барилгын зураг төслийг батлахыг хариуцагчид даалгах”

Давж заалдах журмаар гомдол гаргасан шүүхийн шийдвэр:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 730 дугаар шийдвэр

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгч Б.Б-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Эрдэнэбаяр

Хэргийн индекс: 128/2025/0076/3

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Б.Б-оос Нийслэлийн Хот байгуулалт, хотын стандартын газарт холбогдуулан “Нийслэлийн Хот байгуулалт, хотын стандартын газрын архитектур төлөвлөлтийн даалгавар олгохгүй байгаа, олгохоос татгалзсан нь хууль бус болохыг тогтоож, архитектур төлөвлөлтийн даалгавар олгохыг даалгах, барилгын зураг төслийг батлахыг хариуцагчид даалгах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 730 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар .Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.2, 4.2.8, 37 дугаар зүйлийн 37.1, 37.2, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 24.4 дэх хэсэг, Барилгын тухай хуулийн 12 дугаар 12.1 дэх хэсгийг тус тус баримтлан Хот байгуулалт, хотын стандартын газрын 2024 оны 01/336 дугаар албан бичгээр нэхэмжлэгчийн хүсэлтийг шийдвэрлэхээс татгалзсан хууль бус болохыг тогтоож, Барилгын тухай хууль тогтоомжид нийцүүлэн зохих журмын дагуу нэхэмжлэгчийн хүсэлтэд дурдсан барилгын архитектур төлөвлөлтийн даалгаврыг олгох, зураг төслийг батлах асуудлыг зохих журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэжээ.

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

3.1. Иргэн     Б.Б 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Барилга байгууламжийн архитектур төлөвлөлтийн даалгаврын схем зургийн эргэлтийн цэгийн солбицол өөрчлүүлэх хүсэлт гаргаж тус газраас 1-ээс 10 хүртэл дугаарлалт бүхий эргэлтийн цэгтэй төлөвлөлтийн талбайн зураг 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр олгосон байдаг. Энэхүү хүсэлтийг гаргахдаа 1463004610 нэгж талбар дугаар бүхий 405 м.кв газрыг гэр, орон сууц хашааны зориулалтаар, 1463004611 нэгя талбарын дугаар бүхий 512 м.кв газрын гэрчилгээ өгч хүсэлт гаргасан тул тус газраас иргэний гаргаж өгсөн баримтад тулгуурлан судалж хариу өгсөн байна. Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.6.3-т “төлөвлөгөөнд хамааруулсан нийт газар нутгийн болон барилга барих зориулалтаар олгосон газрын нийт талбайн 20-иос доошгүй хувь нь цэцэрлэг, ногоон байгууламж, 20-иос доошгүй хувь нь авто зогсоол байна. Хог хаягдлыг цуглуулах, ангилан ялгах, тээвэрлэх зориулалт бухий талбайтай байна” гэж зааснаар газрын нийт хэмжээ барилгажих талбайн хэмжээний харьцаа уг хуулийн заалтад заасныг хангахгүй байна.

3.2. Мөн нэхэмжлэгч нь 1463004610 нэгж талбарын дугаар бүхий 405 м.кв газрыг гэр, орон сууц хашааны зориулалттай, 1463004611 нэгж талбарын дугаар бүхий 512 м.кв гэр, орон сууц хашааны зориулалт бүхий газар дээр Барилгын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т “Барилга байгууламжийн үндсэн бүтээцэд болон инженерийн шутапл сүлжээний хэмжээ, хүчин чадалд өөрчлөлт оруулсан бол зураг төслийг дахин боловсруулж, барилгын ажпын зөвшөөрөл шинээр авна”, 37 дугаар зүйлийн 37.1.3-т “захиалагч барилга байгууламжийн техникийн нөхцөл, зураг төсөл боловсруулах, барилгын ажлын зөвшөөрлийг энэ хуулийн 22, 23, 26 дугаар зүйлд заасны дагуу авч, түүнд заасан нөхцөлийг биелүүлэх”, 40 дүгээр зүйлийн 40.1.16-д “барилгын ажлыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр гүйцэтгэхгүй байх”, Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 213 дугаар тогтоолоор батлагдсан Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох дүрэм”-ийн 7.2 дахь хэсэг Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрт зааснаас бусад тохиолдолд Барилгын ажлын зөвшөөрөл олгогдоогүй барилга байгууламжид зөвшөөрлийг нөхөж олгохыг хориглоно” гэсэн өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа заалтуудыг зөрчин барилгын үйл ажиллагаа явуулсан, мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.6-д “Дуусаагүй, дууссан боловч ашиглалтад оруулаагүй барилга байгууламжийг ашиглахыг хориглоно” гэж заасныг зөрчин орон сууцны зориулалтаар зураг төсөл батлагдаагүй, магадлал хийгдээгүй, зөвшөөрөлгүй барьсан барилгыг иргэдэд худалдан борлуулсан, ашиглуулсан үйл баримт тогтоогдсоор байтал хууль зөрчсөн үйлдлийг дэмжсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Нэхэмжлэгч Б.Б-оос Нийслэлийн Хот байгуулалт, хотын стандартын газарт холбогдуулан “Нийслэлийн Хот байгуулалт, хотын стандартын газрын архитектур төлөвлөлтийн даалгавар олгохгүй байгаа, олгохоос татгалзсан нь хууль бус болохыг тогтоож, архитектур төлөвлөлтийн даалгавар олгохыг даалгах, барилгын зураг төслийг батлахыг хариуцагчид даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... хариуцагч захиргааны байгууллага маргаан бүхий объектын харилцааг ерөнхий төлөвлөлтөөс нь салгаж яриад байгаа ... Батлагдсан зураг төсвийн дагуу явж байгаа төлөвлөлтийн дагуу хийгдэж байгаа барилга байгаа ... Хариуцагч байгууллага эргэлтийн цэг тогтоосон хавсралтыг архитектур төлөвлөлтийн даалгавар биш гэж үндэслэлгүй зүйл ярьж байна. Тухайн бичиг дээр чинь архитектур төлөвлөлтийн даалгаврыг хавсралт гээд бичсэн байгаа ... Захиргааны байгууллага зөвшөөрөл олгох процессоо эхлүүлчихсэн, албан ёсны бичиг баримтыг хавсралтаа өгчихсөн хэр нь архитектур төлөвлөлтийн даалгавар биш гэж байгаа нь хууль ёсны итгэлийг алдагдуулж байна” гэж,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагын эс зөвшөөрч “...Б.Б 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Барилга, байгууламжийн архитектур төлөвлөлтийн даалгаврын схем зургийн эргэлтийн цэгийн солбицол өөрчлүүлэх хүсэлт гаргаж тус газраас 1-ээс 10 хүртэл дугаарлалт бүхий эргэлтийн цэгтэй төлөвлөлтийн талбайн зураг 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр олгосон ... Нэхэмжлэгч зөвшөөрөлгүй барилга угсралтын ажил гүйцэтгэж, үйл ажиллагаа явуулж байгаа нь өөрөө хууль зөрчсөн үйлдэл” гэж тус тус тайлбарлан маргажээ.

2. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл “Ү” ХХК нь Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн ам гэх газарт 2010 онд Америк таун хаус хотхон болон 30х9 метрийн хэмжээтэй 3 давхар үйлчилгээний барилга барих ажлын зураг болон эскизийг “Ф” ХХК-иар хийлгэж, Нийслэлийн барилга, хот байгуулалтын төлөвлөлтийн газрын даргаар батлуулж, улмаар ажлын зургийг 2011 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Магадлалын ерөнхий 996/2011 дугаар дүгнэлтээр баталгаажуулжээ.

3. Батлагдсан ажлын зургийг үндэслэн “Ү” ХХК-д 2011 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 401/2011 дүгээр “Барилга угсралтын ажлыг эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл”-ийг 2012 оны 12 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл хугацаагаар олгосон байна.

4. Ингээд тус Америк таун хаус хотхоны барилгыг 2012 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн дотор барьж дуусгаж, 2013 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах” 2013/498 дугаар улсын комиссын акт-аар байнгын ашиглалтад оруулахаар шийдвэрлэжээ.

5. Уг актаар 4 айлын 2 давхар, 8 блок, харуулын байр, цахилгааны дэд өртөө, хүүхдийн тоглоомын талбай, үерийн хамгаалалтын сувгийг байнгын ашиглалтад оруулсан бөгөөд талууд дээрх үйл баримттай маргаагүй болно.

6. Харин “Ү” ХХК-ийн үйлдсэн 2010 оны Америк таун хаус хотхоны 30х9 метрийн хэмжээтэй 3 давхар үйлчилгээний барилга барих ажлын зургийг 2016 онд өөрчилсөн бөгөөд ийнхүү өөрчлөхдөө уг барилга нь газрын хэвгийг ашиглан зам дагуу 5 давхар, хотхон дотроосоо 6 давхар үйлчилгээтэй орон сууцны барилга байхаар төлөвлөжээ.

7. Уг өөрчилсөн зургийн дагуу 2010 оны батлагдсан зураг төсөлд өөрчлөлт орж, үйлчилгээтэй орон сууц нэмэгдсэн шалтгаанаар “Ү” ХХК-иас барилга байгууламжийн архитектур төлөвлөлтийн даалгаврын схем зургийн эргэлтийн цэгийн солбицол өөрчлүүлэх хүсэлт гаргасны дагуу хариуцагч Хот байгуулалт, хотын стандартын газар үйлчилгээтэй орон сууцны 1-16 дугаарлалт бүхий эргэлтийн цэгийг баталгаажуулжээ.

8. Улмаар нэхэмжлэгчээс барилгын зураг төслийн өөрчлөлт хийлгэхээр хүсэлт гаргахад Хот байгуулалт, хотын стандартын газрын 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 01/336 дугаар албан бичгээр “...оршин суугчдын хүсэлтээр худалдаа, үйлчилгээтэй төв барихаар зураг төслийг өөрчилсөн боловч Барилгын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 ... 37.1.3 ... 40.1.6-д заасан заалтуудыг тус тус зөрчиж 2 блок барилга угсралтын ажлыг зөвшөөрөлгүй гүйцэтгэж, 1 блок барилгын орон сууцны зориулалтаар ашиглуулж байна. Иймд Засгийн газрын 2021 оны 213 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох дүрэм”-ийн 7 дугаар зүйлийн 7.2-т “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрт зааснаас бусад тохиолдолд Барилгын ажлын зөвшөөрөл олгогдоогүй барилга байгууламжид зөвшөөрлийг нөхөж олгохыг хориглоно” гэж заасны дагуу манай байгууллагаас барилгын ажлы үе шатны зөвшөөрлийг нөхөж олгох боломжгүй байгааг мэдэгджээ.

9. Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д “барилга байгууламжийг өргөтгөх, шинэчлэх” гэж барилга байгууламжийн хэмжээг нэмэгдүүлэн үндсэн бүтээц болон инженерийн шугам сүлжээг өөрчлөх, өргөтгөл, шинэчлэлт хийх үйл ажиллагааг; 4.1.15-д “барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл /цаашид “барилгын ажлын зөвшөөрөл” гэх/ гэж энэ хуульд заасны дагуу барилгын ажлыг гүйцэтгэхийг зөвшөөрч, эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийг; 4.1.30-д “зураг төсөл” гэж барилга байгууламжийг төлөвлөх, барилгын ажил гүйцэтгэхэд шаардагдах загвар зураг, эх загвар зураг /эскиз/, техник, эдийн засгийн үндэслэл, техникийн болон ажлын зураг, барилгын ажил гүйцэтгэх талбайн болон үйлдвэрлэлийн зохион байгуулалтын төсөл, инженер хайгуулын судалгаа, инженер геологи, геодезийн зураглал, инженерийн тооцоо, өртгийн төсөв зэрэг баримт бичгийн иж бүрдлийг; 4.1.43-т “эх загвар зураг /эскиз/” гэж инженер хайгуулын судалгаанд үндэслэн боловсруулсан барилга байгууламжийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, тохижилт, гудамжны дэлгээсүүд, орчны барилгуудтай уялдсан байдал, эзлэхүүн төлөвлөлт, бүтээц, инженерийн хангамжийн ерөнхий шийдэл, эрүүл ахуй, галын аюулгүй байдал, нарны тусгал, барилгын давхрын байгуулалт, огтлол, нүүр тал /фасад/, архитектур, өнгөний шийдэл, үзүүлэлтийг тодорхойлсон баримт бичгийг” ойлгоно гээд 26 дугаар зүйлийн 26.1-д “Энэ хуулийн 10.1.2, 10.1.3, 10.1.4, 10.1.5-д заасан ангилалд хамаарах барилга байгууламжид дараахь төрлөөр барилгын ажлын зөвшөөрөл олгоно:”, 26.2-т “Барилга байгууламжийн үндсэн бүтээцэд болон инженерийн шугам сүлжээний хэмжээ, хүчин чадалд өөрчлөлт оруулсан бол зураг төслийг дахин боловсруулж, барилгын ажлын зөвшөөрөл шинээр авна” гэж тус тус хуульчилсан байна.

10. Мөн Засгийн газрын 2021 оны 213 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох дүрэм”-ийн 7 дугаар зүйлийн 7.2-т “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрт зааснаас бусад тохиолдолд Барилгын ажлын зөвшөөрөл олгогдоогүй барилга байгууламжид зөвшөөрлийг нөхөж олгохыг хориглоно” гэж заасан.

11. Барилга хот байгуулалтын сайдын 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн “Журам шинэчлэн батлах тухай” 221 дүгээр тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Барилга, байгууламжийн төвөгшлийн ангилалд хамаарах зориулалт, хүчин чадлыг тогтоох журам”-ын 2.1-д “9-16 м өндөртэй 5 хүртэл давхар олон айлын болон блокчилсон орон сууцны барилга нь бага төвөгшилтэй барилга, байгууламжид хамаарах бөгөөд бага төвөгшилтэй барилга нь барилгын ажлын зөвшөөрөл шаардлагатай.

12. Дээрх хууль болоод журмын заалтуудыг маргааны үйл баримттай холбогдуулан дүгнэвэл “Ү” ХХК нь хэдийгээр 2010 онд Америк таун хаус хотхон болон 30х9 метрийн хэмжээтэй 3 давхар үйлчилгээний барилга барих ажлын зураг болон эскизийг батлуулж, “Барилга угсралтын ажлыг эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл” авсан байх боловч үйлчилгээний барилга барих ажлын зургийг 2016 онд өөрчилсөн, ийнхүү өөрчлөхдөө уг барилга нь газрын хэвгийг ашиглан зам дагуу 5 давхар, хотхон дотроосоо 6 давхар үйлчилгээтэй орон сууцны барилга байхаар төлөвлөсөн ч бодит байдалд барилгын үндсэн бүтээцэд болон инженерийн шугам сүлжээний хэмжээ, хүчин чадалд анхын батлагдсан зурагт өөрчлөлт оруулсан энэ тохиолдолд зураг төслийг дахин боловсруулж, барилгын ажлын зөвшөөрөл шинээр авах хуулийн зохицуулалттай байна.

13. Өөрөөр хэлбэл, өмнө нь Америк таун хаус хотхоны 2 давхар амины орон сууцны ажлын зургийг батлуулж, зөвшөөрөл авсан байх боловч энэ нь 9 м хүртэл өндөртэй 600 м.кв хүртэл талбайтай нэг айлын орон сууц буюу “барилгын ажлын зөвшөөрөл шаардахгүй барилга байгууламж”-ид хамаарч байсан бөгөөд харин сүүлийн гурван блок барилгын зориулалт, хэмжээ, барилгын үндсэн бүтээцэд өөрчлөлт оруулж 3 давхар буюу бага төвөгшилтэй барилга болгосноор зайлшгүй барилгын ажлын зөвшөөрөл шаардлагатай.

14. Гэтэл “Ү” ХХК нь зураг төслөө батлуулалгүй, зөвшөөрөлгүйгээр барилгын ажил гүйцэтгэж, уг барилгыг “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах” улсын комиссын актгүйгээр ашиглалтад оруулсан нь Барилгын тухай хуулийнг 40 дүгээр зүйлийн 40.1.16-д “барилгын ажлыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр гүйцэтгэхгүй байх;”, 48 дугаар зүйлийн 48.3-т “Гэрчилгээ олгогдоогүй, дуусаагүй барилга байгууламжид үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно” гэж заасантай нийцээгүй байна.

15. Нэгэнт нэхэмжлэгчээс “Ф” ХХК-ийн гүйцэтгэсэн үйлчилгээтэй орон сууцны барилгын эскиз зургийг батлуулаагүй, архитектур төлөвлөлтийн даалгавар болон барилгын ажлын зөвшөөрөлгүйгээр барилгын ажил гүйцэтгэсэн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх энэ тохиолдолд Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан “хууль ёсны итгэлийг хамгаалах” зарчим хэрэглэгдэхгүй.

16. Учир нь захиргааны байгууллагын зүгээс маргаан бүхий барилгын хувьд “барилгын ажил явуулах эрхтэй” гэх хууль ёсны итгэл бий болгосон буюу хууль ёсоор бий болсон эрхийн үндсэн дээр нэхэмжлэгч барилгын ажил гүйцэтгэсэн бол нэхэмжлэгч байгууллагын хууль ёсны итгэлийг хамгаалах шаардлага бий болно.

 17. Гэтэл нэхэмжлэгч нь зураг төсөл болон архитектур төлөвлөлтийн даалгавар батлуулаагүй, барилгын зөвшөөрөл аваагүйгээ мэдэж байсан атлаа “...Ч.Э даргатай уулзахад ажлаа үргэлжлүүлж бай гэж хэлсэн учир барилгын ажлаа гүйцэтгэсэн ... хуулийн мэдлэггүйн улмаас архитектур төлөвлөлтийн даалгаврын хавсралт схем зургийг архитектур төлөвлөлтийн даалгавар гэж ойлгож ирсэн” гэх тайлбараар хууль ёсны итгэл бий болсон гэж үзэж үзэж архитектур төлөвлөлтийн даалгавар болон барилгын экиз зургийг батлахыг хариуцагчид даалгах хууль зүйн үндэслэлгүй.

18. Харин давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...нэхэмжлэгч бүрдүүлбэр хангаад хүсэлтээ өгвөл шүүхээс шийдвэрлэсэн хүрээнд “Ү” ХХК-ийн хүсэлтийг захиргааны байгууллага зохих журмын дагуу шийдвэрлэх боломжтой. Өөрөөр хэлбэл, барилгын зургаа Барилгажилтын мэргэжлийн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлээд тухайн зураг төсөл нь барилгын норм, норматив хангаж байгаа тохиолдолд батлах боломжтой” гэж, нэхэмжлэгчээс “...бид барилгын эскиз зургаа батлуулах гэж өдийг хүрсэн, хүсэлтээ өгөхөд захиргааны байгууллага баталж өгдөггүй ... гэхдээ хариуцагч захиргааны байгууллага асуудлыг шүүхийн шийдвэр гарвал шийдвэрлээд өгнө гэж амаар хариу өгдөг” гэж тус тус тайлбарлаж байгаагаас дүгнэхэд барилгын ажлын үе шатны зөвшөөрлийг нөхөж олгох нэхэмжлэгч “Ү” ХХК-ийн хүсэлтийг шийдвэрлэхээс татгалзсан шийдвэрийг 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

19. Өөрөөр хэлбэл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-т “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх;” гэж заасны дагуу хариуцагч барилгын ажлын үе шатны зөвшөөрлийг нөхөж олгох асуудлыг тодруулж шалгасны үндсэн дээр дахин шийдвэрлэх боломжийг хариуцагчид олгох үүднээс Хот байгуулалт, хотын стандартын газрын 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 01/336 дугаар албан  бичгийг 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

20. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 730 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Барилгын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 40 дүгээр зүйлийн 40.1.27-д заасныг тус тус баримтлан Нийслэлийн Хот байгуулалт, хотын стандартын газрын архитектур төлөвлөлтийн даалгавар олгохгүй байгаа, олгохоос татгалзсан нь хууль бус болохыг тогтоож, архитектур төлөвлөлтийн даалгавар олгохыг даалгах, барилгын зураг төслийг батлахыг хариуцагчид даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтыг “Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.43-т заасныг баримтлан Хот байгуулалт, хотын стандартын газрын 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 01/336 дугаар албан бичгийг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл зургаан сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.”, 3 дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд шинэ акт гаргаагүй бол маргаан бүхий актыг хүчингүй болохыг дурдсугай.” гэж тус тус өөрчилж, Тогтоох хэсэгт “4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.” гэж нэмж, бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасныг үндэслэн хариуцагч төсвийн байгууллагуудаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

               ШҮҮГЧ                                                        Н.ХОНИНХҮҮ

               ШҮҮГЧ                                                         Д.БААТАРХҮҮ

               ШҮҮГЧ                                                          О.ОЮУНГЭРЭЛ