Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 2024/ШЦТ/62

 

 

 

 

 

 

 

 

 

2024       03           12                                    ­       2024/ШЦТ/62

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс:180/2024/0053

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ууганбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Б, 

Улсын яллагч Г.А,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б,

Шүүгдэгч Г.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ********** *********** холбогдох эрүүгийн 2439000000034 дугаартай хэргийг 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ************ нь согтуурсан үедээ 2023 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 20 цагийн орчим Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5-р баг "Нармандах" хорооллын 01-04а тоот хашаанд байх өөрийн гэртээ охин ************ “өөдөөс хэрүүл хийлээ" гэх шалтгааны улмаас түүний толгой хэсэг рүү 2 удаа, хөлийн шилбэ хэсэг рүү галын хайчаар нэг удаа, зүүн чих рүү төмөр хүрзээр нэг удаа тус тус цохиж насанд хүрээгүй хохирогч ********** эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

   Шүүгдэгч ********** хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэнд холбогдуулан Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2439000000034 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Насанд хүрээгүй хохирогч ********** (хх-ийн 17-18-р хуудас), гэрч ************* (хх-ийн 21-24-р хуудас) мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,

Шүүгдэгч ************* мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл (хх-ийн 131-133-р хуудас),

Хүүхдийн эрсдлийн нөхцөл байдлын үнэлгээний хуулбар (хх-ийн 138-148-р хуудас),

Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч ************** 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 31 дугаартай дүгнэлт (хх-ийн 44-45-р хуудас),

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын лавлагаа, төрөл садангийн лавлагаа, эд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагаа, Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх лавлагаа, шийтгэх тогтоолын хуулбарууд, захиргааны тоо бүртгэлийн лавлагаа, мөрдөн байцаалтын үед хийсэн тодорхойлолт (хх-ийн 76-114-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн 2439000000034 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Улсын яллагч ******** шүүх хуралд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч ********* нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч ********* шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Миний үйлчлүүлэгч шүүгдэгч ********** гэм буруугийн тал дээр маргахгүй байгаа гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэв.

Шүүдэгч шүүх хуралдаанд “...Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэж гэм буруугийн талаар маргаагүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийсэн болно.

Шүүгдэгч ************ нь согтуурсан үедээ 2023 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 20 цагийн орчим Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5-р баг "Нармандах" хорооллын 01-04а тоот хашаанд байх өөрийн гэртээ охин ************ “өөдөөс хэрүүл хийлээ" гэх шалтгааны улмаас түүний толгой хэсэг рүү 2 удаа, хөлийн шилбэ хэсэг рүү галын хайчаар нэг удаа, зүүн чих рүү төмөр хүрзээр нэг удаа тус тус цохиж насанд хүрээгүй хохирогч ************ эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүгдэгч ********** мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Би ************ биед хөнгөн хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,

Насанд хүрээгүй хохирогч ************** мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2023 оны 12 дугаар сарын 30-ны 20 цагийн үед Хэрлэнн сумын 5 дугаар баг "Нармандах Хорооллын" 1-04а тоот орой хашаанд байх гэртээ ээжийнхээ хөлийг бариад сууж байхад аав ************* намайг түлээ, нүүрсээ бэлд гэж хэлсэн. Би хариуд нь түлээ нүүрсээ бэлдчихсэн гэж хэлсэн чинь өөдөөс хэрүүл хийлээ гээд эхлээд миний толгой руу гараараа 2 удаа, галын хайчаар зүүн хөлийн шилбэ хэсэгт нэг удаа цохиод дараа нь галын үнс, авдаг жижиг төмөр хүрзээр зүүн чих рүү нэг удаа цохисон. Аав *********** тухайн үед архи уучихсан согтуу байсан.  Миний  чихнээс цус гарсан ээж цагдаа дуудсан. Цагдаа ирээд намайг эмнэлэг авч явсан. Эмч нар миний чихэнд 3 оёдол тавьсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 17-18-р хуудас),

Гэрч ************* мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...нөхөр Ган-Эрдэнэ 2023 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 20 цагийн орчим охин *********** түлээ нүүрсээ бэлд гэж хэлсэн. Охин ********** "түлээ нүүрсээ бэлдчихсэн" гэж хэлсэн чинь өөдөөс хэрүүл хийлээ гэж хэлээд охин ********** толгой руу гараараа, хөл рүү нь галын хайчаар цохисон. Дараа нь зуухны үнс авдаг хутгуураар толгой руу нь цохиод зүүн чихийг нь гэмтээгээд охины чихнээс цус гаргасан. Урд нь нөхөр Ган-Эрдэнэ хүүхдүүдээ зодож байгаагүй...” гэх мэдүүлэг (хх-ийн 21-24-р хуудас),

Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл (хх-ийн 131-133-р хуудас),

Хүүхдийн эрсдлийн нөхцөл байдлын үнэлгээний хуулбар (хх-ийн 138-148-р хуудас),

Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч ********** 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 31 дугаартай дүгнэлтэд:

1. ************** биед зүүн чихэнд зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь нийтдээ болон тус бүрдээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэх дүгнэлт (хх-ийн 44-45-р хуудас) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч ************* нь хохирогч *************** эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учрууслан үйл баримт тогтоогдсон болно.  

  Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд “Хуулийн үйлчлэлд хамаарах этгээд”-ийг тодорхойлсон бөгөөд 3.1.1-т “эх*******, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд;” гэж, мөн хуулийн 5.1.1 дэх хэсэгт "гэр бүлийн хүчирхийлэл" гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” гэж тус тус хуульчилсан.

Хохирогч ********** нь шүүгдэгч ******************* гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу охин болох нь хохирогч, гэрч, шүүгдэгчийн мэдүүлэг, төрсний гэрчилгээний хуулбар зэрэг баримтуудаар тогтоогдож байх ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан ба прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч ******** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцов.

Улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай тохирч байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх үзлээ. Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдлаа.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13-т “халдашгүй чөлөөтэй байх эрхтэй..., Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “...халдашгүй дархан байх эрхтэй... гэж тус тус заасан мөн Эрүүгийн хуулийн 11 дүгээр бүлэгт хүний эрүүл мэндийн халдашгүй байх эрхийг баталгаажуулж хуульчилсан байдаг.

Эрүүгийн хуулиар хамгаалагдсан тухайн гэмт хэргийн эрх ашиг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байх эрх ба уг гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан байдаг бөгөөд гэмт үйлдэл, хохирогчид учирсан эрүүл мэндийн хохирлын хооронд шалтгаант холбоо байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг. Шүүгдэгч *********** нь хохирогч ************  “өөдөөс хэрүүл хийлээ" гэх шалтгааны улмаас зүүн чих рүү төмөр хүрзээр нэг удаа цохиж хөнгөн хохирол учирсан нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг шүүгдэгч *********** нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний...эрүүл мэндэд...шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан ба шүүгдэгч ******** нь насанд хүрээгүй хохирогч *********** эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бөгөөд насанд хохирогч хохирогч ********** болон түүний хууль ёсны төлөөлөг ************ нар нь хохиролтой холбоотой баримт ирүүлээгүй байх тул шүүгдэгч Г.Ган-Эрдэнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “....Шүүгдэгч ********* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналыг гаргаж байна..” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “....Шүүгдэгч ************ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү..” гэв.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч ********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцсон.

 Иймд шүүгдэгч *********** эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч ******** нь урьд Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 124 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг оногдуулсан ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 158 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 82-96-р хуудас)-аар тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгч *********** Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, ам бүл 5, эх*******, 3 хүүхдийн хамт амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг, улирлын чанартай ажил эрхэлдэг, одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй байгаа зэрэг хувийн байдлуудлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирч байна гэж дүгнэв.

Улсын яллагчийн зорчих эрхийг хязгаарлах ял, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан торгох ялуудын санал, дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзлээ. Учир нь шүүгдэгч нь ам бүл 5, эх*******, 3 хүүхдийн хамт амьдардаг, улирлын чанартай ажил эрхэлдэг, одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй байгаа зэрэг хувийн байдлуудлыг харгалзан зэрэг хувийн байдлуудыг харгалзан үзэж нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан болно.

Шүүгдэгч ********** нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын эдлээгүй үлдсэн найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *********** урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн 2439000000034 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн урт нь 49.5 см, өргөн нь 12.5 см хэмжээтэй төмөр хүрз 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тухай шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст  даалгалаа.   

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******** овогт *********** ******** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ********** ************ 240 (хоёр зуун дөч) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ************ нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулсугай.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар эрүүгийн 2439000000034 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн урт нь 49.5 см, өргөн нь 12.5 см хэмжээтэй төмөр хүрз 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тухай шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

 

5. Эрүүгийн 2439000000034 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *********** урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ             Б.УУГАНБАЯР