| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батбаатарын Ууганбаяр |
| Хэргийн индекс | 180/2024/0054/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/63 |
| Огноо | 2024-03-12 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Д.Ч |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн
2024 оны 03 сарын 12 өдөр
Дугаар 2024/ШЦТ/63
2024 03 12 2024/ШЦТ/63
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:180/2024/0054/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ууганбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Б,
Улсын яллагч Д.Ч,
Шүүгдэгч Г.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ирүүлсэн ******* ************* холбогдох эрүүгийн 2439000400063 дугаартай хэргийг 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ************* нь 2023 оны 12 дугаар сарын 28-ны шөнө 01 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн Дадал сумын 4 дүгээр баг Тэмүүжингийн задгайд байрлах өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эх******* *********** бусадтай хардаж, улмаар хохирогчийн зүүн, баруун чих, нүүр хэсэгт алгадах, үсдэх, цохих зэргээр зодож, түүний эрүүл мэндэд "баруун чихний мөгөөрсний хугарал, баруун, зүүн чихэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хоёр нүдний салстад цус хуралт, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт" бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ************* нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэнд холбогдуулан Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2439000400063 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч ************ (хх-ийн 3-5-р хуудас), гэрч ************** (хх-ийн 8-9-р хуудас) зэрэг мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэгүүд,
Шүүгдэгч ************ мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,
Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл (хх-ийн 10-12-р хуудас),
Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч ************* 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 36 дугаартай дүгнэлт (хх-ийн 38-39-р хуудас),
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн лавлагаа, Хэнтий аймгийн Дадал сумын Балж багийн засаг даргын тодорхойлолт, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, төрөл садангийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 52-57-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 2439000400063 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Улсын яллагч ************ шүүх хуралд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч ************* нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна...” гэв.
Шүүгдэгч ************** шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэж гэм буруугийн талаар маргаангүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийсэн болно.
Шүүгдэгч ********** нь 2023 оны 12 дугаар сарын 28-ны шөнө 01 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн Дадал сумын 4 дүгээр баг Тэмүүжингийн задгайд байрлах өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эх******* *********** бусадтай хардаж, улмаар хохирогчийн зүүн, баруун чих, нүүр хэсэгт алгадах, үсдэх, цохих зэргээр зодож, түүний эрүүл мэндэд "баруун чихний мөгөөрсний хугарал, баруун, зүүн чихэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хоёр нүдний салстад цус хуралт, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт" бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:
Шүүгдэгч ************** мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Би эх******* ************* эрүүл мэндэд гэмтэл учрууслан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,
Хохирогч ************** мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2023 оны 12 дугаар сарын 27-28-нд шилжих шөнө 01 цагийн орчимд би 3 хүүхдийн хамт гэртээ унтаж байсан. Тэгэхэд манай нөхөр ************* гэртээ ирээд гэрийн хаалга нүдсэн. Тэгээд орой 01 цагийн орчимд орж ирэхдээ согтуу орж ирсэн... Тэгээд намайг чи өөр хүнтэй болоо биз дээ гээд манай ажлын ******** ах, ********** ах хоёртой хардаж юм ярж чимхэж базсан тэгэхээр нь би дургүй хүрээд нуруу руу нь алгадсан. Тэгтэл босож ирээд намайг баруун гараараа зүүн чих рүү алгадсан, мөн баруун чих рүү гараа зангидаж цохисон нүүр рүү хэд хэдэн удаа алгадсан. Бас намайг үсэдсэн..., Өнөөдөр би ажил дээрээ ирэхэд манай их эмч хараад цагдаад мэдэгдсэн. Баруун чих халуу дүүгж өвдөж байна..., хоёр нүдэнд цус хурсан. Зүүн нүдний доор хөхөрсөн байдалтай байна...” гэх мэдүүлэг (хх-ийн 3-5-р хуудас),
Гэрч ************ мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр би эмнэлэг дээр дуудлагын хуваарьтай байсан. Тэгтэл өглөө ажил дээр очиход манай тогооч *********** ажил дээр ирчихсэн хувцас солих өрөөнд сууж байсан. Тэгээд би юу болсон талаар асуухад уйлаад байсан, хэсэг хугацааны дараа тайвшраад ярихдаа өчигдөр орой манай нөхөр ********* согтуу ирээд намайг хүмүүстэй хардаад зодчихлоо гэж хэлсэн. Орой ирээд орондоо ороод намайг бусадтай хардаад араас чимхээд байхаар нь болиоч гээд хоёр удаа нуруу руу нь алгадахад босож ирээд хоёр чих рүү нь гараараа алгадаад, бас нүүр рүү нь хэд хэдэн удаа цохиод авсан гэж хэлсэн. Тэгээд би ээлжтэй байсан болохоор үзлэгээ хийсэн...Үзлэгээр хоёр чих улайж хөхөрч хавдсан байсан. Хоёр нүдэнд цус хурсан байсан, бүтэн биед үзлэг хийхэд бугалгын дотор талд хөхөрсөн байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 8-9-р хуудас),
Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл (хх-ийн 10-12-р хуудас)
Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч ********** 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 36 дугаартай дүгнэлтэд:
1.2. ********* биед "баруун чихний мөгөөрсийн хугарал, баруун зүүн чихэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хоёр нүдний салстад цус хуралт, зүүн дээд зовхинд цус хуралт" гэмтэл тогтоогдлоо.
3. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой.
4.6. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...гэх дүгнэлт (хх-ийн 20-21-р хуудас) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч ********** нь хохирогч ********** эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учрууслан үйл баримт тогтоогдсон болно.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд “Хуулийн үйлчлэлд хамаарах этгээд”-ийг тодорхойлсон бөгөөд 3.1.1-т “эх*******, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд;” гэж, мөн хуулийн 5.1.1 дэх хэсэгт "гэр бүлийн хүчирхийлэл" гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” гэж тус тус хуульчилсан.
Хохирогч ********* нь шүүгдэгч ********** гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу эх******* болох нь хохирогч, гэрч, шүүгдэгчийн мэдүүлэг, гэрлэсний бүртгэлийн лавлагаа зэрэг баримтуудаар тогтоогдож байх ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан ба прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч ************* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцов.
Улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай тохирч байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх үзлээ. Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдлаа.
Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13-т “халдашгүй чөлөөтэй байх эрхтэй...”, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “...халдашгүй дархан байх эрхтэй...” гэж тус тус заасан мөн Эрүүгийн хуулийн 11 дүгээр бүлэгт хүний эрүүл мэндийн халдашгүй байх эрхийг баталгаажуулж хуульчилсан байдаг.
Эрүүгийн хуулиар хамгаалагдсан тухайн гэмт хэргийн эрх ашиг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байх эрх ба уг гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан байдаг бөгөөд гэмт үйлдэл, хохирогчид учирсан эрүүл мэндийн хохирлын хооронд шалтгаант холбоо байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг. Шүүгдэгч ********** нь хохирогч *********** бусадтай хардаж, улмаар түүнийг зодож "баруун чихний мөгөөрсний хугарал, баруун, зүүн чихэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хоёр нүдний салстад цус хуралт, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт" бүхий хөнгөн хохирол учирсан нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг шүүгдэгч ************ нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний...эрүүл мэндэд...шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан ба шүүгдэгч *********** нь хохирогч ********** эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бөгөөд хохирогч ********** нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгч ************ бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “....Шүүгдэгч ********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 350 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын саналыг гаргаж байна..” гэв.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч ******** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцсон.
Иймд шүүгдэгч *********** эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч ************ нь урьд ял шийтгэлгүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 57-р хуудас)-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч *********** Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, зэрэг хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан шүүгдэгч ************ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, уг торгох ялыг шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.
Улсын яллагчийн шүүгдэгч ************** 350 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын саналыг хүлээн авах боломжгүй гэж үзлээ. Учир нь шүүгдэгч ************ нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөввшөөрсөн, Хэнтий аймгийн Дадал сумын Засаг даргын тамгын газарт спорт цогцолборын арга зүйч ажилтай, ам бүл 5, эх*******, 3 хүүхдийн хамт амьдардаг гэр бүлээ тэжээнт тэтгэдэг зэрэг хувийн байдлуудыг харгалзан үзэж торгох ял оногдуулсан болно.
Шүүгдэгч ************** нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ************* урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн 2439000400063 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ********** овогт ********* ********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ************ ************ 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ************* оногдуулсан 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч ************ нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулсугай.
5. Эрүүгийн 2439000400063 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ************ урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР