| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төртогтохын Энхмандах |
| Хэргийн индекс | 165/2024/0029/э |
| Дугаар | 2024/ШЦТ/32 |
| Огноо | 2024-03-06 |
| Зүйл хэсэг | 27.10.4., |
| Улсын яллагч | Т.Нансалмаа |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 03 сарын 06 өдөр
Дугаар 2024/ШЦТ/32
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
нарийн бичгийн дарга Ө.Бямбасайхан,
улсын яллагч Т.Нансалмаа,
шүүгдэгч М.Б нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овогт М-ны Б-д холбогдох эрүүгийн 2417000150026 дугаартай хэргийг 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19.. оны 08 дугаар сарын 23-нд Д аймгийн Г суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, а... мэргэжилтэй, Г аймгийн О... ажилтай, ам бүл 4, эхнэр хүүхдийн хамт Г аймгийн С сумын 3 дугаар баг, Н-ы тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй гэх Б овогт М-ны Б /РД:ЕЙ/,
Холбогдсон хэргийн талаар:
/яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч М.Б нь 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, Грийн хаус рестораны баруун авто замд 47-45 УБВ улсын дугаартай Leхus-НS250 маркийн тээврийн хэрэгслийг 2.23 хувийн согтолттойгоор жолоодсон гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч М.Б нь 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, Грийн хаус рестораны баруун авто замд 47-45 УБВ улсын дугаартай Leхus-НS250 маркийн тээврийн хэрэгслийг 2.23 хувийн согтолттойгоор жолоодсон болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл /хх-ийн 5 дугаар хуудас/,
Гэрч Б.Б-гийн “...2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр оройн 17 цагаас 01 цагийн хооронд замын цагдаагийн оройн эргүүлийн үүрэг гүйцэтгэх хугацаанд 22 цагийн үед Сүмбэр сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт Грийн Хаусын баруун талын шороон зам дээр Leхus HS250 маркийн 47-45 УБВ улсын дугаартай авто машиныг зогсоож шалгахад М овогтой Б гэх хүн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явсныг ирүүлэн Цагдаагийн албаны тухай хуульд заасны дагуу драгер багажаар шалгахад 2.23 согтолттой гарсан...3 гэх мэдүүлэг /хх-ийн 21 дүгээр хуудас/,
Гэрч Д.М-ын “...2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр би Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багт оршин суух айлд очих гээд явсан. Тэгээд нөгөө айлдаа очтол айл хүнгүй байсан. Тэгээд алхаж явж байгаад ажлын газрын Б рүү хаана явж байгаа талаар асуухад дэнжид явж байна гэхээр нь миний дүү ахыгаа хүргээд өг гэж хэлсэн. Тэгээд Б бид 2 дэнжийн тэнд Б-тэй уулзаад машинд нь суугаад Грийн Хаусын тэнд явж байтал бид 2-г цагдаа зогсоосон. Тэгээд цагдаа бид 2-г авчраад согтолтын зэргийг шалгахад Б-гээс архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байна гэхээр нь би тэгээд яваад өгсөн...”гэх мэдүүлэг /хх-ийн 25 дугаар хуудас/,
Гэрч Э.Д-ийн “...2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр би ажлын газрын Б-тэй 21 цагийн үед Сүмбэр сумын 2 дугаар баг, Зараагийн 164 тоот манай гэрийн гадаа 0.75 литрийн савлагаатай 1 шил архийг бид хоёр уусан. Тэгээд ууж дуусаад Б машинаа бариад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 22 дугаар хуудас/,
Гэрч Д.Н-гийн “...манай нөхөр даруухан, хийж байгаа ажилдаа хариуцлагатай, нийгмийн идэвхи зүтгэл ихтэй. Хүнд их тусч, ажилдаа маш сайн. Сайн аав гэр бүлдээ халамж анхаарал сайн тавьдаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 31 дүгээр хуудас/,
Согтолтын зэрэг тогтоосон тухай тэмдэглэл /хх-ийн 9 дүгээр хуудас/,
2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн №0181408 дугаартай шийтгэлийн хуудсын хуулбар /хх-ийн 55 дугаар хуудас/,
Шүүгдэгч М.Б-гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 49 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан гэрч Б.Б, Д.М, Э.Д нарын мэдүүлэг, согтолтын зэрэг тогтоосон тухай тэмдэглэл, 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн №0181408 дугаартай шийтгэлийн хуудсын хуулбар зэрэг нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч М.Б нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч М.Б нь бусдад төлөх төлбөргүй байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгч М.Б-гийн хүлээн зөвшөөрсөн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасаж, 3600 /гурван мянга зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 3 600 000 /гурван сая зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч М.Б нь тухайн гэмт хэргийн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаварыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч М.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хасаж, 3600 /гурван мянга зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 3 600 000 /гурван сая зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-д оногдуулсан 3600 /гурван мянга зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 3 600 000 /гурван сая зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг түүний цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоолоо.
Шүүгдэгч М.Б нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.
Шүүгдэгч М.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдлаа.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хасах ялын хугацааг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолох нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт М-ны Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч М.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хасаж, 3600 /гурван мянга зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 3 600 000 /гурван сая зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-д оногдуулсан 3600 /гурван мянга зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 3 600 000 /гурван сая зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Шүүгдэгч М.Б нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
. 5. Шүүгдэгч М.Б нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хасах ялын хугацааг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.
7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ЭНХМАНДАХ