Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 764

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Б.Батзориг, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Туяа,  

шүүгдэгч Г.Цын өмгөөлөгч Ц.Гансүх,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Мөнхбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 845 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч дээд шатны прокурор О.Алтангэрэлийн бичсэн 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 30 дугаартай эсэргүүцэл болон шүүгдэгч Г.Цын өмгөөлөгч Ц.Гансүх, Г.Батболд нарын хамтран гаргасан давж заалдах гомдолд үндэслэн Г.Цод холбогдох эрүүгийн 2010 00559 0277 дугаартай хэргийг 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Г.Ц, 

Г.Ц нь 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Номин Юнайтед” ХХК-ийн байрны 5 дугаар давхарт байрлах хурлын зааланд хохирогч З.Т“хуралд оруулахгүй” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүний толгойн тус газар гараараа цохиж, эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн бугалганд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Г.Цын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг  шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Хохирогч З.Т шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “... 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдөр Г.Ц намайг “чи яасан том бацаан бэ” гэж босож ирээд заамдсан. Тэгэхээр нь би Г.Цын гарыг тавиулсан чинь эхлээд миний зүүн чих рүү гараараа нэг удаа цохисон. Тэгээд дараа нь толгойны ар тал руу гараараа 3-4 удаа цохисон. Би Г.Цод “та намайг хуралд оруулахгүй” гэсэн албан бичгээ өгчих, тэгвэл би гарч болно гэж хэлтэл дахиад миний толгойны ар тал руу буюу дагз руу 5-6 удаа цохисон. Олон хүмүүсийн нүдэн дээр намайг зодож, эвгүй байдалд оруулсан. Надад нэхэмжлэх зүйл байхгүй, гэхдээ би гомдолтой байна. Хан-Уул дүүргийн цагдаагийн газраас намайг өчигдөр буюу 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр дуудаад “хүний биед халдсан” гэж зөрчлийн арга хэмжээ авсан. Гэтэл Г.Ц нь прокурортой “ялаас чөлөөлөх” арга хэмжээ авахуулахаар тохиролцсон байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлмээргүй байна.” гэх мэдүүлгээс дүгнэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.5, 4.6 дахь заалтуудад заасан нөхцөл байдал хангагдаагүй байна гээд хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

Дээд шатны прокурор О.Алтангэрэл бичсэн эсэргүүцэлдээ: “... шүүхийн шийдвэр хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “шүүх хуралдаанаар дараахь нөхцөл байдлыг хянана”.

4.5-д “гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн бол” гэж,

4.6-д “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх” гэж тус тус заасан.

Хохирогч З.Т нь хохирол, хор уршгийн талаар нэхэмжлээгүй бөгөөд Г.Ц нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул хуулийн дээрх заалтуудад заасан нөхцөл байдал хангагдаагүй гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна. Прокуророос Г.Ц нь гэм буруугаа сайн дураараа зөвшөөрсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан, үйлдсэн хэрэг нь нотлох баримтуудаар тогтоогдсон гэж үзэн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэхэд хохирогчийн зүй бус харьцаа нөлөөлсөн байдлыг харгалзан “ялаас чөлөөлөх” санал гаргаж, яллагдагчтай тохиролцон хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн. 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.5-д “гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэх” гэж өөрчлөлт оруулсан нь яллагдагч гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, төлөхөө илэрхийлсэн байдалд голлон анхаарч, хэргийг хохирогчийн гомдол, хүсэлтээс үл шалтгаалж, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шийдвэрлэж байхаар зохицуулсан хуулийн үзэл баримтлал юм. Шүүх хохирогчийн “гомдолтой” гэсэн байдлыг хэргийг прокурорт буцаах шийдвэрийнхээ үндэслэл болгосон нь цаашид хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхийг хязгаарласан, өөрөөр хэлбэл хуулийн дээрх үзэл баримтлал хэрэгжихгүй нөхцөлийг бий болгож байна. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичсэн” гэжээ.  

Шүүгдэгч Г.Цын өмгөөлөгч Ц.Гансүх, Г.Батболд нар хамтран гаргасан давж заалдах гомдол болон өмгөөлөгч Ц.Гансүх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Захирамжлах хэсгийн 4-т “Прокурор уг шийдвэрийг эс зөвшөөрвөл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай” гэжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2-т “хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг прокурор, яллагдагч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэй” гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхийн шүүгч яллагдагч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах эрхтэй болох талаар бичилгүй орхигдуулсан. Нөгөө талаас хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу явагддаг. Энэ бүлгийн 17.4 дүгээр зүйлийн 6-д “шүүгдэгч хүсэлтээсээ татгалзсан, эсхүл энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй гэж үзэх үндэслэл байвал шүүх хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргахаар зохицуулсан. Харин хэргийг прокурорт буцаах шийдвэрт хэн нэгэн этгээд гомдол гаргах талаар хуульчилсан зүйл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд байхгүй. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхийн шүүгч хуулиар олгогдоогүй эрх хэмжээг прокурор, яллагдагч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид олгосон нь үндэслэлгүй гэж үзэж байна. 845 дугаартай шүүгчийн захирамжтай шүүх хуралдаан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 дугаар бүлэгт заасан шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг биш байсан. Бодит байдал ийм байхад хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж, уг бүлгийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гомдол, эсэргүүцэл бичих эрхийг тусгасан нь хууль бус үйлдэл юм. Иймд шүүгчийн захирамжийн захирамжлах хэсгийн 4 дэх хэсгийг хүчингүй болгож өгнө үү.. “ гэв.

Прокурор Д.Туяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Дээд шатны прокурорын эсэргүүцлийг бүхэлд нь дэмжиж байна. Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиар хохирогчтой эвлэрсэн байхыг шаардана. Мөн хохирлоо төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн байх ёстой. Анхан шатны шүүх холбогдох хуулийн 2 заалтыг баримталж хэргийг буцаасан бөгөөд уг үндэслэл нь буруу байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар Г.Цод холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцэл болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаад хэргийг прокурорт буцаах шаардлагагүй гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.5-д “гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэх”, 4.6-д “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх.” гэж тус тус заасан нь яллагдагч гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, эсвэл нөхөн төлөхөө илэрхийлсэн, мөн яллагдагч гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээр маргаагүй, үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон байдалд дүгнэлт өгч, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт зааснаар хянан шийдвэрлэж байхаар зохицуулсан байна.

Шүүхээс хохирогчийн “... нэхэмжлэх зүйл байхгүй, гэхдээ би гомдолтой байна. ...надад “хүний биед халдсан” гэж зөрчлийн арга хэмжээ авсан. Гэтэл Г.Ц нь прокурортой “ялаас чөлөөлөх” арга хэмжээ авахуулахаар тохиролцсон байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлмээргүй байна...” гэсэн байдлыг хэргийг прокурорт буцаах шийдвэрийнхээ үндэслэл болгосон нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

Өөрөөр хэлбэл, хохирогч З.Тгийн “...Би эмчилгээ хийлгэсэн баримт байгаа, нэхэмжлэх зүйл байхгүй.” /хх 12/, яллагдагч Г.Цын “...Хохирогчид учруулсан эмчилгээний зардлыг баримтын дагуу төлж барагдуулна.” /хх 66/ гэх мэдүүлгүүд, шүүх хуралдаанд “...Би одоо хэрэгтээ гэмшиж байна. ” /хх 90-94/, яллагдагч “...түүнд учирсан хохирлыг санхүүгийн баримт, нэхэмжлэлийг үндэслэн төлж барагдуулах баталгаа өгч байна” гэх баримт /хх 75/, хохирогчид хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэлд “...санал хүсэлт байхгүй” /хх 67/ гэх зэргээр хохирогч хохирол төлбөр нэхэмжлээгүй, шүүгдэгч гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдож байна.   

Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч нар “...Нөгөө талаас хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу явагддаг. Энэ бүлгийн 17.4 дүгээр зүйлийн 6-д “шүүгдэгч хүсэлтээсээ татгалзсан, эсхүл энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй гэж үзэх үндэслэл байвал шүүх хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргахаар зохицуулсан. Харин хэргийг прокурорт буцаах шийдвэрт хэн нэгэн этгээд гомдол гаргах талаар хуульчилсан зүйл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд байхгүй. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхийн шүүгч хуулиар олгогдоогүй эрх хэмжээг прокурор, яллагдагч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид олгосон нь үндэслэлгүй гэж үзэж байна. 845 дугаартай шүүгчийн захирамжтай шүүх хуралдаан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 дугаар бүлэгт заасан шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг биш байсан. Бодит байдал ийм байхад хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж, уг бүлгийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гомдол, эсэргүүцэл бичих эрхийг тусгасан нь хууль бус үйлдэл юм. Иймд шүүгчийн захирамжийн захирамжлах хэсгийн 4 дэх хэсгийг хүчингүй болгож өгнө үү..” гэсэн гомдол гаргажээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад энэ хуульд заасан ердийн журмаас гадна энэ бүлэгт заасан тусгай журмыг баримтлана” гэж хуульчилсанаар оролцогчдын гомдол гаргах эрхийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна гэж үзэв.

Хэдийгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлд урьдчилсан хэлэлцүүлгийн үед хэргийг прокурорт буцаахаар заасан байгаа боловч тус хуулийн 17 дугаар бүлэгт заасан журмаар хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад энэ хуульд заасан ердийн журмаас гадна энэ бүлэгт заасан тусгай журмыг баримтлана гэж зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт гомдол гаргах эрхийн талаар дурдаагүй гэж үзэх боломжгүй гэж үзэв.

Харин анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 845 дугаартай захирамжийн “Захирамжлах хэсгийн 4-т Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...яллагдагч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт багтаан эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэй” байдлыг заалгүй орхигдуулан бичсэн алдаа гаргасан болохыг дурьдах нь зүйтэй байна.

Иймд  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарын хүрээнд Г.Цод холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэх боломжтой байх тул дээд шатны прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.