Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 123/ШШ2022/0009

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Зоригтбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Иргэн Ц.Б,

Хариуцагч: Төв аймгийн Баянцогт сумын 2 дугаар багийн Иргэдийн Нийтийн Хурал,

Гуравдагч этгээд: О.Д,

Нэхэмжлэлийн шаардлага Төв аймгийн Баянцогт сумын Сарлаг 2 дугаар багийн Иргэдийн Нийтийн Хурлын 2021 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 01 дүгээр хууль бус тогтоолыг хүчингүй болгуулах, тус багийн Иргэдийн Нийтийн Хурлыг дахин хуралдуулахыг даалгуулах гэсэн шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б, хариуцагч Төв аймгийн Баянцогт сумын 2 дугаар багийн Иргэдийн Нийтийн Хурлын дарга О.Н, гуравдагч этгээд О.Д, гуравдагч этгээдийн өмгөөлөгч С.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Жаргалболд нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ маргаан бүхий акт буюу Төв аймгийн Баянцогт сумын 2 дугаар багийн Иргэдийн Нийтийн Хурал 2021 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 1 дүгээр тогтоолыг батлахад 36 хүн буюу 20 хувийн ирцтэйгээр хуульд заасан ирц хүрээгүй байхад тус сумын багийн Иргэдийн Нийтийн Хурлын дарга хууль бус тогтоол гаргасан гэж үндэслэл гарган маргаж байна.

Нэхэмжлэгч Ц.Батбаатарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Батцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол улсын Засаг захиргаа, Нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасны дагуу Ц.Батбаатар Төв аймгийн Баянцогт сумын Сарлаг 2 дугаар багийн Иргэдийн Нийтийн Хурал хуулийн дагуу зарлагдаад 2021 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр багийн иргэдийн ирц 50 хувьд хүрч хурал хуулийн хүчин төгөлдөр болж өнгөрсөн. Ц.Батбаатар нь 117 иргэн оролцсоноос 59 иргэн буюу 50.4 хувийн санал авч багийн Засаг даргаар сонгогдохоор болсон ч Баянцогт сумын Засаг дарга Сарлаг багийн Засаг даргаар Ц.Батбаатарыг батламжлаагүй бөгөөд сумын Засаг дарга түүнийг Засаг даргаар томилохгүй" гэхэд нь Захиргааны хэргийн шүүхээр шийдүүлэхээр өргөдөл гаргаж шийдвэрлүүлье гэхэд Баянцогт сумын Засаг дарга Ц.Батбаатарыг асуудлаа шүүхэд хандаж шийдвэрлүүл гэсэн хариуг өгсөн. Ингээд Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т зааснаар эрх бүхий албан тушаалтан томилохоос татгалзвал зохих шатны Хурал 15 хоногийн дотор энэ хуулийн 26.2-т заасан журмаар Засаг даргад дахин нэр дэвшүүлэх бөгөөд томилох эрх бүхий албан тушаалтан Хурлын тогтоолыг хүлээн авснаас хойш 5 өдөрт багтаан томилох шийдвэр гаргах үүрэгтэй гэж заасны дагуу дахин багийн Иргэдийн Нийтийн Хурлыг хуралдуулахыг даалгах нэхэмжлэл гаргаж, шүүхэд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч тус багийн Иргэдийн Нийтийн Хурал 2021 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр дахин хуралдсан боловч хурлын тогтоол батлахад 36 хүн буюу 20 хувийн ирцтэйгээр тогтоол батлах ажиллагаа, хуульд заасан ирц хүрээгүй байхад тус сумын багийн Иргэдийн Нийтийн Хурлын дарга хууль бус тогтоол гаргасан юм. Ингээд Ц.Батбаатар 2021 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр багийн иргэдийн ирц 50 хувьд хүрч хуулийн хүчин төгөлдөр болсон хурлын тогтоолын дагуу сумын Засаг дарга түүнийг Төв аймгийн Баянцогт сумын Сарлаг 2 дугаар багийн Засаг даргаар батламжлаагүй, түүнээс хойш шүүгчийн захирамжийн дагуу дахин хуралдсан 2021 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн багийн Иргэдийн Нийтийн Хурлын тогтоол багийн иргэдийн ирц хүрээгүй хууль бус тогтоол гаргасан тул дээрх хууль бус тогтоолыг хүчингүй болгож, Баянцогт сумын Сарлаг 2 дугаар багийн Иргэдийн Нийтийн Хурлыг дахин хуралдуулахыг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Төв аймгийн Баянцогт сумын 2 дугаар багийн Иргэдийн Нийтийн Хурлын дарга О.Нямдорж шүүх болон шүүхэд хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус сумын Сарлаг 2-р багийн Иргэдийн Нийтийн Хурал нь 2021 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хуралдаж хуралдааны ирц 57,8 хувьтай байв. Санал хураалт явуулахад нэр дэвшигч Ц.Батбаатар 84 хүний санал буюу 46,7 хувийн санал, нэр дэвшигч О.Даваадорж 96 хүний санал буюу 53,3 хувийн санал авсан. Санал уламжлах тогтоолын төсөл уншиж тунилцуулахад иргэдийн ихэнх нь тараад явчихсан 36 иргэн буюу нийт санал өгсөн иргэдийн 20 хувь нь тогтоолын төслийг дэмжиж баталсан болно. ...Уг багийн иргэдийн 90 хувь нь малчин иргэд байдаг. Хурал эхэлдэг цаг оройтсоны улмаас малчин иргэд яарч саналаа өгөөд буцсан. Багийн хурал болсон байр нь халаалт байхгүй, иргэд удаан байх ямар ч нөхцөл бололцоогүй учраас миний зүгээс иргэдээ хүйтэн байранд удаан байлгаж болохгүй нөхцөлтэй байсан. Иймд саналаа өгсөн иргэд буцсан. Мөн Ковид-19 халдварт өвчний нөхцөл байдлын улмаас иргэдийг удаан хугацаагаар хүйтэн байранд байлгаж болохгүй байсан. ...Жижиг байранд нэг нэгээр нь оруулж саналаа авсан. Сонгууль бүрэн ирцээр явагдсан. Хүмүүс мал хунараа хотлуулна гээд байсан, би хорьж чадаагүй. Саналын хуудас тоолно гээд хүмүүсээ гадаа гаргаад тоолсон ба санал авсан байр хүйтэн халаалтгүй, тус байранд хүмүүс өдөржин байсан юм. Санал тоолоод хүмүүсээ оруулахад зарим нь явсан байсан. Нарийн тоог нь авч чадаагүй, утасны цэнэг дууссан. Багцаагаар 40 гаруй хүн байсан. Ирц бичсэн хүн 20% ирцтэй байсан гэсэн. Ирц саналын хувьд будилаан маргаангүй байсан гэжээ.

Гуравдагч этгээд О.Даваадорж шүүх болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төв аймгийн Баянцогт сумын иргэн О.Даваадорж миний бие иргэн Ц.Батбаатарын нэхэмжлэлтэй танилцаад тайлбар гаргаж байна. Баянцогт сумын Сарлаг 2-р багийн Иргэдийн Нийтийн Хурал 2021 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 10 цагт хуралдана гэж зарлагдсан боловч 16 цагт ирц бүрдэж 57,8 хувийн ирцтэйгээр хурал эхэлсэн. Сонгуулийн санал хураалтын үйл ажиллагаа 2 цаг гаруй хугацаанд үргэлжилж, дараа нь санал тоолоод орой 19 цагийн орчимд санал хураалт дууссан ч О.Даваадорж миний бие 180 иргэнээс 96 иргэний санал буюу 53,3 хувийн санал авсан. Хөдөөгийн малчин иргэн өглөөний 10 цагаас оройны 17 цаг хүртэл өдөржин хүлээж байж хуралд оролцож, саналаа нэг нэгээрээ орж өгсөн бөгөөд малчдын мал тэжээх, малаа хотлуулах (зарим хүмүүс малаа эзэнгүй орхисон байсан), мөн тухайн өдөр сумын аварга шалгаруулах гар бөмбөгний тэмцээн болж байсан ба тэмцээнээр сумын төв рүү явах хүмүүс ч байсан, өвлийн хүйтэнд настай болон зарим хүмүүс халаалтгүй байранд даарч хөрөх зэрэг асуудлууд байсан тул сонгуульд оролцож саналаа өгөөд гэртээ харьцгаасан. Миний бие багийн Иргэдийн Нийтийн Хурлын тогтоол болон бусад хуулийн заалтыг үндэслэн сумын Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн захирамжаар түр томилогдон ажиллаж байгаад Авлигатай тэмцэх газар ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянуулж, хянасан тухай хариу 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Засаг даргад ирсэн. Хуулийн дагуу Иргэдийн Нийтийн Хурлын тогтоол, сонгуулийн үр дүн, хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянасан тухай албан бичгийн дагуу Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 04-ний Б/03 захирамжаар Сарлаг 2-р багийн Засаг даргаар томилогдон ажиллаж байна. Сонгуулийн ирц 57,8 хувьтай байсан, 96 иргэний буюу 53,3 хувийн саналаар ялалт байгуулсан бөгөөд сонгуулийн үйл ажиллагаа нь ямар нэгэн хууль зөрчөөгүй, ил тод, шударга явагдсан гэж үзэж байна. ... Тогтоол батлахын өмнө Ц.Батбаатар орж ирээд санал хураалтын үйл ажиллагаа буюу өөрийгөө ялагдсан байна гэдгийг мэдээд өөрийн хүрээллийн хүмүүс болох хамаатан садан ойр дотнын хүмүүсийг хурлын тогтоол батлахад оруулж ирээгүй. Тухайн үед байсан бол батлахад байсан бол ирц хүрэх байсан. Энэ сараас хойш би Төрийн албыг цалгардуулалгүй өнөөг хүртэл эрхэлж байна. Энэ байдлыг минь харгалзан үзнэ үү гэжээ.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч С.Базардорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянцогт сумын 2 дугаар багийн Иргэдийн Нийтийн Хурлын 2021 оны 11 дүгээр сард 01 дүгээр тогтоолоор хурлын тов тогтоож хэлэлцэх асуудлыг баталсан байдаг. Тус тогтоолын дагуу 4 үйл ажиллагааг санал болгосон байдаг. Багийн Засаг даргыг сонгох талаар хэлэлцсэн. 2021 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр багийн иргэдийн хурлын ирц хүрсэн. Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.11 дэх хэсэгт зааснаар Засаг даргыг нэр дэвшүүлж, чөлөөлөх, огцруулах бол тухайн багийн өрхийн 50 хувиас дээш хувийн ирц хүрсэн тохиолдолд хурал хүчин төгөлдөр болно гэдэг хуулийн зохицуулалттай. Тус хуулийн зохицуулалтаар багийн иргэдийн 180 иргэн ирсэн нь хурал хүчин төгөлдөр болсон. Үндсэн хурлын үйл ажиллагаа 16 цагт эхэлсэн. Хуулиар хурлын дэг тогтоодог, эхлээд газрын өргөдөл өгсөн иргэдийн асуудлыг хэлэлцээд дараа нь өмнөх багийн Засаг даргатай холбоотой мэдээллийг хийсэн. Хамгийн сүүлийн үйл ажиллагаа багийн Засаг даргыг сонгох байсан. Сонгууль 17 цагт эхлээд иргэдийг байрнаас гаргаад, тухайн 180 иргэн нэг нэгээрээ орж саналаа өгсөн. Санал тоолох үйл ажиллагаа сунжраад 20 цагийн үед дууссан. Саналын үр дүнгээр миний үйлчлүүлэг О.Даваадоржийг 53.3% буюу 180 иргэнээс 96 хүний саналаар багийн Засаг даргаар уламжлах тогтоол баталсан. Тогтоолыг батлахад ирц хүрээгүй гэж тайлбарлаж байна. Тухайн иргэд саналаа О.Даваадоржийг сонгоход өгсөн гэдэг нь тухайн тогтоолыг батлах нь ойлгомжтой асуудал. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл үндэслэлгүй. Нэхэмжлэлийн тайлбараа ярихдаа 2021 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 01 дугаар тогтоолыг хууль бус болохыг тогтоолгох гэсэн. Өөрөө нэхэмжлэл гаргахдаа хууль бус тогтоолыг хүчингүй болгох гэдэг нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч өнөөдрийн шүүх хуралдаанд хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгож, дахин хуралдаан хуралдуулахыг даалгах гэсэн 3 шаардлага гаргаж байна. Мөн хурал ирц хүрч хийсэн эсэх, санал өгсөн хүний тоо хүрсэн эсэх, санал тоолоод тогтоол танилцуулах үед тэнд байсан хүний тоо хурлын ирцэд нөлөөлөх эсэх асуудлыг тодорхойлох ёстой байх гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг үнэлж дүгнээд дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

1. Төв аймгийн Баянцогт сумын 2 дугаар багийн Иргэдийн Нийтийн Хурлын 2021 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 01 дүгээр Багийн Засаг даргаар томилуулахаар санал уламжлах тухай тогтоолоор Сарлаг багийн Засаг даргыг сонгохоор нууцаар санал хураалт явуулахад 180 иргэн санал хураалтад оролцсоноос 96 иргэний буюу 53.3 хувийн санал авсан Отгонбаярын Даваадоржийг багийн Засаг даргаар томилуулахаар санал уламжилж[1] шийдвэрлэжээ.

2. Төв аймгийн Баянцогт сумын 2 дугаар багийн Иргэдийн Нийтийн Хурлын 2021 оны 11 дүгээр сарын 1 дүгээр тогтоолоор Багийн Иргэдийн Нийтийн Хурлыг 2021 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 09 цагт багийн төвд хуралдуулахаар тогтоож, хэлэлцэх асуудлын 2.1-д Багийн Засаг даргад нэр дэвшүүлж уламжлах[2] гэж заасан байна.

Мөн 2021 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Төв аймгийн Эрдэнэ сумын Сарлаг 2-р багийн Иргэдийн Нийтийн Хуралд оролцож саналын хуудас авч, санал өгсөн иргэдийн жагсаалтаас харахад 180 иргэний нэрс байна.[3] Энэ санал өгсөн иргэдийн тоо тус багийн хурлын ирцэд хүрсэн байх ба нийт санал өгсөн иргэдийн тооны талаар нэхэмжлэгч маргаагүй, харин тухайн хуралд оролцогчдын саналыг тоолж дуусаад гарсан дүнг танилцуулж, хурлын тогтоолыг баталгаажуулах үед хуралд оролцогчдын зарим нь явцгаасан учир бүрэн ирцээр бус 36 хүн буюу хуралд оролцогчдын 20 хувийн ирцтэйгээр баталгаажуулсан нь хууль бус гэж маргажээ.

Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 Баг, хорооны Засаг даргад тухайн нэгжийн нийтийн хуралд оролцож байгаа иргэд, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргад тухайн хурал дахь нам, эвслийн бүлэг, эсхүл Хурлын төлөөлөгч тус тус нэр дэвшүүлэх эрхтэй бөгөөд уг хурлын хуралдаанд оролцсон иргэд, төлөөлөгчдийн олонхын буюу 50-иас дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг томилуулахаар томилох эрх бүхий албан тушаалтанд санал болгоно гэж заажээ.

3. Төв аймгийн Баянцогт сумын 2 дугаар багийн Иргэдийн Нийтийн Хуралд 180 иргэн оролцож гуравдагч этгээд О.Даваадорж 96 хүний санал авсан гэдэгт хэргийн оролцогч нар маргаагүй. Үүнээс үзвэл Иргэдийн Нийтийн Хурлын олонхын саналыг шүүх харгалзаж үзэх нь зүйтэй. Иймд олонхын саналаар шийдвэрлэн баталсан Төв аймгийн Баянцогт сумын 2 дугаар багийн Иргэдийн Нийтийн Хурлын 2021 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 1 дүгээр Багийн Засаг даргаар томилуулахаар санал уламжлах тухай тогтоол нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн үйлдэл болохгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Тодруулбал Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн болон баг, хорооны Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхын саналаар тус тус батална гэж заасан бөгөөд уг хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонх нь багийн Засаг даргад нэр дэвшүүлэх, санал хураах асуудлаа хурлаараа хэлэлцээд, санал хурааж, 50-иас дээс хувийн санал авсан нэр дэвшигчийг танилцуулсан болох нь үйл баримтаар тогтоогдож байх тул зөвхөн нэр дэвшигчдэд өгсөн саналын дүнг танилцуулах асуудалд хуралд оролцогчдын олонх байгаагүй гэсэн үндэслэлээр хуралд оролцож, багийн Засаг даргад нэр дэвшигчид санал өгсөн олонх иргэдийн саналыг үгүйсгэх үндэслэлгүй бөгөөд нутгийн өөрөө удирдах байгууллагын хамтын, олонхын зарчмаар шийдвэр гаргах эрхийг үгүйсгэх боломжгүй юм.

4. Улмаар Төв аймгийн Баянцогт сумын Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Б/22 дугаар О.Даваадоржийг Сарлаг багийн Засаг даргаар түр томилон ажиллуулах тухай захирамжаар О.Даваадоржийг 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Сарлаг багийн Засаг даргаар түр томилон ажиллуулахаар[4] шийдвэрлэсэн байна. Дараа нь Авлигатай тэмцэх газрын 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 05/19 дүгээр Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянасан тухай албан бичигт Төв аймгийн Баянцогт сумын Сарлаг 2 дугаар багийн Засаг даргаар томилогдохоор нэр дэвшсэн О.Даваадоржийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.6 дахь хэсэгт заасныг үндэслэн хянан үзэхэд тухайн албан тушаалд томилоход ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал одоогоор тогтоогдоогүй болно.[5] гэж хариу ирсэн.

Маргаан бүхий акт болох Төв аймгийн Баянцогт сум, Сарлаг 2-р багийн Иргэдийн Нийтийн Хурлын 1 дүгээр тогтоолыг үндэслээд Төв аймгийн Баянцогт сумын Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Б/03 дугаар О.Даваадоржийг Сарлаг багийн Засаг даргаар томилон ажиллуулах тухай захирамжаар О.Даваадоржийг 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн Сарлаг багийн Засаг даргаар томилон ажиллуулсан байх[6] тул энэ актын улмаас нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг сонирхол зөрчигдөөгүй болох нь дээрх дүгнэлтээр тогтоогдсон учир, мөн нэхэмжлэгчийн ..тус багийн Иргэдийн Нийтийн Хурлыг дахин хуралдуулахыг Баянцогт сумын багийн Иргэдийн Нийтийн Хуралд даалгах гэсэн нэхэмжлэлийн шаардлага хангагдах үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй, хариуцагчаас нэхэмжлэгчийн хүсэлтээр Иргэдийн Нийтийн Хурлыг дахин хуралдуулахгүй байгаа эс үйлдэхүй байхгүй гэж шүүх дүгнэлээ.

Иймд нэхэмжлэгч Ц.Батбаатарын Төв аймгийн Баянцогт сумын 2 дугаар багийн Иргэдийн Нийтийн Хуралд холбогдуулан гаргасан Төв аймгийн Баянцогт сумын Сарлаг 2 дугаар багийн Иргэдийн Нийтийн Хурлын 2021 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 01 дүгээр хууль бус тогтоолыг хүчингүй болгуулах, тус багийн Иргэдийн Нийтийн Хурлыг дахин хуралдуулахыг даалгуулах шаардлага бүхий нхэмэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэг, 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч иргэн Ц.Батбаатараас Төв аймгийн Баянцогт сумын Сарлаг 2 дугаар багийн Иргэдийн Нийтийн Хуралд холбогдуулан гаргасан Төв аймгийн Баянцогт сумын Сарлаг 2 дугаар багийн Иргэдийн Нийтийн Хурлын 2021 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 01 дүгээр хууль бус тогтоолыг хүчингүй болгуулах, тус багийн Иргэдийн Нийтийн Хурлыг дахин хуралдуулахыг даалгуулах гэсэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Шүүхийн энэхүү шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.ЗОРИГТБААТАР

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

[1] Хавтаст хэргийн 3-р тал,

[2] Хавтаст хэргийн 28-р тал,

[3] Хавтаст хэргийн 30-37-р тал,

[4] Хавтаст хэргийн 57-р тал,

[5] Хавтаст хэргийн 58-р тал,

[6] Хавтаст хэргийн 59-р тал,