| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Оюунбатын Оюунгэрэл |
| Хэргийн индекс | 128/2026/0542/З |
| Дугаар | 221/МА2026/0744 |
| Огноо | 2026-10-29 |
| Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 10 сарын 29 өдөр
Дугаар 221/МА2026/0744
2026 10 29 221/МА2026/0744
“У” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Шүүгч Н.Долгорсүрэн
Бүрэлдэхүүн: Шүүгч Л.Одбаатар
Илтгэгч: Шүүгч О.Оюунгэрэл
Давж заалдах гомдол гаргасан:
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А, Ч.А нар
Нэхэмжлэгч: “У” ХХК
Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга
Нэхэмжлэлийн шаардлага:
“Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2026 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 185 дугаар шийдвэрийн “У” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”
Давж заалдах журмаар гомдол гаргасан шүүхийн шийдвэр:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 722 дугаар шийдвэр
Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгийн төлөөлөгч Г.Б, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Ц, Б.Б, хариуцагчийг итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А, Ч.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Дөлгөөн
Хэргийн индекс: 128/2026/0542/3
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “У” ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2026 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 185 дугаар шийдвэрийн “У” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 722 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 24.3, 24.4, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь заалтад заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “У” ХХК-иас гаргасан нэхэмжлэлийн шаардлагад дурдсан маргаан бүхий Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2026 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 185 дугаар шийдвэрийн “Уртхошуу” ХХК-д холбогдох хэсгийг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаатай түдгэлзүүлж, 2 дахь заалтаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч нар шүүхээс тогтоосон хугацаанд дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд маргаж буй Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2026 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 185 дугаар шийдвэрийн “У” ХХК-д холбогдох хэсэг хүчингүй болохыг тайлбарлажээ.
3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:
3.1. Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт “...хариуцагч захиргааны байгууллага Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны танилцуулгад дурдсан “У” ХХК-д хамаарах зөрчлүүд хууль тогтоомжид ямар нөхцөл шаардлагыг хэрхэн зөрчсөнийг, энэ нь нэхэмжлэгчийн ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлах ноцтой зөрчилд хамаарах эсэхийг өөрийн бүрэн эрхийн хүрээнд нотлох баримтыг үнэлж, дүгнэлт өгч, шийдвэр гаргах шаардлагатай байна” гэжээ. Дээрх дүгнэлтийг хариуцагчийн зүгээс хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байна.
3.2. “У” ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбай нь ойн сан бүхий газартай 344.75 гектар талбайгаар хэсэгчлэн давхцалтай байсан. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны 2026 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн “Санал хүргүүлэх тухай” 03/1639 дүгээр албан бичгээр нэр бүхий аж ахуйн нэгжүүд нь Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан нөхцөл шаардлагыг хангаж ажиллаагүй тул холбогдох хууль тогтоомжийн дагуу арга хэмжээ авахуулах тухай албан бичгийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн яаманд хүргүүлжээ.
3.3. Улмаар тус яамны Төрийн нарийн бичгийн даргын 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн “Санал хүргүүлэх тухай” 03/927, 2026 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн “Чиглэл хүргүүлэх тухай” 03/978 дугаартай албан бичгийг Ашигт малтмал, газрын тосны газарт ирүүлсний дагуу тус газрын Кадастрын хэлтсийн даргын 2026 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 185 дугаар шийдвэр гарсан. Дээрх шийдвэрийг гаргахдаа Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалт, Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14, 11.1.17, 11.1.18, 11.2 дахь хэсэг, 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь заалт, Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1, 28.1.2, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйл, 4 дүгээр зүйл, 4.1 дэх хэсэг болон холбогдох албан бичгүүдийг үндэслэн Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт байрлах Өлөнтийн хяр нэртэй413.84 гектар талбай бүхий ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
3.4. Гэтэл шүүх “... Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.4-т заасан үүргээ хэрэгжүүлээгүй болох нь шүүхэд гаргасан нотлох баримтаар тогтоогдож байх ба үүнийг шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй байна” гэжээ.
3.5. Шүүхийн дүгнэлт хэт нэг талыг барьсан бөгөөд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.
3.6. Ашигт малтмалын тухай хуульд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны дүгнэлтийг дахин хянан шалгах үйл ажиллагааны талаар тусгай зохицуулалтыг хуульчилж өгөөгүй болно.
3.7. Мөн түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1-д нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөхөөр бол”, мөн 28.1.2-т “гарцаагүй байдлын улмаас, эсхүл нийтийн ашиг сонирхлын үүднээс хойшлуулшгүй ажиллагаа явуулах шаардлагатай бол” сонсох ажиллагаа хийхгүйгээр буюу урьдчилан мэдэгдэхгүйгээр захиргааны байгууллага шийдвэр гаргах эрхтэй байхаар хуульчилсан. Иймд маргаан бүхий актыг хүчингүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно уу” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянаад, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.
2. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул дараах үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан “...Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд заасан хугацаанд өргөдөл ирүүлээгүй” гэх гомдлын тухайд:
3.1. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болох Байгаль, орчин аялал жуулчлалын яамны 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 09/4261 дугаар дүгнэлтээр нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийн талбай нь зөвхөн ойн сан бүхий газартай хэсэгчлэн давхцалтай байх бөгөөд усны хамгаалалтын болон урсац бүрэлдэх эхтэй давхцалгүй болох нь тогтоогдож байна.
3.2. Гол, Мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 3 дугаар зүйлд “Гол, мөрний урсац бүрэлдэх эхийн бүсэд олгосон тусгай зөвшөөрлийг цуцлах, усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсэд олборлолт явуулж эхэлсэн, тусгай зөвшөөрөл бүхий талбайд холбогдох арга хэмжээ авах, нөхөн сэргээлт хийлгэх журам болон гэрээний загварыг Засгийн газар батална гэж заасан. Ойн сангийн талаар дагаж мөрдөх журмын тухай хуулийн 3 дугаар зүйлээр зохицуулаагүй буюу гэрээний загвар батлах хуулийн зохицуулалтад хамруулаагүй байна.
3.3. Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 120 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар Гол, мөрний урсац бүрэлдэх эхийн бүсэд олгосон тусгай зөвшөөрлийг цуцлах, усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсэд олборлолт явуулж эхэлсэн, тусгай зөвшөөрөл бүхий талбайд холбогдох арга хэмжээ авах, нөхөн сэргээх үйл ажиллагааны гэрээний загвар” гэж батлахдаа зөвхөн усны энгийн хамгаалалтын бүсэд олборлолт явуулах харилцааг зохицуулах агуулгатай гэрээний загварыг баталжээ.
3.4. Дээрх журмын 3 дугаар зүйлд “Гэрээ байгуулах” 3.1-д “Энэ журмын 2.8-д заасан нөхцөлийг хангасан тусгай зөвшөөрөл эзэмшигч өргөдөл гаргасан тохиолдолд түүнтэй Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 2.2-т заасны дагуу гэрээ байгуулна” гэж, журмын 2.8-д “Хориглосон талбайд өмнө нь үйл ажиллагаа явуулж байсан тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тухайн талбайд үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх хүсэлтэй бол Усны тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан онцгой хамгаалалтын бүстэй давхцалтай хэсгийг тусгай зөвшөөрлийн талбайгаас хасуулж, солбицолд өөрчлөлт оруулна” гэж тус тус заажээ.
3.5 Хориглосон талбай гэдгийг журмын 1.1-ээр тодорхойлсон байх бөгөөд журмын 1.1-д “Гол мөрний урсац бүрэлдэх эхийн бүсэд олгосон тусгай зөвшөөрлийг цуцлах, усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсэд олгосон тусгай зөвшөөрлийг цуцлах, усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсэд олборлолт явуулж эхэлсэн, тусгай зөвшөөрөл бүхий талбай”-д гэж заасан.
3.6. Дээрхээс дүгнэвэл хориглосон талбайд буюу усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд гэрээ байгуулах зохицуулалттай байх ба ойн сан бүхий газарт тусгай зөвшөөрөл эзэмшигчид гэрээ байгуулах үүргийг ногдуулаагүй байна.
3.7. Иймд нэхэмжлэгчтэй гэрээ байгуулах харилцаа хуулиар анхнаасаа үүсээгүй хариуцагч журмын 3.2-т “Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага гэрээний төслийг гэрээнд оролцогч талуудад хүргүүлнэ” гэж заасны дагуу гэрээний төсөл хүргүүлээгүй, шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан “...нэхэмжлэгчийн хувьд тусгай зөвшөөрөл бүхий талбай нь ойн сантай хэсэгчилж давхцаж байгаа, давхцаагүй хэсэг дээрээ үйл ажиллагаа явуулдаг, заавал гэрээ байгуулахыг хуульд болон журмаар зохицуулаагүй, Байгаль орчин аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын ирүүлсэн албан бичгийн дагуу нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон...” гэх тайлбар зэргээс дүгнэвэл маргаан бүхий акт нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй нэхэмжлэгчийн эрх хууль ёсны эрх ашгийг хөндсөн гэж үзэхээр байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
3.8. Учир нь Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн зүйл, заалт болон хуулийн дагуу байгуулсан гэрээний заалтыг зөрчсөн.” гэж заасан бөгөөд гэрээ байгуулах үүрэг нь нэхэмжлэгчид үүсээгүй, бодитоор гэрээ байгуулаагүй байхад нэхэмжлэгч “У” ХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.
4. Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тогтоосон нөхцөл шаардлагыг хангаж ажиллаагүй гэх гомдлын тухайд:
4.1. Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага (цаашид энэ хуульд "төрийн захиргааны байгууллага" гэх) дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:” гээд 11.1.14-т “хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагаанд нэгдсэн хяналт тавих;” гэж зааснаар хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газар нь нэхэмжлэгчийн ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагаанд хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлэх боловч ийнхүү хэрэгжүүлэхдээ Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан “хуульд үндэслэх;” үйл ажиллагааны үндсэн зарчим баримтална.
4.2. Тодруулбал, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д “Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг дараахь үндэслэлээр цуцална:” гээд 56.1.8-д зааснаар Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох бөгөөд энэ үндэслэлээр тусгай зөвшөөрлийг цуцлахдаа Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн “Журам батлах тухай” А/402 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Ашигт малтмалын тухай хуульд заасан ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах саналыг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд ирүүлэхэд мөрдөх журмыг баримтлах нь зүйтэй.
4.3. Өөрөөр хэлбэл, энэхүү журмыг Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5, 56.1.8-д заасны дагуу ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлах саналыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яаманд ирүүлэхэд мөрдлөг болгох бөгөөд уг журмын Нэгд “Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд санал ирүүлэх, Хоёрт Саналын хамт ирүүлэх бүрдүүлбэр баримт бичгийг тусгасны дотор байгаль орчны менежментийн төлөвлөгөөний биелэлтийг дүгнэсэн аймаг, нийслэлийн ажлын хэсгийн жил бүрийн дүгнэлтийн хуулбар багтах бөгөөд баримт бичгийн бүрдүүлбэр хангаагүй бол Байгаль орчин, аялал жуулчлалын яамны холбогдох ажлын хэсэг тусгай зөвшөөрөл цуцлуулах саналыг хүлээн авч шийдвэрлэхгүй байхаар журамлажээ.
4.4. Гэтэл маргааны энэ тохиолдолд хариуцагч захиргааны байгууллага нь Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны 2026 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 03/1639 дүгээр албан бичиг, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 03/927, 2026 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 03/978 дугаар албан бичгүүдийг үндэслэн тусгай зөвшөөрөл цуцлах нөхцөл байдлыг шалгаж тодруулах ажиллагааг хийгээгүй маргаан бүхий актыг гаргасан болох нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн анхан шатны шүүх хуралдаанд “...манайх хяналт шалгалтын ажиллагаа явуулаагүй, яамнаас ирүүлсэн албан бичгийг үндэслэж шийдвэр гаргасан, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас албан бичиг ирүүлээгүй байсан бол манайх маргаан бүхий актыг гаргахгүй байх байсан” гэх тайлбараар тогтоогдож байх бөгөөд ийнхүү хяналт шалгалтын ажиллагаа хийлгүйгээр нэхэмжлэгч “У” ХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалсан нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх;” гэж заасантай нийцээгүй байна.
5. Нөгөөтээгүүр, нэхэмжлэгч нь MV-008085 дугаар тусгай зөвшөөрөл бүхий газрын Оросын амны алтны шороон орд буюу ойн сан бүхий газар давхцаагүй хэсэгт үндсэн ордыг далд аргаар ашиглах техник, эдийн засгийн үндэслэл батлуулсан төдийгүй Засгийн газрын 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 120 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Гол, мөрний урсац бүрэлдэх эхийн бүсэд олгосон тусгай зөвшөөрлийг цуцлах, усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсэд олборлолт явуулж эхэлсэн, тусгай зөвшөөрөл бүхий талбайд холбогдох арга хэмжээ авах, нөхөн сэргээлт хийлгэх журам”-ын 3.4-т “Далд уурхайгаар олборлох нөөц нь ойн сан бүхий газрын доор, газрын доорх усны нөөц бүхий давхаргаас дээр орших, байгаль орчинд сөрөг нөлөөгүй болох нь байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ, усны нөөцийн дүгнэлтээр баталгаажсан бол тухайн хэсэгт олборлолт явуулж болно” гэж зааснаас гадна хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн анхан шатны шүүх хуралдаанд гаргасан “...нэхэмжлэгч ойн сан бүхий газартай давхцалтай хэсэгт үйл ажиллагаа явуулаагүй ойн сан бүхий газартай давхцалтай газарт хуульд заасан хүсэлт гаргах, гэрээ байгуулах шаардлага тавигддаггүй” гэх тайлбарлаж байх энэ тохиолдолд маргаан бүхий 185 дугаар шийдвэрээр тодорхойлсон нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдохгүй байна.
6. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 722 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14, 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасныг тус тус баримтлан “У” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2026 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 185 дугаар шийдвэрийн “У” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.” гэж, 2 дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.” гэж тус тус өөрчилж, 3 дахь заалтыг хасч, бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасныг үндэслэн хариуцагч төсвийн байгууллагаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН
ШҮҮГЧ Л.ОДБААТАР
ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ