Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 1255

 

МАГАДЛАЛ

 

2018.05.30                                                     Дугаар 1255                                Улаанбаатар хот

 

 

 

 

Н.Д нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,

2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 181/ШШ2018/01040 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Н.Д нэхэмжлэлтэй,

Хариуцагч Т.Т холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт нийт 3 550 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Т.Т зээлийн гэрээ байгуулан, нотариатаар батлуулан 4 980 000 төгрөгийг ? тоот Х б дансаар, 1 020 000 төгрөгийг бэлнээр өгч нийт 6 000 000 төгрөгийг 2 сарын хугацаатай зээлдүүлсэн болно. Гэрээнд заасан хугацаа дуусахад Т.Т нь зээлсэн төгрөг төлөхгүй удаа дараа шаардуулсаны эцэст 2016 оны 05 дугаар сарын 10-нд 5 000 000 төгрөг төлсөн, үлдэгдэл 1 000 000 төгрөгийг удахгүй төлнө гэж хэлсэн. Гэвч зээлийн үлдэгдэл төлбөрийг төлөхгүй байсан тул зээлдүүлэгч үлдэгдэл төгрөгөө төлөхийг удаа дараа шаардахад өнөө маргаашгүй төлнө гэх эсхүл утсаа авахгүй зээлийн гэрээний үүргээ гүйцэтгэхээс зайлсхийж байгаа тул ийнхүү шүүхэд хандаж байна. Түүнчлэн дээрх зээлийн гэрээний 1-т зааснаар 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдөр зээлийг төлөх ёстой ба хугацаандаа төлөөгүй тохиолдолд гэрээний 4-д зааснаар гүйцэтгээгүй үүргийн 0,5 хувийн алданги төлөх ёстой ба 5 000 000 төгрөгийг 2016 оны 02 дугаар сарын 17-ноос 2016 оны 05 дугаар сарын 10-ныг хүртэл 82 хоног хэтрүүлсэн тул 2 050 000 төгрөгийн алданги,         1 000 000 төгрөгийг 2016 оны 02 дугаар сарын 17-ноос 2018 оны 02 дугаар сарын 27-ныг хүртэл 740 хоног хэтрүүлсэн тул 3 700 000 төгрөгийн алданги тооцогдож байгаа боловч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт нийцүүлэн 500 000 төгрөгийн алданги тооцож нийт 2 550 000 төгрөгийн алданги тооцогдож байна. Иймд зээлийн гэрээний үлдэгдэл 1 000 000 төгрөг, хугацаа хэтрүүлсний алданги 2 550 000 төгрөг нийт     3 550 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Манай хүүхдийн барьж байсан Б аймгийн Б сумын соёлын төв өргөөний барилгын гүйцэтгэл оролгүй, БСШУС яам гэрээ хийнэ гээд хийлгүй удсан. Бид барилгын материалаа Хятад улсын Эрээн хотоос ачиж ирээд тээврийн хөлсөө төлж чадахгүй хотод гацсан. Тэгэхэд яамны мэргэжилтэн н.Н би нэг найзтайгаа уулзуулж өгье тэр хүнээс 5 000 000 төгрөг зээлээд гүйцэтгэлээ орохоор буцааж төлөөрэй гэсэн. Тэгээд бид Н.Д уулзаж 5 000 000 төгрөг авсан. Миний гүйцэтгэл оролгүй удахаар нь бид өөр хүнээс мөнгө зээлж буцааж төлсөн. Манай гүйцэтгэл оролгүй удсаар энэ онд орж байгаа. Тийм учраас бид алданги төлж дийлэхгүй. Бид 6 000 000 төгрөг биш 5 000 000 төгрөг авсан гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Т.Тгоос 2 075 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Н.Д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 475 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 71 750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 48 150 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.  

 

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Тус шүүх хуралдааныг надад мэдэгдээгүй, урьдчилан хэлээгүй хурлыг хийсэн. Тухайн шүүхийн шийдвэр нь нэг талыг барьсан байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг хуульд нийцүүлэн үнэлсэн, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч Н.Д нь хариуцагч Т.Т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3 550 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас, хариуцагч алдангийг эс зөвшөөрч маргажээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгч нь 6 000 000 төгрөгийг 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Б.Д дансаар дамжуулан хариуцагчид 4 980 000 төгрөгийг харин үлдэх 1 020 000 төгрөгийг бэлнээр олгосон гэжээ. Хариуцагч нь 5 000 000 төгрөгийг авсан болохоо хүлээн зөвшөөрч, харин үлдэх 1 000 000 төгрөгийг аваагүй гэж тайлбарласан байна. Нэхэмжлэгч нь бэлнээр олгосон 1 020 000 төгрөгийн зээлийг олгосон гэдгээ нотлоогүй болох үйл баримт тогтоогдож байна. Иймд хэдийгээр 6 000 000 төгрөгний үнэ бүхий зээлийн гэрээ байгуулсан боловч 5 000 000 төгрөгийг олгосон гэж үзэх үндэслэлтэй.

Талуудын хооронд 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Иргэний хуулийн 281-285 дугаар зүйлд заасныг үндэслэн, 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүртэл хугацаатай, хугацаа хэтэрсэн хоног тутам 0,5 хувийн алданги төлөхөөр зээлийн гэрээ байгуулагдсан байна. Хариуцагч нь буцаан төлөх хугацааг хэтрүүлэн 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдөр зээлийн төлбөрт нийт 5 000 000 төгрөг төлсөн үйл баримт тогтоогдсон, талууд энэ талаар маргаагүй байна.

Иймээс талуудын хооронд 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээ бичгийн хэлбэрээр байгуулагдсан, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар мөнгө хүлээн авснаар зээлийн гэрээ байгуулсанд тооцох зохицуулалтад нийцсэн болно.

Анхан шатны шүүх дээрх зээлийн гэрээний дагуу тохиролцсон хугацаа дууссанаас хойш гэрээний үүрэгт 5 000 000 төгрөгийг төлсөн байх тул нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл нийт 83 хоногийн хэтэрсэн хугацааны алданги 2 075 000 төгрөг төлөх үүрэгтэй болохыг зөв тодорхойлж, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, шийдвэрлэснийг буруутгах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

Мөн хэрэгт авагдсан баримтад хариуцагч нь 5 000 000 төгрөгийг Б.Д дансаар дамжуулан авч буцаан төлсөн гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна. Харин нэхэмжлэгч нь       6 000 000 төгрөгийг зээлдүүлсэн гэх боловч 1 000 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй бөгөөд энэ талаар гомдол гараагүй болно.

Хариуцагч нь давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо “шүүх хуралдаанд оролцуулаагүй, хурлын тов мэдэгдээгүй” гэх боловч 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр анхан шатны шүүхээс хариуцагчийн 96603240 дугаарын утсанд залгахад Д ажил явдалтай явж байна гэсэн хариуг өгсөн байна. Иймд хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлд тайлбар гаргах үүргээ биелүүлээгүй, шүүх хуралдаанд ирээгүй байгаа шалтгаан, шүүх хуралдааныг хойшлуулах талаарх хүсэлт, холбогдох нотлох баримтыг гаргаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд, нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн анхан шатны шүүхээс хэргийг хянан шийдвэрлэснийг буруутгах боломжгүй.

Иймд хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй тул шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 101/ШШ2018/01040 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 48 150 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            С.ЭНХТӨР

                                   

                        ШҮҮГЧИД                                            Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                                                                     М.НАРАНЦЭЦЭГ