Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 2023/ШЦТ/26

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч М.Энхмандах даргалж, тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туяа

            Улсын яллагч Н.Амаржаргал

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Н.Амаржаргалаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч овогт *******ын *******д холбогдох эрүүгийн 2340000000007 дугаартай хэргийг 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1974 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Сүхбаатар аймгийн Бүрэнцогт суманд төрсөн, эрэгтэй, 49 настай, халх, бүрэн бус дунд боловсролтой, уул уурхайн хүндийн слесарь мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй,  ам бүл 2, эхнэрийн хамт Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 2 дугаар баг 51 дүгээр байрны 48 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь

-УБТЗ-ын тусгай шүүхийн 1992 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 73 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн    112-ын 2-т зааснаар 3 жилийн хорих ялаар, Эрүүгийн хуулийн 39 дүгээр зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123-ын 4-т зааснаар нутаг зайлуулах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр хөрөнгө хураах нэмэгдэл ялд 500 төгрөг хурааж, 4 жилийн хорих ялаар,

-Хэнтий аймгийн сум дундын шүүхийн 1997 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 78 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 90 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 жил хорих ялаар,

-Хэнтий аймаг дахь сум дундын 2-р шүүхийн 2004 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 34 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 96.2.4-д зааснаар 7 жил 6 сарын хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, овогт *******ын *******. /РД:*******/

 

             Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Шүүгдэгч *******ын ******* нь 2022 оны 12 дугаар сарын 04-ний орой Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 2 дугаар баг 45 дугаар байрны урд талаасаа ордог буудалд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн *******той маргалдаж улмаар архины шилээр түүний толгойн тус газар цохиж, хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:             

1.1.Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдал, үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг бүрэн тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл:

Шүүгдэгч ******* хохирогч ******* нар нь 2022 оны 12 дугаар сарын 04ий орой Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 2 дугаар баг 45 дугаар байрны урд талаасаа ордог буудалд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ харилцан маргалдаж улмаар зодолдож,

Шүүгдэгч ******* нь хохирогч *******ийн толгойн тус газар архины шилээр цохиж биед нь “зүүн чамархай хэсгийн язарсан шарх” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан  хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо. 

 

1.2 Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй нотлогдсон болно. Үүнд:

-Хохирогч *******ийн 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 45-н урдаасаа ордог буудалд ороод байж байтал ойролцоогоор 13 цагийн үед манай танил ах Энхбаяр таараад 1 шил архи надад авч өгөөд явсан. Тэгээд би буудалдаа ахын авч өгсөн архинаас 1, 2 татаад байж байтал гаднаас , , бас нэг танихгүй залуугийн хамт гурвуулаа орж ирээд архинаас 1 уучихаад унтаад өгсөн. Би нөгөө 2 залуутай үлдсэн архиа уунгаа юм яриад байж байгаад би уусан юмандаа болоод бас жоохон ядраад унтах гээд хэвтэж байтал гэнэт миний толгой руу хатуу зүйлээр 1 удаа цохисон. Тэгээд гараад явчихсан. Ер нь бол бид нар тэр үед маргалдаж муудалцсан асуудал байгаагүй. Гэнэт л архины шилээр толгой руу цохисон байсан. Тэгээд тэд нарыг гараад явсны дараа үйлчлэгч залуу миний танил гээд залууг дуудаж удалгүй ирээд миний цусыг угааж өгөөд би цагдаа эмнэлэг дуудъя гэж байгаад түргэн дуудтал миний танил Ганхуяг эмч ирээд эмнэлэг явж оёдол тавина гэхээр нь би гуйж байгаад буудалдаа Ганхуяг эмчээр 16 оёдол тавиулаад маргааш нь Хэнтий аймаг руу явсан. Тухайн үед толгой эргээд байсан болохоор би эмнэлэг явалгүйгээр буудалдаа оёулсан. Тэр өдөр ирэхийнхээ өмнө надруу залгаад та хаана байгаа юм гэхээр нь би 45-н урдаасаа ордог буудалд байна гэж хэлсэн. Тэгээд удалгүй , болон танихгүй нэг залуугийн хамтаар 3-лаа ирсэн. Би халамцуу байсан, гэхдээ болсон асуудлын талаар санаж байгаа. Гомдолтой байна” гэх мэдүүлэг /хх-ийн 13-15 дугаар хуудас/

 

-Гэрч *******ын 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би гэх найзындаа орой 18 цагийн үед гэрт байж байхад ******* гаднаас орж ирээд бид 3 нэг шил архи хамт хувааж уусан. Орой тэгээд бид 3 хамт 19 цаг өнгөрөөгөөд аймгаас ирсэн гэнээ очъё гээд очсон. Бид гурвыг очиход нэг шил архитай байж байсан. Очоод ******* унтаад өгсөн. Би , бид 3 хамт 1 шил архийг нь хувааж уусан. Архиа ууж байгаад би гараад явсан юм. Бодвол би архинд л явсан байх бас нилээн согтсон байсан. Би буцаад буудал руу ороод ирэхэд буудлын гадаа утсаар яриад зогсож байсан. Намайг ороход , ******* 2 хоорондоо заамдалцсан ийн толгойноос цус гараад нүүрийн дагаад цус урссан байхаар нь би та 2 яаж байгаа юм бэ найз нөхөд байж гээд би салгаад шууд *******ыг авч гараад гэр лүүгээ яв гээд хэлээд өөрөө гэр лүүгээ явсан. Ороход л банди лалар гээд тэр 2 маргалдаад байсан. Би салгаад л шууд аваад гарсан. Надад тэр энэ цохисон гэж юм яриагүй нь *******ыг бацаан энэ тэр гээд л дуудаад байсан” гэх мэдүүлэг х-ийн 17-18 дугаар хуудас/

 

-Гэрч *******ы 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би өдөр 15 цагийн үед гэртээ байж байхад орж ирээд бид 2 нэг шил архи уусан. Архи дуусаж байхад гаднаас ******* нилээн халамцуу нэг шил архи бариад орж ирсэн. Тэрийг нь ууж дуусаад бид 3 хамт гараад 45 дугаар байрны буудал ороё тэнд манай нэг найз ирчихсэн байна гээд очсон. Очиход манай цэргийн он жав ирчихсэн байсан. Бид нарыг ороход тал шил архитай сууж байсан. Ороод ******* унтаад өгсөн. Тэгээд би , бид 3 тэр тал шил архийг хувааж уусан. ******* босож ирээд той хэрэлдээд л маргалдаад байсан. Яг ямар шалтгаанаас болоод муудсаныг бас сайн мэдэхгүй байна. Сүртэй маргалдаад байх шалтгаан болоогүй согтуу хүмүүс нэг нэгнийхээ үгийг даахгүй маргалдсан байх. Би тэгээд өмнө нилээн архи уусан байсан болохоор жоохон унтаад сэрсэн чинь , ******* хоёр байхгүй би той хоёулаа байсан. намайг сэрсэн чинь толгойгоо барьчихсан цус гарчихсан байсан. Юу болов гэсэн чинь ******* сая толгой руу цохичихоод гараад явчихлаа гэж байсан. Би сэргээд тэгээд л гэрлүүгээ явсан. Маргааш өглөө би 07 цагийн үед ийн буудал руу ороод уулзчихаад ******* руу яриад байсан чинь утсаа авахгүй байхаар нь явж байгаад уулзаад өдөр буудал руу нь ирсэн чинь буудлаасаа гарчихсан байсан. Би өдөр *******ыг руу яриулаад тэр хоёрыг уулзуулсан. Уулзуулаад гэртээ оруулаад шөлтэй хоол идүүлээд тэгсэн чинь би ийг өөр буудалд байрлууллаа гээд аваад гарсан. Цаашаа юу болсон талаар мэдэхгүй байна " гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 дүгээр хуудас/

 

-Гэрч *******ийн 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... гэх залуу над руу байн байна залгаад байсан. Би хүнд толгойгоо хагалуулчихлаа, чи ирээд нэг хараад өгөөч гээд байхаар нь очоод үзсэн чинь зүүн чамархай хэсэгт нь нэлээн урт язарсан шарх байсан. Би үзлэг хийгээд оёдол тавихаас наашгүй байхаар нь буцаж гараад оёдол хийх багажаа авчираад толгойд нь 16 ширхэг оёдол тавьсан. Шөнө хүнтэй муудаад толгой руу шилээр цохичихоод гараад явсан гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 26 дугаар хуудас/

 

-Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2023 оны 02 дугаар сарын 03ы өдрийн 101 дугаартай:

  1. *******ийн биед зүүн чамархай хэсгийн язарсан шарх бүхий гэмтэл

тогтоогдлоо.

  1. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  2. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул

гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

  1. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.
  2. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэх

шинжээчийн дүгнэлт /хх-ийн 33-34 дүгээр хуудас/

 

Яллагдагч *******ын 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...өмнөх мэдүүлэг дээрээ бүх болсон зүйлийн талаар дэлгэрэнгүй ярьсан байгаа. Надад нэмж ярих зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 45-46 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

Өөрөөр хэлбэл хохирогчийн мэдүүлэг цаг хугацаа, үйл явдлын дарааллын хувьд хоорондоо зөрүүгүй байх бөгөөд шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу мөрдөгчийн асуултад бүрэн хариулагдсан, хохирогчийн биед учирсан гэмтлийг бодитой тогтоосон дүгнэлт байх тул эдгээр баримтуудыг үнэн зөвд тооцож, шийдвэрийн үндэслэл болголоо.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нь “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруу дээр маргахгүй...” гэснийг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч *******ын хувийн байдлын талаар:

-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 65 дугаар хуудас/

-УБТЗ-ын тусгай шүүхийн 1992 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 73 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хх-ийн 67-68 дугаар хуудас/

- Хэнтий аймгийн сум дундын шүүхийн 1997 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 78 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хх-ийн 69-72 дугаар хуудас/

-Хэнтий аймаг дахь сум дундын 2-р шүүхийн 2004 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 34 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 75-80 дугаар хуудас/ зэрэг баримтуудын шинжлэн судаллаа. 

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч ******* нь бүрэн бус дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болно. 

1.4.Хууль зүйн дүгнэлт

Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн, шинжээч эмч *******гийн 2023 оны 02 дугаар сарын 03ы өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний №101 дугаартай  дүгнэлтээр хохирогч *******ийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл  тогтоогдсон.        

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.

Шүүгдэгч ******* нь хохирогч *******ийн толгойн тус газар архины шилээр цохиж байгаа нь хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ. 

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч *******ыг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна. 

 

 

1.5. Хохирол, хор уршиг

 

Хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдааны тов мэдэгдэхэд мэдүүлсэн тул шүүгдэгч ******* бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй. 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

 

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч: “Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 (нэг сая) төгрөгийн торгох ял оногдуулах, уг торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, тэдний иргэний бичиг баримтыг шүүхэд шилжүүлээгүй болно” гэх дүгнэлттэй шүүгдэгч ******* нь мэтгэлцээгүй буюу улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаар гаргасан саналыг хүлээн зөвшөөрсөн болно.     

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч *******ыг гэм буруутайд тооцсон гэмт хэрэг болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэлтэй.    

Шүүгдэгч *******ын эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон,

Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал  тогтоогдоогүй.  

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Иймд шүүхээс шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000  (таван зуун мянган) төгрөгөөр торгох ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх хийгээд нийгэмшүүлэх зорилгын хүрээнд тохирсон гэж үзэв.    

Улсын яллагчийн санал болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000  (нэг сая) төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү гэх хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан торгох ялыг 4 (дөрвөн) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулбал зохино. 

 

2.3. Бусад асуудлын талаар

        Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2  дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 1.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч овогт *******ын *******ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч овогт *******ын *******ыг 500 (таван зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 500 (таван зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгний торгох ялыг 4 (дөрөв)  сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

            4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

              5.Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

              6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэн авсугай.

              7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.    

  8.Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               М.ЭНХМАНДАХ