Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 2024/ШЦТ/34

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баттулга даргалж,

нарийн бичгийн дарга Ө.Бямбасайхан,

улсын яллагч Б.Доржханд,

хохирогч Т.Ө,

шүүгдэгч Д.Д, түүний өмгөөлөгч Б.Батчимэг нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Д Д холбогдох эрүүгийн 2417000000014 дугаартай хэргийг 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

Монгол Улсын иргэн, Б овогт Д Д /РД:../, .. оны .. дүгээр сарын ..ны өдөр До.. аймгийн Да..н суманд төрсөн,.. настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, .. ковшийн оператор ажилтай, ам бүл 2, эхийн хамт Г..аймгийн С..сумын ..дугаар баг, .. тоотод оршин суух, урьд Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 2018/ШЦТ/55 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.2 дугаар зүйлийн 1.3, 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг хоёр дахин багасгаж биечлэн эдлэх хорих ялыг 1 жилийн хугацаагаар тогтоосон гэх,

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Д.Д нь 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр ... улсын дугаартай “Тоёота Кровн” загварын тээврийн хэрэгслийг Г.. аймгийн С..сумын .. дугаар баг, Х.. эгнээний урд талд байрлах засмал зам дагуу жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1 “Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино”, 13.2.а “Дараах тохиолдолд гүйцэж түрүүлэхийг хориглоно: өөдөөс яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд аюул, саад учруулахаар байвал” гэсэн заалтуудыг зөрчиж урсгал сөрсний улмаас өөдөөс ирж байсан буюу зохих урсгалдаа зорчиж байсан .. дугаартай “Тоёота Приус XW11” загварын тээврийн хэрэгслийг мөргөн, зам тээврийн осол гаргаж, улмаар хохирогч Н.Б биед зүүн хөлийн шаант, тахилзуур ясны зөрөөтэй далд хугарал, духны зүүн тал, зүүн нүдний зовхи, салстын цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол, хохирогч Т.Ө ын биед зүүн 8-р хавирга зөрүүтэй хугарал, сээрний 1-р нугалмын арын сэртэнгийн хугарал, баруун уушигны дээд дэлбэнд няцрал болон нэвчдэс, зүүн талын цээжний хөндийн шингэн хуралдалт, зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, зүүн хөмсөгт шарх, нуруу, зүүн тохой, өвдөлт цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол тус тус болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагаа хийгдэж хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудаар хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч Д.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 12 цагт эмнэлэг ороод буцаж хувцас авах гээд явж байгаад урд явж байсан машиныг гүйцэж түрүүлэх гээд гүйцэж түрүүлэх явцдаа урдаас ирж байсан машинтай мөргөлдсөн. Ээжийн дүү нь биеийн байдал хүнд, хорт хавдар нь сүүлийн шатандаа орсон хүн байдаг. Эмнэлэг рүү би шөнө хэд хэдэн удаа явсан. Өглөө нь яаралтай хувцсыг нь авч ирж өг гэхээр нь Н.Бахтай явж байгаад осол хийсэн. Би урд өдөр нь ажилтай байж байгаад орой ирээд яарсан, нойр дутуу явсан. Жолооны үнэмлэхээ 2020 онд Говьсүмбэр аймагт жолооны курсэд суралцаж авсан. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулах болно. Би яарч сандарч яваад өөрийн анхаарал болгоомжгүй байдлаас болж урсгал сөрж бусдын эрүүл мэндэд хохирол учруулсандаа маш их харамсаж гэмшиж байна. Хохирогч Т.Өд нийт 5 236 200 төгрөг төлсөн. Хохирогч Т.Өын эрүүл мэндэд учирсан хохирлоо төлж барагдуулна, цаашид гарах эмчилгээний зардлыг төлөөд явна гэв.

2. Хохирогч Т.Ө шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хөдөөнөөс орж ирээд бензин тос, нүүрс аваад явж байтал Ханангийн эгнээний үзүүрт машин гарч ирээд осол гарсан. Тухайн үед юу болсныг мэдэхгүй байна, нэг мэдэхэд гэмтлийн эмнэлэгт сэрсэн. Түүнээс хойш эмчилгээ хийлгэсэн, эмчилгээний зардалд 4 900 000 төгрөг өгсөн. Бусад зардлыг өөрөөсөө гаргасан. 2024 оны 05 дугаар сард дахин нүдний хагалгаанд орно. Хөл, нурууны 6 дахь үе гэмтэлтэй байгаа. Цаашид гарах эмчилгээний зардлыг гаргуулна, гомдолтой байна. Нийт эмчилгээ хийлгэсэн зардалд 8 000 000 төгрөг нэхэмжилж байгаа. Үүнээс 4 900 000 төгрөг авсан. Эмнэлгээс баримтаа авах гэтэл эмчид нь ажил явдал гарсан гээд авч чадаагүй. Эрүүл мэндийн байдал гайгүй болж байгаа, хөл дээрээ сайн явж чадахгүй хүнээр түшүүлж явж байна гэв.

3. Хохирогч Н.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ:Тухайн өдөр 10 цагийн орчимд эхнэр Д аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтүүлээд 11 цаг өнгөрч байх үед дүү Дг дуудаад гэрээс цагаан хэрэглэл, хувийн хэрэглээний зүйл авах гээд ... улсын дугаартай Дгийн машинтай Д жолоодоод явсан. Би арын суудалд нь дүү Ө хамт суугаад Ханангийн эгнээний засмал замаар баруунаас зүүн тийш хурдтай машин гүйцэж түрүүлэх гээд урсгал сөрж явж байгаад амжихгүй өөдөөс ирсэн саарал өнгийн Приус машиныг мөргөсөн. Тухайн үед миний зүүн хөл урд суудлын доогуур орж хөшигдөөд хугарсан. Удалгүй эмнэлэг цагдаа нар ирсэн. Би дүү Дг гуйгаад явж байсан учир надад гомдол санал байхгүй. Миний эмчилгээний зардалд 500 000 төгрөг төлж бүрэн барагдуулсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 24-25, 33 хуудас/,        

4. Хохирогч Т.А мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Би хадам ах Ө хамт Чандмань 2 дэлгүүр ороод хүнсээ аваад хөдөө гэр лүүгээ явах гээд зүүнээс баруун чиглэлд Ханангийн эгнээний засмал замаар явж байтал гэнэт эсрэг урсгалаас 1 хар өнгийн машин урдах машинаа гүйцэж түрүүлэх гээд урсгал сөрөөд гараад ирсэн. Би бага зэрэг хурдаа сааруулах үед нөгөө машин миний урдуур эгнээндээ орох шиг болоод миний машины зүүн урд хэсэг рүү мөргөсөн. Миний ухаан балартаад нэг мэдэхэд эмнэлгийн машин болон цагдаа нар ирсэн байсан. Миний машины урд зорчигчийн суудалд сууж явсан хадам ах Ө нэлээн бие нь муу байдалтай эмнэлгийн машинд суулгаад эмч аваад явсан. Намайг мөргөдөг хар өнгийн машинд сууж явсан зорчигч гэх ах бас эмнэлгийн машинд суугаад явсан. Тэр хар өнгийн машин урсгал сөрж хурдтай яваагүй бол ийм осол болохгүй байсан. Би 2023 оны 12 дугаар сард согтуу машин барьж байгаад жолооны эрхээ хасуулсан. Гэхдээ зам тээврийн осол гарах үед би ямар нэгэн байдлаар замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй. Тухайн осол болох үед миний эрүүл мэндэд гэмтэл учраагүй. Харин машиныхаа засварын төлбөрийг авбал надад гомдол санал байхгүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 30-31 хуудас/,

5. Гэрч Г.Д мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Миний бага хүү болох Д нь нөхөрсөг, тусч, хүнтэй эвтэй найртай харилцдаг, шаргуу хөдөлмөрч их зөв хүмүүжилтэй хүүхэд. Ямар нэгэн муу зуршилгүй, ажил хөдөлмөр эрхлээд ээжтэйгээ хамт амьдардаг. Тухайн өдөр миний төрсөн дүү болох Д нь элэгний хорт хавдартай эмнэлэгт хэвтэх гээд би өөрийн хүү болох Дг дуудаад дүү нараа эмнэлэгт хүргүүлсэн. Д нь эмнэлэгт хэвтэхээр болж ойр зуурын хэрэглэлийг авах гээд миний хүү явж байгаад ийм зам тээврийн осол гаргасан. Миний хүү Д нь бусдад тусалж яваад санамсаргүй байдлаар ийм осол гаргасанд харамсаж байна” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 41 хуудас/,

6. Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын Говьсүмбэр аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 41 дугаартай дүгнэлтэнд: Т.А биед зүүн шилбэнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-н 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй болно.

Дүгнэлт гаргасан: Ахлах шинжээч эмч Л.Жаргалтогтох гэжээ. /х.х-ийн 46-47 хуудас/,

7. Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын Говьсүмбэр аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 42 дугаартай дүгнэлтэнд: Н.Б биед зүүн хөлийн шаант, тахирзуул ясны зөрөөтэй далд хугарал, духны зүүн тал, зүүн нүдний зовхи, салстын цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Зүүн хөлийн шаант, тахилзуур ясны зөрөөтэй далд хугарал гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-н 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Духны зүүн тал, зүүн нүдний зовхи, салстын цус хуралт гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-н 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй болно.

Дүгнэлт гаргасан: Ахлах шинжээч эмч Л.Жаргалтогтох гэжээ. /х.х-ийн 51-52 хуудас/,

8. Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын Говьсүмбэр аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 36 дугаартай дүгнэлтэнд: Ө.Ө биед гэмтэл тогтоогдсонгүй.

Дүгнэлт гаргасан: Ахлах шинжээч эмч Л.Жаргалтогтох гэжээ. /х.х-ийн 56 хуудас/,

9. Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын Говьсүмбэр аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 35 дугаартай дүгнэлтэнд: Д.Дд гэмтэл тогтоогдсонгүй.

Дүгнэлт гаргасан: Ахлах шинжээч эмч Л.Жаргалтогтох гэжээ. /х.х-ийн 60 хуудас/,

10. Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 1384 дугаартай дүгнэлтэнд: Т.Өын биед зүүн 8-р хавирга зөрүүтэй хугарал, сээрний 1-р нугалмын арын сэртэнгийн хугарал, 2-р нугалмын их биеийн урд хэсэгт шахагдсан хугарал, баруун уушигны дээд дэлбэнд няцрал болон нэвчдэс, зүүн талын цээжний хөндийн шингэн хуралдалт, зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, зүүн хөмсөгт шарх, нуруу, зүүн тохой, өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтийн үр дүнгээс хамаарна.

Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Б.Даваасүрэн гэжээ. /х.х-ийн 62-65 хуудас/,

11. Зам тээврийн ослын шинжээчийн 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 02/2024 дугаартай дүгнэлтэнд: .. улсын дугаартай Приус маркийн тээврийн хэрэгслийг жолооч Т.Атээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 2023 оны 12 сард хасуулсан атлаа автомашин жолоодож явсан нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм 3.7 а/ тухайн ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн байна. ... улсын дугаартай Кроун маркийн тээврийн хэрэгслийн жолооч Д.Д Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм 13.1 Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино. 13.2. а/ өөдөөс яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд аюул, саад учруулахаар байвал, гүйцэж түрүүлэхийг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн байна. Зам тээврийн осолд замын нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. ... улсын дугаартай Кроун маркийн тээврийн хэрэгслийн жолооч Д.Д Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино. 13.2 а/ өөдөөс яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд аюул, саад учруулахаар байвал, гүйцэж түрүүлэхийг хориглоно гэсэн заалтыг зөрчиж өөдөөс ирж яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөхийн оронд хурдаа нэмж амжиж гарах гэсэн оролдлого нь уг зам тээврийн осол гарах шалтгаан нөхцлийг бүрдүүлсэн байна. .. улсын дугаартай Кроун маркийн тээврийн хэрэгслийн хурдыг тогтоох боломжгүй байна. Тухайн зам тээврийн осолд холбогдол бүхий шинэ нөхцөл байдал илрээгүй болно.

Дүгнэлт гаргасан: Шинжээч Д.Доржпүрэв гэжээ. /х.х-ийн 69-70 хуудас/,

12. “Ашид билгүүн” ХХК-ны 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 3192 дугаартай Автомашины техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан, “Ашид билгүүн” ХХК-ны 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 3103 дугаартай Автомашины техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан /х.х-ийн 76-79  хуудас/,

13. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, согтолтын зэрэг тогтоох тухай тэмдэглэл /х.х-ийн 1, 3-11, 12-14 хуудас/,

14. Жолоочийн лавлагаа мэдээлэл, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбарууд /х.х-ийн 15-16, 71 хуудас/,

15. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /х.х-ийн 82, 104-111 хуудас/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнээд

НЭГ. Гэм буруугийн талаар:

Шүүхээс шүүгдэгч Д.Д нь 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр .. улсын дугаартай “Тоёота Кровн” загварын тээврийн хэрэгслийг Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Ханангийн эгнээний урд талд байрлах засмал замаар жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1 “Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино”, 13.2.а “Дараах тохиолдолд гүйцэж түрүүлэхийг хориглоно: өөдөөс яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд аюул, саад учруулахаар байвал” гэсэн заалтуудыг зөрчиж урдаа зорчиж явсан тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлэхээр эсрэг ургалд орох үйлдэл гаргахдаа 74-73 улсын дугаартай “Тоёота Приус XW11” загварын тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гарган улмаар Н.Ббие махбодид зүүн хөлийн шаант, тахилзуур ясны зөрөөтэй далд хугарал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол, Т.Өын биед зүүн 8-р хавирга зөрүүтэй хугарал, сээрний 1-р нугалмын арын сэртэнгийн хугарал, баруун уушгины дээд дэлбэнд няцрал болон нэвчдэс, зүүн талын цээжний хөндийн шингэн хуралдалт, зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, зүүн хөмсөгт шарх, нуруу, зүүн тохой, өвдөгт цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол тус тус учруулсан үйл баримт болсон тогтоогдож байна.

Шүүгдэгч Д.Дгийн гаргасан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан “Автотээврийн тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 1 хүний эрүүл мэндэд хүнд хохирол, 1 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулсан” гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүхээс гэм буруутай гэж дүгнэлээ.

  Шүүгдэгч Д.Д нь дээр дурдсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Т.Ө, Н.Б, Т.Анарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын Говьсүмбэр аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 42 дугаартай дүгнэлт, Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 1384 дугаартай дүгнэлт, Зам тээврийн ослын шинжээчийн 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 02/2024 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна

Шүүгдэгч Д.Д нь гэмт хэргийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн, прокуророос хэргийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг шүүгдэгчийн үйлдэлд тохирсон, гэм буруугийн шүүх хуралдаанд шүүгдэгч Д.Д нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн ба түүний өмгөөлөгч Б.Батчимэг нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлтэй холбоотой маргаагүй болохыг тус тус дурдлаа.

Гэмт хэрэг гаргах болсон шалтгаан нөхцлийн тухайд шүүгдэгч Д.Д нь тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжгүй, хайхрамжгүй хандсанаас үүдэлтэй байна.

            ХОЁР. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч Б.Доржханд эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: Шүүгдэгч Д.Дд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо төлж барагдуулсан зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлд зааснаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх гэсэн саналыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батчимэг эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн 1.2-т зааснаар учруулсан хохирлыг төлсөн гэх үндэслэлээр эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгөхийг хүсэж байна. Шүүгдэгч Д.Д нь хохирогч Н.Б, Т.А нарт төлөх төлбөргүй, хохирогч Т.Өын холбогдох эмчилгээний зардлыг тухай бүр төлж барагдуулсан. Д.Дгийн хувьд хөнгөн гэмт хэрэгт холбогдсон, мөрдөн байцаалтын шатнаас эхлэн үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол төлбөрөө бүрэн төлж барагдуулсан. Хохирогч Т.Өын цаашид гарах эмчилгээний зардлыг төлөхөө илэрхийлсэн. Мөн хувийн байдлын хувьд шүүгдэгч нь өндөр настай ээжтэйгээ хамт амьдардаг, “Бас Говь” ХХК-нд ковшийн оператор ажилтай зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэсэн саналыг тус тус гаргажээ.

Шүгдэгч Д.Дд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдохгүй байна.

Шүүхээс шүүгдэгч Д.Дд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, урьд гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн байдал, гэм буруугаа хүлээн хүлээн зөвшөөрсөн, бусдад учруулсан хохирлыг тодорхой хэмжээгээр төлсөн зэргийг харгалзан үзэж  шүүгдэгч Д.Дгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, түүнийг 1 жилийн хугацаанд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Мөн шүүгдэгч Д.Дд оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах ялын хугацааг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн тоолохоор тогтоолоо.

Хохирол, хор уршгийн талаар:

Гэмт хэргийн улмаас хохирогч Т.Өын эрүүл мэндэд хүнд хохирол, хохирогч Н.Бэрүүл мэндэд хүндэвтэр хохирол, хохирогч Т.Атээврийн хэрэгсэлд 4 873 000 төгрөгийн хохирол тус тус учиржээ.

Хохирогч Т.Ө нь шүүх хуралдаанд өөрт учирсан гэмтлээ эмчлүүлэхэд гарсан нийт 8 000 000 төгрөгийн зардал, цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай тул эмчилгээ хийлгэхэд гарах зардлаа нэхэмжилж байгаа болохоо илэрхийлжээ.

            Хохирогч Т.Ө нь 8 000 000 төгрөгийн эмчилгээний зардал нэхэмжилсэн боловч шүүхэд 4 345 066 төгрөгийн эмчилгээний зардлын баримт гаргаж өгсөн ба шүүгдэгч Д.Д нь нийт 5 326 200 төгрөгийг хохиролд төлсөн болох нь түүний шүүх хуралдаанд гаргаж өгсөн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдож байх тул шүүгдэгч Д.Дг хохирогч Т.Өд гэм хорын хохиролд 5 326 200 төгрөг төлсөн болохыг дурдах нь зүйтэй гэж үзлээ.

Хохирогч Т.Ө нь шүүхэд нотлох баримтаа ирүүлээгүй бусад эмчилгээ хийлгэхэд гарсан зардал болон цаашид гарах эмчилгээний зардлаа тус тус нотлох баримтаа бүрдүүлсэний эцэст Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэлээ.

  Мөн шүүгдэгч Д.Д нь хохирогч Н.Бэмчилгээний зардал 500 000 төгрөгийг төлсөн болох нь хохирогч Н.Бмөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгээр, хохирогч Т.Аринболдын тээврийн хэрэгсэлд учирсан хохиролд 4 873 000 төгрөгийг төлсөн болох нь Хаан банкны мөнгөн шилжүүлгийг баримтаар тус тус тогтоогдож байх тул шүүгдэгч Д.Дг хохирогч Н.Б, Т.Анар төлөх гэм хорын төлбөргүй гэж тогтоолоо.

 

Шүүгдэгч Д.Д нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт, эд мөрийн баримт шүүхэд хураагдан ирээгүй болохыг тус тус дурдлаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон                                                         

                                                                           ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Д Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан “Автотээврийн тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 1 хүний эрүүл мэндэд хүнд хохирол, 1 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Д.Дгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Дд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан хугацаанд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Дд шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Дд оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасах ялын хугацааг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

6. Шүүгдэгч Д.Д нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт, эд мөрийн баримт шүүхэд хураагдан ирээгүй, хохирогч Н.Б, Т.Анар төлөх гэм хорын төлбөргүй, хохирогч Т.Өд гэм хорын хохиролд 5 326 200 төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.

7. Хохирогч Т.Ө нь эмчилгээ хийлгэсэн бусад зардал болон цаашид гарах эмчилгээний зардлаа тус тус нотлох баримтаа бүрдүүлсэний эцэст Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Дд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Б.БАТТУЛГА