Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 2024/ШЦТ/35

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж,

нарийн бичгийн дарга Т.Дэлгэрмөрөн,

улсын яллагч Б.Доржханд,

шүүгдэгч Д.Т нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б овогт Дийн Тд холбогдох эрүүгийн 2417000000025  дугаартай хэргийг 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

Монгол Улсын иргэн, 1993 оны 09 дүгээр сарын 19-нд Дундговь аймгийн Гурвансайхан суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бага  боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6, ээж дүү нарын хамт......... аймаг ...... сумын ...... дугаар баг, ....... ....... дүгээр гудамжны ........ тоотод оршин суух хаягтай, одоо ....... сумын ......... дугаар баг .............. тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй,

урьд Сум дундын 6 дугаар шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 10 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацааг 2 жилээр тогтоосон,

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 2019/ШЦТ/04 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр торгох ялаар,

Говьсүмбэр аймаг дахь сум дунды эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 2022/ШЦТ/47 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550 000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлсэн гэх, ...... овогт .........ийн ............. /РД:......................../

                                                                  Холбогдсон хэргийн талаар:

/яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Д.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, Тагтын 1-4 тоот хашааны гадна П.Этай мөнгө төгрөгний  асуудлаас болж хувийн таарамжгүй харилцаа үүсгэж, маргалдан улмаар түүний нүүр хэсэгт гараараа 2-3 удаа цохиж газар унагах, өмдний тэлээний арлаар толгой, чих хэсэгт нь 2 удаа цохих зэргээр зодож, биед нь толгойн оройд, дүүн чихний дээд ирмэгээр урагдсан шарх, зүүн бугалгад цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Тд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2417000000025 дугаартай хэргээс яллах болон өмгөөлөх талуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. Шүүгдэгч Д.Т мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Дундговь аймгийн Баянжаргалан сум руу адуу ачих гээд явсан. Тэгээд 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 11-12 цагийн үед Чойрт ирсэн. П.Э дэлгүүр лүү явахаар нь би гэртээ орсон. Гэрт гал түлээд байж байтал Э дэлгүүрээс 0,750 литрийн савалгаатай Ерөөл нэртэй архи авчирсан. Тэгээд тэр архийг бид 2 хувааж уусан. Архи уугаад байж байтал ээж гаднаас орж ирээд Э, ээж 2 мөнгөнөөс болж хэрүүл маргаан хийгээд байсан. Хэрэлдэж байгаад Эын картыг ээж аваад гартал Э араас нь гараад картаа авах гээд ээжийг өшиглөөд цохиод ээжээс цүнхийг нь булааж аваад хойшоо яваад өгсөн. Би араас нь гүйж очоод ээжийн цүнхийг нь аваад ээжид өгтөл ээж цүнхээ аваад гэрлүүгээ явсан. Тэгээд бид 2 Сүмбэр сумын 3 дугаар баг Тагтын 1-4 тоот хашааны гадаа маргалдаад би зүүж явсан өмдний тэлээгээр толгой руу нь 2 удаа шавхардчихаад яваад өгсөн. Тэгтэл удалгүй цагдаа нар ирээд намайг аваад явсан... гэх мэдүүлэг. /хх-ийн 41-42 дугаар хуудас/

2. Хохирогч П.Э мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр би Ттай Дундговь аймгийн Баяжаргалан сум руу яваад 2024 оны 02 дугаар сарын 09-ний өглөө адуу ачиж Чойрт ирсэн. Т бид 2 Сүмбэр сумын 3 дугаар баг Тагтын 1-4 тоотод 0,750 литрийн савалгаатай 2 шил архи уусан. Бид 2-г авч явсан хүн цалин өгсөн байсан. Би тухайн үед Таас өмнө цалингаа авсан байсан. Тэгээд Т 50000 төгрөгний цалин авсан. Тэгтэл Т та авсан цалингаа ээжид өг гэсэн. Тэгэхээр нь би өгөхгүй өөртөө хувцас авна гэсэн. Тэгээд бид 2 гэрт хэрүүл маргаан хийж байгаад гадаа гарсан. Тэгтэл Т миний нүүр хэсэгт гараараа 2-3 удаа цохиж унагаасан. Тэгээд би газар ойчтол өмдний тэлээ гаргаж ирээд тэлээнийхээ арлаар толгой болон чих хэсэг рүү 2 удаа цохисон. Тэгээд би шууд цагдаа дээр алхаж ирсэн. Гомдолтой байна, хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар хуудас/

3. Иргэний нэхэмжлэгч Б.О мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: П.Э нь 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдөр эмнэлгийн байгууллагын тусламж үйлчилгээ авч үүнд эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 94500 /ерэн дөрвөн мянга зуун таван зуун/ төгрөг зарцуулсан байна. Иймд Эрүүл мэндийн даатгалын санг хохиролгүй болгох нэхэмжлэлийг гаргаж байна. Тусламж үйлчилгээний зардал болох 94500 төгрөгийг Төрийн сангийн 100900020080 тоот дансанд төлж барагдуулна гэх мэдүүлэг. /хх-ийн 17-18 дугаар хуудас/

4. Гэрч С.Д мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдөр би Эас тавгийн идээний боов авах гэсэн юм мөнгөн байна уу гэхэд Э надад картаа өгсөн. Би Сүмбэр сумын 3 дугаар багт байрлах дэлгүүр орж боов аваад гэрлүүгээ ирж байтал Т, Э нар Тагтын 1-4 тоотын гадаа зодолдож байсан. Тэгээд намайг ойртоод ирэх үед Э цаашаа чигээрээ яваад өгсөн. Би Таас юу болсон талаар асуухад Т надад юу ч хэлэхгүй яваад өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 дугаар хуудас/

5. Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 64 дугаартай дүгнэлтэд:

- П.Эын биед толгойн оройд, чихний дээд ирмэгээр урагдсан шарх, зүүн бугалганд бус хуралт гэмтэл тогтоогдлоо.

-Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

- Урагдсан шарх гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмлийн хөнгөн зэрэгт хамаарна.

- Зүүн бугалганы цус хуралт гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

-Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

Дүгнэлт гаргасан: шинжээч эмч Л.Жаргалтогтох гэжээ. (хх-ийн 27-28 дугаар хуудас),

6. Шүүгдэгч Д.Тын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолуудын хуулбар (хх-ийн 43, 45-67 дугаар хуудас) зэрэг нотлох баримтууд болно.

            Иймд шүүгдэгч Д.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,  хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

НЭГ. Гэм буруугийн талаарх дүгнэлт:

Улсын яллагчаас гэм буруугийн шүүх хуралдаанд: Шүүгдэгч Д.Т нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Шүүгдэгч Д.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг шүүх бүрэлдэхүүнд гаргаж байна. Гэмт хэргийн улмаас хохирогч П.Эын биед хөнгөн хохирол учирсан. Хохирол, хор уршигт мөнгөн дүнгээр нэхэмжилсэн зүйлгүй. Иргэний нэхэмжлэгчээс 94 500 төгрөгийг нэхэмжилснийг төлж барагдуулаагүй байгаа тул шүүгдэгчээс 94 500 төгрөгийг гаргуулж Говьсүмбэр аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэст олгуулах саналтай байна. Шүүгдэгч Д.Тд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд үйлдсэн гэмт хэрэг болон нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн зэрэг байдлуудыг харгалзаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэл оногдуулж, оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Говьсүмбэр аймгийн Тохижилт сүмбэр  орон нутгийн өмчит үйлдвэрийн газарт эдлүүлэх саналыг гаргаж байна.” гэх дүгнэлтийг гаргажээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг нэгтгэн дүгнээд шүүхээс шүүгдэгчид холбогдох гэм буруугийн асуудлыг шийдвэрлэлээ.

Д.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, Тагтын 1-4 тоот хашааны гадна П.Этай мөнгө төгрөгний  асуудлаас болж хувийн таарамжгүй харилцаа үүсгэж, маргалдан улмаар түүний нүүр хэсэгт гараараа 2-3 удаа цохиж газар унагах, өмдний тэлээний арлаар толгой, чих хэсэгт нь 2 удаа цохих зэргээр зодож, биед нь толгойн оройд, дүүн чихний дээд ирмэгээр урагдсан шарх, зүүн бугалгад цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт болсон байна. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна.

Шүүгдэгч Д.Т нь хохирогч П.Эын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь гэрч С.Дийн мэдүүлэг, Говьсүмбэр шүүхийн шинжилгээний албаны 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 63 дугаартай хохирогч П.Эын биед хөнгөн хохирол учруулсан тухай дүгнэлт, хавтаст хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтууд болон шүүх хуралдаанд шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна.

Прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгч Д.Тын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д.Т нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байна.

Шүүгдэгч Д.Т нь гэмт хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй болно.

Иймд шүүгдэгч Д.Тыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.

Хохирол, хор уршгийн талаарх дүгнэлт:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан. Энэ гэмт хэргийн улмаас хохирогч П.Эын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба мөрдөн байцаалтын шатанд хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгч Д.Тыг гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзэх нь зүйтэй байна.

Харин хохирогч П.Эын эмчилгээний зардалд Эрүүл мэндийн даатгалын сангаас 94500 /ерэн дөрвөн мянга таван зуу/ төгрөг гарсан байна. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад;” нөхөн төлүүлэхээр заасан байх тул шүүгдэгч Д.Таас 94500 /ерэн дөрвөн мянга таван зуу/ төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Говьсүмбэр аймаг дахь Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн төрийн сангийн 100900020080 тоот дансанд олгох нь зүйтэй байна

ХОЁР. Эрүүгийн хариуцлагын талаар: Улсын яллагчаас: Өмнө шүүгдэгч энэ төрлийн гэмт хэргүүдийг удаа дараа үйлдэж байсан. Энэ шийтгэх тогтоолоор эрүүгийн хариуцлага оногдуулахад өмнөх үйлдсэн гэмт хэргүүдийг харгалзан үзэхгүй. Гэхдээ хувийн байдалд нь оруулан тооцно. Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдээд, торгуулаад яваад байгаа үйлдсэн гэмт хэрэгтээ хэрхэн дүгнэлт хийгээд байгаа нь харагдаж байна. Нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэл оногдуулах нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэж байгаа” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч Д.Т эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “Мөнгөн торгуулийг оногдуулж өгөөч.  Би заасан хугацаанд нь төлж чадна” гэх дүгнэлтийг тус тус гаргажээ.

Гэмт хэрэг гаргах болсон шалтгаан нөхцлийн тухайд шүүгдэгч, хохирогч нар нь ахуйн хүрээнд архидан согтуурч хэрүүл маргаан үүсгэснээс үүдэлтэй байна.

            Иймд шүүгдэгч Д.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 700 000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Тын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 700 000 /долоон зуун мянга/төгрөгөөр торгох ялыг 03 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

Шүүгдэгч Д.Т нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

            Шүүгдэгч Д.Т нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хүрэн өнгийн төмөр аралтай тэлээ 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна         

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Б овогт Дийн Тыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

              2. Шүүгдэгч Д.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 700 000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Тд оногдуулсан 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 700 000 /долоон зуун мянга/  төгрөгөөр торгох ялыг 03 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

          4. Шүүгдэгч Д.Т нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

            5. Шүүгдэгч Д.Т нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

         6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хүрэн өнгийн төмөр аралтай тэлээ 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

            7. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Таас 94500 /ерэн дөрвөн мянга таван зуу/ төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Говьсүмбэр аймаг дахь Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн төрийн сангийн 100900020080 тоот дансанд олгосугай.

            8. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

           9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Тд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                  

 

                                                        ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                       Н.АРИУНЖАРГАЛ